"НОМ ХЭВЛЭЛИЙН БОДЛОГОО ШИНЭЧЛЭЕ" ХЭМЭЭН БИЧИЖ БАЙЛАА
Надад ном бичих амархан байлаа. Учир нь би олон мянган номуудыг орос, монгол хэл дээр уншчихсан, шилдэг сайн номуудыг цуглуулчихсан, бичих сэдэв толгойд бэлэн болчихсон байлаа. Харин бичсэн номоо хэвлүүлж борлуулах л бэрх байлаа.
1988 онд буюу одооноос 36 жилийн өмнө би Хэнтий аймагт төрийн байгууллагад залуухан ажилтан байхдаа “Ном хэвлэлийн бодлогоо шинэчлэе” гэсэн гарчигтай нийтлэлийг монголын хамгийн олон хувь хэвлэгддэг “Үнэн” сонинд бичиж байлаа. Энэ нийтлэл бол миний төвийн хэвлэлд бичсэн анхны том нийтлэл байв.
Тэр үед би Монголд 1990 онд хэвлэгдэх 550 төрлийн номын жагсаалтыг нэг бүрчлэн үзээд “Хүн уншдаггүй шахам улс төр, марксизм ленинизм, коммунизмын сэдэвтэй эсхүл бүтэлгүй хайр дурлал, цус урсгасан харгис дайны тухай, эсхүл үнэмшил муутай адал явдлын сэдэвтэй номыг Монголд үлэмж их хэмжээгээр хэвлэх юм. Үүнийгээ багасгаж монголын эртний эрдэмт мэргэдийн бүтээл “ Цаасан шувуу”, “Оюунтүлхүүр”, “Үлгэрийн далай”, “Нэгэн үсгийн эрдэм”, ”Авах гээхийн дөрвөн мөрт”, ”Тоть шувууны сургаал”, “Тодорхой толь”, “Чойжид дагинын тууж”, Бигармижид хааны тууж”, Ванчинбалын Инжинашийн “Хөх судар” зэрэг алт шиг агуу судар номуудыг хэвлэж ард түмэндээ толилуулах цаг болжээ” хэмээн бичиж байлаа.
Мөн гадаадын утга зохиолын ямар номыг хэвлэх вэ, улс төр нийгмийн ямар шинэ номыг хөрвүүлж хэвлэх вэ хэмээн эдгээр номуудын нэрсийг дурдаж өргөн хүрээтэй олон зүйлийг бичиж байжээ. Энэхүү нийтлэлийг маань тэр үеийн “Үнэн” сонины эрхлэгч, доктор Л.Түдэв гуай үнэлж надад баяр хүргэж сониныхоо шагналыг гардуулж байсан нь их урам өгсөн явдал болж билээ.
Би тэр үеэс “Хүмүүст хэрэгтэй хэдэн сайн ном бичиж хэвлүүлье, өөрийн хуримтлуулсан мэдлэгийг бусадтай хуваалцъя” хэмээн бодож ажлын зав чөлөөгөөрөө ном бичих ажилд орж билээ. Би олон ном бичээгүй. Хүмүүст хэрэгтэй цөөхөн чанартай хэдэн ном бичсэн. Заримыг нь дурдвал анхны “Дагаар орсон монголчууд “номыг 1989 онд бичээд 1999 онд хэвлүүлсэн. Энэ номонд монгол туургатан буриад, халимаг, өвөр монголчуудын түүхийн тухай бичсэн.
Би залуудаа ямар ч байсан дэлхийн хэмжээний нэг ном бичье хэмээн боддог байлаа. Тэгээд 2005 онд “Бурхан Хүмүүн ертөнц” хэмээх 712 хуудастай том ном бичиж хэвлүүлсэн. Энэ ном бол дэлхийн хэмжээний ном гэхэд болно.Энэ номыг би наяад оны дунд үеэс эхлэн анх ноорог дээр гараар бичиж, 2002 оноос эхлэн хоёр жил компьютер дээр өөрөө шивж гадаад, дотоодын 79 номыг эх сурвалжаа болгон өрнө, дорно дахины түүх, соёл, шашин , шинжлэх ухаан, технологи, дэлхийн том үндэстнүүдийн түүхэн хөгжил зэрэг өргөн сэдвээр нөр их хөдөлмөр гаргаж бичсэн ном болж билээ.
2013 онд “Гэгээрэл” номоо бичиж хэвлүүлсэн. 2020 онд “Алтан ураг” номоо бичиж хэвлүүлсэн. Эдгээр номуудад би түүх, шашин, нийгэм улс төр, буддизм, бясалгал, гэгээрэл, хувь хүний хөгжлийн талаар бичиж байлаа.
Надад ном бичих амархан байлаа. Учир нь би олон мянган номуудыг орос, монгол хэл дээр уншчихсан, шилдэг сайн номуудыг цуглуулчихсан, бичих сэдэв толгойд бэлэн болчихсон байлаа. Харин бичсэн номоо хэвлүүлж борлуулах л бэрх байлаа.
Тэрхүү наяад онуудад Зөвлөлт Холбоот улсад орос хэл дээр хэвлэгдсэн ямар ч номыг захиалахад тэр даруй Монголд ороод ирдэг байж билээ. Би чухал номуудыг ямар ч хамаагүй үнээр худалдан авдаг байлаа. Нэгэн удаа наяад онд Зөвлөлт улсад өнгөт офсет хэвлэлээр маш гоё хэвлэгдсэн “Мифы народов мира” гэдэг хоёр боть номыг би цалингийнхаа 50.0 хувь буюу 300 төгрөгөөр худалдан авч байлаа. Лев Гумилев, Солженицын, Ахматова, Мухтар Ауэзов, Расул Гамзатов, Чингиз Айтматовын номуудыг шууд л худалдан авдаг байлаа.
Наяад оны сүүлчээр Монголд Чойномын шүлэг, Баабарын нууц нийтлэлээс өөр уншчихаар зүйл бараг байдаггүй байлаа. Орос ном л уншиж оюуны цангаагаа тайлдаг байлаа.
Ном хэвлэхэд хамгийн бэрхшээлтэй асуудал бол санхүүгийн асуудал байв. “Бурхан - Хүмүүн ертөнц” номоо хэвлүүлэх гэж би өөрийн хашаа, газар, гражаа зарж байж хэвлүүлж байлаа. Ном хэвлэх үнэ жилээс жилд өсөж байна. Номоо хэвлэсний дараа номоо борлуулах асуудал хамгийн хүнд асуудал хэвээр байна. Аймаг, хотын номын сангууд төсөв мөнгө байхгүй гээд хэвлүүлсэн шинэ номыг авах газар бараг олдохгүй болжээ.
Ном зохиогч ашиг олох гэж ном бичдэггүй. Хүнд мэдлэг түгээх гэж ном бичдэг. Эдүгээ ном борлуулахад бүр бэрх болжээ. Номын дэлгүүрүүд номны үнийн 30.0 хувийг нь суутгаад авчихдаг. Зарим нь бүр 35.0 хувь суутгаж авдаг гээч. Номын үнээ жаахан нэмэх гэхлээр уншигчид өндөр үнэтэй ном байна гээд авдаггүй. Эцсийн эцэст ихэнхи ном зохиогчид ном нь борлохгүй болохоор анд нөхөддөө болон сургууль, номын сангуудад бэлэг болгон өгөөд дуусдаг юм л даа. Иймд номын дэлгүүрүүд номын үнээс 30.0 хувь авдаг явдлаа ядаж 20.0 хувь болгон бууруулвал байдал арай дээрдэнэ дээ.
Ном уншдаг хүн жилээс жилд цөөрөөд байдаг бололтой. Орчин үе маань дэлгэцийн дон туссан үе гэлтэй. Бүгд л хөгшин, залуугүй гар утсан дээрээ уяатай байх юм. Ганцаар сууж ном унших, ганцаар сууж бясалгах гэсэн зөв хандлага улам л хомсдож байгаа бололтой.
Орчин үед ном хэвлэлийн чанар болон номын олдоц үнэхээр сайжирсан байна. Английн “Британника”- гаас эхлээд алдарт Адам Смит, Тэтчер, Манжийн хаан Энх Амгалан, Фрэнсис Фукуяма, Харүки Мураками, Oxford-ын дэлхийн хэмжээний номуудыг ”Nepko” хэвлэлийн газраас хөрвүүлэн гаргаж уншигч бидний оюуны хэрэгцээг хангаж байна. Эдүгээ Монголд олон шинэ зохиолчид, олон сайн орчуулагчид төрж байгаа нь сайн хэрэг.
Энэ жил би саяхан “Хувирсан монгол хүн” гэдэг шинэ ном бичиж хэвлүүллээ. Энэ номыг минь миний хамтран ажилладаг “Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэр миний хэлсэн зөвлөсний дагуу гоё дизайнтай, чанартай сайн хэвлэжээ. Фото зураг нь хүртэл тод сайн гарчээ.
“Хувирсан монгол хүн” хэмээх шинэ ном маань дотроо “Нийтлэл”, “Дурсамж”, “Буддагийн сургаал”, “Уран зохиол” гэсэн дөрвөн бүлэгтэй бөгөөд “Нийтлэл” бүлэгт түүх, нийгэм улс төр, соёл , урлаг, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн талаар бичсэн шинэ нийтлэлүүд орсон. “Дурсамж” бүлэгт аав,ээж болон Өндөрхааны сургуулийн сурагч, Баку хотын оюутан ахуй насны дурсамжаа оруулсан. Би бичсэн бүх номондоо заавал Бурхан багшийн сургаалийг оруулдаг . Ганц ч гэсэн хүн гэгээрэг л дээ. Энэ удаа “Буддагийн сургаал” бүлэгт “Бурханы шашинтан хүний баримтлах найман зарчим”, “Бурханы ном”, “Боди сэтгэл”, “Хоосон чанар”-ын тухай бичсэн.
Энэ номын нэг онцлог бол би уран зохиолын салбарт нилээн хожуу орсон ч гэсэн сүүлийн үед бичсэн шүлэг, уран сайхны богино өгүүлэлүүдээ “Уран зохиол” гэсэн бүлэгтээ оруулав. “Сүбээдэй баатарын цалам”, “Халагдсан албан хаагч”, “Дээрэм”, “Хайраа олсон нь”, “Босогч”, “Мөргөлчин”, “Зөвлөлт улсад Монголынхоо сөөм ч газрыг өгөхгүй”, “Хубилай хааны сүүлчийн бодрол” зэрэг сонирхолтой шинэ өгүүлэлүүдийг багтаав.
“Мэдлэгийг зөвхөн номноос авна” гэсэн миний хүүхэд цагийн ойлголт, шинээр гарсан сайн ном, кино, хөгжмийг заавал уншдаг, үздэг, сонсдог “зуршил” маань одоо болтол надад үлдсэн хэвээрээ байдаг юм л даа.
Доржийн СҮХБААТАР 2024.10.27
Зочин
Хуучин цагийн коммунист
Эрдэнэбилэг
zochin