Постмодерн сэтгэлгээний загвараар нийгмээ харвал!
Монголын нийгэмд болж буй улс төрийн үйл явцыг бодитой "харж авах" гэсэн эрлийн учиг тайлагдаад явчих шиг болов.
Философийн доктор Б.Батчулууны орчуулсан, Адам Свифт (Adam Swift) хэмээх нэртэй зохиогчийн "Улс төрийн философи" гэх номыг улстөрчид уншаад баймаар ном. Гэхдээ орчуулгаас нь болсон уу, эсхүл "аналитик философич" бичсэн болоод тэр үү уншихад амаргүй байсныг энэ дашрамд хэлэх хэрэгтэй.
Адам Свифт номынхоо удиртгал хэсэгт "...Постмодернизм янз бүрийн хэлбэртэй байдаг боловч улс төрд хандаад ирэхээрээ "үнэн" ба "оюун ухаан"-д үл итгэдгээсээ болоод нийгмийг үнэлж, шүүмжлэх обьектив суурьтай, жинхэнэ бие даасан үзэл гэхээсээ илүүтэй "нийгмээр нөхцөлдсөн" скептик (үл итгэх) үзэл болдог..." хэмээн бичсэн байна.
Эдгээр мөрүүдийг уншаад л миний "хэл загатнаж" энэхүү нийтлэлийг бичихэд хүрсэн юм. Учир нь өнөөгийн Монголын нийгэмд болж буй улс төрийн үйл явцыг бодитой "харж авах" гэсэн эрлийн учиг тайлагдаад явчих шиг болов. Энэ тухай товчхон өгүүлье.
Манай сэхээтнүүд өнөөгийн Монголын улс төрийн үйл явцыг "үнэн" ба "оюун ухаан" хэмээх Модерн (Орчин цаг)-ий ойлголтоор шалгуур хийн шүүн тунгаагаад байна. Ингэх нь ч бас аргагүй. Яагаад гэвэл "сэхээтэн" гэдэг бол өөрөө Модерний үед бий болсон нийгмийн давхарга шүү дээ.
Тэгээд сэхээтнүүд, боловсрол муутай улстөрчид болоод тэдний ичгүүр сонжуургүй блээфүүд багагүй амжилт олж буйг хараад гайхаж сууна. Политик бус, зөн билгийн тулаан хийж буй популист улчтөрчдөд хууртан ховсдуулах массыг хараад цочирдож байна. Аргаа бараад "Наад захын үнэнийг ойлгох оюун ухаангүй хар масс аа гэж" хэмээн шогширч буй нь энд тэндгүй харагдах аж.
Ийнхүү сэхээтнүүд "үнэн" ба "оюун ухаан" хэмээх ойлголт дээр суурилдаг модерн сэтгэлгээний загварт таарч өгөхгүй байгаа олон түмний иррационал (ухаангүй) байдал болоод түүн дээр дөрөөлсөн улстөрийн үйл явцыг үзээд хэлэх үгээ олохгүй байна л даа.
Үнэндээ Монголын нийгмийн өнөөгийн байдлыг бодитой "харж авъя" гэвэл манай сэхээтнүүд "харах өнцөг"-өө өөрчлөх л хэрэгтэй болсон гэж би бодож байна. Шуудхан хэлвээс Модерн бус Постмодерн эрин үеийн сэтгэлгээний загвараар нийгмээ харах хэрэгтэй.
Магадгүй, ингэх нь Адам Свифтийн өгүүлж буй шиг "нийгмээр нөхцөлдсөн скептик (үл итгэх) үзэл" мэт харагдаж магадгүй. Гэхдээ "нийгмийг үнэлж, шүүмжлэх обьектив суурьгүй" гэдэгт би эргэлзэж байна.
Нэн ялангуяа Фрэнсис Фукуяама (Francis Fukuyama)-ийн "Улстөрийн тогтолцооны сурвалж" хэмээх бүтээл гарснаас хойш постмодернизм илүү обьектив суурьтай болсон гэж би хувьдаа үзэж байгаа юм.
"...Хүмүүс бид байгалиасаа болон нийгэмшлийнхээ аль алиных нь үүднээс өрсөлдөн тэмцэгч амьтад..." хэмээх баримтаас "Улстөрийн тогтолцооны сурвалж" бүтээл эхэлдэг юм. Улмаар цаашлаад, хүмүүс хоорондын тасралтгүй өрсөлдөн тэмцэх үйл явцын үр дагавар болон отгоос овог, овгоос төрт улс бий болжээ гэж нотлон үзүүлсэн байна. Төрт улс бий болоод зогсохгүй баруун Европт хуулийн засаглал, хариуцлагатай төр мөн бий болсон аж. Дахин анхааруулахад, энэ бүхний анхдагч шалтгаан бол хүмүүс хоорондын өрсөлдөн тэмцэлдэх байгалийн араншин байжээ хэмээн Фукуяама номынхоо турш нотолж байгаа юм шүү!
Фукуяамагийн нотолгоог постмодернистуудын философитой хамтатган авч үзвэл, ер нь соёл иргэншлийн бүх инстүүцүүд хүний өрсөлдөн тэмцэлдэх араншингийн үр бүтээл гэж хэлж болно.
Тухайлбал, Дундад зуун бол шашнуудын эрин үе байлаа. Олон янзын шашин хооронд эрх мэдэл булаацалдсан, үхэх сэхэхээ үзсэн тэмцэл явагдаж байв. Шашин бүрийн ард "бурхан"-ы нэр барьсан, ачир дээрээ өөр өөрийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн нийгмийн анги, давхарга, нийгэмлэг, сүм хийдүүд "нуугдаж" байж. Тэгээд тэдний хоорондын өрсөлдөөн Дундад зууны соёлыг бий болгожээ.
Дундад зууныг Модерн (Орчин цаг) халсан юм. Шашныг; социализм, коммунизм, национализм, фашизм, нацизм, консерватизм гэх мэтчилэн түмэн янзын идеолог (үзэл суртал) -ууд түрэн гарч ирээд улс төрийн гадна шахаж, тэгэхдээ мөн л өвөр зуураа, эцсийн бүлэгт эрх мэдэл олж авах ил, далд сонирхолтой тэмцлийг явуулсан.
Ялгаа нь шашин "бурхан"-ы нэрийг барьж байсан бол Модерний идеологууд "оюун ухаан" ба "үнэн"-ий нэрийг барьж байв. Үнэндээ "изм" бүрийн ард мөнөөх л анги, давхарга, нийгэмлэг, нам, бүлэглэлийн эрх ашиг, сонирхлоос өөр юу ч байгаагүй. Ямар ч байлаа, "үнэн" ба "оюун ухаан"-ы нэр барьсан олон янзын измтэй хүмүүн хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхэд Модерн соёл бий болсон юмдаг.
Модерний үед шинжлэх ухааны нэр ба хүчийг түрээ барин хийсэн нүгэлт хэргүүд их гарсан. Тухайлбал; нацизм, фашизмын өдөөсөн Дэлхийн II дайн ба коммунистуудын хядлага Модерний эрмэлзлэлийг бүрэн гутааж орхисон юм. Ингэснээр Модернийг халах шинэ эрин үеийн үүд нээгдсэн билээ.
1968 он бол Постмодерн эрин үе ирж буйг тод зарласан он. Зүүний Праг хотод социализмыг эсэргүүцсэн залуучуудын бослого гарсан бол Барууны Парис, Сан-Франциско зэрэг хотод капитализмыг эсэргүүцсэн оюутнуудын бослого гарсан юм. 68 оны залуус измүүдийг тогтоогч улс төрийн дэглэмүүдээ дор дороо эсэргүүцсэн хэрэг. Прагийн бослогыг Зөвлөлтийн цэрэг очиж цус урсган дарсан. Баруунд гарсан бослого оюутнуудын зуны амралт эхэлснээр намжсан.
Гэхдээ Постмодерн эрин үе нэгэнт эхэлсэн нь дор хаяж сэтгэлгээний хүрээнд тодорхой болсон. Энэ нь 90 онд коммунизм дампуурсан, сүүлийн үед "түүхийн төгсгөл"-ийг зарлан үлдсэн либерализмд урам хугарч буйгаас харагдаж байна. Мэдээж зуун дамжсан аливаа эрин үе залрахдаа хэдэн арван жилийг дамнадаг билээ.
Энэ дашрамд хэлэхэд, эрин үе халагдлаа ч үзэл санаа нь бүр алга болчихдоггүй, "хуучин тавилга" аятай нийгэмдээ байж л байна. Манайд гэхэд Дундад зууныг нэхэмжилж байгаа үндсэрхэг үзэл, мухар сүсэгтээ хөөрсөн хөдөлгөөнүүд зөндөө байгаа. Модернийг ойгүй муухайгаар гутаасан коммунист, фашист, нацист үзэлтнүүд ч хар мянгаараа байна.
Постмодернчууд; модернистууд Дундад зууны "бурхан"-ыг "суудлаас нь буулгасан" шиг, Модерний "оюун ухаан" ба "үнэн"-ийг бас "суудлаас нь буулгаж" байна. Постмодернистууд; "үнэн" ба "оюун ухаан"-ы дотоод амин холбоос болох шинжлэх ухааныг бус, "хэл (үгэн тоглоом)"-ийг хүмүүний сэтгэлгээний төвд аваачиж тавьжээ. Философийн асуудлууд хэл шинжлэлийн асуудал болон хувирав.
Хэл шинжлэлийн (лингвистик) философийн үүднээс аваад үзвэл "үнэн" ба "оюун ухаан" бол хэлэхүйд орохоороо тодорхой утгаа олж авдаг утгат чанар бүхий үг буюу ердөө л тэмдэг төдий юм аж. ТомёБодё бичсэнчлэн "хэл ярианд ямар нэгэн обьектив шинж байхгүй"! Яагаад гэвэл "текст (хэл)-ээс цааш юу ч үгүй" тул. Тэгэхлээр "үнэн" ба "оюун ухаан"-ыг обьектив шинжтэй философийн ойлголт хэмээн бодсон модернистууд алджээ.
Постмодернистууд, "үнэн" ба "оюун ухаан"-ы оронд, хэлний хэрэглээ болон хүлээн авагч талуудыг холбоход илүү тохирох "хүсэл" ба "ухамсар" хэмээх ойлголтуудыг онцлон үзэх болсон. Хүн бол "хүслийн машин", харин ухамсар бол тэр хүслийн машинд тохируулан хэл (текст)-ийг утгачлах (деконструкци) ажлыг хийдэг багаж төдий аж.
Хүн бол байгаль болон нийгэмшлийнхээ аль ч утгаар төрөлхийн өрсөлдөн тэмцэлдэгч амьтан. Эдийн засаг сайн, баялгийн хуваарилалт шударга байвал өрсөлдөөн аядуу зөөлөн болж, хүмүүс энх тайвнаар "зэрэгцэн оршино"; харин эдийн засаг муудаж, баялгийн хуваарилалт шударга бус байх явдал газар авбал өрсөлдөөн ширүүсч, хүчирхийлэл газар аван, дайн ч болж мэднэ. Хоолтой бол араатан ч амгалан байдаг шүү дээ!
"Оюун ухаан"-аас өмнө өрсөлдөн тэмцэх хэрэгцээ ажиллана. Энэ хэрэгцээг хангахад туслах ажлыг л "оюун ухаан" хийж гүйцэтгэнэ. Ахуй (Байхуй) бол өрсөлдөөн аж.
Тэгэхээр хүн бээр өөрийнх нь хүсэл болоод өрсөлдөн тэмцэлдэхэд ашигтай бүхнийг үгэн тоглоом буюу хэлээрээ "үнэн", "зөв", "сайхан"хэмээн үнэлж; хэлнэ, бичнэ, ярина. Харин ашиггүй бүхнийг "худал", "буруу", "муухай" хэмээн үзэж үгүйсгэнэ. Үнэнийг худлаас; зөвийг буруугаас; сайхныг муухайгаас нэг мөр бодитойгоор зааглачих обьект болоод обьектив шалгуур огт байхгүй. Үсрээд л өрсөлдөн тэмцэлдэхүйд оролцоход нь "гарт өгөгдсөн"-өөр л аливаа ойлголт, хэлээр дамжиж хүндээ үнэлэгдэнэ.
Иймийн учир хэчнээн "хүсэл" байна төчнөөн "хэл" буюу үгэн тоглоом байна. Хэчнээн "хэл" байна төчнөөн "ухамсар" байна. Жишээ нь, социализм бол ядуусын хүсэлд нийцүүлсэн үгэн тоглоом, либерализм бол эрх чөлөөг эрхэмлэгчдийн хүсэл зоригийг илэрхийлсэн "хэл" юм.
Өнөөдөр Монголд "шударга ёс" гэдэг үгэн тоглоом моодонд байна. Баялгийн хараал хүрсэн бидний цөөхөн монголчууд, цаанаа; уул уурхайн баялаг, түүнд хүрэх улс төрийн эрх мэдлийг олж авах далд санаагаа нуусан сонирхлын бүлгүүдэд хуваагдан "өрсөлдөн тэмцэлдэгч амьтад"-ын сүргүүд болчихоод байгаа.
Өрсөлдөн тэмцэлдэгч сонирхлын бүлэг бүр өөр өөрийн "шударга ёс" -ны хэлтэй болсон. Сонирхлын бүлгүүдийн удирдагч нар төрийн өндөрлөг дээр гараад "шударга ёс"-оо "бөөлж" байна.
Постмодернист үзэл санааны загвараар харах юм бол "шударга ёс" хэмээх ойлголтыг тодруулах обьектив шалгуур үгүй. Энэ үг бол үгэн тоглоомд орохоороо утга олж авдаг зүгээр л тэмдэг. Тэгэхээр,"шударга ёс" нь сонирхлын бүлэг бүрийн, тэдний удирдагч бүрийн үгэн тоглоомд орж, утгаа олж авч байгаа тул бид ийм олон "шударга ёс"-той болчихоод байгаа юм.
Сонирхлын бүлэг бүрийн хувьд өөрийнх нь "шударга ёс" болбоос; үнэн, зөв, сайхан байгаа. Үүнийг үгүйсгэх "оюун ухаан" ба "үнэн"-ий шалгуур лав байхгүй.
Уг нь монголчууд бид 1992 онд Үндсэн хуулиа хэлэлцэхдээ "хуулийн дагуу байвал шударга ёс" хэмээн ойлголцохоор зөвшилцөж тохирсон юмсан!
Удахгүй олон "шударга ёс" дотроос бидэнд таалагдан ч, эс таалагдсан ч ялан дийлэгчийн "шударга ёс" шалгарч тогтох буй заа!
Иш, Бат-Үүл ах минь
зочин
Аагий
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
АРДЫН НАМ
Увс хүн
Зочин
o.ganbold
ӨВГӨН
ӨВГӨН
Зочин
Үнэн
Үнэн
zov
zov
Тамир
Дондог