Өнөөгийн монгол хүн хэрхэн бий болсон бэ?


Нэг мянга есөн зуун наян есөн оны 12 дугаар сараас Монголд эрс өөрчлөлт эхэллээ. Энэ цагаас СССР Монголыг хянаж чадахаа өнгөрч “Москвад найтаахад Улаанбаатарын нус гоождог” цаг шувтрав. Ардчилсан хувьсгалын анхны цуглаанаас ердөө хоёрхон сарын дараа Улсын төв сангийн өмнөх Сталины хөшөөг буулгаснаар БНМАУ-д СССР-ийн эсрэг хөдөлгөөн эрчээ авлаа. Улаанбаатарт болсон жагсаал цуглаануудын уриа, шаардлагын агуулга ардчилал, хүний эрхээс гадна үндэсний үзэл, Чингисийн хөрөг, монгол бичигтэй болж ирснийг тухайн үеийн гэрэл зургийг хугацааны дарааллаар байрлуулбал тодорхой харагддаг. Жагсаал цуглаан зохион байгуулагчид хар аяндаа дээл голцуу өмссөөр үндсэн хуулиа батладаг өдөр АИХ-ын танхимд хуралдсан төлөөлөгчид бүгд шахам ижилссэн юм. Нэрийг нь ч дурсах хориотой байсан Чингис хаан манай үндэстний бэлгэ тэмдгээр тодорч үндэстний ижилсэл түүнийг тойрон бүрэлдэх үйл явц эхлэв. Д.Нацагдорж “юутай завшаан, юутай баяр” хэмээн бахдаж асан “шинэ хүү” буцаад “хуучин хүү”-д хувилж, “Улаан Монгол” “Хөх Монгол”-д урвах парадокс биднийг хүлээж байлаа.

Ардчилал: БНУ-аас Монгол Улс

Үндэстнээ шинээр төлөвшүүлэх явц хувь заяаны шоглоомоор коммунизмын юм бүхнийг үгүйсгэхээр гараанаас эргэв. 1989 оны эцсээр болсон “Болор цом” яруу найргийн наадамд Ц.Чимэддорж “Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа Мал буянаа яаж адуулан маллахыг Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг” “Малчин” шүлгээрээ түрүүлэв. Монголчууд “коммунизм” төсөлд аль эрт итгэл алдарсан ч нүүрэн дээрээ нууж явахаа болиод шууд хэлэх зүрхтэй болжээ. Ардчилсан үндсэн хуулиар БНМАУ-аа бид Чингисийн байгуулсан шиг “Монгол Улс” гэхээр тогтов. Ийнхүү 70 жилийн түүхтэй идэрхэн бүгд найрамдах улс 1206 онд Евроазийн цээжинд өндийсөн эртний түүхтэй, хүчирхэг гүрэн болон төрөл арилжлаа. “Булгийн эхэн рүүгээ буцах” хөдөлгөөн нийгмийн оюун санааг тэр чигт нь эзэмдэв. Үндэсний телевизийн “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг нүүдэлчдийн уламжлалыг нэхэн сануулахын сацуу монгол ёс заншлаа сэргээх гарын авлага боллоо. Ерэн онд монголчууд 37 жилийн дараа бүх нийтээр цагаан сараа нууж хаалгүй тэмдэглэв. Үндэсний телевизээр монгол бичгийн хичээл зааж, албан ёсны бичиг болгох санаачилга ч гарлаа. Социализмын цензурыг даван 1981 онд хэвлэгдсэн Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан” романыг “перестройка”-ийн сиймхийг нь ашиглан уран сайхны кино болгосон бол түүнээс ердөө хоёр жилийн дараа “эзлэн түрэмгийлэгч, харгис феодал” Чингисийг магтсан “Мөнх тэнгэрийн хүчин дор” киногоо бүтээцгээв. Үүнээс хойш монголчууд гагцхүү мөнх тэнгэрийн хүчин дор л орших учиртай болжухуй.

Мөнх тэнгэрийн хүч: Хоймроос хаяанд

Большевикуудын боловсруулсан “коммунизм” төсөл хэрэгжихийн эцэсгүй ч улс төр-суртал ухуулга-нийгэм-эдийн засгийг багтаасан цогц программтай “хүний хэрэгцээг цөм хангасан” эд байлаа. Энэ бүгд хэнд ч хэрэггүй новш болж түүхийн хог дээр хаягдахад орон зай нь ханхайгаад үлдэв. Ингээд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон боловч монголчуудын дотор эзгүйрч “шувуу хүртэл буруу дэвээд” байх шиг санагдаад иржээ. Гэхдээ л тунчиг удалгүй Монголыг мандуулах шидтэй “Алтан цөгц”-ний сураг гарсан юм. Харин “Алтан цөгц” цагийн явцад “үндэсний соёл”, “үндэсний бахархал”, “үндэсний үзэл” гэх мэт рациональ хэлбэрийг олоод биежиж л явна. Харин олонхын оюун санааг “бөө мөргөл”, “тэнгэр заяа”, “босоо цагаан хийморь”, “аархал”, “омогшил” зэрэг иррациональ тал нь бүрнээ эзэмдээд эдүгээ хордлогын хурц түвшинд хүрчихлээ. Уснаас гаргаад хаячихсан загас шиг бодгалын хувьд амьдрах орчингүй болчихсон homo sovieticus-монголчуудад үндэстний ижилсэл юу юунаас чухал болж ирэв. Нэгдмэл цогц санаагүй ч ард түмэн хар зөнгөөрөө, дор бүрнээ, өөрийн эрхгүй, хувийн мэдэлгүй шахам хийж ирсэн үндэстний ижилсэл (national identity)-д багтааж болмоор зүйлсийг шороотой холилдохоос нь наана тордохгүй аваас “хүний хэрэгцээ”-г хангахаа болих цаг удахгүй ирнэ. Хэдхэн жилийн өмнө монгол хүн бүрийн сэтгэлийн галыг хөгжөөж асан “Мөнх тэнгэрийн хүч” голомт болгонд бөө болж буусан ч одоо ад болчихсон хаяанд нь хэвтэж буйгаар жишээд нэг бодно биз ээ. 




Үндэстний ижилсэл: Нутгархал ба дампуурал

Ерэн онд эхэлсэн буцаад “хуучин хүү” буюу “монгол хүн” болох үйл явц замаа алдчихлаа. Төрийн бодлогод огт тусгагдаагүй үндэстний ижилсэл мухардаж, нутгархах үзэл болон бут үсрээд уджээ. Үүний нэг жишээ бол дөрвөн жилийн өмнө боловсорсон “Увс хүн хөгжлийн хөтөлбөр” юм даа. Уг хөтөлбөрийг “Монголыг хагалан бутаргах” санаа мэт ойлгож баахан хараагаад өнгөрсөн ч “монгол хүн” болох бодолтой ч бодлогогүй суугаагаа бидний хэн нь ч анзаарсангүй. Харин наадмаар “Увс нуур” дэвжээний бөх түрүүлэхэд төв цэнгэлдэхэд цуурайтдаг “Увс нуур” дууг сонсоод чихээ таглахаас өөр мэхгүй л явна. Энэ ч бага хэрэг. 2010 онд нийтлэлч Аанхаа “Монголын төлөө зүтгэе гэж хэлж чадах уу, казак нөхөд өө?” гэдэг өгүүлэл бичсэн нь олны анхаарал татаж байлаа. Түүний “Монголыг гэсэн сэтгэлгүй, монголчуудыг харь хүмүүс гэж тооцдог казахууд байвал тун муухай хэрэг, тэд «эх оронгүй» хүмүүс болж таарах нь” гэдэг дүгнэлт залуу хүний л үг. Монголын төр одоо ч үндэстний ижилсэл (national identity)-ийн бодлогогүй явахад Баян-Өлгий байтугай аймаг бууриа дугуйлъя гэвэл цочоод хэрэггүй ээ. Наян жилийн тэртээ большевикууд үндсээр нь таслачихсан Чингисийн язгуур угсааг өөртөө наагаад суух нь итгэл үнэмшил жаал муутай, харин түүнийг орлох “цэвэр цус” гэдэг ойлголт биднийг ижилсүүлж байна. Мэдээж үүн дээр “дутуугийн синдром”, “хятадын айдас” нэмэгдэнэ. Тиймээс л сонгуулийн “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдаръя”, “Монгол ялна” мэтийн уриа байндаа тусдаг. Харин “Түмний нэг”-ийн Чимэд багш дахиад “Манайх чинь улс шиг улс мөн биз дээ?” гэж асуувал нүүр бардам хариулахад хэцүү.

Үндэстний ижилсэл: Хэрэгцээ шаардлага

Найман зууны тэртээ тархай аймгууд нэгдэн гүрэн болж дэлхийг донсолгосон нууцын нэг нь үндэстний ижилсэл(national identity). Энэ сэдвээр Хоккайдогийн их сургуульд (Mongolian Identity and Nationalism: Origin, Transformation and Nature (From the thirteenth century to the mid-1920s)) зэрэг хамгаалсан Л.Мөнх-Эрдэнэ докторын ажлыг үзвэл учир нь олдох биз ээ. Харин эрхийг нь өгч, зах зээлийг нь чөлөөлөөд, ардчилчихсан атал “амьдрал дээшлэхгүй” байгаа шалтгаан үзэл сурталтай шууд холбоотой. Өнгөрсөн далан жил “үзэл суртал” гэдэг ойлголтыг шавартай хутгачихсан ч гэлээ бидэнд өнөөдөр үндэсний үзэл суртал, үндэстний ижилсэл л дутаж байна. “Азийн бар” болъё гээд овоо эхэлсэн ч “гурван сая Чингис” болж ухраад “Тулгар төрийн байгуулагдсаны 2226 жилийн ой” гэж яриад бүр балайтсан. Удахгүй “Монгол газар хүн үүссэний 10 000 жилийн ойн баяр наадам” хийвэл гайхахааргүй болжээ. Улс орнууд урагшаа харж явахад бид хамгийн эртний, диван галбын үндэстэн болох үндэсний эмгэг тусчихаж. Одоо “Монгол ялна” гэчихсэн л цохиж явна. 

Үндэстний ижилсэлд суурилсан, алсыг харсан үндэсний үзэл сурталгүй; тэгээд дээр нь сэхээтнүүд нь хуваагдчихвал ирээдүйгээ эх оронтойгоо холбож хардаггүй, төрөлхийн тэгж сэтгэх чадваргүй, хулгайлахаа л урьтал болгодог ихэс дээдэст л ашигтай. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт саарна. Амьдралдаа сэтгэл ханамжгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Сэхээтнүүдийн олонх нь аяндаа гэр бүл, эд хөрөнгөө аваад хил давна. Үлдсэн сэхээтнүүдийн төрийн эрхэнд гарсан нь “буянаа эдэлж”, нөгөө нь төрөө зүхнэ. Хүн ам тэр чигтээ монгол хүний онцгой тавилан, тэнгэр заяандаа итгэхээс өөр гарц үлдэхгүй. Ийм нөхцөлд зүүний үзэл л соёолно. Иргэдийн 35-40 хувь нь жинхэнэ homo sovieticus хэвээрээ байгаа нөхцөлд нийгэм уухайлан дэмжиж “хорт хавдар” газар авсаар эд эс бүхнээр нь тархан улс орон (талийгаач Уго Чавесын үлдээсэн Венесуэль) шиг сүйрнэ. (Энэ абзацыг одоо цаг дээр ойлгоорой).

Тиймээс өөрсдийгөө улс орныхоо хувь заяатай торгон сэжмээр холбох үндэстний ижилсэл зайлшгүй шаардлагатай. Бид одоо тархиндаа буглачихаад байгаа итгэл цөхөрсөн “холион бантан”-аа цэгцлэн давж, өөрсдийн сул болоод давуу талыг бодитоор үнэлсэн, алс хэтээ хараалсан үндэстний ижилслээ тодорхойлох цаг тулж ирээд байна.

Манлайлан дэвэгч: Ялсан монгол

Үндсэн хуульд заасан эрх үүрэг, авьяас чадварыг нь тооцвол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ ажилд чухам тохирно. Монголчуудын сэтгэлд хүрсэн контент эзэмшигчийн хувьд, Монголын эв нэгдлийн бэлгэдлийн хувьд түүнээс өөр хүн харагдахгүй байна. Манай иргэдийн “Монгол ялна” гэдэг итгэл хөрөөгүй байгаа дээр энэ ажлыг эхлүүлчихвэл ажилд ахицтай, өөрийнх нь намтарт ч чимэгтэй билээ л. Төмөр зам тавиагүйдээ бантаад хүний хүүхдүүдээр (хүүд нь ямар хууль үйлчлэх биш) гурван жил шороо ухуулна гэж ярьж явахын оронд үндэстний ижилсэл (national identity)-ийн далбаа намируулбал гоё дээрээ гоё харагдах нигуртай. Эцсийн дүндээ монголчууд Х.Баттулгаас улс орныг урагш чирэх үндэстний аугаа их урам зориг хүсч сонгоод, одоо ташуураа өргөн “Мориндоо!” хэмээн уухайлахыг нь хүлээн өндөлзөж суугаа билээ. Урам болтугай!