Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлах сургаар гадаад улсуудаас дараах мэдэгдэл анхааруулга иржээ хэмээн монголын сайт, сошл ертөнцөд шуугиж эхэллээ.

Олон улсын Эрүүгийн шүүхээс Монгол улсын төрийн тэргүүнд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Энэхүү захидлыг танд хүндэтгэлтэйгээр хүргэж байна. Монгол Улс олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдэлдэг, олон улсын хуулиар хүлээсэн үүргээ тууштай баримталдаг орон гэдгийг бид бүгд сайн мэднэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс 2002 онд Ромын дүрмийг соёрхон баталж, Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) бүрэн эрхт гишүүн болсон.2023 оны 3-р сарын 17-нд ОУЭШ-аас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэн баривчлах тушаал гаргажээ. Тодруулбал, түүнийг Украины хойд бүс нутгаас Украины хүүхдүүдийг хүчээр албадан шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.Владимир Путин 2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгааг бид мэдэж байгаа. Монгол Улс ОУЭШ-ын гишүүн орны хувьд Ромын дүрмийн дагуу дээр дурдсан баривчлах тушаалыг биелүүлэх үүрэгтэй. Иймд ОУЭШ-ын шийдвэрийг биелүүлж, ноён Владимир Путиныг баривчлан, Гаага руу шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монгол Улсын хуулиар хүлээсэн үүрэг, олон улсын амлалтыг хүндэтгэн үзэхийг албан ёсоор хүсч байна. Та энэ асуудалд бүх анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна.”гэсэн албан захидал иржээ.

Reuters" агентлаг “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх Мягмар гаригт буюу энэ оны есдүгээр сарын 3-ны өдөрМонгол Улсад айлчлах болжээ. Энэ үеэр Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж Путиныг баривчлахыг Украин улс Монголоос шаардав "хэмээн мэдээлэв. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргажээ. Уг тушаалын дагуу Олон улсын шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах үүрэгтэй болсон ажээ.

Украин улсын Гадаад хэргийн яам цахилгаан утсандаа "Бид Монголын эрх баригчдыг олон улсын Эрүүгийн шүүхийн заавал баривчлах тушаалыг биелүүлж, Путиныг Гаага дахь Олон улсын Эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг уриалж байна" хэмээн бичжээ.

Түүхийн талаас нь авч үзвэл эрт цагт 800 жилийн өмнө монголчууд Оросыг эзэлж Алтан орд улсыг байгуулж үүнээс улбаалж Орос орон хүчирхэг төртэй болжээ. Казахстаны нэгэн орос эрдэмтэн “Орос орны эцэг бол Чингис хаан. Орос орны эх бол Византийн соёл” хэмээн хэлсэн нь тун оновчтой мэргэн үг шүү. Монголын Зэв ноён, Сүбээдэй баатар нарын Орос руу явуулсан 15 монгол элчийг оросын ван Мтислав Романович бүгдийг нь цаазалж байв. Тэгээд Зэв, Сүбээдэйн 20 000 монгол цэрэг  орос - кипчакийн хамтарсан 150 000 цэргийг Калк гол дээр уран аргаар ялж байв. Оросууд 17 дугаар зууны сүүлчээр монголын унаган умард нутаг Байгал далай, Буриадыг эзэлж байв. Хамгийн сүүлд 1958 оны 3-р сард Зөвлөлтийн Монгол дахь Элчин сайд Вячеслав Молотов монголын хойд нутгийн 2550 квадрат км газар нутгийг Зөвлөлт улсад булаан авч байв. Манж хятадууд хоёр зуун жилийн өмнөөс эхлэн монголын өмнөд нутгийг булаан авч байв. Монгол улс ийнхүү үлэмж их хэмжээний унаган монгол газар нутгаа монгол хүн ардтай нь хүчирхэг болсон хоёр хөрш улсад алдаж байлаа. Үүнээс хойш  “Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай”,  “Хадны завсар хавчуулсан халиуны зулзага хөөрхий” гэгчийн үлгэр болов.

Эдүгээ орчин үед хөгжил дорой болж хоцрогдсон монголчууд бид хоёр том хөршид хандаж том том юм яриад ч яах вэ дээ. Хоёр хөрштэйгээ муудалцахгүй, эв найрамдалтай байж л өөрийн эрх ашгаа хамгаалж хурдан хөгжих нь чухал байна. 

Монголчууд эдүгээ Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэж байна. 

Халх голын байлдааныг  оросууд “Бои на Халхин – голе” гэдэг. Дэлхийн түүхэнд “Зөвлөлт-Японы зэвсэгт мөргөлдөөн” гэдэг. Япончууд “Номунханы зэвсэгт мөргөлдөөн” хэмээн нэрлэдэг. Номунхан бол Монгол болон Манж го улсын хилийн орчмын уулын нэр юм. Халх голын байлдаан 1939 оны 5-р сарын сүүлчээр эхэлж эцсийн шийдвэрлэх тулаан 8-р сарын сүүлчээр болж, Японы 6-р армийн 23-р явган цэргийн дивиз бүрэн ялагдсанаар энэхүү зэвсэгт мөргөлдөөн дууссан ажээ. 1939 оны 9-р сарын 15-нд Зөвлөлт-Японы хооронд Москва хотод энхийн хэлэлцээр байгуулжээ. Зарим түүхийн эх сурвалжид “Гал зогсоох гэрээ” байгуулсан гэжээ. Энэхүү гэрээгээр зөвлөлт японы талууд эзэлсэн тэр газраараа галаа зогсоож газар нутгаа авна гэсэн тул монголын Мана уул зэрэг газар нутаг Манж го улсын нутагт орчихжээ. Зөвлөлт улс Японтой хийсэн Халх голын дайнаа зогсоосон нь бас учиртай. 1939.08.23- нд Москвад Зөвлөлт улс - нацист Германий хооронд нууц гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр Зөвлөлт улс Польшийн зүүн хэсэг, Румыны Бессараби, Балтийн Эстони, Латви, Литва, Финлянд, баруун Украины нутгийг булаан авахаар тохиролцжээ.

Ийнхүү зөвлөлтийн удирдагч Сталин монголын Халх голын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож Япон улстай хэлэлцээр хийхийг Гадаад хэргийн сайд Вячечлав Молотовт даалгажээ. Тэрхүү хэлэлцээр дээр Сталин монголын удирдагч Чойбалсанг тоож уриагүй аж. Тэр үед зөвлөлтүүд Монголыг тусгаар улс гэж үздэггүй байсан юм. “Монгол улс Манж го улстай  байлдаан хийх ямар ч шаардлагагүй” хэмээн мэдэгдсэн монголын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг зөвлөлтүүд нэн даруй цаазалж, Дэмид жанжинг зөвлөлтүүд төмөр замын “Тайга” өртөөнд хордуулан хөнөөжээ. 

Халх голын байлдаан бол тэр үеийн дэлхийн цэргийн хоёр том гүрэн Зөвлөлт, Япон хоёр орчин үеийн зэвсгээ туршиж хүчээ үзээд л өнгөрсөн тулалдаан юм л даа. Тэр үед Япон улс оросуудыг 1905 онд ялсантай адил дорой улс биш, цэргийн хүчирхэг улс болжээ гэдгийг сайтар ухаарч ойлгоод дахин Зөвлөлтийн  нөлөөллийн бүс нутаг руу дайн хийгээгүй юм. Манж го улс - Монголын хэлэлцээрт оролцсон Самбуу тэргүүтэй монголын бүх төлөөлөгчдийг Улаанбаатар хотод зөвлөлтүүд дуудан авчирч яаралтай буудан цаазалжээ. 

Халх голын байлдаанд Зөвлөлт-Монголын арми ялсан. Монголын арми орчин үеийн тэрхүү дайнд оролцож туршлага хуримтлуулсан. Монголчууд эдүгээ Халх голын дайны баатаруудаа мартаагүй. Ж.Лхагвасүрэн жанжин, Л.Дандар, Нянтайсүрэн, Д.Хаянхярваа, П.Чогдон, Ц,Олзвой, Ш.Гонгор, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, С.Төмөрбаатар, Д.Гуулин, Д.Самдан нар бол монголын Халх голын байлдааны баатарууд юм.

Халх голын дайны ялалтын 85 жилийн ойд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин айлчлан ирж байгаа нь өмнөх үеийн 80 жилийн ойн үетэй харьцуулахад цаг үе огт өөр болоод байгаа юм. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн үед Орос - Украины дайн гараагүй, Путин дайны гэмт хэрэгтэн байгаагүй юм. Тэр үед Путин дэлхийд нэр хүндтэй удирдагч байсан юм. Одоо бол Путин дайны гэмт хэрэгтэн болчихсон байна. Монголын төр одоо Путиныг олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах уу ?, эсхүл монгол ёсоор зочноо хүндлээд буцаах уу? гэсэн ацан шалаанд орчихоод байна.

Хэрэв би Оросын Ерөнхийлөгчийн Зөвлөх байсан бол “ Ерөнхийлөгч Путин та Монголд айлчлах шаардлагагүй. Та Монголд очиход монголчууд таныг баривчлахгүй нь мэдээж. Монголын ёсонд зочин хүнийг барьж болдоггүй, зочныг хүндлээд дайлаад явуулдаг гэсэн. Хэрэв та Монголд очвол хөгжих гэж ядаж байгаа хөөрхий Монголыг дэлхий нийт гадуурхаж мэднэ. Байлдааны зэвсгийн сумаа ч үйлдвэрлэж чадахгүй, шатахуунаа ч үйлдвэрлэж чадахгүй Монгол улсад цаашид хөгжихөд төвөгтэй болж магадгүй.Таны оронд Сергей Шойгуг Монгол руу явуулчихъя. Шойгугийн өвөг дээдэс монголын урианхай тува гаралтай юм чинь монголчууд түүнд талтай байх нь гарцаагүй” гэх байсан байх даа. 

                                                                                                                                                                                                                                                          2024.09.1


.