Лев Гумилёв, түүний эрдэм шинжилгээний ажил, нээлтийн тухай товч
Оросын нэрт эрдэмтэн Лев Николаевич Гумилев \1912 – 1992\ Түүх, Үндэстэн, Газар зүйн ухааныг судалдаг эрдэмтэн байжээ.
Лев Гумилёв, түүний эрдэм шинжилгээний ажил, нээлтийн тухай товч.
Оросын нэрт эрдэмтэн Лев Николаевич Гумилев \1912 – 1992\ Түүх, Үндэстэн, Газар зүйн ухааныг судалдаг эрдэмтэн байжээ.Түүний амьдрал, ажлын тухай бичигдсэн ном хэвлэлээс үзэхэд хувь заяа нь ээдрээтэй, өрөвдмөөр, эрдэмийн ажил, үзэл бодол нь сонирхолтой юм байна.
Л. Гумилевын эцэг Николай Гумилев, эх Анна Ахматова нар хоюул олон хэл мэддэг, яруу найрагчид байсан бөгөөд тэдний гарал үүсэл болон шүлэг найраглалын зарим үзэл санаа тухайн үеийнхээ засаг төрийн бодлогод нийцдэггүй байсан шалтгаанаар эцэг нь 1921 онд хороогдсон, эх нь гадуурхагдаж байсаар насан өөд болсон байна.
Лев Гумилов өөрийн эцэг Николай Гумилёвын гарал үүслээс шалтгаалж 1938 онд гэмт хэрэгтэн болж хэлмэгдэн 5 жил, Эхийнхээ үзэл бодлоос болж хэлмэгдэн 1949 оноос 1956 он хүртэл хугацаанд хоригдож цөлөгдөж, хүнд ажилд нухлагджээ.Эцэг эхийнхээ гарал, үзэл баримтлалаас болж хэлмэгдэн ял эдэлж, гадуурхагдах ад үзэгдэхийн зовлон эдэлж байхдаа ч Лев Гумилёв эрдэм шинжилгээний ажилд зүтгэсээр түүхийн шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрээр Орос улсын түүх, үндэстэн, географийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн гэж үнэлэгддэг болжээ.
Лев Гумилевын хувийн амьдрал хүнд хэцүү байсан боловч өөрийн хүчин зүтгэл, хөдөлмөр, тэмцлээр Их сургуульд суралцаж чадсан, Франц, Англи, Перс, Латин, Таджик зэрэг таван хэл мэддэг болсон, Олон хэл дээр бичигдсэн эх сурвалжийг судалж хийсэн дүгнэлтүүдтэй, Эрмитаж, Дорно дахины хүрээлэнд болон археологийн судалгаанд оролцож ажилласаар өргөн мэдээлэлтэй болжээ.
Шинжлэх ухааны ажлыг нэг минут ч орхихгүй ажилласан байна. Гэвч түүний “этнос” буюу үндэстнүүдийн гарал үүсэл, хөгжил дэвшил, сулралыг судалсан олон жилийн судалгааныхаа үндсэн дээр хийсэн дүгнэлтүүд, туурвисан бүтээлүүд нь тэр үеийн шинжлэх ухааны байгууллагууд, ялангуяа дорно дахины түүх судалдаг байгууллагад ажиллаж байсан эрдэмтэдийн үзэл баримтлалтай нийцдэггүй байсан учраас эрдэмийн зэрэг хамгаалах, бичсэн номуудаа хэвлэлүүлэхэд нь саад хийж түүнийг хэлмэгдүүлж байжээ. Л. Гумилев “Эрдэмтэд эрдэмтдийгээ хэлмэгдүүлдэг юм байна“ гэж бичиж байжээ.
Түүхийн шинжлэх ухааны эрдэмтдэд адлагдаж, дээрэлхүүлэхэд хүргэж байсан түүхийн шинжлэх ухаанд хийсэн гол шинэлэг нээлтийнхээ агуулгыг “Хувь заяа ба үзэл баримтлал“ номондоо дараах үгүүлбэрээр тодорхойлсон байна:
\Я обнаружил, что у некоторых людей в большей или меньшей степени существует тяга к жертвенности, тяга к верности своим идеалам. Эти люди в большей или меньшей степени стремятся к осуществлению того, что для них является наиболее дорогим, чем личное счастье и личная жизнь.Этих людей я назвал пассионариями.\ Үүнийг:
\Үндэстэн дотор хүсэл мөрөөдөлтэй, түүнийгээ зөв гэдэгт итгэсэн, мөрөөдлөө биелүүлэхэд өөрийгөө золиослоход бэлэн хэсэг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хувийн аз жаргал, амьдралаас илүү үнэт зүйлээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Ийм хүмүүсийг би пассионарий гэж нэрлэв.\гэж орчуулж болох байна. Орчуулга зөв эсэхийг тунгаана биз. Харин пассионарий гэсэн шинэ үгийн монгол орчуулга байхгүй бөгөөд миний бодлоор “манлайлан тэмцэгчид” гэсэн утгаар орчуулан хэрэглэж болох байх.
Пассионарность гэдгийг тайлбарласан,Тухайлбал: “Пассионарность гэдэг бол амьд биетний биохимийн энергийн илүү хэсэг бөгөөд тэр нь ихэнхдээ өндөр зорилтынхоо төлөө өөрийгөө золиослоход хүргэдэг. Пассионарность гэдэг бол өөрийн амьдрал, хүрээлэн буй орчныг өөрчлөхөд чиглэсэн үйлдэл хийх дотоодын дарагдашгүй хүсэл зориг. Пассионарчуудын хүсэл зориг нь түүний хувийн амьдрал, хамтрагчдын аз жараглаас ч үнэтэй байдаг” гэж тайлбарласан байна.
Л. Гумилевын хэлдэг гол үзэл санаа бол: “Хүн амын дотор пассионарууд олноор бий болсон тохиолдолд тэр үндэстэн - ард түмэн дэгжин дээшилж, пассионарууд байхгүй нөхцөлд дордож доошилдог жамтай” гэсэн байгаа юм. Чухам л Гумилёвын энэ үзэл дүгнэлтийг нь зарим эрдэмтэд өнгөрсөн зуунд таалдаггүй байсан бол энэ зууны эхнээс сонирхох, үнэлэх болж, эрдэмийн бүтээл болох олон ном, лекцүүд нь хэвлэгдэж байгаа юм байна.
Харин пассионарууд хэрхэн бий болдог тухай асуудалд ямар хариу өгч байсан нь түүний лекцүүдийг эмхэтгэсэн номонд байна. Этнологийн бүюу үндэстнүүдийн тухай хийсэн лекцүүдийг нь нэгтгэж 2008 онд хэвлэсэн “Струна истории“ нэртэй номонд Л. Гумилев пассионарууд хэрхэн бий болдогийг тодорхой ярьсан байна.
Тэр нь: “Отдельные пучки энергии, приходят нам из межгалактических пространств или, из межзвёздных пространств нашей галактики. Они попадают на землю иногда, в зависимости от каких-то неизвестных космических ситуаций, и по видимому, именно они вызывают те микромутации, когда возникает пассионарность как новый феномен.” Үүнийг чадан ядан орчуулбал: “Сансар огторгуйн орон зайгаас, эсвэл одод хоорондын орон зайгаас манай дэлхийн чиглэлд энергийн багц орж ирдэг. Тэр энергийн багц нь Сансар огторгуйн, бидний мэдэхгүй нөхцөл байдлаас хамаарч, манай дэлхий ертөнцийн зарим хэсэгт тусаж шинэ үзэгдэл болох пассионарийг үүсгэдэг.“ гэжээ.
Мөн сансар огторгуйгаас ирж байгаа энерги гэдэг нь ямар энерги вэ? Механик энерги, цахилгаан энерги, дулааны энерги гэж байдагаас ямар ялгаатай? гэсэн асуудал гарч, түүнийг тайлбарлах шаардлагатай Гумилев тулгарчээ. Энэ энерги бол ургамлаар дамжин амьд биетэд шингэсэн сансрын энерги бөгөөд түүнийг их эрдэмтэн В. Вернадский “Газар, амьд биетийн химийн тухай эрдэм шинжилгээ”-ний номондоо “Амьд биетийн геобиохими энерги“ гэж нэрлэсэн гэжээ. Пассионар гэдэг бол энергиээр цэнэглэгдэнэ гэсэн үг гэж ч хэлж байжээ.
Энэ бүхэн бол Үндэстнийхээ ирээдүйг төсөөлсөн, түүнийгээ гүйцэлдүүлэх үзэл бодолтой, тэр үзэл бодлоо эрхэм үнэт зүйл гэж үзэж хэрэгжүүлэхийн төлөө амиа ч золиослоход бэлэн байдаг сансрын энергээр цэнэглэгдсэн, бусдыгаа манлайлан дагуулах ер бусын чадвар ухаантай хүмүүсийг пассионарчууд гэж нэрлэж, пассионарчууд нь үндэстэн дотор олон байвал тэр үндэстэн дээшлэн мандана, цөөрөхөөр улс үндэстэн сулран доройтдог юм гэсэн үзэл ажээ. Үүнийгээ Гумилев “Баатар ба харанхуй олон“ гэх онол биш хэмээн үздэг байж.
Улс үндэстэн пассионаруудын олон цөөнөөс болж мандан хөгжиж буюу сулран доройтож байдаг гэх онол үзлээ Л.Гумилов олон жилийн эрдмийн ажлын үр дүнд хийсэн шинэ нээлт хэмээн үзэж түүнийгээ Ази Европын эртний түүх дээр, үүний дотор Ази тивийн түүхээр батлахыг хичээсэн байна. Жишээлбэл:
- Манай он тооллоос өмнөх хоёр зууны үед Модун Шаньюйн пассионарчууд олон байсан үед Ази Европын нутгийг өргөн хамарсан хүчирхэг ХҮННҮ улс гүрэн бий болж байсан,
- Манай тооллын тав дугаар зууны үед Түрэгийн пассионарууд олон байсан үед мөн тивийг хамарсан Турэгийн улс гүрэн бий болж байсан бол,
- Арван гурав дугаар зуунд монголчууд буюу Чингис, түүний удмын пассионарууд олон байх үед Монголчууд урьд урьдынхаас илүү их нутаг - Ази Европыг хамарсан ИХ МОНГОЛ улс гүрэн бий болж байсан тухай бичжээ.
Дайны үед цэрэг дайчдаа эрч хүчтэй болгож манлайлан дагуулж чадаж байсан Македонский, Наполеон, Барклай-де- толли, Кутузов, Суворов зэрэг хүмүүсийг пассионарууд байсан гэжээ. Харин орчин үед мянганы хүн гэж үнэлэгдсэн Чингис, Чингисийн монголчуудыг Сансарын энергитэй пассионарчид гэдгээ өөрсдөө ухаарсан хүчирхэг үндэстэн байсан гэж үздэг байж. Чингис өөрөө бөөгийн шашинтныг ашиглаж байсан боловч үзэл үйлдэл нь таалагдаагүй Хөкчү бөөг хороосон, бүх төрлийн шашныг шүтдэггүй боловч ад үздэггүй, зөвхөн сансарын хүч энерги бий гэдэгт бат итгэж байсан нь тодорхой байдаг. Энэ нь Чингис ба түүнийг залгамжилсан хаад МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧийг шүтдэг байснаар илэрч байжээ.
В. Инжаннаши гуайн 19 дүгээр зуунд бичсэн ХӨХ СУДАР номонд бичигдсэн Тэмүжин Боорчи хоёрын яриа сонин. Боорчи гэдэг залуу Тэмүжинтэй найман шарга адуугаа хулгайд алдаад эрж явхад нь дайралдаад түүнд хандаж: “Хүн бүхэн чамайг цагаан гэрлээс олсон цаглашгүй цэцэн мэргэн, тэнгэр сахиусаас олсон тэнцэшгүй агуу хүчтэй Тэмүжин хэмээн турхирэн хэлэлцмүй. Хойч өдөр эрхгүй, хол ойрыг хумин хураах, хосгүй хаан суух, хувь буянт их заяатан хэмээх юм. Эрхэм чамд хэдэн хөвчит нумыг татах, хэдий хүнд чулууг өргөх ид хүчин буй? хэмээсэнд Тэмүүжин : Олныг хураамжлахуй итгэл эрдэм буй за, ид хүчинд үгүй болой“ гэж хариулж байжээ. “НУУЦ ТОВЧОО“ болон “ХӨХ СУДАР“ хэмээх алдартай түүхэн зохиолд ийнхүү 13 дугаар зууны монголчууд пассионарууд байсныг үгүүлж байна.
Л. Гумилёв пассионаруудын тухай онол дүгнэлтээ “НУУЦ ТОВЧОО“ зохиолыг судлах үндсэн дээр гаргасан байх. Одоогоос 300 гаруй жилийн өмнө буюу “Нууц товчоо“ – г хэвлэгдсэнээс хойш 400 орчим жилийн дараа Франц улсын иргэн Пети де Круа гэдэг хүний бичсэн “Аугаа их Чингис хааны түүх“ гэдэг сонирхолтой ном гарчээ. Энэхүү Франц эрдэмтэн Араб, Турк, Перс хэлээр бичигдсэн ном нийтлэлүүдийг арван жил судалж номоо бичсэн бөгөөд 1711 онд Франц хэл дээр, 1722 онд Англи хэл дээр нийтлэгдсэнийг Мягмарын Саруул-Эрдэнэ гэдэг манай ухаан чадвартай залуу англи хэлнээс орчуулсаныг сонирхон уншиж байна. Энэ хоёр номыг зэрэгцүүлж үзэхэд анхаарагдсан зүйл бол: Франц эрхэмийн номонд Чингис хааны хийж байсан дайн тулаан, түүний ялалтын тухай тодорхой бичигдсэн, Чингис, түүний үзэл баримтлал, ухаан энергийн тухай бичээгүй бол манай “НУУЦ ТОВЧОО”, “ХӨХ СУДАР” номонд Чингис, түүний залгамжлагч нар мөнх хөх тэнгэрийн хүчийг шүтдэг, сансар огторгуйн энергээр эрчимжсэн онцгой ухаан чадвартай хүмүүс байсныг баталж болох олон үг үгүүлбэр бичигдсэн байх юм.
Лев Николаевич Гумилевын үзэл баримтлалаас хандвал улс үндэстний хөгжил доройтол нь нэг баатар буюу гавьяатаас хамаардаггүй, харин хөгжил дэвшлийн зорилт, түүнд хүрэх арга замыг төсөөлж, түүнийгээ хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон амиа золиолоход бэлэн пассионарууд буюу манлайлан тэмцэгчид нийгэм дотор олон байхаас хамаардаг юм байна.
Орчин үеийн Монголчууд бидэнд Л. Гумилевын үзэл баримтлалаас санаа авах юм байна.Гэхдээ сансрын энергээр хүчирхэгжсэн пассионар хүмүүс монголд бий болохыг хүлээх биш, харин Монгол улс алсын хараа буюу урт хугацаанд хүрсэн байх зорилгоо тодорхойлсон, хэрэгжүүлэхийн төлөө хувийн ашиг сонирхолоо хойш тавьж амь биеээ золиослон тэмцэх пассионар манлайлан тэмцэгчид болцгоохыг эрхэмлэх ёстой юм байна. Энэ зорилгоор Монголын ард иргэдэд Монгол улсынхаа хөгжлийн тодорхой зорилтууд, түүнийг хэрэгжүүлэхэд иргэн бүр ямар үүрэгтэйг ойлгуулах нь чухал. Хөгжлийн эрхэм зорилтуудыг ойлгосон, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх, манлайлагчдыг хүн амын ихэнх болгох нь Монгол улсыг өрсөлдөх чадвартай хүчирхэг эдийн засагтай, аз жаргалтай улс орон болгох үндсэн нөхцөл юм.
Л. Гумилевын эрдэмийн ажил, гаргасан бүтээл, дүгнэлтийг нарийн судалбал Монголынхоо түүхийг мэдэх, хувь хүмүүст ч амьдралаа ЗӨВ авч явахад хэрэг болох зүйл их байх бололтой. Манай агуу эрдэмтэн Бямбын Ринчин гуай Л. Гумиловын ажил амьдралыг судалдаг, эрдэмийн ажлыг нь үнэлдэг, дэмждэг байж, 12 м. кв. байранд амьдарч байхад нь очиж уулзаж байсан юм билээ. Түүний эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг үнэлсэн, ямарч бэрхшээлийг даваж гар, үргэлжлүүлж ажиллаад бай гэж бичсэн Б. Ринчин гуайн захидал Л. Гумилевын хувийн архивт нь байдаг.
Лев Гумилев : “Хувь заяа ба үзэл бодол“ гэсэн нэрээр 2008 онд хэвлэгдсэн номонд бичигдсэнээр тэр 1987 онд 75 настай байхдаа 8 ном, 160 гаруй нийтлэл бичсэн гэжээ. Гэвч бичсэн номууд нь илүү олон бололтой.
Түүний бичсэн номоос надад одоо олдсон ном бол: “ДРЕВНИЕ ТУРКИ”, “ХУННУ В КИТАЕ“, “ТЫСЯЧЕЛЕТИЕ ВОКРУГ КАСПИЯ“, “ЭТНОГЕНЕЗ И БИОСФЕРА ЗЕМЛИ“, “ДРЕВНЯЯ РУСЬ И ВЕЛИКАЯ СТЕПЬ“, ”СТРУНА ИСТОРИИ“. Харин “ ХУННУ “ номыг нь хараахан олж чадаагүй.
Эдгээр ном бүгд орос хэл дээр байна. Монгол хэлэнд бүгдийг биш ч зарим чухал гэж үзэж болохыг манай залуучууд сонгон авч орчуулах биз.
Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном
2020 – 10 – 25