Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.

-Таныг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-даа хүргүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдийн анхаарал татах сэдэв байлаа. Үргэлжлээд Н.Мандуул гэдэг хүн улс төрд орох бэлтгэлээ базаах нь гэсэн яриа ч явлаа. Харин Таны хувьд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хоёр дахь удаагаа өргөдлөө өгсөн тухайгаа мэдэгдсэн байна лээ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаагийн хувьд зарчмын зүйлийг л тавьж байгаа юм. Ямарваа нэг зүйлийг анхнаас нь зөв зүйтэй хийе гэвэл зарчимтай байх ёстой. Энэ дагуу зохих хүсэлтийг тавьсан хэрэг. Намайг энэ албан тушаалд 2021 оны наймдугаар сард томилохдоо ганцхан үүргийг ногдуулсан. Ерөөсөө л Хөгжлийн банкийг цэгцлэх. Аль ч түвшинд дотор нь ямар асуудал үүссэнийг нарийн мэдэхгүй. Ямар ч байсан хүндрэл үүссэнийг нь гадарлаж л байсан. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр ирсэн шалтгаан энэ. Уг нь хуулийн хэд хэдэн заалт байдаг. Нэгдүгээрт, нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлагыг томилох шалгуур. Өнөөг хүртэл тэр нь хэрэгжээгүй яваа. Үнэхээр Хөгжлийн банкийг цаашид банк шиг ажиллуулах ёстой гэвэл энэ зарчмыг мөрдөх ёстой гэсэн хувь хүний итгэл үнэмшил надад байна.

-Гэхдээ Та бол татгалзах зүйлгүйгээр Хөгжлийн банканд ирсэн юм байна...?

-Түр хугацаанд ч болов цэгцлэх асуудал байвал хийгээд үзэх нь зөв гэсэн өнцгөөр ирсэн л дээ. Хоёрдугаарт, намайг томилсон тушаал нь "Ковид"-ын хуулийг үндэслэсэн. Тэр нь 2022 оноор дуусгавар болсон. Хэрвээ бид өөрчлөлт хийж чадна гэж байгаа бол хуулийн харилцаанаасаа эхлээд үндсэн зарчмаа мөрдөх ёстой. Энэ дагуу 2023 он гараад өргөдлөө өгсөн. Сая хоёр дахиа өглөө. Удахгүй намайг чөлөөлөх байх аа. Хувь хүн талаасаа хэлэхэд ямар ч байсан жил гаруйн хугацаанд ажиллалаа. Хөгжлийн банкийг цэгцлэх ажиллагаа нь ч ерөнхийдөө шувтарлаа. Одоо дараагийн шат руугаа орох ёстой гэсэн байр суурьтай байна.

-Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр зарчмаа баръя, хуулиа хэрэгжүүлье гэж байгаа юм байна. Тэр нь ч зөв байх. "Ковид"-ын хууль дуусгавар болсноор ажлаа хүлээлгэж өгсөн олон дарга нар бий. Гэхдээ сайн дураараа гэхээсээ хуулийн "хайч"-нд орсон. Харин Та болохоор арай өөр юм ярьж байна. Магадгүй үүний ард ямар нэг шалтгаан бий юу?

-Юу болсон нь тодорхой. Ажлаа хүлээж авсны дараа Хөгжлийн банканд Төв банкны шалгалт оруулсан. Банкны активын чанарыг шалгаж үзэхэд 1.8 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй ангилалд байна гэсэн дүгнэлт гарсан. Аливаа банканд өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь дор хаяж есөн хувьд байх ёстой байдаг. Харин Хөгжлийн банкных 1.3 хувьтай байсан. Үндсэндээ дампуурчихсан гэж хэлж болохоор. Эхний ээлжид уг асуудлыг олон нийтэд ил болгоё, бодит үнэнтэйгээ эвлэрээд явъя. Алийн болгон нууж, далдалж, аргалж явах вэ? гэж үзсэн. Гэхдээ аль нэг талаар нь, хэн нэгнийг авч үлдэхгүйгээр сайнтай, муутай нь хэлэлцэж, учраа олъё гэсэн. Яг үнэндээ банкаа дампууруулах уу? эсвэл цэгцлээд аврах уу? гэсэн сонголт байсан юм. Анхнаасаа тэгж явсан, энэ хүртэл өөрчлөх гэж үзсэн хүний хувьд түүгээрээ барьцаалаад ажилдаа үлдэх тухай ярих нь утгагүй.

-Таныг чөлөөллөө гэж бодъё. Өөрөө ч энэ тухай хэллээ. Дараа нь яг яах юм? Сонгон шалгаруулалт зарлалаа гэхэд өрсөлдөх үү? Эсвэл бүрмөсөн чөлөөлөгдөөд явах гээд байна уу?

-Одоохондоо бодсон юм алга. Хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа байна гэвэл “Тэгнэ, ингэнэ” гэж хэлэх нь өнөөдөртөө чухал биш.

-Хөгжлийн банканд ирэхээсээ өмнө Сангийн яаманд ажиллаж байсан бил үү?

-Тийм.

-Бусдыгаа бодвол тухайн үед яг юу болж байгаа талаар тодорхой хэмжээнд мэдээлэлтэй л байсан юм байна?

-Банкны актив үнэхээр чанартай үгүйг мэдэхэд хэцүү. Зээл чанартай, чанаргүйг шалгадаг тусгай аргачлалууд бий. Тэр хүрээнд Монголбанкны хянан шалгагч нарыг оруулсан. Тэд хөндлөнгийн дүгнэлтээ гаргасан. Ганц намайг ч гэлтгүй олон хүнийг цочролд оруулахаар дүн гарч ирсэн л дээ. Нийт активын талаас илүү хувь нь чанаргүй ангилалд орно гэдэг өөрөө ноцтой асуудал.

-Цаасан дээрээ бол хэдийн дампуурсан банк хүлээн авчээ?

-Өмнөх тайлангуудыг харахаар гайгүй ч юм шиг гарч ирдэг байсан юм. Цаасан дээрхийг нь харахад зүгээр ч юм шиг. Яг дотор нь ороод уур амьсгал дунд нь ажиллахаар тэс ондоо дүр зурагтай.

-Тухайн үед Ерөнхий сайд, Сангийн сайд, Та гурав сууж байгаад яах ийх шийдвэрээ гаргасан гэж сонссон. Үнэхээр тийм юм болсон юм уу?

-2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Монголбанкны шалгалтын тайлан албан ёсоор манайд ирсэн. Тэгэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, одоогийн Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт танилцуулсан. Цаашдаа яах вэ? гэсэн. Хариуд нь боломжит бүх аргыг хэрэглэ. Бид  дэмжинэ. Тийм болохоор ажлаа хий гэсэн.

-Н.Мандуул гэдэг хүнийг хоёр өнцгөөс дүгнэх гээд байгаа юм. Та бол Хөгжлийн банкны захирлуудаас хамгийн азгүй нь. Бас хамгийн азтай нь. Азгүйгээс нь эхлэхэд 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн ангилалтай банкны захирлаар үүрэг аваад очсон. Олгосон зээлийн дийлэнх нь улстөрчдийн хамаарал бүхий компанитай холбоотой. Баргийн хүн орохгүй, очихгүй л алба. Мэдсээр байж гал атгаад орсон нь залуу хүний хувьд хэтэрхий эрсдэлтэй алхам байгаагүй юу?

-Миний хувьд ямар нэгэн улстөрчөөс хамааралгүй. Хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлөх боломжгүй. Энэ маань давуу тал болсон. Яах вэ, зээлийн мэдээллийг олон нийтэд ил болгосны дараагаас утас цохиод янз бүрээр л ярьсан. Ямар нэг ажлыг хийж гэж байгаа бол үндсэн зарчмаа барих л ёстой. Тэгэхгүйгээр хэн нэгэнд тал засаад явбал гол ажил нь утгагүй болно. Зээл авсан уу? авсан. Тэр нь үнэн. Явж явсаар тэр нь банкаа, улсаа татаж унагаах тийм эрсдэл үүсэхээр л байсан шүү дээ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох уу? үгүй юу? гэж байсан үе.

-Азтай нь гэвэл жил хүрэхгүйн хугацаанд нэг их наяд гаруй төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг буцаан төвлөрүүлж чадсан. Гэхдээ энд нэг асуулт дагадаг. Тэр нь яагаад энэ хүртэл зээлээ төлөхгүй банкаа, улсаа татаж унагаах эрсдэл рүү түлхэв?

-Хөгжлийн банкны хувьд асуудал үүссэн цагаас завгүй ажилласан. Бүх зээлдэгчидтэй уулзсан. Санал бодлыг нь сонссон. Тэр бүгдэд олон шалтгаан хэлдэг юм. "Ковид", валютын ханшийн өсөлт л гэнэ. Бизнесийн эрсдэл гарлаа л гэдэг. Явсаар байгаад нэг л үнэн тодорсон. Ерөөсөө манай улсын нийгэмд бугшиж, бий болсон зүйлийн илрэл нь Хөгжлийн банк өөрөө болж таарсан. Төрийн өмчит компаниас аваад хэрэглэж болно. Буцааж өгөхгүй байж болно. Банк нь дампуурвал сайн гэх зэргээр. Бүгдээрээ л мэдэж байгаа. Өмнө банкууд хэрхэн дампуурсныг. Авлага нь хэдэн жил дамнаад барагдахгүй явж л байдаг. Ийм нэг жишиг тогтоод тэр замаараа л явсан гэж хардаг юм.

-100 тэрбумаас давсан дүнтэй зээл авчхаад огт эргэн төлөлт хийгээгүй. Шаардлага тавьж, шахалт үзүүлэхээр Төрөөс авсан шагнал урамшууллаа үзүүлээд суудгийг нь ч бүгдээрээ харлаа. "Ковид"-ын болон валютын ханшийн өсөлтөөс үүдсэн дам нөлөөнөөс үйл ажиллагаа нь доголдсон хэсэг мэдээж бий. Гэхдээ эрсдэлээ үүрээд энэ хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийж, эцсийг нь үзэх гээд явж байна. Ийм байхад шагнал, урамшуулал үзүүлж, ам таглахаас өөрийг хийдэггүй "гүргэр" хэсгээ хүлээн зөвшөөрөөд яваад л байх юм уу?

-Зээлийн эргэн төлөлтийг хийлгэх гэж бүх л аргыг хэрэглэж байна. Хамгийн түрүүнд уулзана. Зээлээ төлөхгүй бол банк чинь хэцүүдлээ гээд учирлана. Олон нийтийн шахалт ч бий боллоо. Эргээд нөгөө талдаа бизнесийн нэр хүндийн эрсдэл орж эхэлнэ. Авлигатай тэмцэх газраас манай бүх зээлийг татаж аваад ажиллагаа хийж байна. Олон асуудал үүснэ. Хууль, шүүхэд очно. Бэлэн халаасанд нь мөнгө явааг үгүйсгэхгүй.

Гэтэл бүр цайчихсан хэсэг бас байна. Нийгэмд хэдэн 10 жил бугшсан асуудал нь явсаар сүүлдээ кастын систем үүсчихсэн ч юм шиг бодогдох үе бий. Хуулиас дээгүүр хэдэн хүнтэй. Үр ашгийг нь хувьдаа хүртдэг. Зардлыг нь нийгэмд тарааж бүрдүүлдэг. Хэрвээ Хөгжлийн банк дампуурсан бол улс өөрөө эрсдэлээ үүрээд өмнөөс нь төлж таарна. Та бид хоёрын татварын мөнгөөр л төлнө.

-Хөгжлийн банкны зээл олгож ирсэн түүх нь өөрөө бондтой салшгүй холбоотой. 2012 онд "Чингис" бондыг босгосон үеэс эхэлнэ. Анхнаасаа урт хугацаандаа хэрэгжих том төсөл рүү хөрөнгө оруулалт хийх байтал бараг хүссэн болгонд нь олгож ирсэн нь хамгийн том алдаа байсан юм биш үү? Хэн түрүүлж энэ банкийг "тонох" вэ? гэсэн уралдаан явсан ч юм шиг?

-Энгийнээр хэлэхэд хоёр мандат байдаг юм. Нэг нь гаднаас хүү багатай, урт хугацааны зээлээр хөрөнгө босгоно. Нөгөөх нь улс орны хөгжилд хэрэгтэй урт хугацааны, үр ашигтай төсөлд босгосон хөрөнгөө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зарцуулах. Эхний мандатаа маш сайн хийгээд байгаа юм. Харин хоёр дахь буюу зарцуулах тал дээр маш олон алдаа гаргадаг. Түүнийгээ засдаггүй. Санаж байгаа бол 2015, 2016 оноос Хөгжлийн банканд асуудал үүссэн тухай ярьж эхэлсэн. Гэвч тэрхүү проблем болгоныг дараагийн хүндээ буюу хойш шидсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. Ингэж хуримтлагдаж явсаар дааж давшгүй том болсон.

Ер нь бол хөрөнгө оруулагч талдаа ч худлаа хэлсэн болох гээд байгаа юм. Уг нь "Танаас зээлж авсан мөнгөө ийм мундаг төсөлд хөрөнгө оруулна" гэдгээ хэлж, танилцуулдаг. Гэтэл арилжааны банкууд олгох боломжтой орон сууцны хотхон санхүүжүүлээд явахаар л худлаа хэлсэн болно. Бизнесийн дүрмээр хөрөнгө оруулагч нарт онцгүй л үйлдэл. Оруулсан хөрөнгө нь Монголын томоохон төслийг хэрэгжүүлсэн гэдэг бодит үр дүн нь тэдэнд хэрэгтэй л байхгүй юу? Гэтэл тийм юм байхгүй.

Тэгэхээр бидний хамгийн хэцүү нэг сорилт нь дотооддоо зээлийн эргэн төлөлтийг хийлгэх, гадна талдаа хөрөнгө оруулагчдын итгэлийг алдчихгүй, хамаг юмаа дуусгачихгүй байх балансыг барих байлаа. Ямар ч байсан бүх хөрөнгө оруулагч нартайгаа ярилцсан. Цахимаар холбогдсон. Тэр хүрээнд Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж чадсан.

-Хөгжлийн зээл гэж ярьдаг мөртлөө барилга орон сууц руу санхүүжилт "цутгах" нь зөв юм уу?

-Хөгжил гэж юу юм бэ? Хөгжлийн банкны, Төрийн оролцох хэсэг нь юу юм бэ? гэдгийг нийгмээрээ сайн хэлэлцэж, нэг ойлголтод хүрэх ёстой. Улаанбаатарт барилга, орон сууц баригдах нь хөгжил үү? гэвэл хөгжил гэж зарим нь ярьж болно. Миний бодлоор хувийн хэвшил, арилжааны банкаар дамжих л зээл. Тэнд заавал Хөгжлийн банк оролцож, улс орныхоо нэр нүүрээр босгосон бондын хөрөнгөөс хэн нэгэнд давуу байдал үүсгэж, олгох хэрэггүй. Хувийн хэвшил, арилжааны банк нь орж чадахгүй дэд бүтцийн том төсөл рүү орж байвал зүй нь тэр. Банк нь өөрөө ажлаа хийсэн бол хөрөнгө оруулсан төслүүд нь үр ашигтай байж зээлээ буцааж төлөх чадвартай байх ёстой. Гэтэл тэр ажлаа хийгээгүй. Ёстой л тал талдаа бүтэлгүйтсэн. Ажлын байр нь тогтворгүй, хурдан солигддог. Ирсэн нэгэн нь түр зуурын сэтгэлгээгээр хандаж ирсэн.

Улстөрчдийн оролцоо ч их. Тэдний томилгоогоор ирсэн хүмүүс нь "утсан хүүхэлдэй" маягаар ажилласны гор. Тийм учраас би хэлээд байгаа юм. Сонгон шалгаруулалтаа зарлаж, нээлттэй байдлаар хүмүүс томил гэдгийг. Эцсийн дүндээ өөрийн гэсэн мандаттай хүн хэн нэгний үгээр ажил хийхгүй. Банкийг төлөөлөх хэмжээний нүдээр харж ажиллана.

-Энэ жил хоёр ч бонд төлөх хуваарьтай байгаа бил үү? Хэдий хэмжээний хөрөнгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай байгаа юм бол?

-Арванхоёрдугаар сард Засгийн газрын баталгаатай "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Эх үүсвэрийг нь төвлөрүүлээд бэлэн болгочихсон. Нөгөөх нь аравдугаар сард хийх 500 сая ам.долларын эргэн төлөлт. Зээлийн эргэн төлөлтөөр хөрөнгө төвлөрүүлээд зарим бондыг хугацаанаас нь өмнө төлөөд яваа. Үлдсэн хэсгийг бусад эх үүсвэрээс төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Бараг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах байх.

No description available.

-Явж, явж шинээр бонд гаргах тухай яриад байгаа?

-Шинээр бонд гаргаж болно. Үгүй ч байж болно. Бонд гаргах нь өөрөө ямар ач холбогдолтой юм гэхээр тэрхүү зах зээлд байдаг санхүүгийн гарцаа хадгалах давуу талтай. Өөр эх үүсвэрээс зээл аваад хааж болно. Болдог бол Хөгжлийн банкны чанаргүй ангилалд багтсан томоохон зээлдэгчдээс аваад төлчихмөөр байна. Тэгэх гэхээр хугацаа нь зөрчхөөд байгаа юм. Процесс нь өөрөө маш их хугацаа авна. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг шүүхээр хурдан шийдсэн.

-Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт гарсан уу? Гарсан бол товчхон мэдээлэл өгч болох уу?

-Миний цэгцлэх ажил ерөнхийдөө шувтарчихлаа гэж хэлээд байгаа нь саяхан бид 2022 оны санхүүгийн тайландаа аудит хийлгээд дууслаа. Олон улсын аудитын байгууллагаар хийлгэсэн. 2021 онд манай банк 307 тэрбумын алдагдалтай ажилласан.  Чанаргүй зээлийн дүнтэй дүйцүүлээд Эрсдэлийн сан байгуулахаар алдагдал дээрээ давхар бичигддэг. Харин зээлийн эргэн төлөлтийн үр дүнд 2022 оны жилийн эцсээр 88 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Тайландаа аудит хийлгэнэ гэдэг нь сайн үр дүнтэй. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход суурь бичиг баримт болдог.

Хөгжлийн банкнаас 2022 онд барьсан бодлого нь ямар нэг асуудалд "засвар" оруулахгүйгээр байгаагаар нь ил гаргасан. Түүндээ таарсан Эрсдэлийн санг нь ч байгуулсан. Тэгэнгүүт банкны үзүүлэлт тэр чигээрээ "нүх" рүү уначихаж байгаа юм. Харин өнөөдөр тэндээсээ буцаж гараад, хэвийн байдал руу шилжих бүрэн боломжтой болж байна. Гэхдээ 2021 оноос эхэлж "нүх" рүү унаагүй шүү. Түүнээс өмнө байсан асуудал. Өөрөө өөрсдийгөө хуураад явсан асуудал. Чанаргүй зээлийн ангилалд орсон ч хугацааг нь сунгах замаар хэвийн рүү шилжүүлэх зэргээр явахаа больцгооё л гэсэн. Нэг ёсондоо эргэлтийн цэг болсон.

Яг үнэндээ гаднынхан манайд юу болж байгааг төдийлөн мэдэхгүй. Гэхдээ л дотоод болж өрнөсөн үйл явдлын тухай мэдээллийг хараад "шок"-нд орсон. "Та нар дампуурчихсан юм уу? Манай мөнгийг төлж чадах юм уу? гээд асуугаад эхэлсэн. Хариу тайлбараа тодорхой өгсөн. Ямар ч байсан үр дүн гаргасан. Одоо хөрөнгө оруулагч нартай уулзах хэлэх үгтэй л болсон.

-Зээлсэн мөнгө хаана юу болж байгаа талаарх тайлан нэхэх эрх нь хөрөнгө оруулагч талд мэдээж бий?

-Олон улсын хөрөнгийн зах зээл өөрөө асар том. Тэдгээрийн дэргэд манай босгосон мөнгө жижигхэн хөрөнгө оруулалтад орно. Гэхдээ л тодорхой тайлбар өгнө. Цаашлаад бидний нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Ямар ч байсан дефолтод орж байгаагүй нь Монгол Улсын сайн тал. Жилийн өмнө манай улсын нөхцөл байдал ямар байлаа? Ханшаа алдчихсан. Валютын ханш нь 2.5 тэрбум ам.доллароос доошоо орчихсон. Гаднынханд сөрөг мессеж оччихсон. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаас дээш хувь нь чанаргүй ангилалтай. Дампуурлаа гэхэд 850 сая орчим ам.долларын өр Засгийн газар руу шилжих эрсдэлтэй. Бараг л нам суух юм руугаа явж байсан үе. БНХАУ-ын хил ч хаалттай. Гаднын хөрөнгө оруулагчийн нүдээр бол Хөгжлийн банкны 850 сая ам.доллар, "Чингис" бондын өрүүд нь Засгийн газарт очихоор байгаа валютын нөөцтэй нь жишихээр дампуурах гэсэн мессеж өгөх жишээний. Валютын сангийн хөтөлбөрт дахиж орох уу? гэсэн асуулттай. Нэг ёсондоо "харанхуй" байлаа. Гагцхүү нийгмээрээ, тал талаасаа бужигнаж байгаад "Самурай" бондын асуудлыг шийдлээ. 500 сая ам.долларын бараг талыг нь шийдчихээд байна. Үлдсэн хугацаанд болох байх. Өөрөөр хэлбэл, тэр үеэс шал өөр дүр зурагтай болсон.

-Өнгөрсөн жил бүхэлдээ өр барагдуулагч шиг ажилласан Хөгжлийн банк өнөөдөр амьсгаа авахтайгаа болсон нь мэдээж сайн мэдээ?

-Тэрхүү хугарлын цэг дээр яг ирж байна. Ямар ч шинэ зээл гаргасангүй. Ёстой л өр барагдуулагч шиг ажиллалаа. Үлдсэн ганц хоёр асуудлаа цэгцэлчихвэл цаашдаа хөрөнгө босгох, Хөгжлийн зээлээ олгоод явах боломж бүрдэнэ. Банк дараагийн ажлаа эхлүүлэх, шинэ шатанд гаръя гэвэл эхлээд засаглалын асуудлаа шийдэх ёстой. Үйлээ үзэж гарсан асуудал руугаа буцаад орж болохгүй. Улс төрийн нөлөөлөлтэйгөөр ийм юм хийж болохгүй. Тэгэхийн тулд банк өөрөө чадавхтай байх ёстой. Төслийн судалгаа хийдэг байх ёстой.

Мэдээлэл нь ил болсны дараа тал, талаас шалгалтууд манайд орж ирсэн. Зээлийн хувийн хэргийн зарим материал нь дутуу. ТУЗ нь, гүйцэтгэх удирдлага нь, хувьцаа эзэмшигч нь эрх үүрэгтэйгээр, ямар түвшинд, ямар хариуцлагатайгаар ажиллах юм гэдгээ засах ёстой. Тэгэхгүйгээр одоо болчихлоо гэж үзээд дахин хөрөнгө босгоод зээл олгоод эхэлбэл асуудал давтахгүй гэх баталгаа байхгүй.

-Гэж ярихаар Хөгжлийн банкны хуульдаа "гар хүрэх" байх. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн хэмжээнд өөрсдөө дур мэдэж шийдэх асуудал биш болохоор?

-Хуульд өөрчлөлт орох ёстой. Тухайн саналаа хувьцаа эзэмшигч рүү хүргүүлсэн. Процесс нь цаашаа үргэлжлээд явна. Энэ бол нэг асуудал. Нөгөө талдаа зөвхөн хууль гэхгүйгээр олон улсын засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх биш бүр нутагшуулах хэрэгтэй. Эхнээс нь хийгээд явж л байна. Бүх бичиг баримтаа нэгтгэсэн цахим системтэй боллоо. Хүний нөөцийн томилгоог сонгон шалгаруулалтаар хийж байна.

- Хувь хүн хоорондоо ч мөнгө өгч авалцахад хариуцлагатай, мэдээллээ нягталдаг, яс ханддаг болсон цаг үед бид амьдарч байна. Гэтэл Хөгжлийн банкны зээлийн мэдээллийн сан анхнаасаа нэгдсэн системгүй явж ирсэн нь гайхширал төрүүлж байна?

-Санхүү, зээлийн системийнх нь тоо зөрөхөөс эхлээд олон асуудал байсан. Тэгж явсаар байгууллагынхаа школ дээр тулж ирсэн. Дарга нарын хамаатан, хамаарал бүхий хүнээр томилгоо нь явдаг. Ажлын хариуцлага байхгүй. Зээлийн газарт гэхэд нэг хүний ажиллах дундаж хугацаа нь 1.5 жил байх жишээтэй. Байнга солигдоод ирэхээр дунд нь хаягдах юм олон гарна.

-Таны гол зорилго нь компанийн тэр дундаа банкны сайн засаглалыг загвар болгож үлдээх юм байна гэж ойлголоо?

-Ямар ч байсан хонгилын үзүүрт гэрэл аслаа. Улс орон болгоны Хөгжлийн банкны загвар нь онцлогоосоо шалтгаалаад өөр юм билээ. Олон удаа бүтэлгүйтсэн, тэр бүрдээ засаад явсан туршлага ч байна. Улсынхаа хөгжлийг дагаад чиг үүрэг нь хувирч, өөрчлөгдөөд явах нь ч бий. Хамгийн гол нь, манай банк цаашдаа ийм загвараар явах нь зөв үү? буруу юу гэдгийг онцлоод байгаа юм. Гаднаас ам.долларын зээл аваад дотооддоо төгрөгөөр хөрөнгө оруулах нь зөв үү? Наад зах нь ханшийн эрсдэлд унана. Эсвэл хувийн хэвшилдээ хэдэн арван сая ам.доллароор олгоод эрсдэлийг нь үүрүүлэх үү? зэргээр концефцийн хувьд утгагүй яваад байна.

"Чингис" бонд гэхэд 1.5 тэрбум ам.доллар. Олон улсын зах зээлээс босгох үед Монгол Улсын ДНБ 10 тэрбум ам.доллар хүрэхгүй байлаа. Түүнийх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зах зээл рүүгээ "цутгасан". Хөрөнгө оруулалтыг шингээх чадвар гэж юм эдийн засагт байна. Хүсэл нь байж болно гэхдээ тийм том төслүүдийг хийх боловсон хүчин нь байсан уу? Энэ мэт хариултгүй асуулт урсгалаар явж ирсэн. Тал талдаа л томоохон сургамж авлаа.

-Гүйцэтгэх удирдлагаар ажиллах хугацаанд шантрах үе гарч байв уу. Сайн, муугаараа хэлүүлээд салбар бүрийн том төлөөлөлтэй нүүр туллаа шүү дээ. УИХ-аас байгуулсан Түр хорооноос явуулсан Нээлттэй сонсголын үеэр ч хэн хаана ямар зээл авч, юунд зарцуулсан нь баримт, дүгнэлттэйгээ ил боллоо?

-Банкны удирдлагын хувьд зээлийн эргэн төлөлтөд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Мөнгөө төлөөгүй нөхдүүдтэй тулсан. Түр хорооны сонсгол болохоор зээл нь төлөгдсөн ч зориулалт бусаар явсан, бага хүүтэй мөнгийг банк бусаар угаасан асуудлыг сөхсөн. Тэр бол тусдаа. Түр хорооны хийсэн ажил. Банк санхүү, төрийн систем яаж явж ирсэн талаар нийгэмд нүдийг нь нээж өгсөн. Өөрөө сургамж болж үлдлээ.

Зарчмаа бариад явсан болохоор шантрах зүйл байсангүй. Анхнаасаа ажлаа бодлоготой хийсэн. Тусдаа, хувь хүний хэмжээнд уулзсан юм байхгүй. Зээлдэгч бүртэй хийсэн уулзалт болгонд протокол үйлдсэн. Цэвэр ажил хэргийн шугамаар, тойрогтой ажилласан.

-Улс төрөөс ямар ч хамааралгүй явж ирсэн хүн улстөрчидтэй "ам хэл"-ээ ололцож сурсан байх?

-Улстөрч гэхээрээ шал өөр хүмүүс биш. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл болж тэнд, Төрийн ордонд ажил хийж байгаа л хүн гэж ойлгодог. Жанжин шугамаа бариад л юмаа ярина. Хэрвээ өөрөө гажаад явбал харилцаа утгагүй болно. Хувь, хувьсгалын ажил тусдаа.

-Гэхдээ УИХ-ын гишүүн болоод Төрийн ордонд суугаа шалтгаан нь тодорхой биш гэж үү? Хөгжлийн банкны зээл тойрсон асуудлаар олон ч УИХ-ын гишүүн хамааралтай нь ил болсон?

-Мэдээллийг ил болгосны дараа холбогдож, асуусан тохиолдол гарах нь гарсан. Гол нь би зээл олгоогүй. Хамааралтай байгаад авсан бол төлөх нь үнэн биз дээ. Цаасан дээр байгуулсан зээлийн гэрээ, хугацаа, мөнгөн дүн нь байна. Би энд ажлаа хийж байгаа л хүн.

-Ингэхэд Та намын гишүүн үү?

-Тийм ээ.

-Хэзээ намд элссэн юм?

-2021 оны сүүлчээр.

-Цаг хугацаа нь Хөгжлийн банканд ирснийхээ дараа юм байна?

-Тэр бол цэвэр итгэл үнэмшлээрээ сонголтоо хийсэн.

-Хөгжлийн банкнаас олгосон зээлийн мэдээллийг ил болгосны дараагаас нэг хэсэг 2012-2016 онд хамаарах цикл явсан. Бонд босгосон, түүнийг зарцуулсан бүх асуудал нь Ардчилсан Намтай холбоотой гэсэн шүүмжлэлтэй. Харин 2016 оноос хойш зээл олгосон ч тэрийг дурдсангүй гэх ойлголтын зөрүү хэсэгтээ гарсан. Яагаад ийм асуудал үүсэв?

-Хөгжлийн банкны зээл олголт хоёр хуваагдаад, тусдаа платформ шиг харагдсан нь шалтгаантай. Хуулийн орчноос үүдсэн асуудал. Анхны хуулийг 2011 онд батлаад 2017 онд шинэчлэн найруулсан. Эхэндээ санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ, Засгийн газар баталдаг. 2017 оноос хойш Хөгжлийн банк өөрөө шийддэг болсон. Гол ялгаа нь тэр. 2017 оноос өмнө олгосон зээлийн тоо нь цөөн ч мөнгөн дүн нь том. Тэр дунд чанаргүй ангилалд багтсан “Эрэл”, “Хөтөл”, “Бэрэн” зэрэг орж байгаа юм. 

-2017 оноос хойш олгосон зээлийн тухайд?

-Банк өөрөө шийддэг болсон болохоор маш олон жижигхэн төсөлд олгосон. Тэгэхэд гарсан алдаа, завхрал нь арилжааны банкаар явах боломжтойд нь олгосон байдаг. Үүгээрээ ялгаатай. Түүнээс АН, МАН-ын үе гэж байхгүй. Жишээ нь, 2017 оноос өмнө олгосон зээлээс Ардын Намынхан олуулаа л авсан байдаг юм билээ. 2017 оноос хойш Ардчилсан Намынхан авсан л байдаг. Энд нам гэхээсээ түүнийг дагасан улс төрийн бүлэглэлийн асуудал байгаа юм. Хуулийн орчин нь өөр ч алдаа, завхрал гарсан адилхан. 

-Нэг талаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувьд ажлаа хийж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаас өөрийн намынхнаа, өмнөх удирдлагуудаа үгүйсгэж байгаад Тань тийм ч таатай бус хүн цөөн биш. "Энэ муу шинэков яахаараа ингэж ярьдаг юм" гээд дээгүүр, доогуур яриад явахыг үгүйсгэхгүй?

-Одоо яах вэ дээ? Үнэн нь л тэр юм хойно. Худлаа яриад байгаа биш. Манай намынх учраас өөр хандана. Тэр намынх учраас тэгж хандана гэсэн юм байхгүй шүү дээ. Улс орны эрх ашиг гэж юм байна. Түүнд итгэдэг. 

-Ер нь улс төрд орох бодол бий юу?

-Улс төрд орно гэдэг юм яг юу гэсэн үг юм? Улс төр гэдэг нь өөрөө юу юм? Энгийн иргэний нүдээр харахад бохир юм явдаг. Бүгдийг ширээн доогуураа хийдэг ойлголт байдаг. Би юу гэж ойлгодог гэхээр концепцийн хувьд улс төр бол нийгмээрээ улс оронд хэрэгтэй чухал асуудлыг өөр хоорондоо хэлэлцэж буй процесс. Үзэл бодлоо Танд хэлж байгаа нь миний улс төрийн оролцоо. Та ч гэсэн надаас ярилцлага авч байгаа нь улс төрийн оролцоо. Үүнд заавал гортиг татаад энэ улстөрч биш, тэр нь мөн гэдэг нь чухал биш.

-Нийгэмд гэхээсээ улс төрд тогтсон ойлголт бас жишиг байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэхэд сонгогдохоосоо өмнө Хөгжлийн банкны захирлаар ажилласан. Ийм нэг зүй тогтол байгаад буй болохоор асуусан хэрэг. Жишээ нь, Таны хувьд үеийнхэн дундаас нийгэм, улс төрийн хүрээнд хамгийн их танигдсан имижтэй. Намдаа байгуулсан “гавьяа”-тай...?

-Улс төрд орох гэж төлөвлөөд энэ албанд ирээгүй. Асуудлыг цэгцлэх үүрэг даалгавар авсан болохоор ирсэн. Миний нэг зарчим байдаг. Байгаа газраа, хийж буй ажлаа тултал нь хийж, үр дүн гарсан. Болсон гэж үзвэл өгөөд л явдаг. 10 жилийн дараа тийм юм хийнэ гэдэг ч юм уу? амьдралын зураг зураад суугаагүй нь мэдээж. Албан тушаал гэдэг сүртэй утгатай концефци биш. Байгаа цаг үедээ юу хийж бүтээх юм гэдэг нь утга учиртай. Одоо гэхэд Хөгжлийн банкны удирдлага гээд кастын систем рүүгээ орсон юм алга. Энгийн л амьдарч байна. Олон жил лизингээ төлөөд явж байна. Өөрөөр амьдрах хүсэл байхгүй ээ. Гишүүн болж тусгай эрх ямба эдлэх хүсэл ч алга. Миний үнэхээр хүсч, хиймээр байгаа зүйл нь мөн, биш үү? гэсэн асуултад хариулах ёстой. Түүнд өөрөө хариулаагүй байгаа болохоор тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд эрт байна

-Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх мэдээж хэнд ч байхгүй. Гэхдээ энэ хүртэл явж ирсэн ажлын нэг үр дүн шүүхийн шийдвэрээр албажиж таарна... Танай банкны зүгээс ч өөрсдийн түвшинд холбогдох материалыг бүрдүүлж өгсөн байх?

-Процессын хувьд ингэсэн юм. АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан томоохон Ажлын хэсэг байгуулсан. Бидний хувьд холбогдох бүх материалыг гаргаж өгсөн. Тэр нь прокуророор дамжин хянагдаад шүүхээр хэлэлцэж байна. Шүүх хуралд хохирогч талын төлөөлөл байх ёстой гэдэг утгаараа банк оролцож байгаа. Хохирогчийг төлөөлж гэсэн үг. Бидний зүгээс шүүх хурлыг анхнаасаа нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Хэн нэгнийг буруутгах гэхээсээ яг юу болж өнгөрсөн талаар нийгэм нь өөрөө мэдээлэлтэй байх нь зөв гэж бодож байна. Нөгөө талаас УИХ-аас байгуулсан Түр хорооны Нээлттэй сонсголоос үлдсэн сургамж шиг болж үлдэх байх аа.

UZEG.INFO