Квалиа (qualia) гэдэг бол шинжлэх ухаан дахь хамгийн том асуудал юм.

Квалиаг “Субьектив туршлагаас үүдэх биет мэдрэмж” гэж тодорхойлдог.

Арай ойлгомжтой хэлбэл, улаан цэцэг харах үеийн тэр “улаан” гэх биет мэдрэмжийг хэлж буй юм.

Бүр ойлгомжтойгоор хэлбэл, одоо яг бидний нүдэнд харагдаж буй чухам энэ УЛААН-ыг квалиа гээд байгаа юм.

За бүүүүр ойлгомжтой хэлье гэвэл..., ерөөсөө л, ерөөсөө л...


←энэ.

Яг одоо бидний нүдний өмнө харагдаад байгаа “ЭНЭ ӨНГӨ” гэсэн үг.

Улаан юмс бидний нүдэнд “энэ өнгө”-өөр харагддаг нь дэндүү илэрхий мэдээжийн явдал тул, бид бүхэн ердийн үед үүний талаар эргэлздэг ч үгүй боловч, ерөөс энэ өнгө (улаан гэх биет мэдрэмж буюу квалиа) ингэхэд чухам ямар механизмаар, хэрхэн яаж, хаанаас гарч ирнэ вэ?

Мэдээж хэрэг, миний нүдэнд “тодорхой нэг урттай гэрлийн долгион” орж ирэх үед “энэ өнгө” харагддаг учиртай хэдий ч, тэр нь жишээ нь “энэ өнгө” ч юм уу, эсвэл бүр “энэ өнгө” болж харагдсан ч болох л байсан шүү дээ. Гэтэл бодит байдал яагаад ч юм би “энэ өнгө”-ийг л хардаг. Тэгвэл “энэ өнгө” байхгүй бол болохгүй гэсэн тэр шалтгаан, үндэслэл нь чухам юу юм бол? Ямар зарчим механизм цаана нь байгаа болоод “энэ өнгө” үүсдэг юм бол?


Энэ асуудлын тухайд өнөөгийн шинжлэх ухаан одоогийн байдлаар ор тас юу ч ойлгоогүй байдалтай байгаа гэхэд болно...

Гэвч, түүнээс ч ноцтой том асуудал байгаа нь:

Үүнээс цааш шинжлэх ухаан яаж ч хөгжлөө гээд, энэ асуудлыг тайлж нээх ямар ч найдвар байхгүй

гэх гунигт явдал юм.

Учир нь гэвэл, угаас тархийг яаж ч задалж онгичоод, түүний үйл ажиллагааг хичнээн ч судалж тогтоолоо гээд “улаан” гэх “биет мэдрэмж (квалиа)”-г чимхээд гаргаад ирэх боломж ч, яагаад ийм юм үүсээд байгааг тайлбарлах боломж ч огтоос байхгүй учраас тэр юм.

Жишээ нь, миний тархинд электрод зоож байгаад цахилгаан гүйдэл гүйлгээд ч юм уу, надад хүчээр улаан өнгө мэдрүүлжээ гэж бодъё л доо. Тэгтэл тархи судлаач шалавхан гэгч нь

- Аан мөн мөн. Чиний тархин дотор яг одоо ийм ийм химийн урвал явагдаж байна.

гэж тайлбарлалаа гээд тэр нь хэрхэвч “миний яг одоо мэдэрч буй энэ өнгө”-ний үүсэл хийгээд механизмын тайлбар болж чадахгүй.

Өөрөөр хэлбэл, нэг ёсондоо, үүнээс цааш хүн төрөлхитөний шинжлэх ухаан технологи хөгжсөөр тархийг атомын түвшинд бүхэлд нь судалж, түүний үйл ажиллагааг төгс таньж мэдлээ ч гэсэн, мөн л “энэ БИ”-д мэдрэгдээд байгаа тэр “улаан өнгө” чухам хаанаас хэрхэн яаж гарч ирээд байгааг тайлбарлаж чадахгүй ээ гэсэн үг бөгөөд, “материтай хөөцөлдөж, түүний хөдөлгөөний хууль дүрмийг тогтоох” гэсэн өнөөгийн шинжлэх ухааны арга барилаар явбал “бидний ухамсарт үүсэж буй энэхүү квалиа”-гийн эх сурвалжийг таньж нээх явдал нь зарчмын хувьд боломжгүй (Зарчмын хувьд боломжгүй гэж юу гэсэн үг болохыг эндээс уншина уу) гэсэн үг юм.

Энэхүү Квалиа гэх асуудлыг 1990-д оны үед философич David Chalmers гаргаж тавьсан бөгөөд, “Хүний ухамсар, мэдрэмж гэх мэт бол ердөө л тархи гэдэг төхөөрөмжөөс үүсдэг дайвар бүтээгдэхүүн бөгөөд, энэ төхөөрөмжийг л гүйцэт таниад авчих юм бол хүний ухамсарын эх сурвалжийг ч бас танин мэдэж чадах болно” хэмээн өөдрөгөөр төсөөлж явсан тухайн үеийн тархи судлаачид, матерлистуудад том цохилт өгсөн билээ.


Жишээлбэл ийм байна.

Би улаан өнгийн сарнай руу заагаад асуутал, бүгд “улаан өнгө” гэж хариулжээ гэе.

Энэ үед намайг оролцуулаад бүх хүн “улаан гэх биет мэдрэмж (квалиа) мэдэрчээ” гэсэн үг болох боловч, миний мэдэрч буй “улаан өнгө” гэх энэ квалиа бусдынхтай адилхан эсэхийг нягтлах ямар ч боломжгүй юм.

Төсөөлөөд үз дээ. Ямар ч үг өгүүлбэр, тэмдэгт симбол, зүйрлэл дүрслэл ашиглалаа гээд, миний харж буй “энэ өнгө” гэж чухам ямар зүйл болохыг бусдад дамжуулж яагаад ч чадахгүй.

Бусдын харж буй өнгө”-ийг гаргаж ирээд “өөрийн харж буй өнгө”-тэй харьцуулж үзэх ч боломжгүй. Харьцуулах боломжгүй юм бол, “ижил өнгө (квалиа) харж байна” гэж хэлэх арга байхгүй.

Тиймээс, миний “энэ өнгө”-өөр хардаг сарнай цэцгийг надаас бусад нь аягүй бол бүгд “энэ өнгөөр” хардаг байхыг ч үгүйсгэх аргагүй.

Өөрөөр хэлбэл, бүгд “энэ өнгө”-ийг хараад “улаан” гэж дууддаг ч байж мэдэх бөгөөд, жинхэнэ асуудал нь гэвэл хэрэвзээ тийм байлаа ч гэсэн, тийм зөрүү үүсч буй явдлыг би ч, тэд ч, хэн ч хэзээ ч яагаад ч анзаарахгүй явдал юм.

Одоо харж байгаа өнгө чинь нөгөө жаргах нарны өнгө мөн биз дээ тэ?” гэж тайлбарлалаа гээд ямар ч нэмрийг олохгүй. Бүгд жаргах нарыг (миний хэлэх) “цэнхэр” өнгөөр харж, нүдний өмнөх сарнайг ч бас “тэр өнгөөр” харж байгаа юм хойно, “Тиймээ, яг жаргах нарны өнгөтэй байна” л гэх биз.

Нэг ёсондоо, улаан гэх үгний тодорхойлолт таарч байгаа л бол ярианд ямар ч зөрчил үүсэхгүй учир, квалиагийн агуулга зөрүүтэй байсан ч, тэр зөрүү хэрхэвч ил гарахгүй.

Дээр нь энэ бол зөвхөн өнгөөр хязгаарлагдах яриа биш.

Дуу, чимээ, амт, өвдөлт, айдас, гуниг, баяр, мөрөөдөл...

Ер бид бүхний мэдрэх бүхий л биет мэдрэмж (квалиа)-ийн хувьд дээрх яриа хүчин төгөлдөр гэж хэлж болно.

Тэгэхээр юу гэвэл, хичнээн яриа нийлж ам халлаа гээд, хоёр тал харилцан ижил зүйл мэдэрч байна гэх баталгаа хаана ч байхгүй ээ гэсэн үг юм.


...Аварга том билльярдын ширээ, тэгээд түүн дээр өнхрөлдөх тоогүй олон бөмбөг байна гээд төсөөлөөд үзнэ үү.

Ширээн дээрх бөмбөгнүүд тасралтгүй өнхрөлдсөөр. Бүх бөмбөгнүүд физикийн хууль хэмээх абсолют дүрэмд захирагдан хөдөлж, басхүү хэрхэвч тэр дүрмээс гажих нь үгүй. Үе үе өөр бөмбөгтэй мөргөлдөх боловч, тэр үед ч бас физикийн хуулинд захирагдан цэвэрхээн механик ойлт хийгээд өнгөрнө.

Тэгвэл сансар огторгуйг “Яг ийм бөмбөгнүүд (атомууд) хийгээд тэдгээрийн хөдөлгөөнөөс” бүрдэж байна гээд бодоод үз.

Тоогүй олон бөмбөгүүд (атомууд) тодорхой дүрэмд захирагдан үүрд мөнх хөдлөх, тийм ертөнц.

Тэнд байх бөмбөгний тоо "дүнчүүр × дүнчүүр × дүнчүүр × ..." хэмжээний зүйрлэшгүй олон бол, тэдний хөдөлгөөн ч бас төсөөлшгүй ээдрээтэй замбараагүй болж, билльярдын ширээнээ хачирхалтай дүрс хээнүүд ч энд тэнд үе үе харагдах нь дамжиггүй биз. Заримдаа тэдний үүсгэх дүрснүүд яг л хувийн хүсэл зориг бүхий амьд амьтан мэт харагдахыг ч байг гэхгүй болов уу.

Тэгтэл, цуцашгүй урсах цагийн хэлхээн дунд, тун ч санамсаргүй тохиолдлоор, хэсэг бөмбөгний бөөгнөрөл нэгэн “хүний дүрс”-ийг бүтээжээ гэе. Тэрхүү хүний дүрс бүхий зүйл гараа ч хөдөлгөж, царайгаа ч хувиргаж, зүйл зүйлийн ааш авир гаргаж харагдана.

Гэсэн ч, бодитоор тэрхүү хүний дүрсэнд хүсэл зориг гээч юм үгүй нь илэрхий. Яадаг ч бай, тэр дүрс эцсийн эцэст физикийн хуулинд захирагдсан механик бөмбөгнүүдийн бөөгнөрөлөөс өөр юу ч биш шүү дээ.

Хүний дүрс бүхий тэр зүйл “Би баруун гараа өргөлөө! Энэ бол миний чөлөөт хүсэл зориг!” гэж орилсон ч түүнийг “чөлөөт хүсэл зориг бус, ердөө л механик хөдөлгөөний үр дүн” гэж үзвэл зохино.

- Чи яагаад баруун гараа өргөнө вэ? Түүндээ “чөлөөт хүсэл зориг” мэтийн хий хоосон төөрөгдөл оруулж ирэх ямар шаардлага байна? Наадах чинь ердөө л бөмбөгний хөдөлгөөнөөр бүрэн тайлбарлагдах зүйл. Бүхий л юмс үзэгдэл физикийн хуулинд захирагдан механикаар өрнөж байгаа. Хэдий бөмбөг нэг бүрийн хөдөлгөөнийг нарийвчлан мэдэхэд хэцүү ч гэлээ, туйлшраад хэлбэл “чи” гэдэг бол “физикийн хуулинд захирагдах бөмбөгнүүдийн бөөгнөрөл” мөнөөс хойш, чамайг механик оршихуйгаас өөр юу ч биш гэж үзэх нь даанч илэрхий ойлгомжтой.

Ийм байдлаар тунгаах нь нэг талаар маргах юмгүй зөв гэж санагдана.

Гэвч.

Гэвч та сайн бодож үзнэ үү.

Хэрэвзээ бүхий л бөмбөгнүүдийн хөдөлгөөнийг нэг бүрчлэн тайлбарлаж чадах шинжлэх ухааны онол олдоод, түүгээр хүний бүхий л үйл хөдлөлийг төгс тайлбарлаж чадлаа ч гэсэн, тэгээд ч цаана нь торойн тунах асуулт үлдэх болно.

Тэр бол, “Яг одоо, бодитоор миний мэдэрч буй энэ улаан хаанаас гарч ирээд байгааг тайлбарлаж чадахгүй” гэх тэр эргэлзээ.

Эцсийн эцэст, механикаар хөдлөх бөмбөгний хөдөлгөөн яаж ч ээдрээтэн хүндэрлээ гээд, тэндээс “яг одоо миний бодитоор анзаараад байгаа энэ субьектив мэдрэмж” үүснэ гэж үгүй. Тиймээс тэдгээр бөмбөгнүүдийн хөдөлгөөнийг яаж ч онолдлоо гээд, квалиагийн асуудлын талаар ширхэг тайлбар олох боломжгүй юм.


Ингэхэд, энэ хүртлэх ярианд “ертөнц бол бөмбөгнүүдийн бөөгнөрөл юм” гэсэн хуучны классик бөгөөд энгийн ертөнцийн төсөөлөл дээр тайлбар хийсэн боловч, мэдээж хэрэг хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны онолуудаас харвал ертөнц түүнээс арай илүү ээдрээтэй нарийн бүтэцтэй. Гэсэн ч энэ яриа Супер утаслагийн онол дээр ч, Квант механикийн онол дээр ч, ер ямар ч орчин үеийн солиотой онол байлаа гээд зарчмын хувьд адилхан хүчин төгөлдөр юм.

Учир нь гэвэл ямар ч шинжлэх ухааны онолууд мөн чанартаа бол “Ертөнц нь матери Х-ийн бөөгнөрлөөс тогтоно. Тэр матери Х нь У хуулийн дагуу хөдөлгөөн (өөрчлөлт) хийнэ” гэх төдий зүйлс л өгүүлдэг. Нэг ёсондоо, тухайн онолоосоо хамаараад тэр матери Х нь атом ч юм уу, квант ч юм уу, эсвэл утаслаг ч юм уу болж, хууль У нь ямар нэгэн хэцүү комплекс томьёо байна, гэсэн л ялгаа байдаг төдий юм.

Тиймээс, “Бөмбөгнүүдийн цугцуулга гэсэн энэ арга барилаар явбал, яагаад квалиа үүсээд байгааг тайлбарлах боломжгүй” гэх энэ асуудал нь ямар ч шинжлэх ухааны онолд хамаатай бөгөөд, мөнхүү ирээдүйд шинжлэх ухаан яаж ч хөгжин урагшиллаа гээд, арга барилаа өөрчлөөгүй цагт хэрхэвч квалиагийн асуудлыг шийдэх найдваргүй гэсэн үг билээ.

Энэ бол квалиагийн шинжлэх ухаанд тулгаж буй асуудлын мөн чанар нь болой.