Карл Марксын 200 жилийн ойг тохиолдуулан Бээжингийн Их сургуулиас “Марксизмын дэлхий дахины хоёрдугаар Их хурал” гэсэн чуулга заралжээ. Их хурал Марксын төрсөн өдрөөр буюу 2018.05.05-нд Бээжин хотноо болох аж. Хуралд оролцох урилга надад ирсэн боловч “Марксикм ба нүүдэлчид” гэсэн илтгэлээ явуулсныг минь үзээд урилгаасаа татгалзсан. Уг нь би марксизмыг буруушаагаагүй, сайхан мөрөөдөл байсан авч түүний уг үзэл санааг газар бүр өөр өөрийнхөөрөө гуйвуулан хэрэглэсэн, харин өнөөгийн Хятад нь Марксынхаар туйлдаа хүртэл хөгжсөн капиталист нийгэм болсон учир үр дүнтэй хүмүүнлэг социализм байгуулах бололцоотой болсон байж магадгүй тухай бичсэнийг уншигч үзээд ойлгох байх. Америк маягийн либерал ардчилал ямар нэг утгаар хямралд орсон өнөө үед нийгмийн тогтолцооны шинэ эрэл хайгуул үр дүнд хүрч болохыг бүрэн үгүйсгэх аргагүй юм.

2018.05.05


Карл Маркс бол хүний түүхэнд маш том нөлөө, цочоо үүсгэсэн философичдын нэг. Марксаас өмнө ч, хойно ч философичид өөрийн хүрээндээ маргаан үүсгэдэг байсан бол тэрээр шударга үнэний тухай цочирдмоор шинэ санаа хэлж, хүний нийгмийн хөгжлийн диаликтикийн талаар шинэ гаргалгаа гаргасан төдийгүй цаашид ямар замаар орж юунд хүрэх тухай зоримог таамаглал дэвшүүлсэн нь философичид төдийгүй нийгмийн янз бүрийн давхрагад таамаглаагүй их нөлөө үзүүлсэн юм. Энэ нөлөө хартай ч, цагаантай ч байсан. 

Шинэ нийгмийн тухай Марксын үзэл санаа залууд нь төлөвшжээ. 1846 онд буюу тэрээр дөнгөж 28 настай байхдаа бичсэн “Германы үзэл суртал” зохиолд гоц байгууламжит (superstructure) нийгмийн тухай үзэл санаагаа тунхагласан байдаг. “Коммунизм бол төгс нийгэм байгуулах тухай төлөвлөсөн төсөөлөл биш, бодит түүхэн процессийн зайлшгүй үр дүн юм. Өнөөгийн тогтсон төлөв байдлыг устгах бодит хөдөлгөөнийг бид коммунизм гэж ойлгож байна. Нийгмийн хөгжлийн бодит хандлагыг харахад ирээдүйн коммунист нийгмийн гол шинж нь эдийн засгийн утга учиртай юм. Хувийн өмч дээр тогтсон үйлдвэрлэлийн хэрэгслэлийг бүх нийгмийг хамарсан хамтын өмчөөр солино. Нийгэм дахь ангийн ялгааг устгаснаар төр мөхөх болно”.

Маркс өөрийн бүрэн дуусгаагүй “Капитал” хүртэлх бичсэн олон бүтээлдээ энэ санаагаа хөгжүүлэн баяжуулсаар бүтэн концепци болгосон юм. Тэрээр аугаа эдийн засагчийн хувьд Капитал зохиолдоо капиталист эдийн засагт гүн гүнзгий анализ хийсний дотор төсөөлсөн шинэ нийгмийн тухай үзэл санаа нь ердөө 24-р бүлэг болох “Анхны хуримтлал”, түүний дотрох алдарт 7-р зүйл болох “Капиталист хуримтлалын түүхэн хувь заяа”-д бий.

Марксын үзэл санаа төлөвшин бүрэлдэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн зүйлс нь Библийн сургаал, Гегелийн диалектик, Дарвины байгалийн шалгарал гэж санагддаг. Тэр хэдийгээр жүүд үндэстэн боловч христосын шашинтай айлд хүмүүжиж Библийн орчинд өссөн. Христосын шашны шудрага үзэл, тэгш эрх, хүмүүнлэг санаа, хүний ёс түүнд асар их нөлөөлжээ. Тэрээр шашныг шашных нь хувьд басамжлан үздэг байсан ч христосын хүмүүнлэг үзэл зохиол бүтээлд нь нэвт шингэсэн байдаг. Маркст маш их нөлөөлсөн философи бол Гегелийн диалектик юм. Гегелийн тезис антитекистэй зөрчилдөн синтез болох ба энэ нь анти синтезтэй зөрчилдөн шинэ төлөв байдалд орох тухай сургаал нь Марксын түүхийг өмчөөс хамаарсан хүний нийгмийн таван формацид хуваасан онол боловсруулахад нөлөөлсөн. Тэрээр бага залуудаа Гегельд ихэд татагдан өөрийгөө “залуу гегельч” гэж нэрлэж байв. Хожим ихээхэн дуулиан тарьсан Дарвины байгалийн шалгарлын тухай онол марсизмыг цогц концепци болгоход сүүлчийн нөлөө болжээ. Тэрээр байгалийн шалгарлыг хүний нийгмийн өнцгөөс тайлбарлаж шинэ онол боловсруулснаа Дарвинд захидлаар бичин илгээж байв.

Ангийн ялгаваргүй, дарлал мөлжлөггүй шудрага нийгэм байгуулах тухай коммунизмын онол Марксыг амьд байхад ялангуяа сэхээтний хүрээнд хүчтэй нөлөө үзүүлж маш олон дэмжигчдийг төрүүлжээ. Гэвч Маркс өөрийнхөө онолыг бараг физикийн хууль шиг үзэн нийгмүүд формацийн зарчмаар урган хөгжиж зөрчлөө хувьсгалаар шийдэн явах ёстой гэж үзэж байв. Өмч эзэмшигч боолын эзэн ба өмчгүй дарлагдагч боол нар боолын нийгмийг бүрэлдүүлэх ба энэ нийгэм туйлдаа хүртэл хөгжсөн үед хувьсгал гарч гегелийнхээр синтез үүсгэн устана. Эндээс илүү дэвшингүй феодлын нийгэм үүсч өмчийн эзэн феодал, мөлжигдөгч тариачин нар шинэ нийгмийн бүрэлдэхүүн болно. Хувьсгалаар унасан феодализм нь капиталист нийгэмд капиталист ба ажилчин гэсэн бүрэлдэхүүнтэй илүү дэвшингүй нийгэмд шилжинэ. Марксын өнгөрсөн цагаасаа хийсэн анализ дүгнэлт энэ. Эндээс тэрээр ирээдүй цагийн таамаглал дэвшүүлсэн нь капитализм туйлдаа хүртэл хөгжсөөр ажилчин ба капиталистын зөрчил чинээндээ тулж хувьсгал гарснаар коммунист нийгэмд шилжих аж.

Гэхдээ Марксын үзэж байснаар нэгэнт коммунизм нь нийгмийн хөгжлийн хэлбэрийн хувьд капитализмаас цааших нийгэм учир туйлдаа хөгжсөн капиталист орон л социализм руу орно уу гэхээс төдийлөн хөгжөөгүй орон үүн рүү зүглэлтгүй ажээ. Гэтэл Марксыг үхсэнээс гуч гаран жилийн дараа чухам тэрхүү зөгнөн хэлсэн коммунист хувьсгалыг гаргах нь гаргасан боловч түүний хүлээсэнчлэн аж үйдвэржсэн Баруун Европд биш харин өөрийнх нь үргэлж басамжлан үздэг байсан, хамжлагат ёсноос салаад удаагүй, тариачны орон Орост түүхэнд Октябрийн хувьсгал гэж нэрлэсэн коммунист төрийн эргэлт болсон байна. 

Гэвч К.Попперийн ажигласнаар марксизм нь тухайн таамаглал дэвшүүлээд тэр нь батлагдахгүй бол бүрэн больж татгалздаг шинжлэх ухаан ерөөс биш, харин таамаглал нь батлагдахгүй бол тухай бүрд нь өөрчлөн засаж болдог шинжлэх ухаанч бус онол ажгуу. Иймээс Марксын таамаглал хэзээ ч хэлсэн ёсоор нь явагдаагүй боловч Бэрнштайн, Каутскийгаас эхлүүлээд Горбачев, Пожгай хүртэл бүгдээрээ өөрийн тухайн нөхцөл ба хийх гэж байгаа зүйлдээ тохируулан засварлан өөрчилж тэр болгондоо Марксын аль нэг зохиолыг шинээр “тайлж уншиж “ байлаа. 

Хоцрогдсон оронд коммунист нийгэм байгуулах талаар Маркс тухайлан бодсонгүй, ерөөсөө ч үүнийг боломжгүй зүйл гэж үзэж байсан тул огт анхаарал хандуулаагүй. Харин коммунист хувьсгал гардаж хийсэн хүн Лениний хувьд хоцорсон, ялангуяа Азийн улс орон хийгээд үндэстнийг феодализмаас байтугай хүй нэгдлээс ч хамаагүй харайлгуулж товчлуулан коммунист нийгэм байгуулуулах шаардлага ердөө л хар практикаас үүдэн гарчээ. Октябрийн хувьсгалын дараахан Ленин өөрийн хийсэн үйлдлийн давталтыг Баруун Европт гарна гэж баттай итгэн ширтэж суулаа. Гэтэл Баваар болон Унгарт хэт даврагсадын хийсэн коммунист эргэлт тун удахгүй дарагдсан төдийгүй дахиж тэр зүгт тийм юм гарах аргагүй болтол хүн ардыг жигшээжээ. Мөн өөрийнх нь буй болгосон эдийн засгийн сүйрэл, өлсгөлөн, дайн, өргөн олныг хамарсан цуст аллага нь Европын ажилчин ангид хамгийн нөлөөтэй байсан социал демократуудад болгоомжлол төрүүлсэн төдийгүй эгнэгт хөндийрүүлжээ.

Үнэндээ Лениний хувьсгал Марксын хэлсэнчлэн гар хоосон ажилчин ангид түшиглэсэнгүй, түшиглэе гээд ч тэр нь Орост бараг байсангүй. Тариачны асар том, бүдүүлэг, чиглэгдээгүй, прагматик хөдөлгөөн түүний хувьсгалыг амжилтанд хүргэсэн атал Ленин харин энэ гол “моторынхоо” учрыг ч олоогүй, хэзээ ч судлаж шинжилж үзээгүй юм . Түүний гарт энэхүү оросын тариачнаас гадна хаант засгийн үлдээсэн дундад эртний хөгжлийн төвшинд яваа азийн маш олон үндэстний цуглуулга дамжин үлджээ. Нэгэнт аж үйлдвэржсэн орны ухамсаржсанпролетари анги түүнд олдоогүйгээс хойш, нөгөөтэйгүүр энэ хоцорсон бүдүүлэг үндэстнийг шат алгасуулан коммунист нийгэмд авч ирэх тухай Маркс ямар нэг заавар зөвлөлгөө үлдээгүйгээс хойш, үгүйдээ л ирээдүйд дэлхийг улаан болгохын тулд түүнд эхний ээлжинд сонгодог жишээ болсон хүчирхэг цагдаагийн улс хэрэгтэй гэсэн шаардлагаар чухам энэ “капитализмыг алгасах” онолыг дэвшүүлэх хэрэгтэй болжээ. Коминтернийн III их хуралд хүрэлцэн ирсэн Зөвлөлтийн ази үндэстнүүд болон сонгодог марксист онолоор бол социалист хувьсгал хийх “эрхээ хасуулсан“ Азийн бас бус төлөөлөгчдөд ямар нэг гарц зааж өгөх үүднээс :


Одоо чөлөөлөгдөж байгаа ба түүний дотор дайны дараа өдгөө давшилтийн замаар хөдлөж байгаа нь мэдэгдэж байгаа хоцрогдсон ард түмэнд ардын аж ахуйн хөгжлийн капиталист шат зайлшгүй гэдэг баталгааг бид зөв гэж үзэж болох уу? …Бид энэ асуултанд “заавал тийм биш” гэж хариу өгнө …Хэрэв ялгуулсан хувьсгалч пролетари нар тэдний дунд тогтмол суртал нэвтрүүлэг хийж, Зөвлөлт засгийн газар өөрийн мэдэлд байгаа бүх арга хэрэгслэлээр тэдэнд тусалбал хоцрогдсон ард түмэнд хөгжлийн капиталист шат зайлшгүй гэж бодох нь буруу… гэжээ.


Мөн түүний “хоцрогдсон орон дахь коммунист нам, коммунист байгууллагын эн тэргүүний зорилт бол феодализмыг түлхэн унагаах явдал мөн” гэсэн афоризм, 1919 онд Дорно дахины ард түмний коммунист байгууллагын төлөөлөгчдийн Бүх Оросын II их хурал дээр хэлсэн “коммунист ерөнхий онолыг түшиглэн өвөрмөгц нөхцөлд зохицуулах” тухай ба “дорно дахины дарлагдсан ард дэлхийн пролетари хоёрын хооронд өвөрмөгц холбооны хэлбэрийг зөв олж тогтоох” тухай даалгавар бий. Лениний гаргаж өгсөн зам мөр ердөө л энэ байна. Үлдсэнийг нь мөнөөх хоцрогдсон үндэстний дунд томилолтоор очсон большевик комиссарууд прагматик байдлаар газар дээр нь шийдсэн ба харин хожим нь марксист түүхчид дээрхи өвөрмөгц холбооны хэлбэрийн талаар “тохирсон аятайхан” тайлбар олж өгсөн юм. 

Коммунист хувьсгалыг тун ойрын үед дэлхийг бүрхэх шинэ үзэгдэл гэж Ленин үзэж байлаа. Троцкийн перманент хувьсгалын онолоор бол хувьсгал давалгаагаар цааш улам олон газар нутаг олон улс орон үндэстнийг хамрах ёстой аж. Ленин 1918 онд залуучуудтай уулзахдаа коммунист нийгмийг хуралд оролцогчид өөрийн биеэр үзэн туулах болно гэсэн нь коммунизмын тухай түүний үзэл Марксынхаас ихээхэн зөрүүтэй байсныг илтгэдэг.

Октябрийн дараах Лениний Орост армян, гүрж, киргиз, үзбек зэрэг түүхэн үндэстнүүд байсан авч Марксын ойлгосон туйлдаа хүртэл хөгжсөн капиталист орон байтугай капитализмын анхны шанг хатгасан үндэстэн бараг байгаагүй юм. Марксист социализм байгуулах дээрээ тулбал Орост хамаарч байсан Финланд л үүнд бэлэн байсан байж магадгүй ч тэр нь тусгаар тогтносон билээ. Лениний нийгмийн шат алгасуулан коммунист нийгэмд оруулах гээд байгаа үндэстний дийлэнх нь феодлын харилцаанд байсан ба зарим үндэстэнд феодлын харилцаа ч нэвтрээгүй байлаа.

Ийнхүү Марксын хатуу тогтоож өгсөн нийгмийн хөгжлийн шатын ”хууль“ёсоор бол Монгол нь ердөө л феодализмд байгаа тул марксист сургааль ёсоор коммунист хувьсгал хийхүйц өсөж торниогүй байлаа.

Нэгэнтээ марксизм нь тулгамдсан асуудал дээр эх онолоо засчихажболдог тул феодализмаас коммунист нийгэм рүү харайгаад орчихож болно гэсэн зааврыг Марксын зохиолоос “тайлж уншаад” цааш нь “бүтээлчээрхөгжүүлэх“ хэрэгтэй байлаа. Үнэндээ Маркст энэ талаар санал онолоо бичиж үлдээсэн юм огт байсангүй. Харин урьдын түүхээс зарим үндэстэн боолын нийгэм дамжилгүйгээр хүй нэгдлээс шууд феодализмд орж байсан жишээ байгааг дурьдсан зүйл бол байна. Мөн эх сурвалж онолыг нь Маркс тавьж өгсөн хэмээн нотлохын тулд сүүлд нь дал гарай жилийн турш монгол, зөвлөлтийн түүхч, философич нарын байнга дуртайяа жишээ болгон татдаг нэг өгүүлбэр бий нь: 


Их Британд одоо ноёрхож байгаа ангиудыг аж үйлдвэрийн пролетари нар хавчин зайлуулаагүй цагт, эсвэл нийгмийн дарлалыг үүрд авч хаях болтлоо энэтхэгчүүд өөрснөө хүчтэй болоогүй цагт тэдний дотор Британы хөрөнгөтний тарьсан шинэ нийгмийн элементийн боловсорсон үрийг Энэтхэгийн ард түмэн хурааж авч чадахгүй .


Монголын нийгэм ХХ зууны эхээр цэвэр нүүдэлчдийн нийгэм байлаа. Нийгэм улс төр эдийн засгийн хувьд тухайн үедээ дундад зууны хоцрогдолтой байсан юм. Шудрага ёс, хөрөнгөт бус зам, тэгштгэл, ангигүй нийгэм, шашингүй нийгэм, интернационализм зэрэг уриа болон хэрэгжүүлэлтэд асар их үнэ төлсөн. Бүхий л насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь үүнд амь насаа өгсөн. Хүн амд хийсэн геноцит нь дэлхийн түүхэн дахь нэгэн аварга үзүүлэлт болсон. Большивизм тулгагдсанаас хойш дөчөөд жилийн дараагаас Марксын зарим бүтээл монгол хэлээр орчуулагдаж шинээр буй болсон дараагийн үеийн сэхээтнүүд марксизмтай танилцаж эхэлсэн юм. Энэ үед монголчууд анх удаа иргэншлийн замд орж, хот тосгон үүсч, үйлдэр завод баригдаж суурьшил дөнгөж эхэлж байлаа.

1986 онд Польшийн Краковын Их сургуулийн социологичид шашингүй болсон нийгмийн төлөв байдлыг судлахаар Монголд ирж нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийжээ. Монгол нь шашинд дайн зарлаж 20 мянга орчим лам хуврагаа буудан алж, бүхий л сүм хийдийг нураан сүйтгэж шашны алив зан үйлийг хуулийн хүрээнд хориглоод хүний гурван үеийг туулсан нийгэм байлаа. Социологичид дээрх судалгаагаараа Монголд марксизм болон коммунист онол нь шашныг орлох болж гэсэн дүгнэлт хийсэн юм. Бурханы шүтээний оронд Маркс, Ленин нарын хөрөг, баримал, Сүм хийдийн оронд суртал нэвтрүүлгийн танхим булангууд, шашны зан үйлийн оронд хувьсгалт жагсаал, шашны цугланы оронд Орвэллийн үзэн ядах ба дэмжих цуглаанууд, Буддын шашны лам нарын чойг хэмээх батламжийн оронд намын батлах гэх мэт. Энэ бол түүхийн гашуун сургамж, хувь заяаны шоглоом юм.

Социализм нь нийгмийн шудрага ёс, эрх чөлөө, тэгш эрхийг зорилго болгосон тунхаглал бүхий ерөнхий ойлголт юм. Ийм нийгмийн тухай эртний Герегт Аристофан, Платон нарын зохиолд ч бий. Дундад зууны үед Томас Моор, Томаз Компанэл зэрэг утопистууд ч мөрөөдсөн байдаг. Карл Маркс ч шударга ёс тэгш эрхийг тунхагласан социалистуудын нэг. Марксын коммунист онол зуу гаруй жилийн туршилтаар амьдрал дээр батлагдаагүй боловч үндсэн санаа нь хэвээр хадгалагдсаар байна. Гол нь коммунизмын бүхий л туршилтууд нь марксизмыг гуйвуулсан, өөр зорилгод ашигласантай холбоотой. Түүний нэг нь дундад зуун хоцрогдолтой нүүдлийн нийгэмд марксизм нэрийн дор бурангуйлал тулган, хэрэгжүүлэх гэж оролдсон явдал юм.

Маогийн тариачны коммунизм ч засгийн эрхийг авах, улмаар түүнээ хадгалахын тулд үйлдсэн марксизмыг гуйвуулсан нэг хэлбэр байсан. Энэ туршилтад олон сая хүн амь насаа өгсөн. Өнөөдрийн Хятад орон бол үйлдвэржсэн, орчин үежсэн, тэргүүний хөгжингүй орон болжээ. Амьдрал дээр туршигдаад биелэлээ олох бололцоогүй нь нэгэнт тодорхой болсон марксизмын зарим догмагаас ХКН сүүлийн 30 орчим жилд бүрэн татгалзлаа. Өнөөгийн Хятадад ангийн ялгаа бий, өмчийн бүх хэлбэрийг зөвшөөрсөн. Энэ талаас нь үзвэл Марксын тодорхойлсон социалист нийгэмд шилжин орох болзлоо биелүүлсэн туйлдаа хүрсэн капиталист орон юм. Нөгөө талаасаа тэгш эрх, шударга ёсыг хэрэгжүүлж социализмын үндсэн санааг бодитойгоор хадгалахын төлөө тэмцэж буйн хувьд социалист гүрэн юм. Эрх чөлөө, хувь хүний дархлагдсан эрх, олон ургалч үзлийг зөвшөөрсөн Скандинав маягийн социалист гүрэн болон төлөвших болно гэдэгт итгэж байна. Алхам алхамаар өөрчлөгдөн Марксын мөрөөдөж байсан эрх чөлөө, шудрага ёс, тэгш эрх хангагдсан социализм Хятадад удахгүй биелэлээ олох байх.

Хүйтэн дайн төгсөх үед нэрт социологич Фрэнсис Фукуяама “Түүхий төгсгөл” нийтлэл бичиж шуугиан тарьж байсан. Тэнд Гегель маягийн түүх төгсөж либериализм яллаа гэж дүгнэсэн юм. Гэвч өнөөгийн олон улсын төвшинд болж буй нөхцөл байдлыг ажиглахад либерал ардчилал хүнд өвчин тусаж хүн төрлөхтөн өөр гарц, өөр зам хайж байна. Ардчилал төгсгөл болох учиргүй, гэхдээ гагцхүү Америк маягийн ардчилал дэлхийн ганц зам байх учиргүй. Иймээс ардчилалын шинэ хэлбэр хайж буй Хятадын эрэл бас нэг шинэ гарц байж болохыг үгүйсгэх аргагүй.


2018.3.5