“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг
хэрэгжүүлэх асуудал хөндсөн цуврал


Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэгэнт дур зоргоор нь хөгжүүлчихсэн чөлөөт зах зээлийнхээ хамгийн гол ололтой тал болох өрсөлдөөнт чанарыг улам бэхжүүлэхийн зэрэгцээ төрийн зохицуулалтыг зөв зохистой ашиглах нь манай нийгмийн цаашдын хөгжлийн хамгийн гол арга зам болно.

Ингэхдээ Нордик буюу Умардын загварын нийгмийн хамгааллын давуу тал дээр илүүтэй тулгуурлах нь зүйтэй санагддаг. Түүнчилэн, Азийн орнуудын төрийн зохицуулалтын давуу талаас зохистой суралцвал зохино.

Миний бие судлаач хүний хувьд 2013 онд бичсэн “Нийгмийн хөгжлийн загварын тухай” бяцхан товхимолдоо Монголын хөгжлийн загварын талаарх өөрийн төсөөллийг дэвшүүлсэн байгаа.

Тухайлбал, Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайласан нийгмийн бүтцийг бүрдүүлж, нэгдмэл үндэстэн бүхий жижиг орнуудын хувьд нийгмийн бүтцэд 80-90 хувь нь дундчууд давамгайласан нийгмийн жигд тогтолцоог хангасан байхыг нийгмийн гол зорилтуудын нэг хэмээн тодорхойлсон билээ.

Аливаа улс оронд дундчууд нь тухайн орны эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангагч нийгмийн гол бааз суурь байж, тэдний нийгэмд эзлэх байр суурийн тэлэлт, эдийн засгийн чадавхийн өсөлтөөс үндэсний хөрөнгө оруулалтын чадавхи, улсын төсвийн байдал, төрөөс авч хэрэгжүүлэх нийгмийн бодлогын хэрэгжилт ихээхэн хамаарч байдаг.

Энэ үүднээс Монголын нийгэм дэх дундчуудын өнөөгийн байдлын талаар хийгдсэн судалгаа, шинэжилгээний зарим ажлын талаар мэдээлэл цуглуулж, аль болох нэгтгэн авч үзэж, дүн шинжилгээ хийхийг оролдлоо.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ чиглэлээр хийсэн томоохон судалгааны нэг нь 2003 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлсэн “Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа” сэдэвт төсөл байв. 

Энэ судалгаа нь Монголд дундаж анги гэж хэнийг тооцох, түүнийг ямар шалгуураар илэрхийлэх, тэд нийгэмд ямар үүрэг оролцоотой байгаа, хэрхэн төлөвшиж байна вэ, дунд орлогтныг тодорхойлох аргачлалын асуудал зэргийг нилээд өргөн хүрээнд судалсан байна. 

Уг судалгааг Улаанбаатар хот болон таван бүс нутгийг төлөөлүүлсэн 5 аймагт нийт 2500 айл өрхийн 10500 хүнийг хамруулан явуулжээ.

Судалгаанд оролцсон Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн багш судлаач Т.Нарантуяа “Дундаж амьжиргаатай өрхийн гишүүд нийгмийн цөм болдог” өгүүлэлдээ “Дундаж иргэн”, “Дундаж амьжаргаатай өрх”, “Дундаж анги” гэсэн гурван тогтвортой ухагдахуун байгааг тэмдэглээд энэ гурвын харилцан хамаарал, агуулгыг нарийн нягт шинжлэх нь нийгмийн судлаачдын төдийгүй шийдвэр гаргагчид, улстөрчдөд нэн хамаааралтай асуудал болохыг тэмдэглэсэн байна. 

Ингэхдээ, дэлхий нийтээр хийгдэж буй хүн амын тооллого, статистик бүртгэлийн үндсэн нэгж нь өрх айл болж, манайд улсад ч төр, засгийн бодлогын чиглэлүүд дундаж өрхүүдэд чиглэсэн хандлагатай болж байгааг онцлосон байдаг. 

“Харин эдийн засаг, улс төрийн шилжилт, хөдөлгөөний ноён нуруу, гол цөм болж байдаг дундаж ангийн тухай ухагдахуун нь Барууны зах зээл хөгжсөн орнуудад их яригддаг бололтой юм билээ” гээд “дундаж давхарга гэдэг барууны зах зээл хөгжсөн оронд яригддаг дундаж ангитай давхцах албагүй байж мэднэ. Гэхдээ миний ухварлаж буйгаар бол дундаж анги нь дундаж давхаргадаа ядаж багтаж таарах буй заа.” гэжээ. 

Үүнээс үзэхэд нийгэмд гүйцэтгэх үүргийг нь ангич үзлийн байр суурианаас авч үзэж, өмчийн харилцаатай нь уялдуулан улс төр, эдийн засгийн үүрэг хүрээгээр нь “Дундаж анги” гэж ангилах марксист ойлголт, нийгмийн ардчилсан тогтолцооны нөхцөлд өмчлөлийн байдлаас үл хамааран нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь өсөн нэмэгдэж буй ангийн ойлголтоос ангид “Дундаж давхарга” гэсэн ойлголт хоёрыг ялган салгах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. 

Хөгжингүй орнуудад дундаж давхаргыг бүрдүүлэгчид нь бусадтай харьцуулахад харьцангуй өндөр боловсрол, мэдлэг мэдээлэлтэй, тэр хэрээр хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, мөн тэр хэрээрээ ологын хэмжээ өндөр байдаг тул хэрэглээний зах зээлийн бүтэц, мөн чанарыг тодорхойлдог нийгмийн гол хэсэг нь байдаг. Өөрөөр хэлбэл, хүн амд дундаж давхарга нь нийгмийн нийт бүтээгдэхүүнд тэдний оруулж буй тэдний хувь оролцоотой дүйцэхүйц хэмжээгээр нийгмийн бүтцийг тогтворжуулахад чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ч дундчууд нь бүхэлдээ нийгмийн дотор улс төрийн тогтвортой байдал болонхувь хүний эрх, эрх чөлөөний гол баталгаа болж байдаг гэж үздэг. Тиймээс судалгааны арга зүйн хувьд цаашид бид “Дундаж давхарга” гэдэг ойлголтыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй санагдана. 

Судлаач маань энэ үүднээс асуудлыг авч үзэж, “Дундаж давхарга /цаашид дундаж амьжиргаатай өрхийг бүлгийнх хувьд ингэж нэрлэе/ бол нийгмийн янз бүрийн бүлгүүдийн нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн тодорхой нэгдэл мөн” хэмээн тодорхойлосон нь зүйтэй болсон санагдаж байна. 

Монголын нийгмийн дундаж давхаргын талаар хийгдсэн дараагийн томоохон судалгаа бол 2014 онд хийсэн “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгаа юм. 

Энэхүү судалгаа нь дундаж давхаргын асуудлыг хөгжлийн эдийн засгийн сэтгэлгээний хүрээнд тодорхойлон авч үзсэн байдаг. Тэд Монгол Улсын хувьд дундаж давхаргыг тодорхойлсон судалгаа, тэдний нийгэм-эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр тодорхой бус байгаа гэж үзээд, дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ судалгааны ажлыг хийсэн хэмээн судалгааныхаа зорилгыг тодорхойлсон байна. 

Гэхдээ энэ судалгааны ажил нь Монголын нийгмийн дундаж давхаргыг тодорхойлох аргачлалын санал дэвшүүлж, Дундаж давхаргыг тодорхойлох талаар улс орнуудын туршлага, асуудлын судлагдсан байдлыг тоймлон авч үзэж, өөрсдийн судалгааны ажлын арга зүйн ерөнхий чиглэл гаргасан нь онол-арга зүйн чухал ач холбогдолтой ажил болсон байна. 

Судалгаанд оролцогсдын хийсэн дүгнэлтээс үзэхэд дэлхий нийтэд дундаж давхаргыг тодорхойлсон албан ёсны нэгдсэн тодорхойлолт, хэмжүүр одоог хүртэл байхгүй, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд дундаж давхаргыг тодорхойлох орлогын хэмжүүр харилцан адилгүй, улс орон бүр өөр өөрийн онцлогийг тусгасан байдлаар дундаж давхаргаа тодорхойлж иржээ.

Ер нь бол дундаж давхаргыг тодорхойлох гол хэмжүүр нь “Орлогын түвшин” гэдэг ойлголт болж байгааг уг судалгаанд ашигласан арга зүйн материалуудаас харж болохоор байгаа юм. Тухайлбал, 2008-2010 онуудад хөгжиж байгаа орнуудын тоо мэдээлэлд шинжилгээ хийсэн АНУ-ын Глобал Хөгжлийн Төвөөс нэг хүнд ногдох өдрийн орлого нь дор хаяж 10 ам.доллар (2005 оны үнээр) эсвэл тухайн улсын орлогын тархалтын 95-р персентайл, түүнээс доогуур байхын бол дэлхийн улс орнуудын хувьд “Дундаж давхарга буюу Middle Class”-д тооцогдоно гэж үзснийг жишээ болгон авсан байна. Мөн Дэлхийн банкны 2012 онд тодорхойлсноор нэг хүнд ногдох орлогын доод утга өдөрт 10 ам.доллар байвал дундаж давхаргад орно гэж үзсэн байна.

Гэхдээ эдгээрээс өөр хэмжүүрээр тодорхойлодог судлаачид ч байдаг байна. “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгаанд ашигласан материалаас үзэхэд,Их Британийн Эдийн засгийн бодлого судалгааны Төвийн Банержий, Дафло (Banerjee, Abhijit, Esther Dufl)нар “хөгжиж буй орнуудын хувьд өдөрт 2-10 ам.долларын орлоготой бол дундаж давхаргад хамаарна” гэж үзсэн байхад Дэлхийн Банкны судлаач Раваллион (Ravallion) “хөгжиж буй орнуудын хувьд дундаж давхаргад өдөрт 2-13 ам.долларын орлоготой иргэдийг багтааж” болохыг тодорхойлосон байна. 

Гэтэл Карл Заммит-Маемпал (Karl Zammit-Maempal) хөгжиж буй орнуудын тухайлбал, Латин Америкийн орнуудын хувьд өдөрт 6-30 ам.долларын орлоготой (өдөрт 6-10 ам.доллар бол шинээр дундаж давхаргад орж буй иргэд, 10-30 ам.доллар бол аль хэдийнээ дундаж давхаргад байгаа), харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд өдөрт дор хаяж 30 ам.долларын орлоготой байвал дундаж давхарга гэж үзнэ гэдэг дүгнэлтээ 2014 онд хийсэн байна. 

Зарим судлаачид нэг хүнд ногдох орлого гэхээсээ илүүтэй “өрхийн нийт дундаж орлогын хэмжээ, орлогын тархалт”-аас хамааруулан дундаж давхаргыг тодорхойлно гэж үздэг байна. Тухайлбал, Крайг К.Елвелл (Craig K.Elwell) -ын 2012 оны “АНУ-ын өрхүүдийн орлогын тархалт ба дундаж давхаргын талаарх судалгаа”-наас үзэхэд “дундаж давхарга гэдэгт орлогын тархалтын дунд бүлгийнхэн”-ийг хамруулах бөгөөд үүнийг абсолют болоод харьцангуй орлогын түвшингээр үнэлж болно гэж үзсэн байна. Түүний судалснаар абсолют орлогоор дундаж давхаргыг тодорхойлох нь маш явцуу ойлголт бөгөөд өрхийн орлого 39,736 –64,553 ам.доллар бол дундаж давхарга гэж үзэж болох бөгөөд харьцангуй талаас авч үзвэл, өөрсдийн абсолют орлогыг бусдынхтай харьцуулж өөрөө хэр сэтгэл ханамжтай байгаа байдлаар давхар илэрхийлэгдэнэ гэж үзжээ. 

Мөн онуудад АНУ-д хийсэн судалгаанд дундаж давхаргыг хүмүүсээр өөрсдөөр нь тодорхойлуулжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдод “Та бага, дунд, дээд давхаргын алинд нь хамаарах вэ?” гэсэн асуулт тавьж, дундаж давхаргын хүн мөн эсэхийг өөрсдөөр нь тодорхойлуулжээ. Судалгаанд 2508 хүн хамруулсан бөгөөд тэдний 1287 буюу 51.3 хувь нь өөрсдийгөө “Дундаж давхарга” гэж үнэлсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг орлогын тархалтын 4 бүлэгт хуваан авч үзэхэд өрхийн жилийн орлого 50,000-99,999 ам.доллар бүлэгт хамаарагдаж байгаа хүмүүсийн 65 хувь, 30,000-49,999 ам.долларт хамрагдах хүмүүсийн 51 хувь өөрсдийгөө дундаж давхаргынхан гэж үнэлсэн байна. 

Эдгээрээс гадна дундаж давхаргыг орлогын тархалтаас хамааруулан тодорхойлохоос гадна тэдний үндсэн шинжийг тодорхойлсон олон судалгааны ажлууд байгааг Монголын жишээн дээрх судалгааны арга зүйдээ ашигласан нь сайшаалтай. Тухайлбал, Арабыг орнуудыг ихэвчилэн судалсан Нарен Прасад (Naren Prasad) дундаж давхаргынхныг ихэвчлэн орлогын түвшин, хэрэглээний хэв маяг, ажил мэргэжил, боловсролын түвшин, ажил эрхлэлтийн байдал, соёл зэрэг олон шинж байдлаар нь тодорхойлж болох саналыг дэвшүүлсэн байдаг. Харин Хятад улсын хувьд дундаж давхаргынхны үндсэн шинжийг тодорхойлохдоо тэдний сэтгэл ханамжийг жишээлбэл, өрхийн санхүүгийн байдал, орон сууц, ажил эрхлэлт, амьдралын нийт сэтгэл ханамжийн түвшинг хүмүүсээр өөрсдөөр нь тодорхойлуулж, эдгээр хүчин зүйлсээр тэдний үндсэн шинжийг бүрэн тодорхойлж болно гэдгийг Сингапурын Үндэсний Их сургуулийн Зүүн Ази судлалын Сургуулийн судлаач Ян Жин (Yang Jing) цохон тэмдэглэсэн байна. 

Энэ бүхний эцэст, “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгааны багийнхан Монголын “Дундаж давхарга”-ыг тодорхойлохдоо нэг хүнд ногдох орлогын түвшний доод босгыг 6-10 ам.доллар, дээд босго 30 ам.доллар орчимд, харин орлогын тархалтаар тодорхойлохдоо орлогын тархалтын гурав дах кюнтайл эсвэл 95-р персентайлаас доогуур байгаа тохиолдол зэргээр авч үзсэн байна. Мөн орлого болон амьдралдаа сэтгэл ханамжтай байдал гэх мэт хүмүүсийн өөрсдийн үнэлэмжийг дундаж давхаргыг тодорхойлохдоо ашигласан байна. 

Иймд олон улсын туршлага дээр тулгуурлан Монгол Улсын дундаж давхаргыг орлогын абсолют хэмжээ, орлогын тархалтын бүлэг болон иргэдийн өөрсдийн үнэлэмжээр нь тодорхойлох арга зүй бүрэлдсэн байна гэж үзэх бүрэн үндэстэй. 

Өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийн “Ядуурлын бүх төрлийг эцэс болгох, нийгмийн бүтэцд дундаж давхаргын хүн амдэзлэх хувийн жинг 80 хувьд хүргэх” нийгмийн салбарын гол зорилтыг хэрэгжүүлэх судалгааны арга зүй нь үндсэндээ бэлэн гэж үзэж болно. 



Доктор (Ph.D.), Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Б.ЭНХМАНДАХ

2017 оны 5-р сарын 26
Улаанбаатар хот