Мазаалайг манай өвгөд хөгшид андахгүй, бидний үе гадарлах төдий, харин залуу бөгөөд өсвөр үеийнхэн огт мэдэхгүй гэвэл хилсдэхгүй биз. Манайхан мазаалайг кино зурагчин Уртнасан гуайн хальсанд буулгаснаар л гадарлана. Дэлхийд бараг мэдэхгүй. Мазаалайг “Говийн бор” хэмээн нэрлэж энэхүү нэн ховор амьтны тухай бодлоо хуваалцахыг зорив.

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л заяасан онцлогтой. Манайд аялж буй жуулчдын шохоорходог гол үзмэрт Монгол орны өвөрмөц байгаль, амьтны ертөнц зүй ёсоор ордог билээ. Одоо Хустайн нурууг дотоод, гадаадад андахаа больжээ. Учир нь тэр газар “импортын тахь”-ийн нутаг болсон юм. Харин мазаалайн тухай мартжээ. Гэвч тэр нь адилхан ховордсон амьтан. “Дэлхийн зэрлэг амьтны сан”-гаас гаргасан баавгайн бүртгэлд нийт 56 төрлийн баавгай орсон боловч манай “Говийн бор”-ын нэр алга байгаа нь түүнийг үл тоож буйг илтгэж байна. Гэтэл Хятадын панда буюу хулсны алаг баавгай, эсвэл Австралийн коала буюу уутат сааралыг дэлхийд андахгүй. Тэдгээрийг хамгаалах, өсгөхөд нь туслах гэж олон зуун мянган жуулчин, олон арван эрдэмтэн мэргэд Хятад, Австрали руу цуварсаар байна. 

ГОВИЙН “ӨНЧИН” БОР

Жанрайсиг бурхан хулгайлагдсан, эсвэл түймэрт өртсөн бол Төр, засаг маш шуурхай хөдөлж, ард олон эрвийх дэрвийхээрээ туслах нь мэдээж. Зуднаар мал үрэгдэхэд Монгол даяараа оволзож аврал, тусламжийн цуваа өрнөдөг сайхан заншилтай. Харин ховордсон амьтныг үхэж үрэгдэхэд тоох хүн бараг олдохгүй. Сайндаа байгаль орчны яам түшмэлээ илгээнэ. Энэ нь манай амьтны ертөнц эзэнгүйг илтгэнэ. Тэр дотроо мазаалай бүтэн өнчин нь бүр өрөвдмөөр. Тэд хүний хэлээр ярьдаггүй болохоор “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу”-гийн зовлонг эдэлсээр, сүйрсээр л байна. Тэрбээр таван хошуу мал шиг гэрт ойрхон, Жанрайсиг бурхан шиг сэтгэлд дотно бишээрээ ялгаатай болохоос бас л манай үндэсний баялагийн нэг.

Монголын Улаан номд тэмдэглэснээр бол мазаалай нь нэн ховордсон, туйлын цөөхөн үлдээд байгаа амьтан. Зарим эрдэмтэн мэргэдийн тооцоолсноор Их Говийн дархан газарт 30 хүрэхгүй тоотой л үлдээд байгаа аж. Говь цөлийн ийм баавгай дэлхийд цорын ганц тул дээрх тоо нь нийт хүн төрөлхтөнд хамаарна. Хэрэв одоо л Говийн борд эс анхаарвал ганц хоёр жилийн дараа ул мөргүй алдахын даваанд тулаад байна. Тэр тахьтай адил гадаадад гарч амжаагүй тул “импортлох” асуудал огт бүтэхгүй. Иймд дотоод нөөц боломжоо шавхаж, хөрөнгө мөнгө цуглуулж зарим судалгаа, тооллого хийх зэрэг ажил эхлэх, түүнийг гадаад ертөнцөд таниулах, тусламж дэмжлэг авах талаар хөдлөх шаардлага гарч байна. 

Мазаалайн тухай зарим баримт түшиглье. Улаан ном сөхвөл Говийн бор маань нэн хязгаарлагдмал тархацтай, устах аюулд орсон, нэн ховор зүйлийн амьтан. Гэвч Олон улсын байгаль хамгаалах болон Байгалийн баялаг хамгаалах холбоонынэн ховор амьтны бүртгэлд ороогүй л байна. Энэ нь мазаалайн ховорт биш, гагцхүү тэр бүртгэлд оруулах талаар санаачлага дутсаных биз ээ.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зунд нь хүрэн бор мөртлөө өвөл, хаварт бор саарал зүстэй. Түүний хүзүү, хөл нь их биеээсээ бараавтар. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвөлд агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засаж ичнэ. Зун усны ойролцоо нутаглаж хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Заримдаа үрэгдсэн амьтны сэг, туулай, чичүүл зэрэг мэрэгчид, шувуу, гүрвэл, шавжаар хооллоно. Гэхдээ хөвчийн хүрэнг бодвол тийм ч махсаг биш гэнэ. Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр нь 50-60, харин 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлэн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай, санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.

Сүүлийн жилүүдэд мазаалайн үндсэн тархац нутгийг Их Говийн Дархан газарт оруулсан нь Засгаас зориуд авсан арга хэмжээний нэг. Түүний байршлыг тогтворжуулахын тулд нэмэлт тэжээл тавих, зарим ус шандыг хамгаалах зэрэг цөөнгүй нааштай алхам хийгдэж байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч эдгээр эхлэл нь цаашид асар их санаачлага, хөрөнгө мөнгө шаардах ажлын гараа.

Говийн борыг хамгаалах, судлах, өсгөн үржүүлэх, улмаар монгол орны аялал жуулчлалын билэгдэл болгох алхмыг нэн даруй эхлэх нь чухал байна. Түүнтэй төстэй баавгайг Хятад, Австрали үндэсний баялагт тооцож, дотоод болон гадаадын хөрөнгөөр хамгаалж, өсгөж, бас аялал жуулчлалын үзмэр болгон ашиглаж байгаа бодит туршлага ч байна.

ХУЛСНЫ ЭРХ АЛАГ

Хулсны алаг баавгай буюу Панда нь Хятад орны бэлэгдэл болж Их цагаан хэрэмнээс ч илүү гадаадын жуулчдын дур шохоорхолыг татаж байна. Тус улс, хятад түмэн түүнийгээ жинхэнэ ёсоор дархлан хамгаалж байна. 

Хятадын нутагт одоогоор 1200 панда байгальд зэрлэгээр амьдарч байгааг тогтоожээ. Тэдний уугуул нутаг нь Шаньси мужийн хулсан ойт уулс аж. Пандагийн үндсэн хоол нь хулс гэнэ.

Амьтны хүрээлэнд олон арван хулсны алаг баавгай дархан хамгаалалтад байгаа учир нэг хэсэг нь мөхсөн ч, нөгөө хэсэг нь үлдэж өсч үржих боломжтойгоороо манай мазаалайгаас илүү азтай гэмээр. Түүнийг хамгаалах, өсгөх гэж Хятад даяараа хөдөлдөг. Гэвч панда хорогдох олон шалтгаантай аж. Гонконгийн хар зах дээр арьс нь 10.000 ам долларт хүрдэг учир шуналтнууд бас бууддаг гэнэ. Гэвч тийм анчдыг Хятад улс цаазаар аваачдаг хуультай аж. Тэр хууль нь танил тал, мөнгө хөрөнгө, албан тушаал үл харгалзанхэрэгждэг нь манайхаас ялгаатай.

Хятадын засгийн газар, "Дэлхийн зэрлэг амьтны сан"-тай хамтарч хулсны алаг баавгайг хамгаалах, түүний тархац нутгийг тусгай хамгаалалтад авах, шинээр хулсан ой тарих, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх зэрэгт ойрын 10 жилд 80 сая ам. доллар зарахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ төслийн хүрээнд Шаньси мужийн Чин Лин хэмээх хулст ууланд амьдарч буй олон зуун тариачид, бас хэд хэдэн модны үйлдвэрийг нүүлгэж өөр газар суурьшуулжээ. Зөвхөн үүнд л 1998 онд гурван сая ам.доллар зарсан аж. Ийнхүү айлын панда төрийнхөө халамжинд эрхлэн жаргаж байхад манай мазаалай бүтэн өнчингийн зовлон дундуур туучсаар байна.

УУТАТ СААРАЛ

Гэтэл хулсны алагаас ч илүү эрх танхи нэгэн төрлийн баавгай Австралид амьдардаг. Түүнийг коала гэж дэлхий даяар дуудах бөгөөд монголчлох гэж оролдвол уутат саарал гэмээр. Учир нь түүний латин нэр нь "үнсэн саарал өнгөтэй уутат баавгай" гэсэн утгатай ажээ.

Коала нь эквалипт хэмээх модны навчаар хооллодог. Тэр модондоо өдөр, шөнийг унтаж өнгөрөөдөг залхуу хоч хүртсэн боловч хүн бүхний хайр татсан амьтан.

Коала гэвэл ертөнцийн аль ч буланд найман настай балчираас ная хүрсэн чавганцын нүдэнд ганцхан Австрали л харагдана. Энэхүү уутат саарал нь Австралийн үндэсний бэлэгдэл болсон нь бас нэгийг хэлээд л байгаа хэрэг.

Коала сорлог үстэй өвөрмөц арьснаасаа болж шуналтнуудын гарт өртсөөр бас л мөхөхөд хүрсэн удаатай гэнэ. Түүхийн баримт сөхвөл 1927 онд улсын зөвшөөрлөөр 600 мянган коала намнаж арьсыг нь Америкад зарж байжээ. Одоо бол уутат саарал руу буу шагайвал австраличууд хойд насандаа тамд төрнө гэж айдаг болжээ. Түүний гол нутаг нь Австралийн Виктори болон Квинсланд мужийн эквалиптийн ойт уулс аж. Тэнд одоо 40 гаруй мянган коала амьдарч байгаа ажээ. Амьтны хүрээлэнд тэжээгдэж буйг тооцвол дээрх тоо бас нэмэгдэнэ.

Миний бие мазаалайг зургаар, пандаг амьтны хүрээлэнгээр мэддэг болсон юм. Харин коалаг эквалипт модондоо тухлан унтаж байхад нь шохоорхон ажиглах завшаан тохиосныг азтай хэрэгт тооцож мазаалайтайгаа харьцуулан бодож зогссон нэгэн. 

Хулсны алаг ч, уутат саарал ч бас л манай мазаалай шиг мөхлийн ирмэгт тулж Хятад, Австрали хоёр дотооддоо сандарч, гадаадад өргөн сурталчилж эхэлсэн нь саяхан мэт санагдана. Гэвч Төр нь толгойгоо гашилгаж, ард түмэн нь мэрийсээр эдгээр баавгай одоо айдгаа авдартаа хийсэн ажээ. Австралийн "Коала" сан уутат саарлыг аврахад гавъяа байгуулсан алдартай. Энэ нь жинхэнэ сайн дурын байгууллага аж. Түүнд цалин авдаг дарга, захирал, нягтлан бодогч байхгүй нь манай олонхи сангаас ялгаатай. Уг сан нь олон янзын бодит ажил зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг нь гадаадын жуулчдаар нөгөө эквалипт модны суулгацыг нь хураалгаж уутат саарлуудад тарааж өгдөг аж. Австралид очсон хүн коала үзээгүй гэвэл Монголд ирсэн хүн тэмээ хараагүйтэй адил бизээ.


МАЗААЛАЙГ АВРАХ УУ, ЭСВЭЛ АЛДАХ УУ?

Тахийг үр удамгүй алдах дөхсөн. Өгөөмөр сэтгэлт герман, дани хүмүүсийн ач буянаар түүнийг Европоос нисэх онгоцоор зөөж Хустайн нуруунд нутагшуулсан нь азтай хэрэг.

Чөлөөт зах зээлийн шуурганд буга өртөж бараг устахын даваанд тулав. Хүний шунал, шинэ баячуудын унаа, бууны шагайвар, гал түймэр, цас зуд аль алинд нь өртөж хэлмэгдэв. Хууль дүрэмд өөрчлөлт оруулсанаар хуучин, шинэ Засгууд санаа амарсан ч эвэр, чивэл, сүүлний шуналтнуудын хомхой сэтгэл хэвээрээ л байна.

Мазаалайг панда, коала хоёрын дайтай эрхлүүлэхгүй ч сэтэрлэсэн мал шигээ хайрлан хамгаалах боломжтой. Бид Чингисийн монгол, нүүдэлчний түүх, соёлтой гэж хөөрцөглөхөөсөө гадна унаган байгальтай гэж бардамнах дуртай. Гэтэл түүний маань салшгүй хэсэг нь дэлхийд өөр хаана ч заяагаагүй мазаалай гарцаагүй мөн. Байгалийнхаа унаган төрхийг хадгална гэвэл амьтны ертөнцөө бас хамгаална гэсэн үг болов уу. Зөвхөн тусгай хамгаалалтын бүс, дархан цаазат амьтан гэж зарласнаар зуд турхан, хурдан машин, мэргэн зэвсэгнээс аврах нь өнөө үед зүүд болжээ.

Иймд бид "Мазаалай" сан байгуулж дотоод, гадаадын өргөн олонд мазаалайн тухай бодит мэдээлэл хүргэх, улмаар Төр, засгаас энэ чиглэлээр явуулж буй бодлого, ажилд дэмжлэг үзүүлэх зорилго тавьж байна. Уг санг санаачлагчид нь элдэв нэр төр, алдар гавъяа эрж хайх, уг санг хөрөнгө, мөнгө хуримтлуулж идэж, уухад ашиглах гэсэн далдын хорон санаа агуулаагүйг юуны өмнө дурдъя. Хэтийн зорилго нь Говийн борыг хамгаалсан шиг хамгаалж, улмаар өсгөж үржүүлэхэд оршино. Чингэх нь олон давхар ач холбогдолтой. Гэвч энэ нүсэр зорилтын хэрэгжилт нь санхүүжүүлэх эх үүсвэр дээр л тогтоно. "Жуулчин" компани, түүний гадаад дахь салбарууд чадах ядахаар хандивлан эхлэлийн данс нээж байна. Цаашид энэхүү буянт үйлст оролцох ард иргэд, компаниуд олноор төрөх нь мэдээж гэдэгт итгэнэ. Мөн байгаль, ан амьтан хамгаалалтын чиглэлээр ажиллаж буй дотоод, гадаадын байгууллага, мэргэжилтэн, эрдэмтэн мэргэдийг ч тойрч гарахгүй. Тэдний өгөөмөр сэтгэл, хамтран ажиллах хүсэлд гүн найдвар тавьж байгаа нь тодорхой. Энэ чиглэлээр ажиллаж эхлэх доорх зарим саналыг нийтэд хандан тавьж байна.

Нэг. Төр засгийн түвшинд

  • Аялал жуулчлал, түүнтэй холбогдох ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төсөвт оруулдаг татвараас тодорхой хувийг "Мазаалай" төсөлд хуваарилах
  • Гадаадын жуулчин бүрээс нэг ам.доллартай тэнцэх "Мазаалай" хураамж авч, хуримтлагдсан санг зориулалтаар нь зарцуулах тухай холбогдох хууль, дүрэмд нэмж оруулах.
  • Гадаадаас байгаль, ан амьтан хамгаалах чиглэлээр үзүүлж буй тусламж, дэмжлэгээс Мазаалайг хамгаалах үйлсэд зарцуулахыг хуульчлах
  • Орон даяар жил бүрийн 9-р сарын 27(энэ нь дэлхийн аялал жуулчлалын өдөр)-г “Мазаалайн өдөр” болгон тэмдэглэж, түүнийг сурталчлах, хандив өргөх, хамгаалан тордох зэрэг ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох шийдвэр гаргах 
  • Мазаалай хамгаалах зорилгоор хандив өргөсөн хувь хүн, компанийг татварын аргаар урамшуулах механизм бүрдүүлэх

Хоёр. Аялал жуулчлалын компани, зочид буудал, жуулчны бааз, тээврийн байгууллагуудын түвшинд

  • Худалдаа, сурталчилгааны материалдаа Мазаалайн тухай болон түүнтэй холбогдох Төр, засгийн шийдвэрийг өргөн сурталчлах
  • Жил бүр мазаалай хамгаалах ажилд заавал хандив өргөх

Гурав. Мазаалай хамгаалах ажлыг идэвхжүүлэх хүрээнд

  • Мазаалайн тооллогыг зохион байгуулах
  • Түүний тархац нутгийг нарийвчлан тогтоох судалгааг эрчимжүүлэх.
  • Тусгай хамгаалалтын газруудын харуул хамгаалалтыг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах
  • Баян бүрд, булаг шандын бут сөөг, зэгс, хулсан ширэнгийг хамгаалах нөхөн сэргээх
  • Шаардлагатай газар задгай ус гаргах, хамгаалах
  • Тэжээлийн байнгын нөөцийг бий болгох, нэмэлт тэжээлийн цэгийг олшруулах
  • Зарим газарт сэргээн нутагшуулах
  • Шинэ газарт нутагшуулах ажлыг турших
  • Мазаалай судлалын ажилд сонирхолтой эрдэмтэн, амьтан судлаачдыг татан оруулах, тэднийг дотоод, гадаадад сургаж, дадлагажуулах

Ийнхүү Мазаалайг хамгаалах, тордох санаачлагыг зүүд, үлгэр, мөрөөдөл хэмээн шоглохгүйгээр дээр, дороо хичээн ойлгож хүн бүр үнэн сэтгэлээсээ хандвал түүнийг мөхлийн аюулаас аврах буянт үйлсэд улс орон даяараа нэгдэн зүтгэх боломжтой гэж муйхарлан бодож явдагаа хуваалцах хүслэнд автсан минь энэ бөлгөө.


2001 оны 3-р сарын 10