Mонголд нэвтэрсэн Гитлерийн "тэргүүн туршлага" буюу Үндсэн хуулиас хуулийг "хулгайлах" нь
Хуульчдад зориулав
Хуульчдад зориулав
Тун чиг ардчилсан үндсэн хуультай атлаа жигтэйхэн дарангуйлагч хуулиудтай нийгэм байж болох уу? Болдог! Ийм байж болдогийг Гитлер гялалзтал харуулсан. Түүний "тэргүүн туршлага" юм.
Нацист Герман үндсэн хуультай байсан.Тэр үндсэн хуулийг, уг хуулийг хэлэлцэж баталсан хотын нэрээр Веймарийн хэмээн нэрлэдэг. Энэ хуулийн "төрсөн он" нь 1919 он.Нацист хөдөлгөөн бий болохоос хамаагүй өмнийн юм.
Лут ардчилсан үндсэн хууль.Европдоо хамгийн ардчилсан үндсэн хуулийн нэг байв.
Адольф Гитлер 1933 онд засгийн эрхэнд гарч ирэхдээ Веймарийн үндсэн хуулийн дагуу гарч ирсэн. Өөрийн хэргийг гүйцээсний дараагаас, 1933-1945 оны хооронд засгийн эрх барьж байх хугацаандаа мөнөөх үндсэн хуулийг зүгээр л "мартаж" орхисон. Гар ч хүрээгүй.
Тэгээд,үндсэн хуулийн хүсэл зориг биш,өөрийнхөө хүсэл зоригт нийцүүлсэн нацист маягийн хуулиудыг эрээ цээргүйгээр гаргах болсон байна.
Гитлер, Герман улсын "хуулиуд миний хүсэл зоригт нийцсэн байх ёстой" гэж улаан цайм хэлээгүй л дээ. Гэхдээ "Герман үндэстний язгуур эрх ашиг" гээч ойлголтыг товойлгон хөөрөгдөж, энэ нь чухам юу болохыгөөрийнхөө үзэл санаа,онгод хийрхэлээр тодорхойлчихсон аж. Мань эр,үндэсний,нийгмийн,эх орны гэх зэргээр овоглосон "язгуур эрх ашиг" хэмээгч тодорхойгүй,бүрхэгойлголтуудыг яаж террор,хүчирхийллийн шалтгаан,шалтаг болгон хувиргадгийг гаргуун харуулсан авай.
Веймарийн Үндсэн хуулиар;хүнийг үндэс, угсаа,хэл,арьсны өнгө, нас хүйс,ниймийн гарал,байдал,хөрөнгө чинээ,шашин шүтлэг,үзэл бодолоор нь ялгаварлахыг хатуу хориглосон байжээ.
Харин Гитлерийн хуулиуд, герман үндэстний язгуур эрх ашгийн төлөөнөө: еврейчүүдийг устга,цыгануудыг устга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг устга,оросын олзлогсдыг устга,нацизмыг эсэргүүцсэн хүн болгоныг устга,өөрийг нь эсэргүүцсэн бүгдийг шүүхгүй устга гэж байв. Устгахдаа зөвхөн буудаад зогсохгүй,үй олноор нь устгах хорт хий, шатаах зуух ашиглахыг зөвшөөрөн хуульчилсан байлаа.Еврей л бол нялх хүүхдийг ч шатааж болохоор хуульчилсан гээч!
Дэлхийн 2-р дайнд Гитлерийн Герман ялагдмагц нацистын гэмт хэрэгтэнгүүдийг шүүх, өнөө хэр нь мэр сэр үргэлжилсээр буй үйл ажиллагаанууд Нюренбергийн шүүхээр эхэлсэн.
Шүүхэд хамгийн хүндрэл учруулж байсан зүйл нь мөнөөх гэм хэрэгтэнгүүд, өөрийн улсдаа мөрдөгдөж байсан хуулийг хэрэгжүүлж байсан гэж нотлон мэтэгсэн явдал байлаа.Хуулиа сахин мөрдөж байсан "журамт иргэд" болж таараад байв!
Ийм төвөгтэй байдлын нэг тод жишээ бол Гитлерийн дэглэмийн үед 6 сая еврейг устгах ажлыг удирдан гүйцэтгэж байсан Адольф Эйхман (Айхман) гээчийг 1961 онд Иерусалим хотод шүүсэн хэрэг явдал юм.
Шүүхийн явцад, Эйхман нь шийдсэн алуурчин ч юм уу эсвэл сэтгэцийн эмгэгтэй нэгэн биш, хуулийн өмнө хүлээсэн үүргээ хичээнгүйлэн биелүүлсэн эрүүл ухаантай төрийн албан хаагч болж таарсан.
Тухайн шүүх хуралд Нью Иоркер сэтгүүлийн сурвалжлагчийн хувиар оролцож байсан еврей философч Ханна Арент тэмдэглэлдээ "...тэр (Эйхман) хуулиа л хэрэгжүүлжээ..."гэж дүгнэн бичсэн.Тэрбээр,тус шүүх хуралд оролцсон тухай тэмдэглэлүүдээ эмхтгэж "Эйхман Иерусалимд:Улиг болсон нүгэл" хэмээх нэртэй номыг 1963 онд бичсэн юм.
Ханна Арендт энэ номоороо Эйхманыг зөвтгөж байгаа мэт еврейчүүдэд ойлгогдож, тэдний маш их дургүйг нь хүргэжээ. Үндэс угсаа нэгтэй дотны андууд нь хүртэл зэвүүцэн холдон явцгаажээ. Арендтын ном 30 жил еврейн улсад хориотой байсан юм.
Аль эртээс, Ханна Арендт, 20-р зууны нөлөө бүхий сэтгэгч, нацист намын гишүүн, "Гитлерийг гарыг шүтэн бишрэгч" Мартин Хайдеггертай багш шавийн баридлагаатай төдийгүй нууц амрагийн явдалтай байсан нь еврей сэхээтнүүдийн эгдүүцлийг битүүхэндээ төрүүлчихсэн байсан болой.
Веймарийн үндсэн хуулиас хуулийг "хулгайлсан" Гитлерийн тэргүүн туршлага хожим нь маш их түгсэн бөгөөд энэ туршлагыг бараг улс бүрийн дарангуйлагчид авч хэрэглэх болсон. Одоо ч, ардчиллаас дарангуйлал руу шилжиж буй бүх оронд хэрэглэгдэж байгаа.
Ер нь, үндсэн хуулийг "мартаж" хуулиар дарангуйлал тогтоодог нь эзэрхэг улстөрийн классик арга зүй юм.
1992 онд, ардчилсан Монгол улсын Үндсэн хуулийг Ардын Их Хурал баталсан.Үндсэн хуулийг 430 гаруй депутат хэлэлцэн батлахдаа онцлон анхаарсан асуудал бол Гитлерийн тэргүүн туршлага Монголд нэвтрэх аюулаас хамгаалах явдал байлаа.Өөрөөр хэлбэл, ардчилсан Үндсэн хуулиас хуулийг хулгайлах замаар дарангуйлал тогтоочих эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
Ингээд Үндсэн хуулиндаа "гал хамгаалагч" болохоор найдаж гурван зүйлийг суулгаж өгөв. Үүнд:
Нэгдүгээрт:Төрд хүний эрх,эрх чөлөөг баталгаатай ханган эдлүүлэх үүргийг хүлээлгэсэн. Тэгээд зогсохгүй онц болон дайны байдал зарласан онцгой нөхцөлд ч хүний амьд явах эрх,итгэл үнэмшилтэй байх,шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө,шудрага шүүхээр шүүлгэх эрхийг хөндөхийг хориглосон байна.Үүгээрээ "Нийгмийн язгуур эрх ашиг" гэдэг нь монгол хүний эрх,эрх чөлөө мөн гэдгийг тогтоосон хэрэг.
Хоёрдугаарт:Хууль,зарлигаас авахуулаад төр,түүний байгууллагын ямар ч шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх, эс нийцвэл хүчингүй болж байхаар заасан.
Гуравдугаарт: Төрийн үйл ажиллагаа Үндсэн хуулинд нийцэж буй эсэх асуудлыг хариуцсан,тэгээд зөвхөн Үндсэн хуульд захирагдаж байх онцгой статустай Цэц хэмээх байгууллагыг байгуулсан.
Ардын Их Хурлын депутатууд бид Үндсэн хуулиа баталчихаад их маадгар байлаа.Хүний эрх,эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн иргэний ардчилсан нийгэм байгуулах фундаментаа цутгачихсан тул,тэгэлгүй яахав!Тэр фундамент нь болох Үндсэн хуулиа хуулийн хулгайд алдчихгүй байхаар баттай "цоожилсон" гэдэгтээ итгэл төгс байсан юм чинь!
Гэтэл, хууль тогтоох үйл ажиллагааг Нямдорж,Бямбадорж, Лүндээжанцан, Одбаяр нарын хуульчид манлайлжахуй цагаас эхлээд Үндсэн хуулиа найдвартай цоожилж чадаагүй нь тодорхой болоод ирэв.Үндсэн хуулиас хуулийг хулгайлах үйл ажиллагаа саадгүй явж эхэлсэн.
Лүндээжанцан "амьдрал баян, Үндсэн хуулиар бүхнийг зохицуулах боломжгүй" хэмээх алдарт үгээ айлдав. Нарийндаа, амьдрал баян гэдгийг ганц Лүндээжанцан "нээгээгүй" юм. Депутатууд бас тэр зэргийгээ мэдэхтэйгээ тархи бүхий улсууд байсан. Тэгээд, Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт хийж болно шүү гээд биччихсэн. Гэтэл Лүндээжанцан, ганцаараа нуль ухаантайгаа харуулах гэж далдуур санаарахсандаг уу, Үндсэн хуулийг "араар нь тавих" болсон.
Үндсэн хуулиас хууль "төрөх"өө больсон. Хууль УИХ-аас "төрдөг" болсон.Хууль Үндсэн хуульд нийцэнэ гэдэг шаардлага нь хуулийн оршил хэсэгт ёс мэт бичигддэг "лоозон" төдий болсон.Угтаа "нийцнэ" гэдэг бол хуулиуд зөвхөн Үндсэн хуулиас төрж, "хашаанд нь бэлчэнэ"гэсэн үг л дээ.
Сүүлийн үед, "цэвэр цусны улстөрчид"-өөс бүрдсэн,Одбаяр тэргүүтэй Цэц, УИХ-тай хамтарч Үндсэн хуулиа араар нь тавьж байна. Удахгүй манай Үндсэн хууль Веймарийн үндсэн хууль шиг бүр хаягдана.
Лүндээжанцан,Одбаяр,Нямдорж нар яг ч санаатай хууль хулгайлаад байгаа юм биш! Чимид гуайг (тэрбээр сод нэгэн байжээ) эс тооцвол, социализмд боловсорсон хуульчид тул хуулийн засаглал биш, хуулиар засаглах сурталд ихэд суралцсан аж. Ёстой гайтай төөрөгдөл!
Хуулийн засаглал,хуулиар засаглах гэдэг хоёр ойлголт хоорондоо тэс зөрөөтэй ойлголтууд.
Хуулийн засаглал гэдэг бол нийгмийн гэрээнд оролцогч иргэдийн нэрийн өмнөөс Үндсэн хууль засаглана гэсэн хэрэг.Хуулиуд бие даасан засаглал тогтоож болохгүй гэсэн хэрэг.Манай Үндсэн хуулийн төгсгөлд "Мэдэгтүн, сахигтун!" хэмээн зарлигдсан нь ийм учиртай.
Харин хуулиар засаглах гэдэг бол хууль тогтоох эрх мэдэл авсан хүмүүсийн хүсэл зоригийн засаглал.Тодруулбал, тухайн үед төр болж байгаа бүлэг хүмүүсээс ард иргэдээ цагдан захирахад чиглэгдсэн хуулиудын засаглал юм. Иргэд нь төрийн,татвар төлөгч "хамжлага албат" болно.Гитлер немецүүдийг хуулиар засаглаж байсан юм шүү дээ!
Ийнхүү, хууль гэсэн үгний араас залгагдах тийн ялгалын ялимгүй зөрөө нь үлэмж ялгаатай хоёр өөр утга,зорилго,үр дагавартай байдал илэрхийлж буйг манайхан анзаардаггүй. Жишээ нь Трамп бол хуулийн засаглал дор ерөнхийлөгч,Эрдоган бол хуулиар засаглаж байгаа ерөнхийлөгч гэдгийг ялгаж салгахгүй дээ.
Бидний энэ анзаарагагүй байдлыг ашиглан, УИХ, Үндсэн хуулийн засаглалыг халж, өөрийн хуулиар засаглах ёсыг тогтоосон.
Үүнийг, сүүлийн жилүүдэд гарсан хуулиудыг сөхөхөд төвөггүй харж болно.Хуулийн бичвэр эхлээд иргэнийхээ эрх,эрх чөлөөг хангах ажлаас тоолон бичигдэх ёстой атал, эсрэгээрээ нэн тэргүүнд УИХ,Засгийн газар,төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг тоочин тогтоогоод, хамгийн сүүлд нь хөөрхий муу иргэндээ ноогдох хориг,торгуулуудыг жагсаасан буй.
Хууль нь төрөөс иргэдээ цагдан захирах хэрэгсэл болж хувирсны нэг гэрч бол "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хууль болно.
Үндсэн хуулинд Монгол улсын иргэн "...тайван жагсаал,цуглаан хийх эрх чөлөөтэй" гэсэн тов тодорхой утга бүхий заалт бий.Энэ заалт бол чухамдаа "тайван" буюу бусдад гэм хор учруулахгүй байх жагсаал цуглааныг онцлон тодотгосон заалт.Тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэсэн нь жагсаал цуглаан нь тайван л юм бол хориг саадгүй болохыг тогтоосон юм. Гэтэл "Жагсаал цуглааны хийх журмын тухай" хуулиар засаг дарга эс зөвшөөрөх аваас жагсаал цуглаан "тайван" ч байсан хийлгэхээргүй байхаар журамлачихсан.Үндсэн хуулиас "хуулийг хулгайлах" гэдэг энэ шүү дээ!
Хууль нь Үндсэн хуулиасаа зөрж бие даан засаглах болсны горыг биеэрээ амсах болсон иргэний нэг нь гэр хороолол хөдөлгөөний удидагч Батсүх. Батсүх Үндсэн хуулиар баталгаажсан эрх чөлөөгөө эдлэн жагсаал цуглаан хийхэд, засаг дарга хуулиар олгогдсон эрхээ эдлэн бүртгэхгүй унжиж,тэгэх бүрийд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс Батсүхийг баривчлан саатуулна.Сүүлдээ хоёр өндөг шидэж танхайрсан хэргээр шүүх боллоо.
Батсүх Үндсэн хуулийн "Мэдэгтүн,сахигтун!" хэмээх зарлигийг журамт иргэний ёсоор сахин биелүүлж байна. Гэтэл, засаг дарга болоод цагдаагийн алба иргэнээ хуулиар засаглах гэж хатуурхаж байна.
Цагдаагийн ажилтан нэн тэргүүнд Үндсэн хуулиа чанд сахих тангарагтай.Үндсэн хууль, хуулиас давж үйлчилдэг гэдгийг бас мэднэ. Гэхдээ, тухайлбал дэд хурандаа Н.Чинбат , Эйхман шиг карьерийнхаа төлөө УИХ-ын хуулийг л чанд сахих сонголт хийж байна.Тайван жагсаал цуглааныг буудан тараа гэдэг хууль УИХгаргавал буудах нь тодорхой болжээ! Гитлерийн тэргүүн туршлага Монголд нэвтэрчээ!
Иргэд ээ! Үндсэн хууль баталгаажуулснаар та бүхэн тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй шүү! Хориг саадгүй шүү!
чимэддорж
KKKK
Золоо
Золоо
Ч. Гомбожав
зочин
карим
Зочин
Зочин
жанжин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ONOM
хуульч
ЗОЧИН
зочин
123
Зочин
Зочин
Зочин
!!??
зочин
уншигч
onom
Бат-Үүл бол
ч
Зочин
ЗОЧИН
Lord
Sain baina.