Нийгмийн хувьсгалын хөрс суурь бүрэлдчихлээ, улс төрчид өө!
Монгол Улсын иргэн бүр эрх тэгш байх ёстой бол тэдний зээл авах эрх ч ижил тэгш байх учиртай бус уу?
Өнгөрсөн Долоо хоногт бараг бүх монгол хүн бүрийн амны бай болсон “маш чухал” хоёрын хоёр шийдвэр бол хууль тогтоох дээд байгууллага - УИХ дахь олонхийн Бүлгийн улс төрийн шийдэл болон гүйцэтгэх засаглалын нэгэн Яамны зүгээс гаргасан захиргааны шийдвэр байлаа.
Эдгээрийн нэг нь УИХ-ын 27 гишүүний санаачилж буй “Итгэлийн зээл” олгох хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжсэн тухай Бүлгийн хэвлэлийн мэдэгдэл байсан бол нөгөөх нь ХАААХҮ-ын Сайдын тушаалаар “ЖДҮ-ийг хөгжүүлэх Сангийн зээлийн журам”-д өөрчлөлт оруулсан явдал байв.
ЖДҮ-ийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг арилгахын тулд иргэддээ 3 хувийн хүүтэй, 20 хүртэл сая төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулаад, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгож, үүндээ жил бүр 200-300 тэрбум төгрөг төсөвлөдөг болох юм гэнэ. Бизнесийн богино хугацааны, өндөр хүүтэй зээл болон ипотекийн зээлийн хүүг ийн дарамтад орсон иргэдэд маш сайхан сонсогдох нь зүйн хэрэг.
Нөгөө талаар улс төрчдөө “ЖДҮЧИД” гэдэг нэрээс цэвэрлэж авахын тулд ХХААХҮЯ-наас ЖДҮ-ийг хөгжүүлэх Сангийн зээлээс эрх мэдлээ ашиглан хүртдэг байдлыг зогсоож, төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахыг журмаар хориглож байгаа юм байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд аймаг, дүүргийн Засаг дарга, Яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар ч хамрагдах юм гэнэ. Бас л амттай, сайхан мэдээ сонсогдож байлаа.
Эдгээрийг монголчууд янз бүрээр л дүгнэж, ярьж, хэлэлцэж эхэллээ.
“Итгэлийн зээл гэдэг нь УИХ-ын 2020 оны сонгуулийн гарааны ханшийг албан ёсоор зарласан хэрэг боллоо” гэж үзэх нэг хэсэг байхад “Маш их төсвийн хөрөнгө шаардана. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ ихсэж, дампуурах эрсдэлтэй” гэж бодитой хандаж, болгоомжлох хэсэг ч байна. “Зээлийн шалгуур, хүндрэл багасч, хүн бүрт хүртээмжтэй болох нээ” гэж баярлан зээл авахаар бэлтгэж эхэлж байгаа нь цөөнгүй бололтой.
Харин ЖДҮ-ийг хөгжүүлэх Сангийн зээлийн тухайд нэг хэсэг нь “Сангаас хэдэн зуун сая, тэрбумаар нь идэж уусан Парламентын гишүүдээ хаацайлж, олон нийтийн санаа бодлыг засаж, мартагнуулахын тулд эрх баригчдын авч буй цаг зуурын арга хэмжээ” гэх нь байхад “Одоо л нэг бодит байдлыг ойлгож дээ. Шинэ боломж гарлаа” гэж “алаагүй баавгайн арьс” харж, хоосон олзуурхах нь ч байж л байна.
Харин энэ хоёр шийдэл, шийдвэрийн талаар миний өнөөдөр хөндөх гэсэн сэдэв бол дээрх санаа бодлуудаас арай өөр, харин эдгээрийн мөн чанарын тухай, тухайлбал, бидний мөрөөддөг шударга ёсны үндэс болсон иргэдийн тэгш эрх, нийгмийн тэгш байдал, тэгш боломжтой нийцэж буй эсэх тухай юм.
ТЭГШ ЭРХ
Үндсэн хуулиасаа эхлэе. Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлгийн хамгийн эхний заалт 14.1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гээд 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” хэмээн заасан байдаг.
Гэтэл Үндсэн Хуулийн гол зарчмыг ноцтой зөрчсөн “журам” гээчийг төрийн Сайд нь батлаад, мөрдүүлээд эхэлж байгаа бололтой. Энэ журам Засгийн газар, Яамдаас гарч буй эрх зүйн бүхий л актуудыг хянах үүрэгтэй Хууль зүй, Дотоод хэргийн Яамны шүүлтүүрийн хаагуур нь ороод гараад ирэв ээ? Хүний эрх, эрх чөлөөг боймолсон заалт бүхий энэ журам Үндсэн Хуулийн “манаач” гэгддэг дээрээ тэнгэрээс өөр эзэнгүй Үндсэн Хуулийн Цэцийн сонорт хүрсэн болов уу?
Монгол Улсын иргэн бүр эрх тэгш байх ёстой бол тэдний зээл авах эрх ч ижил тэгш байх учиртай бус уу? Юунаас болоод?, яагаад? тэгш эрхийн энэ зарчим алдагдахад хүрчихэв гэдэгт учир шалтгааныг Монголын нийгмийн өнөөгийн байдлаас хайгаад үзье.
Нэгэн зүйл. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн нэг ноцтой дутагдал бол төрийн эрх мэдэлд ойр байсан нэг хэсэг нөхөд өөрсдийн мэдээлэлд ойр байдал, албан тушаалын байр сууриа ашиглан бусдаасаа илүүтэй хөрөнгөжиж, баяжсан явдал болоод байна. Үүний дээд, оройн хэсгийг нь өнөөдөр манайхан “олгархи” гэж нэрлээд байгаа юм. Олгархиуд бол нэг ч өдөр бизнес хийгээгүй байж, хувьчлал, тендэр болон элдэв сангийн хөнгөлөлтэй зээл, авилгын мөнгөөр хөрөнгөжсөн байдагт тэдний гол нууц оршдог. Бид “олгархиуд”-ыг бизнес эрхэлж, хөлс, хөдөлмөрөө шавхан байж, хөрөнгө мөнгөтэй болсон шударга бизнес эрхлэгчдээс ялгаж ойлгох учиртай.
Өнөөдөр Монголд эрх мэдэл гэдэг юу юунаас үнэтэй болжээ. Иймээс УИХ-ын гишүүн, сайд болохын төлөө, тэрч байтугай төрийн албанд яаж ийгээд шургалахын төлөө улаайрах болжээ. Эрх мэдлийн төлөө үнэт зүйл, зарим, ёс суртахуунаа мартан байж үхэлдэн тэмцэлдэж, тэр ч байтугай нам дотроо эвдрэлцэн, тэмцэлдэх болсон ажгуу.
Дүгнэж хэлэхэд, Монголын улс төрчид хөрөнгө, мөнгөний төлөө, түүнийг олох эрх мэдлийн төлөө улайрахдаа эхлээд “ТЭГШ ЭРХ”-ийг уландаа гишгэсэн байна. Тиймээс өнөөдөр гэмээ цайруулахын тулд бас л алдаж байна. Байгуулахыг зорьж буй хүмүүнлэг ардчилсан нийгмийнхээ гол зарчим болсон иргэдийн тэгш эрхийн мөн чанарыг тэд бас л ойлгосонгүй. “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг бантахдаа өөрсдийнхээ эрхийг хязгаарласан журам заавар гаргадаг болжээ.
Зүй нь тэд өөрсдийн ёс суртахуунгүй байдалдаа дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээж, олон түмнээсээ өршөөл, уучлал гуйж, цаашид хууль бус, ёс зүйгүй зүйл хийхгүй баталгаа, ам тангарагаа өгөх ёстой бус уу. Түүнээс бус өөрсдийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эрхийг хязгаарлах эрх зүйн баримт бичиг гаргаж Үндсэн хуулиа зөрчих шаардлага байхгүйсэн.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ Үндсэн Хуулийн эхийг баригч Б.Чимид асан нэгэнтээ “Үндсэн хууль нь Монголын ардчилсан нийгмийн оршин хөгжих суурь, араг ясыг зангидсан, бэхжүүлсэн, ардчилсан төрийн гол хууль юм.” гэсэн байдаг билээ.
Манай улс төрчид, төрийн албаныхан үнэхээр энэ үгийг ойлгохгүй, санахгүй, эрх мэдэлдээ согтоод, Үндсэн Хуулийнхаа үзэл санааг олж харахааргүй харалган болчихжээ. Та минь ээ!
ТЭГШ БАЙДАЛ
Бас л Үндсэн хуулиндаа дахиад хандая. Үндсэн Хуулийн “Монгол Улсын бүрэн эрхт байдал” гэсэн Нэгдүгээр Бүлгийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээн зааснаас тэгш байдлын зарчим өнөөдөр Монголд хэр хэрэгжиж байгаа билээ.
Хүний эрх, эрх чөлөөг тугаа болгосон монголчууд бид 1990 онд ардчилсан өөрчлөлтийг хийж, зах зээлийн эдийн засгийн замаар 30 орчим жил хөгжиж ирлээ. Үр дүнд нь багагүй ололтод хүрснийг үгүйсгэхийн аргагүй ч, бидний хүрсэн нийгэм маань хүсэн хүлээсэн ардчилалын үнэт зүйлсийн маань нэгэн хэсэг болсон нийгмийн шударга ёс, тэгш эрхийн зарчим зөрчигдсөн “гажигтай” ардчилал болоод байгаагийн нэг шалтгаан бол нийгмийн тэгш байдал ноцтой алдагдсан явдал юм.
НҮБ болон ОУВС, Дэлхийн Банк зэрэг манайд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажиглагчид “Монголын эдийн засаг өсч, нийгмийн баялаг арвижсаар байгаа ч ард иргэдийн аж байдал тэр хэрээр сайжрахгүй байгаа бөгөөд баян, ядуугийн ялгаа бүр ихэсч байна” гэж дүгнэдэг нь хоосон үг биш. Манай нийгмийн тэгш бус байдлыг олж харж, шүүмжилж, юу хийх ёстойг зөвлөж байгаа хэрэг.
Уг нь хүн амын олонхи нь “дундчууд байж” гэмээн нь нийгмийн тэгш байдал хангагдаж, нийгмийн тогтвортой байдал хангагддаг учиртай. Иймээс 2016 онд батлагдсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт манай орон 2030 он гэхэд “Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг, дундаж давхаргын ангилалд багтсан” байх зорилтыг дэвшүүлсэнсэн. Гэвч одоо хүртэл дудчуудын нийгэмд эзлэх хувийн жин дорвитой нэмэгдэхгүй хэвээр байна.
Өнөөдөр Монголын нийгмийн тэгш бус байдлын нэг тоон үзүүлэлт бол ядуурлын түвшин болоод байна. Хорьдугаар Зууны төгсгөлд 36 орчим хувьтай байсан Монголын ядуурлын түвшин 2014 оны үед 21,6 хувь хүртэл буурч ирсэн боловч 2016 оны эцсээс 29,6 хувь болж эргээд өссөн байна. Энэ хэмжээгээр дундчуудаас ядуурал руу гулсан орогсдын хувийн жин нэмэгдэж буй хэрэг.
Нийгмийн тэгш байдал ийнхүү алдаж байгаагаас үүдээд хүсэн хүлээж байсан ардчилсан нийгмийн талаарх хүмүүсийн төсөөлөл бодит байдалтай зөрчилдөж, иргэдийн шударга ёсны тухай хүсэл мөрөөдөл унтарч, уналтад орж, олон нийтийн бухимдал газар авч, зарим тохиолдолд хүчирхийлэл, нийгмийн хувьсгалын тухай үзэл санаа газар авч, нийгэмд аюул учруулахуйц байдал бий болж байгаа нь нууц бишээ.
Иргэдийн орлогын тэгш бус байдал бусад орнуудад ч, тухайлбал, АНУ болон Европын Англо-саксоны орнуудад нилээд гүнзгий ажиглагдаж, олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэх хандлагатай нийгмийн үзэгдэл болоод байгаа хэдий ч үүнээс зайлсхийх боломж нөхцөл байгааг бид санах учиртай.
Бидний хувьд хөгжлийн үлгэр жишээ болох нийгмийн тэгш байдлыг сайтар хангасан нийгэм бол өнөөгийн дэлхий ертөнц дээр Европын Умардын орнууд буюу Швед, Дани, Норвени, Финланд, Исланд зэрэг орнуудын хөгжлийн загвар юм. Эдгээр оронд хүн амын 80-90 орчим хувь нь дундчууд болон чинээлэг дундчууд байдаг.
Энэ загвар нь хөгжингүй болон хөгжиж буй бусад орныг бодвол бүх нийтийн сайн сайхан нийгэм байгуулах зорилтыг зах зээлийн холимог эдийн засагтай зүй зохистой хослуулж чадсанаараа онцлогтой билээ. Ингэхдээ хүний үндсэн эрхүүдийг бүрэн дүүрэн хангахуйцаар хувь хүний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангахуйц эдийн засгийн бодлогыг тогтвортой явуулахад голлон анхаарч байдаг.
Умардын загвар нь хөгжингүй бусад орнуудыг бодвол ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах болон өргөн хүрээтэй тэтгэмжийн түвшин, дахин хуваарилалтын шударга, өндөр хэмжээ,өргөтгөсөн төсвийн бодлогын чөлөөт байдал зэргээрээ давуутай байдаг. Эдгээр нь иргэдийн орлогын ялгаварыг хамгийн бага байлгах боломжийг бүрдүүлж өгч байдаг ажээ.
Орчин цагийн Умардын орнуудын төрийн гурван тулгуур бодлого нь:
а/ Нийгмийн тэгш бөгөөд өндөр хамгаалал,
б/ Эмнэлэгийн салбарын төгс үйлчилгээ,
в/ Бүх шатны төлбөргүй боловсрол байдаг.
Эдгээр орны эмнэлэгийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал нь иргэн бүртээ өөрсдийнсанхүүгийн боломжоос үл хамааран тэдгээрийг тэгш хүртэх нээлттэй, хамгийн өндөр хүртээмжийн түвшинг хангасан байдаг байна. Тэгвэл төлбөргүй боловсрол нь нийгмийн дотоод хөдөлгөөнийг идэвхижүүлж, эцэг эх, гэр бүлийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээнээс хамааралгүйгээр мэдлэг, боловсролоо дээшлүүлж, байр сууриа нэмэгдүүлэх эрмэлзлэл, тэгш боломжийг залуу хүн бүрт олгож, ингэснээр нийгмийн дундаж давхаргын хүрээ тууштай өсөн нэмэгдэх суурь нөхцөл бололцоог олгож байдаг байна.
Гэтэл манайд үнийн болон валютын ханшийн өсөлт нь цалин, тэтгэврийн өсөлтийг гүйцэхгүй хэвээр байгаа төдийгүй, эмнэлэг, боловсрол зэрэг нийгмийн тэгш боломж, тэгш байдлыг хангах гол үүрэгтэй салбаруудын хоцрогдол нь нийгмийн хөгжлийн тогтвортой өсөлтийг боймолсоор байна.
Үүнд л Монголд нийгмийн тэгш байдлын зарчим хангагдахгүй, олон нийт бухимдалтай байдгын учир оршино.
Уг нь манай эрдэмтэд, судлаачид ч энэ дүгнэлттэй санал нэг байж, гарц гаргалгааг ч санал болгосоор байдаг. Тухайлбал, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Макро эдийн засгийн тоонуудаас харахад, эдийн засаг харьцангуй сайжирч буй нөхцөл байдал ажиглагдаж байна. Энэхүү өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгаа нь үнэн. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар орчим. Энэ тоо эдийн засгийн өсөлтийг зөв илэрхийлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй, хоёрдугаарт, тэгш бус байдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нийслэл, хөдөө орон нутагт өөр өөр. Өндөр өсөлттэй тоонууд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт хангалтгүйгээс иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгаа юм. Иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж, боловсролын нөхцөл байдал ч сайжирсангүй. Мөн гэмт хэргийн гаралт өссөөр байгаа нь иргэдийн ядууралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй бус байна гэсэн үг.” гэж дүгнээд хүртээмжийг бий болгож, нийгмийн тэгш байдлыг хангахын тулд:
Нэгдүгээрт, төрийн тогтолцоо, засаглалын чадамжаа сайжруулах,
Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцээ сайжруулах,
Гуравдугаарт, хүндээ чиглэгдсэн зөв эдийн засгийн бодлого, зөв нийгмийн халамжийн бодлого явуулах шаардлагатай болохыг зөв зүйтэй тодорхойлжээ.
ТЭГШ БОЛОМЖ
Манай улсад нийгмийн тэгш байдал хангагдахгүй байгаагийн бас нэг учир шалтгаан бол иргэдийнхээ өмнө тэгш боломжийг нээж өгч чадахгүй байгаа явдал. Ялангуяа эрх мэдэлд хамгийн ойр байдаг улс төрчид, төрийн албан хаагчид нь нийгмийн баялагаас хүртэх боломжийг илүүтэй эдэлж, хөрөнгөжиж, баяжих үзэгдэл газар авсанд нийгмийн олонхи нь бухимдан, дургүйцэх болсон явдал үүнийг илтгэнэ.
Үүний нэг гол жишээ. Ард түмний мэдэлд байгаа засгийн эрхийг хэрэгжүүдэг төрийн рэх барих дээд байгууллагын гишүүдийн зүгээс өөрсдөө эрх хэмжээг хэтрүүлж, Үндсэн хуулиа ноцтой зөрчиж байгаагийн хамгийн тод томруун жишжж бол “Гишүүдийн тойрогын мөнгө”. УИХ-ын тогтоолоор шийдсэн гишүүд сонгогдсон тойрогтоо зарцуулах энэ мөнгөний хэмжээ анх 1-2сая төгрөгөөр эхэлж байсан бол өдгөө 10 Тэрбум төгрөгт хүрчээ. Ард түмний зарц байх учиртай эрхэм гишүүд маань тэднийхээ тэгш боломжийг боон хаагдуулж, өөрсөддөө давуу эрх олгож, тэгш эрхийн зарчмыг нь зөрчиж байна. Тэд уг нь улсын жил бүрийн нэгдсэн төсвийг Засгийн газрын оруулж ирснээр хуулийн хүрээнд хэлэлцэж, батлах л үүрэгтэй. Гэтэл оруулж ирсэн төсвийг өөр өөрсдийн дур зоргоор өөрчилж, тойрог бүртээ нэмэлт төсөв гаргаж авч, төсөв, хөрөнгөө зарцуулах эрхтэй Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын эрх мэдлийг булаан авч хэрэгжүүлдэг болоод удаж байна. Үүнийг нь олж харж, нийгмийн тэгш байдлыг алдагдуулж буй засаглалын гол алдаа хэмжээн шүүмжилж буй буй хүн ч цөөнгүй байдаг. Гэтэл хууль тогтоогчид маань огт сонссогүй юм шиг дүлхий дүмбэ оргин суусаар байна.
Ардчилалын үлгэр жишээ болсон улс орнуудад Парламентын гишүүд нь сохор ч зоос бие даан зарцуулах эрхгүй байдаггүй бид сайн мэднэ. УИХ-ын гишүүд маань ч мэдэж л байгаа нь дамжиггүй. Шударга ёс жинэнэ утгаараа хэрэгжсэн тэдгээр оронд Парламентын баталсан төсвийг юунд зарцуулахаа муж, хот, тосгоны коммун гэх мэт нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь манайхаар бол аймаг, сумдын ИТХ нь шийддэг. Манайх ч уг нь ингэж иргэдийнхээ тэгш эрх, тэгш боломжийг нээж өгөх хуультай. Гэтэл энэ чухал зарчим алдагдаж, УИХ-ын үе үеийн гишүүд өөрсдийн “тойрогын мөнгө” гэгчийг байнга өсгөн нэмэгдүүлж, төсөвлөж ирсэн учир өнөөдөр манай төрийн ужиг өвчин болсон байна. Энэ тухай сонссон Шведийн Риксдагын гишүүн, миний нэгэн танил маань “Манайд бол Парламентын гишүүд нэг ч цент зарцуулах эрхгүй. Танайд 2 орчим сая ам.доллар зарах эрхтэй юм бол 76 гишүүн чинь дахин сонгогдох магадлал маш өндөр, сонгуулийн тэгш боломж үнэхээр хаалттай юм байна шүү дээ” гэж билээ.
Ингэснээрээ УИХ-ын эрхэм гишүүд маань тойрогтоо “дархлагдаж”, түүнтэй эн тэнцүү өрсөлдөх, мөнгөгүй ч гэсэн мэдлэг боловсролтой, чадалтай хүн гарах улс төрийн боломж, бололцоог нь мөнгөний хүчээр хааж байгаа хэрэг л дээ.
Тэгш боломжийг хааж буй өөр нэг учир шалтгаан бол яах аргагүй авилга мөн. Чин шударга хөдөлмөрөөрөө биш, харин эрх мэдэлд ойр байдлаа ашиглан, хөрөнгөжих, баяжих энэ арга үнээр үндэсний эмгэнэлд хүргээд байна.
Эрх баригчид, ер нь улс төрчид маань хүний сонгох, сонгогдох тэгш боломжийг мөнгөөр хаагаад зогсохгүй нийгмийн тэгш эрхт гишүүн байх эдийн засгийн тэгш боломжуудыг нь хаасаар байна.
Арваад хоногийн өмнө өнөөгийн Засгийн газрын хоёр сайд нь БНХАУ-аас 10 сая ам.долларын авлига авсан дуулианд нэр холбогдсон бол дахин нэг сайдад нь 1.2 сая ам.долларын авлига өгсөн асуудлыг Франц улс шалгаж байна гэх олон улсын өмнө шившиг болсон мэдээлэл гарч ирлээ. Хэрэв энэ үнэн бол 1.2 сая ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл 3.2 тэрбум болох хэмжээний валютыг нэг сайд эрх мэдэл, байр сууриа ашиглан улс орондоо биш, амин хувьдаа шингээчихжээ.
ЖДҮ хөгжүүлэх сангаас тэрбум, хэдэн зуун саяаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. Шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авах эсэх нь тоцорхойгүй л байна.
Улс төр, эрх мэдэл гэдэг ийнхүү нэг хэсэгт нь илүү боломжийг олгодог болсон тул өнөөгийн залуучууд чин шударга хөдөлмөрөөс зайлсхийж,“цүнх барьж” улс төрд орох, төрийн албанд шургалан, үтэр түргэн баяжихыг илүүтэй мөрөөдөх болсон байна.
“Социнтерн” хэмээх Зүүн, Зүүн төв намуудын олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагын бүрэн эрхт гишүүн Зүүн төвийн үзэлтэй, шударга ёсны зарчимтай МАН-ын үзэл баримтлал, зарчмууд нь алдагдаж, гишүүд нь учраа олохоо больж, залуучууд нь гагцхүү эрх мэдэл, мөнгөөр үнэлэмж баримжаалалаа хийдэг болоход хүрсэн байна.
Тиймээс ч “овоо босгоогүй бол шаазгай юундаа суухав” гэдэг шигМонголд цорын ганц Баруун төвийн нам байхаа ойрмогхон зарлаад буй АН-ын зүгээс МАН-ыг хайр найргүй шүүмжлэл, дайрах болжээ. Энэ шүүмжлэл, дайралтууд нь ч оргүй биш, үндэслэлтэй, бас цагийг нь олсон байхыг нь яанаа.
Өнөөдөрхөн АН-ын дарга С.Эрдэнэ “У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд ямар ч бодитой бүтээн байгуулалт хийсэнгүй, нийгэмд шударга ёсны хэрэгжилтийг хангасангүй гэж АН үзэж байна. Тиймээс бид тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Бид энэ удаад зөвхөн жагсаад зогсохгүй. Бүтэн сарын улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ. Монголын ард түмнийг өмөөрч байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга” хэмээн мэдэгдчихлээ.
Эрх баригчид минь хоорондох талцал, хуваагдал, сандал, суудалханаа мартаж, үзэл баримтлалаа нэг эргэн санаж, улс орноо бодох цаг чинь болсон бус уу?
Тэгэхгүй бол та нараас тэгш боломж горьдсон ард түмэн та бүхнийг түүхийн тавцангаас арчин хаяхад бэлтгэгдсээр байна шүү!
ОББЭЭ, Доктор Б.ЭНХМАНДАХ
2019 оны 5 дугаар сарын 23
Зочин
Зочин
Чулуун
Иргэн
Ахмад настан
Зочин
Бек
Үр могойн Эцэг хэн бэ?