- Дэлхий дээр жил бүр хэдэн мянган кино наадам болдог юм билээ. Энэ олон улсын наадмуудаас Варшавын кино наадам юугаараа онцлог билээ?

- Варшавын кино наадам Польш улс социалист системтэй байх үеэс буюу 1985 оноос эхлэлтэй. Тэр үед нөхцөл байдал амар байгаагүй. Учир нь бид улс төр, эдийн засгийн системээс болоод дэлхийгээс тусгаарлагдсан байв. Тухайн үед хүмүүс АНУ, баруун европын улсууд буюу барууны киноны “өлсгөлөнд” нэрвэгдсэн байсан. 1984 оноос Польшид либерал үзэл хүчээ авч эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн чөлөөт арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой болсон. Эдгээр арга хэмжээг голцуу тухайн үеийн оюутнууд манлайлан хийдэг байв. Манай кино наадам эхнээсээ авахуулаад олон нийтийн дунд өндөр нэр хүндтэй болж чадсан. 1985 оноос эхлэн “Варшавын кино долоо хоног” нэртэйгээр анхны наадам зохион байгуулагдаж, тухайн үедээ ганц дэлгэцтэйгээр Варшавын төв цэгээс наадмаа эхэлж байв. 

Харин 38 жилийн дараа буюу өнөөдөр бид хэдийнэ дэлхийн А зэрэглэлийн топ кино наадмын нэг болж, маш олон шилдэг киноны дэлхийн, олон улсын, европын нээлтийг хийдэг талбар нь болж чадсан байна.

Түүнчлэн жил бүр хамгийн багадаа 200 гаруй олон улсын зочид төлөөлөгчид тогтмол оролцдог дэлхийн элит кино наадам болсон. 

- Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Тэр нь ямар учиртай статус билээ, ямар улсуудын хэдэн наадмууд энэ зэрэглэлд багтдаг юм бэ?

- Олон Улсын Кино Продюсерүүдийн Холбоо (International Federation of Film Producers Association) гээд байгууллага бий. Энэ байгууллага 50 орчим улсын кино наадмыг магадлан итгэмжилсэн байдаг бөгөөд эдгээрээс Канн (Франц), Венец (Итали), Берлин (Герман), Сан Себэстиан (Испани), Локарно (Швейцар), Карлов Вари (Чех) зэрэг 15 наадмыг элит буюу дэлхийн А зэрэглэлийн кино наадам гэж баталгаажуулсан. Варшавын (Польш) кино наадам энэхүү А зэрэглэлийн статусыг 2009 онд авсан бөгөөд одоог хүртэл энэ статусаа хадгалж явж байгаа нь бидний бахархал юм. Бид анх энэ шалгуурыг даваад дэлхийн элит зэрэглэлийн наадам болоход холбооны зүгээс нэлээд өндөр хяналтыг тавьдаг байсан. Бид тодорхой хэмжээний үе шат дамжиж байж энэ нэр хүндийг олж авсан. Эхлээд магадлан итгэмжлэгдэж дээр дурдсан 50 наадмын нэг болсны дараа шилдэг 15 наадмын А зэрэглэлийн статусыг авсан. 


- 2022 оны буюу 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмын онцлох мэдээллийг та бидэнтэй хуваалцана уу.

- Энэ жилийн хувьд манай наадамд оролцохоор дэлхийн 100 гаруй улс 5000 кино илгээсэн. 

5000 гаруй киноноос бид 57 улсын 156 киног л сонгож авсан. Эдгээрээс 88 нь уран сайхан, баримтат болон зөгнөлт, үлдсэн 68 нь богино хэмжээний кинонууд байгаа.

Энэ бол зөвхөн тоо. Манай наадмын хувьд кино, уран бүтээлийн чанар, шинэлэг байдал хамгийн чухал байдаг. Тэр утгаараа энэ жил бид 38 киноны дэлхийн нээлтийг Варшавт хийлээ. Эдгээрээс онцлох нь яах аргагүй дэлхийн алдарт кино найруулагч ноён Bile August “The Kiss” киногоор оролцож, Варшавт дэлхийн нээлтээ хийсэн явдал байлаа. Оскар болон Алтан бөмбөрцөгийн шагналын эзэн, Каннын наадмаас хоёр удаа шагнал хүртэж байсан Дани улсын энэ том уран бүтээлч өөрийн биеэр хүрэлцэн ирж киноныхоо дэлхийн нээлтийг манай наадам дээр хийсэн нь бидний хувьд нэр хүндийн хэрэг юм. 

Дараагийн онцлох эрхэм гэвэл 80 насны босгыг хэдийнэ давсан ч гэнэтийн дебют Варшавт хийсэн Германы уран бүтээлч, алдарт найруулагч Volker Schlöndorff-ийг би дурдмаар байна. Мань эр 1989 онд Оскарын шагнал хүртэж байсан бөгөөд энэ жил Варшавт анхныхаа баримтат кинотойгоо ирлээ. Өөрөөр хэлбэл мань эр кино уран бүтээлийн хувьд дэлхийн дээр байж болох бүх төрлийг гүйцээсэн агуу хүн гэсэн үг. Энэ эрхэм мөн л өөрийн биеэр Варшавын наадамд энэ жил хүрэлцэн ирсэн. 

Түүнчлэн Варшавийн наадамд олон удаа амжилттай оролцож байсан Гүржийн алдарт найруулагч Dito Tsintsadze шинэ киноныхоо дэлхийн нээлтийг хийхээр энэ жил хүрэлцэн ирлээ. 1996 онд Чех улсаас Kolya киногоороо Оскарын шагнал хүртэж байсан Jan Svěrák мөн шинэ киногоороо олон улсын премьерээ хийхээр Варшавт ирсэн.

Энэ жилийн хувьд Варшавийн наадамд тэр болгон ирээд байдаггүй улс орны уран бүтээлчид оролцсон нь бас онцлог байлаа. Үүний нэг нь Монгол Улс, та бүхний ТРИО кино юм. Монгол Улс тогтмол оролцдоггүй ч нэг ирэхээрээ маш хүчтэй уран бүтээлтэй ирдэг юм.

Олон жилийн өмнө Монгол, Германы хамтарсан “Ингэн нулимс” кино манай наадамд оролцож байсныг санаж байна. Энэ жил Маврики улс манай наадамд анх удаа оролцож байгаа нь бас нэг онцлох үйл явдалд тооцогдоно. Нийтдээ 200 гаруй олон улсын төлөөлөл, уран бүтээлчид оролцсон нь ковидын дараах анхны наадмын хувьд том амжилт байлаа гэж хэлмээр байна. 

Цар тахлын дараа ч гэсэн кино театрын бизнес хязгаарлалттай хэвээр байсан. Тухайлбал, нийт заалны 50%, зарим тохиолдол бүр дөнгөж 25%-д л үзэгчид авах ёстой гэх мэт хүнд үеийг бид туулж өнөөдрийг хүрлээ. Тийм учраас энэ жилийн манай наадамд олон улсын зочид ирж оролцож буйд туйлын таатай байна. Словакийн уран бүтээлч надад сая хэлж байлаа. Ковидын дараа киногоо нээх гээд хоёр жил хүлээж байгаад Варшавт ирлээ гээд. Иймээс цар тахлын дараа олон улсын уран бүтээлчдийг хооронд нь амьдаар нь уулзуулж байгаа гэдэг утгаараа би их баяртай байгаа. Учир нь энэ бүх хүмүүс ирээдүйн дэлхийн кино урлагийн авч явна шүү дээ. 

- Варшавын олон улсын кино наадамд нийт хэдэн монгол кино ирж байсан бол?

- Маш цөөхөн. Хамгийн ихдээ таван кино л ирж байсан байх. Хэрвээ чи манай албан ёсны цахим хуудас (www.wff.pl) руу ороод архив хэсэг рүү нэвтрээд Монгол гээд хайвал бүх мэдээллийг олж харна. Би яг одоо шууд санахгүй байна. 

- ТРИО киноны талаарх таны сэтгэгдлийг сонсмоор байна. Монголын уран бүтээлчид олон улсын кино наадамд амжилттай оролцохын тулд юуг анхаарах ёстой вэ?


- Варшавын олон улсын кино наадмын шалгуур маш энгийн. Сайхан түүхийг сайн найруулж, орчин цагийн кино урлагийн хэл рүү хөрвүүлж, үзэгчдийг кинотойгоо хүйн холбоогоор уях ёстой. Киног тань үзээд үзэгчид уйлах, уурлах, баярлах, инээх зэрэг ямар нэг хариу үйлдэл үзүүлэх ёстой. Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй ямар ч кино уран бүтээлд тооцогддоггүй. Ялангуяа Монголын залуу уран бүтээлчдэд зориулан хэлмээр байгаа зүйл бол бусдыг битгий хуулаарай. Монгол Улс өөрийн түүх, соёлтой агуу улс учраас өөрийнхөө, байгаагаарай л бай, гэхдээ бусдыг давхар заавал мэдрээрэй. 

- Цар тахлын улмаар дэлхийн кино урлагийн салбар хүнд цохилтонд орсон тухай та дурдсан. Энэ нөхцөл байдал одоо дээрдэж байна уу?

- Бүрэн сэргэж чадаагүй байна. Цар тахал кино үзэгчдийн зан төлөвт өөрчлөлт оруулчихлаа. Хатуу хөл хорионы улмаас гэрээсээ гарч чадахгүй байсан хүмүүс гэртээ ТВ үзэх, компьютер дээрээ онлайнаар кино үзэх зуршилтай болжээ. Хүмүүсийн энэ хандлагыг эргээд өөрчлөх нь бидний хувьд хамгийн том сорилт болж байна. Бид хүмүүсийг гадаа гарч хоорондоо амьдаараа харилцан уулзаж, том дэлгэц дээр зориулалтын кинотеарт кино үздэг болгохыг хүсдэг. Би хөл хорионы үеэр гэртээ ТВ үзэж байгаад саяхан кинотеатрт том дэлгэц дээр үзвэр үзээд үнэхээр сайхан мэдрэмж авсан. 

- Польш ба Монгол улсууд эртний түүхийн жимээр холбогддог. Түүнчлэн хамтдаа социалист системийн эд эс болж явсан. Хоёр улсын харилцааны талаар таны бодлыг сонсмоор байна.

- Миний аав 1960-аад оны эхээр Монголд ажиллаж байсан. Аав минь Монголд цахилгаан станцын зураг төслийн ажил гүйцэтгэсэн инженер хүн байсан. Польшийн хамгийн том цахилгаан станцын дизайныг миний аав гаргасан байдаг. Өдгөөгөөс яг 61 жилийн өмнө аав Монголд ажиллаж байжээ. 

- Монголын ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн ментор нь Польш байсан гэж ярьдаг. Тэгвэл орчин цагийн Польш улсын үндэстний тодотгол юу вэ?

- Би уламжлал, ёс заншил, эх оронч үзлээр хүмүүжсэн хуучинсаг үзэлтэй хүн. Ихэнх польш хүмүүсийн адил сүмд явж сүсэглэн хүндэлдэг. Улс төрийн үзэл баримтлалаас болж хоёр хэсэг болон хуваагдаж буй хүмүүс, улс орныг хараад би үнэхээр өмнөөс нь харамсдаг. Энэ бол тэнэг үйлдэл. Эдгээр улсын парламентад байгаа зүүний ба барууны үзлийн ялгаа нь үнэндээ маш бага хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, яг адилхан тоглоомыг өөр хүмүүс өөр өөр багаж хэрэгслээр тоглож байна гэсэн үг. Польшийн соёл, үндэстний тодотголоос салгаж боломгүй нэг элемент бол дуу хөгжим. Фредерик Шопен гэхээр хүн болгон мэддэг. Надад түүний хөгжмийн нилээд олон гар бичвэрүүд нь байдаг. Түүнчлэн манай улсын 1000 гаруй жилийн түүхийг дурдах ёстой. Польш 966 онд загалмайн шашинтай болсон. Энэ цаг хугацаа Польш гүрний эхлэлтийн цэгтэй холбогддог. Улмаар Польшийн анхны хаан 1025 онд хаан ширээндээ суусан. 

- Монгол Улсын тодотголыг юу гэж хардаг вэ?

- Гэр, тал нутаг, морь шууд санаанд орж байна. Мөн эрэмгий зориг, эрч хүч санагддаг. Яг үүнтэй адилхан Польшийн морьт цэргийн түүх, уламжлал гэж бидэнд байдаг. Монголчууд 1241 онд Польшийг эзэлж байсан шүү дээ. 

- Монголчуудад хэлэх таны мессеж юу вэ?

Өөрийнхөөрөө байгаарай! Хэн ч байсан бусдыг дагаж дуурайж, шууд битгий хуулбарлан хөгжөөрэй гэж хэлмээр байна.