Л.Оюун-Эрдэнэ: Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийн ирчихсэн...
Өнөөдрийн миний зочин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ. Бид дөрвөн жилийн өмнө болзсон ёсоор өнөөдөр ийн уулзаж байна. Харин зочныхоо тухай уншигч та бүхэнд танилцуулах нэгэнт шаардлагагүй тул зүгээр л та бүхнийг хамтад нь үлдээхийг хүсч байна.
Өнөөдрийн миний зочин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ. Бид дөрвөн жилийн өмнө болзсон ёсоор өнөөдөр ийн уулзаж байна. Харин зочныхоо тухай уншигч та бүхэнд танилцуулах нэгэнт шаардлагагүй тул зүгээр л та бүхнийг хамтад нь үлдээхийг хүсч байна.
Магадгүй энэ түүний хэвлэлд өгсөн хамгийн нээлттэй, хамгийн эрх чөлөөтэй ярилцлага болсон байж ч мэдэх юм.
тэр Оюун-Эрдэнэ одоо ч хэвээрээ байгаа, ГЭХДЭЭ ЖААХАН ХЭРСҮҮЖСЭН
- Тантай ярилцлагын ширээний ард суугаагүй дөрвөн жил болжээ. Амласандаа хүрч надтай ярилцахаар хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн 2019 он Л.Оюун-Эрдэнийг бидэнд тэс өөрөөр харууллаа гэж би хувьдаа үзэж байна. Урьдын мэддэг байсан гэх юм уу, заримынх нь хувьд төсөөлдөг байсан, итгэж найддаг байсан тэр Л.Оюун-Эрдэнийг их өөр байдлаар харуулсан үеүд өнгөрлөө. Их хурц, ер нь яахаас ч буцахгүй гэмээр дүр төрх ч илэрч байв. Нөгөө талаасаа олон ч удаа ширүүн галын дунд орж зогслоо. Үүнээс болоод өөрийн тань нэрний өмнө хэзээ ч байгаагүй “поп” улстөрч гэх нэр зүүлээ. Бараг тэдний жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
- Та ч ширүүн эхлүүлж байна шүү...
- Таны хувьд өнгөрсөн 2019 он ер нь ямар он байв. Хувь хүнийхээ хувиар анх удаа нүүр номдоо оны сүүлчийн өдөр пост бичсэн байсан. Хүн болгонд хувийн амьдрал, хувь хүний түүх байдаг. Тэнд нь юу болж байгааг бид мэдэхгүй. Улстөрч хүний хувьд бол бүр ч мэдэхгүй. Тэрийгээ зөвхөн өөрийнхөө хар зүрхээр л туулж байдаг. Тэгэхээр өнгөрөгч 2019 он ямар гээчийн он болоод өнгөрөв өө гэдэг асуултаас одоо хоёулаа яриагаа эхлэе...
- За, Ганаа эгчдээ баярлалаа. Дөрвөн жилийн өмнө хоёулаа ярилцаж байсан. Тэгэхэд та “За, Оюун-эрдэнээ амжилт хүсье. Хэрвээ УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн анхны ярилцлагаа надтай хийгээрэй, би эхнийхийг л авах дуртай шүү” гээд намайг зочноороо ахин урьж байсан. Би танд амласан. Цаг хугацаа гялалзаад л өнгөрсөн байна. Үндсэндээ гишүүн болсноосоо хойш албан ёсоор том хэмжээний ярилцлага өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэгдүгээрт, амласандаа байх гэж бас хичээлээ. Хоёрдугаарт, бас нэг их айхтар яръя ч гэж бодсонгүй. Яагаад гэхээр шинэ тутам Улсын Их Хурлын гишүүн хүн нэг их олон зүйлийг тайлбарлаж яриад явах тийм ч зохистой биш юм. Нөгөө талаас бас тийм боломж ч, цаг зав ч хомс байлаа. Өөр нэг юм нь ихэнх тохиолдолд сэтгүүлчтэй тухтай суугаад ярилцлага өгөх тэр хэлбэр биш, цаг үе дагасан мэдэгдлүүд хийх, эсвэл ордон дотор явж байгаад хэвлэлийнхэнд ээрүүлж тодруулга, мэдээлэл өгөх хэв маяг илүү давамгайллаа шүү дээ. Өнгө алаглаж байгаа өнөөдрийн нийгэмд үйл явц маш хурдацтай өрнөж байна. Үүнээс болоод бараг долоо хоног тутам тодруулга, тайлбарууд хийх явц явагдлаа шүү дээ. Ийм нөхцөлд хэзээ нь томоохон ярилцлагад орох билээ. Өнөөдөр тантай уулзаж байгаадаа би баяртай байна.
2019 он мэдээж их баялаг жил болж өнгөрлөө. Янз бүрийн агуулгаараа. Ер нь бол цаг хугацаа эргэж давтагддаг гэж ярьдаг даа. Яг батлагдсан хатуу философи биш ч гэлээ ийм яриа байдаг. Бараг үнэн ч байж магадгүй юм даа гэж бодмоор үйл явдлууд энэ өнгөрсөн жил миний амьдралд олон тохиолоо л доо. 2005 он бас миний хувьд сонин он байсан. Маш их сорилттой мөртлөө маш олон юм бас болж өнгөрсөн. Хэзээ ч мартагддаггүй нэг тийм жил байдаг даа, хүний амьдралд. Тэр үед би 25 настай байлаа. Би чинь өвөөтэйгөө өссөн хүүхэд. Өвөө маань 2005 онд хүнд өвдөж, удалгүй бурхны орондоо явсан. Өвөөтэйгөө хамт, өвөөгөөсөө өөр ертөнц бараг мэдэхгүй шахам өссөн миний хувьд энэ явдал маш том цохилт болж байсан л даа. Миний амьдралын хамгийн чухал хүн байсан. Тэр үйл явдалтай зэрэгцээд манай ээж өвдсөн. Тархинд нь цүлхэн үүссэнээс болоод харвалт өгсөн. Хөдөөнөөс ээжийгээ очиж аваад энэ гуравдугаар эмнэлэгт авчраад олон хоногоор сахиж хүндхэн цаг хугацааг туулсан л даа. Тэгж байтал манай дүүгийн аав, ээжийн маань хань гэнэт хорт хавдар туссан нь илэрсэн. Ээж дөнгөж илааршиж байх үед хөөрхий хань нь тэнгэрийн оронд явж ахиад л манай гэр бүлд том цохилт ирсэн. Гэтэл би аймагт ажиллаж байгаад хот руу орж ирэх шийдвэр гаргаад, ажил төрөл, нөхцөл байдал бүх юм солигдсон. Хажуугаар нь манай бага хүү гэдсэнд, яг төрөх гээд их л олон зүйл болж байсан. Тэгээд л эмнэлэгт ээжийгээ сахиж байх үедээөдрийн тэмдэглэл бичдэг байлаа. Би танд ярьж байсан даа. Хүн тэгээд өөрийгөө тайтгаруулах гарц хайдаг юм билээ л дээ. Тэр тэмдэглэлүүдээ саяхан гаргаж харлаа.
- Тэр үед төрсөн хүү тань танай хоёрдахь хүү билүү?
- Тийм. Хоёрдахь хүү. Тэр тэмдэглэлүүдээ эргүүлж харахаар тэндээс анхны номоо бичих бүх санаа сэдлээ олсон. Хувь хүн ч, улс эх орон ч алсын хараатай байх ёстой юм байна гэсэн үзэл санаагаар 2005 онд тэр номоо гаргаж байлаа.Тэр үеэс л 10 жилийн дараа улс эх орны алсын хараатай холбоотой асуудал дээр ерөнхийдөө нэг төсөөлөлтэй байх ёстой юм байна гэж бодож боловсруулж явсан. Тэр жил болсон их сонин үйл явдлуудын нэг нь Баатар ахтайгаа уулзаж учирсан маань байлаа. Бас л хүний амьдралд нэг жилийн дотор тохиосон явдлууд гэхэд хэтэрхий тийм баялаг байгаа биз дээ. /инээв/. Жил бүхэн хүний амьдралд тийм үйл явдлууд болно гэж байхгүй. Байвал дийлэх ч үгүй байх.
- Тухайн үед би тантай ярилцаж байсан. Миний амьдралаас их олон юмыг авч явсан мөртлөө ахиад олон юм бэлэглэсэн жил байлаа гэж та хэлж байсан...
- Яахав тэр Л.Оюун-Эрдэнэ бол одоо хэвээрээ л байгаа. Мэдээж жаахан хэрсүүжсэн байх, удахгүй 40 нас хүрлээ. Тэр бол 25 настай Л.Оюун-Эрдэнийн амьдрал. Өнгөрсөн 2019 он бас их сонин жил байлаа л даа. Дэндүү олон үйл явдал өрнөлөө. Таны хэлдгээр магадгүй танигдахаа больсон гэдэг тийм дүгнэлттэй ч бас тохиолдлоо.
- Их тийм зөөлөн, гэгээн Л.Оюун-Эрдэнэ харагддаг, явдаг байсан юм л даа. Жишээ нь, төсөөлөхөд хэзээ ч Ж.Батзандантай хамт зорилго зангидаад явахгүй ч гэдэг юм уу.Хүмүүс тэгж л төсөөлж байсан юм шиг байгаа юм. Гэхдээ энэ үгээрээ би Ж.Батзандан гишүүнийг муу гэж хэлж байгаа юм биш шүү...
- Тэгээд яахав 2019 он бас л нэг тийм төстэй жил болж өнгөрлөө. Олон ч үйл явдал өрнөсөн л дөө. Жагсаал цуглаан ч боллоо. Үнэндээ би зөрчилд дуртай хүн огт биш. Сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах ч хүн биш. Та тэрийг мэддэг учраас л энэ сэдвийг барьж авч яриагаа эхлүүлж байх шиг байна. Хэн нэгэнтэй түрүүлж муудалцаан үүсгэж байсан удаа надад байхгүй л дээ. Тиймээс энэ бол хувь хүний зан чанараас илүү гүнзгий асуудал байсан. Үүнийг мэдэрч хамт гал дундуур явсан нөхөддөө би үргэлж баярладаг. Хэр баргийн хүний хийж чадахгүй эрсдэл шүү.
- Таны ертөнц өөрчлөгдсөн үү л гэж би асуугаад байгаа юм. Хувь хүн мааньбол өөрчлөгдөөгүй гэж та хэлж байна шүү дээ.
- Хувь хүн бол өөрчлөгдөөгүй ээ. Яаж ч өөрчлөгдөх билээ. Харин өмнө байснаасаа өөрөөр харагдсан нь л үнэний ортой байх. Үнэнээ хэлэхэд яаж харагдаж байгаагаа анзаарах ч сөхөө байсангүй. Магадгүй буруу зөрүү ойлгогдсон олон зүйл байгаа байх. 2019 он бүхэлдээ намайг ажил хэргийн орчноос харуулсан он болсон. Зөвхөн тэр тавцнаас л би харагдаж байсан. Жагсаал хийгээд л, тэмцэл хийгээд л... Их Хурлын даргаа огцруулаад л... Үнэхээр ч том том том зүйлүүд болж өнгөрлөө. “Эрдэнэт” үйлдвэр гээд л... За, тэгээд хууль хяналтын байгууллагуудын өөрчлөлт шинэчлэлийн асуудлууд руу ч орлоо. Хувь хүмүүстэй ч багагүй зөрчилдсөн асуудлууд гарлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн том процесс явлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах боллоо. Нэг талаасаа албан тушаалын төлөө байсан юм шиг ч ойлгогдсон байж магадгүй. Хэтэрхий олон талтай үйл явдлуудын дунд ажиллалаа.
- Он солигдох мөчид та нүүр номдоо хувийн амьдралд тань ямархуу он байсан талаар сэтгэгдлээ бичсэн байсан.
- Хэтэрхий их доргилтуудтай он болж өнгөрлөө шүү дээ. Надад нэг тийм хашгирмаар хэрэгцээ байгаад байсан.
- Сэтгэл зүйн хувьд уу?
- Тийм ээ, сэтгэл зүйн хувьд. Тэр чинь угаасаа үйл явдлуудын дунд мэдэгдэхгүй шүү дээ. Жишээлбэл, Ерөнхий сайд гэхэд маш амаргүй нөхцөл байдлын дунд ажиллаж байдаг. Тэр үед нь ороод л гоншигоноод байлтай биш. Надад хэцүү байна, над дээр ийм тусгал ирж байна гээд л байхгүй шүү дээ. Ажил авахдаа би 365 хоног чин сэтгэлээсээ ажиллаад үзье гээд нэг хэлчихсэн. Тэгээд энэ 365 хоног дотор олон юмыг өөрчлөх гэж ёстой өдөржин шөнөжин л зүтгэлээ. Самбар дээр эрэмбэлж бичиж байгаад л дайрсан. Маш их төвлөрч ажилласан. Гэтэл бас нэг хүний л амьдрал юм болохоор хажуугаар нь тэр төвлөрсөн цаг хугацааг маань хэлтэлсэн тийм зүйлс ч тохиолдлоо. Үнэхээр олон зүйл дундуур явлаа л даа. Яг ид ачаалалтай ажиллаж байх үед ээжийн маань эрүүл мэнд ахиж муудсан. Нөгөө 2005 онд тархинд нь үүссэн цүлхэн дахиж хагарсан. Дахиад л гуравдугаар эмнэлэг дээр очсон. Хамаагүй хөдөлгөж болохгүй. Нөгөө цүлхэн нь томорчихсон учраас судсаар нь хагалгаа хийж болдоггүй. Хагалгаа хийхгүй орхиж бас болдоггүй. Тэгээд нэлээн хүнд хагалгаанд орсон. Гавлын ясыг бүхэлд нь нээж айхтар л юм болсон. Маш их санаа зовж байсан. Их айсан. Ер нь бол үр дүн яаж ч эргэж магадгүй нөхцөл байдалтай онош гарсан. Үнэхээр бурхан ивээж ард нь гарсан. Шинэ жилийн орой би ээжтэйгээ хамт хоол идээд сууж байхдаа нүүр номдоо тэр постыг бичсэн юм. Ээж маань эмнэлэгт тийм байдалтай байж байх үеэр манай хадам аав цус харвачихлаа гэсэн мэдээ ирж байгаа юм. Нэрмээд л явчихаж байгаа юм л даа. Тэгээд бас хөдөлгөж болохгүй гээд асуудал үүссэн. Яаж ийж байгаад наашаа эмнэлэгт авчирлаа. За, ингээд аав ээж хоёр маань хамт эмнэлэгт, яг адилхан оноштой. Нэг нь цүлхэн, нөгөө нь доргилтоос болсон харвалт гээд. Ингээд нөхцөл байдал их амаргүй тийшээ явсан. Гэтэл би ямар ажлуудын дунд зогсож байгаа билээ. Ийшээ тийшээ аав, ээжийгээ аваад явж болохгүй, нөгөө Үндсэн хуулийн асуудал байж байдаг. Хаяад зугтах аргагүй юман дунд л зогсож байсан. Шөнөжин сууж ажиллах асуудлууд үүсдэг. Хөдөө орон нутагт томилолтоор явах асуудлууд үүсээд байдаг. Гараад явахад их хэцүү. Ийм л нөхцөл байдалд байсан. Бүх юм давхцаад л. Тэгж байтал Баатар ах маань бас өвдлөө. Цаадах чинь өөрөө бас их хэнэггүй талын хүн шүү дээ. Өөрөө хүнд хэлэх дургүй. Гүрийж явж байгаад өвчин нь хүндэрсэн байсан. Их сонин тэгж байтал манай аав бас нүд рүү нь харвалт өгчихөж байгаа юм. Гэр бүл хүүхдүүд дээр маань ч энэ байдал давтагдлаа. Ингээд гэр бүлд маань гурав дөрвөн хүн өвдчихсөн. Санхүүгийн хувьд ч их хүндэрч байгаа юм. Хүний амьдрал юм чинь. Ийм нөхцөл байдал өөрөө цаг хугацааны хувьд ерөөсөө холбогдож өгөхөө больчихдог юм байна лээ. Төвлөрч болдоггүй. Тэгээд байж байсан чинь өөрөө өвдлөө. Нөгөө хордлого хөлөнд орлоо гээд шуугидаг. Тийм бишээ гээд тайлбарлалтай биш, муухай л юм билээ.
- Зодуулчихаж гээд л шуугисан.
- Тийм.
- Бүр Ерөнхий сайдад зодуулчихаж гэнээ гэж шүү...
- Ерөнхий сайдад зодуулсан гэнээ гээд л... Хордлого хөл рүү ороод байхдаа яадаг юм гээд л...нөгөө ард түмний хайртай хүү маань дороо л бараг нийгмийн заналт дайсан болсон юм байх. Би өөртөө бол юун тэр бүхнийг тоох, тайлбарлах манатай. Баахан эмчилгээ хийлгэлээ. Гадна талдаа бөөн инээдэм гуйвуулга болгоод л байдаг. Гэтэл яг манай гэр бүлийн дотор талын тойрогт болохоор энэ бүхэн нь инээдэм биш байсан. Онош тодрохгүй нэлээд удлаа. Тэр үед ойр дотныхон, гэр бүлийнхэн маань “За, Оюук минь чи одоо болио. Амь биш, заяа биш. Наад улс төрөөсөө одоо гар. Наадах чинь одоо хараал, хэл ам гэдэг юм руугаа явчихлаа. Хүнд үзүүлж харуулахаар болохгүй юм руу яваад байнагээд байна” гэж муу ээжээс маань эхлээд үглэж байгаа юм. Заримдаа ч бас нээрээ яагаад намайг энэ бүх зүйл ороогоод байна вэ гэж бодчих гээд ч байх шиг. Гадна талаас ч хүмүүс “Хэзээ анх сонгогдсон хүн ер нь ийм гал руу орж байсан юм. Чи залуу хүн. Ер нь бол ирээдүй чинь энэ бүхний тусгалаар их хүндэрнэ дээ. Ирээдүй чинь ингээд дууссан” гээд байдаг. Гэвч яаж ухрах юм. Талбай дээр өвлийн хүйтэнд гуч орчим мянган хүн хүрч ирээд итгэлийн нүдээр харчихсан. Энэ гучин жил ер нь бид ямар замаар явчихав аа. Энийг ер нь өөрчлөх ёстой юм биш шүү. Хэдий болтол энэ улс орон ингэж явах юм, бүгдээрээ өөрчилье гээд үзэл санаа, дуу хоолойгоо нэгтгэчихсэн. Тэгээд хэзээ ч битгий бууж өгөөрэй. Уйдаж, шантарч болохгүй шүү. Бууж өгч болохгүй гэсэн шүү гээд захиа даалгавраа өгөөд байдаг. Тэгээд яахав шүд зуусан. Үнэндээ 2019 оныг түргэн дуусаасай гэж боддог байсан. Даваад гарлаа, эцэст нь энх тунх бүгдээрээ цуглаад оны сүүлчийн үдэш шампанскаа буудуулаад гэр бүлээрээ сууцгаасан. Сайхан байсан. Өөр бас хүнд хэлмээргүй нандин зүйлс ч тохиолдсон. Тэгээд яахав дотроо байсан зүйлсээ гаргаж бичсэн. Он солигдох мөчид тэрийгээ гаргахгүй бол дэлбэрчих гээд байсан юм. Тэгээд гадаа нэг сайн хашгирч аваад баяртай 2005 он шиг 2019 он минь гэж хэлсэн л дээ. (инээв)
- Ер нь юмыг гаргаж байх хэрэгтэй шүү дээ.
- Тийм юм байна. Би чинь нэг их хувь амьдралаа ярьдаг ч юм уу, тэр болгон өөрийгөө нээдэг, дотроо юу болж байгаагаа хүн амьтанд хэлдэг тийм хүн биш шүү дээ. Ерөнхийдөө дотогшоо маягийн хүн. Найз нөхөд маань ч яг үнэндээ ийм юм болсныг мэдээгүй. Тэгээд над руу маргааш нь баахан хүн утасдлаа л даа. Чи тэгээд хэлэхгүй яасан юм гээд. Хамт ажиллаж байсан Засгийн газрын хэрэг эрхлэхийн хүмүүс маань, хамтарч зүтгэж байгаа гишүүд ч зарим нь ярьсан. Чи одоо ийм нөхцөл байдалд байсан юм бол хэлэхгүй яасан юм гээд. 2019 он миний хувьд тийм л он байлаа. Тэгээд сайнтай муутайгаа сүлэлдэж байдаг амьдрал юм даа. Гэхдээ үргэлж сайн тал нь давамгайлдаг. Яагаад гэхээр амьдрал өөрөө их гоё учраас бидний боддогоос их урт хийгээд уудам, өргөн хийгээд их том юм. Заримдаа их жижигхэн юм. Хүн тэгээд их том тойрог дунд байгаа юм шиг явдаг ч гэсэн яг үнэндээ бол их жижиг тойрог дунд амьдардаг. Тийм өчүүхэн амьтан юм. Мэдээж тэр дунд нийгмийн, хувийн гэдэг хоёр солбилцол байдаг. Ер нь нийгмийн гэдэг энэ тал руу нь явах шийдвэр гаргасан тохиолдолд хувь хүний асуудал дандаа л түвэгтэй байдалд ордог юм байна.
Манай Засгийн газар баялаг бүтээгчдийнхээ эсрэг Засгийн газар биш
- Хувь хүний тань ертөнцийг үзэх үзэлд гэдэг юм уу, үнэт зүйлийг харах философид тань гэдэг ч юм уу тодорхой өөрчлөлт гарсан юм биш үү?
- Үгүй дээ, тэр бол ерөөсөө өөрчлөгдөөгүй. Та бас намайг харьцангуй сайн мэддэг хүн. Миний өмнөх ярилцлагууд таньд л байгаа. За, миний өмнө нь бичиж чиглүүлж байсан нийтлэл ч гэдэг юм уу, ном бас бүгдээрээ л таньд байгаа. Та зүгээр тэрийг эргээд хараад үзээрэй. Өнөөдрийн Оюун-Эрдэнээс юу ч өөрчлөгдөөгүй. Тэр үед би хүмүүсийг уриалж байсан. Энэ үед би өөрөө хийх гээд энэ тал талаас ассан галан дундуур явж байгаа ийм л ялгаа харагдах байх. Харин ч би миний бодол зөв байжээ гэж үргэлж бодож явдаг. Урьд нь болохоор харьцангуй залуу ч байж, нөгөө талдаа үргэлж үүнийг ах нар хийчих болов уу, энэ асуудлуудыг ингээд шийдчих болов уу гэж найддаг байсан. Тэр үед нь магадгүй би үгийг нь бэлдээд ч юм уу, хурал зохион байгуулах материалыг нь бэлдээд ч юм уу, аль эсвэл хэрэгцээтэй үед нь дэмжээдхамт байна гэж их итгэж найддаг байсан. Мэдээж 2019 оныг 2017, 2018 оноос салгаж харж болохгүй л дээ. Ордон дотроос би зөндөө орилсон байхгүй юу. Улаан цайм шударга биш байгаа, Монгол орныг маш хүнд байдалд оруулчихаад ерөөсөө хариуцлага хүлээхгүй замхарч алга болдог нэг тийм найрааны байдал. Тэгээд архины ширээний ард ороод тохирчихдог, хуулийн байгууллагынхантайгаа нэг хөнжил дотор орчихсон, засаглалын хэт цус ойртсон хэлбэр гээд үнэхээр тэсэхийн аргагүй байдал намайг дотроос шатааж байсан. Нөгөө талаараа улс орон урагшилсан, уруудсан олон жишээг судалчихсан байсан. Тэрэн дээрээ тулгуурлаад би 2015 онд гишүүн болохоосоо өмнө “Азийн хүлэг улс” гэдэг ном бичсэн. Миний өнөөдрийн хийж байгаа зүйлсийг ойлгох амархан. Хэрэв тэр номыг уншвал. Тэр итгэл үнэмшилдээ л үнэнч байхаар өмнөх соёлтойгоо мөргөлдөөд байсан байх. Миний буруу ойлгогдсон нэг том шалтгаан бол энэ л дээ. Хууль биш хувь хүн засагладаг нөхцөл байдал руу бид нар орчихсон. Шулуухан хэлэхэд үе үеийн Ерөнхийлөгчийн алдаа. Шүүх засаглал гэж байхгүй харин шүүх засаглалыг ерөнхийлөгч нэртэй хувь хүн удирддаг болсон. Энэнээсээ болоод авлигалд идэгдэж, далд эдийн засаг үүсч байна. Далд эдийн засаг байгаа нөхцөлд хэзээ ч иргэд рүү боломж шууд очихгүй. Ингээд яваад байвал хичнээн их баялгаа бид гаргаж ашиглалаа гээд улс орон маань хөгжихгүй байна гэж бичиж байсан.
Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа энэ нөхцөл байдал давтагдсан л даа. Би бол маш хурдан өөрчлөгдөх болов уу гэж бодсон. Уг ньмаш их итгэж хүлээсэн. Ингээд эндээс л миний хувь хүнийг муухай харагдуулсан зөрчил эхэлсэн л дээ. Тэр нь юу гэхээр М.Энхболд дарга Их Хурлын дарга болохоос эхэлсэн гэсэн үг. Яагаад гэхээр ялсан намын дарга чинь Ерөнхий сайд л болох ёстой. Парламентын засаглалтай улс орнуудын батлагдаагүй алтан зарчим шүү дээ. Гэтэл Ардчилсан намын дарга З.Энхболдын замаар яваад өгсөн. Ерөнхий сайд нь хүчгүй, үүнээс болоод асар хүнд нөхцөл байдал үүсэх байсныг л анхааруулахыг хүссэн хэрэг. Даанч намайг хэн ч сонсоогүй л дээ, тухайн үед. УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын дарга болж, гүйцэтгэх засаглалыг хүчгүй болгосноос үүдэж сонгуульд дүнгээ тавиулчихсан жишээ хуучраагүй байдаг. Гэтэл яг өмнөх дөрвөн жилийн загварыг хуулаад харанхуй нүх рүү явчих гээд байдаг. Тэгээд л үүний эсрэг би анхдугаар чуулган дээр байр сууриа илэрхийлсэн. За, ингээд л зөрчил эхэлсэн. Яагаад гэхээр тэр хүн маань 65 суудал авчихсан, намаа ялуулчихсан гавъяатай намын дарга шүү дээ.
- Гэтэл Ерөнхий сайд болохгүй гээд байдаг.
- Ерөнхий сайд болохгүй гээд байдаг. Дөнгөж сонгогдож орж ирсэн нэг пацаан юм яриад шүүмжлээд байдаг. Наадам боллоо. Хүмүүс чи одоо намын даргынхаа эсрэг юу яриад байгаа юм бэ гээд эхэлсэн.
- Та болохоор тогтсон дүрмээрээ яваач ээ гэдэг шаардлага тавьж эхэлсэн. Намаа ялуулаад орж ирсэн дарга Ерөнхий сайд болох ёстой гээд...
- Тийм. Уг нь яг үнэндээ өөрийх нь төлөө байсан юм.
- М.Энхболд дарга Ерөнхий сайдаас татгалзаж Ерөнхий сайдад өөр дүр гаргаж ирсэн процессоос зөрчил эхэлсэн гэж та хэлж байна. Би бол У.Хүрэлсүх их хуралднэр дэвшихгүй гэдгээс эхэлсэн гэж хардаг. Та бол түүнтэй харьцангуй ойр байдаг хүн. Манай одоогийн Ерөнхий сайд маань сонгуульд нэр дэвшихгүй гэж бүр нэлээн хүчтэй эсэргүүцсэн шүү дээ ?
- За, тэрийг та өөрөөс нь л асуух хэрэгтэй байх. Би энд өмнөөс нь хувь хүний тухайн үеийн улс төрийн байр суурь, дотоод ертөнцийг нь алган дээрээ тавьсан юм шиг мэдэж хариулна гэдэг бол боломжгүй зүйл шүү дээ.
- Мэдээж тэр үед та нар ярилцаж л байсан байж таарна шүү дээ?
- Үгүй дээ нэг их ярилцаагүй. Гэхдээ гол шалтгаан бол энэ бүлэглэлийг тухайн үед мань хүн ойлгож, өөрийх нь эсрэг ажиллах том хүч хуримтлагдсан тухай мэдээлэл аваад эхлэчихсэн байсан байх. Би энэ тухай саяхан л ойлгосон.
- Залуучуудаа л түлхүү гаргаж ирье гэдэг бодлого барьсан байх л даа. Бүр сүүлийн хувилбар дээр Н.Ганбямба ч дэвшихгүй гэсэн. “Тэгвэл та өөрөө явбал яасан юм бэ” гэж намын даргыг хэлэхэд тэр маш их уурласан гэж сонссон.
- Та өөрөө ярилцахдаа л асуучих. Үүнээс гадна олон зүйлүүд болж өнгөрсөн дөө. Харагдах харагдахгүй олон зүйлс бий. Одоо л учгууд нь тайлагдаж байх шиг байна.
- Та гэхдээ яг 65-уулаа орж ирнэ гэж төсөөлж байсан уу?
- Төсөөлж байгаагүй ээ. Сонгуулиар ядраад унтаад өгчихсөн байсан. Өглөө 65 суудал авчихсан байсан. Том савалт явсан нь ер нь ойлгомжтой байсан л даа. Үнэндээ Ардчилсан намын өөрийн алдаанаас болсон гэсэн үг. Миний бодлоор энэ бас жижиг мажортари тогтолцооноос хамааралтай. Яагаад би энэнд тийм итгэлтэй байна гэхээр огт тооцоонд байгаагүй сонин хүмүүс гарч ирсэн. За, би ч тооцоонд байгаагүй. Ардчилсан намын бүлгийн даргатай өрсөлдөнө гэдэг чинь амаргүй шүү дээ. Магадгүй Гарамгайбаатартай харьцуулж харахад ялах байсан юм шиг харагдаж байгаа боловч тухайн үеийн нөхцөл байдал их өөр байхгүй юу даа. Маш их зөрүүтэй сонгуулийн кампанит ажил явагдаж байсан. Маш их хэмжээний санхүүгийн боломжтой, хүчтэй өрсөлдөгчтэй таарсан. Цагдаа хууль хяналтын байгууллагууд бүгд оролцсон. Бас л хүнд юм болж байсан. Эрх барьж байсан намын бүлгийн дарга гэдэг чинь яг үнэндээ эхний таван хүний нэг шүү дээ. Эрх мэдлийн хувьд. Тойргоо зурахдаа ч өөрөө шийдсэн. Юм тэгж л явсан. Та өөрөө мэдэж байгаа. Энэ 30 жил чинь юу болсон гэхээр ерөнхийдөө уул уурхайн хэдэн компаниудаас сонгуулийн мөнгө гарна. Өөр сонгуулийн мөнгө гаргах бядтай компани монголд байхгүй. Дээрээс нь банк. Эд нараас л энэ 30 жилийн сонгуулийн санхүүжилт чинь дандаа боссон байгаа юм. Тэгээд яадаг вэ гэхээр ерөнхийдөө ялах магадлалтай 15 орчим хүнтэй маш ойрхон харилцаа тогтооно. За, энэ 15 хүн бол аль аль нь тухайн намын лидерүүд. Тийм учраас энэ 15 хүн орж ирэхээр нийлбэр харьцаа 30. За, тэгээд энэ 15 хүнтэй холбоотой хүмүүсээ тооцохоор нийлбэр харилцаа 40-өөс дээш. 39гэдэг тоо чинь Төр шүү дээ. Засаг байгуулна гэсэн үг. Гоёор тайлбарлавал энэ дандаа том төслүүд явдаг. Муухайгаар тайлбарлавал энэ дунд нөгөө нэг найраа, авилгал, нөгөө төрийн эрх мэдэл дээгүүр давсан лобби төслүүд явна гэсэн үг. Энэ лобби төслүүд яах вэ гэхээр асар их хэмжээний далд эдийн засгийг дагуулна. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг Улсын Их Хурлаар оруулахгүйгээр 49 хувийг нь авчраад нэг компани авна гэдэг бол энэ төрийн хуулиас давсан лобби байна л гэсэн үг шүү дээ. “Эрдэнэт”үйлдвэр өнгөрсөн жил нэг их наяд орчим төгрөгийг улсад төвлөрүүлсэн байгаа. Гэтэл худалдаж авсан дүн нь 400 сая доллар. Нэг жилийн ашиг байгаа биз. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг жилийнх нь ашгаар аваад, гэхдээ тэр авсан 400сая долларын босголт нь үндсэндээ 80 орчим хувь нь дахиад төрийн мөнгөөр шийдчихсэн тэр үйл явцыг одоо юу гэх вэ. Тэр нь Монголбанк, Хөгжлийн банкны мөнгө. Аль аль нь улсын л мөнгө.
- Бас “Эрдэнэт” үйлдвэрийн Төрийн мэдэлд байсан 51 хувийг танай намын үед гадны банкинд барьцаанд тавьчихсан байсан шүү дээ.
- Тийм. Төрийн өмчийн 51 хувийг барьцаанд тавьчихсан. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн захирал нь мэдэхгүй гээд байдаг. Ерөнхий сайд нь мэдэхгүй гээд байдаг. Хэзээ ч тийм юм байх боломжгүй шүү дээ. Би бас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаа хүний хувьд мэдээд байна. Тэр “Стандарт” банкных нь өрийг 49 хувийг худалдаж авсан нөхдүүд маань бас авах төлөвлөгөөтэй байсан. Бүр нотариатаар батлуулаад гэрээ байгуулагдаад Сингапурын оффшор компани болгосон байсан. Ингээд л онцгой дэглэм тогтоохоос өөр гарцгүй болсон л доо. Яахав олон өнцгөөс харагдаж байгаа ч бид хамгийн зөвөөр нь явсан. Жаахан цаг алдсан бол их харамсалтай юм болох байсан. Бүгд хөдлөшгүй баримттай зүйлс.
- Энэ зах зээлийн нийгэм чинь хувийн өмчид тулгуурласан нийгэм. Гэтэл танай Засгийн газар гарч ирээд эргээд төрд юм төвлөрүүлэхийн төлөө ажиллаад эхэлсэн. Татвар төлөгчдийг маш их бухимдууллаа. Бусдын хувийн өмчийг булаалаа. Ер нь хураана, зогсооно л гэдэг. Ийм үзэгдлийн тэргүүн эгнээнд таныг яваад байна гэх шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?
- Харин ёстой шулуухан хэлэхэд барууны ертөнцийг бас харьцангуй гадарлах хүний хувьд бол бид зөв зарчмаар явж байгаа. Үүндби 100 хувь итгэлтэй байгаа. Ардчилсан тогтолцоотой аль ч улсад манайхтай төстэй ийм нөхцөл байдал үүссэн бол өнөөдөр аль эрт оролцсон бүх хүмүүс шүүх дээр эцэслэгдэн шийдэгдсэн байгаа. Тэр дундаа бидний жишээ авдаг Америкт бол.
- Нөгөө талаас тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр дээр хувийн хэвшил орж ирээд цөөхөн хэдэн сар ажиллахдаа олон зүй зохисгүй юм илрүүлсэн гэж мэдэгддэг. Жишээлбэл, тус үйлдвэрийн төрийн мэдэлд байсан 51 хувийн өмчийг гадны банкинд барьцаанд оччихсон байсан явдлыг олон түмэн мэдэхгүй л өнгөрөх байсан гэж тэд мэдэгддэг. Ер нь монголд 49 хувийн өмчлөл орж ирсний ашиг, сайн тал байна уу ?
- Байлгүй яахав. Аваад ирлээ гэж хэн буруутгасан юм бэ. Авахдаа ямар арга зам хэрэглэсэн бэ, яаж монгол төрийн толгой дээр гишгэлж авсан бэ гэдэгт л асуудал байгаа шүү дээ. Эрх зүйт төр гэдэг маань хуультай байх ёстой. Хуулиндаа албан тушаалтан ч бай, энгийн иргэн ч бай, баян ядуу хэн ч бай бүгд ижил тэгш захирагдах ёстой. Энэ бол зарчим. Санхүүжилтаа үнэхээр өөрсдөө босгоод, Улсын Их Хурлаар ороод энэ асуудал шийдэгдсэн бол энд ямар ч маргаан байхгүй асуудал. Улсын Их Хурал тухайн үедээ хэлэлцээд, яг ёсоороо явсан бол үнэндээ нөгөө нэг санхүүгийн схемүүд нь илэрчих байсан. Тийм учраас нууцаар бүх юмаа явуулсан. Ер нь Эрдэнэтээс зэс гараад хилээр дамжиж, гангийн үйлдвэр дээр очиход томоохон луйвар явдаг байсан юм билээ. Тэр нь энэ онцгой дэглэмийн үед тогтоогдсон учраас ашиг тийм өндөр гарсан. Удахгүй энэ зүйлс тодорхой болно л доо. Хууль хяналтын байгууллагууд төслөг байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байгаа юм билээ. Хэзээ ч илрэхгүй гэж бодсон олон зүйл илэрч байгаа. Мөнгө мөртэй гэдэг үнэн үг.
Ер нь төр хувийн хэвшлээ дэмжилгүй яахав. Гэхдээ хувийн хэвшлийн ашгийн төлөөх бодлого нь олон нийтийн эрх ашгаар хаязгаарлагддаг. Дэлхийн аль ч улсад зарчим энэ. Жишээ нь, хувийн хэвшлийн ашгийн төлөө Сүхбаатарын талбайг өгнө гэдэг бол бас арай эрээ цээргүй явдал мөн үү. Сүхбаатарын талбай, Улаанбаатар зочид буудлын урд талын талбай нийтдээ 5,2 га газрыг өгчихсөн захирамж нуугдаж байгаад саяхан ил болсон. Ийм л харилцаа үүсчихсэн явж байсан байна шүү дээ. Сүхбаатарын талбай бол олон нийтийн өмч шүү дээ. Төрийн өмч гэж ярихаа болъё л доо. Энэ бол олон нийтийн өмч. Сүхбаатарын талбай чинь байж л байх ёстой зүйл шүү дээ. Аль ч улсад төв талбай байдаг биз дээ. Хувийн хэвшлээ дэмжиж байгаа нь гээд “Окэй, май Сүхбаатарын талбайг ав. Аль дуртай газраа ав” гээд хууль журмыг уландаа гишгээд авчихсан байгаа юм л даа. Гэтэл энэ өөрөө нийтийн эрх ашгаар хязгаарлагдаж байгаа зүйл байхгүй юу. Өнгөрсөн 30 жил маань одоо энэ маягаар лдүгнэгдээд явж байна шүү дээ. Бүхий л алдаа оноог одоо хэн нэгэн хувь улстөрч рүү хандуулъя гэж би ерөөсөө боддоггүй. Хэн нэгэн хувь хүнтэй муудаж, дайсагналцаж байгаа ч зүйл биш. Ийм зүйлсийн эсрэг зогссоныхоо төлөө Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрч элдэв нэр хоч зүүх бол миний хувьд бүр гучдугаар асуудал. Манай Засгийн газар баялаг бүтээгчдийнхээ эсрэг Засгийн газар биш. Харин жам ёсны бизнесийн төлөөх Засгийн газар. Цаг хугацаа харуулах бизээ.
Их тэнгэр гэхэд одоо Ч гэрчилгээ байдаггүй шүү дээ
- С.Амарсайхан даргатай ярилцлага хийх үеэр энэ тухай мэдсэн л дээ. Сонсоод ухаан алдах шахсан. Явуугийн цэцэрлэг л гэнэ. Асагийн цэцэрлэг л гэнэ. Бүгд хувийн компанид шилжчихсэн байсан. Сүхбаатарын талбайн хувьд нэг компани Худалдаа Хөгжлийн Банкинд барьцаалаад зээл авсан асуудал байсан юм байна гэж ойлгосон. Гэхдээ яаж ийм юм болдог байна вэ?
- Би таниас нэг юм асууя. МОНЦАМЭ агентлагийн байшинг нураагаад газар дээр нь 11 давхар байшин барих бизнесийн төлөвлөгөө явсныг та мэдэх үү.
- Мэднэ.
- Цаашаа яваад “Элит” төвийг бас хэсэгчлээд авсныг та мэдэх үү. Ашиг олохын төлөө явж болноо. Гэхдээ нэг хэдхэн зүйлийг тойрч болноо доо. Их тэнгэр гэхэд одоо ч гэрчилгээ байдаггүй шүү дээ. Ерөнхий сайд байсан хүн нь төрийн тусгай хамгаалалтын газраа дүүдээ өгөөд буудал барих шийдвэр гаргачиж болох уу? Арай л хил давсан асуудал биз дээ. Дэлхийн ийм зүйл байдаг болов уу? Эсвэл би буруу бодоод байна уу?
- Мэдээж энэ буруу. Увайгүй явдал. Ахиад үргэлжлүүлээд тавих асуулт байна. Ш.Занданшатар давхиж очоод л нэг уурхайг хаалаа. Асуудал байсан л байх. Гэхдээ үзэгдлийн хувьд гадагшаа ямар харагдсан бол. Та бас “Найрамдал” лагерь орчмоор төвхнөсөн айлуудыг бужигнуулсан. Бас л нураадаг хүмүүсийн нэг болсон л доо. Гэхдээ тэнд яг юу болсон юм бэ. Яагаад та тэр рүү орсон бэ?
- “Найрамдал” зуслан бол одоо манайд байгаа ганцхан олон улсын хүүхдийн зуслан шүү дээ. Бид ч байгуулчихаагүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүүхдийн төлөө юуг бүтээн байгуулсан юм. Туяа ресторан, Бамбарууш кафе, Хүүхдийн парк юу болов бид бүгдээрээ л мэднэ. “Найрамдал” зусланг бидний нөгөө муулдаг нийгмийн үед барьж байгуулаад үлдээсэн өв байхгүй юу. Гэтэл “Найрамдал” зуслан дээр ямар нөхцөл байдал үүссэн байв. Үе үеийн дарга нар, үе үеийн сайдуудад хэсэгчлээд л газрын гэрчилгээг өгөөд байсан байгаа юм. Сүүлдээ хэтрээд гэр хороолол маягийн орчин нөгөө ганц зусланг маань бүччихсэн. “Найрамдал” зуслан өөрөө хүүхдийн зуслан биш болсон байсан. Айлууд байдаг, баян айлуудын хаус байдаг, аж ахуй нэгжүүд байдаг ийм газар болчихсон байсан. Ийм л нөхцөл байдалд орчихсон байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа энэ асуудал руу би орсон. Янз бүрээр л бичүүлсэн, гүтгүүлсэн. Одоо ч асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй л байгаа.
- Таныг энэ асуудалтай ноцолдохдоо нутгийнхаа нэг дүүд боломж олгоод явчихсан гэж шүүмжилсэн байсан.
- За яахав дээ, одоо аргаа барж байгаа л нэг хэлбэр байх. Нөгөө хүн нь надтай өрсөлдөхөөр нэр дэвшиж байгаа хүн болж таарсан ардчилсан намаас. Би “Найрамдал”-ыг шалгалаа гэж байгаад газар өгчих хэмжээний хүйтэн сэтгэлтэй хүн биш дээ. Хуучин соёлоороо л бодоод байна.
- Тэгээд “Найрамдал” орчмыг цэгцлэх таны зорилго биелж байгаа юу?
- Шат дараалалтай явж байна. Нөгөө талаараа хуулийн дагуу өгчихсөн газрууд бас байгаа юм. Тийм болохоор шууд нураагаад байж чадахгүй нөхцөлбайдал үүсч байгаа. Гэхдээ ерөнхийд нь “Найрамдал” зуслангийн үндсэн талбайг эргүүлэн авч, төрийн тусгай хэрэгцээнд оруулах, арай илүү статусыг нь дээшлүүлэх хувилбар яваад шийдэгдсэн гэсэн үг. Цаашдаа тийм гажуудал руу ороход хуулийн хүрээнд бол амаргүй болж байгаа юм. Гэхдээ хуулиас дээгүүр алхдаг жишиг байна. Их тэнгэрийнхээ газрыг алдчихаж байгаа улс шүү дээ. Цаашдаа бид дээр дооргүй ийм хяналттай явах ёстой. Тэгэхээр одоо хэдүүлээ цэгцлэх юмаа цэгцлээд, нэгдсэн нэг чиг баримжаатай, төлөвлөлттэй, нэг тогтсон зарчимтай явмаар байна. Хувийн хэвшлээ, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжилгүй яахав. Гэхдээ буруу туйлшрал энэ улс орныг балласан. Өнгөрсөн 30 жил “Ерөөсөө хувийн хэвшил л байвал төр юу ч биш” гэсэн философи явсан л даа. Яахав гэхээр төр юунд ч оролцохгүй байх ёстой. Төр бол муу менежер гэсэн сурталд идэгдсэн. Тэгээд далд эдийн засгийн гар орж ирээд лбүгдийг зохицуулж байдаг. Эдийн засаг маш их тэллээ. Үндэсний томоохон аж ахуй нэгжүүд гарч эхэллээ. Гэтэл нөгөө талд нь Улаанбаатар хот төлөвлөлтгүй байна. Утаатай байна. Түгжрэлтэй байна гээд өч төчнөөн асуудал хуримтлагдсан. Ингээд цаашаагаа яваад байвал улс маань дийлэхгүй болчихоод байнаа гэж би хэлээд байгаа юм л даа. Дийлэхгүй болчихоод байна. Тэгэхээр бид энэ бүхнийг цэгцлэх л хэрэгтэй болно. Цэгцлээд тоглоомын дүрмээ дахиж тодорхойлох хэрэгтэй болно. Зарим нэг зүйлд төр оролцох хэрэгтэй болно.
- Төр бизнесийн орчин руу бодлогын эрүүл дэмжлэгээс бусдаар хол байх ёстой л гэж олонхоороо үздэг.
- Төр нь зохицуулдаг шүү дээ. Цагаан ордны урд талын газрыг нэг компани нь авчихаж байгаа юм байна уу. Нью Йорк гэхэд хамгийн их хүн ам чигжчихсэн, их мөнгөний урсгал төвлөрсөн тийм л газар шүү дээ. Дэлхийн хамгийн их санхүү эргэлдэж байдаг, хамгийн их лобби явагддаг, сайн муу зөндөө юм болдог газар. Гэтэл тэнд төв цэцэрлэгт хүрээлэнгээ аваад л үлдчихсэн шүү дээ. Хэн хувьчилж авсан юм. Товчхондоо хилийн зурвасаа өнгөрсөн хугацаанд хэт давж алхсан. Мэдээж засах гэж байгаа нь энэ гээд бас хил давж алхаж болохгүй. Гэхдээ л улс төр бизнесийн хэт хамаарлыг тодорхой түвшинд үе шаттай хязгаарлахаас өөр гарцгүй л дээ.
- Уучлаарай, би таныг ойлгож байна. Гэхдээ амьдралын хамгийн идэвхтэй үеэ ардчилсан тогтолцоотой зах зээлийн энэ нийгэмд өнгөрөөж байгаа хүн болохоор хянах, шахах, хураах, зогсоох, булаах гэх мэт ойлголтуудад үнэхээр цаанаасаа дургүй. Тэгэхээр ярианыхаа сэдвийг өөрчлөх үү?
-Энийг хувийн хэвшлийнхэн маш сайн ойлгож байгаа. Би хувийн хэвшлийнхэнтэй уулздаг. Тэд дэмжиж байгаа. Та бод доо. Хоёр гурван хуулиас дээгүүр компани байна. Шүүх нь тэдний мэдлийнх, прокурор нь тэдний мэдлийнх, цагдаа нь тэдний мэдлийнх, тагнуул нь тэдний мэдлийнх, Төр нь тэдний мэдлийнх. Тэгээд бусад бизнесийн компаниуд яаж тэд нартай өрсөлдөх вэ. Залгиулна биз дээ, энэ чинь. Олигархи систем гэдэг яриад байдаг зүйл маань энэ шүү дээ. Энэ нь өөрөө жам ёсны бизнесийн орчныг сүйдэлдэг. Энэ тохиолдолд эдийн засаг маш хүнд байдалд ордог. Ийм л зүйл дунд бид үндсэндээ 30 гэхээ болъё, юутай ч сүүлийн 15 жил явсан нь бол үнэн. Манай улстөрчид мөнгөнд мансуурч, анх гарч ирсэн үеийнхээ дотоод итгэл үнэмшлээ худалдсан нь үнэн. Үүнд ерөөсөө маргаад байх зүйл байхгүй. Одоо тэр хүмүүс маань нэг их гомдоод, бид нарт уурлаад байхаас илүүтэйгээр өөрөө анх тэр 1990 оны жагсаал дээр юу ярьж байсан. Нийтэд юу амлаж байснаа л эргэж бодоосой л гэж би боддог. Тэгвэл хонхны дуу тэдэнд зохихгүй болсныг ойлгоно.
улс орон бүр “алсын хараатай Ирээдүй”-н тухай мэтгэлцээнийг эхлүүлж байна
- Таны хамгийн сүүлд хийсэн акц байна. “Алсын хараа-2050” гээд. Энэ тухай яръя. Эхнээсээ л шүүмжлэлээр балбачих шиг болох юм. “Л.Оюун-Эрдэнэ мөрөөдөж байна”, “ Оюун-эрдэнийн зүүд” гээд л...
- Уг нь ч акц биш л дээ. Бодлогын баримт бичиг. Би их л үйлийн үртэй хүн юм даа. Гэхдээ яахав ээ. Зүгээр л гүүглдээд үзвэл улс орон бүхэн л өөрийн гэсэн алсын хараатай байгааг төвөггүйхэн харж болно. Нэг үгээр хэлбэл ирээдүйгээ ярьдаг гэсэн үг. Мэдээж ирээдүйг бүтэн төсөөлөх боломжгүй. Тэртээ тэргүй олон эрсдлүүд гарна шүү дээ. Гэхдээ улс орон бүхэн л урт хугацааны төлөвлөлттэй байгаа. Улс орон бүхэн өөрийн орны хөгжлийн загвартай байгаа. Бүгд шүү дээ. Бидний хоёр хөрш маань ч, бидний жишээ авдаг Япон ч ялгаагүй. Бидний жишээ авах дуртай Сингапур ч мөн адил. Солонгосч тийм. Адилхан баялагтай гэж ярьдаг Казахстан ч тийм. Ерөөсөө бүгд шүү дээ. Манайд болохоор ирээдүй ярихаар л уурладаг. Тэгээд л эсвэл бүр 13-р зуунаа яриад эсвэл өнөөдрийн хов живэндээ сатаарчихдаг. Бид нар түүхээ унших хэрэгтэй, түүхээ судлах хэрэгтэй. Түүхээ харж байж л ирээдүйгээ илүү тод хардаг гэдэг шүү дээ. Би ч ялгаагүй түүхэндээ дуртай, бахархдаг.Гэхдээ дандаа өнгөрсөндөө байгаад байж болохгүй шүү дээ. Одоо цагт маань юу байна вэ гэхээр хэрүүл л байна. Жишээлбэл,Монгол Улсад эдийн засгийн маш олон маргаанууд болж байна. Эдийн засгийн том том чуулган, уулзалтууд болж байна. Монгол Улсад зөндөө олон хурал болж байна. Би ч бас 4 жилийн хугацаанд чамлахааргүй олон хуралд суулаа. Ордны их танхим дүүргээд л сайхан хурлууд зөндөө л боллоо. Гэтэл тэр хурал дунд адаглаад манай Монгол Улс хэдэн боомттой юм. Ямар хэмжээний баялагтай юм. Тэрнийх нь дундуур ямар дэд бүтэц явах юм. Энийгээ яаж нэмүү өртөг шингээх юм. Тэгээдтөсөв болон мөнгөний бодлого нь яаж уялдах юм гээд маш энгийн зүйлүүд дээр өнөөдрийг хүртэл бид нарын нэгдсэн төсөөлөл яригддаггүй. Учир нь бидэнд байхгүй. Улсын Их Хурлаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй бодлогын бичиг баримт хэвлэж гаргасан байна. За, энийг бүгдийг нь нэгтгээд үзэхээр үнэндээ маш их давхцал байна. Хоёрдугаарт, яахав гэхээр төлөвлөгөө, хууль бүрийн ард санхүүгийн тооцоолол байхгүй. Санхүүгийн тооцоололтой нэг ч хууль байхгүй. Нэг ч төлөвлөгөө бид нарт алга. Техник эдийн засгийн үндэслэлүүд ингэж хийгдэх юм аа гэдгийг гаргасан томоохон төслүүд бидэнд алга. Жишээлбэл, нийслэлчүүд адаглаад Улаанбаатар хот хаашаа тэлэх вэ гэдгээ мэдэхгүй байна. Энэ чинь нэг тэлж таарнаа даа. Улаанбаатар хот чинь. Монгол Улс чинь одоо 30 орчим жилийн дараа 5,5 орчим сая хүнтэй байх нь ээ. Улаанбаатар хот 3,2 сая хүнтэй болж одоо байгаа хүн ам 2 дахин нэмэгдэх нь. Гэтэл усных нь хэрэгцээ яах юм бэ гэдгийг тооцож байгаа нэгдсэн төсөөлөл бидэнд алга. Бид нар Богд уулаа тойрох гээд байгаа юм уу. Эсвэл бид нар Налайх руу сунаж хөгжих гээд байгаа юм уу. Эсвэл Дархан руу сунаж хөгжих гээд байгаа юм уу. Хэдэн ширхэг орон сууц хаана баригдах юм. Тэр дунд нь нөгөө театр, эмнэлгүүд нь хаана төлөвлөгдөх юм. Энэ дээр Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын төсөөллүүд хоорондоо зөрж байнаа. Тэгэхээр бид үүнийг цогцоор нь хэлэлцүүлэгт оруулахаас өөр ямар ч гарц байхгүй. Өнгөрсөн 30 жил ингэж явж болсон байх. Дараагийн 30 жил ингэж яваад 5 сая хүнтэй болсон тохиолдолд Монгол Улс ачааллыг нь дийлэхгүй. Үндсэндээ бид нар чинь алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс гэсэн дөрөвхөн зүйлээс хамааралтай байгаа улс шүү дээ. Үндсэндээ Гашуун Сухайт боомт дээр байгаа тэр нэг 12000 жолооч л Монгол Улсын эдийн засгийг авч яваа хүмүүс шүү дээ, ер нь бол. За, тэгээд “Эрдэнэт” үйлдвэр гээд. Гэтэл энэ дээр ямар нэгэн байдлаар доголдол үүсвэл яах вэ. Жишээлбэл, 30 жилийн дараа гэхэд дэлхий даяараа хүрэн нүүрснээс татгалзана. Одоо ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дэмжихээ больж байна. Дараагийн 30 жилийн хугацааны циклийг бодохгүйгээр, ирээдүйн ямар ч төсөөлөл байхгүйгээр явж байгаад маш том хэмжээний эрсдэлд ороод Монгол Улсын аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой асуудал болж хувирвал яах вэ. Монгол Улсын төсөв дефолтод орвол яах вэ. Тэгэхээр шоолж гоочилж, цэцэрхэж, эсвэл уурлаж бухимдахаас илүү бодохыг би зөвлөж байгаа юм. Миний хувьд ажил хэрэгч бүтээлч мэтгэлцээн хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаараа энэ улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр гэж аймшигтай зүйл байна. Таалагдахын тулд юу ч хамаагүй амладаг. Тэгээд хамгийн харамсалтай нь тэрэн дээр нь тодорхой хэмжээний суудлууд бий болдог. Тэгээд дараа нь тэрийгээ хэрэгжүүлэх гэж нөгөө муу төсвөө самардаг. Жижиг мажоритар тогтолцоо төсвөө тэгшхэн хувааж авдаг. Тэгэхээр энэ бүх зовлонгоос гарах тухай ярих нь энэ 2020 он байх болов уу гэж би бодоод байна. Яагаад гэхээр бид нар 30 жил явлаа. Одоо дараагийн 30 жилээ бүгдээрээ төсөөлцгөөе л дөө. Энэ дээр харин бүх нийтээрээ л анхаарлаа өгч ажиллая гээд байна. Бүсчилсэн хөгжлөө яах юм, эдийн засагтай холбоотой асуудлуудаа яах юм гээд тооцоо судалгаанууд хийх гэжоролдсон. Гэхдээ энэ чинь зөвхөн Л.Оюун-Эрдэнийн ажилласан зүйл биш шүү дээ. 1500 гаруй хүний бүтэн жилийн хөдөлмөр. Нэг олзуурхууштай тал нь юу вэ гэхээр 2001 оны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас авахуулаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гээд бүгд дээр нь бид суусан. Бүх эрдэмтэд энэ дээр нийлж ажилласан. Алдаа оноогоо дүгнэсэн. Тэгээд ирээдүйн тухай ярьцгаая аа, ярихгүй бол болохгүй нь ээ гэдгийг л гаргаж тавьж байна. Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Ирээдүйн тухай мэтгэлцээн эхэлж байна л гэж ойлгох хэрэгтэй.
- Ийм сэдэв дээр яагаад залуус хүртэл шоолох, басамжлах маягаар хандаж байна гэж та бодож байна ?
- Үгүй ээ тэд шоолоогүй. Ирээдүйгээ ярихад бухимдах шалтгаан шинэ үед байхгүй. Алсын хараа гэдэг ойлголтоор нийгэмд тэр дундаа залуусын дунд хэлэлцүүлэг өрнөж байгааг хараад маш их урам авсан. Бид ирээдүйг ярьдаг соёлд суралцаж байна. Хэзээ байхдаа бодлогын баримт бичиг боловсуулахад ийм хэмжээний хэлэлцүүлэгт өрнөдөг байлаа. Хүссэн ч эс хүссэн ч шинэ үеийнхэн ирж байна. Мундаг чадалтай хэрнээ даруухан, хэрсүүжсэн шинэ үе бүрэлдэж бий болсон. Бидний мэддэг хэмжээсээс, сэтгэлзүйгээс огт өөр ертөнцөд тэд амьдарч, мэдээлэл солилцож дүгнэдэг болсон байна. Эгчээ цонхоо нээ дээ, цоо шинэ 30 жил аль эрт ирчихсэн байна. Бид л бүтэн мэдрэхгүй байгаа болохоос. Энэ мэдрэмжийг энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах үедээ олж авсан шүү. Товчхондоо би их өөдрөг байгаа.
М.Энхболд дарга маань УИХ-д 65 суудал авч орж ирсэн ч
бүлэглэлийн талд үндсэндээ явсан
- Мэдээж Монгол Улсын ирээдүйн тухай гээд ярих юм бол маш сонирхолтой яриа хөвөрнө. Гэхдээ ярилцлагын маань цаг богино. Олон юм асуумаар байна.
- Дөрвөн жилд нэг уулзаж байгаа учраас асуулт мэдээж их байгаа байх.
- Намаа хагалсан хүний нэг гэж таныг хэлж байна. Тэргүүлэх эгнээнд явлаа гэж харсан. Намдаа 65 суудал авсан, ялалт авч ирсэн намын даргаа хайр найргүй буулгасан. Хаалга үүдийг нь нүдэхээс өгсүүлээд хүйтэн мэс хүртэл барьж орсон гээд сүүл рүүгээ хачин хачин юм их гарсан.
- Янз бүрийн л юм болж өнгөрлөө. Зарим нь ч мэдээж худлаа.
- Зөөлөн царайлчихаад цаана нь их харгис хатуу, муу хүн нуугдаж байсан юм байна гээд л таныг тойрсон дүгнэлтүүд гарсан. Хоёулаа шууд л яръя. М.Энхболд дарга Л.Оюун-Эрдэнэд тусалж дэмжиж, ойрхон явсан гэнэ. Гараас нь хөтөлж явсан нэг эцэг нь юм байна. Л.Оюун-Эрдэнэ бол урвагч, өөдгүй үр могой гэж таныг баалдаг. Үнэндээ энэ үйл явдал их хатуу хуваагдал болоод явчихсан шүү. Зарим нь шоронд хүртэл явлаа. Намын дарга тань хэлж байгаа. Тодорхой үнэт зүйл, үзэл санааны эсрэг явсан хэсэг бүлэг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж. Энэ явдлаас хойш та нар намынхаа гэрт тулгаа тойрч суугаад эргээд ярилцсан уу. Та эргээд эгэл жирийн намын гишүүддээ ямар үгтэй очих вэ. Одоо энэ бүх үйл явдлын дараа шүү дээ?
- МАН өөрөө их арвин түүхтэй нам шүү дээ. Тийм биз.
- 100 нас хүрэх гэж байгаа байх...
- Нийгмийн өөрчлөлтүүдийн хаялга,алдаа оноо энэ намын нуруун дээр л буудаг шүү дээ. Олон удаагийн зөрчлүүд ч манай нам дотор болж байсан. Саяхны болж өнгөрсөн үйл явцыг ч язгуур утгаар нь бодвол улсын, явцуу харвал намынхаа төлөө хийж байгаа зүйл гэж үргэлж дотроо бодож байгаа.
Гучин жил явж ирсэн түүх. Нөгөө мөнгөнд барьцаалагдсан төр. Явсаар энэ бүхнээс л эхтэй шүү дээ. Шулуухан хэлэхэд манайх 4 жилд 2 том сонгууль хийдэг улс. Ерөнхийлөгчийн, парламентийн. 4 жилд 2 удаа томоохон хэмжээний мөнгө татна гэсэн үг. За, ингээд л хэдхэн компани шалгуурт нь нийцэж бөөн дүнгээр хандив өгнө. Энэ нь банк, уул уурхайн компани л байж таарна. За, хандив ч гэж дээ. Арилжаа л юм л даа. Эхэндээ хотын ойр хавийн газруудыг үнэлсэн, дараа нь ашигт малтмалын лицензүүд, тэгээд гол байгууллагын төрийн албаны томилгоо гээд хөвөрсөн. Удалгүй улс төрийн намаа, улсын их хурлын гишүүдийн квоттойгоо өгсөн. Эцэст нь хууль хяналтын байгууллагаа, шүүх засаглал, шүүгчидтэйгээ өгсөн.
Хувь хүний хувьд надад ямар нэгэн зөрчил байхгүй дээ. Би зөрчилд дуртай хүн огт биш. Яривал зөндөө л юм бий. Манай нам чинь хотын фракц гэдэг нэг намаасаа том фракцтай явж ирсэн. Аймгуудын намын хурлууд, намынБага хурал дээр ерөнхийдөө байр суурийн хуваагдалтай л орж ирдэг байсан. Хотын фракц аль талдаа шийдвэр гаргасан бэ гэдгээс намын удирдлага хэн байх вэ гэдэг шийдэгддэг. Шуудхамаардаг ийм тогтолцоо руу орчихсон байсан.
- Бараг сүүлийн 15 жил.
- Сүүлийн 15 жил энэ үзэгдэл тогтвортой явсан. Харамсалтай нь юу вэ гэхээр хотын фракцийн маань гол толгой удирдлагууд Ардчилсан намын доторх МҮДН фракцтай нэг хэтэвчинд орчихсон. Нөгөө дээр дурьдагддаг олон арилжааны эхлэл сэжүүр үүнтэй холбоотой. Тэгэхээр намаа хагалсан хүмүүс нь бид биш гэсэн үг. Тийм байдалтай хэт удаан явбал үндсэндээ хоёр нам хоёулаа устаж алга болох эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр энэ тэмцлийг Ардын намын төлөө ч,Ардчилсан намын төлөө ч хийхээс өөр сонголтгүй л болсон, миний хувьд. Өдөр ирэх тусам энэ тодорхой болсоор байгаа. Тэгэхээр нам гэдэг үзэл санааны нэгдэл биш намаар дамжсан санхүү эдийн засгийн бүлэглэл болсон байсан. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ноёрхсон нь үнэн. Төрийн тэргүүнүүдийг, ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргатай нь энэ бүлэглэл төлөвлөдөг байсан. Нөгөө нэг баялгийн хараал гээд байдаг зүйл маань энэ л дээ. Мөнгөгүй байх үед ийм юм хэрэггүй байсан байхгүй юу. Намын үзэл бодол чинь маш хатуу байдаг байлаа шүү дээ. Эхнэр нөхөр хоёр хүртэл намаасаа болж муудалцдаг, салдаг тийм хэмжээний сонгууль ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд болдог байлаа шүү дээ. Би жишээ нь, 1996 оны сонгуулийг ч мэднэ. 2000 оны сонгууль ч ер нь тийм байлаа. За, ингээд яасан бэ гэхээр Монгол Улс маань “Таван толгой”, “Оюу толгой” гээд баахан толгойнуудтай болсон. Стратегийн том ордууд гарч ирсэн. Энэ дунд нөгөө улстөрчид маань ороод явчихсан. Тухайн үед бүгдээрээ ч мөнгөгүй байсан. Ингээд асар их мөнгөжих процесс явсан даа. Үнэнийг хэлэхэд энэ нь нууц биш шүү дээ. Хэзээ ч бизнес хийж байгаагүй хүмүүс бизнесменээсээ илүү баян болсон. За, ингээд энэ таатай байдлаа хадгалахын тулд нэг нам жижигдээд эхэлсэн. Тиймээс хоёр намыг баглаж авсан. Яваандаа бүгдийг тэд шийддэг болсон. Сонгуулийг нь ч шийднэ. Ийм байдал руу орсон шүү дээ. М.Энхболд дарга маань УИХ-д 65 суудал авч орж ирсэн ч үндсэндээ энэ бүлэглэлийн талд л явсан. Э.Бат-Үүл яагаад ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээгүй, яагаад Ц. Элбэгдорж ерөнхийлөгч болсон, яагаад Б.Хурц ирж гэрлийн хурдаар дээш дэвшсэн, яагаад Т. Бадамжунай бүхнийг мэддэг далд ноёнтон болсон, яагаад Н. Алтанхуягийн Засаг унасан, яагаад Ч. Сайханбилэг Н. Алтанхуягийн ХЭГ-ын дарга нь байсан мөртлөө Ерөнхий сайд болсон, яагаад Дубайн гэрээ хийгдсэн, яагаад “Эрдэнэт” -ийн 49 хувийн асуудал явсан, яагаад М. Энхболд Улсын Их Хурлын дарга болсон, яагаад Ж. Эрдэнэбат Ерөнхий сайд болсон, яагаад НАМЗХ гэдэг байгууллагын дотоод жижиг асуудалд хүртэл Ерөнхий прокурор оролцох болов.
Энэ бүхнийг нам биш энэ бүлэг хүмүүс зохион байгуулсан юм гэдэг нь ил болж байгаа. Одоо ч тэд зохион байгуулсаар л байгаа. Итгэмтгий иргэдийг хуурдаг аргаараа хуурахаар олон л юм хийж байна. Гэхдээ монголчууд маань нэг үеэ бодвол хэрсүүжиж, аливаа зүйлийг ялгаж харах чадварт суралцсан гэдэгт итгэж байгаа.
- НАМЗХ-ны удирдлагаас таныг буулгаж дараагийн удирдлагуудыг томилоход бол нэлээн юм явсан. Гэхдээ та өсөрхүү хүн биш биз дээ. Эсвэл би буруу харж байсан юм болов уу?
- Энэ нэг их өсөрхөөд байхаар хэрэг биш л дээ. Үеийн залуусын хагарал ч биш. Энэ бол товчхондоо дээр дурдсан бүлэглэлээс явуулсан У. Хүрэлсүхийн дахин ирэлтээс болгоомжилсон том тоглолтын нэг хэсэг байсан. Мань мэт нь хөөрхий одоо л ойлгож байна. Зүгээр нэг намаар хардаг хүн чинь ойлгодоггүй юм байна лээ шүү дээ. Намын байгуулалтын газрын дарга, намд ороод бараг арваад жилийн амьдралаа бүтэн цагаар зарцуулчихсан хүн чинь бол энийг ерөөсөө олж хардаггүй юм байна лээ. Цаана нь ийм том бизнес эдийн засгийн юм яваад байна гэдгийг ойлгодоггүй юм билээ. Энэ үед би одоогийн Ерөнхий сайдтай бас ярьж байсан юм. Энэ нэг л өөр юм болоод байнаа гээд. Гэнэт найз нөхдүүд маань, хамтран зүтгэгчид маань огт ойлгогдохгүй, огт мессеж бичихгүй, ярихгүй, ийм нөхцөл байдал руу ороод явчихсан. Манай холбооны Д.Амарбаясгалан дэд ерөнхийлөгчөөс бусад нь бүгд миний эсрэг гэнэт болсон. Тэр нь ерөөсөө нэг ийм урт хугацаа биш. Ерөөсөө л нэг сарын дотор бүх юм өөр болсон. Тухайн үедээ ёстой толгой эргэмээр. Үеийн залуусын зөрчил л гэж бодож байсан. За, ингээд хамгийн сонин нь над руу Ц.Сандуй утас цохилоо.
- Америкруу?
- Тийм. Оюутан л байгаа шүү дээ. Д. Амарбаясгалан дарга бас утас цохилоо. Ц.Сандуй ирж нэг уулзъя гэлээ. За, ингээд америкт ирж Ц.Сандуй маань уулзлаа. Нийслэлийн намын хорооны дарга шүү дээ. Ярилцлаа. Хэдэн мөнгөтэй нөхдүүд намын даргын эргэн тойронд гарч суучихаад, М.Энхболд даргыг асар хүнд байдалд оруулж байна гээд гол толгойлогчдыг нэрлэлээ. Намын дарга бол яагаад ч одоо бууж өгч болохгүй гэж байна шүү гэдэг юм. Энийг бол би ёстой хэнд ч яриагүй л дээ./инээв/.За, ийм асуудал боллоо. Ёстой сонин юм даа л гэж бодлоо. Итгэлээ. Асуудал хурцадлаа, сүүл рүүгээ. Тэгээд ч яахав төгсөөд ирэх ч боллоо. Ирлээ. Онгоцны буудал дээр л нөгөө нэг авлигач Л.Оюун-Эрдэнэ ирлээ гээд, аймшигтай том хэвлэлийн галтай буулаа даа. Нэг хоноод маргааш нь залуучуудын холбооны хурал хийлээ. Хурлаар насаа өөрчилчихлөө. Насаа 35 байсныг 40 болгочихлоо. Үндсэндээ хуралд нөгөө хэдтэйгээ ч олигтой ярьж чадахгүй л орж байгаа юм. Нөгөө хэд маань ёстой харааж өгч байнаа. Би ч гайхаад хараад л суугаад байлаа. Намын дарга маань ч өөрөө ирсэнгүй. Уул нь ирдэг шүү дээ. Зөвлөх нь гээд нэг нөхөр гарч ирээд л Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж байна. За, тэгэхээр нь би нэрээ татаж авлаа. Энэ чинь бас нэг соёл шүү дээ. Насны хязгаарыг 40 болгоно гэдэг чинь 45 хүртлээ залуучуудын холбоонд байна л гэсэн үг.
Залуучуудын холбооноос ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болох нь байна шүү дээ. Нам дотор нам болох нь байна гэж хэлээд л би ажлаа өгсөн хүн шүү дээ. Тэр үед их сонин сонин зүйл болсон. Та Д.Амарбаясгалан даргаас асууж болно. Ерөнхий прокурор, Тагнуулын газрын дарга нар манай залуучуудын холбооны миний талд байсан хүмүүс рүү утасдаж, уулзаж дарамталсан байдаг юм. Тэгээд бод л доо. Аймаар том түвшинд асуудал явж байгаа биз. Нам доторх залуучуудын л байгууллага шүү дээ уг нь...
- Намын доторх стратегийн нэг түшиц байгууллага мөн шүү дээ.
- За, ингээд би ийм зүйл боллоо гэж У.Хүрэлсүх даргад хэллээ. Тэгсэн мань хүн уурлаж байнаа. Та нар хоорондоо хагарчихаад тэрийгээ булзааруулах гэж битгий бүлтрээд бай гэж байна. Яахлаараа чамайг авч хаяхын тулд хууль хяналтын байгууллагын том босс оролцдог юм. Юу гэж залуучуудын холбоо руу ордог юм бэ. Тийм юм байхгүй. Ер нь бол чи тэр залуучуудтайгаа учраа олоогүй л байна шүү дээ гээд нэг ийм яриа боллоо. За, ингээд байж байсан чинь алдарт 60 тэрбумын бичлэг гарч ирлээ. Тэрэн дотор нөгөө нэг төлөвлөгөө гарч ирлээ дээ. У.Хүрэлсүхийн хөл гарыг тасланаа. Тэгэхийн тулд залуучуудын холбоо их чухал юм аа. Ер нь номхон зогсоох хэмжээнд аваачих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нарын бодож төлөвлөж байгаа юм биелэхгүй ээ гээд. Энэ бол эвлүүлэг биш шүү дээ. Эвлүүлэг биш нь бол тодорхой болчихоод байгаа. Энэ бичлэгүүдийг сонсоод ер нь бол нам дотор ийм том систем ажиллаж байгаа нь тодорхой болсон. Ингээд бүх юм ойлгомжтой болсон. Энэ сүлжээний гол зангилаа бол “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр байнаа гэдэг нь их ойлгомжтой болж ирсэн. Ингээд тэмцэлд орсон. Ц.Нямдорж даргыг улайран дэмжигчдийн нэг болсон доо. (инээв) Яагаад дуугарч эхэлсэн бэ. Яагаад Л.Оюун-Эрдэнэ попорсон нэр зүүсэн бэ. Яагаад жишээлбэл хүн чанаргүй юм шиг харагдаж эхэлсэн бэ. Манай зарим найзууд гайхаж асууж байсан л даа. Чи яагаад ингээд Ц.Нямдоржтой нэг байр суурьтай болчихов оо. Яагаад чи хувийн хэвшил рүү дайраад байдаг болчихов оо. Яагаад чи Ц.Элбэгдорж руу дайраад байдаг болчихов оо. Яагаад муу Т.Бадамжунай ах руугаа дайраад байдаг болчихов оо. Намын хамаг санхүүжилтыг босгож ачааны хүндийг үүрсэн лхүн шүү дээ гээд. Яагаад адилхан залуу улсууд байж Ж.Эрдэнэбат руугаа дайраад эхлэв ээ, чи гээд...
- Ер нь М.Энхболд дарга та хоёрын хувьд хувийн түүх юу байсан юм. Хотод хөлөө олох гэж явахад тань тусласан дэмжсэн тийм түүх байна уу. Яагаад хүний үнэргүй урвагчийн түвшинд хэлэгдэв?
- Байхгүй ээ. Н.Энхбаярын үед нэг хагарсан залуучуудын холбоо, М. Энхболдын үед хоёрдахь удаагаа хагарсан. Хотын фракц анх удаа зүгээр байгаа залуучуудын асуудал дээгүүр хил даван орж ирсэн. Дахин хэлэхэд энэ хувь хүмүүсийн муудалцаан биш. Цаашдаа ч би тэр хүнд муу юм бодохгүй ээ. Бас л цаг хугацаа харуулна биз дээ.
Сонгуулийн дараа нэг хүнээр туг тахих хэрэгтэй болсон нь
нөгөө муу Л.Оюун-Эрдэнэ бАЙсАн
- Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд дарга дэвшлээ. Ардчилсан нам тэр жил М.Энхсайханыг дэвшүүлчихээд шалдан гүйлгэчихсэн шиг танай нам хүнээ огт дэмжээгүй гэдэг. Тэр түүх давтагдлаа. У.Хүрэлсүх, Ц.Нямдоржтэргүүтэй намын лидерүүд бүгд М.Энхболдынхоо төлөө чин сэтгэл гаргасангүй ээ. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуучууд юу ч хийсэнгүй ээ гэж зарим нь дүгнэдэг. Энэ талаар одоо л тантай нүүр тулж байгаагийнх асуумаар санагдаад байна?
- Ерөнхийлөгчийн сонгууль бол хүнд сонгууль байсан. Манай монголчуудын нөгөө нэг Сталин хүүд таван морь өгье, Гитлерт хоёр морь өгье гэдэг ерөнхий философи дандаа л үйлчилж байсан шүү дээ. Нэг талд нь бүхэлд нь өгч байсан тохиолдол ер нь их бага. Тэгэхээр 65 суудалтай намын ард бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн институц гэдэг бол мэдээж их тийм амаргүй сонгууль байх нь тухайн үед хэн бүхэнд л ойлгомжтой байсан. Энийг бол тэртээ тэргүй ярьж л байсан зүйл. Нөгөө талаар мань хүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар гаргаж ирээд, кабинетаа бүрдүүлэхдээ их том алдаа гаргасан гэж би боддог юм. Гэхдээ мэдээж энэ бол Ж. Эрдэнэбатын алдаа биш. Албан бус ерөнхий сайд гаргаж ирсэн намын даргын алдаа байсан. Энэ эхний шалгалтан дээрээ унах алхам болсон. Би тэр хүмүүсийг муулж байгаа юм биш л дээ. Жишээ нь, одоо манай Сэргэлэн, Цогцэцэг, Ганхүү гээд яг улс төрд сайдын түвшинд бэлтгэгдсэн манай намын кадрууд мөн үү гэвэл бас үгүй байсан. Намын гишүүд ч их дургүйцсэн. Нөгөө нэг Ц.Элбэгдоржийн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ямар ч эрх мэдэлгүй, бүр тагнуулынхаа газрын даргыг хүртэл Ерөнхийлөгчдөө өгч найр тавьж байсан шиг нөхцөл байдал үүссэн. Үндсэндээ Ж.Эрдэнэбат гэдэг хүнд Ерөнхий сайдаар ажиллах боломж, тийм бэлтгэгдсэн улс төрийн нөхцөл байдал огт байхгүй байсан. Тэр капитал нь бүрэлдэн бий болоогүй байсан гэсэн үг шүү дээ. Тэр чинь хэцүү шүү дээ. Асар хүчтэй лидер, намдаа 65 суудал авчирсан намын дарга нь Их Хурлын дарга байдаг. Асар хүчтэй, дараагийн Ерөнхий сайдад яригдаж байсан хүн нь шадар сайд нь байдаг. Намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн нь Хэрэг эрхлэх газрынх нь дарга байдаг. Намын бүлгийн даргаар ажиллаж байсан хүн Хууль зүйн сайд байдаг. Тэгэхээр эдний дунд хаана ч байгаагүй хүн хүрч ирээд шууд Ерөнхий сайд болох бол өөрөө тийм амаргүй. Нам дотор ч, парламент дотор ч Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжинд хангалтгүй үнэлгээ өгч байсан. Энэ бол бодит байдал. Ийм хоёр том сул талтай болчихсон. Нөгөө талд нь хүн бүхэн Ерөнхийлөгчийн сэнтий рүү очихын тулд Улсын Их Хурлын дарга болсон Н.Энхбаяр даргын технологийг ашигласан гэдгийг нь харж байсан. Үнэхээр нөхцөл байдлын хувьд амар биш байсан. Мань хүний рейтинг ч бас тийм их сайн биш. Өөрт нь ч би орж хэлж байсан. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгаланд би Ц. Нямдоржийг дэвшүүлмээр байна гэж орж хэлж байсан. Ингээд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Намын гишүүд ямар нэгэн байдлаар намын бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж таарна. Ажилладаг. За, ингээд яахав. Ц.Нямдорж дарга дэмжиж үг хэлэх ёстой болж таарсан. Тэгэхээр тэр хоёр хамгийн их зөрөлдөөнтэй байсан ч нэр дэвшигчийнхээ төлөө ажиллаж л таарна. Берни Сандерс Хиллариг дэмждэг шиг. Энэ бол бичигдээгүй хууль. Хамгийн их өрсөлдөж байсан хүмүүс нь гарч ирж дэмжиж байгаагаа илэрхийлэхээс өөр сонголтгүй л болдог.
За, залуучуудаас би байсан. Ямар асуудлууд үүссэн байсныг танд түрүүн ярьсан. Гэсэн ч би нэр дэвшигчээ дэмжиж үг хэлэх хэрэгтэй болсон. Нэгдүгээрт намын том соёл, хоёрдугаарт, за тэгээд ерөнхийлөгч болоод намаас холдоод өгөөсэй ч гэж бодож байснаа нуугаад яахав.
- Та чинь тодорхой нэг бүтцийг нь даргалж байсан шүү дээ.
- Энэ бас түүхтэй. Штаб байгуулагдлаа. Х.Баттулга нам дотроосоо гараад ирлээ. Би намын удирдлагуудтай уулзаад хэлж байсан юм. За, Х.Баттулга гэдэг хүнийг бол би мэдэхгүй ээ. Гэхдээ Баатар гэж хүн байна, тийм үү. Миний төрсөн ах. Энэ тохиолдолд надад хүнд нөхцөл байдал үүснэ. Маш их хэмжээний хардалт явна. Хоёрдугаарт, аль нэг ялагдсан тал нь нөгөө талдаа гомдоно. Х.Баттулга ялагдвал Баатарт маш их гомдоно. Яагаад гэхээр Л.Оюун-Эрдэнээс болж гэнэ. М.Энхболд ялагдвал Л.Оюун-Эрдэнэд гомдоно. Яагаад гэхээр Баатараас болж гэнэ. Тийм учраас би өөрийнхөө чадах нэг зүйлээр л хувь нэмрээ оруулъя гэсэн. Энэ нь Хэнтий дээр маш сайн ажиллая. Хоёрдугаарт, би гадаад сонгогчдыг хариуцъя гэсэн юм. За ингээд Ц.Мөнх-Оргил сайд манай ажлын хэсгийн ахлагч болоод би ажлын хэсэг дотор нь ороод гадаад сонгогч хариуцсан ийм штабт орлоо. Тэр нь ч тухайн үедээ их зөв хардалтгүй гэж дотроо бодож байна. Миний бараг хийж чадах зүйл тэр байсан. Хардагдаж бөөн юм болж байхаар. За, ингээд би Америк гараад явчихлаа. Вашингтонд уулзалт хийнэ. Вашингтоноос Нью-Иоркт очиж уулзалт хийнэ. Сан-Францискод очиж уулзалт хийнэ. За, тэгээд тэндээсээ нисээд Солонгост очиж уулзалт хийнэ. Солонгосоосоо Токиод уулзалт хийнэ. Токиогоосоо Москвад уулзалт хийнэ. Ингээд Хятад руу очино гээд бараг нэг сар гаруй ажиллах төлөвлөгөө гарлаа. Вашингтонд очлоо, эхний уулзалтаа хийлээ. Тэнд байгаа монголчуудтайгаа уулзлаа. Бас таньдаг мэддэг хүмүүстээ нөхцөл байдлыг тайлбарлаж ярилаа. Төр тогтвортой ч эдийн засаг хүнд нөхцөлд байна. Ийм нөхцөлд нэг талд нь гаргаж шийдэх нь стратегийн хувьд их ач холбогдолтой гээд ярилаа. Ингээд ажиллаж байтал генсек Д.Амарбаясгалан утасдлаа. Чамайг яаралтай 48 цагийн дотор ир гэж байнаа гээд. Үгүй ээ, баахан уулзалтууд зарлачихсан. Утгагүй байдал үүснээ гээд тайлбарлалаа. Энэ бол намын удирдах зөвлөлийн шийдвэр. Та удирдах зөвлөлийн шийдвэрийг дагах ёстой. Таны ямар нэгэн тайлбарыг сонсохгүй. Таныг 48 цагийн дотор заавал ир гэж байна гэлээ. Ингээд хамаг юмаа цуцлаад буцаж нислээ. Нэгэнт ийм нээлттэй яриа болж байгаа болохоор илэн далангүй л яръя. С.Баяр дарга, М.Энхболд дарга, генсек гурав дуудаж байна. М.Энхболд даргын өрөөнд уулзлаа. “За, Л.Оюун-Эрдэнэ минь цахим гэж нэг юмыг хариуцах хүн байдаггүй ээ. Нөгөө Х.Баттулга гэдэг хүн бол цахимын од хүн юм гэнээ. Манай М.Энхболд дарга маань Фэйсбүүк хаяг ч байхгүй. Ийм нөхцөл байдал дунд орчихоод байна. “Шилэн” Цогоо хариуцаж байгаа, гэхдээ чи “Шилэн” Цогоодоо тусалж дэмжээд хариуцахгүй бол ерөөсөө явахгүй байна” гэж байна. За, би ч нөгөө хэлдэг үгээ хэллээ. Энэ бол надад асар хүнд санал байна. Нэгдүгээрт, наадах чинь ажиллахад асар хүнд. Тэгээд ийм богинохон хугацаанд. Хоёрдугаарт, асар их хэмжээний хардалтууд болно. Тэгэхээр би бол өмнө нь ярьсан хоёр зүйлээрээ л дэм болъё. Миний хамгийн том чадах зүйл бол тэр гээд. Ийм хүнд үед чи хамт зогсох ёстой. Энэ бол намын удирдах зөвлөлийн шийдвэр. Чамаас өөр энийг хийх хүн үнэндээ алга. Ямар нэгэн алдаа оноо гарвал хариуцлагыг нь бид хүлээнэ. Маш богинохон хугацаа байна, гүйцээ. За, ойлголоо гээд л гарсан. Хүү Э.Анар нь, Ж.Мөнхжаргал зөвлөх нь гээд бид нар цахим штаб байгуулаад ажиллалаа. Миний бодлоор муу ажиллаагүй гэж боддог юм. Одоо ингээд янз бүрийн байдлаар хардаг ч гэсэн маш богинохон хугацаанд маневр хийх гэж хичээсэн. Сэтгэлээрээ л ажилласан. Одоо та хоёр нэг тийм ярилцлага хийх хэрэгтэй байна гэлээ. Заавал чи байх ёстой гээд Явуугийн цэцэрлэг дээр хийхээр боллоо. Д.Амарбаясгалан ч надад хэллээ. “Муу найз нь генсек болоод анхны сонгуульд орж байна. Бид олон зүйл дээр хамт байсан. Чи одоо намайг ингээд сонгуулийн штаб удирдаж байхад яагаад зай бариад яваад байгаа юм бэ. Чиний тэр бусдад яаж харагдах нь ийм том зүйл дээр ямар хамаатай юм бэ” гэж уурлаж ч байсан. За, ингээд нөгөө одоо хүртэл шүүмжлүүлдэг Явуугийн цэцэрлэгт хүрээлэн дээрх ярилцлагыг хийлээ дээ. Яах вэ бас тэр үедээ хүмүүст их хүрсэн ярилцлага болсон учраас одоог хүртэл яригдаж байгаа шүү дээ. Нэг өдөр дахиж дуудлаа.
- Ямар асуудлаар?
- Мэтгэлцээн. Чи Америкт сургууль төгссөн. Мэтгэлцээнтэй холбоотой зөвлөлдөх асуудлууд байна гэлээ. Би С.Баяр даргад хэллээ. Одоо болъё оо гэж. Мэтгэлцээн боллоо. Яг мэтгэлцээний үеэр сургууль хийсэн, тэрийг нь харахаар бол надад итгээгүй юм шиг байгаа юм. Тэр үед бол надад хэлсэнгүй. Асуулт энэ тэр бэлдээд, тэр нь задарч. Яагаад ч тэр бичлэг нь задардаг юм. Яг үнэндээ мэдэх юм алга. За, ингээд асуултууд гараад ирлээ. Нөгөө нэг “аядуу зөөлөн” энэ тэр гээд юу болов гээд л штаб дээр яригдлаа. Штаб дээр мэтгэлцээн хариуцаж ажилласан хүн Ц.Мөнх-Оргил сайд шүү дээ. Тэгээд А.Ундраа гишүүн гээд өөртэй нь их ойрхон хүмүүс ажилласан юм шиг байгаа юм. За, ингээд асуултаа өөрөө хийсэн болж таарлаа. Тэрэн дээр С.Баяр дарга маш их уурлалаа. Ямар асуулт гэхээрээ “Та аядуу зөөлөн хүн” гэдэг ийм асуулт байдаг юм бэ гээд л. Зөндөө л юм болж байсан. Бас тэр дундуур 60 тэрбумтай холбоотой нөгөө асуудал яригдаж байсан. Би тэрэн дээр юу ч яриагүй. Тэр үед нам дотроо ч, хожим ч. М.Энхболд гэдэг хүний талаар, М.Энхболд гэдэг хүний гэр бүлийн талаар, М.Энхболд гэдэг хүний хувь хүнтэй холбоотой асуудлаар, тэр бүү хэл би аавынх нь нэрийг ч дурдахыг хүсээгүй. Ингэж л явсан. Энэ бол зарчим байсан. Сонгуулийн дараа нэг хүнээр туг тахих хэрэгтэй болсон. Тэр нь нөгөө муу Л.Оюун-Эрдэнэ боллоо. Тэрийг бол би мэдэж байсан л даа. Ийм юм болно. Манай хэд яах вэ дээ, жижигхэн шүү дээ ийм юм дээр. Би намын бага хурал дээр хэлсэн. Дахиж ерөнхийлөгчийн сонгуульд яг ийм хэмжээнд ингэж оролцоод, дараа нь яг ийм байдал гаргаад байвал хэцүү л юм болох юм байна даа гэж. Өөрсдөө хүсэлт тавьж ажиллуулчихаад, дараа нь хэвлэлээр баахан захиалга өгч бичүүлээд л.
- Намын лидерүүд хөдлөөгүй ээ. Хөдлөхгүй байна гэдэг нь дэмжихгүй байна гэсэн үг. Дэмжихгүй байна гэдэг чинь шууд утгаараа эсрэг явлаа гэсэн үг. Жишээ нь, ингэж асуухад Ц.Нямдорж сайд их уурладаг. Бид чадлаараа л явсан, дээлээ гандтал явсан шүү гээд. Н.Энхбаяр даргын сүүлийн сонгууль дээр бас ийм сэдэв хөндөгдөж байсан.
- Үнэн шүү дээ. Харамсалтай нь намын дарга маань өөрөө бидэнд итгээгүй. Яг үнэндээ давхар штаб байгуулсан. Шулуухан хэлэхэд Н.Энхбаяр дарга дээр ч тухайн үед нам эсрэг ажиллаагүй. Тэрийг би мэднэ шүү дээ. Өөрөө л TV-9 телевиз дээрээ давхар штаб байгуулаад явсан. Дараа нь мөн л нам дэмжээгүй, лидерүүд дэмжээгүй, эсрэг ажилласан гэж ярьсан. М.Энхболд дарга өөрөө л давхар штаб байгуулсан. Давхар штаб чинь өөрийг нь нэр дэвшүүлээд ажиллаж байгаа намаа, хөөрхий шат шатандаа хөлсөө урсгаад гүйж байгаа гишүүдээ их хүнд байдалд оруулдаг юм байна лээ. Ажиллах боломжгүй болгочихдог байхгүй юу. Тийм л зүйл болсон.
- Залуучууддаа ч итгээгүй, үедээ ч итгээгүй юм уу. Шалтгаанууд ч бас байсан л даа.
- Би дахиад нэг сонин юм яръя. Намын удирдлагууд надад хэлсэн. “Оюун-Эрдэнээ чи мэргэжлийн сургууль төгссөн хүн. М.Энхболд дарга маань өөрийгөөө илэрхийлэх, ойлгуулах тал дээр алдаад байнаа. Чи багш нараасаа нэг профессор уулзуулж өгөөч ээ” гээд. Би ажилласан. Үүрэг авсан хүн чинь ажиллаж л таарна шүү дээ. Өөрийнхөө хүндэлдэг нэг багшийгаа урьж авчирч уулзуулж байгаа юм. Тэгэхэд тэр уулзалт дээр намайг оруулаагүй. Сонин байгаа биз. Би багшийгаа авчирч байгаа шүү дээ. Туслах гэж тэр хүн ирж байгаа юм. Тэр уулзалт дээр намайг оруулахгүй гэлээ. Би маш их гайхсан. Дарга өөрөө таныг оруулах дургүй байх шиг байнаа гэж надад хүмүүс нь хэлж байгаа юм. Тэр чинь их мангар байдалд хүнийг оруулдаг юм байна лээ л дээ. Хүн урьж авч ирчихээд, өөрөө тэр уулзалт дээр нь байж чадахгүй.
- Мэргэжилтэн ирж байна гэж сонссон. Таны багш гэж харин дуулаагүй юм байна. Үнэхээр таагүй явдал болжээ.
- Тэгээд би чинь хөдөө явсан шүү дээ. Зудтай байнаа гээд. Тэрэнд оролцсон хүмүүс маань дараа нь юу ч мэдэхгүй царайлаад л намайг баахан шүүмжилсэн. Дараа нь уулзаад ахын чинь хийж байгаа дайралтуудаас болж тэгсэн л гэж байсан. Яахав дээ. Улс төрд янз бүрийн юм байлгүй л яахав. Гэхдээ юм тэгээд үнэнээрээ л үлддэг юм билээ дээ.
- Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр фигурын хувьд бол хоёулаа тийм хэлэмгий, доломгой, ам хэл болсон, сэлэм эргүүлсэн хурц хүмүүс биш. Хоёулаа маш сайн боддог. Хоёулаа маш их тэвчээртэй. Ижил төстэй зан чанар ихтэй өрсөлдөгчид. Тэгэхээр мэтгэлцээн дээр бол Х.Баттулгыг илүүрхэнэ гэсэн ямар ч таамаглал байгаагүй л гэж би бодож байна. Зүгээр л танай намынхны, өөрсдийнх нь хийсэн алдаа нөгөө талд нэмэх оноо болж очсон.
- Мэтгэлцээн хувь хүн яаж сайн ярихаас ч болдоггүй. Тэр хүн юуны төлөө ярив гэдгээс шийдэгддэг. Жишээ нь, С.Ганбаатар С.Баярцогт хоёрын мэтгэлцээн байна. Яг мэтгэлцээний урлагийн хувьд дүгнэвэл С.Баярцогт бол С.Ганбаатарыг үнэндээ 5:0-дсон. Гэтэл удаандаа яасан бэ гэхээр нөгөө нэг С.Баярцогтын “Оюу толгой”-н гэрээ Монголд ашиггүй байсан том сэдэв гарч ирээд, С.Ганбаатар гэдэг хүн урт хугацаандаа мэтгэлцээндээ ялагч болж хувирсан. Х.Баттулга гэдэг хүн ерөөсөө л одоо илчлэгдэж байгаа, яригдаж байгаа энэ бүх зүйлийг л ярьсан байгаа байхгүй юу. Шударга ёс алдагдсан, нийгмийн баялгийг бүлэглэлүүд хууль бусаар зохицуулж байна, төрөөс давсан эрх мэдэлтэй олигархиуд иргэдийн боломжийг хулгайлж байна гэсэн агуулгаар л ярьсан шүү дээ. Манай хүн болохоор тэр хэсгийг хамгаалж ярьсан.
- Тодорхой үе туулаад, яг тулаад иртэл ах нар яг ямар нөхдүүд байна вэ гэдэг асуултад та юу гэж хариулах вэ. Үлдээсэн өв нь ийм байнаа гээд та шүүмжилж байна. Нэг хэсэгтэй нь тэмцэж, нэг хэсэгтэй нь хамтарч байна.
- Тэр хүмүүс 1980 онд төрөөгүй. 1980 онд төрсөн хүмүүс чинь тэс өөр итгэл үнэмшилтэй. Аливааг харах философи нь ч шал ондоо. Бидний өссөн орчин өөр. Тэгэхээр туйлын дүгнэлт хийх боломж хомс л доо.
ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ХОЁР ЯАГААД НЭГ ЗҮГ ХАРААД БАЙНА ГЭЖ ҮҮ ?
- 2019 оныг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн. Ерөнхийлөгчийн үгийг анхааралтай сонслоо. Нэг юм ажиглагдсан. МАН-аас гарч ирсэн Ерөнхийлөгч нар намтайгаа заавал зөрчилддөг. Тэр давтагдаж байх шиг. Н.Багабанди Ерөнхийлөгч засаглаж байхдаа улаан цайм сонгууль тулсан үед нэр дэвшигч Н.Энхбаярынхаа эсрэг мессеж шидэж байсан. Өрсөлдөгч нам “Шинэ сонголт” гээд уриа гаргаад явж байхад шүү дээ. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж ард түмэнд хандаж хэлж байлаа.
- Тэр удаагийн хэлсэн үг ч шуугиан тарьсан шүү.
- Х.Баттулга Ерөнхийлөгчийн мэндчилгээнээс харахад бол Ерөнхий сайд болон УИХ-ын дарга, төрийн институциуд маш сайн гар нийлж ажиллаж байна гэдэг мессеж явлаа. Тэр нь тодорхой хэмжээний амжилтанд хүрлээ гэдэг мэссэж явлаа. Энэ амжилтыг цааш нь хадгалахыг хүсч байна гэдгээ ер нь бол нуусангүй. Тэгээд цаашдаа ер нь намайг сонсоорой, сонгоорой гэсэн далд утга бараг гарлаа. Тэгж л уншигдсан ?
- Монгол Улсын төрийн тэргүүн хуулиараа нам бус ард түмний хүн болдог шүү дээ. Нөгөө талдаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав нэг тийшээ нийлж харлаа л даа. Жишээлбэл, Үндсэн хууль бол нэг бүтээл нь. Тэрнээс биш Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байх тохиолдолд Үндсэн хууль батлагдахгүй шүү дээ. Ерөнхийлөгч хэрвээ эсрэг байсан бол хууль хяналтын байгууллага дээр энэ том реформ хийгдэхгүй байлаа. Ерөнхийлөгч эсрэг байсан бол Оюутолгойн төсөл дээр энэ том тогтоол гарахгүй байлаа. Ерөнхийлөгч эсрэг байвал яг үнэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувь эргэж ирэхгүй л байлаа.
Тэгэхээр тэр хуучин явж ирсэн таагүй харилцаа, институци хоорондоо дандаа зөрчилддөг тогтолцооноос залхсан юм уугэж би харсан. Дандаа л нөгөө институциуд зөрчилддөг, Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа муудалцдаг. Өөрөө ч энэ байдал дунд их шаналж явсан хүн юм шиг байгаа юм. Ерөнхийдөө хоёрдугаар эгнээнд явсан хүн. Энэ үл ойлголцол дүүрэн юман дундуур сайн саар аль алиныг нь амсаж үзсэн хүн юм шиг байгаа юм л даа. Тэгэхээр тийм байдал юунд ч хүрдэггүй юм байна, дунд нь улс орноо балладаг гэдгийг мань хүн өөрөө илүү сайн ойлгож. Үгэндээ хэлсэн шүү дээ. Нам хэмээх явцуу эрх ашиг биш, улс хэмээх язгуур эрх ашгаа дээдэлж ажиллах шаардлагатай байна гэж. Энэ бол төрийн тэргүүний үг гэдэг утгаар л хүлээж авсан. Олон чухал мессеж явсан. Ардчилсан тогтолцоогоо бүхэлд нь дүгнэж, шинэ төсөөлөл рүү хамтдаа бүгдээрээ явах ёстой гэж хэлсэн. Тэрэн дээр аль нэг МАН-ыг ч юм уу, эсвэл Ардчилсан намыг дэмжээгүй ч юм уу тийм агуулга гэхээсээ илүүтэйгээр ер нь улс эх орны үнэт язгуур зүйл хаана байнаа гэдгийг л бодож хэлсэн үг гэж хүлээж авсан. Хэт намчирхдаг, тэрнээсээ болж асуудалд ордог тиймэрхүү төвөгтэй зүйлүүдээс залхсан байх. Нөгөө талдаа Ерөнхий сайд ч гэсэн намчирхахгүй байгаа. Ийм байх үнэндээ амаргүй зүйл шүү дээ.
- Ерөнхий сайд сул дорой харагдаж байна. Ерөнхийлөгч засаглаж байна гэдэг шүүмж бас явдаг. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
- Бид одоо нэгэнт л нээлттэй ярьж байгаа юм чинь би таны асуултуудад бүгдэд нь л хариулахыг хичээж байна. Энэ хоёр лидерт төсөөтэй философи, бас төсөөтэй комплекс байгаа. Тэр нь шулуухан хэлэхэд хоёулаа бүлэглэлийн төлөвлөгөөнд байгаагүй хүмүүс. Тэгээд намаас нь давсан зүйл байгааг олж харсан байх. Тэр нь хоёулаа баялгийн тэгш бус хуваарилалт, бүлэглэлүүдийн стратегийн ордууд тойрсон шударга бус тоглоомуудыг эсэргүүцдэг. Зан характер их төстэй. Энэ бүхнээс шалтгаалж үнэт зүйл дээрээ нэгдэж байх шиг байгаа юм. Хоёулаа аль аль нь хоёр дахь дүр байсан. Нэгдүгээр дүр дээр аль аль нь гарч ирж үзээгүй хоёр шүү дээ. Би ний нуугүй л хувийн ажиглалтуудаа ярьж байна шүү дээ. Яг үнэндээ Ардчилсан нам дотор ч гэсэн Ц.Элбэгдорж тэргүүтэй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хүмүүс одоогийн Ерөнхийлөгчийг энэ түвшинд гарч ирнэ гэж тооцоогүй юм шиг байгаа юм. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд ч түүнийг биш гээд үе алгасуулаад өөр дүр гаргаж ирээд тавьсан шүү дээ. Давуулаад дараагийн залууг гаргаж ирээд явна гэдэг чинь мань хүн хэзээ ч дахиж Ерөнхий сайдын түвшинд бол гарч ирэхгүй нь гэж харагдсан. Манай нам дотор хүмүүс ингэж л ярьж байсан.
- Маш сонирхолтой ажиглалтууд байлаа. Баярлалаа. Та нар тэтгэврийн настнуудын өрийг тэглэлээ. Энэ өр тэглэсэн мөнгө чинь наад тал нь 10000 айлын орон сууц барих мөнгө байлаа. 680,9 тэрбум төгрөгийн өр үүсч байна. Энэ шийдвэрийнхээ үр дагаврыг даах юм уу?
- Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Ерөнхий сайдад зөвлөх статустай л хүн. Энэ бол зайлшгүй УИХ-аар орох ёстой шийдвэр гэдэг өнцгөөс л би зөвлөсөн. Тусдаа хууль байх ёстой. Засгийн газар шууд бие дааж шийдэх боломжгүй юм аа. Эдийн засгийн үр дагаврыг сайн тооцох ёстой гэдэг байдлаар л зөвлөсөн. Өнөөдөр СOVID-19 цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулж дүгнэвэл цаг үеэ мэдэрсэн л шийдвэр байсан гэж би хэлнэ.
- Залуу үе бол их дургүйцсэн. Ажил хийдэггүй. Тэтгэмжээр угжуулдаг тэр хэсгээ илүү дэмжээд байна. Улс төрийн бодлого явж байна. Хөгшчүүлийн саналыг худалдаж авч байгаа нэг хэлбэр гэж зарим хэсэг нь шүүмжилсэн. Ажил хийж байгаа хөдөлмөрлөж байгаа хэсгээ, баялаг бүтээгчдээ болохоор татварын бодлогоор нь төр байнга чангалж байдаг. Гэсэн атлаа иймэрхүү бодлого хийгээд л байх юм.
- Ахмадуудтайгаа залуучууд барьцах нь ч бас тийм таатай зүйл биш шүү дээ.
Намайг олон талаас ассан галын дунд явахад
асар их мөрдөн шалгах ажиллагаа явагдсан шүү
- Танай Засгийн газар шийдэмгий алхмуудыг хийж байгаа. Алдаа завхрал гаргасан хүмүүстэй түргэн шуурхай хариуцлага тооцож байна. Шийтгэл хүлээлгэж байна. ЖДҮ-чидтэйгээ харин хариуцлага тооцсонгүй ээ. Нээрээ энэ ЖДҮ гэдэг сэдэв дээр таны нэр хүртэл холбогдсон. Танд тийм юм байна уу. Ер нь эднийхээ асуудлыг яах юм бэ?
- ЖДҮ-тэй холбогдсон юм надад бол байхгүй ээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг нэр гарч ирээд олон хүн баярласан юм шиг байгаа юм. Даан ч тэр нь эмэгтэй амьдаа маань болж таарсан байх. Ер нь бол АТГ-ын даргатайгаа, тагнуулын даргатайгаа, дээд шүүхийн ерөнхий шүүгчтэйгээ, Ерөнхий сайдтайгаа, Улсын Их Хурлын даргатайгаа зэрэг түвшинд муудахаар чинь шулуухан хэлэхэд хамаг юм ухагддаг юм байна лээ шүү дээ. /инээв/
Хэрвээ жаахан асуудалтай байвал хэцүү нөхцөл байдалд дор нь л оруулах юм билээ. Манай тусгай албад ч их хүнд юм байна лээ. Намайг тэр олон талаасаа ассан галын дунд явахад асар их хэмжээний хууль ёсны ч гэх юм уу, хууль бус ч гэх юм уу тийм мөрдөн шалгах ажиллагаа явагдсан шүү дээ. Тэр дундуур нь бас нэг жил явсан. Ер нь ганцхан би ч биш манай гэр бүл, ойр тойронд байгаа бүх л хүн тэрэнд нэрвэгдэж хүнд байдалд ордог юм байна лээ. Тэгэхдээ яахав, би туулаад л гарсан. Би харин ч баярлаж байгаа. Ийм зүйл дундуур яваад нэг сайн шалгуулаад авсандаа. Тэрнээс биш намайг хайрлаад л, за болъё доо, хөөрхий амьтныг гэж бодохоор тийм түвшний нөхцөл байдал бол байгаагүй шүү дээ. Хэнтийд автомашины осол гарахад л тэрэн дунд манай цуваанд нэг машин унасныг хүртэл АТГ сонирхож шалгаж байсан. 2001 онд би Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албаны Тамгын газрын дарга байсан. 2001 оны Хэнтий аймгийн нэг хотын захирагчийн алба гэж чааваас даа юу байхав дээ. Тэгэхэд тэр үед тэнд болсон асуудлыг хүртэл хамаатуулчих юм юу байна гээд сая шалгасан шүү дээ. Яахав ээ, би бас зөв боллоо гэж бодож байгаа.
-Саяхан та УИХ-ын чуулган дээр Үндсэн хуулийн цэц 49%-ийн асуудалд сонгууль дөхөхөөр оролцлоо. Цэцийнхэн та нар турж үхчих гээд байна уу гээд мэдэгдэл хийлээ. Хууль хяналтын байгууллагууд манай өрөөнд орж ирж дарамталсан гэсэн хачирхалтай мэдэгдэл хийсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаа дарамтална гэж байх уу?
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга битгий хэл. Төрийн гурван өндөрлөг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өрөөнд хоорондоо бичгээр дамжуулан юм ярьж байсан цаг саяхан байсан юм ш дээ. Энэ протоколоороо үлдсэн байгаа. Одоо биш гэхэд хожим юмыг баримттай дүгнэх үе гарч ирж л таарах байх. Улсынхаа шадар сайдыг өөрийгөө тагнаж чагнасан болгоод Ерөнхий сайд болох өрсөлдөөнд оруулахгүй гэж ажиллаж байсан түүх хуучраагүй байна. Энэ 49% гэх эрх ашиг наанаа Эрдэнэт үйлдвэрийн асуудал ч цаанаа том системийн асуудал гэдэг нь улам л ойлгомжтой болсон. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхад энэ бүлэглэлд хэн хэн байдаг юм бол гэж хайдаг байлаа. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа олон галтай асуудал дундуур явж байхдаа миний бодсоноос хавьгүй том систем гэдгийг ойлгосон. Хувь хүний аюулгүй байдлын асуудал ч ойрхон байгааг мэдэрсэн. Одоо бол миний хувьд хэн энэ системийн хэсэг тухай биш харин холбогдоогүй үлдсэн ганц хоёр хүн үлдсэн үү гэдгийг л хайдаг болсон доо. Ерөнхий сайддаа талархаж байгаа. Бас юун дундуур явж байгааг нь хэнээс ч илүү ойлгож байгаа.
Надад тийм зүйл хоёр удаа болсон нь үнэн. Сүүлийн 6 орчим сар ийм нөхцөл байдал дундуур ажиллаж байна. Саяхан энэ тухай Аюулгүйн зөвлөлийн гишүүд, Хуульзүй дотоод хэргийн сайд, УИХ-ын тусгай хяналтын хорооны даргад орж хэлсэн. Мөн болсон асуудлуудыг дуу хураагуурт бичиж үлдээсэн.
- Та нам дотроо 60 тэрбум гээд л бөөн юм болсон. Сонгууль дагаад л мөнгөний асуудал босч ирдэг тогтолцооны чинь асуудал ийм юм гэж хардаг юм. Залуучуудад энэ ужиг тогтолцоо маш их саад болж байна. Ардчилсан нам гэхэд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч байна. Ийм байдал хэзээ алга болох юм бэ?
- Үнэн. Та битгий улс төржиж байна гэж бодоорой. Бид нар нам дотроо 60 тэрбум гэж бөөн юм боллоо. Гэтэл одоо дахиад Ардчилсан нам маань 100 сая төгрөгийн асуудал гаргаад ирлээ. 100 саяыг намдаа өгч байж нэр дэвшинэ. За, саяхан С. Эрдэнэ дарга гэрээгээ бүтэн уншиж байгаа бичлэг задарлаа. Улсын Их Хуралд дэвшээгүй хүмүүстээ улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ чинь нөгөө л 60 тэрбумын схем шүү дээ. Гэхдээ бүр гэрээтэй.
Гадуур мөнгөний эрэлд хатсан баахан Ардчилсан намын залуус. За, тэгээд нөгөө уул уурхай, банкны нөхдүүд маш баяртай байна гэж байгаа юм. Яагаад гэхээр хэдхэн нөлөөтэй хүнд хэдэн тэрбумаар төлж элсүүлдэг байсан бол одоо 100 сая төгрөгөөр бүгдийг нь өрөнд оруулчиж байна гэсэн үг.
Энэ бол нууц биш. Ардчилсан намаас 100 сая төгрөг төлж, сонгогдож, томилогдсон хүмүүс бүгд энэ бүлэглэлд ил далд үйлчилнэ. Тэгээд ч нэр дэвшигч болохоосоо өмнө хандив авна гэдэг хууль бус зүйл. За, ингээд баахан томилгоо явна. Маш харамсалтай зүйл рүү сөрөг хүчин маань орж байгаад үнэндээ гомдож байгаа. Аливаа зүйл урагшлахад дэвшилтэд үзэл баримтлал хэрэгтэй болохоос бусдынхаа алдааг давтаж урагшилна гэж юу байх вэ. Давтах ч биш бүр төгс төгөлдөр болгож шүү. 100 сая төгрөг төлсөн бүх нөхдүүдийн нэрсийг ил болгохын төлөө ажиллах болно. Яагаад гэхээр би өөрийнхөө нам дотор 60 тэрбум гэж асуудалтай баахан тэмцэж юм болгочихоод дараагийн парламентад орж ирэх, жинхэнээсээ худалдаж мандатаа авч байгаа энэ явдлыг хүлээн зөвшөөрөөд зүгээр явж чадахгүй.
- Сөрөг хүчин рүүгээ довтлох нь уу. Энэ чинь тэр намын дотоод асуудал шүү дээ?
- Энэ бол намын дотоод асуудал биш ээ. Монгол төр оршин тогтнох эсэх тухай асуудал. Нөгөө нэг дуугарч чаддаггүй бөлдөгдүүлсэн гишүүд, нөгөө нэг бизнесийнхний арын өрөөнд архи хундагалаад байж байдаг гишүүд, эсвэл хэн нэгэн албан тушаалтны асуудлыг авч хэлэлцэх, буулгах, томилох, хэлэлцүүлэх асуудлууд дээр зугатаагаад алга болчихдог нөгөө улстөрчид чинь эндээс л эхэлж бий болж байгаа юм шүү дээ. За, тэгээд яахав гэхээр өөрийнхөө кнопыг ахиулахын тулд нөгөө бүлэглэлийн лидерүүд өмнөөс нь төлнө гэсэн үг. Парламентад ороод ирсэн байдаг. Жаахан байр сууриа илэрхийлэх гээд, асуудлууд дээр өөрийнхөөрөө явах гээд эхлэхээр нь л орой нь дуудна. Эзэн дуудна. Чи одоо юу гээд хуцаад байгаа юм бэ. Би чамайг арчаагаа алдаад явж байхад чинь дэнчингийн чинь 100 сая төгрөгийг өгөө биз дээ. Анхан шатны чинь намд өгөх 100 сая төгрөгийг чинь өгөө биз дээ. Ингээд л нөгөө улс төрийн үхдэлүүд чинь бий болж байгаа юм. Халаасны кнопчид бий болж байгаа юм. Авлигачид бий болж байна гэсэн үг. Гараад яахав нөгөө 100 сая төгрөгөө олж авахын тулд явна шүү дээ. Тэгэхээр алдаа оноон дундуур туучиж энэ хүрсэн, ардчилсан тогтолцоо гэж бөөн юм болж туулсан 30 жилийн чинь ийм маягийн алдаа завхрал шинэ үеийнхэнд үүрэгдэх гээд байна. Өвлөгдөх гээд байна. Одоо энийг нүдэн балай чихэн дүлий өнгөрч болохгүй. Тийм учраас би энийг ярина. Тэгэхээр одоо би Ардчилсан намын залуучуудаа уриалмаар байгаа юм. Нам гэж битгий вакумжаач ээ. Зөв юмны төлөө мөрөөддөг. Уулзахаараа ярилцдаг тэр үнэт зүйлийнхээ төлөө одоо зоригтой байгаач ээ. Үзэл бодлоо илэрхийлээч ээ. Та нар үнэхээр ирээдүйд өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийн гэсэн өнгө төрхтэй, улс орныхоо түүхэнд хувь нэмрээ оруулсан, хараат бус улстөрч байя гэвэл энэ асуудлаа нийлээд эсэргүүцэх ёстой шүү дээ. Тэгээд ч энэ чинь хууль бус зүйл. Одоо ингэж мөнгөө босгосон нам яах юм. Үнэн хэрэгтээ энэ их хэмжээ хязгааргүй мөнгө нөгөө л уул уурхайн хэдэн компани, нөгөө хэдэн банкнаас л гарна. Дахиад л нөгөө бүлэглэлүүд нь бэхжиж бий болно. Ийм л нөхцөл байдал руу орно. Хариуд нь яах уу. Монголбанкныхаа гол гол удирдлагуудыг өгнө. Тэр суудлууд чинь тэд нарт хэрэгтэй байдаг байхгүй юу. Дахиад яахав гэхээр хууль хяналтын байгууллагуудынхаа гол гол хяналтуудыг өгнө. Агентлагийнхаа дарга нарыг өгнө. Энэ чинь тэгээд бидний үхэн хатан тэмцсэн 60 тэрбумын схемээс юугаараа өөр байгаа юм. Ингэж ухралт хийж болохгүй шүү дээ. Энэ бол үнэхээр аймшигтай зүйл.
Сайд болсон тухайд бол Ерөнхий сайд “чамд би үүрэг өгч байна.
Ярьж, мөрөөдөж байсан зүйлээ одоо хий” гэсэн
- Таныг сайд болоход шүүмжлэл дагасан. Албан тушаал авчихлаа. Үүний төлөө тэмцсэн юм уу гээд л...Тэгэхээр энэ таны хувьд яг ямар шийдвэр байсан бэ?
- Энэ хүнд шийдвэр байсан шүү. Ер нь бол Г.Занданшатар даргыг Их Хурлын дарга болно гэж бид нар яг үнэндээ төсөөлөөгүй л дээ. Нөхцөл байдал тийшээ хөтөлсөн. Одоо бодоход зөв шийдвэр байжээ гэж би дүгнэж байгаа. Ялангуяа энэ Үндсэн Хуулийн өөрчлөлтийн дараа миний ойлголт улам батажсан.
За, гэнэтийн тийм шийдвэр гарсан. Хэрэг эрхлэхийн дарга хэн болох вэ гэдэг ийм асуудал гарч ирлээ. Ерөнхий сайд намайг дуудаж уулзсан. Надад шууд үүрэг өгсөн. Би татгалзсан. Та ярилцлага хийхдээ өөрөөс нь асууна биз. Ерөнхий сайдаа, уучлаарай. Би албан тушаалын төлөө явсан нэр зүүмээргүй байна. Та намайг ойлгоорой гэсэн.
- Би сайд болохгүй ээ гэхээр тэгээд яг юу гэх юм?
- Эхлээд хүлээж авсан юм. Ер нь чиний зөв юм байнаа, би өөр хүн хайя даа гэсэн. Тэгээд өөр нэг үг бас хэлсэн юм аа.
- Ямар үг ?
- Чамд баярлалаа. Албан тушаал, тэр дундаа хэрэг эрхлэхийн дарга, сайдаас татгалзчихдаг. Үгүй гээд хэлчихдэг залуус байгаа нь илүү намайг баярлуулж байна гэж хэлсэн юм. Би ч танд амжилт хүсье гээд л гараад явчлаа.
За, тэгж байтал намын удирдах зөвлөлийн хурал зарлагдлаа. Намын удирдах зөвлөлийн хурлаас ердөө тавхан минутын өмнө Ерөнхий сайд дуудлаа. Би зөндөө их бодлоо. Олон ч хүний талаар бодлоо. Чиний улс төрийн байр суурь талаас чбодлоо. Чам дээр ирэх сөрөг эффектүүдийг ч бас бодлоо. Гэхдээ энэ бол миний шийдвэр юм аа. Чамд татгалзах эрх байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чамд би үүрэг өгч байна. Ярьж, мөрөөдөж байсан зүйлээ одоо хий. Хугацаа богино байгаа ч чамд боломж байгаа. Одоо яриад байгаа шударга ёсоо өөрөө тогтоо. Надтай хамтарч ажилла. Тэр тэмцээд байгаа зүйлээ өөрчил, иргэний нийгмийн байгууллагатайгаа хамтарч ажилла. Одоо намын удирдах зөвлөлийн хурал болох гэж байна. Одоо ороод би танилцуулна гэсэн. Чамайг бүгд л танина ш дээ гэсэн. Энэ бол гэнэтийн шийдвэр байсан. Надад энэ хүндтэй албыг хаших нэг жилийн хугацаа л байсан. Чин сэтгэлээсээ л ажилласан. Маш олон зүйл өнгөрсөн нэг жилд болсон. Одоохондоо бүдэг, буруу ойлгосон, зөрчилтэй олон зүйлс байгаа ч цаг хугацаа бүгдийг харуулна гэдэгт итгэлтэй байгаа.
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэдэг бол Ерөнхий сайдын хамгийн ойр хүн. У. Хүрэлсүх гэж хүнийг Ерөнхий сайдын хувьд дүгнэвэл.
- Мэдээж төгс хүн гэж тэр дундаа төгс Ерөнхий сайд гэж хэн байх билээ. Аливаа хүнд давуу болон сул тал байж л таарна. Миний хувьд У. Хүрэлсүх гэж хүн хоёр том давуу талтай. Нэг нь бол хувийн шунал багатай хүн. Энэ бол үнэндээ ямар ч эрдэм боловсролоос илүү эрхэм дээд зүйл юм. Ялангуяа өнөөдрийн цагт. Хоёрдугаарт, У. Хүрэлсүх бол зоригтой шийдвэр гаргаж чаддаг хүн. Та бол юмыг тайзан дээрээс үзэж байгаа. Харин Хэрэг эрхлэх газрын дарга бол тэр хүнийг хөшигний араас үзэж байдаг.
Жишээ нь, Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглох тухай Засгийн газрын тогтоол. Өвөл дөхлөө. Нүүрсний ченжүүдийн бослого тэмцэл, сөрөг хүчин, үйлдвэрийн ажиллагаа, түүхий эдийн нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт гээд л юм боллоо. Олон ч хүн болохгүй ээ. Ингээд дуусна шүү. Нийслэл хөлдөнө л гэж орж ирлээ. Муу санаалаад түүхий нүүрс нөөцлөх нууц даалгавар зарим нэг газарт өгөв. За, ингээд хүйтэрч эхлэлээ. Олон зүйл болсон доо та мэдэж байгаа. Засгийн газрын гишүүд тэг дундуураа хоёр хуваагдав. Зарим нь Ерөнхий сайдаа одоо болъё оо. Цаашлах тусам хүнд болно. Түүхий нүүрсний тогтоолоо яаралтай цуцалъя. Зарим нь хэд хоног харцгаая гээд л. Нийгэм давалгаалаад л байдаг. Энэ үед л Ерөнхий сайдын шийдвэр гаргах алтан цаг тохиодог. Би хэзээ ч шийдвэрээсээ ухрахгүй. Чадахгүй бол би хариуцлагаа хүлээж огцорно гээд л хэлчихлээ. Улаанбаатарын утаа багассан гэж ярих амархан л даа. Буураагүй гэж шүүмжлэх ч амархан. Гэхдээ ийм шийдвэр гаргаж, зохион байгуулах зориг, зориулалт олон Ерөнхий сайдад байгаагүйг л би мэднэ.
Энэ цар тахал бас л амаргүй байна. Хилээ хаах уу, үгүй юу. Бид хилээ хаавал дуусна гэдэг нэг тийм ойлголттой байсан. Бас л шийдвэр. Сайд бүхэн санал хэлэх болов ч эцсийн шийдвэрийг Засгийн тэргүүн толгойгоороо хариуцаж гаргана. Өнөөдөр бид дэлхий дээр бараг ганцаараа л үлдлээ. За, тэгээд өөр олон зүйл болсон доо. Үүнийг эдийн засгийн барьцаагүй, зоримог хүн л хийж чадах юм билээ. Заримдаа ч тааз дундуураа цуурч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг юм билээ, төрийн шийдвэр.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр Засгийн газрын Хэрэг эрхлэхийн сайдаар Л.Оюун-Эрдэнэ нэмэгдэж ирсэн. Хэнтийн тойрогт бол үнэхээр ашигтай туслаа л даа. Одоо та улсынхаа төсвийг ёстой алган дээрээ байгаа юм шиг харж байгаа. Та бид хоёр төсөв дээр бас муудалцаж л байсан. Атгахан төсөв дээр чадан ядан зүтгүүлж байгаа агентлагуудаасаа мөнгө харамладаг мөртлөө Хэнтийдээ бол та хоёр мөнгийг пялайтал тавьжөглөө. Энэ чинь шударга явдал уу гэж би танаас асуумаар байна ?
- Ийм зүйлийг бас нэг цаастай ярих хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ.
- Хэнтийн төсвийг бол бараг бүх хүн барьцаалж, барьцаж байсан... Орон нутагтаа бол сайхан л хэрэг. Гэхдээ...
- Нэг зүйлийг би бас хэлэх ёстой. Авлигатай тэмцэх газрын гадаа би чинь нэг мэдэгдэл хийлээ шүү дээ. Нөгөө 60 тэрбумын хэрэг хаагдаад. Үнэхээр дотор шатаад би нэг үг хэлчихсэн. “Энэ асуудал шийдэгдтэл чуулганд суухгүй ээ” гээд.
- Санаж байна.
- Хэвлэлүүд мэдэгдэл дундаас маань ганцхан “чуулганд суухгүй” гэдгийг маань тасдаж аваад явчихлаа. Ингээд явж байтал намын удирдлагууд яриад. Хуучин удирдлагууд шүү дээ. Асуудал жаахан намжлаа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо. Наадам боллоо. Намрын чуулган 10 дугаар сарын 2-ны хавьцаа эхэллээ. Төсөв хэлэлцэх боллоо. 2019 оны төсөв яригдах боллоо. Чуулганд оролцож чаддаггүй ээ. Байнгын хороо руу ч орж чаддаггүй. Ёстой хүнд байдалд орлоо доо. Төсвөө гайгүй тавиулмаар байдаг, түүнийхээ төлөө ажиллах ёстой байдаг. Их хурлын гишүүний нэг том үүрэг нь шүү дээ. Том аялал жуулчлалын цогцолбор байгуулах Засгийн газрын шийдвэр гарчихсан байдаг. Ингээд төсөв дээр би байхгүй байж таарсан. Энэ үед манай Хэнтий аймгийн төсөв хамгийн өндрөөр батлагдсан шүү. Би байхгүй байсан нь үнэн.
- Та нээрээ үнэхээр зальтай юм аа. Орхиё оо, энэ сэдвийг. Батлагдахад байхгүй байх нь батлуулах бүх юмыг хийж явсныг тань үгүйсгэх зүйл биш.
- Зальтай биш биш. Энэ чинь түүх. Бодит байдал. Хэрэг эрхлэхийн сайд болчихсон учраас илүү тэгж хараад байгаа юм л даа. Чингис хааны өлгий нутаг түүхэн аялал жуулчлалын бүс болох энэ зүйл дээр одоо Азийн хөгжлийн банк хүртэл дэмжээд хөрөнгө оруулалт хийгээд явж байна шүү дээ. Энэ төсөлд уурлаад байх ёсгүй л юм даа. Хамгийн их хөрөнгө оруулалт орж байгаа аймаг бол Дорноговь аймаг шүү дээ. Та бод л доо. Нефтийн үйлдвэр шүү дээ.
- Тэр бол зайлшгүй шаардлагаар явж буй төсөл.
- Тийм л дээ. Хэрэв Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга Б.Дэлгэрсайхан гишүүн байсан бол нефтийн үйлдвэр тойрогтоо бариулчихлаа гээд над шиг ингээд нүдэх нь ээ. Гэх мэтчилэн бүтээн байгуулалтууд явж байгаа газрууд зөндөө шүү дээ.
- Гишүүн асан Д.Гантулгатай холбоотой нэг тийм сэтгэгдлүүд уншиж байсан юм. Бараг хамгийн эхлээд та түүнд хандаж “Бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой” гэж мэдэгдсэн. Үүний дараа зарим хүмүүс “Өө Л.Оюун-Эрдэнэ ямар өөдгүй юм бэ” гэлцсэн. Бас л олон залууд тохиолдохгүй эхлэл тэр залууд олдсон. Гэтэл тийм хачин асуудлаар унасан. Таныг шууд тийм мэдэгдэл хийхэд тэр гомдсон уу?
- Гомдолгүй яахав. Д.Гантулгын хувьд бол миний олон жилийн өмнөөс таньдаг хуурайдүү маань. Д.Гантулгад авах сайн чанарууд олон байдаг. Алдаатай зүйл ч бий. Жишээ нь архи. Д.Гантулгыг их хурлын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзээд шалгуул. Буруу зөвөө тогтоолго гэж би зөвлөж байсан. Саяхан надтай ах дүү нар нь орж ирж уулзаад Оюун-Эрдэнээ чиний ярьдаг шударга ёс Д. Гантулга дээр л үйлчиллээ дээ. Бусад нь хаана байна гэсэн. Энэ үгийг сонсоод би бүтэн хоёр шөнө унтаж чадаагүй. Үнэндээ тийм. Шүүх Д. Гантулга дээр гаргасан шуурхай байдал, ур чадвараа бусад хэрэг дээр адилхан гаргаасай л гэж харж байгаа. Шулуухан хэлэхэд хэт ялгаатай хандаж байгаа. Монголын шүүх хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй, хэнд ч ял завших боломж олгохгүй байх ёстой. Эрхзүйт төр гэж энэ. Цаг хугацаа бүхнийг харуулна биз дээ.
- Танай намын дэргэдэх залуучуудын байгууллага дотор маш том хагарал явагдлаа. Та нар энэ асуудлаа үе дотроо шийдэж чадах уу. Жараад оны ах нарын тань хуваагдал бол маш гүн. Та нарынх бараг энэ түвшин рүү оччихож байгаа юм биш үү ?
- Би хэлсэн шүү дээ. Энэ бол манай үеийн хагарал байгаагүй. Хэн хагалсныг ойлгосон. Ямар зорилгоор хагалсныг ойлгосон. Гэхдээ бид тэрийг заавал шүүхгүй ээ. Би өс өвөрлөж ирээдүй рүүгээ алхахгүй ээ. Дахиж залуучуудын байгууллагыг битгий хагалаасай. Дахиж үеийн залуучуудыг хооронд нь битгий талцуулаасай л гэж хүсдэг.
- Учраа ололцож чадна гэдэгт та итгэлтэй байна уу?
- Намайг манай найзууд шүүмжилдэг л дээ. “Чи улс төрд байж маш итгэмтгий. Энэ бол чиний сул тал” гэж . Би цаашдаа ч гэсэн ийм байна гэж боддог. Миний итгэлийг даах үгүй нь миний асуудал биш. Тэр хүний л асуудал. Одоо тэгээд л, үедээ итгэхгүй дандаа цаанаа юм бодож явах юм уу.Хоёр үзүүртэй зүү шиг тэгж явж би чадахгүй. Миний хувьд дандаа л хүнд итгэсээр ирсэн. Цаашдаа ч итгэсээр дуусна. Яагаад гэхээр энэ бол миний хийж чадах зүйл байхгүй юу. Улс төрд ороод л хүн аймаар болгоомж суугаад л, хүнд итгэхээ болиод л, вакумжаад л явчихдаг гэж зарим нь ярьдаг.Тэр бол худлаа. Тэр бол зүгээр дүрдээ итгэж байгаа тухайн хүний хувийн л асуудал. Түр зуурын сэтгэл хөдлөлийн асуудал болохоос биш улс төрд хүн ороод эвдрэнэ гэж худлаа. Юутай ч хүн болсон 40 жилд ямар нэгэн байдлаар нөхөрлөлийн асуудлыг хэзээ ч би эхлэж сэвтүүлж үзээгүй. Энэ бол үнэт зүйл бас миний зарчим.
Эхнэр Бид хоёр чинь 10 жилийн наймдугаар ангиасаа одоог хүртэл үерхэж байгаа
- Та бид хоёр дандаа ажил хэргийн орчныг тань тойрч ярилаа. Одоо хувийн амьдралын тань талаар ганц хоёр асуулт асуумаар байна. Таныг нэг мисс бүсгүйтэйамьдардаг болсон гэж ярих юм ?
- Хэцүү юм аа. Та хүртэл ийм зүйлд итгэлээ гэж үү.
- Та бол ард иргэдийн өмнө ил явдаг улстөрч хүн. Таны бүх юм шилэн байх ёстой. Үүнд хувийн түүх тань ч хамаарна. Энэ утгаар л элдэв асуултууд орж ирж байна гэж хүлээж аваарай.
- Би чинь арван жилийнхээ ангийн охинтой үерхэж эхлээд одоог хүртэл үерхээд л явж байгаа шүү дээ .(инээв) Яахав дээ, тэгээд янз бүрийн л байдлаар хэлж бичих юм. Наадмаар эхнэрээ дагуулж явсангүй, “Алтан сарнай” ёслол дээр эхнэртэйгээ хамт очсонгүй л гэнэ. Манай эхнэр өөрөө олон нийтийн юунд орох дуртай хүн биш л байхгүй юу даа. Наадмаар дагуулж явсангүй л гэх юм. Гоонь эрчүүдийн эгнээнд шилжлээ л гэх юм. Үнэхээр төвөгтэй. Бид үнэхээр гэр бүлийнхээ бүх мөчүүдийг фэйсбүүк дээр постлоод л, гэр бүлийнхэнтэйгээ лайв хийгээд л, эхнэрийнхээ хувцас хунараар гайхуулах гээд л элдэв интертаймент үзүүлэх дуртай улсууд биш. Би үүгээрээ бусдыг шүүмжилж байгаа юм биш шүү. Энэ чинь эрх чөлөөний л асуудал. Нөгөө талд нь манай гэр бүлд бас өөрсдийнхөөрөө амьдрах эрх чөлөөг нь үлдээчих л дээ. Анхнаасаа л бид хоёр тийм байсан. Манай эхнэр хэзээ нэг ил гарч ирээд ярилцлага энэ тэр өгөөд байлаа даа. Та мэднэ шүү дээ. Намайг гишүүн болсноос хойш манай өрөөнд нэг ч удаа тэр хүн ирж үзээгүй. Тэгээд одоо чи ил гардаггүй гээд уурлаад байж болохгүй шүү дээ. Тэр хүний өөрийнх нь үзэл санааны асуудал шүү дээ. Ер нь бол миний улс төр мөрийг тоодог ч үгүй. Арван жилийн алиа пацаанууд байх үедээ л үерхсэн хоёр шүү дээ.
- Хэддүгээр ангиасаа үерхсэн хоёр вэ?
- Бид хоёр чинь арван жилийн наймдугаар ангийн үерхэл. Янз бүрийн юм зохиогоод л цацах юм. Бүр гадаадад надтай хамт сурч байсан, парламентын спикер хүнийг хүртэл надтай холбоод биччихсэн байна лээ шүү дээ. Хамт авахуулсан зургийг тавиад. Тэр ч сайхан дэндэж л байгаа юм л даа.
- Хөгжилтэй юм аа, сайхан дэндээд байхдаа яахав дээ.
- Үгүй нээрээ арай л дэндэж байгаа биз дээ. Намайг боддоггүй юм аа гэхэд хаа байсан тэр гадаад улсын иргэнийг бодмоор юм. Ангийнхаа нэг монгол залуутай яасан гэнэ гээд дуулдвал хэцүү биз дээ. Улс төрд яваа хүмүүсийн үүрдэг л нэг ачаа юм байх даа л гэж боддог юм.
- Үүрэх л болж дээ цаашдаа ч гэсэн.
- Сайхан хүүхэн хараад санаа алддаггүй эр хүн бол зөвхөн би энэ тэр гэж худлаа ярихгүй ээ. Гэхдээ юмыг бас жаахан наанатай цаанатай бодохгүй бол болохгүй л дээ. Манай муу Ё.Нямжавтай холбоод л бичих юм. Манай залуучуудын холбооны ёстой муухан эрээс илүү бүсгүй шүү. Надаар оролдож болноо, гэхдээ зүгээр явж байгаа эмэгтэй хүнийг битгий оролд. Өөрийнхөөрөө л амьдралыг туулж яваа нэг хувь хүн.
- Энэ муухан эр хүнээс дээр гэдэг чинь бараг доромжлол шиг үг шүү дээ. Тань шиг шинэ хүн хүртэл ийм үг хэрэглэх юм уу?
- Доромжлол биш л дээ. Ё.Нямжавыг мэддэгийн хувьд л хэлж байгаа юм. Мань хүн бол адаглаад зарим эрчүүд шиг хов зөөгөөд гүйхгүй. Яам дээр нь янз бүрийн зөрчлүүд гарсан байх. Тэгээд л сөргөлдсөн тал нь Л.Оюун-Эрдэнэтэй холбоод гүтгэлэг тараачихвал дээр л гэж бодсон юм шиг байгаа юм. Монгол жижигхэн эзэн нь тэгээд олдоод, баахан юм тайлбарлаад л... Тэр нь манай намын хүн байгаад л, шал онигоотой. Ер нь улс төрд оролцдог бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд та нар бүгдээрээ л нэг завин дээр байгаа улсууд шүү.
Баатар Ахыгаа харах болгондоо би аавдаа талархдаг болсон
- Таны хувийн түүхтэй уран зохиол шиг хоёр гоё нэр холбогддог. Бэрх, Бэрс гэж. Анхны эзэмшсэн мэргэжил тань бол сэтгүүлч. Бид хоёрын анхны ярилцлага “Харин би Л.Оюун-эрдэнэ шиг байж чадна” гэсэн гарчигтай байсныг санаж байна. Одоо таны гэх ертөнц анхны тэр голомтоос хэр холдсон бэ?
- Хаашаа холдох вэ дээ.
- Таны ээж кларнетчин, аав тань зураач. Урлагийн улсууд байдаг л даа. Харин та улстөрч. Эцэг эхээс, тэднээс өвлөсөн зөөлөн, гэгээн зүйлс тань хэр хорогдсон бол?
- Энэ жил би 40 хүрлээ. Гучаад насандаа танд “Би Л.Оюун-Эрдэнэ шиг л байж чадна” гэж ярилцлага өгч байлаа. Одоогийн Л.Оюун-Эрдэнэд тэгээд ялгаа байна уу. Та миний нүд рүү харж байгаад хэл л дээ. Хүн 40 наснаас хойш өөрчлөгдөөд байдаггүй байх гэж би хардаг. Тэгэхээр цаашдаа Л.Оюун-Эрдэнэ хэвээрээ л байх биз. Суурь хүмүүжил, суурь үнэт зүйл, үзэл бодол, улс төрийн байр суурь энэ бүх зүйл бол өөрчлөгдөхгүй дээ.
- Таныг найз нөхдөө дэмждэггүй. Хүн чанар муутай гэж ганц нэг хүн хэлэх юм байна билээ. Хэдийгээр зарчмаас гадуурх ойлголт ч гэлээ та ийм асуудлуудыг яаж шийддэг вэ?
- Тэр зарчим шүү дээ. Хэвлэлээр муулуудаад л яваад байхаар хүмүүст муу зүйл нь илүү их харагдаад, нөгөө хийхийг хүссэн, зорьж тэмцэж байгаа, түүнийхээ үр дүнд өөрчлөлт хийж чадаж байгаа зүйл маань харагддагүй юм байна л даа. Гэхдээ цаг хугацаа харуулах байх. Жишээлбэл, манай дүү төрийн захиргааны албанд ажилладаг байсан. Тэгээд яахав, Их Хурлын гишүүн болоод би дүүтэйгээ уулзсан л даа. Ах дүү хоёрын л яриа шүү дээ. Би дүүгээсээ гуйсан юм. За, ах нь сайн муу хэлүүлдэг ч гэсэн ард түмэн нь сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагын хүн боллоо. Нэг гэр бүлд нэг л төрийн хүн байя. Тэгэхээр ахын дүү одоо ажлаа өгөх хэрэгтэй. Хэл ам гарна. Чамайг надаас өмнө төрийн захиргаанд ажиллаж байсан гэдгийг хэн ч ойлгохгүй. Хоёрдугаарт, ах нь өөрийнхөөрөө байх гэж хичээх зүйлүүд гарна. Тэгэхээр чам дээр асуудал үүснэ. Үүнээс болж аягүй бол хүнд байдалд орно. Нөгөө муу ээж чинь уйлж бархирах юм болно. Тийм учраас ахын дүүд хүнд ч гэсэн чи одоо ахынхаа шийдвэрийг хүндлээд хүлээж аваарай гэж хэлсэн. Манай эхнэр нягтлан бодох мэргэжилтэй. Бас англи хэлний мэргэжилтэй. Манай ангийн ганц онц сурлагатан шүү дээ, ер нь бол. Манай ангийнхан бүгдээрээ мэднэ. Жишээлбэл, би яаж ийж байгаад эхнэрээ Монголбанкинд оруулаад ч юм уу, аль эсвэл Сангийн яам хавьцаа гээд хөөцөлдөөд явбал бас яахав болох л байх . Гэхдээ би бас эхнэрэтйгээ ярьдаг юм. Нэг гэр бүлд нэг л төрийн хүн байх ёстой. Яагаад гэхээр монгол чинь тийм олон хүн амтай улс биш шүү дээ. Нэг гэр бүлд нэг л хүн төрд байх нь хангалттай гээд. Манай гэр бүл ч гэсэн миний энэ үзэл бодлыг дэмждэг л дээ. Би үүнд нь бас баярлаж явдаг.
- Дүү тань таны саналыг хүлээж авсан уу?
- Хүлээж авсан. Миний дотроо бодож явдаг зүйлс ийм л байдаг юм. Ам нээвэл, уушиг нээ гэж амьдралаа ний нуугүй л ярьж байна.
- Ахын тань тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Ерөнхийлөгчийн сонгуулийг ах, дүү хоёр самарлаа гэлцлээ. “Херо интертаймент”-ын захирал, найруулагч Баатар бол таны ах. Сонгуулийн дараа бас л чамгүй юм дуулах шиг болсон?
- Амьдрал их баян юм. Ахыгаа харах болгондоо би аавдаа талархдаг болсон. Энэ чухам юу гэдгийг би хэлж мэдэхгүй байна л даа. Эсвэл 40 хүрээд хүнд нэг тийм өөрчлөлт явагддаг юм болов уу. Илүү юмыг наанатай цаанатай харж эхэлдэг ч байх. Та намайг хатуу боллоо гээд байгаа болохоос биш би улам л зөөлөн болоод байгаа. Ах маань бол миний хувьд бурхнаас ирсэн маш том бэлэг. Ахын маань оноо ч тэр алдаа ч тэр надтай үргэлж хамт явдгаас би нэг хэсэг бас зайлсхийх гэж их үздэг байсан. Тайлбарлах гэж, хүмүүст ойлгуулах гэж. Энэ тайлбарлагдахгүй зүйл юм байна лээ. Би одоо харин ч ахаараа бахархдаг болсон. Миний ах бол Монголд бас цөөхөн төрсөн бас авъяастай уран бүтээлчийн нэг. Би нэг зүйлийг л үргэлж бодож явдаг. Энэ сайхан алт шиг авъяасыг зүгээр л цагийн аясаар бутарч үлдэх улс төрийн жижиг сажиг үйл явдалд битгий зараасай л гэж. Энэ бол миний үргэлж бодож явдаг зүйл. Ахыгаа би ирээдүйд Оскарын шагнал авах хэмжээний том уран бүтээлч байгаасай гэж хүсдэг. Тэр зүйл рүүгээ ч мань хүн өдрөөс өдөрт явж байгаа нь надад уулзаж ярилцах тусам мэдрэгдэж байгаа. Өнгөрсөн 2019 он үнэхээр өвөрмөц он болж өнгөрлөө. Жишээлбэл, хэзээ ч бид нар Монголын хамтлаг дэлхийн топ үзэгчдтэй хамтлагийн нэг болж, тэр дундаа монголоор дуулсан дуу дэлхийд шуугиулж хит болно гэж бодож явсангүй. Манай HU хамтлаг үүнийг хийж чадлаа шүү дээ. Би тэр HU-гийн залуучуудад бүр баярлаад байгаа юм. Манай 3х3-ын охид байна. Энэ зөвхөн спортод гаргасан амжилт биш. Монголчууд бид хамтарч чаддаг юм шүү гэдэг маш том эрмэлзлийг энэ охид өгчихөж байгаа байхгүй юу даа. Тэгэхээр монголчууд бид багийн спортоор хэзээ ч амжилт гаргадаггүй гэдэг тэр нэг гутранги үеийг өнгөрсөн 2019 онд энэ охид маань эргүүлчихлээ.
- Тийм ээ, үнэхээр сайхан үйл явдал.
- Өнөөдөр Монголын найруулагч Оскар авахыг хэн мэдэх вэ дээ. Сая германчуудтай клип хийлээ шүү дээ, “Чингис хаан” хамтлагтай. Германд хэзээ ч ийм клип хийгдэхгүй.
-Тэр үеэр 400 сая жуулчин гээд ярьчихсан юм уу?
-Бараг л нийгмийн заналт дайсан болсон юм биш үү. Нөгөө Бруног шатаах бас буруу л байсан ш дээ (инээв) Монголын Эзэнт гүрний газрын зургийг хараад, одоо дотор нь байдаг улс орнуудын хүн амыг гаргачуул их ойлгомжтой л юм билээ дээ. Бид өөрсдийгөө жижиг гэж бодож болохгүй тухай л ярьсан. Манайх ч тэгээд тасалж шоолохдоо сайн улс. Гэхдээ Ордост нэг очоод, Дадалд нэг очсон хүн миний юу ярьсныг, яагаад түүхэн аялал жуучлал гээд байгааг ойлгоно л доо. Саяхан нээрээ нэг хүн миний талд орсон шүү энэ сэдэв дээр ялалтын баяраар. Нийгэм өөрөөр л харж байгаа юм билээ.
Нээрээ Баатар ах маань Монголын үндэсний ухамсар дахин сэргэхэд бас л өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадаж байгаа хүн шүү. Яахав манай хүн чинь халгиа цалгиа ихтэй. Урлагийн хүн. Тэр бүх зүйлд нь би хайртай. Бид хоёрт их олон адилхан зүйл байдаг. Олон ялгаатай зүйл байдаг. Заримдаа ах маань байгаагүй бол би яах юм бол гэж бас боддог үе бий шүү. Хамгийн хүнд үед ах маань л байдаг. Учир битүүлэг өвдөж, хөл гэнэт гишгэж болохоо байчихаад хүмүүст шоолуулан шоглуулан явж байхад ах маань л намайг үүрээд эмнэлэг рүү явж байлаа. Намайг чинь Баатар ахаас өөр хүн өргөж дийлэх ч үгүй шүү дээ. /инээв/. Ахынхаа нуруун дээр нь үүрүүлчихээд, аахилж уухилаад явж байгааг нь харах тэр мэдрэмж бол зүгээр юугаар ч илэрхийлж болохгүй тийм дотоод ертөнцөд болдог зүйл юм билээ. Ахдаа би хайртай. Авьяасаа уртын юманд л зориулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч, залбирч явдаг даа.
-Баярлалаа. Энэ дайнд сэтгэлээ дэлгэж, цаг гаргаж ярилцсанд би маш их талархаж байна. Танд амжилт хүсье.