Маркс - Капитал
Бүх дэлхийг баян тансаг болгохыг амласан байх учиртай капитализм. Тэгтэл антропоцен гэх ухагдахуун бол харин ч эсрэгээрээ нийгмийн хөгжил цэцэглэлтэд заналхийлсэн олон тооны аюулаар тодотгогдон тайлбарлагддаг. Санхүүгийн хямрал, эдийн засгийн урт хугацааны саажилт, ядуурал ба хар компаниуд. Дээр нь шинэ төрлийн коронавирусын цар тахал хийгээд цаг уурын өөрчлөлтөөс үүдэх гоц үзэгдлүүд бидний соёл иргэншилт аж амьдралд заналхийлэх боллоо.
Антропоцены аюулаар буцаж сэргэсэн Маркс
Германы эдийн засгийн сэтгэн бодогч, философич Карл Маркс (1818 - 1883)-ын алдарт бүтээл “Капитал”. Түүний тэргүүн боть анх 1867 онд хэвлэлтээс гарч, тухайн үеийн хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж байсан “капитализм” гээчийн цаад механизмыг ул суурьтайгаар задлан шинжилж, түүний зөрчил хийгээд хязгаарыг дэлгэн үзүүлсэн агуу бүтээл гэдгээрээ түүхэнд үлджээ.
Тэгэвч, баярлуулан гомдоосон хэрэг болох вий, “Капитал” бүтээлийн 3 ботийг дуустал нь уншаад бүрэн ойлгоно гэдэг барагтай бол барж идэх даваа биш. Лут зузааны дээр дүрслэл өгүүлэмж этгээд өвөрмөц, хаа сайгүй тааралдах философилог илэрхийллүүдийг ухан түүртэх хүмүүс ч олон биз. Маркс өөрөө ч хүлээн зөвшөөрсөнчлөн, нэгдүгээр ботийн эхний хэсэг нь ойлгоход нэн хүнд тул ердөө барьж үзээд буцааж тавьсан хүмүүс цөөнгүй байсан нь дамжиггүй.
“Капитал” бол эдийн засгаар тогтохгүй философи, утга зохиол, түүхээс авхуулаад байгалийн судлал хүртэл өргөн хүрээний мэдлэг шаардсан хавьтахуйеэ бэрх нүсэр бүтээл. “Аль 150-иад жилийн өмнө бичигдсэн капитализмын шүүмжийг одоо гэнэт махаа зулгаан байж унших хэрэг байдаг ч юм уу…” гэсэн эргэлзэл халшрал ч төрөхийг байг гэхгүй.
Нээрээ ч бодит байдал дээр Марксизмыг магтан дуулсан Зөвлөлт холбоот улс задран унаснаас хойш дэлхий даяар зүүний үзэл сулран бүдгэрч ирсэн. Түүнийг дагаад “Капитал”-ыг сонирхон унших хүмүүс ч ховордон цөөрчээ.
Тэгээд үр дүнд нь юу болов? Капитализмыг шүүмжилдэг хүмүүс үгүй болж, даяарчлал огцом түгэж, “Неолиберализм” нэртэй зах зээлийн зарчимд тулгуурласан үзэл бүх дэлхийг ороож, бидний ертөнцийн төрх байдлыг капитализм үлэмж ихээр хувиргаж орхилоо. Хүн төрөлхтний эдийн засгийн үйл ажиллагаа эх дэлхийн маань төрх байдлыг сууриар нь өөрчилж орхисон гэх фактыг тодотгохын тулд “Антропоцен (буюу утгачилбал хүний үе. Цаад санаа нь Юрийн галав, Цэрдийн галав гэдэг шиг хүний иргэншлийн нөлөөгөөр бас нэгэн экологийн үе дэлхийд ирж буйг тодотгох гэсэн санаа)” гэх геологийн ухагдахуун хүртэл гарч, тэр нь төрөл бүрийн салбаруудад ашиглагдан ишлэгдэх болоод байна.
Бүх дэлхийг баян тансаг болгохыг амласан байх учиртай капитализм. Тэгтэл антропоцен гэх ухагдахуун бол харин ч эсрэгээрээ нийгмийн хөгжил цэцэглэлтэд заналхийлсэн олон тооны аюулаар тодотгогдон тайлбарлагддаг. Санхүүгийн хямрал, эдийн засгийн урт хугацааны саажилт, ядуурал ба хар компаниуд. Дээр нь шинэ төрлийн коронавирусын цар тахал хийгээд цаг уурын өөрчлөлтөөс үүдэх гоц үзэгдлүүд бидний соёл иргэншилт аж амьдралд заналхийлэх боллоо.
Нэг ёсондоо капитализмын галзуурлын гайгаар бидний амьдрал ч дэлхийн экологи ч учир замбараагаа алдаж байна. Түүн дотор дан ялангуяа түгшээж буй нь баян ядуугийн ялгарлын тэлэлт. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага Oxfam-ын илтгэлээс харвал дэлхийн хамгийн баян 26 хүний нийт хөрөнгө дэлхийн бүх хүн амын тал буюу 3.9 тэрбум хүний хөрөнгөтэй дүйцэж байгаа гэнэ.
Үүнийг улс орнуудын хөгжлийн түвшний ялгаагаар тайлбарлана гэж бодно уу? Үгүй, тийм биш. Америк гэдэг ганц улсыг тогтож харвал тэнд ч бас хамгийн баян 50 хүнийх нь нийт хөрөнгө ойролцоогоор 2,000,000,000,000 доллар болох ба тэр нь дундажаас дооших 50% буюу 165 сая хүний хөрөнгөтэй дүйж байна. Трамп гэх үзэгдлийг төрүүлсэн Америк дахь хагарлын шалтгааны нэг нь яах аргагүй энэ мөн биз.
Цаашилбал глобал капитализмын халуурлаас үүдэлтэй цаг уурын огцом өөрчлөлт тэргүүтэй экологийн сүйрэл ч бас нэн түгшүүртэй. Калифорни, Сибирит түймрийн давтамж ихсэж, мөсөн гол цэвдэгүүд хайлж байна. Японд борооны улирлын аадар болон хар салхины цар хүрээ улам бүр тэлж, цаг уурын өөрчлөлтийн нөлөөг үл тоох аргагүйд хүрээд байна.
Мөн хүн төрөлхтөн дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд хэт ихээр ой модыг хяргаж, амьд байгалийн олон төрөлт шинж доройтсон нь шинэ төрлийн вирусны цар тахлын шалтгаан ч болж байна. Цаг уурын хямрал, цар тахал, эд бүгдээрээ Антропоцены шууд илрэл юм. Дэлхийгээ тэр чигээр нь ухаж сэндийчээд арилжааны хэрэгсэл болгохоор улайрч буй капитализмын пянг эргүүлж төлөх нь өнөөдөр амьдарч буй бид, тэгээд бидний үр хойч байх болно.
Энэ чигээрээ капитализмд хүн төрөлхтний ирээдүйг даатгаад орхих нь үнэхээр асуудалгүй гэж үү? Зүсэн зүйлийн асуудлууд төсөөлөө ч үгүй хурдаар тархан ужиграад байхад яагаад бид капитализмд хоргодон байж эдийн засгийг эргэлдүүлэн аядсаар өсөлттэй зууралдах ёстой юм бэ?
Энэ мэт эргэлзээ гайхашрал төрөн түгэж буй чухам энэ цаг үе учраас л “Капитал” бидэнд дахин хэрэг болоод байна. Хаа сайгүй түгсэн зүсэн зүйлийн аюулын суурь шалтгаан нь капитализм бөгөөд тийм ч учраас асуудлын шийдлийн төлөө капитализмаас мултран гарах шаардлагатай юм шиг санагдана. Мэдээж тэр бол “Капитал” бүтээлийг уншиж ойлгохоос ч хүнд даалгавар мөн боловч, түүний төлөөх эхний алхамд шаардлагатай төсөөлөх чадвар, бүтээлч чадварыг бидэнд өгөх нь Маркс юм. Тиймдээ ч өнөөдөр бүх дэлхийгээр “Капитал” бүтээл дахин уншиж судлагдах болоод байгаа билээ.
Бодитоор Америкт сүүлийн жилүүдэд миллениум үе болон Z үе гэж нэрлэгддэг залуусаар төвлөн “Социализм”-ыг эерэгээр хардаг хүмүүс ихсэж, Сандерсын хуй гээч үзэгдлийг үүсгэсэн. Z үеийн төлөөлөл болох, НҮБ-ын хурал дээр улс орнуудын цаг уурын өөрчлөлтийн эсрэг бодлогыг хатуу шүүмжилсэн Грета Тунберг ч бас “Дуусашгүй эдийн засгийн өсөлт гэх шидэт үлгэр”-ийг шүүмжилж, капитализмыг орлох “шинэ систем”-ийг шаардсан удаатай. Байгаль орчны мэдрэмж өндөртэй, капитализмд шүүмжтэй ханддаг залуус “generation left (зүүний халаа)” гэж нэрлэгдэн социализмыг даллах боллоо.
Мэдээж хэрэг generation left-үүдийн хүсэж буй нь ЗХУ ч юм уу Хятад мэтийн социализмаар халхавч хийсэн авторитар төр биш. Капиталист биш, илүү эрх чөлөөт, эрх тэгш, элбэг хангалуун нийгмийн үзэл баримтлалыг бид чухам хаанаас олж төсөөлөх вэ? Үнэхээр хэцүү даалгавар. Гэхдээ л түүний сэжүүр “Капитал” дотор нуугдан унтаж буй болов уу.
“Унтаж буй” гэдгийн учир нь хэвлэгдэн гарсан “Капитал” зохиолыг ганц уншаад анзаарахгүй ч байж магадгүй болохоор тэр юм. Анзаарга төрүүлэхэд нэмэр болж магадгүй нь “MEGA” хэмээн нэрлэгдсэн олон улсын төслөөр эмхлэгдэн буй Марксын шинэ материалууд.
Үнэндээ Маркс “Капитал” бүтээлийнхээ нэгдүгээр ботийг хэвлүүлсэн боловч, 3 ботио бүгдий нь харж амжилгүй өөд болж, үлдсэн ботиудыг түүний дотны анд Фридрих Энгельс өвлөн гүйцээсэн байдаг. Марксын насныхаа эцэст бичиж үлдээсэн асар их бичвэр болон судалгааны тэмдэглэлүүдэд Энгельсийн эмхэтгэн гаргасан “Капитал”-д багтаагүй чухал асуудлууд ч агуулагдсан байж. Даанч тэдгээр нь урт удаан унтсаар байсан юм.
Дэлгэрэнгүйг 4-р хэсэгт танилцуулах боловч, Марксын үлдээсэн захиа сэлт болон судалгааны тэмдэглэлүүд зэрэг шинэ материалуудыг давхцуулан шинжилсэнээр түүний экологийн судалгаа болон хамтралын судалгаа гэх мэт өдийг хүртэл харж байснаас өөр өнцгөөс “Капитал”-ыг уншиж тайлах боломжтой болно. Энэ удаад тэдгээр сүүлийн үеийн судалгаануудад суурилан “Капитал”-ыг сэргээн уншиж, 150 жил унтаж байсан Марксын үзэл санааг 21-р зуунд босгон амьдруулах арга замын талаар хамтдаа тунгаацгаая гэж бодож байна. Тэндээс бид өөр нийгмийг ургуулан төсөөлж чадах эсэхээ харцгаая.
Сонирхуулж хэлэхэд, Япон дахь Маркс судлалын түүх нэн эртнээс улбаатай, үнэнийг хэлбэл хамгийн анх “Капитал”-ын 3 ботийг бүрэн хэвлэж гаргасан орон нь Япон гэгддэг. Дэлхийд 100-гаадхан хувь л үлдсэн “Капитал”-ын нэгдүгээр ботийн анхны хэвлэлийн бараг тал нь Японд хадгалагдаж байдаг. Дайнаас өмнө болоод дайны дундуур үзэл суртлын шахалтыг даван гарч, дайны дараах Япон бүх дэлхийгээр харсан ч ховорт тооцогдох “Марксизм судлал хөгжсөн капиталист орон” байсан юм.
Гэвч эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хөөрцөглөж, ажилчдын аж амьдрал тасралтгүй сайжирсаар “100 сая дундаж давхрага”-тай болсоноо уухайлан дуулаад ирмэгц итгэл үнэмшилтэйгээр Марксыг хүүрнэх нь хэцүү болоод ирж. “Капитализмын зөрчлийг төрийн хүчээр хангалттай удирдаж чадах ба 100%-ийн ажлын байрны нийлүүлэлтээр эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой” гэж онолдох Кейнсизм нь Марксизмаас илүүтэйгээр бодит байдлыг үнэмшилтэй тайлбарлах болов.
Нэгэнт өндрөө аван мандсан капитализмын өмнө Марксизм судлаачдын олонх нь философилог ээдрээтэй абстракт онол тийш туйлшрах болж, Марксыг бодит байдлаас салган хөндийрүүлж “зааны ясан цамхагт” түгжиж орхих нь тэр. Хоржоонтой нь “Капитал”-ын ойлгоход хэцүү гэх тэр шинж байдал нь судлаачдын хувьд эрх мэдлээ хамгаалан үлдэхэд хэрэг болсон байдаг юм.
Гэтэл Маркс гэдэг хувь хүн бол тэдэн шиг их сургуульд лекц уншиж, судалгаа хийдэг төрлийн хүн байсангүй. Сэтгүүлч болж олны өмнө торойн гарч иртэл эрх баригчдад нүдлэгдэн хавчигдаж, европыг цэглэн цагаачлангаа ядуу тарчиг амьдралыг туулах явцдаа ажилчин ангийн төлөө “Капитал” номоо бичиж хэвлүүлсэн олны дундах онолч байсан.
Тэрхүү Марксын эрүүл мэндээ ч, энэ хорвоогийн баяр баясгаланг ч, гэр бүлээ хүртэл золин байж бичиж үлдээсэн “Капитал” бол академик диссертац бус нийгмийн шинэчлэлийг уриалсан “практик бичвэр” юм. Тэгээд чухам өнөөдөр “Капитал” бидэнд шаардлагатай болоод байна. Капитализм аюулд орж, түүний хөнөөлт шинж нэгэнт гуйлаа цухуйлгасан 21-р зуун бол дахин “Марксын зуун” байх болно. Өнөө үеийг амьдран туулах гэж бэдрэн буй бидний хувьд ч илүү сайн ирээдүйн үзэл баримтлалыг тунгаах практик замын зураг болж өгөх болов уу.
“Капитал” бүтээлд энэ удаад авч хэлэлцэх сэдвүүдээс ч гадна төрөл бүрийн эдийн засгийн ухааны эргэцүүлэл саналууд байдаг боловч, өдийг хүртлэх судалгаагаар төдийлөн чухалчлагдаж байгаагүй “капитализмын хүчирхийлэл”-д анхаарлаа хандуулах байдлаар Марксын толгойд төсөөлөгдөж байсан асуудлыг ил гаргахыг гол зорилгоо болгоно. Аль болох ойрын явдлуудаар жишээ тайлбар хийнгээ өнөөгийн нийгмийн асуудал болон пост капитализмын (капитализмын дараах үеийн) нийгмийн дүр төрхийг эрэлхийлэн зураглахыг оролдоно.
Нэгдүгээр хэсэгт Марксын онолын суурь болох “Материйн метаболизм” дээр төвлөрөн байгальтай холбогдох хүний “хөдөлмөр” гээчийн талаар задлан шинжилж, эд агуурсанд төөрөлдсөөр чухал зүйлээ гээн гажуудаж буй бидний аж амьдралын талаар эргэцүүлэн харна. Цаашлаад Маркс “Капитал” дотроо дэлгэрүүлэн онолдсон “Илүүдэл үнэ цэн”-ийн тухай өгүүлж, капитализмд илүү цагийн хөдөлмөр, хэтрүүлэн хөдөлмөр эрхлэлт арилахгүйн байгаагийн шалтгааны талаар хоёрдугаар бүлэгт, инноваци хийгээд өндөр бүтээмж ажилчдыг улам ядууруулж, “bullshit ажил” улам бүр нэмэгдэж буй цаад механизмыг гуравдугаар бүлэгт тайлбарлана. Төгсгөлийн бүлэгт Марксын насныхаа эцэст тэмдэглэж үлдээсэн байгалийн шинжлэх ухааны судалгаа болон хамтралын талаарх судалгааны материалуудыг хөндөхийн ялдамд капитализмын байгалийг сүйтгэх процесс зогсох боломжгүй шалтгаан болон пост капитализмын боломжуудыг тольдон төсөөлөхийг зорих болно.
Маркс гэхээр юу юугүй ЗХУ ч юм уу БНХАУ шиг коммунист намын авторитар нийгмийг төсөөлдөг хүмүүс олон л байх, гэвч үнэндээ Маркс өөрөө “социализм”, “коммунизм” гэх мэт үгс бараг хэрэглээгүй байдаг. Оронд нь Марксын хэрэглэсэн нь “Ассоциаци” буюу холбоо гэх томьёолол байсан.
Холбооноос бүрдэн тогтох нийгэм гэдэг нь ямар нийгэм байх бол? Марксын төсөөлөн томьёолсон “Коммунизм” нь ЗХУ болон БНХАУ шиг төвлөрсөн эрх мэдэл бүхий коммунизмаас юугаараа ялгаатай юм бол? Үүнийг мэдэж чадвал “Антропоцен”-ийн аюул иргэншилд заналхийлж, “капитализмын төгсгөл” зөгнөгдөн шивнэлдэх чухам өнөөдөр “Капитал”-ыг унших нь ямар чухал болохыг ойлгон зөвшөөрөх болов уу гэж санах билээ.
Саито Коохэй Эдийн засгийн сэтгэн бодогч, Осака хотын их сургуулийн дэд профессор. Америкийн Уэслианы их сургуулийг дүүргээд, Германы Гумбольдтын их сургуульд философийн докторын зэрэг хамгаалсан. Мэргэшил нь Марксын эдийн засгийн ухаан. 2018 онд Маркс судлалын хамгийн дээд шагнал болох “Дойчерийн нэрэмжит шагнал”-ыг авсан Японы анхны судлаач. Маркс, Энгельсийн шинэ бүрэн ботийг эрхлэн гаргах олон улсын төсөл “MEGA” дахь олон улсын редакцын зөвлөлийн гишүүн. |
I бүлэг: “Товар”-т манарсан бид
“Хөдөлмөр” ー Зөвхөн хүн л хийдэг зүйл
Хот газар зав чөлөөгүй ажилладаг хүн өмнөдийн арлын загасчинтай уулзсан тухай онигоо мэдэх үү?
- Тэгж их үхэн хатан ажиллан байж мөнгө хураагаад яах гээ вэ?
- Тэтгэвэрт гарахаараа тааваараа сайхан загасчилсан шигээ амьдрахгүй юу
- Аан, над шиг амьдармаар байна гэж үү?
Бид ингэхэд бид юуны төлөө ажилладаг юм бэ? Саяын онигооны өмнөдийн арлын загасчин ажил хийдэггүй юм уу? Нэгдүгээр бүлэгт юуны өмнө “хөдөлмөр” гээчийн талаар эргэцүүлж харцгаая.
Хүн бусад амьтадтай адилаар ямагт байгальтай харилцан байж төрөл бүрийн зүйл бүтээн төрүүлсээр энэ дэлхий дээр амьдралаа залгуулж ирсэн. Гэр, хувцас, хоол хүнс зэргийг олохын тулд хүн идэвхтэйгээр байгальтай харилцаж, байгалийг хувиргаж, өөрийн хүсэл шаардлагаа хангаж ирсэн. Энэхүү байгаль ба хүн хоорондын давтамжит процессийг Маркс биологийн нэр томьёо ашиглан “материйн метаболизм” гэж нэрлэсэн байдаг. Тэгээд байгалийг зохьцуулан удирдах үйл хэрэг бол чухамхүү хөдөлмөр юм гэж үзжээ.
Марксын “Капитал” бүтээлээрээ дайн дамжуулах гэсэн санааных нь цөм рүү орохын тулд дан ялангуяа чухал нь I бодийн V бүлгийн эхний хэсэг “Хөдөлмөрийн процесс” дотор онолдох “Материйн метаболизм” юм. Үүн дээр суурилан “Капитал”-ыг уншин тайлбарлая.
Хөдөлмөр бол юун түрүүн хүн ба байгаль хоёрын хоорондох нэг процесс, өөрөөр хэлбэл хүн байгаль дээрх материйн метаболизмыг өөрийн ажил үйлээр дамжуулж зохьцуулан удирдаж буй нэгэн үйл явц юм (193).
Хот газрын хүмүүст анзаарагдалгүй өнгөрчих гээд байдаг нэг зүйл бол, бэлэн гоймон ч бай комьютер ч бай байгальтай харилцалгүйгээр бүтээж үйлдвэрлэх боломжгүй. Байгаль дээрх материйн метаболизм нь хүний аж амьдрал дахь “Үүрдийн зайлшгүй нөхцөл” гэж Маркс өгүүлсэн байдаг (198). Нэг ёсондоо байгаль дээрх материйн метаболизмоос ангид амьдрах боломж хэрхэвч байх боломжгүй гэсэн үг.
Мэдээж зөвхөн хүн бус, дэлхий дээр амьдрах бүхий л амьд биетүүд материйн метаболизмыг өрнүүлэн амьдарч байдаг. Хүн ойгоос мод бэлтгэн гэр барьдгийн адилаар халуун бүсийн цагаан шоргоолж яг л хүнийг дуурайсан гэлтэй дотоод дулаан нь хэзээд тогтмол агааржуулалтын механизм бүхий мундаг үүр барьдаг.
Гэлээ гэхдээ Марксынхаар бол хүн болон бусад амьтдын хооронд нэгэн шийдвэрлэх ялгаа бий гэнэ. Тэр нь, зөвхөн хүн л тодорхой зорилготойгоор ухамсар бүхий “хөдөлмөр”-өөр дамжуулан байгаль дахь материйн метаболизмыг өрнүүлдэг юм гэнэ.
Хүн бол зүгээр л байгалийн инстинктээрээ байгальтай харилцаад байдаг юм биш. Инстинктээ хангахын төлөөх арга ухаан бусад амьтад ч байдаг. Навч огтлогч шоргоолз мөөг тариалдгийн адилаар, багаж зэвсэг ашигладаг өөр амьтад ч байдаг.
Гэтэл дулаалмаар байгаа бол зүгээр л хувцас хийхэд хангалттай газар хүмүүс “илүү гоё хувцас” хийх зорилгын төлөө хийсэн хувцсаа өнгөөр буддаг. Хоол хиймээр байгаа бол шавар сав л хангалттай газар баяр ёслол, зугаа цэнгэл зэрэг инстинктээс гадуурх зорилгын төлөө баримал тоглоом ч хийнэ. “Хөдөлмөр” гэх үйл хөдлөлөөр дамжуулан зөвхөн хүн л бусад амьтдаас хамаагүй өргөн хүрээнд динамикаар “байгальтай харилцаж” чаддаг.
Гэхдээ тэрхүү харилцаандах хүн ба байгалийн материйн метаболизм нь давтамжит (цикл) буюу нэг урсгалт биш байдаг. Байгальд шингэдэггүй хог ихээр хаяад л байвал, жишээ нь микро пластик идсэн загас буцаад л бидний хоолны ширээн дээр хүрээд ирнэ. Цөмийн хог ч мөн адил, нүүрсний их хэмжээний шатаалтаас ялгарах нүүрс хүчлийн давхар исэл ч бас нэн тулгамдсан цаг уурын аюулыг өдөөж байна. Бидний аж амьдрал хийгээд нийгэм бидний байгальтай хэрхэн харилцаж буйгаар тодорхойлогдоно. Энэ бол Марксын капиталист нийгмийг судлан шинжлэх үндсэн луужин юм.
Нэг ёсондоо Маркс хүний ухамсарт бөгөөд зорилтот үйл ажиллагаа болох хөдөлмөр нь капиталист хэв маягийн дор хэрхэн өрнөж буйг ажиглан эргэцүүлэх байдлаар хүн ба байгалийн холбоо хэрхэн өөрчлөгдөж буйг шинжлэн дүгнэж, тэндээсээ капиталист нийгмийн түүхэн онцлогийг (буюу бусад хэв ёсноос ялгарах байдлыг) тодорхойлохыг зорьсон билээ.
“Капитал” бүтээл “баялаг”-аас эхэлдэг
Ингэхэд та бүхэн “Капитал” бүтээлийг жинхнээсээ гартаа бариад нээж үзэж байсан уу?
Хөрөнгөт ёсны үйлдвэрлэлийн хэв маяг давамгайлсан нийгэмд баялаг нь “товарын аварга том овоолго” байдлаар илэрч, товар тус бүр нь тэрхүү баялагийн нэжгээд дүр төрх байдлаар илэрдэг. Тиймийн учир бидний ажиглалт товарыг задлан шинжлэхээс эхэлнэ. (49)
Энэ бол I ботийн эхэн хэсэгт гардаг алдартай өгүүлбэр.
Нэг ёсондоо товар буюу бараа бүтээгдэхүүний задлан шинжлэлээс миний онол эхэлнэ гэж мэдэгдэж буй учиртай боловч, ахиад жаахан анхаарлаа төвлөрүүлээд харна уу. Сайн уншвал энэ өгүүлбэрийн өгүүлэхүүн нь “товар” бус “баялаг” болохыг анзаарах учиртай. “Капитал”-ын анализ “товар”-аас эхэлдэг ч, “Капитал” нь өөрөө бол “баялаг”-аас эхэлдэг.
“Хөрөнгөт ёсны үйлдвэрлэлийн хэв маяг давамгайлсан нийгэм” ー шулуухандаа бол капиталист нийгэмд, “баялаг” нь “товар” гэх хэлбэрээр “илэрдэг” гэж Маркс өгүүлжээ. Өмнө ч өгүүлсэнчлэн капитализм яагаад онцлог юм бэ, капиталист бус нийгмүүдээс ямар ялгаатай юм бэ гэдгийг “хөдөлмөр”-өөр суурилан тодруулахыг Маркс зорьсон. Хөдөлмөр гэдэг бол товчхондоо бол амьдрах үйл ажиллагаа. Капиталист нийгэм дэх хөдөлмөр нь “товар”-ыг төрүүлдэг. Тэгвэл үүнийг тонгоруулж хэлбэл, капиталист бус нийгэмд хөдөлмөрөөс төрөн гардаг баялаг нь заавал товар хэлбэрээр илрэх албагүй байдаг гэсэн үг юм.
Ерөөс ингэхэд “баялаг” гэж юу юм бэ? Англи хэлэнд баялагийг ерөнхийдөө wealth гэдэг үгээр илэрхийлдэг. Wealth гэхээр мөнгө санхүү, үнэт цаас, үл хөдлөх гэх мэт мөнгөөр хэмжих боломжтой хөрөнгө, мөнгөн утганд хөрвүүлэх боломжтой хөрөнгө санаанд буух байх. Гэхдээ яг тэр утгаар нь бодвол баялаг болон товарын хооронд ялгаа байхгүй юм шиг харагдана.
Тиймээс өөр өнцгөөс харъя. Герман хэлний үгийн язгуураар бол “баялаг” гэхийг Reichtum гэдэг. Reich нь англи хэлний rich гэх үгтэй дүйнэ. Энэ ч бас явцуу утгаараа “баян хүн” гэх мэт төсөөлөл төрүүлэх боловч зэрэгцээд бас баялаг амт үнэр ч юм уу, ямар нэг элбэг хангалуун арвин дэлгэр (abundant) гэсэн утгыг ч бас агуулдаг.
Жишээ нь цэвэр ус агаар элбэг хангалуун байх. Энэ ч бас нийгмийн “баялаг” мөн. Өвч ногоон ой, хэн бүхэн бодлын чилээгээ гарган амрах цэцэрлэгт хүрээлэн, орон нутгийн номын сан, олон нийтийн соёл амралтын төв (хуучнаар бол улаан клуб ч юм уу) хүртээмжтэй олон байх ч бас нийгмийн хувьд чухал “баялаг” мөн биз. Мэдлэг, соёл урлаг, харилцааны хийгээд мэргэжлийн ур чадвар ч бас мөн адил. Мөнгө валютаар мадаггүй хэмжих боломжгүй байж магадгүй ч хүн нэг бүр хангалуун амьдрахад шаардлагатай зүйлс элбэг дэлбэг байх төлөв, тэр бол нийгмийн “баялаг” юм.
“Товар”-ын үнэн төрх
Тэгээд тэрхүү “баялаг”-ийг хадгалж хөгжүүлдэг нь хөдөлмөр. Бусад хүмүүстэй гар нийлэн байгальтай харилцах байдлаар хүн өөрийн чадвараа хөгжүүлж, мөн байгалийг өөрийн хүсэл шаардлагадаа нийцүүлэн хувиргаж, баялгийг улам баяжуулсаар ирсэн. Тэгтэл энэхүү нийгмийн “баялаг” гээч зүйл маань капиталист нийгмийн дор ээлж дараалан товар болон хувирсаар байна гэж Маркс хэлжээ.
Энэ бол одоо ч бидний ойр тойронд өрнөж буй үзэгдэл. Жишээ нь хотын ногоон бүсүүд хэний ч юм хувийн өмчид очин өндөр өндөр орон сууц, худалдааны төв болон хувирч, ой мод байсан газар гольфийн талбай болно. Бүр ойлгомжтой жишээ гэвэл цэвэр ус. Хүүхэд байхад ундны ус бол “товар” биш, зүгээр л крантнаас үнэгүй гоождог зүйл байсан. Хуванцар савтай ус “товар” болон тогтсон нь сүүлийн 20-иод жилийн л явдал байх.
Энэ мэтчилэн бүхий л зүйлсийг “товар” болгох гэж зүтгүүлдэг нь капитализмын нэгэн том онцлог шинж юм. Мэдээж капитализмаас өмнөх нийгмүүдэд ч товар байсан л даа. Гэвч олонх нь арилжааны бараа, тансаг бараа л гэж байснаас өдөр тутмын аж амьдралд шаардлагатай зүйлс үндсэндээ бол өөрсдөө бүтээн үйлдвэрлэж, бүгдээрээ дундаа цуглуулаад хуваан хэрэглэдэг байсан. Мөнгө заран худалдаж авдаг “товар”-ын хамрах хүрээ хязгаарлагдмал байсан тул нийгмийн баялаг “товарын аварга том овоолго” хэлбэрээр илрэх явдал хэрхэвч байсангүй.
Тэгтэл одоо ямар билээ? Амьдралд шаардлагатай зүйлс бараг бүгд (бараг агаараас бусад нь) “товар” болон худалдаалагдаж, бид тэдгээрийг худалдаж аван өдөр тутмаа аргалж амьдардаг. “Товар”-т түшиглэлгүй амьдрах боломж нэгэнт үгүй болсон гээд хэлсэн ч хэтрүүлэг болохгүй болов уу.
Гудамжаар дүүрэн нүд татсан “товар”-ууд бялхана. Мөнгө л байвал юутай ч болох боломжтой болсон гэдгээрээ бидний амьдрал “баян тансаг” болсон юм шиг харагдана. Гэтэл чухамхүү товаржилтаас болж нийгмийн баялаг “ширгэж буй” болохыг Маркс тууштайгаар асуудал болгон шүүмжилсэн учиртай.
“Капитал” ойг бүслэн хүрээлнэ
Маркс Йенагийн их сургуулийн докторын зэрэг авсаны дараа нутгийнхаа “New Rhenish” гэх сонины газарт орж нийгмийн асуудлуудад анхаарах болов. 1842 онд тус сонины редакцын даргаар томилогдож, модны хулгайн талаар хэд хэдэн нийтлэл бичсэн байна.
Тухайн үеийн Германд ядуу иргэд түлээ түлшний зорилгоор ойгоос хуурай гишүү мөчир түүж цуглуулдаг байж. Гишүү мөчид тэдний амьдралд зайлшгүй шаарлагатай бас нэг “баялаг” байсан хэрэг. Тэгтэл тиймэрхүү үйлдлийг хулгайн гэмт хэрэг гэж зүйлчилсэн хууль бий болж, мөчир түүсэн хүмүүс морьтой цагдаа нарт хөөгдсөн гэх хэрэг болсон байна.
2017 оны “Залуу Карл Маркс” киноны эхлэл хэсэгт тод томруунаар дүрслэн үзүүлсэн байдаг. Газар унасан хатсан мөчир ч газрын эзний хувийн өмч болон хүрээлэгдэж, “Мөчир авмаар байвал мөнгийг нь төл” хэмээн дайрдаг. Тэр мэт “товар”-ын онолд хайрцаглагдсан нийгмийг хатуу шүүмжилсэн Маркс эрх баригчдад нүдлэгдэж, улмаар Парис руу цагаачлан гарчээ.
Энэ ганц жишээнээс ч хялбархан ойлгогдож буйчлан, нийгмийн баялаг товарчлагдаж төрхөө хувиргаж буй явдал нь энгийнээр хэлбэл үнэгүй юм үнэтэй болж “зардаг зүйл” болон хувирах явдал юм.
Урьд цагт хэн бүхэн ашиглах боломжтой коммун (буюу дундын өмч) байсан “баялаг” нь капиталын нөлөөгөөр монополчлогдож, мөнгөөр дамжуулан солилцдог зүйл буюу “товар” болно. Жишээ нь ундааны үйлдвэр минералаар баялаг усны ундарга бүхий хэсэг газрыг бүхэлд нь худалдаж аваад, гарсан усыг нь хуванцар саванд савлан “товар” болгон зарж орхино. Төдийг хүртэл нутгийн хүмүүс дундаа хэрэглэдэг байсан тэр газар одоо гэнэт орох хориотой бүс болж, ус уумаар байвал дэлгүүр орж худалдаж авахаас өөр замгүй болно. Үүнийг товаржилт гээд байгаа хэрэг.
Мэдээж мөнгө нь байвал авч болох хэдий ч, мөнгөгүй хүнд тэр нь хэчнээн чухал хэрэгцээтэй байсан нэгэнт авах боломжгүй болно. Ус өмнө ч одоо ч нөгөө л янзаараа ундран гарч байгаа атал мөнгөгүй хүний хувьд “ховор зүйл” болон хувирна. Эндээс капитализмыг зохиомол хомсдолыг төрүүлдэг систем гэж хэлж болмоор.
Тэгвэл чухам яах гэж тэгдэг юм бэ?
Урьд нь дундын өмч байсан ой мод болон ус нь хэн бүхэн ашиглах боломжтой байсан гэдгээрээ элбэг дэлбэг “баялаг” байж. Гэтэл тийм байх нь капитализмын хувьд туйлаас тохиромжгүй. Мөнгөгүй байсан ч амьдралд шаардлагатай зүйлсээ өөрийн болгох боломжтой байх юм бол товар үйлдвэрлэсэн ч зарагдахгүй. Тиймээс дундын өмч байсан зүйлийг тараан монопольчилж, эсвэл бүр эвдэн сүйтгээд ч болов үгүй хийгээд худалдаж авахгүй л бол болохгүй зүйл буюу товар болгохыг зорино.
Гэлээ гээд хүмүүсийг хөөж гаргаад ойг монопольчлолоо ч гэсэн тэнд ургаж буй модыг бэлтгэж модон эдлэл хийхгүй л бол “товар” болохгүй. “Товар” болгохын тулд “хөдөлмөр” шаардлагатай. Тэрхүү хөдөлмөрийг нийлүүлж өгөх нь ойгоос хөөгдөөд гишүү худалдаж авах мөнгө олох зовлонд унасан нөгөө хүмүүс. Ингэж капиталаар бүслэн хүрээлэх явдал нь капитализмын хувьд 2 давхар хожоог гаргаж өгч байгаа юм.
Өмнө нь Англид газрын эзэд хууль бусаар тариалангийн талбайг хүрээлж, тариачдыг нь хөөж явуулаад, газар тариалангаас ч илүү ашиг өгдөг хонины бэлчээр болгон хувиргах үзэгдэл өргөн дэлгэрч байж. Марксын үед үр тариалангийн ургацыг ихэсгэх зорилгоор засгийн газар бүслэн хүрээлэлтийг дайчлан удирдав. Газраа булаалгаад орох орон идэх хоолоо олох арга мухардсан хүмүүс ажил эрэн хот суурин тийш урсан цутгаж үйлдвэрийн ажилчид болцгоож, нутагтаа үлдсэн хүмүүс ч бас үр тариаг товар болгон үйлдвэрлэх газар тариалангийн том том бизнесийн хөлсний ажилчид болон хувирцгаав.
Тосгоны иргэдийн нэг хэсгийг тонон дээрэмдэж хөөж явуулах нь ажилчидтай адилаар тэдний амьдрах арга зам хийгээд хөдөлмөрийн багаж зэвсгийг аж үйлдвэрийн капиталд зориулан чөлөөлж өгч буй явдлаар тогтохгүй, зэрэгцээд дотоод зах зээлийг ч нээж өгнө. (775)
“Товар” үйлдвэрлэгч ажилчин анги өөрсдийн хөдөлмөрөө нийлүүлээд зогсохгүй, “товар”-ыг нь худалдан авагч болж зах зээлийг ч хөрөнгөтнүүдэд бий болгож өгнө. Ингэж хөлсний хөдөлмөр эрхлэхгүй бол амьдрах боломжгүй болсон хүмүүс ихсэхийн хажуугаар зах зээлийн эдийн засаг эргэлдээд эхэлмэгц хөрөнгөтнүүд болон газрын эзэд улам бүр цулайж, капитализм эрчээ авна.
Энд онцлууштай нь, хүмүүс байгаль хэмээх баялгаас хөндийрч ядуурч буй явдал юм. Тэгээд тэр баялаг нь товар болж капитализм хөгжих үед хүн ба байгалийн материйн метаболизм төдийг хүртлэхээс тэс өөр хэлбэрээр өрнөдөг болж буй явдал юм.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Оноч
Одбаяр
Оноч
Оноч
Зочин
Оноч
ОНОЧГҮЙ
Судлаач
Оноч
Tugs