Хүү минь. Охин минь.

“Очироор огтлогч” хэмээгч энэ их хөлгөн судар ном түүний онч мэргэн ухаан, гүн их сэтгэлгээ, яруу сайхан үг хэллэгийг аав нь яахан гүйцэт бүтэн ухаарч бичиж чадах билээ. Тийм учраас энэ бол энэ судрын орчуулга биш. Шинэ тайлбар бол бүүр ч биш юм шүү. Энэ бол эл судар номыг уншиж ойлгосон зөвхөн миний бодол. 

“Од бүрэлзэлгээ, зул хийгээд
Илбэ, шүүдрийн дусал, усны хөөс
Хуурамч зүүд, гялбаа, үүл мэт
Хуран үйлдсэн бүгдийг тийн үз” хэмээн Бурхан багш айлджээ.

Юу гэсэн үг вэ? гэвэл.

Орчлонгийн жаргал зовлонг аль алиныг нь ийн мэт үз гэсэн үг. Юм бүхэн мөнх бус. Юмс бүгдээрээ хоосон байдаг гэсэн үг. Тийм учраас. Нигүүсэл их. Ухаарал их. Тэвчээр их сэтгэлийг барьж яв. ... Эндүүрлийг бодож болгож хорьж хааж яв гэсэн үг. 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

... Сэтгэл бодол, бие, хэл нисванисын эрхэнд орсоноор ... хүсэл шуналын эрхэнд орсоноор ... тоглоом баяслын эрхэнд орсоноор ... Өвдөх зовох, өлсөж цангах, хохирч үлдсэний эцэст байж үйлдэх хилэнц нүглийг бодож тань. Ухаарч ухар гэсэн үг. 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

... Мунхаг харанхуйн доройтлоос ... уур омог хилэнгийн доройтлоос ... Баян эс бөгөөс ядуу болсоноор цагдан үүсэх хилэнц нүглийг барьж дарж хорьж яв гэсэн үг. 

Товчлоод хэлбэл: Зөөлөн хар. Зөв амьдар гэсэн үг. ... Мунхагийн шалтгааныг хаах хэрэгтэй. Зовлонгийн шалтгаан \зовлонгийн их цогцос\ хаагдах болно гэсэн үг.

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Өөрөөр хэлбэл: Юмс бүгдээрээ хоосон. Тийм учраас. Бүгдийг хэлтрүүлэн үйлд. Төгс ижил нүдээр харж үйлд. Бодож болгоож үйлд. Тэр арга ухаанд суралц ... Зөөлхөн бай. Зөв амьдар гэсэн үг. ... 

Хичээн үйлд. Орчлонгийн олон олон юмсыг усанд хаясан чулуу мэтэд бодож хичээ. ... Шүүдрийн дусал ус, хөөс адилд санаж хичээ. Цуурай, гялбаа, зэрэглээ адил батгүйд бодож ашидын сайн үйлсэд зорьж хичээ гэсэн үг. ...

Энэ мэт. Усны хөөс хийгээд шүүдрийн дусал ус. ... Сүн далайн гүн их ус. Эд бүгдийн янз ялгаа юун их. Юм бүхэн хоосон байдаг юм гэсэн үг.

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

“Од бүрэлзэлгээ, зул хийгээд
Илбэ, шүүдрийн дусал, усны хөөс
Хуурамч зүүд, гялбаа, үүл мэт
Хуран үйлдсэн бүгдийг тийн үз” хэмээн Ялж төгс нөгчсөн бээр тийн хэмээн зарлигласан. 

Бат оршигч Маш-Учрал хийгээд тэдгээр гэлэнгүүд болон тэдгээр бодьсадва, дөрвөн нөхөд ба тэнгэр, хүн, асури, үнэр идэшт зэрэг нөхөд бүгд даган баясав. Ялж төгс нөгчсөний зарлигийг ихэд магтсан бөлгөө. 

Дашчойлон дацангийн шунлайн гавж С.Гантөмөрийн хөрвүүлгээс сэдэвлэн бичив.




БАДАМХАНД МУЗЕЙ