Миний олж харсан Мубарак
Корона вирүсийн халдвартай зэрэгцээд ойрын үед дэлхийн хэвлэл мэдээллээр ярих бас нэг сэдэв нь “Хосни Мубарак” болж таарах нь байна. Гарчгаа сонгохдоо би бас бодож бодож тархиа чилээн байж ингэж авлаа.
Есөн жилийн өмнө. Мөн л Монголын цагаан сар давхацсан цаг. Египетэд “Арабын хавар” гэсэн гарчигтай, “Тахрирын хувьсгал” гэсэн тодотголтой ард түмний эсэргүүцлийн тэмцэл дэгдэж 30 жил халаагүй суусан Төрийн тэргүүн нэр хүндэт эрхэм Хосни Мубаракийг засгийн эрхнээс унагасан билээ. Тэр үед би эрхэт улсаа төлөөлөн АБНЕУ-д Элчин сайдаар ажиллаж таарсан. Тэрхүү эрхэм маань Монголын цагаан сарын шинийн 2-нд тэнгэрт хальжээ.
Корона вирүсийн халдвартай зэрэгцээд ойрын үед дэлхийн хэвлэл мэдээллээр ярих бас нэг сэдэв нь “Хосни Мубарак” болж таарах нь байна. Гарчгаа сонгохдоо би бас бодож бодож тархиа чилээн байж ингэж авлаа. Үнэхээр л олж харсан, уулзсан тэр мөч надад хэрхэн гүн суусан тухай энд хүүрнэх гэж байна. Этгээд ч юм шиг, сонин ч юм шиг нэгэн ёслолыг эргэж дурсая.
2008.06.16. Өглөө 07.00 цагт Египетийн ЕТГ-ын ёслолынмашин, мотоцикл хөлөглөсөнхамгаалалтын ажилтан намайг авахаар иржээ. Египетийн талын ёслолын журмаар бол Итгэмжлэх жуух бичиг(ИЖБ) барих гадаадын Элчин сайдыг Элчин сайдын яамнаас нь хэн ч дагалддаггүй, зөвхөн ганцаараа айлын талын ёслолын машинаар явж, буцаж ирдэг юм байна. Бид 07.40 цагт ЭСЯ-наас хөдөлж 45 минут явсны дараа Ерөнхийлөгчийн (Х.Мубаракийн) ордонд хүрэлцэн очиж, хүлээлгийн танхимд бусад Элчин сайд нартай хамт сууцгаалаа. Энд надаас гадна 5 тивийн 24 улсын Элчин сайд уван цуван хүрэлцэн ирцгээв. Үүнд
- Азийн 6:Монгол, Хятад, Индонез, Филиппин, Бангладеш, Узбекистан;
- Америкийн хоёр:АНУ, Панам;
- Европын 4:Мальта, Их Британи, Латви, Босни-Герцеговина;
- Африкийн 9: Эретрэй, Буркина-Фасо, Чад, Кот д’Ивуар, Намиби, Мали, Сенегал, Лесото, Свазиланд;
- Арабын гурав: Кувейт, Палестин, Иордан;
- Мөн Австралийн Элчин сайд нар ирсэн байлаа.
Биднийг цайлсны дараа Ерөнхийлөгчийн Ёслолын албаныхариуцлагатан хоёр эрхэм ИЖБ-г хэрхэн яаж барих талаар газар дээр нь сургуулилахаар бөөнөөр нь дагуулангарлаа.Египетийн Ерөнхийлөгчийн ёслолын журмаар бол ИЖБ барьж байгаа гадаадын Элчин сайдад 1 минутаас илүү хугацаа өгдөггүй, Төрийн тэргүүнтэй юм ярихгүй, зэрэгцэж зогсохгүй, дөхөж очихгүй юм байна. Төрийн дуулал 1 бадгийг эгшиглүүлэх, жуух гардуулах, хүндэт зочдын дэвтэрт гарын үсгээ үлдээхэд нийтдээ 5 минутаас илүү хугацаа зарцуулдаггүй гэв. Айхтар шахуу ёслол байна.
ИЖБ-г хэрхэн яаж барих талаар хичээллэсний дараа 10.30 цагаас эхлэн жагсаалтад бүртгэгдсэн (Каирт ирсэн он, сар, өдрөөрөө) дарааллын дагуу нэрээ дуудуулан нэг нэгээрээ цувран гүйлдэж эхлэв. Эхнийх нь 2007 оны 10 дугаар сараас хүлээж байгаа Мальта улсын Элчин сайд салхи хагаллаа. Харьцуулваас бид нэг эмчийн үүдэнд оочер хүлээн суугаа өвчтөн аятай, сувилагч нь гарч ирээд л номерыг нь бачуухан дууддаг даа. Яг тэрэн рхүү л юм шиг. Эелдэг үг, ёслол хүндэтгэл гэж байхгүй л улсынхаа нэрийг дуудуулаад л чавхдаад байх нь тэр. Миний бие 13 дугаарт бичигдсэнээрээ 11.05 цагт бослоо.Ёслолын танхимаар дамжин гадна довжоон дээр тусгайлан зассан хивсэн дээр очиж зогсмогц ёслолын хоёр ажилтан хоёр талд зогсов. Хүндэт харуул командаар сэлэмт ёслол үйлдсэний дараа манай улсын Төрийн дууллыг нэг бадгийг эгшиглүүлэв. Төрийн далбаа мандуулсан нь харагдсангүй.
Залгаад танхим руу эргэн аажуухан алхсаар гол танхимд орж, Ерөнхийлөгч Х.Мубаракийн зогсож буй зүг хүрэв. Тэнд Ерөнхийлөгчид тусгайлан зассан нэг томторгон хивс, Элчин сайдад зориулан зассан нэг жижиг торгон хивс байна. Тэр хивснээс урагшилж алхаж болохгүй журамтай. Тэнд очиж номхон зогсоод Ерөнхийлөгч Х.Мубаракийн нүд рүү эгцлэн харж, чанга дуугаар:
- Ambassador of Mongolia to the Arab Republic of Egypt Prof. Dashdorjiin Bayarkhuu. I have the honor to present my Credentials, Your Excellency! гэж хэлээд ИЖБ-ээ дугтуйнаас нь гаргалгүй гардуулав.
Ерөнхийлөгч Х.Мубарак ИЖБ-г хүлээн аваад баярлалаа хэмээн англиар хэлж гар барьснаар үндсэн ёслол дуусч би гэдрэг буцан, чигээрээ алхсаар зочдын дэвтэрт гарын үсэг зурдаг тасалгаанд хүрэв. Тэнд нэгэн том, шугамтай дэвтэрт өөрийн нэр, албан тушаалаа англиар бичсэнээр ИЖБ барих ёслол өндөрлөлөө.
Болсон процесс ердөө л энэ. Эелдэг зөөлөн, гэхдээ хурцхан гэмээр нүдээр надыг тааламжтай харж, халуун дулаан булцгар гараа сунган надтай гар барьсан тэр мөчийг нь гарчгаараа илэрхийлсэн ухаантай юм.
Ёслолыг дуусгаад гарч ирэхэд өглөө нь ЭСЯ-наас авсан ёслолын хар тэрэгт урьжсуулгалаа. Эртнээс, бүр гурван сарын өмнөөс шаардан байж авсан манай төрийн жижиг далбааг мандуулаад буцах ёстой байтал далбаа маань байдаггүй, миний асуусныг үл тоосон янзтай авч хөдөллөө. Ерөнхийлөгчийн ордны хашааны гаднаас өглөөний мотоциклч өмнө маань орж давхилаа. Далбаа яасан бэ гэдгийг жолооч маань мэдэхгүй, англиар ойлгодоггүй гэдгээр дохиж зангаж өнгөрөөв. ГХЯ-ны Ёслолын албаныхны өгсөн 25 улсын далбааг хольж хутгаад олсонгүй юү, эсвэл ГХЯ-наас нь өгөөгүй юм уу, мэдэж чадсангүй. Буцах замдаа саадгүй явсан боловч ЭСЯ-ны хавьд ирээд мотоциклч маань төөрч будилан, буруу замаар давхиулаад би өөрөө жолоочид нь зааж занган газарчилсаарЭСЯ-ндаа хүрч ирэв. ЭСЯ-нд ирмэгцээ жолооч, мотоциклч нарт ундаа, жигнэмэг, жимс зэргээр үйлчилж тус бүрт нь гар цайлган 50 фунт өгч, талархал илэрхийлээд явууллаа. Миний өмнөх Элчин сайд Ч.Болд ч тийм хэмжээний мөнгө өгсөн юм билээ.
Маргааш нь буюу 2008.06.17-нд Египетийн өдөр тутмын араб хэл дээрхи 4 гол сонинд ИЖБ барьсан тухай мэдээ зурагтайгаа нийтлэгджээ. Нөгөө 25-ыг чинь цувуулаад жагсаачихаж, өмнө нь ганц том босоо зураг байхаар монтажэлжээ. Тэр 25 дотор АНУ, Хятад, Британи, Индонез гээд их ба бүс нутгийн гүрний төлөөлөгчид оролцсоноороо, мөн “25” гэдэг энэ тоондоо бидний ИЖБ барих ёслолын гол онцлог байх шиг санагдаж билээ.
Хосни Мубарак гэх тэр эрхэмтэй дахин учрах завшаан 2009 оны зун Синайн хойгт Шарм Эль-Шейх хотноо тохиов. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний (ЭҮНХ-ий) XV дээд хэмжээний уулзалтад ГХЯ-ныхаа өгсөн чиглэлийн дагуу миний бие Элчин сайдын хувиар ахлах албан тушаалтнуудын уулзалт, Сайд нарын уулзалтад оролцох, харин төр, засгийн тэргүүн нарын уулзалтыг Элчин сайдын нүүрээр аргацаах аргагүй гэж би үзэж, хэрэв шинэ Ерөнхийлөгчийг (Ц.Элбэгдорж) оролцуулахгүй гэвэл Ерөнхий сайд (С.Баяр), эсвэл түүний хоёр орлогчийн (Н.Алтанхуяг, М.Энхболд) аль нэгийг оролцуулахыг санал болгож хөөцөлдсөөр Шадар сайд М.Энхболдыг очуулж байсан юм.
Дэлхийн 118 улс гишүүн нь болж байсан (тэр үед) энэ чухал форумын нээлтэд дэлхийн улс төрийн нэрт зүтгэлтнүүдтэй, тухайлбал ХосниМубарак, Рауль Кастро, Муаммар Каддафи, Роберт Мугабе, Аббас (Палестин), Ким Ён Нам (БНАСАУ), Аль Башир, Бан Ки Мүн (НҮБ) нартайзэрэгцэн зогсох, заримтай нь мэндчилэх, гар барих ховорхон учрал надад тохиов. Тус бага хуралд 37 гишүүн улс нь төр ба засгийн тэргүүний хэмжээнд,32 улс шадар сайд, Гадаад хэргийн сайд, Элчин сайдын түвшинд оролцож, ажиглагч 4 улстөрийн тэргүүнээ ирүүлжээ. Хаагын олон улсын шүүхэд дуудагдчихсан, цэргийн хүнд гэмт хэрэгтэн гээд зарлагдчихсан Суданы Ерөнхийлөгч Аль Башир гуай (2019 онд цэргийн эргэлтээр зайлуулагдаж одоо эрүүгийн ялд унаад байгаа) эхний илтгэгч болж уригдаад хүндтэй байр эзэлж байх юм. Залгаад Каддафи гуай барууныхныг нүүр улайтал нь шүүмжилж байна лээ.
Мубарак гэдэг эрхэм ингэж л надад танил болсон юм даа. Би хоёр тоон дээр Мубаракийг бэлгэшээдэг. Тэрээр 1928.05.04-нд мэндэлжээ. “1928 он” гэдэг нь миний аавын төрсөн он. Аавтай минь нас чацуутан. Харин тэр “5 дугаар сарын 4” гэдэг нь миний хорвоод мэндэлсэн өдөр. Нэг өдөр төржээ.
Миний төрсөн өдрийн бэлгэшээлийг би түрүүлж мэдсэн ч юм биш. Ерөнхийлөгч Мубаракийн бие төлөөлөгч Ахмед Эл Ансар гэдэг хүн 2008.07.10-нд манай ЭСЯ-нд морилон ирж надтай уулзангаа Монголын ард түмний үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Х.Мубаракаас Монгол ард түмэнд баяр хүргэсэн мэндчилгээг уламжилсан. Тэгэхдээ асууж шалгааж байгаад Египетийн Ерөнхийлөгчтэй намайг нэг өдөр төрснийг сонсоод тэрээр ихэд бэлгэшээж, бүр даргадаа уламжилна гэж ярьж байж билээ.
2011 оны тэр өдөр Мубарак 83 насныхаа ойг хүндхэн тэмдэглэж байсныг би эргэн санаж байна. Тэрээр насны бөгсөнд Шарм-эш-Шейхэд 83 насныхаа ойг хайртай эхнэр Сюзанна Сабет,хайртай ач хүү Омар, ач охин Фарида, хоёр бэрийнхээ дэргэд, харуул хамгаалалтанд, эмнэлгийн орон дээр турж эцсэн, сэтгэлийн гүн хямралдтөрсөн өдрөө тэмдэглэж байгаа Мубаракийг хараад хэн ч гэсэн өр зүрх өвдмөөр санагдаж байв. Хоёр хүү нь шоронд, хэрэв гэм буруутай нь нотлогдвол өвгөн өөрөө цаазын тавцанд. Энэ улсын 30 жилийн түүх энэ хүнтэй холбоотой. Сайн ба саар гэдэг нь түүхээр шүүгдэнэ.
Мубаракийн үед энэ улсын алдаж оносныг дэнсэлбэл оносон нь их байж таарах болов уу. Дэмжигчдийнх нь үзэж байснаар, Египет орон эдийн засаг, улс төр, нийгмийн реформын нэн чухал үе шатыг туулжээ. Тэр нь ч үр дүнгээ муугүй өгчээ. Албан ёсны тоо баримт байна. Мубаракийн сонгуулийн өмнөх кампанийн хэрэгжилтийг хангах 2005-2010 оны 5 жилийн дотор 4.3 сая ажлын байр бий болж, 300 000 орон сууц, 169 эмнэлэг, 2300 сургууль шинээр барьж босгожээ. Эдийн засгийн өсөлт 2009-2010 онд 5.3 хувьтай, энэ үзүүлэлтээр үсрэнгүй хөгжиж байгаа дэлхийн 30 улсын тоонд Египет зүй ёсоор тооцогдсон байв. Гэтэл эдийн засгийн энэ эерэг үзүүлэлт бодит амьдрал дээр очиж наалдаагүй. Үүнийг Мубаракийн дайснууд (“Лалын ахан дүүс”) гол болгож өс авалтаа үүн дээр төвлөрүүлжээ.Хүн амын 25 хувь нь буюу 5 хүн тутмын нэг нь ядуурлын доод түвшинд, хүн амын 30 хувь нь бичиг үсэггүй, энэ бүхний шалтгаан нь эдийн засгийн либералчлалыг дагалддаг хээл хахууль гэж үзэж байсан тухай би тэр үед төвдөө бичиж мэдээлж байжээ.