П.Мэндбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга загатнасан газар минь маажих шиг болсон
Монгол хүн залхуу биш, гагцхүү тэднийг зөв чиглүүлж залах ухаан үгүйлэгдэж байна
“Өнөөдөр” сонин байгуулагдаад дөнгөж л эхний хэдэн дугаараа гаргаж байсан цаг. Ц.Балдорж эрхлэгч маань нэг өдөр дуудаад “Авзага трейд” компанийн захирал Мэндбаяр гэж хүнтэй уулзаад ярилцлага хий гэсэн даалгавар өгч билээ. Бага залуу байсан болоод тэр байх тухайн хүнээсээ илүү тэр хүний байгуулсан “Авзага”бөхийн дэвжээний бөхчүүдийг нь онцолсон сурвалжилга, ярилцлага хийгээд ирж байснаа санаж байна. Одоогийн “ТБД андууд”-ын ойролцоо,төмөр замын гэгддэг хэдэн байрны нэгнийх нь подвальд П.Мэндбаяр гуайтай анх уулзаж байсан тэр цагаас хойш 22 жил өнгөрсөн байх юм. Учрал, хувь заяа гэдэг сонин аж. Монголын барилгын салбарт “Авзага трейд”хэмээх нэр нэгэнт брэнд болж, Мэндээ захирал Монгол Улсын гавьяат барилгачин хэмээх эрхэм алдарт хүрсэн хойно нь уулзаж, ярилцах гэж олонтаа хөөцөлдөөд бараагүй юм.
Яагаад гэвэл тэрбээр зүгээр нэг ширээний цаана суугаад ажил хийдэг удирдагч биш юм билээ.
Хамт олныхоо дунд ороод хот, хөдөөгүй ажиллаж, зааж зааварлаад явчихдаг сонин бас содон захирал. Тиймээс тэр бүрий мань мэтэд “баригддаггүй”, сонин хэвлэлд ч барагтай ярилцлага өгдөггүй ховор хүмүүсийн нэг болохоор бусдаас түрүүлж “ангуучлах” хүсэл асар их төрүүлдэг байлаа, надад. Гэтэл барилгачдын баяр болж буй энэ өдрүүдэд мань хүнийг харин ч нэг “бариад ”авлаа. Монголд ажил үйлс, компани байгууллагаараа ард түмэндээ алдаршиж, овоглогдсон цөөхөн хүний нэг бол Мэндбаяр. Нэрээр нь мэдэхгүй хэрнээ Женко Баттулга, Ажнай Бат-Эрдэнэ, Авзага Мэндээ гэхэд л танихгүй, сонсоогүй гэх монгол хүн бараг л гарахгүй дээ. Хорин хэдэн жилийн өмнө уулзаж байсан хүн маань ялихгүй овор суусан ч, зан ааш, хандлага нь яг хэвээрээ. Түүнийг Монголын бизнесийн хүрээнийхэн дунд“За гэвэл ёогүй, илүү дутуу ихэмсэг зангүй, гүндүүгүй, шударга, хүдэр бадар, жинхэнэ монголэр” хэмээн ярилцдагийг олонтаа сонсож явлаа. Олон жилийн өмнө хийж бүтээх, өсөж өндийхийн хүслээр жигүүрлэсэн жирийн нэгэн бизнесмэн, идэр залуу Мэндбаяртай подвальд уулзаж байсан бол энэ удаа хотын төвд сүндэрлэсэн есөн давхар, шил толь болсон тохилог оффист нь “Авзага трэйд” хэмээх хэн ч андахгүй мэдэх брэндийг бий болгосон гавьяат барилгачин, Монгол Улсын тод манлай уяач, Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, улсдаа хамгийн их бүтээн байгуулалт хийсэн барилгын гүйцэтгэгч шилдэг компанийн захирал, ноён П.Мэндбаяртай уулзаж, сониныхоо “Зочин” буланд урьж ярилцлаа.
-Танд болон танай хамт олонд барилгачдын баярын мэнд хүргэе! Та санаж байгаа бол 22 жилийн өмнө бид анх уулзаж бэсрэг ярилцлага хийж байлаа.
-Баярлалаа. Энэ баярын өдөр хамгийн анхны зочин болж ирсэнд тань, бас олон жилийн өмнө уулзаж байсан “танил” дүү ийн ирж байгаад баярлалаа. Миний ой санамж онцгой шүү дээ. (инээв) Ц.Балдорж агсантай их дотно явсаан ах нь. Над руу нэг сэтгүүлч явууллаа шүү гэж ярьж байсныг нь санаж байна. Тэгээд нэг хүү ирж байсан нь чи байж. Одоо саналаа. Уулзах учиртай хүмүүс уулздаг гэдэг дээ. Ах нь сонин хэвлэлд ярилцлага энэ тэр өгөх дургүй хүн. Харин дүүгийнхээ хүсэлтэд татгалзаж чадсангүй.
-Баярлалаа! Таны түүх намтрыг харлаа. Багаасаа өнчин өссөн хүү хүний хий гэснийг хийж явсаар нас бие жагсаж цэрэгт мордсон юм билээ. Тэндээс л таны амьдралын тань гараа эхэлж гэж ойлгосон. Хилийн цэргийнхэн чманайхаас төрсөн гавьяат гээд танаар их бахархдаг юм байна?
-Тийм ээ. 1976 онд цэрэгт татагдаж тухайн үеийн НАХЯ-ны харьяа барилгын тусгай ангид хуваарилагдсан юм. Чухам эндээс л амьдралын минь гараа эхэлсэн нь үнэн. Хүнд байгалиас заяасан авьяас гэж нэг юм байдаг шүү дээ. Миний хувьд тэр нь барилга барьж, шавар шохой зуурч, өрлөг хийхэд заяасан юм болов уу гэж боддог. Шинэ цэрэг байхдаа ангийнхаа өрлөг хийх аваргаар шалгарч, дээд оны ах нарынхаа уурыг хүргэж байсан ч шантраагүй ээ. Цэргийн гурван жилийн хугацаанд Говь-Алтайн хилийн хорооноос эхлээд Дорнодын Буйрын заставын барилга гээд Монгол Улсынхаа торгон хилийг тойрсон ихэнх объектыг барьж байгуулсан байдаг юм. Үүгээрээ их бэлгэшээдэг. Хилийнхэндээ ч би их хайртай байдаг юм. Өөрөөр хэлбэл миний ажил үйлс эх орныхоо дархан хилийн хамгаалалтыг бэхжүүлэхээс эхэлсэн байгаа биз дээ. Тийм ч болохоор хийморьлог байж, бүх зүйл цаанаасаа бүтээд байх шиг санагддаг.
П.Мэндбаярыг 1979 онд цэргээс халагдахад нь НАХЯ-наас тушаал гарган ахлагч цолтойгоор улираан ажиллуулсан байдаг. Тэрбээр 16 жил алба хаших хугацаандаа таван жилийн дотор 34 жилийн ажил хийсэн байдаг нь үнэхээр гайхамшигтай. Монгол Улсын ажил мэргэжлийн уралдаанд шавар будагчнаар 12 жил дараалан, шилдэг өрлөгчнөөр зургаан жил, шилдэг плитачнаар таван жил дараалан улсын аварга болсон нь жинхэнэ бахархал биш гэж үү. Тэр үед цагт нйаман мянган тоосго өрсөн хүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж байлаа. Харин П.Мэндбаяр цагт 10 мянган тоосго өрж байж. Тухайн үед жирийн нэгэн цэргийн гаргасан дахин хэзээ ч давтагдаагүй энэ гайхалтай амжилт огт үнэлэгдээгүй өнгөрсөн нь даанч харамсалтай.
-Та Монголын барилгын салбарт маш олон рекордыг тогтоож байсан юм билээ. Гэхдээ энэ бүхнээ шударгаар үнэлүүлж чадаагүйдээ харамсдаг уу?
-Харамсдаггүй гэж худлаа яриад яахав. Гэхдээ нэг ч хятад ажилчингүй, дан монгол ажилчидтай Монгол Улсын цорын ганц барилгын компанийхаа хийж бүтээж буй болгоныг хараад сэтгэл минь цэлмээд ирдэг. Бид Монголынхоо барилгачдыг сургаж байна. Монгол хүн ямар их мэдрэмжтэй, авьяастай гэж бодно. Би хэдэн жилийн өмнө БНСУ-д очоод зориуд нэг барилгын компаниар орлоо. Солонгос ажилчны нэг цагт хийж байгааг монголчууд дөрөв, тав дахин нугалж хийж чадаж байна. Тийм их бүтээмж, чадвар монгол хүнд байна шүү дээ. Гагцхүү энэ их чадварыг зөв залах ухаан бас бодлого үгүйлэгдээд байна.
-Монголчуудыг залхуу гээд байдгийг та үгүйсгэдэг хэрэг үү?
-Тийм ээ! Би үгүйсгэдэг. Сая хэллээ шүү дээ. Зөв чиглүүлж, залахухаан чухал. Нэг жишээ хэлье л дээ. Хөдөө зөвхөн мал маллахаас өөрийг хийж байгаагүй залуус цэрэгт ирээд гурван жилийн дотор шал өөр болдог юм. Миний удирдлага дор барилгачны мэргэжлийг гарамгай эзэмшээд амьдралаа аваад явах чадвартай болсон 800 гаруй шавиараа эрхгүй бахархдаг. Чи бодоод үз. Ганцхан жилийн дотор 28 цэрэг маань VIII таван жилийн гавшгайч болж байлаа шүү дээ. Тэд нэг жилийн дотор таван жилийн ажил хийж чадсан гэсэн үг мөн үү. Хамгийн өндөр цалинг цэргүүд маань авч байлаа. 3000-6000 төгрөгийн цалин гэдэг чинь тэр үед сайд, дарга нарын цалин байлаа шүү дээ. Эдүгээ маш олон залуус эх орноосоо гадагш гарч ажиллах боллоо. Харамсаад барахгүй юм даа. Энэ их ажиллах хүчин Монголдоо хэрэгтэй байна.
-Тийм ээ! Тантай санал нэг байна. Гэхдээ манайд ажлын байр алга, дээр нь цалин хөлс тун бага болохоор гадагш зорих урсгал зогсохгүй байх гэж бодох юм?
-За, би барилгынхаа салбараар жишээлж болж байна. Өнөөдөр Монголын барилгын салбар маш хурдтай хөгжиж байна. Монголын барилгачид ч маш чадвартай болж байна. Ажлын байр бий юү бий. Тэгээд юу дутаад байна вэ гэхээр ерөөсөө л бодлого дутаад байна л даа. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого гэж алга. Барилгачин хүнийг би үнэхээр хайрладаг. Төр маань монгол хүнээ, монгол компаниудаа бодлогоор хайрлан дэмжмээр байна. Би монгол хүн бүр ажилтай байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас нэг ч гадаад ажилчинг авдаггүй. Зээл авах гэхээр асар өндөр хүүтэй. Үндэснийхээ үйлдвэрлэгчдэд өгдөггүй зээлээ Хятадын компаниудад өгчихнө. Миний хувьд асар олон жил ёстой бор зүрхээрээ явж байна. Нэг ч төгрөгийн зээлгүйгээр компаниа босгож байлаа. Төрийн бодлого зөв байвал энэ урсгал зогсож л таарна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын цэрэг, армийг улс орны бүтээн байгуулалтад оролцуулах хэрэгтэй гэсэн санаачилга үнэхээр загатнасан газрыг минь маажих шиг болсон доо. Ерөнхийлөгчийн энэ бодлогыг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.Энэ их хүч Монгол Улсын бүтээн байгуулалтад ямар их хэрэгтэй билээ. Цэргүүд бүтээн байгуулалтад оролцсноороо мэргэжилтэй болно. Цалин мөнгөтэй болно. Амьдралаа авч явж чадах чадвар сууна шүү дээ.
-Төрийн ордны баруун жигүүрийн өргөтгөл, төрийн тамганы хөшөө, Их, бага тэнгэрийн аман дахь барилга гээд миний бодлоор их чухал бүтээн байгуулалтуудыг “Авзага трэйд” хийдэг нь ямар нэгэн учиртай юу?
-Учир саад байх юм байхгүй ээ! Хийж буй бүхнээ хамгийн чанартай хийхийг хүсдэг. Бас би гэдэг хүн Монгол Улсын гавьяат барилгачин учраас хамгийн чанартай барилга барих ёстой. Тиймээс хийж гүйцэтгэж буй ажилдаа хөрөнгө хайрлахгүй гаргадаг. Өөртөө бараг ашиггүй шахам ажиллана шүү дээ. Энэ болгон манай хамт олны үнэлэмж болдог юм. Түүнээс гадна бидний нэг давуу тал бол барилгын бүх материалаа өөрсдөө үйлдвэрлэдэгт байдаг юм. Компанийхаа 15 жилийн ойн босгон дээр БНСУ-ын технологиор цагт 150 метр, өдөрт 1000-3000 шоо метр бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Хүн хийсэн бүтээснээ харж явах шиг гайхамшиг үгүй байх аа. Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэнг хүн болгон л ярьдаг. 10 мянган хүний суудалтай ийм стадион Монголд байхгүй. Манай хамт олон энэ цэнгэлдэх хүрээлэнг ердөө зургаахан сарын дотор барьж дуусгасан юм. 3.7 тэрбум төгрөгт багтааж барьсан. Гэтэл хэл ам их гарсаан. Өнөөдөр ийм хэмжээний стадион барих гэвэл 15-20 тэрбум төгрөгөөс наашгүй шүү дээ. Яахав атаа жөтөө гэдэг хаа сайгүй болсон хорвоо хойно намайг “унагах” гэсэн нөхдүүдийн санаа бүтээгүй л дээ.
-Нээрээ сая Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор очоод ирсэн. Гайхалтай стадион байна лээ. Их тухтай, жинхэнэ хүмүүст зориулсан бүтээн байгуулалт байна гэж харсан. Манай төв цэнгэлдэх ч тийм биш. Зөвхөн дарга нарын индэр хэсэг л сүүдрэвчтэй байдаг шүү дээ?
-Чамд нэг юм ярья. Би бас их сонин хүн л дээ. Ингээд ажлаа хийгээд сууж байгаад гэнэт л нутаг руугаа явмаар санагдана. Тэгээдшууд гараад давхина даа. Булган хайрхан, Авзага хайрхныхаа өвөрт очоод ирэхээр нэг л сайхан, сэтгэл тэнийгээд урам зориг орно. Хамаг ажил улам бүтээд байх шиг болдог юм. Нутаг руугаа явах болгондоо Эрдэнэтийн цэнгэлдэхийн хажуугаар гарна. Өнгө будаг нь яг хэвээрээ шүү. Гандаж ховхорсон нь алга. Тэгээд бахархал эрхгүй төрж байгаа юм. Дахиад нэмээд ийм өргөтгөл, засвар хийгээд, өнгө будгийг нь засаад өөрчлөхсөн гэсэн бодол орж ирээд байдаг юм. Хажуугаар нь басхүү бага зэрэг гомдол төрнө.
-Яагаад?
-Зургаахан сарын дотор бид энэ цэнгэлдэх хүрээлэнг бариад хүлээлгэж өгөхөд манай хамт олонд ядажбаярлалаа гээд ганц баярын бичиг ч өгөөгүй юм. Хөдөөд нийтлэг байдаг хэдэн модон суудал тойруулсан тийм л наадмын талбайтай байсныг хамт олон маань өөрийн чинь харсан шиг өөрчилсөнюм шүү дээ.
-Ингэхэд Та морь, үндэсний бөхөд асар их мөнгө зарцуулдаг хүний нэг. Зарим хүн энэ бүхэнд их эгдүүцдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Баячууд баярхаж байна. Тэд бөх, моринд мөнгө хайр найргүй зарцуулж байна гэж дургүйцэж байгаад би гайхдаг. Бөх, морь, сур харваа бол дэлхийд өөр хаана ч байдаггүй, зөвхөн Монголын өв соёл байгаа юм. Энд бидний ёс, зан заншил, уламжлал, түүх шингэсэн байдаг юм. Даяаршлын үедбид бусдаас юугаараа ондоошиж үлдэх вэ гэхээр хэл соёл, өв уламжлалаараа л үлдэнэ. Тэгэхээр өвөг дээдсийн энэ гайхамшигт өв соёл, уламжлалыг хойч ирээдүй маань ч мартаж, гээх учиргүйгээр улам хөгжүүлж, дэлгэрүүлэн авч яваасай гэж хүсдэг. Өнөөдөр монгол морины хурд, хүч улам сайжирч байна. Энэ муу хэрэг үү? Морины үнэ ханш өсөж байна. Үүнийг дагаад малчдын амьдрал ч дээшилж байгаа нь үнэн. Хурдны морь унаж байгаа хүүхдүүдийнхээ ар гэрийн амьдралыг нь тэр чигт нь даагаад явдаг шүү дээ. Бөхгүй, морьгүй, сур харваагүй Монголыг төсөөлөөд үз дээ. Үндэсний энэ өв соёлгүйгээр бидий бахархал тэгээд юу байх гэж. Наадмын өглөө уртын дуу эгшиглээд, хүлэг морьд янцгаан үүрсэж, хүчит бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирэхэд энэ дэлхий бидэнд жижигдэх шиг санагддаг биш гэж үү. Монгол хүн бүрт ийм сайхан мэдрэмж төрдөг гэдэгт би эргэлздэггүй ээ. Ийм шалтгаанаар би морь, бөхөдчадах болгоноороо туслахыг хичээдэг юм.
-“Авзага” бөхийн дэвжээ хамгийн анхны дэвжээнүүдийн нэг. Одоо ч олон олон бөхчүүдийг хамруулж, цалинжуулсан хэвээр. Улсын цолтой хамгийн олон бөхчүүдийг төрүүлэн гаргалаа даа.
-1993 онд 30 гаруй бөхтэй“Авзага” дэвжээгээ байгуулж байлаа. Эндээс монгол түмнээ баярлуулсан олон сайхан бөхчүүд төрөн гарчээ. Улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын харцага Д.Магалжав гээд 20 гаруй бөх улс, аймгийн цолтой болсон байдаг юм. Та яагаад өөр аймгийн бөхчүүдийг дэвжээндээ хамруулдаг юм бэ гэж үү? Яагаад гэвэл би дов, жалганы үзэлд үнэхээр дургүй хүн. Монголын сайхан залуус хүсч л байвал аль ч аймгийнх байсан хамаагүй дэмжихийг чухалчилдаг. Монголчууд эвтэй байх нь чухал шүү дээ.
-Булганынхан юм бүхний анхдагч байдгийн учир юунд байдаг юм бол?
-(инээв) Яагаад гэвэл булганчууд хувиа боддоггүй байхгүй юу
-Н.Түвшинбаяр аваргыг та анх гаргаж ирсэн гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн үү?
-Миний гаргаж ирсэн гэж юу байхав дээ. Анх над дээр ах нь дагуулж ирсэн юм. Би зүгээр л ийм сайхан бөх болох суурийг нь тавилцахад оролцсон гэж хэлж болох юм. Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёрыг Б.Бат-Эрдэнэ аваргатай танилцуулж, сургуульд оруулж, орон байраар хангаж байсан хэрэг.
-3а Танд баярлалаа! Эрүүл энх байж Монгол Улсдаа олон олон бүтээн байгуулалтыг хийгээрэй хэмээн ерөөе!