МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилж, үүнд спортын холбоод, энэ салбарт хамааралтай бүхэн онцгой анхаарч эхэллээ. Үүнтэй холбогдуулан биеийн тамир, спортын салбарт 41 жил ажилласан Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор Л.Нямтай ярилцсанаа хүргэе. Тэрбээр гавьяаны амралтдаа гарч, СХД-ийн БТСХ-ны зөвлөхөөр ажиллаж байна.


-Юуны өмнө МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг эхлээд байна. Эхний хэлэлцүүлэг амжилттай болж, үргэлжлүүлэн хэлэлцэхээ мэдэгдээд байгаа. Та энэ салбарт олон жил судалгаа хийсэн, хөгжлийн бодлогыг боловсруулалцаж холбогдох хуулиуд дээр ажилласны хувьд оролцох байх?

-Би энэ асуудлыг шинжлэх ухаан талаас нь авч үздэг. Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэргэдэх Биеийн тамир, спортыг хөгжүүлэх орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Биеийн тамир, спортын хуулийг батлагдахаас өмнө л төсөл дээр нь ажиллаж, өдөр шөнөгүй “нухаж” байсан, Баяр наадмын тухай хуулийн төсөл дээр гардан хийж байсны хувьд МҮОХ-ны дүрмийн талаар надад хэлэх зүйл цөөнгүй бий. Нэлээд сайн зөвлөгөө өгч ч чадна. Ерөнхийлөгч Х.Баттулга спорт холбоодын асуудлыг цэгцлэхэд анхаарч тодорхой чиглэл өгсөн. Уг нь энэ бол МҮОХ-ны ажил шүү дээ. МҮОХ-ны дүрмийн хэлэлцүүлгийг дөнгөж саяхан мэдлээ. Мэдээлэл өгөхгүй байсан юм. Ер нь мэдээлэл их явцуу хүрээнд тараагддаг. 

-МҮОХ-ны дүрмээс юуг хамгийн түрүүнд өөрчлөх шаардлагатай байна вэ?

-Цаг үе нөхцөл байдал өөр болсон. Тиймээс МҮОХ-ны статус, бүтэц, орон тоонд ч өөрчлөлт оруулах цаг шаардлага бий болсон. Нээлттэй, ил тод байх зарчим дээр л бүх юм явагдах ёстой. Гол асуудал МҮОХ-ны гишүүдийг сонгохоос эхлэлтэй. Арай дэндүү болчихоод байна. Аймаг, нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, газрууд оролцох нь зүйтэй. Гэхдээ санал өгөх явц ил тод байх, тавигдах шалгуурыг тодорхой бөгөөд өндөр болгохгүй бол болохгүй. Жишээ нь БТСХ, аймаг, нийслэл, дүүргүүдийн биеийн тамир спортын газар гээд л дарга нь шууд автоматаар гишүүн болчихдог. Үүнд заавал дарга нь орох ёс байхгүй. Эрдэмтэн, дасгалжуулагч, хэн ч байж болно. Гэхдээ тэр нь тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Нас ч харгалзах хэрэггүй. Хамгийн гол нь олимпизмийн үйлст хувь нэмрээ оруулж чадах мэдлэг боловсрол, чадвар, туршлага, олимпт биеэр оролцож үзсэн, биеийн тамир спортын байгууллагад нэлээд “нухлагдсан” тодорхой саналуудыг хэлж чадахуйц тийм л хүн байх ёстой. МҮОХ спортын холбоодын үйл ажиллагааг үнэхээр муу зангидаж байгаа. Мөн Оюуны өмчийн газар гэж байна. Би дөнгөж сая очоод ирлээ. Их будилаантуулж байгаа газар. Жишээ нь спортын аль нэг төрлөөр холбоо, клуб, судалгааны байгууллага шинээр байгууллаа гэж бодъё. Оюуны өмчийн газар энэ талаарх зөвшөөрлийг биеийн тамир спортын хамааралтай бүх төрийн бус олон нийтийн байгууллагад зөвшөөрөл өгдөг. Өөр нэг байгууллага очихоор дахиад л өгчих юм. Ганцхан үгээр өөр нэртэй. Үйл ажиллагаа нь бүгдээрээ ижил шүү дээ. Сагсан бөмбөгийн гурван холбоо гэхээс эхлээд бүгдийг давхардуулж өгч байна. Анх л оюун ухаанаа шингээж үүсгэн байгуулаад, тив, дэлхийн бусад холбоодтойгоо холбоо тогтоож хамтарч ажиллаад өдий хүртэл явж байгаа бүх баталгаа нь байсаар байтал дөнгөж сая шинээр байгуулагдсан холбоо гарч ирээд будилаантуулж байна. Ингэж болохгүй. Энэ бол Биеийн тамир, спортын байгууллагын биш Оюуны өмчийн газрын буруу. Үүнийг цэгцлэх ёстой. Үнэхээр шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа бол тухайн спорт холбоог яах вэ гэдгийг шийдэж яаралтай цэгцлэх үүрэг МҮОХ-нд бий. Шалгуураа тогтоож, шалгууртаа тэнцэхгүй бол удирдлагыг нь солиод эмх цэгцэд нь оруулахын шаардлагатай. Ийм ажлаа хийж, шийдэж чадахгүй яваад байдаг. 

-Та МҮОХ-ны гишүүнээр ажиллаж байсан уу?

-МҮОХ-ны гишүүн байгаагүй. Гишүүн нь болохын тулд олон ч холбоо байгуулж байлаа. Эмэгтэй чөлөөт бөхийн холбоог анх байгуулж найман жил, Монголын паралимпийн холбоог анх 1995 онд байгуулж, долоон жил удирдаж, өнөөг хүртэл хөгжүүлж, улсын төсөвт оруулж долоон жил ажиллаад МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд өгсөн. Тухайн үед би БТСУХ-нд Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Газар, хэлтсийн дарга нар холбоог давхар удирддагаа боль гэдэг шаардлагыг тавьж эхлээд байсан юм. Төсөв авдаг болохоор ч тэр үү, тэр үед энэ холбоог удирдахад санаархдаг хүн олон байсан болохоор Би Д.Загдсүрэнд өгөхдөө “Паралимпийн холбоо нь МҮОХ-той нэг чиглэлийнх юм чинь МҮОХ-ны ерөнхийлөгчийн хувьд та удирдах нь зүйтэй. Цаашид би авч явахад хүндрэлтэй байна” гэдгээ хэлсэн. Д.Загдсүрэн дурамжханаар “За яахав хүлээгээд авчихъя гээд тамга, тэмдэгтэй нь авсан. Одоо надад Ширэн бөхийн холбоо, Мас-рестлингийн холбоо, хувиараа Эрдэм шинжилгээний хүрээлэн, Биеийн тамир спортын шинжлэх ухааны Академи зэргийг байгуулсан. Энэ олон холбоодоо алийг нь ч төлөөлөөд МҮОХ-нд оръё гэхэд оруулдаггүй л юм даа. 

-Юу гэж хэлээд оруулдаггүй юм бэ?

-Шинэ холбоо учраас оруулахгүй. Тогтворжоогүй, хөрөнгө мөнгө байхгүй. Хуучнаа яая гэж байна гээд оруулдаггүй. Гэтэл бисалбартаа анхны шинжлэх ухааны доктор юм шүү дээ. Миний дараа Алтанцэцэг хамгаалсан. Би Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийг 2009 онд ёстой л тавхайгаа эргэтэл гүйж байж байгуулсан. Ч.Зоригтбаатар бид хоёр хамт явж байсан нь үнэн л дээ. Гэхдээ намайг захирлаар нь томилсон тушаал нь БСШУСЯ дээр одоо ч байгаа. Ч.Зоригтбаатарын ах Ч.Наранбаатар БТСУХ-ны даргаар ажиллаж байсан. Энэ сургууль байрны түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр төлдөггүй, анх БСШУСЯ-ны дэргэдэх сургууль гэж байгуулагдсан. Биеийн тамираар төрөлжсөн ганцхан дунд сургууль яамны дэргэд байж болохгүй гээд Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлье гээд, дүүргээс төсөв авдаг, бусдыг нь идэж байдаг хүмүүс байсан.

-Хэр орлоготой байгууллага вэ?

-Сургуульанх юу ч үгүй л байсан. Би гурван сая төгрөгийн ширээ сандал авч Ч.Зоригтбаатарын өрөөг тохижуулсан. Одоо хүртэл өгөөгүй. Би тэр хүн намайг өөртөө авчихаж гэж бодох вий гэж одоо хүртэл санаа зовж явдаг. Хандиваар хүүхдүүд ордог, дээр нь төсөв хүрэлцдэггүй учраас нэмж төлбөр авдаг байсан. Би Ч.Зоригтбаатарт атаархсандаа ярьж байгаа юм биш. Намайг энэ сургуулийг байгуулахад ямар ч хамаагүй байсан мэт огт нэрийг минь дурддаггүйд гомдож явдаг. Ой нь болно, “Нямаа бид хоёр анх байгуулж байлаа” гээд ярьж байсангүй. Ойдоо урьж байсангүй, миний ганц зургийг ч самбартаа тавьж байгаагүй. Би тэр сургуулийг байгуулж анхны захирлаар нь томилогдоод, дараа нь зургаан сар цалингүй сургалтын менежерээр ажиллаад халагдсан. Би дунд сургуулийн хөтөлбөр төлөвлөгөөг сайн мэдэхгүй. Их спортын л хүн шүү дээ. Ингээд хөтөлбөр, төлөвлөгөөтэй болгож, сургалтын албыг нь хашиж ажиллаж байгаад халагдсан. Ийм түүхтэй.

-Одоо МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай ярьж байна шүү дээ. Энэ талаар та хэлэлцүүлэгт оролцож болох байх.

-МҮОХ-ны гишүүн болох боломж олддоггүй юм билээ. Шинэ дүрмээр яахыг харж л байна.

-Яагаад ийм итгэл алдарсан байдалтай байна вэ. Ингэхэд МҮОХ-ны ерөнхийлөгчид өөрт нь асуудал байна уу?

-Д.Загдсүрэн бид хоёр бол гэмгүй танилууд. Би 1991 оны Барнод болсон ДАШТ-д Д.Загдсүрэнг анх удаа эмчээр авч явж байлаа. Намайг 1997 онд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхад МҮОХ-ны ерөнхийлөгчөөр талийгаач Ш.Отгонбилэг сонгогдсон. Тэгэхэд миний нэр хүртэл орж өрсөлдөж байсан. Олон хүн шалгаж байсан юм билээ. МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн академийн ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг байсан. Лхагвасүрэн багш хоёр жил хийгээд, бурхан болсон. Дараа нь ямар замаар гэдгийг бүү мэд Ч.Зоригтбаатарын мэдэлд очсон. Үүнээс хойш хувийн эрх ашигтаа л нийцүүлж ажиллах болсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Уг нь Академийг маш өргөн цар хүрээтэй ажиллуулах боломжтой. Жишээ нь зөвхөн МҮОХ-ны харьяа боловч сургалт, судалгааны ажил нь маш өргөн хэмжээнд явуулах боломжтой байгууллага. Олон улсын байгууллагуудтай нягт холбоотой ажиллах ёстой. 

-Одоо энэ Академи хаана байрладаг вэ. Олимпизмд шинжлэх ухаанчаар хандах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ач холбогдол өгөх, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэх шаардлага улам нэмэгдэж байна. МҮОХ-ноос эрдэмтэд судлаачдаа хаслаа гэдэг гомдол одоо ч тасардаггүй?

-Одоо МҮОХ-ны байранд нэг өрөөнд хэдхэн хүн суугаад ажиллаж байна. Нэр төдий л байгууллага болсон. Нэр ч үгүй болсон байх. Олимпийн Академийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг байж магадгүй. ОУОХ-ны дэргэд Олон улсын олимпийн академи гэж бий. Гишүүн улс орнуудад салбартай. Түүний л салбар шүү дээ. Тэндээс чиглэл авч хийх ажил зөндөө байдаг. МҮОХ-ны гишүүнээс эрдэмтэд судлаачдыг хассанд их харамч явдаг. Оюунлаг төлөөлөл эрдэмтэн, судлаачлын төлөөлөл заавал байх ёстой. Тэдний саналыг сонсч, судалж, хамгийн ихээр ашиглах ёстой. Хорооны гишүүдийг 100 хувь гэж үзэхэд төдөн эрдэмтэн, судлаач гэж лимит тогтоож өгөх ёстой. Манайх 35 орчим эрдэмтэнтэй гэдэг. Яагаад тэднээс гурвыг МҮОХ-ны гишүүнээр оруулж болдоггүй юм бэ. Д.Загдсүрэн өөрөө эрдэмтэн хүн. Тэгсэн хэрнээ эрдэмтдээ орхигдуулсан. Яагаад санаачлаад гурван эрдэмтэн оруулчихаж болохгүй гэж гээд бодохоор их сонин. “Бөртэ чоно наадамд яагаад эрдэмтэн хүн шалгаруулж болдоггүй юм бэ” гэдэг асуудлыг би олон жил хэлж байгаа. Сэтгүүлчид шалгаруулдаг юм гэдэг юм гээд халгаадаггүй. 2017 оны “Бөртэ чоно” наадмаар бага эмч Энхбаярыг шилдэг эрдэмтэнээр шалгаруулсан. Эмч, эрдэмтэн тусдаа шүү дээ. 

-МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байна. Энэ албан тушаалд ямар хүн байх ёстой юм бэ?

-Ерөөсөө нийгмээрээ мөнгөний төлөө өрсөлдөөн болж. МҮОХ-ны нэрийг ашиглаж олон улсын байгууллагад ажилладаг байх хэрэгцээ, ямарваа нэг хувийн ашиг сонирхол, мөнгөний үнэрээр л МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх болсон нь жилээс жилд харагдах болсон. МҮОХ-нд спортын хүүхдүүд, бизнесийн хүмүүсийн хэрэг байхгүй шүү дээ. Дахин хэлэхэд МҮОХ-нд мөнгөтэй хүн оруулах хэрэгцээ, шаардлага байхгүй. Ерээд оны сүүлч, 2000-аад оны эхэн, дунд үе хүртэл үнэхээр хүнд хэцүү байсан. Гэхдээ Удирдах зөвлөлд байж болно. Энэ байгууллагын “толгой” бол биеийн тамир, спортын мэргэжлийн өндөр чадвартай хүн л байх ёстой. Өөрсдөө ОУОХ-ноосзохих зардлаа авчихаад ажлаа хийхгүй байна. Ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Одоо МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгохдоо биеийн тамир, спортын салбарыг цэвэр ариунаар хөгжүүлэх, олимпизмыг хөгжүүлэх, олимпийн “Үндсэн хууль” гэгддэг Олимпийн Хартид нийцүүлж ажиллаж чадах уу гэдгийг л харах ёстой. Нэр цэвэр хүн байх ёстой. ОУОХ-ноос ёс зүйн тал дээр, авлигын асуудал дээр онцгой анхаарч байгаа учраас Монгол Улс нэрээ бодож цэвэр хүнээр үндэсний олимпийн хороогоо удирдуулах нь зүйтэй гэж бодож байна. Албан тушаал, улс төрийн нөлөөгөөр томилогдвол олигтой хөгжихгүй. Мөнгө хэрэгтэй байж болно. Олимпийн хартид нийцүүлж зохих хууль дүрэм журмаар нь хөөцөлдөөд авч болох хөрөнгө оруулалтын боломж бий шүү дээ.

-Та аймаг, нийслэл, дүүргүүдийн Биеийн тамир спортын газруудтай байнга холбоотой ажиллдаг, газар дээр нь очиж танилцдаг байлаа. БТСГ-ын дарга нараас гадна олимпийн танхимын эрхлэгч гэж хүмүүс байдаг, тэдгээр нь олимпийн зөвлөлдбагтдаг, МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоход санал өгдөг байх юм. Энэ хүмүүсийн оронд эрдэмтэд судлаач нар нь түүхээ ч, хөгжлийн ирээдүйгээ ч харж чаддагийн хувьд МҮОХ-ны гишүүн байсан бол гэж харамсах хүн цөөнгүй байх юм. Танд ийм байдал ажиглагдав уу?

-Олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, сургалт судалгааны ажил зохион байгуулах ёстой зарчимтай л ажил байгаа юм. Явуулж байгаа үйл ажиллагаа нь чамлалттай. Ерөөсөө үйл ажиллагаа явуулахгүй байна шүү дээ. Би орон нутгаар ч, нийслэл, дүүргээр ч их явж ажиллалаа. Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлыг 11 жил удирдлаа. Арай гэж долоон хүнтэй сургалт судалгааны албатай болчихоор татан буулгачихдаг, эсвэл өөр албатай нэгтгэчихдэг. БТСУХ-ны даргаар Ч.Наранбаатар ажиллаж байх үед оргүй хоосноо бодвол баг болгож ажиллуулсан. Унгарын эрдэмтэн Георгий Янош бид хоёр 2007 оноос хойш одоог хүртэл ажиллуулсан. Янош маань ч нутаг буцсан. Ингээд урд хожид байгаагүйгээр долоон хүнтэй баг сайхан ажиллаж байтал “устгачихлаа”. Үүнд хувийн ашиг сонирхол орсон гэж би боддог. Уг нь Ц.Шаравжамц дарга анх томилогдож ирэхдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэгдүгээрт тавина, дэмжинэ гэж байсан. Гэтэл Спортын анагаах ухаан, судалгааны алба болгосон. Тэнд эрдэм шинжилгээний ажилтан бараг байхгүй болсон. Эмч нар л үлдсэн. Би үүнийг босгох гэж их зүтгэсэн. Хүрээлэн болгох гэхээр хүрээлэн болгож өгдөггүй. Ингэж л эрдэмтэн судлаачдадаа, эрдэм шинжилгээ, сургалт судалгаандаа огт анхаарахгүй байгаад санаа зовинож явдаг даа.

-МҮОХ бол ОУОХ-ноос Монголын биеийн тамир спортын хөгжилд ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг судалж хөөцөлдөж оруулж ирдэг байх ёстой. Түүнийгээ ил тод нээлттэй танилцуулж салбарынханаа оролцуулж хөгжүүлэх хэрэгтэй гэх шүүмжлэл олонтаа сонслоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ. Эрдэмтэн хүний хувьд танд бас нэлээд төсөл хөтөлбөрүүд “дарагдсан” байдаг гэж сонссон юм байна?

-Харин тэр л дутагдсан. Олимпийн хөтөлбөр, өндөр үнийн дүнтэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмждэггүй. Надад ч маш ашигтай үр дүнтэй төсөл хөтөлбөрүүд байна. Биеийн тамир спортын газрууд ч дэмждэггүй, МҮОХ ч сонирхдоггүй. Энэ талаар би хэзээ ч ярьж байгаагүй асуудлыг та хөндлөө. Миний хувьд эмзэг сэдэв гэх үү дээ. Миний бичиж хэвлүүлсэн, олонд хүргэсэн ном бүтээлүүд бий. Энэ номыг эргүүлж үздэг хүн МҮОХ-нд байдаггүйд харамсч явдаг юм. Нямын бичсэн номд МҮОХ-нд хэрэгтэй нэг үг, санаа ч гэсэн байсан л байлгүй дээ. Ядаж төсөл хөтөлбөрүүдийг нь сонирхдог мэргэжлийн хүн ч алга. Би МҮОХ-ны ерөнхийлөгчид шинэ онол аргачлалын талаарх номоо өгсөн. Өнөөдрийг хүртэл ганцаарчилж болон хамтарч бичсэн 73 ном надад бий. Спортын салбарт над шиг ийм олон ном бичсэн хүн байхгүй биз. Эдгээр номын 30 хувь нь бөхийн талын, гэхдээ дандаа онол аргазүйн судалгааны бүтээл байдаг. Сургуулиуд, оюутнууд бол уншиж ашигладаг. Мөн биеийн тамир, спортын салбарт анх удаа англи-монгол-орос хэлний 3000 гаруй үгтэй толь бичиг зохиосон. Үүнийг хүмүүс их сонирхдог. Бас спортын 80 гаруй төрлийн түүх, хөгжил, дүрэм, тоног төхөөрөмж, онцлогуудыг харуулсан англи-монгол хэлээр орчуулсан ном гаргасан. Би Д.Загдсүрэн ерөнхийлөгчид өөрт нь ч номоо удаа дараа өгч байсан. Зав ч байдаггүй л биз. Уг нь энэ бүтээлүүд бол олимпийн хөтөлбөрт үнэ цэнтэй л эд байх учиртай. Зохих төсөл хөтөлбөрийг нь олж ирээд бидэнд зохих ажлын хөлсийг нь өгөөд дайчилж ажиллуулбал спортын салбарын хөгжилд хэрэгтэй ажил мөн ч их байна. Даанч хөөцөлдөхгүй юм. БСШУСЯ ч мөн адил, төсөл хөтөлбөрүүдээ өгөхөөр эргээд хариу өгдөггүй. Заавал сайн сайхан хариу авах чухал биш. Ядаж юу нь болохгүй, ямар шаардлага хангахгүй байгааг хэлсэн хариу өгч болмоорсон. Тэр чигтээ алга болчихдог. Сүүлдээ жилээс илүү хугацаагаар алга болчихоор нь хав дарж байгаад өөр хүн хэрэгжүүлчихдэг юм биш байгаа гэж хардахад хүрч байна. Тэгж хохирсон хаширсан хүмүүс ч хэлэх боллоо. Яамныхан болохоор технологийн газар руу ч юм уу, өөр хоорондоо шилжүүлсэн гээд байдаг, БТСУХ энэ жил бодлогоор дэмжинэ гэж жил бүр хэлээд яам руу ороод дэмжигддэггүй. Дээр би хэлсэн, мэдээлэл дутмаг байна. Жишээ нь Биеийн тамир спортыг хөгжүүлэх сан гэж байдаг юм байна. БСШУСЯ дээр байгуулагдсан, энэ хоёрдугаар сарын 11-ний дотор төслөө өгсөн байх ёстой гэнэ. Биеийн тамир спортыг хөгжүүлэх дөрвөн чиглэлийн төсөл байдаг юм байна. Сэргээштэй холбоотой асуудлаар, их спортын чиглэлийн сургалт судалгаа, технологи, шинэчлэлээр, нийтийн биеийн тамирын чиглэлээр, шинэ дэвшилтэт технологийн чиглэлээр гэхчлэн төсөл хөтөлбөрүүдээр оролцож болох юм байна. Одоо л эдгээр чиглэлүүдээр төслүүдээ өгөөд үзье гэж бодож байна. МҮОХ энэ ажлыг л хийж баймаар байна шүү дээ. Д.Загдсүрэн бид хүнийхээ хувьд сайн сайхан л хүн байсан. Бид найзууд байлаа. Гэхдээ тэр тамирчдынхаа, спортын салбарынхаа борог амьдралыг мартжээ. Алдаа гаргаж байна. Ажлаа хариуцлагатай хийхгүй байна. Энэ бол хувийн ажил биш спортын салбарынхны төлөө хариуцсан үүрэг нь шүү дээ. Хувийн сонирхол өндөр болсон байна. Тэгэхээргүй хүн байсан. Мөнгө түүнийг эвдэж байна. Д.Загдсүрэн найз минь их эвдэрчээ, МҮОХ бүү эвдрээсэй л гэж бодох болсон доо. 

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил, уран бүтээлд өндөр амжилт хүсье.