Уржигдар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа эхний 100 хоногийн ажлыг олон нийтэд тайлагнав. Нэг цагийн илтгэлдээ тэр 30 гол ажлаа онцолж, 2016 онд “эрчимт эмчилгээнд” орсон эдийн засгийг 2017 онд “энгийн тасагт” шилжүүлсэн бол 2018 онд энэ “хүнийг” эмнэлгээс гаргаж, гэрт нь аваачаад, эмчлээд 2019 онд ажилд нь оруулж, 2020 оноос ажлаа хийж, цалинтай тогтвортой ажиллахаар болгоно гэлээ.

Өнгөрсөн 100 хоногийн эмчилгээ

Давхар дээлтэй 15 сайдтай У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны 10-р сарын 20-нд бүрдсэнээс хойш 100 дахь хоног нь 2018 оны 1-р сарын 28-нд тохиов. Хийж эхлүүлсэн ажлуудаас нь макро-эдийн засгийн талаас хоёрыг нь онцолж болох юм.

Нэгдүгээрт нь, төсвийн бодлогод өөрчлөлт орж байна. ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу гадаадаас хямдхан зээл орж ирсэн тул Засгийн газар дотоодын банкуудаас өндөр хүүтэй мөнгө татахаа зогсоов. Арилжааны банкууд төрд биш, хувийн салбарт зээл өгөхөөс өөр сонголтгүй болов. Төгрөгийн ханш тогтворжив.

Дампуурсан арилжааны банкуудаас ялгаж үлдээсэн хөрөнгөд суурилсан Төрийн банкны 70 захирлын хагасыг цомхотгов. Энэ банк орон даяар 500 гаруй салбартай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг болсон. 2009 онд Засгийн Газрын тогтоолоор байгуулагдсан тус банкны 25 хувийг Сангийн яам, 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци (ХДК) эзэмшдэг. Уг нь бол Засгийн газар ч, ХДК ч арилжааны банк эзэмших ёсгүй юм аа. Энэ банкийг хувьчлах ажлын эхлэл гэж харагдаж байна.

Хоёрдугаарт, шатахууны үнийг чөлөөлөх анхны алхам хийгдлээ. АИ80, АИ92 түлшний онцгой албан татварыг цуцалсан нь үнийг төр засаг биш, хэрэглэгч тогтоох зөв чиглэл юм.Шатахууны хангамжийг хараат бус болгохын тулд олон жил яригдсан газрын тосны нэрэх үйлдвэрийн байршлыг тогтоож, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр барьж эхлэх гэж байна.

Ирэх 880 хоногийн эмчилгээ

Ерөнхий сайд “бидний зовлон бол ажилгүйдэл, ядуурал, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй явдал” гэж эдийн засгийн өнөөгийн байдлын гол шалтгааныг тодорхойлов.

Тэгээд Засгийн газрынхаа үлдсэн хугацаанд эдийн засгийн зөв менежмент хийнэ. Төрийн албаны бүх шатанд сахилга бат, эмх цэгцтэй байдлыг хангана, 2018 оныг сахилга хариуцлагын жил болгоно. Төсвийн алдагдлыг багасгана. Эдийн засгийн салбар бүрт тодорхой ажлуудыг гүйцэтгэнэ. Жишээ нь агаарын тээврийг либералчилж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Гурван ээлжийн бүх сургуулийг хоёр ээлжтэй болгоно. Тэтгэврийн насыг уян хатан болгоно. Хүн амын орлогын албан татварыг нэмэхгүй, арван хувиар нь үлдээнэ.  Ипотекийн зээлийг үргэлжлүүлж энэ онд 120 тэрбум төгрөг төсвөөс гаргана. Монголбанкинд төвлөрсөн өмнөх зээлийн эргэн төлөлтийн 180 тэрбум төгрөгтэй нийлээд 300 тэрбум төгрөг болно. 2019 оны 4-р сараас эхлээд УБ хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй гэх зэрэг амлалт гаргав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх юу хийсэн, юу хийхээ маш тодорхой, эмх цэгцтэй, эрч хүчтэй ярьсан нь энэ Засгийн газар онцгой их асуудал шийдэх байх гэсэн томоохон хүлээлт бий болгов. 

Гэвч энэ бүхнийг төр, хувийн хэвшлийн аль нь хийх, ер нь яаж хийх, яаж зах зээлийн механизмыг өөрийг нь ашиглах тухай бараг ярьсангүй.

Эмчлэх арга

Ерөнхий сайдын эдийн засгийн байдалд тавьсан оношилгоо нь зөв ч, яаж эмчлэх арга нь тодорхой бус, шинжлэх ухааны үндэслэл багатай санагдлаа.

Сахилга батгүй, хариуцлагагүй байдал бол шударга ёс, хуулийн засаглал тогтохгүй байгаагаас үүдэлтэй. Төр засагт бий болсон авлигыг дарахаас эхэлж шударга ёс тогтох юм аа. Авлига нь улс төрийн намуудын санхүүжилтээс эхтэй бөгөөд төрийн эрх барьж буй намын даргын хувьд Ерөнхий сайд та, намынхаа УИХ-ын 65 гишүүн, түүний дотор 15 сайд-гишүүнийхээ хүчээр улс төрийн намуудын тухай хуулиа яаралтай шинэчлэх ёстой. Мөн нийтийн хөрөнгийг завшиж, луйвардсан этгээдүүдтэй нам, төрийн харьяаллаас үл хамааран түргэн шуурхай хариуцлага тооцохгүйгээр шударга ёс ирэхгүй.

Та зөвхөн Улаанбаатар хотын газрыг, ялангуяа Богд уулын амууд, Туулын эрэг, Яармагийн талбайн газрыг хэн, яаж зувчуулсныг ил тод болгож, нийтийн хөрөнгийг буцаах, эсвэл төлбөрийг нь авчихад л авлигын хагас нь цэгцэрнэ.

Загас, төр хоёрын ялгаа бол загас дээрээсээ ялзардаг ч, доороос нь цэвэрлэдэг, харин төр дээрээсээ ялзарсан болохоор тэндээс нь цэвэрлэх ёстой. Тэгээд ч та 100 хоногийн өмнө “Би айхгүй, амь насаа алдахаас ч айхгүй. Ганцхан зүйлээс айна. Ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс л айж байна” гэсэн шүү дээ.

Ажилгүйдэл, ядуурал бол эдийн засагт төрийн оролцоо дэндүү их болсон, төрийн компаниуд чинь намынх болчихоод, бүгд алдагдалтай учраас боловсрол, эрүүл мэндэд зориулах ёстой байсан улсын төсвөөс тэжээлгэж байгаатай холбоотой. Төрийн компаниудыг намын гишүүддээ биш, нийт иргэддээ хувьцаат компани болгоод өгчих өө. Уул уурхай, агаарын болон төмөр зам, ус цахилгааны бүх компаниудын 60 хувийг эхлээд хувьчлах шаардлагатай байна.

Эцэст нь бүх үнийг бүрэн чөлөөлж, “Үнийн зөвлөл” гэгчээ татан буулгаад тараачих аа. Шударга өрсөлдөөнийг дэмжээд, төр засгийн удирдлагуудаа компаниас нь холдуул аа. Тэгвэл таны хийх гээд байгаа эдийн засгийн бүх шинэчлэлийг зах зээл өөрөө хийгээд өгнө. 15 сайд чинь гучин нүдтэй, ард түмэн чинь зургаан сая нүдтэй учир бүхнийг харж чадна.

За энэ гурван зүйлийг та хийж, эхлүүлж чадвал ард иргэд чинь таны хэлснээр “элбэг хангалуун, аз жаргалтай” амьдарч эхэлнэ.

2018.01.31