Бидний урилгыг хүлээн авч ярилцлагад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монголд ирж ажиллахаасаа өмнө ямар хүлээлттэй байсан бэ? Ер нь яагаад Монгол Улсад ирж ажиллах шийдвэр гаргав?

Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад тань баярлалаа! НҮБ-ын Хүүхдийн Санг дэмжиж, бидний хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шалтгааны талаар ярилцах боломж олгосонд баяртай байна. Би Монгол улсад ирж ажиллаад 2 жил болох гэж байна. 11 сарын 24 гэхэд яг 2 жил болно. Энэ хугацаанд 20 аймагт очиж ажиллажээ. Хараахан очиж амжаагүй үлдсэн ганц аймаг нь Говьсүмбэр. Гэхдээ 11 сарын 24-нд Говьсүмбэр аймагт очиж ажиллахаар төлөвлөсөн. Монголд ирснээс хойш шийдвэрлэхээр тодорхойлсон асуудал олон бий. 

Би өөрөө ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн барилгын инженер хүн. Монголд ирэхээсээ өмнө арлын Мадагаскар улсад ажиллаж байсан. Нью-Йорк хотод НҮБ-ын Хүүхдийн Сангийн Төв офист дэлхийн хэмжээнд ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн орлогч захирлаар 6 жил гаруй хугацаанд ажилласан. Дараа нь Бангкокт Бүсийн оффист зөвлөхөөр 3 жил ажилласан. Бангкокт ажиллаж байхдаа 2018 онд 1 удаа, 2019 онд 2 удаа, нийт 3 удаа Монгол улсад богино хугацаагаар ирж ажиллах боломж тохиож байлаа. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Энэ үед Монгол улсын нөхцөл байдалтай танилцаж, бусад олон улс оронтой харьцуулан арай өөрөөр хийж болох зүйлсийг харах боломж олдсон. Тухайн үед тулгамдаж байсан асуудлуудын нэг нь усны чанарын асуудлыг шийдвэрлэх чадавх, хүчин чадал байсан. Энэ нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс шаргуу ажиллаж, шийдвэрлэхээр оролддог асуудлуудын нэг л дээ. Дэд бүтэц нь байгаа ч энэ чиглэлд мэргэжлийн дэмжлэг Монголд шаардлагатай байсан. Монгол улсад бидний зүгээс хийж болох зүйл олон байгааг олж харсан. Ингээд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчийн орон тоо гарахад би уг албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн 2 жил миний хувьд гайхамшигтай сайхан хугацаа байлаа. Засгийн газар сайн ажиллалаа. Хүмүүс надад элэгсэг сайхан хандаж байгаа. Өөр өөр чиглэлд сайн үр дүн гарсаар байна. Сая хэлсэнчлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд хөтөлбөрийн хувьд болон хамт олны хувьд ололт амжилт ихтэй байлаа. Бид Монгол улсад хийж, хэрэгжүүлж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэлхийн хэмжээнд нийт хэдэн суурин төлөөлөгчийн газартай вэ?  

Бид 110 гаруй улс орон, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-ын Хүүхдийн Сангийн үндсэн эрх үүрэг нь дэлхийн хэмжээнд хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх явдал байдаг. Бид эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулахаас эхлээд хүүхдийн бүхий л эрхийг хангах, хамгаалахын төлөө ажилладаг. 

Танай байгууллагын төв Нью Йорк хотод байдаг байх аа?

Тийм. Төв оффис АНУ-ын Нью Йорк хотод байдаг бөгөөд бид 7 бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь Бангкок дахь бүсийн алба. Найроби, Панама, Дакар хотуудад бүсийн албууд бий. Төв Ази, Европыг хариуцсан алба Женевт байдаг. Непал улсад нэг бүсийн алба бий. 

Ямар том систем бэ?

Тийм ээ. Удирдлага, зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй ажилладаг. 

НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсад хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? Одоогийн байдлаар гарсан хамгийн том ололт амжилт юу вэ?

Бид Монгол Улсад 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд төрөл бүрийн чиглэлээр олон асуудлыг шийдвэрлэсэн. Үүнээс хамгийн чухал нь болох эрүүл мэндтэй холбоотой асуудлын талаар би ярихыг хүсэж байна. Өнгөрсөн жилүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чиглэлд маш сайн ажилласан. Бид уг тогтолцоог байгуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилладаг. НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд сайн ажилладаг эрүүл мэндийн чиглэлийн хамгийн чухал талбар нь вакцинжуулалт юм. Бид үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үнийн хэлэлцээр хийдэг. Дараа нь вакциныг улс орнууд руу тээвэрлэж, хүргэхийн зэрэгцээ вакциныг хүүхдүүдэд тарих хүртэлх нийлүүлэлтийн бүхэл бүтэн сүлжээг бий болгоход улс орнуудад тусалдаг. Бид үүнийг Монгол улсад хэрэгжүүлж, Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн бөгөөд КОВИД-19 цар тахлын үеэр вакциныг ханган нийлүүлсэн. 

Мөн эрч хүчтэй ажиллаж, ололт амжилт гаргаж буй Боловсролын яамны сайдад талархлаа илэрхийлье. Монгол Улсад тусгай хэрэгцээт хүүхдүүдийг оруулаад бараг бүх хүүхэд сургуульд бүрэн хамрагдаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ яамны зүгээс хөгжлийн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд илүүтэй дэмжлэг үзүүлж, тэгш оролцоог сайжруулах чиглэлд ажиллах шаардлагатай байна. Мөн өнгөрсөн жилийн үзүүлэлтээс харвал 6, 7-р ангийн хөвгүүд сургуульд сурахын орон мал маллах хандлагатай байгаа тул тэднийг сургуульд нь буцаан оруулах шаардлагатай. Дорвитой зүйл хийж чадаагүй байгаа нэг чиглэл маань энэ юм. Тэгэхээр энэ чиглэлд хамтдаа илүү их ажиллах шаардлагатай. 

КОВИД-19 цар тахлын үеэр бэлтгэн боловсруулсан боловсролын цахим контентуудаараа бид их бахархаж байгаа. Цахим сургалт хүртээмжгүй байсан алслагдсан нутгуудад бид сим карттай радио төхөөрөмжийг хангаж өгснөөр алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд хичээлээ үргэлжлүүлэн үзэх боломж бүрдсэн. Бид мөн 2 медиа төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Таблеттай багш хөтөлбөр, нөгөө нь хүүхэдтэй өрхүүдэд очиж хичээл заадаг Таблеттай сайн дурын багш хөтөлбөр юм. Эдгээр нь боловсролын чиглэлээр бидний амжилттай хэрэгжүүлж буй сайн хөтөлбөрүүд. 

Дараагийн нэг чиглэл нь хүүхэд хамгаалал. Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хүүхдэд холбогдолтой хууль тогтоомж, хүүхдийн эрх болон төрөл бүрийн чиглэлд хүүхдийг хэрхэн хамгаалах асуудлаар ажиллаж байна. Мөн шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн тухай хуулийн шинэчисэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг явуулж байгаад бид их баяртай байгаа. Бид энэ чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллана. 

Мөн уур амьсгалын өөрчлөлт, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал байна. Бид олон жилийн хугацаанд агаарын бохирдлын асуудалд гол анхаарлаа хандуулж ажилласан. Бид хүн амыг цэвэр агаараар хангах зорилгоор монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП гэх бүтээгдэхүүнийг бүтээсэн нь одоо улс орон даяар хаа сайгүй ашиглаж байна. ЧИП бүтээгдэхүүнийг анх Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хүрээнд Монгол улсад тусгайлан хүргүүлсэн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зөвлөмжтэй холбоотойгоор боловсруулсан юм. Зөвлөмжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан арга хэмжээ авч, холбогдох яамдууд, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагууд, их дээд сургуулиуд гэх мэт оролцогч гол талуудыг бүгдийг нь нэг дор цуглуулж, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар инноваци гаргаж болох талаар бодож, хэлэлцсэний үр дүнд дотор агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам гэж үзэж, энэхүү ЧИП бүтээгдэхүүнийг гаргасан нь мөн Монгол дахь хөтөлбөрүүдийн хүрээнд гарсан ололт амжилтуудын нэг болсон. 

Өөр нэг ололт нь усны чанартай холбоотой. Хөтөлбөрөөрөө дамжуулан бид ихэнх аймгуудын усны чанарын нөхцөл байдлын зураглалыг боловсруулж, аль аймагт усан дахь хар тугалга зэрэг хүнд металлын агууламж өндөр, аль аймагт бага байгааг тогтоож, үнэлгээ хийн, түүн дээрээ үндэслэн аймгуудад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авсан. 

Мөн хүүхдийн мөнгө хөтөлбөрийн чиглэлд ололт амжилт гаргасан. Байгалийн гамшиг, цар тахал гэх мэт аливаа цочролын үеэр хүүхдийн мөнгөний дансыг ашиглаж цочролд өртсөн хүүхдүүдэд мөнгө шилжүүлж болох туршилт хөтөлбөрийг Завхан аймагт зудны үеэр бид хэрэгжүүлж байсан. Үүнд дээр үндэслэн цар тахлын үеэр Засгийн газар хүүхдийн мөнгийг нэмж олгосон. Харин дараа нь зөвхөн тодорхой хувьд нь өгөх шийдвэр гарсан. Бид үүн дээр санал хүргүүлж, бүх хүүхдэд өгөхийг зөвлөсөн. Засгийн газраас хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргасан явдалд бид их баяртай байгаа. Энэ бол бидний судалгаанд үндэслэж хийсэн нөлөөллийн ажлын томоохон ололт амжилт юм. Хийсэн ажлын зарим үр дүнгээс дурдахад ийм байна. Дурдагдаагүй үлдсэн олон зүйл байгаа байх. Мөн цаашид хийх шаардлагатай ажлууд ч олон бий. 

Бараг л Монгол Улсын Хүүхдийн яам шиг ажилладаг юм биш үү та хэд. Дараагийн асуултаа асуумаар байна. Та шулуухан хариулаарай. Энэ олон том төслүүд, бодлогын хэрэгжилт дээр ажиллаж байхад танд тулгарч буй хамгийн том сорилт бэрхшээл юу байна?

21 аймагт тулгарч буй хүүхдийн эрхийн бүхий л асуудлуудыг шийдвэрлэх явдал. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд ирэх 5 жилийн хугацаанд ойролцоогоор 60 сая ам.долларын хөрөнгө шаардагдана. Энэ мөнгийг бид босгох ёстой. Энэ бол нэг дэх том сорилт. 

Хоёр дахь нь үйл ажиллагаандаа төрөл бүрийн салбарын хувийн хэвшлийг татан оролцуулах асуудал байна. Зарим салбарт хувийн хэвшлийн оролцоо огт алга. Энэ нь Монгол улсын хувьд харьцангуй шинэ зүйл. Ялангуяа инновац гаргах, шинээр сэтгэх чиглэлд тэд юуг өөрөөр хийх боломжтой вэ, санхүүгийн хувьд ямар хувь нэмэр оруулж болох вэ, мөн төрөл бүрийн чиглэлд гарсан үр дүнг хэрхэн өргөжүүлэх боломжтой вэ гэх мэт. Зарим аймгуудын хувийн хэвшил хүүхдийн цэцэрлэгийн шинэ бизнес эхлүүлэх замаар нийгмийнхээ асуудлыг давхар шийдэж буй үлгэр жишээ кэйс хийгээд эхэлсэн. Бидний бодож боловсруулснаас ч илүү зүйлийг хийж байна. Бид өөр олон аймгуудыг мөн адил үүнийг хийгээсэй, илүү олон цэцэрлэгтэй болоосой гэж хүсэж байна. Жишээлбэл нэг аймгийн усны чанар маш муу байлаа гэж бодъё. Тэгвэл чанар сайтай ус шүүх систем суурилуулж, усны чанарын чиглэлд бизнес хийж эхлэх жишээний. Зарим аймгуудад ус хангамжийн бизнес хийж болно. Нэгэнт төр засгийн хөрөнгө мөнгө хангалттай биш тул өөр олон аймгуудыг энэ чиглэлийн ажилд татан оролцуулбал асар их ач холбогдолтой. 

Төрөөс хөрөнгө мөнгө олгоно гэж харж суувал удаан хугацаанд хүлээх хэрэг гарна. Бүх чиглэлд бүгдэд хүртээмжтэй ажил хийхэд олон жилийн хугацаа шаардагдана. Энэ улсад байгаа бүх хөрөнгө оруулалт, хөтөлбөрүүд, мэдлэгийг хөшүүрэгдэхэд хувийн салбарын хөрөнгө оруулалт маш чухал. Бидэнд хөрөнгө оруулах чадавх нь байна, мэдлэг нь байна, хүн хүч нь байна. Мөн дэмжлэг үзүүлэх нэмэлт нөөцийг гаднаас дайчлах боломж бий. Хувийн хэвшлийнхэн бүх зүйлийг урагшлуулах шаардлагатай гэж би хэлэх гээгүй байна. Гэхдээ би хувьдаа тэднийг маш их үүрэг гүйцэтгэх боломжтой гэж боддог. Мөн сайн жишиг тогтоож, хувийн хэвшлийн зүгээс хийж буй ажлууд үр дүнтэй байх явдлыг хангах үүднээс хууль тогтоомжид заасан шаардлагуудыг ханган биелүүлэх талаас засгийн газар ч мөн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Төр ба хувийн хэвшлийн энэхүү түншлэл тэргүүн эгнээнд байх шаардлагатай. Мөн хувийн хэвшлийнхний зүгээс баримтлах суурь зарчим болох НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд нь бидний Монгол улсад хийж буй ажилд нэн чухал.

Монголын ТББ-ууд, иргэний нийгэм, сайн дурынхны талаар та юу хэлмээр байна?

Бидний хийж буй бүхий л ажилд ТББ-ууд маш том үүрэг гүйцэтгэдэг. Хувийн хэвшил гэдэг ерөнхий ойлголт дотор хувь хүмүүс бас багтана. Хувь хүмүүс ч бас үүрэг гүйцэтгэнэ. НҮБ-ын Хүүхдийн Санд 10 мянган төгрөг хандивлана уу, эсвэл 1000 доллар хандивлана уу ялгаагүй. Тиймээс бидний хийж буй ажилд хувь хүмүүс маш том үүрэг гүйцэтгэдэг. Сайн дурынхан мөн маш чухал. Тэдэнд мэдлэг, чадавх, нөөц бий. Мөн олон нийт байна. Айл өрхийг ядуурлаас гаргахад тэд бидэнд хэрэгтэй. ТББ-ын үүрэг асар их гэдгийг онцолж хэлмээр байна. 

Бид Монгол дахь 53 ТББ-тай хамтарч ажилладаг. Цаашид ТББ-уудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Бидний хүрч чадахгүй зарим газруудад хүрэх тэдний чадавх маш чухал. Тэдний зарим нь улс орон дахь суурь нөхцөл байдлын талаар биднээс илүү сайн мэдлэгтэй байдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс Монгол улсад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хөшүүрэгдэхэд төр хувийн хэвшлийн түншлэл, хувь хүмүүсийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд бүгд чухал үүрэгтэй. 

Урлаг, соёлын алдартнууд, олны танил хүмүүс НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч төлөөлөгч болдог. Үүний нэг нь алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм байна. Монголд ийм элч төлөөлөгч байдаг уу? Элч төлөөлөгч болгох хүн хайж байгаа юу?

Манай хөтөлбөрүүдийг цаашид хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх инфлюенсер хүнтэй танилцаж, холбоо тогтоох би дуртай байдаг. Бид одоо НҮБ-ын Хүүхдийн Сангийн найз болгох зорилгоор Засаг дарга нарын сүлжээг бий болгож байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн найз болох хүнийг бид үргэлж эрж хайж байдаг. Мөн НҮБ-ын Хүүхдийн Сантай найз хэвлэл мэдээллийн том сүлжээг бий болгохоор ажиллаж байна. УИХ-ын гишүүд, төрөл бүрийн салбар чиглэлийн хувь хүмүүстэй найз болохоор мөн эрэлхийлж байна.

Найз гэхээр элч төлөөлөгчөөс арай өөр юм уу?

Тийм. Элч төлөөлөгч гэвэл Англи улсад Дэвид Бекхэм бий. Бид Монгол Улсад мөн энэ үүргийг гүйцэтгэх хүнийг хайж байгаа. Удахгүй 11 сарын 20-нд бид Дэлхийн хүүхдийн өдрийг тэмдэглэнэ. Тэр үед элч төлөөлөгч болох сонирхолтой хүмүүсийг олж чадах байх гэж найдаж байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч төлөөлөгч болох хүн ямар гол шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай вэ? Ямар шаардлагууд тавигддаг вэ? Одоо энэ нэвтрүүлгийг үзэж суугаа хүмүүс хэн нэгнийг, эсвэл өөрийгөө нэр дэвшүүлэх сонирхолтой байж болох юм.

Нэгдүгээрт хүүхдэд хайртай хүн байх шаардлагатай. Хоёрдугаарт нэр цэвэр байх шаардлагатай. Улс орондоо нэр нөлөөтэй хүн байвал маш том үүрэг гүйцэтгэх боломжтой. Хүүхдийн эрхийн зарчмуудыг мэддэг байх нь чухал. Мэдээж мөн авлига хээл хахуульд холбогдоогүй хүн байна. Нийт 12 шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлага тавьдаг. Ёс суртахуун сайтай, харилцааны өндөр ур чадвартай, асуудал шийдвэрлэх чадвартай хүн байх шаардлагатай. 

НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол ажиллах стратеги, чиглэлээ хэдийнэ баталж, нөөцөө хуваарилсан гэсэн. Ирэх жилүүдэд та бүхэн ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? Тэргүүлэх гол чиглэлүүд нь юу байх вэ?

Бид таван гол чиглэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гэхдээ энэ талаар ярьж эхлэхээсээ өмнө би хэдэн зүйлийг хэлмээр байна. Манай байгууллагын Улс орны хөтөлбөр 2022 оны 9 сард батлагдсан. Энэ жил хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний жил. Зөвхөн бидний зүгээс төдийгүй Монгол улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил гээд бүх нийтээрээ анхаарал хандуулах шаардлагатай хэд хэдэн чиглэл бий. 

Амны хөндийн эрүүл мэндийн сэдвээр эхлээд яримаар байна. Би Ховд аймгийн нэг суманд очиж ажилласан. 2000 хүн амтай тус сумд 600 хүн шүдээ авахуулсан. 2000 хүнтэй нэг сум дээр хийсэн нэг удаагийн үзлэгээр шүү дээ. Тэгэхээр энэ нутагт нэн тэргүүнд цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай нэг асуудал нь амны хөндийн эрүүл мэндийн асуудал байна. 

Хоёр дахь чухал асуудал нь хэрх өвчнөөс урьдчилан сэргийлэх манай байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Хэрх өвчин халдвараас үүдэлтэй. Хэрэв хүн стрептококкийн халдвартай олон жил явбал зүрхэнд муугаар нөлөөлдөг. Бид энэхүү хөтөлбөрийн хүрээнд үзлэг, эмчилгээ хийж байгаа бөгөөд хамтрагч түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр бид Сэлэнгэ аймагт энэ ажлыг эхлүүлсэн. Хүүхдүүдэд хийсэн үзлэгээр тэдний 50 орчим хувь нь уг халдвартай болох нь харагдсан. Энэ бүхэн юуг харуулж байна гэхээр бид улс орны хэмжээнд энэ 2 асуудалд анхаарал хандуулах цаг болсон байна. Хэрэв хүний зүрх эрүүл байвал шүд эрүүл байна. Шүд эрүүл бол бие эрүүл байна. 

Дээр дурдсан таван тэргүүлэх чиглэл рүү эргээд оръё. Нэгдүгээрт эрүүл мэнд. Эрүүл мэндийн чиглэлд бидний гол анхаарлаа хандуулж байгаа нэг чухал зүйл нь бага насны хүүхдийн эрт илрүүлэг, оношилгоо. Мөн үүнтэй шууд холбогдсон бас нэг хөтөлбөр нь бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр юм. Хэрэв хүүхдүүдийн түүхийг өөрчлөхийг хүсэж байвал тэдний эхлэлийг нь өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд хүүхдийг төрөх үед хийх эрт илрүүлгийг сайжруулж, аливаа өвчин эмгэгийг эрт тодорхойлох шаардлагатай. Ингэснээр бид асуудлыг эрт шийдвэрлэж эхлэх боломжтой. Хэрэв 5, 10 жилийн дараа шийдвэрлэнэ гэвэл хэт хожимдсон байх болно. Тиймээс бид Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран хүүхдийн үзлэг, эрт илрүүлгийн чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Хүүхдийн өвчнийг эрт илрүүлэх боломжийг олгох үүднээс зарим эмнэлгүүдийг эрт илрүүлгийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. 

Ийм тоног төхөөрөмж дауны хам шинж, аутизм зэргийг эрт илрүүлэхэд маш чухал байдаг.

Яг тийм. Бид энэ ажлыг хийснээр жилд 250,000 шинжилгээ хийх хүчин чадал бүрдсэн байгаа.Энэ нь Монголын хувьд хангалттай хүчин чадал юм. Бид Улаанбаатар хотод нэг төв байгуулсан. Одоо Ховд аймагт нэг шинжилгээ авах төв, Дорнод аймагт бас нэгийг нээхээр зорин ажиллаж байна.

Баруун болон зүүн аймгуудад нэг нэг гэсэн үг үү?

Яг тийм. Дараа нь бид Монголын өмнөд хэсэг рүү үйл ажилллагаагаа шилжүүлнэ. Мэдээллийг эрт цуглуулах нь хүүхдүүдтэй холбоотой аливаа шинж тэмдгийг эрт тодорхойлоход тусална. Сайтар урьдчилан сэргийлж, шинж тэмдгийг арилгаж чадвал хүүхдүүдийн түүхийн эхлэлийг өөрчилж, түүхийг бүхэлд нь өөрчлөх боломж бүрдэнэ.

Улаанбаатарт байгаа төв нь үйл ажиллагаа хэдийнээ явуулж эхэлсэн үү?

Тиймээ, хэдийнэ үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шинжилгээнүүдийг хийж байгаа. Эрүүл мэндийн салбарт төвлөрч буй бидний үйл ажиллагааны хоёр дахь чиглэл нь вакцинжуулалт.

Вакцинд итгэдэггүй хүн олон байдаг. Энэ нь та бүхний хувьд сорилт бэрхшээл болдог уу?

Тийм хүмүүс байдгийг мэднэ ээ. Гэхдээ вакцинжуулалт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн чухал зүйл. Би жишээ нь Африкаас гаралтай. Вакцины ачаар бидний ихэнх нь эсэн мэнд амьдардаг. Хэрэв хүүхдүүд жишээ нь улаанбурхан, эсвэл татран, өөр олон өвчний эсрэг вакцин хийлгээгүй бол эсэн мэнд үлдэж чадахгүй байх нь элбэг. Олон жилийн хугацааны шинжлэх ухааны баримт нотолгооноос харвал вакцинд бүтэн тунгаар бүрэн хамрагдсан ихэнх газруудад хүүхдүүд эсэн мэнд амьдрах үзүүлэлт хамаагүй сайн байдаг. Намайг амралтаараа гэр бүлээрээ явахад вакцинд хамрагдсан тухай шинэчилсэн бүртгэл мэдээлэлтэй явахыг улсаас шаарддаг байлаа. Өмнө вакцин хийлгэхэд их өвддөг байсан. Гэтэл одоо вакцины хувьд сайхан мэдээ гэвэл технологийн хөгжлийг дагаад вакцин хийлгэхэд ямар ч өвдөлтгүй, хийлгэхэд их хялбар болсон. 

Би мөрөн дээрээ вакцины том сорвитой. Багадаа том орос зүүгээр тариулж байснаа мартдаггүй юм.

Одоо бол асар их хөгжсөн. Вакцин хялбар, хүртээмжтэй, бас удаан үйлчилгээтэй болсон. Шар чичрэг өвчний эсрэг вакцинг жишээлбэл 10 жил тутамд нэг хийдэг байсан бол одоо нэг хийлгэсэн байхад шинэ молекулууд нь насан туршдаа дахин хийлгэх шаардлагагүй дархлааг бий болгож байна. Хэрэв та нэг улс орноос нөгөө рүү шилжин суурьших юмуу эсвэл өөр улс орны хүн амтай харьцдаг бол вакцинд хамрагдах шаардлагатай. Хэрэв та өөрийн нутаг усны бус, өөр улс орны, өөр хүн амтай харьцдаг бол өөрийгөө хамгаалах, нөгөө талаас эргэж ирээд хайртай хүмүүстээ халдвар тараахгүй байхын тулд вакцинд хамрагдах нь нэн чухал. 

Урьдчилан сэргийлэх анхны алхмыг хийж, олон өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд вакцинжуулалтад хамрагдах нь зүйтэй бөгөөд вакцинд ийнхүү хамрагдах нь олон хүний амь насыг авардаг. Бас алслагдсан хөдөө орон нутагт хүмүүсийг вакцинд хамруулах гэж тэмээ унаж, эсвэл илжиг унаж урт замыг туулж ажиллаж байгаа сувилагч нарыг магтмаар байна. Энэ амаргүй ажил боловч алслагдсан орон нутгийн хүмүүс олон янзын өвчинд өртөмтгий байх хандлагатай тул хүмүүсийг ийнхүү вакцинд хамруулснаар амь насыг нь аварч буй хэрэг юм. Вакцинд хамрагдсанаар өвчин тусаж, эмчид очиж үзүүлэх шаардлагагүй болно. Тиймээс урьдчилан сэргийлэлт нэн чухал. Бид хүн амыг вакцинжуулах үйл явцад Монгол улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. 

Цар тахлын хүнд хэцүү цаг үед НҮБ-ын Хүүхдийн Сан вакциныг сая сая тунгаар нь авчирч байсан. Та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ бүх боломжийг бүрдүүлж өгсөн манай бүх хандивлагч нар, Япон улсын Засгийн газар, Европын Холбоонд талархлаа илэрхийлье. Цар тахал хүн бүхний хувьд хэцүү цаг үе байсан ч бидэнд бас боломж гарсан гэдгийг хэлмээр байна. Бид цар тахлын үеэр вакцины шинэ агуулах барьж байгуулсан. Уг агуулах нь цоо шинэ бөгөөд өнөөдөр улс оронд хэрэгтэй бүхий л вакциныг хадгалах хүчин чадалтай. Мөн бид сайн чанартай хүйтэн хэлхээг бий болгож чадсан. Аль ч сумын эмнэлэгт очсон хүйтэн хэлхээтэй болсон байгаа. Тэгэхээр хандивлагчдад төдийгүй ийм боломжийг олгосон "цар тахалд" талархах хэрэгтэй. Дараагийн алхам нь эрчим хүчийг хэрхэн хүрэлцээтэй хангах, эмнэлэг бүрийн дээвэр болгон дээр нарны зай хураагууртай болох тухай асуудал байна. Иймээс Засгийн газартай хамтран ажиллах дараагийн алхам нь эмнэлгүүдийг нарны зай хураагуур, цэвэр эрчим хүчээр хангах асуудал юм. Нийлүүлэлтийн гинжин хэлхээ, сүлжээ маш чухал. Эрүүл мэндийн чиглэлийн хувьд ийм байна. 

Дараагийн тэргүүлэх чиглэл нь боловсрол. Боловсролын яам сайн ажиллаж байгааг онцолмоор байна. Бидний зүгээс шийдвэрлэхийг хүсэж буй хэд хэдэн сорилт бэрхшээл байсаар байна. Үүнд алслагдсан орон нутгийн хүүхдүүд болон хэлний цөөнх, тухайлбал Казак хүүхдүүдийн зарим материалуудын орчуулга дээр хэрхэн ажиллаж, тэдэнд хэрхэн хүргэх тухай асуудал болон байнга нэг газраас нөгөө газар руу нүүдэллэж амьдардаг нүүдэлчин өрхийн сургуульд огт хамрагддаггүй хүүхдүүдийг боловсролын системд оруулж ирэх гэх мэт. Сургуульд сурахгүй байгаа нийт хүүхдүүдээсээ үлдсэн хоёр хувийг болон хөгжлийн бэрхшээлтэй, тусгай дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах нь Засгийн газартай хамтран бидний шаргуу ажиллаж буй чиглэлүүдийн нэг. 

Хоёр дахь нь боловсролын чанартай холбоотой. Хэдийгээр хүүхэд бүр шахам сургуульд хамрагдаж байгаа ч унших, тоо бодох чадварын хувьд харилцан адилгүй байна. Тэгэхдээ байдал тийм ч муугүй байна. Эрүүл мэндийн салбарт Танахашигийн загвар гэдгийг ашигладаг. Уг загварт эхний ээлжинд 100 хувь хамруулахад голлон анхаарч, дараа нь чанар дээр ажилладаг. Тиймээс Монгол улсын хувьд энэ чиглэлд хийж байгаа ажлууд сайн байгаа ч  боловсролын чанарыг сайжруулах тал дээр бид их дэмжиж ажиллаж байна. Боловсролын чанартай холбоотойгоор сургуулийн орчин, ариун цэврийн зохистой байгууламж, ус гэх мэт анхаарах олон асуудал байна. Чанар гэхээр зөвхөн зааж буй хичээлийн агуулга бус, сурагчдын, цаашлаад багш нарын сэтгэцийн эрүүл мэнд юм байна гэдгийг цар тахлын үед бид илүү сайн ойлгосон. Зөвхөн сурагчдын төдийгүй багш нарын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх нь маш чухал байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал илүү түгээмэл болж, хүүхдүүдэд улам бүр нөлөөлөх болсон тул бидсургууль нэг бүрт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх жижиг булан юмуу өрөө гаргах боломжийг судалж, Боловсролын сайдтай хамтран ажиллаж байна. Энэ бас зарим талаараа боловсролын чанарын асуудал. 

Боловсролын чиглэлээр бидний шийдвэрлэх дараагийн асуудал нь цахим боловсрол. Одоо юм бүхэн цахимжиж байна. Ирэх 5 жилд өөрийн ажил мэргэжлийн намтар дээрээ цахим бичиг үсгийн боловсрол, цахим сургалтын талаар харуулах юмгүй хүнийг хэн ч ажилд авахгүй болох нь. Сэтгүүлч, эмч, хэвлэл мэдээллийн ажилтан хэн ч байсан ажил мэргэжлийн намтартаа хаана ч ажиллах ур чадварыг олгох цахим бичиг үсэгт тайлагдсан тухай жаахан ч атугай зүйл заавал байлгах хэрэгтэй болно. Тийм ч учраас бидний хувьд цахим бичиг үсэгт тайлагдах суурь чадварын чиглэлээр Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Засгийн газрын тогтолцоонд ашиглагдаж байгаа ихэнх аппликэйшн, эко систем цахим болж байна. Жишээлбэл E-Mongolia байна. Цахим боловсрол эзэмшсэн цорын ганц хүний хувьд та жишээ нь гэртээ эцэг эхдээ E-Mongolia платформыг ашиглах боломжийг хэрхэн хангаж өгөх вэ? Мөн боловсролын байгууллагаар дамжуулж суралцаж буй бүх агуулгыг цахимжуулж, хаана ч явсан нэвтрэх боломжийг бүрдүүлнэ. Контент нь бэлэн бол хүүхдүүд хаа байгаа газраа суралцах боломжтой болно. Боловсролын чиглэлд бидний хийж хүргэхийг зорьж байгаа зүйлс гэвэл ийм байна.

Танай байгууллага Мобиком корпорацитай хамтран ажиллаж байгаа юу? Тэд тэгш бус байдлыг арилгах, бүтэн боломжийг олгох хөтөлбөр эхлүүлсэн байсан.

Ухаалаг анги уу? Тиймээ. Бид бас энэхүү санаачилгад оролцоотой. Энэхүү түншлэлийг санаачилж ажиллаж байгаа Мобиком корпорацид бид талархаж байна. Тэд биет дэд бүтцийг бий болгож байгаа. НҮБ-ын Хүүхдийн Сан илүү контент нийлүүлж, чадавх бэхжүүлж байгаа. Бид мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж байгаа. Бидний хамтран ажиллаж байгаа чиглэлүүдийн нэг нь Цахим олон нийт, харилцаа холбооны ажилтан нэртэй. Байгаа чадавхийг сургуулиудад бүрэн ашиглах зорилготой. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулиуд дахь багш нарт суурь цахим ур чадвар эзэмших боломжийг олгож, ингэснээр тэд цаашлаад иргэд, олон нийтэд цахим суурь боловсрлыг олгох, улмаар орон нутгийн иргэдийг цахим ур чадвар эзэмших үндэсний хөдөлгөөнд татан оролцуулах юм. Бидэнд чадавх, хүчин чадал нь байгаа учраас бид тэднийг мэдлэг мэдээллээр хангаж, гэрчилгээжүүлж, илүү олон хүнийг сургаж бэлтгэн, цахим үндэстэн болох Засгийн газрын хөтөлбөр рүү чиглүүлнэ. 

Гурав дахь чиглэл нь хүүхэд хамгаалал. Хүүхэд хамгааллын хувьд гэр бүл, ажлын байр, сургууль зэрэг харилцан адилгүй газруудад жендэрт суурилсан хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, цахим орчин дахь бэлгийн мөлжлөг, үйлдэлд уруу татах зэрэг асуудлууд байгаа багөөд бид эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн удаа бид Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллах түншүүдийг АНУ болон бусад газраас авчирч байсан. Бид энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллана. 

Дөрөв дэх бүрдэл хэсэг нь уур амьсгалын өөрчлөлт, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, агаарын бохирдол. Эдгээр нь бидний хувьд тун чухал чиглэл. Улаанбаатар болон бусад олон хотуудын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байгаа. Бид энэ асуудлыг шийдвэрлэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Мөн Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө боловсруулах, уур амьсгалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх чиглэлд зарим аймгуудад дэмжлэг үзүүлж ажиллана. Ногоон сургууль, Ухаалаг боловсрол, Ухаалаг хоол тэжээл, Ухаалаг эрүүл мэнд зэрэг хөтөлбөрүүд бий. Мөн үйл ажиллагаа явуулж буй нөхцөл байдалд ногоон эрчим хүч ашиглах, ногоон чиглэлийн хөтөлбөрүүд бас бий. 

Би өмнө усны чанарын талаар ярьсан. Мөн л чухал асуудал. Гэхдээ миний мэргэшсэн чиглэлийн нэг учраас би ариун цэврийн талаар бас ярихыг хүсэж байна. Монгол улс нь бохир усны ихэнх хэсгийг дахин боловсруулдаггүй, дахин ашигладаггүй улс орнуудын нэг. Монгол улсыг Сингапур улстай харьцуулж харах нь зүйтэй байх. Сингапур бүх бохир усыг дахин боловсруулж, кока кола үйлдвэрлэдэг. Бид ариун цэврийн хувьд тойрог эдийн засгийн чиглэлд ажиллах хэрэгтэй. Бохир усанд дахин боловсруулах, дахин ашиглах хөдөө аж ахуй, газар тариалан, загасчлал, өөр олон зүйлд ашиглаж болох шимт бодис их байдаг. Бид үүнийг ашиглахгүй байна. Бохир усыг цэвэршүүлэх, хасах 50 хэмд лагийн менежмент хийх технологиуд байдаг бөгөөд бид олон компанитай хамтран ажиллаж байсан. Эмнэлгүүдэд технологиудын заримыг бид ашиглаж байсан. Лагийн менежмент, үр ашигтай байдлыг сайжруулах чиглэлд зарим түншүүдтэй хамтран ажиллах боломжтой. Мод тарихад ус, шимт бодисууд хэрэгтэй учраас дараа нь үүнийгээ 1 тэрбум мод тарих хөдөлгөөнтэй холбож болно. Ийнхүү холбох нь тус улсад бидний хийж буй бүхий л зүйлд чухал байж болох юм. 

Хамгийн сүүлчийн тав дахь бүрэлдэхүүн хэсэг нь нотолгоонд суурилсан нийгмийн бодлого. Монголд бидний ашигладаг хамгийн том тайлангуудын нэг нь ҮСХ-той хамтран явуулдаг Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгаа (НҮТС) байдаг. Энэ судалгааг 5 жил тутамд явуулдаг. Бид Ковидын дараа хүүхдийн аж байдал ямар байгааг харах үүднээс НҮТС-г энэ жил хийж байна. Энэ бол манай НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрийн хуудас болсон чухал судалгааны нэг. Монгол улс уг тайланг хойтон жил гаргана. Уг тайлангаас нөхцөл байдлын талаар харах боломжтой. Дараагийн асуудал нь илүү хүүхдэд ээлтэй төсөв гаргах үүднээс хүүхэдтэй холбоотой интервенцийн төсөв дээр үндэсний төдийгүй аймаг орон нутгийн түвшинд бид Засгийн газарт хэрхэн нөлөөлж ажиллах тухай асуудал байна. Бидний хүсэн хүлээж буй асуудлуудын нэг. Бид мөн хүүхдэд ээлтэй хот хөтөлбөр дээр ажиллаж байна. Хүүхдэд голлон анхаарсан интервенцийн арга хэмжээг төсөвт хэрхэн тусгах тухай. Ирэх хэдэн жилд Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг бүрэн хүрээгээр нь танилцуулахад ийм байна.

Энэ 5 чиглэлд гарах үр дүнг хэрхэн хэмжихээр төлөвлөж байгаа вэ? Гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд нь юу байх вэ?

Хэдэн үзүүлэлт бий. 5 хүртэл насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлд нилээд үр дүн ажиглагдсан. Энэ бол том сорилт. Өнгөрсөн жилүүдэд Монгол улсад 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл буурахгүй, зогсонги түвшинд байсан. Хэрэв хүүхдүүдийг эрт илрүүлэгт оруулбал энэ нь эндэгдлийг бууруулахад тус болно. Агаарын бохирдол бол үхэлд хүргэх шалтгаануудын нэг. Хэрэв агаарын бохирдлыг бууруулж чадвал эндэгдлийг бууруулахад тус болно. Ус, ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулж чадвал эндэгдлийг бууруулахад тус болно. Хүүхдүүдийн хоол тэжээл сайжирвал тэдний дархлааны тогтолцоо сайжирна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь үйл ажиллагаа хүүхэдтэй холбоотой тул 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт нь үр дүнгийн гол хэмжүүрийн нэг. 

Энэ олон том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд та бүхэнд асар их хөрөнгө мөнгө шаардагддаг байх. Танай байгууллага хувийн хэвшлийн компаниуд, Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Таны хөрөнгө мөнгө босгох стратегийн талаар мэдмээр байна. Мөн орон нутгийн ТББ-ууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах гэж зүдэрдэг. Тэдэнд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хөрөнгө мөнгө босгоход шидэт аргасаад байх юм байхгүй л дээ. Хамгийн анхны гол зүйл нь танд байгаа түншлэл, холбоо сүлбээ юм. Холбоо сүлбээ маш чухал. Үүнийгээ өөрт байгаа сайн бүтээгдэхүүнтэй холбож өгөх нь чухал. Бэлтгэл хамгийн гол зүйл. Өгөгдөл мэдээлэл, нотолгоо чухал. Тийм учраас бид Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаатай байдаг. Хэдэн хүүхэд агаарын бохирдлын нөлөөнд өртөж байна, хүүхдийн цусан дах хар тугалгын хэмжээ ямар байна, өрх толгойлсон эцэг, өрх толгойлсон эмэгтэй хэд байна гэх мэт. Бидэнд энэ бүх мэдээлэл хэрэгтэй. Дараа нь бидэнд түүх хэрэгтэй. Жишээлбэл өглөө босоод их цас туучин хичээлдээ явдаг Батаа хүүгийн түүх. Түншлэл, өгөгдөл мэдээ баримт, түүх бүгд чухал. Дараагийн чухал зүйл нь хариуцлагатай байдал. Хүн чамд мөнгө өгөөд байхад мөнгө нь хаашаа ороод байгааг хэлж чадахгүй байж болохгүй.

Зүй бусаар ашиглаж болохгүй гэж үг!

Яг зөв! Тиймээс хариуцлагатай байдал, ил тод байдал нэн чухал. Хэрэв үргэлжлүүлэн хөрөнгө мөнгө босгохыг хүсч байвал энэ үзүүлэлтүүд маш чухал. Тиймээс ч манай тайлангуудад улс оронд бидний хийж хэрэгжүүлж буй зүйлс, гарсан ололт амжилт, үр дүн, хариуцлагатай байдал, ил тод байдлыг харуулсан байдаг. Одоо хөрөнгө мөнгө хаанаас гарах тухайд. Бид ТББ-уудтай яг адилхан өрсөлдөж ажилладаг гэсэн үг. Та Европын Холбоо руу очно. Би бас Европын Холбоонд хандана. Та Швейцарын байгууллага руу хандана. Би бас тйишээ хандана. 

Эдгээр спонсор түнш байгууллагуудынхаа үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг сайн анзаарах, Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн уялдаж байгаагаас их зүйл хамаарна. Засгийн газрын зарим тэргүүлэх чиглэл хараахан гараагүй байвал бид өөрсдийн чиглэлээр хөрөнгө босгоно гэсэн үг. Аз болоход өмнө хэлсэнчлэн Япон, Өмнөд Солонгос гэх мэт зарим улс орон дах манай албууд хөтөлбөр хэрэгжүүлдэггүй, зөвхөн хөрөнгө босгодог. Тэд манай хөтөлбөрүүдэд санхүүжилт хангаж өгөх тал дээр их хэрэг болдог. Мөн манай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бэлэн Глобал санхүүжилт, элчин сайдын яамдууд, засгийн газрууд байдаг. Гэхдээ бид мөн хувийн хэвшил болон компанийн нийгмийн хариуцлагад ихээхэн найдлага тавьдаг. Тэд манай хөтөлбөрүүд үнэ цэн, стандарт талаасаа юу авчирч байгааг харах, ойлгох хэрэгтэй. Нэмүү үнэ цэн нь юу юм, ямар ч хувийн хэвшил хөрөнгө мөнгө оруулахдаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэмүү үнэ цэнэ юу юм, ямар стандарт бий болгох юм, өөр ТББ-ын хийж байгаатай ижил зүйл хийж байгаа юм уу эсвэл зүгээр ПиАр хийх боломж юм уу гэдгийг харна. Жишээ нь бид сургуулийн сүүн дээр АПУ компанитай ажиллахаар төлөвлөж байна. 

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд үү?

Тийм. Сургуулийн ихэнх хүүхдүүдийн цусан дахь Д амин дэмийн хэмжээ бага байгаа том асуудал болсон. Хүүхдүүдийн 90 хувь нь Д аминдэмийн дуталтай байна. Хүүхдүүдэд савласан цай, кока кола өгөхийн оронд Д амин дэмтэй сүү өгч яагаад болохгүй гэж? Энэ нь бидний АПУ компанитай уулзах шалтгаан болсон. Дутагдлыг нөхөж, суурь асуудлыг шийдвэрлэх шийдэл гэсэн үг. Заавал бэлэн мөнгө оруулах албагүй. Компани бүтээгдэхүүнээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа биелүүлнэ. Бас ирээдүйн зах зээлээ бий болгоно. Бид ийм чиглэлүүдээр ажиллаж байна. Нэг дүүрэгт 24 цагийн цэцэрлэг байгуулсан. Энэ загвараа компаниудад танилуулж сурталчилж байгаа. Тэсо компани манай загварыг ашиглан ажилчдынхаа хүүхдүүдэд ийм цэцэрлэг барьсан. Бид ийм санаачлагуудыг хүсэн хүлээж байна. 

Зарим тохиолдолд хөтөлбөрүүд дээрээ тавь, тавин хувиар хөрөнгө оруулж, хамтран ажилладаг. НҮБ-ын Хүүхдийн Сан энэ бүх ажлуудыг мөнгөний төлөө бус харин хүүхдүүдийн төлөө хийдэг. Өдөр бүр зовж шаналж байгаа хүүхдүүдийн ачааг хэрхэн хөнгөлөх вэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйн ачааг хэрхэн багасгах уу гэх зэргээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэ улс оронд хийж байгаа бүхий л ажлын төвд хүүхдүүд байдаг. Хувийн хэвшил, ТББ-уудын хувьд энэ бол өрсөлдөөн биш, харин хүүхдүүдийн төлөө илүү сайн үр дүнг гаргахын төлөө бид хэрхэн хүчин чармайлтаа нэгтгэж болох вэ гэдэг л асуудал. 

Бид нэг зах зээл дээр байгаа учраас ивээн тэтгэгчдийн төлөө өрсөлддөг гэж та хэлсэн. Нийгмийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд оролцогч талууд юуг анхаарах ёстой вэ?

Хаа байгаагаас үл хамааран НҮБ-ын Хүүхдийн Сан тогтож үлддэг. Манай тогтвортой үйл ажиллагааны загвар 4 үндсэн зарчимд суурилсан байдаг. Нэгдүгээрт, төр засаг өөрөө оролцох хүсэлтэй байх шаардлагатай. Сэлэнгэ, Баянгол, Баянзүрх гээд орон нутгийн засаг захиргаанд хаана ч хандсан төр засагт хийж буй зүйл, хэрэгжүүлж буй хөтөлбөрөө ойлгуулах хэрэгтэй бөгөөд хүсэл гарах шаардлагатай. Хөтөлбөрийг шүхрээр буулгаад орхичихвол юу ч бүтэхгүй. Тэд өөрсдөө эзэн болох шаардлагатай. Нэг аймагт очоод хөтөлбөрөө танилцуулахад сонирхохгүй байвал өөр аймаг руу оч. 

Хоёр дахь нь нийгмийн төлөв. Хүн ам хэрхэн хандаж байна? Тэдэнд энэ хэрэгтэй байна уу? Тэдэнд таатай байна уу? Тэд мөнгө төлөх хүсэлтэй байна уу? Хувь нэмрээ оруулах сонирхол тэдэнд байна уу? Нийгмийн хувьд хэм хэмжээг өөрчлөх, энэ чиглэлд явах, санхүүгийн талаас хувь нэмрээ оруулах тухай чухал асуудал. 

Дараа нь мэргэжил, арга зүйн асуудал. Приус хэрэгтэй байгаа орон нутагт Роллс Ройс өгөх хэрэггүй. Нэмэр болохгүй. Та нарын хэрэгцээ шаардлага юу юм? Техникийн асуудал байна уу, реформын асуудал юм уу, асуудлыг засах, ажиллуулж чадах хүн бий юу, асуудал засагдах боломжтой юм уу боломжгүй юм уу гэдгээ тодохойлох ёстой. Дараа нь эдийн засгийн төлөв. Миний төсөл энэ орон нутагт ямар нэг зүйлийг өөрчлөх үү? Хэрэв үгүй бол тийшээ орох хэрэггүй. Хүмүүс дургүй байна. 

Эцэст нь хэлэх зүйл нь тогтвортой байдлын гэрээ. Олон хүн үүнийг ашигладаггүй. Энэ бол аливаа хөтөлбөрийг эхлэхээсээ өмнө орон нутгийн засаг захиргаатай ажиллах шаардлагатай зүйл. Би гэрээ хийе. Би ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ийм хэмжээний хөрөнгө мөнгө гаргана. Гэхдээ зарим нэг саадыг арилгахын тулд таны оролцоог би хүсэж байна. Та үүнийг хийж чадах уу эсвэл чадахгүй юу? Эдийн засгийн асуудал, эзэн болох асуудал, улс орны түвшний оролцоо, чадавх бий болгох зэрэгт тогтвортой байдлын гэрээ маш чухал. Орон нутгийн засгийн газар хөрөнгө оруулах, эсвэл таны дутууг нөхөх үүднээс таны урьдчилан харж байгаа бэрхшээл сорилтууд тогтвортой байдлын гэрээнд орох шаардлагатай. Ингэж чадахгүй бол тогтвортой байдлын хувьд асуудал гарна.

Миний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт оролцож, олон сайхан өгөөжтэй мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Нийгмийн салбарт илүү ихийг хийх урам зориг авлаа. Маш их баярлалаа.