Миний тухай Л.Норовсүрэнгийн хүүрнэл
Ахмад багш доктор Л.Норовсүрэн гэж найз маань «Монголын нийтлэл» хэмээх бүтээлдээ миний уран бүтээлийн талаар хэрхэн өгүүлснээ надад софтоор илгээснийг хоёр хуваан baabar.mn дэх сайтдаа тавья гэж шийдлээ.
МУИС-ийн нийгмийн ухааны салбарт Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим гэж бий. Сэтгүүл зүй гэдгээрээ алдаршсан. Төгсөгчид нь гэхэд бараг мянга давсан байх. Тэр олон мянган сэтгүүлчдэд хичээл зааж сэтгүүл зүйд мөр гаргалцаж явсан ахмад багш доктор Л.Норовсүрэн гэж найз маань «Монголын нийтлэл» хэмээх бүтээлдээ миний уран бүтээлийн талаар хэрхэн өгүүлснээ надад софтоор илгээснийг хоёр хуваан baabar.mn дэх сайтдаа тавья гэж шийдлээ. Тэгээд ч Л.Норовсүрэн багшийн үй олон шавь нар уншиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би өөрийгөө сурталчлуулах хорон санаа агуулаагүй. Монголын шилдэг нийтлэлчдийн клубт эрхбиш данстай, насан туршийн гишүүн нь гэсэн үнэмлэх бичигтэйн хувьд сэтгүүл зүйн ухааны докторын өнцгөөс миний уншигч фээн, дайснуудад намайг нэг удаа тольдож үзэх боломж олгох гэсэн ядмагхан санаа юм. Хүлцэн таалаарай. Хараал ерөөл аль алиныг нь тэснээ, би!
Монголын орчин үеийн улс төрийн нийтлэлийн томоохон төлөөлөгчийн нэг нь Дашдоржийн Баярхүү юм. Юуны өмнө түүнийг “хүйтэн дайн”-ы дараах үеийн олон улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон нийтлэлээрээ шилжилтийн үеийн монголын улс төр, гадаад дотоод бодлогыг шинэчилэхэд ихээхэн тус хүргэсэн нийтлэлч гэж үзэх учиртай. Д.Баярхүүгийн нийтлэлийн үндсэн сэдэв нь олон улсын тойм, өгүүлэл, түүхэн тэмдэглэл, улс төрийн прогноз, хөрөг байдаг.
Олон улсын харилцааны хоёр туйлт бүтэц задарч, дэлхий дахинд хагас зуун жил ноёрхсон хүйтэн дайн төгссөн үед гадаад бодлогыг үзэл сурталжуулж, ангийн эвлэршгүй тэмцлийн номлолд тулгуурласан улс төрийн сургаалын байр сууринаас дэлхийн хөгжлийг дүгнэж цэгнэж ирсэн хэв загварыг халж, гадаад бодлогод зөвхөн хүн төрөлхтний соёл иргэншлийн ирээдүй ба үндэсний эрх ашгийг дээдлэх чиглэл бүхий шинэ агуулгыг оруулж ирснээрээ Д.Баярхүүгийн нийтлэл содон юм.
Түүнчилэн Монгол улсын гадаад орчин хувьсан өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тэрхүү шинэ орчныг танин мэдэж, түүнд зохицсон гадаад бодлогын шинэ номлол, шинэ чиг шугам боловсруулж хэрэгжүүлэх санаа түүний нийтлэлд зонхилж байдаг. Монголын талаар явуулж ирсэн их гүрний стратегийн бодлогын мөн чанарт үнэлэлт дүгнэлт өгч, түүхэн ёсоор хаяа дэрлэн ирсэн хөрштэйгөө тэнцвэртэй харилцах зарчмын чухал асуудал ч Д.Баярхүүгийн нийтлэлд тод туссан байна.
Түүний нийтлэлд Монгол орны онцлогийг зөв танин мэдэж, түүндээ тулгуурлан түншлэлийн бодлогоо тодорхойлж, ялангуяа улс орныхоо үндэсний эрх ашгийг олон улсын тавцанд тууштай хамгаалж, гадаад бодлогын хүрээгээ тэлэх, тусгаар тогтнолоо түншлэлийн харилцаагаар баталгаажуулах, дэлхийн хамтын нийгэмлэгт зохих байр сууриа эзлэх асуудлыг тодорхой тусгасан нь ихээхэн ач холбогдолтой юм.
Д.Баярхүү ерээд оны дэлхийн улс төрийн байдал, Монгол орны шилжилтийн үйл явцыг тодорхойлж бичсэн нийтлэлүүдээрээ Монголын сэтгүүл зүйн харьцангуй шинэ чиглэл болох олон улсын мэдээллийн чиг зүгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүний нийтлэлийг нэгд: Монголын гадаад харилцааны өнгөрсөн үеийн туршлага сургамж, хоёрт: Хойт, урд хоёр хөршөөс Монголын талаар явуулж ирсэн их гүрний бодлого, гуравт: Дэлхийн улс орнуудын улс төрийн амьдралд хийсэн шинжилгээ, дөрөвт: Олон улсын харилцааны шинэ дэг журам, түүнд Монголын эзлэх байр суурийн тухай асуудал гэсэн чиглэлээр авч үзэж болмоор юм. Нэг дэх хэсэгт «Хятадын төлөө Монголыг золиосолжээ» (“Ил товчоо”. 1994. ¹34), «Монгол улсыг хуйвалдааныхаа гүүр болгосон нь» (“Ил товчоо”. 1995. ¹10), «Гитлер, Сталин: Монголын тухай»т (“Ил товчоо”. 1993. ¹32), «Халх голын дайн ба Монголын тухайд» (“Ил товчоо”. 1994. ¹1), «Бид их гүрнүүдийн тоглоом болсон байж магадгүй» (“Ил товчоо”. 1994. ¹5), «Бид дайнд ялсан гэж үү?» (“Засгийн газрын мэдээ”. 1995. ¹89), «Тэртээх 50 жилийг өнөөгийн өндөрлөгөөс харахад» (“Үнэн”. 1995. ¹19), «Ленин Монголыг Хятадад худалдсан» (“Ил товчоо”. 1994. ¹6), «Их Ленин Та» (“Үг”. 1994. ¹12), «Зөвлөлт-Хятадын хуйвалдааны дүнд Монголд хувьсгал ялсан» (“Ил товчоо”. 1994. ¹8) зэрэг өгүүллийг хамааруулж болно.
Д.Баярхүү сонгож авсан сэдвээ эвлэршгүй хурц өнгө аясаар илэрхийлж, огцом зоригтой дүгнэлт хийдэг онцлогтой нийтлэлч юм. Тэрбээр «Зөвлөлт-Хятадын хуйвалдааны дүнд Монголд хувьсгал ялсан» гэдэг өгүүлэлдээ бидний ярьж заншсан шиг Монгол-Зөвлөлтийн харилцаа үнэхээр дэлхийн дайн дуусах үеийг хүртэл социализмын ертөнцийг төлөөлж чадаж байсан уу, 1921 онд улаан арми Монголд үнэхээр тусалсан ба энэ явдал Алс Дорнодын харилцаанд ямар байр эзэлж байсан бэ, Японоос шинэ залуу Зөвлөлт Оросыг эзлэн түрэмгийлэхээр оролдож байсан уу? гэдэгт эргэлзэж байгаагаа дурьдаад, өөрийн үзэл бодлыг сөргүүлэн тавьсан байна. Зохиогч 1921 оны хувьсгалд Октябрийн хувьсгал шууд нөлөөлсөн гэдэг нь үнэнд нийцэхгүй болохыг дурьдаад «Хэрэв Керенскийн санаачилсан парламентын өмнөх ардчилсан зөвлөлгөөн байгуулах, түүнд бүх намын төлөөлөгчдийг оролцуулах саналыг Ленин хүлээн авсан л бол тэд хэзээ ч засгийн эрх авахгүй байсан. Орос орон бүх нөөц, дэлхийн нэгдүгээр дайнд татан оруулсан хийгээд нийслэлд засгийн газрыг хамгаалах хүч сул байгааг ашиглан большевикууд Өвлийн ордныг дайрч эхэлсэн. Үүнийг хувьсгал гэхэд үнэхээр хэцүү…Хэрэв 1920 онд Барон Унгерн Монголын дэвшилт феодалуудын хүсэлтээр Монголд орж ирээгүй бол манай хувьсгалчид яаж ч чармайлт тавиад улаан армийн ангиудыг Монголд хариу оруулж ирж чадахгүй байсан. Яагаад гэвэл Их Хүрээнд Хятадын цэрэг хяналтаа тогтоож Москвад тэдний бие төлөөлөгчид хэлэлцээ хийж байв. Монголд улаан арми дэмжлэг үзүүлэх ямар ч учир шалтгаан энд алга. Ер нь өчүүхэн Монголтой зууралдах санаа Москвад яахин төрөх билээ»гэхчилэн бичээд Ленин тэр үед Хятадын хувьсгалыг хамгийн их хүсч, өлсгөлөнгийн, эсвэл бага үндэстний, Балтынгэх мэт дотоодын амин чухал асуудлуудаар нэг ч комисс байгуулаагүй атлаа Улс Төрийн Товчооныхоо дэргэд Хятадын комиссыг онцлон байгуулж, хувьсгалчдыг нь далдаас чиглүүлж байсан тухай өгүүлсэн байна. «Ийм нөхцөлд Ленин Азиас ганцхан Сүхбаатарыг ганцааранг нь хүлээн авч, зандан ташуур доторх Богдын тамгатай бичгийг бясалгаж, Улаан талбайгаар хуучлан алхах зуураа Монголыг Азийн анхны социалист орон болгохыг уриалсан болж таардаг. Энэ бол үзэл суртлын зорилгоор түүхийг бүдүүлгээр гуйвуулсан хэрэг. Үнэхээр Сүхбаатар Лениний үнэнч шавь байсан бол 1923 онд ертөнцийн мөнх бусыг сэжигтэйгээр үзэх үү? Гучин настай бядлаг тэнхлүүн эр ханиад хүрээд гэнэт үхнэ гэдэг байж боломгүй зүйл. Түүний дэргэд байсан улаан армийн эмч нар юу хийсэн бэ? Ерөөсөө Монголд хувьсгал ялсны маргаашаас засгийн эрхийн хямрал үргэлжилж, бараг дөчин он хүртэл халаа сэлгээг зогсолтгүй хийж байсан нь юуных вэ?» гэхчилэн бичсэн нь Монгол-Зөвлөлтийн уламжлалт харилцааны талаарх цоо шинэ санаа байсан бөгөөд манайд үзэл бодлын сэтгүүл зүйн эхлэл тавигдаж байсны нэгэн илрэл юм.
Д.Баярхүү «Ленин Монголыг Хятадад худалдсан» гэдэг өгүүлэлдээ Монгол орон Лениний хувьд юу ч биш байсан гэсэн дээрх санаагаа улам гүнзгийрүүлсэн байна. Тухайлбал 1924 онд ЗСБНХУ ба БНХУ-ын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай хэлэлцээрт «Гадаад Монгол нь БНХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн» гэсэн заалт орсон байсныг 1988 онд Москвад хэвлэгдсэн «В.И.Лениний олон улсын үйл ажиллагаа » гэдэг номонд тэмдэглэснийг дурьдаад «Ленин багш маань Монголыг юан чинээ үл ойшоон бидний өвөг дээдэс үеийн үе дамжин тэмцэж, хамгаалж ирсэн тусгаар тогтнолыг минь “хувьсгалын босгон дээр тулж ирсэн” Бээжингийн милитарист засгийн газарт өгсөн гэдэг түүхэн гашуун үнэнийг ил гаргая. Уг хэлэлцээрт цааш нь “хаант Оросоос Хятадын бүрэн эрх, эрх ашгийг хөндөж ямар нэг гурав дахь оронтой хамтран байгуулсан гэрээ хэлэлцээр, бусад актууд устгагдсан буюу хүчингүй болсныг зарлаж байна” гэсэн заалт бий. ЭНэ заалт 1921 оны гуравдугаар сард РСФСР-ийн Засгийн газраас Бээжингийн Засгийн газарт хандаж явуулсан илгээлт, тухайлбал “Хоёр их Бүгд Найрамдах Улсын эрх ашгийг хөндсөн бүх асуудлыг Хятадын Засгийн газар хэлэлцүүлэхээр дэвшүүлэх аваас хэлэлцээ хийхэд бэлэн буй” тухай саналтай нь хэр авцалдаж байна вэ? Устгагдсан буюу хүчингүй болсон “тэгш бус” гэгддэг актын дотор Гадаад Монголын автономит эрхийг хүлээн зөвшөөрч, түүний дотоод хэрэгт оролцохгүй байхүүрэг хүлээсэн Орос, БНХУ-ын 1913 оны Бээжингийн тунхаглал, мөн 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээр орж байна. Өөрөөр хэлбэл Монголын өөртөө засах эрх, тусгаар тогтнол, бие даасан байдлыг 1924 оны дээрх хэлэлцээрээр үгүй хийлээ гэсэн үг. Энэ утгаар Зөвлөлт засаг, Хаант Засгаас бүр дор байр суурь баримталсан байна. Энэ дүгнэлтийг нотлох өөр баримт ч бий. Монголд Гамин цэрэг орж ирсэн нь Монголыг Большевизмийн нөлөөнөөс сэргийлэх зорилготой байсан мэтээр үзэж ирсэн. Гэтэл хэрэг дээрээ Зөвлөлт засаг хаант Оросын “нууц дипломат бодлогыг хүчингүй болгох” нэрээр өмнөх Засгийн газрын Гадаад Явдлын Яаманд хадгалагдаж байсан олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг бүгдийг нь хөсөрдүүлсний дотор Хиагтын хэлэлцээр орсон бөгөөд Монголыг Орос батлан даахгүй гэсэн тодорхой ойлголт авсан Бээжингийн Засгийн газарцэргээ илгээсэн нь тэр юм. Хиагтын хэлэлцээрт Хятад улс Монголд цэрэг оруулахгүй байх, Монголын газар нутгийг колоничлохоор өнгөлзөхгүй байх, Монголын дотоод хэрэгт оролцохгүй байх заалт байсан боловч Зөвлөлт засаг түүнийг үгүйсгэснээр гамингуудад Монголд орох боломж олгосон хэрэг»хэмээн бичсэн байна.
Д.Баярхүүгийн нийтлэлийн бас нэг чухал хэсэг нь дэлхийн улс орнуудын харилцаанд гарсан чиг хандлагын тухай сэдэв юм. Үүнд «1956 он: Унгарын хувь заяаг Москвад шийдсэн нь» (“Үг”. 1994. ¹17), «Чехословакт байгуулсан “түүхэн ялалт”» (“Үг”. 1994. ¹9), «Скандинавын буюу Шведийн социализм» (“Үг”. 1994. ¹4), «Хөгжиж байгаа орнуудад гашуун сургамж» (“Үг”. 1994. ¹4), «Зөвлөлт, Коммунизм хоёр Польшийг егүүтгэсэн» (“Үг”. 1994. ¹18) зэргийг нэрлэж болох юм. Уг өгүүлэлд Дорнод Европын орнуудад тавиад оны Хрущевын реформыг дагалдан нэлээд өөрчлөлт гарсны дотор залхаан цээрлүүлэх компанийг зогсоож, хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах, нийгэм-эдийн засгийн бодлогоо либералчлах, цэрэг зэвсгийн зардлыг хорогдуулсан зэргийг онцлон дурьдаад эн үйл явц «БНЧСУ-д хүчтэй өрнөж, тус орны нийгэм-эдийн засгийн байдал жараад он гэхэд тогтвортой болж чаджээ. Гэвч цаашид энэ чиглэлээр их зүйл хийх шаардлагатай байлаа. Үүнийг ЧКН болон Чехословакийн тэр үеийн удирдлага сайтар мэдэж байв. Хрущевын нөлөөгөөр тус орныг нэлээд өөрчилсөн Новотныг Брежнев туршлагатай бөгөөд 1967 оноос хойш Варшавын гэрээний Ерөнхий командлагч маршал Якубовский болон Прага дахь элчин сайдаараа дамжуулан түүнийг сэм тагнуулж байжээ. Тэд Новотнын оронд тавьчих Москвад элэгтэй хүн хайж байсан хэрэг. Чехословакийн Дотоод Явдлын Яам, арми, төр зөсгийн удирдлагад Зөвлөлтийн талыг баримтлагч бишгүй байсан нь мэдээж. Москвагаас тус орны дотоод хэрэгт оролцох боломжийг “Чехословакийн Коммунист Намын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” олгожээ. Таван бүлэг бүхий уг баримт бичигт дайсагнан үзэх ямарч заалт байхгүй, гагцхүү тус орон дахь нийгмийн байгууллыг цаашид боловсронгуй болгох Варшавын гэрээний байгууллага, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хүрээнд тус орныг шинэчлэх асуудал тусгагдсан юм.
Гэвч түүнийг Москвад таашаахгүй байв. 1967 оны сүүлчээр ЧКН-ын удирдлага солигдож, намын шинээр сонгогдсон удирдагч А.Дубчек шинэчлэлийн замаар цааш явсан нь Брежневийн хувьд тэсвэрлэшгүй зүйл байлаа. 1967 оны 12 дугаар сард болсон Төв Хорооны бүгд хурал Чехословакт засгийн эрхийн хямрал үүсгэж, түүнийг шийдвэрлэж чадахгүй байсаар 1968 оны хавартай золгожээ. Тус оронд улс төрийн хямрал хөдөлгөөн, шүүмжлэл өрнөж, ардчиллын салхи сэвэлзэж эхэллээ. Гэвч социализмаас ухрах тухай хэн ч төсөөлөхгүй байв. Өнөөгийн ардчиллын хэмжүүрээр бол энэ нь хэвийн, зүй ёсны хөдөлгөөн байсан бөгөөд Түүнд “хувьсгалын эсэргүү” гээд нэрлэчих ямар ч шинж тэмдэг байсангүй. Тус орны удирдлага ч ингэж үзээд байдлыг хурцатгахыг хүсээгүй билээ.
Гэтэл үүнийг сталинч дэглэмээ сэргээж байсан ЗХУ-д маш аюултай мэтээр үзэж, Унгараас бусад социалист хөршүүд нь ч болгоомжилсон юм» гээд, Зөвлөлтийн удирдагчид Чехословакийн удирдлагыг Москвад авчирч ятгах төлөвлөгөө боловсруулан, улмаар Прагад цөмөрч тэднийг баривчлах шийдвэр гаргасан, үүнээсээ болж ЗХУ-ыг олон улсын хууль зүйг ноцтой зөрчсөн гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл буруутгасан ч Брежнев ямар ч ял хүлээгээгүй бөгөөд харин ч арваадхан жилийн дотор Чехословакийн үндэсний баатар цолооргурван ч удаа шагнуулж, өөрийгөө Чехословакийг чөлөөлсөн болгож кино хүртэл бүтээлгэсэн зэргийг түүхэн баримтад тулгуурлан бичжээ.
Мөн «1956: Унгарын хувь заяаг Москвад шийдсэн нь» гэдэг өгүүлэл “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн”гэгддэг байсан Унгарт гарсан 1956 оны үйл явдлыг Европын эртний соёлтой зарим оронд гарсан ардчиллын төлөөх хөдөлгөөн нэг гэж батлахад чиглэжээ. Унгарчууд 1944 онд Фашистын дарлалаас чөлөөлөгдөхдөө төвийг сахисан, бие даасан Унгарыг цогцлоон байгуулна гэж санасан нь талаар болж, Москвагаас Сталиний авчирч тавьсан Матиас Ракошийн яргалал, дарангуйлалд орсныгзохиогч тэмдэглээд, үүний уршгаар «Олон намын уламжлал устаж, социал-демократуудыг коммунист намд хүчээр нэгтгэн, үлдсэнийг нь шууд устгажээ. Хэлмэгдэл арваад жил үргэлжилж, Ракоши дураараа дургисаар байгаад Хрущевын эринтэй золгожээ. Унгарчуудад сая л сэхээ авах бололцоо олдлоо. Сталинч дарангуйлагч Ракошийг авч хаян, оронд нь шинэчлэгч Имре Надь ерөнхий сайд болов.
Тэрээр засгийн эрх авмагц Польшийн ард түмэнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, хөрш Югославтай найрамдахыг зорьжээ. Энэ нь Зөвлөлтийн нөлөөнөөс гарах гэж тэмүүлсэн хэрэг байв. Тэр нь нийт Унгарын ард түмний тэмүүлэл байлаа. Гэтэл үүнийг Москвад бас л эмзэглэн хүлээж авав. Будапешт дэх Зөвлөлтийн элчин сайд Ю.В.Андропов Кремль рүү элдэв мэдээлэл бичиж, Унгарын удирдагчдыг хутган үймүүлж байсан хэрэг. Кремльд Андроповын хов хүргэснээр нэг ёсны “шүүх хурал” болох нь тэр. Хэрэгтний ширээнд И.Надийг суулгаж, прокурор, яллагчийн дүрд Хрущев, Маленков, Микоян, Молотов, Каганович, Булганин нар тоглов. Энэ бол 1957 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр. Харамсалтай нь өөр орны иргэнд Зөвлөлтийн хууль тогтоомжийн дагуу ял ногдуулсан юм. Тэнд сэтгэл зүйн том дарамт амссан Надь Унгарт буцаж ирмэгц зүрхний өвчнөөр гэнэт өвчилж, ажлаа хийж чадахаа болилоо. 1956 оны хавар түүнийг Улс Төрийн Товчоо, Төв Хорооны гишүүнээс хасч, Ерөнхий сайдаас халав. Өвчтэй Надь дээр Москвагийн гол үзэл сурталч М.А.Суслов биечлэн ирж, эвлэрэхийг ятгасан боловч Надь гөжсөөр байгаад намаасаа хүртэл хөөгджээ. Ингээд Москвад элэгтэй, нөгөө нэр муутай Ракоши дээр сонголт эргэж буужээ. Тэр хэрэг дээрээ Андроповын матаасаар өрсөлдөгчөө авч хаяад өөрөө дахин гарч иржээ» гэсэн байна.
Зохиогч цааш нь, Зөвлөлтийн удирдагчид жижигхэн Унгарыг армийн хүчээр дарж, ардчиллын төлөө хөдөлгөөнийг булшилснаараа олон улсын нэр хүндээ алдаж, нэг ёсондоо ёс суртахууны хувьд ялагдсан тухай өгүүлээд, тэр хэрэг явдлын гол хутгуур нь хожим ЗХУКН-ын Төв Хорооны социалист орнууд хариуцсан нарийн бичгийн дарга болж, Чехословак, Афганистан зэрэгт цөмрөн орох ажлыг хийлцсэн Ю.В.Андропов байсныг түүхэн баримтад тулгуурлан бичжээ (Үргэлжлэл бий)