Хүн амьдралынхаа туршид дундачаар 1.5-2 жилийг жорлонд өнгөрөөдөг гэнэ. Ялангуяа тав тухтай жорлон буй болсноос хойш хүмүүс тэнд тухлан сууж ном уншин цаг нөхцөөх нь бүр илүү болжээ.

Энэ номд сонирхолтой, хачирхалтай, зарим нь үнэмшихэд бэрх мөртөө үнэхээр болсон явдал болон мэдүүштэй сонин болгоноос цуглуулан эмхтгэлээ. Сэдэв болгон нь 1-10 мөрд багтахуйц богино, тусгайлан сэдэвчлэн ангилаагүй болохоор аль тааралдсан хуудаснаас сөхөн уншихад огт төөрч будилахгүй, гарын дор ойр байхыг нь бодож ямар ч, тэрбайтугай модон жорлонд ч хадаасанд өлгөчиж болохуйц оосортойгоор хэвэллээ.

Мэдээж ийм сонирхолтой фактуудын цуглуулдаг болохоос зохиодоггүй учир эмхтгэгч маш олон номноос түүвэрлэсэн болно. Уншигчид ямар нэг эргэлзээ төрөх вий гэж болгоомжлох үүднээс, бас давхар нягталж шалгаах боломж олгохын үүднээс гол төлөв монгол хэлээр нэгэнт хэвлэгдсэн номнуудаас ишлэн түүвэрлэсэн болно.

Хүн ямар ч үзэл бодолтой, юу руу ч тэмүүлдэг, хичнээн ухаантай байгаад амьдралынхаа 2 жилийг жорлонд өнгөрөөж л таарна. 

Жирийн нэгэн биологийн процессыг “морь харахын жаргалан” болгон хувиргахад нэмэр болох болов уу хэмээн энэ номыг түүвэрлэн эмхэтгэсэн БААБАР.


Жоомны толгойг эвтэйхэн тасалчихад долоо хоноод үхдэг. Гэхдээ толгойгүй учраас биш, өлсөж үхдэг юм байна.

♦ ♦ ♦

Хүний түүхэн дэх хамгийн урт аяллыг Оросын сансрын нисгэгч Сергей Авдеев гүйцэтгэжээ. Тэрээр 747 хоногийн туршид дэлхийг 12 мянган удаа тойрч, 500 сая км зам туулжээ.

♦ ♦ ♦

Финланд, Хойд Солонгос хоёрын хооронд ердөө ганцхан улс л оршдог.

♦ ♦ ♦


Богд Зонховын Бодь мөрийн зэрэг номыг 1640 онд Аюуш увш монгол хэлнээ орчуулж байхад “онол” гэсэн монгол үг “практик” гэсэн утгатай байжээ.

♦ ♦ ♦


XIX зууны эхээр Хойд Америкт 60-75 сая толгой зэрлэг үхэр бизон чөлөөтэй бэлчиж байв. Гэвч арилжааны зорилгоор ямар ч хяналтгүйгээр хядаж эхэлснээс болж 1880 он гэхэд тоо толгой нь мянга хүрэхгүй болжээ. Зөвхөн 1870-1875 оны хооронд анчид жилд дунджаар 2.5 сая бизон авлаж байв. Өнөөдөр АНУ-д 30 мянга орчим зэрлэг бизон байна.

♦ ♦ ♦


Одоогоос 850 сая жилийн өмнө неопротерозойн эрин 220 сая жил үргэлжилжээ. Тэр үед манай дэлхий маш хүйтэн байсан учир хуурай газар 6 км хүртэл зузаан мөсөөр хучигдсан байв. Мөс хуурай газрыг байтугай далайн мандлыг хучиж байжээ.

♦ ♦ ♦

Саудын Араб улс жилдээ 40 мянган тэмээ Австралиас импортолж авдаг. Мөн бас тэндээс элс худалдаж авдаг. Тэд Австралийн тэмээний махыг илүү амттай гэж үздэг. Элсний хувьд өөрийнх нь барилга барихад тохиромжгүй аж.

♦ ♦ ♦


Дэлхий дээрх хамгийн том оцон шувуу болох “хаан пингвин” 130 см өндөртэй, 50 кг жинтэй. Гэтэл саяхан эрдэмтэд тэрнээс ч аварга оцон шувууны чулуужсан яс олжээ. 40 сая жилийн амьдарч байсан тэр аварга оцон шувуу хоёр метрээс дээш өндөртэй, 120 кг татдаг байж.

♦ ♦ ♦


Хүн төрөлхтөн саран дээр хөл тавьснаас нэлээд хожуу чемоданы дугуйг сэдэж санаачилсан.

♦ ♦ ♦


Нисдэг загасны олон зүйл байдаг. Тэднээс урт харайгч (латинаар Exocoetus volitans) загасны нислэг бүх рекордыг тогтоосон.
65 км цагийн хурдтай нисэж чадна. Махчин амьтнаас зугтахдаа сүргээрээ 30 секундын туршид агаарт дүүлэхдээ 400 метр хол үсэрдэг байна.

♦ ♦ ♦


Дэлхийн хамгийн алдартай электрон тоглоомын компани “Найнтэндо” анх 1889 онд байгуулагдсан.

♦ ♦ ♦


Өдгөө хүүхдийн малгайны оройг гоёдог бөөрөнхий молцогийг анхлан XVIII зууны үед усан цэргүүд санаачлан өмсдөг байжээ. Учир нь усан онгоц доторх намхан таазанд толгойгоо гэмтээхгүй гэж тэр.

♦ ♦ ♦


Техас мужид Голиаф нэртэй дэлхийн хамгийн өндөр морь бий. 2 метр өндөртэй эл морь өөрөө тонгойгоод өвс зулгааж чаддаггүй учир хошууг нь газар хүргэхийн тулд урд хоёр хөлийг нь унага шиг сөхрүүлж хооллуулдаг гэнэ.