Одоогоос 10 жилийн тэртээ 2003 оны 11 дүгээр сарын 6-нд Вашингтон хотноо National Endowment for Democracy гэдэг сан (Ардчилалд туслах үндэсний сан) байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байлаа. Ойн арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жopж Буш очиж үг хэлэхдээ АНУ-ын шинэ гадаад бодлогыг зарлаж, тэр нь Глобал ардчилсан хувьсгал хийх тухай бодлого хэмээн шууд ойлгогдов. Иракийг чөлөөлснөөр эл бодлого Ойрхи Дорнодод  түрүүлэн хэрэгжиж эхлээд байсан ба Иракийн нутагт ардчилсан нийгмийг цогцлуулах, улмаар энэ бүс нутгийн бусад улс түмэнд тэр нь үнэ хүргэх үлгэр жишээ болох учиртай байв. Тэр үед Ж.Бушийнхээр бол, дор хаяж манай гаригийн 40-50 улсад эрх чөлөө дутагдаж байгаа, тэгэхдээ АНУ-ын гадаад бодлогын төвлөрөх цэг нь Ойрхи Дорнод байх болно. Юуны өмнө Иран, Саудын Араб, мөн Сири зэрэг нефтийн үлэмж нөөц агуулсан, эсвэл тэр бүс нутагт АНУ-ын өргөжин тэлэхийн эсрэг зогсож буй, мөн Израилийн аюулгүй байдалд үлэмж аюул занал учруулдаг тэдгээр улсууд байх болно хэмээн томъёолов.

Нэрсийн жагсаалтад орсон тэдгээр харгис дэглэмүүдийг зайлуулах тэмцлээ тэр үед Буш Кубаас эхэлнэ хэмээн үзсэн нь бас сонин. Кубын араас Бирм, Хойд Солонгос, Зимбабве, нэлээд хойхно Хятадыг нэр заажээ. Тэгэхдээ Хятад дээр ихээхэн болгоомжтой ханджээ. Хятадын ард түмэн эцсийн бүлэгт эрх чөлөөг бүрэн хэмжээгээр эдлэхийг хүсэх болно. Эдийн засгийн эрх чөлөө нь үндэсний хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэдгийг Хятад хэдийнээ мэдчихлээ гэх өгүүлбэр түүний илтгэлд явж байх аж.

Хятадыг залгуулаад мусульман ард түмнүүдийн эрх чөлөөний тухай өгүүлжээ. Лалын улс орнууд, ялангуяа Ойрхи  Дорнодын улс түмэнд Буш илтгэлийнхээ хоёр хуудсыг зориулсан байх бөгөөд ардчиллын салбарт ахиц гарч байгаа гэдгээр Египет, Оман, Бахрейн, тэр ч бүү хэл  Саудын Арабыг нэрлэсэн нь нэн гайхалтай, 10 жилийн тэртээ шүү!

2003 онд 20 жилийнх нь ойг тэмдэглэж байхыг бодохул Глобал ардчилсан хувьсгал хийх санаа 1983 онд үүссэн байж таарна. Ардчилалд туслах үндэсний санг АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган болон Америкийн Конгресс 1983 онд тунхаглахдаа: ТББ, институциудад нөлөөлөх замаар даян дэлхийн бүх ардчилсан институцийг бэхжүүлэх зорилгоор... Ардчилалд туслах үндэсний санд зориулан АНУ-ын Конгрессоос олгох төсвийн мөнгийг ашиглан, Африк, Ази, Төв болон Дорнод Европ, Латин Америк, Ойрхи Дорнодод ардчилсан бүлгүүдийн дэмжих зорилгоор зуу зуун тусламж тэтгэмж жил бүр олгох тухай заасан байдаг.

Тэр лут заалтаас хойш яг 20 жил өнгөрсний дараа Жорж Буш Рейганы үйл хэргийг үргэлжлүүлэгч болж ардчиллын шинэ аянаа зарласан ба харин энэ удаа муу муухайн эзэнт гүрэн болсон коммунист дэглэмийн эсрэг бус, америкийн тэрхүү эрх чөлөө, ардчиллын  тусламжинд нь саад хийж буй дарангуйлагч дэглэмүүдийн эсрэг тэмцэх болсон нь 2003 оны түүний тэр уриа байв.

- Гэхдээ энэ тэмцэл Ардчилалд туслах үндэсний сангийн  чармайлтаар бүтэхгүй, энэ тэмцэлд улс төр, эдийн засаг, оюун санаа, суртал нэвтрүүлэг, дипломатын бүх  хөшүүрэг, эцэст нь манай гаригийн хамгийн хүчирхэг гүрний цэргийн хүч нөөцийг дайчлан байж зорилгодоо хүрнэ хэмээн Буш илтгэлдээ тэмдэглээд, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсдээ шургуу ажиллахыг уриалан дуудсан юм.
 
Түүний уриалгыг дэмжихээр 2005 оны 3 дугаар сарын 3-нд Конгрессын 4 гишүүн–сенатч Жон Маккейн, Жозеф Либерман, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Том Лантос, Фред Вулф нар хуулийн төсөл Конгресст оруулж ирэв. Хуулийн нэр нь Ардчилсан бус улс орнуудад ардчиллыг болон ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх тухай хууль (Advance Democratic Values, Address Nondemocratic Countries, and Enhance Democracy Act). Гэхдээ нэр бүхий 4 эрхэм хуулийг боловсруулагчид байгаагүй, тэдний цаана неоконсерватив үзлийг хөхиүлэгч Худзоны Институтын (Hudson Institute) төлөөлөл болох  дипломатч Марк Палмер, хуульч Эрик Кадель, улс төр судлаач Майк Горовиц, Брент Тантильо нар гол зохиогчид нь байсан юм.



Эднээс зураг дээрхи Марк Палмерыг онцлон авч үзэх хэрэгтэй. Одоохондоо олны танил бус энэ эрхэм ХХ зууны хамгийн гарамгай хүнээр хожим тодорчихсон байхыг үгүйсгэхгүй. Тэр бол ердөө л СССР ба дэлхийн коммунист системийг нураасан хүнээр түүхнээ үлдэнэ. Ардчилсан бус улс орнуудад ардчиллыг болон ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх тухай хууль–ийн үзэл санаа бүр 1970-аад оны дунд үеэс эхтэй. Дайны эсрэг үзэл баримтлагч, дипломатч Палмер тэр үед Зөвлөлт Холбоот Улсад очиж, тэгж очингоо  зөвлөлтийн тэрс үзэлтнүүд, тэрс үзэлт жүүдүүдтэй танилцжээ. Тоталитари Зөвлөлтөд либерал үзэлтэй хүмүүс байдагт урамшсан Палмер либерал үнэт зүйлсээ ямар ч ард түмний соёл руу шингээж болох юм байна гэдэгт хатуу итгэжээ.

1986 онд тэрээр Ерөнхийлөгч Рейганы Тамгын газарт ажиллаж байхдаа америкийн төлөөлөгчдийг тэргүүлэн Москвад айлчилж, зөвлөлтийн эрх баригчидтай хэлэлцээ хийн жүүдийн идэвхтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Анатолий Щаранскийг гяндангаас суллуулан авч одсон түүхэн гавьятай. Дараа нь социалист Унгарт АНУ-ын Элчин сайдаар сууж байхдаа суугаа орныхоо тэрс үзэлтнүүдтэй хэлхээ холбоотой байгаад зогсохгүй тэднийг гудамжны тэмцэлд босгож, коммунист дэглэмтэй нь үзэлцүүлж байв.

Дипломат албанаас чөлөөлөгдөөд Central European Media Enterprises гэдэг компаниа байгуулан 1990-ээд онд Чех, Словак, Словен, Румын, Украины ТВ-үүдэд хувийн санхүүжилт хийн, нийт 600 сая ам.долларын оюуны хандив өргөсөн гэх мэдээ бий. Тэрбумтан Жорж Сорос, Ардчилалд туслах үндэсний сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг–USAID Палмертай хоршин ажиллаж, тэр өөрөө санаачлан Слободан Милошевичийн эсрэг сүүдрийн Засгийн газар Югославт байгуулан, тэд нь 1996 оноос Белградын  гудамжинд ил тэмцлээ өрнүүлэв.

Сөрөг хүчнийг нь сайн дэмжээд өгвөл Засгийн газрын эсрэг жагсаалаар ардчилсан бус дэглэм–ийг түлхэн унагаачихаж болдог нь Чехословак, Унгар, Зүүн Герман, Румын, Болгар, Югославт харагдсан тул түүнийгээ үнэмлэхүй туршлага болгон цааш нь хөгжүүлэв.



Тэр нь хөгжсөөр геополитикийн шинэ нөхцөлд АНУ-ын шинэ гадаад бодлого болон 2003 онд Жорж Бушийн амаар хэлэгдэх нь тэр. Орон нутгийн тэмцэгч, эсэргүүцэгчдээс хүч нөөц бүрдүүлэн, тэднийг сайтар бэлтгэн, энх тайвны аргаар, хүч үл хэрэглэх замаар өрнийнхөнд таашаагдаагүй ямарваа дэглэм, Засгийн газрыг солиод байх итгэл үнэмшлийг Палмер өөртөө гүн суулгажээ. Түүнийгээ ч 2003 ондоо багтаж хэвлүүлсэн Муу муухайн тэнхлэгийг нураахуй: 2025 он гэхэд сүүлчийн дарангуйлагчийг засгийн эрхнээс хэрхэн зайлуулах вэ?  (Mark Palmer. Breaking the Real Axis of Evil: How to Oust the World"s Last Dictators by 2025, Rowman & Littlefield Publishers, Inc., October 2003) номдоо буулгаж, тааламжгүй улс төрийн дэглэмүүдийг  бага зардал-аар амжилттай түлхэн унагах 25 нөхцөл гэгчийг нэгд нэгэнгүй жагсаасан байх аж



Сэдвээс бага зэрэг хазайж түүх рүү оръё. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэж сонин хэвлэл, радио, зурагт, интернэт сайтуудыг товчхондоо нэрлэдэг. Тэгвэл нэр заасан 4 хэрэгсэл нь шат шатандаа дэлхийн түүхийг эргүүлсэн 4 том өөрчлөлтийг өдөөсөн гэж үздэг. 1) Сонин хэвлэл хөгжиж мэдээллийн дайн хийсний дүнд дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэн; 2) Радио хөгжиж түүгээр нацистын суртал нэвтрүүлэг цууриатсаны дүнд дэлхийн II дайн дэгдсэн; 3) Телевизийн хөгжил, түүгээр рок хөгжим, барууны кино, өрнийн нийгмийг үзүүлсний дүнд дэлхийн коммунист систем, түүний авангард СССР задран унасан; 4) Эдүгээ мэдээллийн технологи: Facebook, Twitter, LinkedIn, Wi‑Fi, youtube хөгжсөний дүнд Арабын хавар нөхцөлдсөн ажээ.

Ардчилсан бус улс орнуудад ардчиллыг болон ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх тухай хууль–ийн үзэл санааны өнцгөөс Иракийг чөлөөлснөөр Ойрхи Дорнодод хэрэгжүүлж эхэлсэн эл бодлого эдүгээ Арабын хавар гэх хувьсгалаар цааш өрнөж, Араб ертөнцийг ийнхүү бүчин авав аа!