М. Энхсайхан яасан юм бэ?
-Төслийн нэгжийн “ТОМ” дарга нар аа! Хамгаалах эрхзүйн орчин байхгүйг харав уу?-
Ердөө зургаан сарын өмнө, 2020 оны тавдугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гурав хоногийн турш шүүн хэлэлцээд 4.6 жилийн ял оноосон. Түүнийг Тавантолгой төслийн цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа албан хэрэгцээнд өндөр үнээр автомашин худалдаж авсан гэж үзээд 55 сая төгрөгийн хохирол гэгчийг нөхөн төлүүлж дээр нь ийм хэмжээний хорих ялаар “шагнасан” юм. Харин өчигдөр Улсын Дээд шүүх М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялаас ЗУРГААН САРЫГ хасч өгч “буян үйлдэв”.
Энэ хэргийн мөн чанар юунд байна вэ? Шүүхээс М.Энхсайханыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ҮАБЗ-ийн удаа дараагийн зөвлөмжийг зөрчсөн, Төмөр замын тээврийн талаар Төрөөс баримтлах бодлогыг баталсан УИХ-ын тогтоолыг зөрчиж, “Шинхуа Энержи”, “Энержи ресурс”, “Сумитомо” корпорацийн түншлэлд давуу байдал бий болгосон гэж буруутгасан бололтой юм. Тэр давуу байдал нь хаана байна? Юугаар нотлов? М.Энхсайханы баталснаар өнөөдөр төмөр замын бодлого явчихаж уу? Үгүй л дээ.
Хамгийн аймшигтай нь Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа “Тоёота Лексус-570” маркийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн үнээс 55 сая төгрөгөөр илүү үнээр тус туслийн нэгжид худалдан авч Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулчихсан уу гэвэл бас л байхгүй. Үүний зорилгоор 55 сая төгрөгийн илүүтэйгээр машин авчихсан уу гэхээр бүр доромжлол мэт сонсогдох аж. Анхан шатны шүүхийн энэ шийдвэр Улсын Дээд шүүх дээр арай өөрөөр шийдэгдэх байх гэсэн хүлээлт талаар болж ердөө зургаан сарыг хасч өгч гэнэ. Үүнд шүүгдэгч М.Энхсайхан баярлах ёстой бололтой.
Түүний хувьд уг автомашиныг худалдан авах үйлдлийг 2013 онд, Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд хийсэн бөгөөд хэрэв эдгээрийг гэмт хэрэг гэж үзвэл тухайн үед мөрдөж байсан 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байлаа. Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулиар шийтгэх нь шүүгч, прокуроруудад “таалагдсан” болохоор ялын “лангуун” дээрээс сонгож авсан бололтой юм. Ингэж л харагдаж байна шүү дээ!
М.Энхсайханы бэлтгэсэн төсөл батлагдаж хэрэгжсэн бол, хараал идсэн давуу байдал гэгчийг нь үүсгэсэн бол ялаа авах ёстой. Гэтэл гэрээний төсөл өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн 19.6 буюу “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн 22.1.1 буюу “Албан тушаалаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдлыг бий болгосон” гэсэн хоёр заалтыг зориуд цуглуулж байгаад яллачихсан мэт дүр зураг харагддаг.
“Алдсан хүн арван тамтай” гэдэг. Нөгөөтэйгүүр М.Энхсайхантай “тооны хэлээр” маргасан АТГ 2013 оны зах зээлийн үнэлгээг нь гаргуулахдаа 2019 оны үзүүлэлтээр хуучруулж буюу үнийг бууруулж тооцоолуулан “Тэр үед 130 сая төгрөгийнүнэтэй байсан, өнөөдөр 75 сая төгрөгийн үнэтэй байгаа тул 55 сая төгрөгийн зөрүү “арайхийн” олж үүнийгээ “Их хэмжээний хохирол учруулсан” болгож буруутгасан байдаг. Үүнийг шүүх өөрөөр авч үзэхийг буюу шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй.
Нөгөөтэйгүүр “гол том хэрэг” болох гэрээний төслийн асуудлын тухайд М.Энхсайханы ахалж байсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээний үр дүн болсон гэрээний төслүүдийг Засгийн газарт өргөн барьсан байтал гардан авсан тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь байхгүй. УИХ-ын дарга 101 тоот захирамж гаргаж байгуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг,тэрхүү Ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дүгнэлт хэзээ ч, хаана ч хэрэгжээгүй, хэрэглэгдээгүй цаас байтал түүний дагуу шийтгэсэн нь бүр ч хачирхалтай байлаа.
Гэвч шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Шүүгдэгчийг туйлширч өмөөрөх гэсэнгүй. Харин эндээс харахад Засгийн газар, түүний гишүүд, элдэв Ажлын хэсгүүд, шинээр байгуулагдсаар байгаа Төслийн нэгж гэгчийн “Том дарга” нар аа! Өнөөдөр хашиж буй ажил албатай чинь холбоотой болон холбоогүй байвч улс төрийн шалтгаанаар олон “Энхсайхан төрөх” магадлал өндөр байна. Энэ бол айлгах сэдэв биш. Хамгийн гол нь М.Энхсайхан нарт хэрэглэж буй хуулийн заалт ЭРХЭМ ДАРГА ТАНЫГ хамгаалахгүй! Та нарын өнөөдрийн үйл ажиллагаа, өнөөдрийг зөвийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо алга! Ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын шийдвэр, УИХ-ын болон түүний байнгын хороодын дүгнэлт, тогтоолууд, түүн дээрх тамга, гарын үсэг таныг хамгаалдаггүй юм байна. Ийм нөхцөлд ажиллах амаргүй тул намаараа, салбараараа хэлэлцэж болохгүй бол “хуйвалдаж” байгаад ч хамаагүй төрийн ажил хийх эрх зүйн орчноо баталгаажуулж авах ёстойг энэ шүүхийн шийдвэр харууллаа.