“МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ” - СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ ЛЕКЦ

МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ НОМЫН ТУХАЙ

Энэ номыг бичихэд нийт 35 жил зарцууллаа. ХХ зууны турш ертөнцөөс тусгаарлагдсан байсан Монгол улс, монголчуудын амьдрал дэлхийн бусад хүмүүст байтугай Монголын асуудлыг судалдаг эрдэмтэдийн хувьд ч далд байсан юм. Хүйтэн дайны дараах 1990 оноос Монголын олон жил нууцалсан архив олны хүртээл болж эхэлснээс гадна, зууны турш Монголыг эрхшээж байсан Зөвлөлтийн Монголтой холбоотой архив үүдээ нээж эхэлсэн билээ. Мөн ХХ зууны эхэн хагастай холбоотой Тайваний архив ч гадаадын судлаачдын өмнө нээлттэй болсон. 

Энэ завшааныг эхэлж ашиглан шинжлэх ухааны эргэлтэд бараг өртөөгүй ХХ зууны Монголын нууцлагдсан түүхийг судлан илрүүлж тэрлэх бололцоо олдсонд өөрийгөө тун азтайд тооцдог. Ингээд “Хорьдугаар зууны Монгол” номоо бичиж 1996 онд хэвлүүлсэн. Энэ нь 450 орчим хуудастай, мөн 400 гаруй эх сурвалжийн эштэй бүтээл болсон юм. Монголын өндөрлөгт оршиж байсан янз бүрийн үндэстэн нүүдэлчдийн түүх, ялангуяа XIII зууны Их Монгол улс, түүний байлдан дагуулалт нь дэлхийн түүхийн шинжлэх ухаанд гайгүй судлагдсан үе юм. Иймээс энэ үеийн тухайд тун товч дурдаж, гол нь ХХ зууны Монголын үнэн бодит түүхийг судлан илрүүлэхэд анхаарлаа чиглүүлсэн билээ. Тиймээс ч бүтээлийн нэр “Хорьдугаар зууны Монголын түүх” юм.

Уг бүтээлийг Кэмбрижийн Их сургуулиас эрхлэн “Twentieth Century Mongolia” нэрээр орчуулан англи хэлээр Их Британид хэвлэн гаргаж билээ. Үүнийг англи хэлээс цааш орчуулан нэлээд оронд хэвлэн олны хүртээл болгосон. “Хорьдугаар зууны Монгол” ном нь Монгол улс ЗХУ, Хятад гэсэн хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж national-state болсон 1946 он хүртлэх үеийг хамарсан юм. 

2006 онд номыг өргөтгөн, шинэ Үндсэн хуулиа тунхаглаж, чөлөөт, ардчилсан, бие даасан Монгол улс бий болсон 1992 он хүртлэх үеийг хамарсан Хоёрдугаар хэвлэлээ гүйцээн бичиж хэвлүүлсэн. БНМАУ-д Зөвлөлтийн хараан дор социализм байгуулж байсан үеийг тодорхой өгүүлсэн. 1946-1984 оныг энэ бүтээлд нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн, Үүнээс хойшхыг хэдхэн хуудсанд товчлон үзүүлсэн болно. Энэ үе бол нэлээд адармаатай, Монгол улсын хувьд түүхийн том сорилт болсон цаг билээ. Иргэдийн өмчийг хүчлэн хурааж, огтоос хувийн болон хамтын өмчгүй нийгэм байгуулж, улмаар 1966 оноос тоталитари нийгэм авторитари дэглэм рүү шилжсэн. Улмаар өмчгүй болсон иргэд төвлөрөл тийш тэмүүлснээр Монголын өндөрлөгт түүхэндээ анх удаа урбан нийгмийн суурь буй болж, түүнээ даган хүн ам өсөж, хот бий болон, аж үйлдвэр, дэд бүтцийн суурь тавигджээ. Социализм байгуулалтын жилүүдэд болсон хамгийн том дэвшилтэт процесс болох “Соёлын довтолгоон” энэ үед явагдсан юм. Харамсалтай нь энэ үеийн баримт, эх сурвалж олох, бодит явдалд юу болсныг илрүүлэхэд нэлээд төвөгтэй байсан. Ганц жишээ хэлэхэд мөнөөх Соёлын довтолгооны үеийн баримт нууцлагдсан, үрэгдсэн, устгагдсан аж. Түүхийн цагаан толбо болсон энэ үйл явдлыг ил болгох зохиолч Б.Цэнддоогийн зургаан жилийн уйгагүй хөдөлмөр, эрэн сурвалжийн үр дүнд процесс түүниий тууривсан “Соёлын довтолгоо” бүтээлээр шинжлэх ухаан эргэлтэд анх удаа орсон юм. 

Энэ ном “История Монголии; От мирового господства до советского сателита” (History of Mongolia: From World Power to Soviet Satellite) нэрээр орос хэлнээ орчуулагдан Казань хотын “Татарское книжное икдательство” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан. Орос хэлээс дамжуулан өөр хэлээр орчуулагдан хэвлэгдсэн. 

2016 онд хэвлүүлсэн Гурав дахь хэвлэлд Монголын өнөөгийн нутагт нэн эртнээс бий болсон нүүдэлчдийн төр улсууд, нүүдэлчин ард түмний амьдрал, тэдний миграци, эзлэн түрэмгийлэл, XVII зуунаас Манж Чин улсын вассал улсаар 200 жил амьдарсан үеийг нэмж хамруулсан болно. Хэдийгээр энэ үе өрнө дорнын судлалд зохих байр сууриа олж чамгүй судлагдсан боловч илүү өргөн хүрээг хамарч, илүү тодорхой өгүүлэхийн тулд гадна дотнын хэдэн мянган эх сурвалжийг цуглуулан судалж түүвэрлэсэн болно. Үүнээс гадна орчин цагийн Монголын түүхийн маш онцлог үе болох 1984-1990 оны үйл явдлыг дэлгэрэнгүй бичсэн. Гуравдугаар хэвлэлийг дөрвөн боть болгож холбогдох хэдэн зуун зураг чимэглэл, фото, газрын зураг, схем, диаграммаар баяжуулан, бэлэг дурсгалын зориулалттайгаар арьсан хавтастай хэвлэсэн. Мөн хүүхэд залуучууд, оюутан сурагчдад зориулан дөрвөн дэвтрээр хармайны ном болгон хэвлэсэн билээ.

Энэ ном 2020 онд ЮНЭСКО-ын ивээл дор хоёр ботиор франц хэлнээ орчуулагдсан.

Тав дугаар хэвлэлийг 2022 онд хэвлүүлж дуусгалаа. Энэ бүтээлд монгол угсаатны бүх түүхийг хамруулсан болно. Энэ нь өдгөө Оросын бүрэлдэхүүнд багтдаг буриад, тува, халимаг болон Хятад улсын бүрэлдэхүүнд багтдаг өвөр монголчууд, дагуур, барга угсаатан нарын бүх үеийн түүхийг хамруулсан болно. Иймээс номын нэр: “Монголчуудын түүх: Нүүдэл суудал” (History of Mongols: From Nomadism to Settlement) 

Монгол үндэстний буурал түүхийг бүрэн хамруулахыг хичээсэн энэ бүтээл нийт мянга гаруй хуудастай, 2200 гаруй эх сурвалжийн эштэй. Энэ нь нийтдээ 20 мянга гаруй түүхийн эх сурвалжийг судлан харьцуулж шилж сонгосон үр дүн юм. Бүтээлийн анхны гадаад хэлээрх бүрэн орчуулгыг Бүгд найрамдах Түрэг улсын Ататуркийн нэрэмжит шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгээс хийж гүйцэтгээд хэвлэлд бэлэн болгожээ. 

ТҮҮХ ЮУ СУДАЛДАГ ВЭ?

XIX зууны сүүлчээр Германд түүх судалгааны их сургуулиуд буй болсноор түүхч гэсэн мэргэжлийн ажил анх бий болж улмаар мэргэшил болжээ. Түүх судлалыг шинжлэх ухаан болгоход английн түүхч, философич, социологич, соёл судлаач Арнолд Тойнбигийн роль маш том үүрэг гүйцэтгэсэн. Түүний “Түүх судлал“ хэмээх 12 боть бүтээл өнөөгийн түүхчдийн үндсэн сурах бичиг болсон билээ.

Ихэнх хүн түүхийг "өнгөрсөн үеийн баримтуудын цуглуулга" гэж боддог. Түүхийн хичээлд хэрэглэгддэг сурах бичгүүд ч үүнийг дэмждэг. Учир нь сурах бичиг мэдээллийн цуглуулга мэт бичигдсэн байдаг. Үнэндээ түүх бол "өнгөрсөн үеийн баримтуудын цуглуулга" биш юм. Түүх нь тухайн үед хүмүүсийн бичсэн зүйлд (бичмэл баримт бичиг, соёлын олдвор эсвэл аман уламжлал) үндэслэн өнгөрсөн хугацаанд болсон зүйлийн талаархи аргументуудаас бүрддэг. Түүхчид "баримт" гэж юу болох, тэдгээрийг хэрхэн тайлбарлах талаар санал зөрөлддөг. "Ялагч" ба "ялагдагч" -ийг бий болгодог бичвэр болохоор асуудал улам бүр ээдрээтэй байдаг, учир нь ялагчид өөрсдийн хэрхэн баатарлаг байснаа харуулахын тулд "ялагчид" -ын бичсэн эх сурвалж илүү олдомхой аж. Иймээс түүх судлал нь өнөө үед бодит түүхийг хэн илүүтэй илрүүлэн дүгнэх вэ гэсэн аргумэнтийн өрсөлдөөн юм. 

Бодит түүх гэж юу вэ? Өнгөрсөн үйл явдлыг ямар ч алдаагүй яг таг үнэн зөвөөр нь гаргаж ирэх бололцоогүй. Тэр байтугай яг одоо болж буй процессийг ч үнэнээр нь дүгнэх боломж хомс. Үнэн ганц байдаггүй. Хавар Якутаас Улаанбаатарт ирсэн зочин дулааханыг гайхна, харин яг тэр цагт Тайландаас ирсэн гийчин маш хүйтэн байлаа гэнэ. Аль алин нь худал хэлээгүй, үнэн хоёр талд үлдэнэ. Иймээс яг үнэн түүх гэж үгүй. Гэвч үнэн рүү дөхсөн бодит түүх гэсэн ойлголт бий, өнгөрсөн түүхэн үйл явдлыг хамгийн бодитоор илрүүлэн дөхүүлж аргумэнтаар өрсөлдөх уралдаан бол түүх судлалын зорилго.

-Түүхч эх сурвалжийг зохих тайлбартай харьцуулах ёстой;

-Түүхч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр нотлох баримтыг үгүйсгэх ёсгүй;

-Түүхч нотлох баримтад шударга хандах ёстой;

-Түүхч аливаа таамаглалд тодорхой утгаар хандах ёстой;

-Түүхч нь баримт бичгийн зарим хэсгийг орхигдуулж, буруу орчуулж, төөрөгдүүлэх ёсгүй;

-Түүхч өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдсөн байсан ч бүх баримтад хүндэтгэлтэй хандах ёстой; 

-Түүхч түүхэн хүмүүсийн сэдэл, тайлбарыг харгалзан үзэх ёстой. 

Түүхийн дүн шинжилгээ хийх үйл явц нь "юу болсон", “яагаад ийм болсныг" тайлбарласан уялдаа холбоотой өгүүлэмжүүдийг бий болгохын тулд өрсөлдөж буй санаа, баримт, таамаглалыг судалж, дүн шинжилгээ хийх явдал юм. Орчин үеийн түүхэн дүн шинжилгээ нь ихэвчлэн эдийн засаг, социологи, улс төр, сэтгэл зүй, археологи, генетик, антропологи, философи, хэл шинжлэл зэрэг бусад нийгмийн шинжлэх ухаанд тулгуурладаг. Эртний түүхчид ерөнхийдөө орчин үеийн түүхчидтэй “түүхэн туршлагаа” хуваалцдаггүй ч тэдний бүтээл тухайн үеийн соёлын нөхцөл байдлыг ухамсарласан байдаг тул үнэ цэнэтэй хэвээр үлддэг. Орчин үеийн олон түүхчдийн оруулсан хувь нэмрийн чухал хэсэг нь шинээр нээгдсэн эх сурвалж, сүүлийн үеийн судалгааг судлах, эсвэл археологи, антропологи, генетик зэргийг зэрэгцүүлэн судлах замаар өмнөх түүхэн баримтуудыг шалгах эсвэл няцаах явдал юм.

“Монголчуудын түүх” номыг тууривагч миний бие эхнээсээ дээр өгүүлсэн зарчмуудыг баримталсан болно. Юун түрүүн түүхийг хөндлөнгийн нүдээр харах ёстой. Эх оронч, үндэсний үзэлтэн, аль нэг үзэл суртлыг дэмжигч, тодорхой нам бүлэгт хамаарагч байх байр сууриа орхиод, үнэндээ юу болоод өнгөрснийг хөндлөнгийн нүдээр харан дүгнэлт хийж, аль болох бодитоор өгүүлэхийг хичээснээр цагийн аясыг даах шинжлэх ухааны бүтээл болж чадна. Чухам ингэх гэж л бивээр хичээсэн болно.

МОНГОЛЫН ТҮҮХИЙН 25 ЦУВРАЛ ЛЕКЦ

1996-2022 онд нийт таван удаа шинэчлэн гарсан уг бүтээлийн шинэ хэвлэлт дор бүрнээ олон удаа дахин дахин хэвлэгдсэн юм. Цаасан бүтээл гэдэг утгаараа Монгол уншигчдад хангалттай хүрсэн. Иймээс энэ удаа уг бүтээлээрээ сэдэвчилсэн видео лекц хийж өргөн олонд хүртээл болгохоор шийдлээ. 

Нийт 25 сэдвийг сонгож аваад, тус бүрийг нь өөрөө хөтлөх болно. Үргэлжлэх хугацаа 45-55 минут. Лекцийн сэдвийг дотор нь 10 орчим хэсэгт хувааж самбарт үзүүлээд, тухай бүрд холбогдох зураг фото, газрын зургийн тайлбартайгаар харуулах юм. Лекцийг долоо хоногт нэг удаа Youtube-ээр гаргах ба үүнээс гадна зарим телевизийн сувгаар үзүүлэхээр хэлэлцээ хийж байгаа. Үзэгчдийг он цагийн дарааллаар уйдаахгүйн тулд түүхийн сэдвийг хоёр талаас нь сөөлжлөн нэвтрүүлэх болно. Өөрөөр хэлбэл эхнийх нь “1990 оны Ардчилсан хувьсгал” бол хоёрдахь нь “Монголчуудын гарал үүсэл” гэх мэтээр хоёр талаас нь сөөлжлүүлнэ.

Монголчуудын гарал үүсэл   50`

Нүүдэлчид хүн төрлөхтөнд юу өгөв?  45` 

Нүүдэлчдийн шашин мөргөл, Төвдийн Буддизм  42` 

Хубилай хаан ба Юань гүрэн  41` 

Манж нар, Манж Чин улс  38` 

Ойрадуууд, Зүүн гарын хаант улс  54` 

Буриад, Халимаг  45` 

1911 оны хувьсгал  47` 

1911-1990 он гадаад харилцаа  48` 

Сюй Шижан, Барон Унгерн  50`

1921 оны Ардын хувьсгал  45` 

1927 оны төрийн эргэлт, ардын бослого  55`

1937 оны их хядлага  46` 

1939 оны Халх голын тулаан  58`

Чойбалсан  58` 

Цэдэнбал  43` 

Капитализмыг алгасав  48` 

Зөвлөлт Орос, Хятад улсын дундах Монгол 50` 

Монголын гадаад харилцаа  49` 

Соёлын довтолгоо  54` 

Үзэл суртлын дайн  54` 

Социализмын үеийн оюуны хяналт  54` 

Авторитари дэглэм  58` 

1990 оны ардчилсан хувьсгал 50` 

Иймэрхүү дараалалтай 25 лекц байна. Тоо нь хугацаа минутаар.

Youtube-д байршуулна.

https://www.youtube.com/channel/UCi6ss4m9AdCyXy1GWKUe33A

2023.1.1