Энэ тэмдэглэлийг анх 2005 онд эмхэтгэн гаргажээ. Харин манай хэвлэлийн газар 2018 онд Оросын Дорно дахины судлал үүссэний 200 жилийн ойд зориулан шинжлэх ухааны доктор Р.М.Валеев, И.В.Кульганек нар Казань хотноо “Орос-Монгол-Хятад: монголч эрдэмтэн О.М.Ковалевскийн өдрийн тэмдэглэлүүд (1830-1831 он)” нэртэйгээр нэмж боловсруулсан эхийг орчуулж монгол уншигчдад хүргэж байна. 

Оросын монгол судлалын сургуулийг XIX зууны эхэн хагаст үүсгэн байгуулсан О.М.Ковалевский нь Казанийн их сургуулийн монгол хэлний анхны салбарыг хорь гаруй жил тэргүүлэн ажиллаж, улмаар таван жилийн турш энэ сургуулийн захирлын албыг хашжээ. Түүний тэмдэглэл Монгол, Хятадын түүх соёл, ахуй амьдралын үнэтэй эх сурвалж болоод зогсохгүй угсаатны зүй, хэл шинжлэл, соёл судлалын чухал хэрэглэгдэхүүн болдог. О.М.Ковалевскийн шинжлэх ухааны өвд 17 томоохон бүтээл багтдаг бөгөөд тэр дундаа 48 000 үг хэллэгтэй гурван боть “Монгол-Орос-Франц хэлний толь бичиг”, тус бүр 8 ба 7 дэвтэртэй хоёр боть “Монголчуудын түүх” гар бичмэл, 1830-1831 онд орос, польш, англи, франц, герман, монгол бичгээр ээлжилж хөтөлсөн энэхүү “Аяллын өдрийн тэмдэглэл” орж байна. 

(Энэ ном шинэ жилээс өмнө худалдаанд гарна.)

РЕДАКЦИЙН ҮГ

Монгол орныхоо түүх соёл, өнгөрсөн үеийн ахуй амьдралыг сонирхон судалж, эх орныхоо соёлыг түгээн дэлгэрүүлэх хүсэл сонирхолтой уншигч нөхдөд бага ч атугай туслах сэтгэл өвөрлөн манай хэвлэлийн газраас Монгол орноор аялсан Өрнө, Дорнын аялагч судлаачдын хөтөлсөн аян замын тэмдэглэл, харь хэл дээр бичигдсэн түүхийн эх сурвалжуудыг орчуулан хүргэж байгаа билээ.

Одоогоор манай хэвлэлийн газраас ДИУ-ын хил хязгаарын түүхч Ма Хэтяний “Ар, Өвөр Монголоор зорчсон тэмдэглэл”, Чин улсын үед “Монгол нутгаар зорчсон тэмдэглэл (1688-1911)” аян замын тэмдэглэлүүдийг хятад хэлнээс орчуулагч Бат-Эрдэнийн Гэрлээгийн орчуулснаар хэвлэсэн бол энэ удаад Оросын монгол судлаач О.М.Ковалевскийн 1830-1831 онд Монголоор дамжин Бээжин рүү аялсан өдрийн тэмдэглэлийг Олон улсын Монгол судлалын холбоотой хамтран (доктор Н.Ганбатын орчуулгаар) гаргаж байна.

Оросын Монгол судлалыг үндэслэгчдийн нэг О.М.Ковалевский нь ерөөс Өрнийн Монгол судлалын ноён нурууг тодорхойлоод зогсохгүй урьд өмнө Өрнө дахинд Монгол судлал хөгжихийн үндэс болж, өдгөө ч ач холбогдлоо алдаагүй байна.

Манай хэвлэлийн газрын санаа зорилгыг үнэлэн дэмжиж, бидэнтэй чин сэтгэлээсээ хамтарч ажилласан академич Хар адуут овгийн Сампилдондовын Чулуун, Оросын Монгол судлаач эрдэмтэн В.И.Кульганек нарт гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Энэхүү бүтээлийг дэлгэн уншиж буй эрхэм уншигч танд баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ санал сэтгэгдлээ erdemgegeerel@gmail.com хаягаар илгээхийг хүсье.

Эрдэм&Гэгээрэл хэвлэлийн газар