Хэдэн сар пижигнэсэн сонгуулийн дүн гарч хуучин засаг дарга шинэ засаг даргаар солигдов. Өөрөөр хэлбэл эрх баригч нам сөрөг намаар солигдсоны шууд нөлөө хөдөө орон нутагт засаг даргыг өөр засаг даргаар сольдог бичигдээгүй хууль ингэж биелдэг нэгэн сайхан уламжилтай болжээ. Монголчууд л болсон хойно сонгуульд ялагдсан засаг дарга ялагдалдаа бухимдаад ажлаа өөрийн биеэр шинэ засаг даргад хүлээлгэж өгсөнгүй.

Шинэ засаг дарга өөрийн бүрдүүлсэн баг болох хамаатан садангуудаа тэргүүлэн тамгын газрын түлхүүрийг манаачаас авч цоожны нүхэнд түлхүүрийг шургуулаад эргүүлэх гэснээ болив. Учир нь ямар ч цоож түлхүүрийг нэг тийш эргүүлбэл онгойдог, нөгөө тийш эргүүлбэл цоожлогддог онцлогтой шүү дээ. Гэвч шинэ засаг дарга ажлаа хуучин засаг даргын хийж байсны эсрэг зүгт хийнэ гэсэн мөрийн хөтөлбөртэй юмсанж. Тийм учраас түлхүүрийг хуучин засаг даргын хаалгаа онгойлгохдоо эргүүлдэг зүгт мушгивал мөрийн хөтөлбөрөө зөрччих гээд байлаа. Тэгээд шинэ дарга түлхүүрийг буруу тийш нь эргүүлж, цоожийг эвдээд тохилог өрөөний дуу нэвтэрдэггүй нүсэр хаалгыг нээжээ. Уг нь хөтөлбөрөө ягштал мөрдвөл нүсэр хаалгыг нээж биш, хааж байгаад цөм дайрч, өрөөндөө залрах нэг хувилбар байв. Гэвч хэрэв тэгвэл хаалгагүй конторт нууцаар юу ч үйлдэж чадахгүй болчихоо хүн билээ гэсэндээ мэджээ.

Цэлгэр тасалгаанд оруут шинэ засаг дарга юун түрүү нэг зүйлийг анзаарав. Юу вэ гэвэл хуучин засаг дарга өөрийнхөө өмнөх засаг даргын хэрэглэж байсан бүх тавилгыг сольжээ. Яагаад шинэ дарга үүнийг тэгтлээ сайтар анзаарав гэвээс хуучин засаг даргын өмнөх бүр хуучин засаг дарга нь мань хүн өөрөө байв. Тиймээс шинэ засаг даргын уур бадарч шадар түшмэлүүд болох ахан дүүсдээ,
-Энд байгаа бүх юмыг орвонгоор нь буснуул! гэж анхныхаа тушаалыг буулгав.

Тэгээд шинэ дарга өөрөө гардаж хуучин даргын ширээний ард хананд хүндэтгэлтэй еэ залсан том сайхан хөргийг хуу татаж шалан дээр бут шидлээ. Давхар давхар алтан зүмбэртэй лужир том жааз бут үсэрч хуучин засаг даргыг командалдаг тэдний намын даргын өнгөт сайхан хөрөг газар ойчиход шинэ засаг дарга өнгөт сайхан хөргийг гишигчиж доромжлов. Даргынхаа мөрөөр бараа бологч-хамаатан садангууд нь бас нөгөө гоё хөргийн нүүрэнд гутлынхаа улны балиар шавхайг сайтар арчиж цэвэрлээд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх дөрвөн жилийнхээ албаны гараанд билэг дэмбэрэлтэй шамдан гарлаа.

Шинэ засаг дарга ширээн дээр хөглөрсөн их цаасыг үзэн ядсан харцаар хялайснаа, хуучин засаг даргын тушаал шийдвэр, төсөл хөтөлбөрийг үлдээлгүй урж хаяхыг тушаав. Хамаатан садангууд нь хуучин засаг даргын бүх бичиг баримтыг урж гүйцсэний эцэст хөөрхөн жижигхэн вааранд шургуулсан олон үзэг балыг хугачаад ваарыг хана руу шидлээ.

Бухимдаж халууцсан ах дүүсийн уур унтуунд тасалгаа маш бүгчим халуун оргиход нээлттэй байсан бүх салхивчийг хуучин засаг даргын эсрэг, шинэ засаг даргын төлөө бүгдийг хаагаад харилцуур утасны аппаратыг хэмх дэвслээ.

Уухилж амьсгаадсан шинэ засаг дарга багийнхандаа,
-Та нар чинь яагаад гараа хумьж, элгээ эвхээд зогсоно вэ? Мөрийнхөө хөтөлбөрийг биелүүлээч! гэж ядрангүй зандарлаа.

-Бид чинь хуучин даргын юуг эвдэхээ мэдэхгүй байна гэж тэднийг арчаагүй царайлахад шинэ засаг дарга,
-Юуны чинь мэдэхгүй гэж? Жишээ нь би сөрөг хүчний хуучин засаг дарга сууж байсан энэ өмхий сандал дээр суух болж байна уу? Ерөөсөө энэ өрөөнд байгаа бүх тавилгыг гаргаж хаяад оронд нь үнэ өртөг хайрлахгүйгээр орчин үеийн сингапур тавилга авчирч тавь. Бас хуучин засаг даргын унаж байсан 69-ийг миний орлогчид өгөөд надад цоо шинэ жийп олж ир гэлээ.

-Таны хэрэглэж байсан бүх тавилгыг экс засаг дарга хэмхлээд галын наадам хийчихсэн шүү дээ гэж хадам түшмэл ховлоход шинэ засаг дарга,
-Тэгвэл энд байгаа бүх эд агуурсыг эвдээд шатаа гэж бархирлаа.

Монголчууд эвдэж шатаахдаа гаргууд хойно жинхэнэ яйруулж өглөө. Тасалгаан доторхийг хэдхэн хоромд зүйл дуусгаад,
-Ноён засаг дарга аа! Бид мөрийн хөтөлбөрийнхөө нэгдүгээр зүйл заалтыг хэрэгжүүлчихлээ. Одоо байшингаа яахав? Нураах уу? гэхэд шинэ засаг дарга хумсаа химлэн хэсэг бодсоноо,
-Байшингаа больё. Дараа нь бид барьж чадахгүй. Бид чинь гэр барьж чадахаас байшин барьж үзээгүй улс гэхэд нэг тарган цатгалан авга түшмэл,
-Байшингаа нураахгүй бол бүгдээрээ одоо жаахан амрах уу? Ёох бүр ядарч орхилоо гэв.

Тэгтэл өөр нэг хэнхэг байрын туранхай өвгөн нагац түшмэл,
-Юу гэж амрах юм бэ. Манай хөтөлбөрт "амарна" гэсэн заалт байхгүй. Харин манай намаас биднийг "Сөрөг нам дарангуйллаа явуулж байсан бузар байшинд намынхаа бодлогыг явуулах гэлээ" гээд манийгаа огцруулчихгүй байгаа гэхэд өөр нэг үеэл түшмэл нь,
-Нураах ч юухан байхав. Харин дараа нь бид задгай газар конторлох нь намын нэр төрд муухай юм аа даа гэв.

-Задгай газар конторлоход яадаг юм бэ. Эзэн Чингист контор байсан юм уу? Конторгүй мөртлөө Чингэсийн мөрийн хөтөлбөр галзуутай биелж байсан биз дээ.
-Ерөөсөө байшингаа нураачаад буурин дээр нь шинэ ордон барья.

-Юу гэж сөрөг хүчний ялзарсан байшингийн үхширмэл суурин дээр өөрийн засаг даргын ордныг барих юм бэ. Тэгвэл манай намын үйлс бүтэхгүй. Тэгээд ч монголчууд бид чинь нурааж чадахаас барьж мэддэггүй онцгой гажиг авьяастай народ.

-Тэгвэл байшингаа нураахыг больё гэж шинэ засаг дарга түшмэлүүдийг чимээгүй болгоод, -Энэ байшин чинь сөрөг хүчний удмын байшин биш. Тэднээс өмнө би энэ байшинд засаг даргаар дөрвөн жил суусан гэдгээ намдаа албан бичгээр мэдэгдье гэлээ.

Намынхаа даргад өргөх бичгээ бэлтгээд шинэ засаг дарга анхныхаа гарын үсгийг мутарлав. Тэгээд тамгаа дарах гэтэл тамгаа шатаачихжээ.

Тэд бүгд "Тамгагүй засаг дарга одоо яана аа. Тамгагүйгээр тамгын газар ажлаа яаж явуулна аа" гэж сандарсан авч хэн нэг нь "Тамга ч яамай, үнэмлэхүй ялалтандаа хөөрөөд конторгүй болсон бол бүр балрах байсан. Муу тамга зэрэг яадгийм. Тамгатай тамгагүй сумын засаг даргад хийх ажил байхгүй болсон цаг юмсан хойно" гэлээ. Бүгд,

-Нээрэн тийм. Цөмөөрөө цалинтай болсон хойно тамгаар яах юм бэ. Одоо бүгдээрээ сайхан найрлая гэж хашгирлаа.
                             
2001