ХЯТАДЫН ЦАЙНЫ НУУЦ
Хятад цай нь дотроо зургаан том төрөлтэй: Ногоон цай, цагаан цай, шар цай, улон цай, улаан цай, хар цай. Үндсэн зургаан цайны төрлөөс гадна бас нэг төрлийн цай байдаг ба үүнийг дахин боловсруулсан цай гэж нэрлэдэг. Жишээ нь цэцэгт цай болон шахмал цай гэх мэт. Ихэвчлэн 6+1 гэж нэрлэдэг ба дэлхий дахины цайны төрөл зүйл дэх хамгийн бүрэн цайны систем юм. Цайны үндсэн зургаан төрөл зүйлийн тухай ухагдахууныг Чэнь Юй профессор анх дэвшүүлсэн ба цайны полифеголын исэлтийн түвшин болон исэлтийн аргаас хамааран ангилдаг. Цайны навч нь полифенол агуулах ба агуулагдах хэмжээ нь 18%-36%, полифенолын оксидазыг мөн агуулах бөгөөд эдгээр нь өөр өөр эсийн эрхтэнд тархсан байдаг. Хэрэв полифенол болон полифенолын оксидаз хоорондоо таарвал ферментийн урвал явагдаж, исэлдэх нөлөө үзүүлнэ.
ТА ЦАЙНЫ АМТ ҮНЭРИЙГ ЯЛГАЖ ЧАДАХ УУ?
Цайны хамгийн сэтгэл татам нь түүний анхилам үнэр юм.
Та цайны амт, үнэрийг ялгаж чадах уу? Үнэр, амтыг ялгах нь бидний төрөлх чадвар. Бидний хамар төрөл бүрийн цэцэг, жимс, хоол хүнсний үнэрийг өдөр бүр үнэртэж байдаг. Олон улсын мэдрэхүйн ухааны үүднээс яривал цайны үнэрийг үнэртэх болон байгалийн бусад үнэрийг үнэртэх нь адил зарчимтай боловч цайны үнэрийг үнэртэх нь ялимгүй төвөгтэй. Цайны олон төрлийг шинжих нь улаан дарс, кофег шинжихээс илүү төвөгтэй болохыг харуулдаг.
Амт, үнэрийг ялгах хоёр төрлийн арга зам бий: Нэг төрөл нь хамрын хөндийгөөр үнэрлэх, нөгөө төрөл нь амны хөндийд амтлах.
Бид ихэнхдээ хамрын хөндийгөөр үнэрийг үнэртдэг. Хамрын хөндийд орсон хий биет эхлээд үнэрлэх мэдрэлээр дамжин их тархинд хүрч, ой санамжид үлдэнэ. Үнэндээ хүний биед бас нэг амт үнэрийг амтлах арга байдаг ба энэ нь амны хөндийгөөр дамжуулан амтлах юм. Олон хүн энэ аргыг анзаардаггүй. Хий биет нь энэ хоёр замаар дамжин бидний үнэрлэх мэдрэлд хүрдэг. Үнэрлэх мэдрэл 10-20 сая мэдрэгчтэй ба уг мэдрэгчээр дамжуулан хий биетийг дохио болгож, дараа нь уг дохиог бидний их тархи руу дамжуулж, үүнийг цээжилдэг.
Тиймээс хүн цай ууж чадах үгүйг харъя гэвэл цайны амт үнэрийг ялган таньж чадаж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Ихэвчлэн хоёр шалгуур байдаг: Нэгт, түүний баригч нь ямар байна вэ, үнэрлэх мэдрэл нь мэдрэмтгий эсэх. Хоёрт, ой санамж нь хэр байна гэдгийг харна. Ой санамж сайтай хүн хэдэн мянган төрлийн үнэр байсан ч бүгдийг нь цээжилж, ялгаж салгаж чаддаг.
Цайны салбарт үнэрийг ялгаж чаддаг хүмүүс маш чадвартайд тооцогддог бөгөөд тэд цайг үнэртэж үзээд л ямар цай болохыг нь мэддэг. Жишээ нь, Үи Шаньд амьдардаг найз Ли Фан маань цайны үнэр, амтыг ялгахдаа гаргууд. Тэрээр 2007 онд төв телевизээс зохион байгуулдаг цайны тэмцээний аварга бөгөөд магадгүй уг тэмцээний хамгийн залуу аварга байх.
Нэгт, түүний хамар маш мэдрэмтгий. Шанхайн Олон улсын яармаг худалдааны үеэр “Хятад цайны холбоо”-д ажиллаж байх үедээ өөрийн багийг дагуулан ирж, хуралд оролцсон юм. Тэр өдрөө бид оройн хоол хамт идсэн бөгөөд Ли Фан хоёр аяга шар айраг уухад л хамар нь битүүрч, шингэн нус гоожиж эхэлсэн билээ. Түүний хамар хэт мэдрэг бөгөөд төрөл бүрийн үнэрт үзүүлэх хариу урвал маш их. Энэ бол байгалиас өгөгдсөн давуу тал юм.
Удаах нь тэрээр эдгээр үнэрийг тогтоохын тулд маш шаргуу хичээсэн. Ли Фан анх гар утас засварладаг байсан ба анх Үи Шаньд ирэхдээ цайны тухай ямар ч ойлголтгүй байсан билээ. Гэхдээ тэр өөрөө шаргуу хичээсний зэрэгцээ ой санамж сайтай байсан тул цайны үнэрийг үнэртээд л тогтоож чаддаг болсон байжээ.
Төв телевизээс зохион байгуулдаг цайны тэмцээн нь цайны үнэрийг хэр хурдан ялгаж чадах эсэх чадварыг сорьдог тэмцээн юм. Зохион байгуулагчид найруулсан цайг оролцогч бүрийн өмнө авчирч тавьсны дараа оролцогчид ямар цай болохыг хэлдэг. Тэд цайны навчийг аяганд хийдэггүй ба зөвхөн хандалсан цайг оролцогчдод өгдөг. Цайны өнгө болон үнэрт тулгуурлан ямар цай болохыг тааварладаг нь энэ тэмцээний онцлог билээ. Ли Фан цайны салбарын мэргэжилтнүүд, ахмад цайчдыг ялан гарсан нь тэрээр шаргуу хичээллэсний үр дүн. Тэрээр бүх төрлийн цайг анхааралтай судлахын зэрэгцээ тэдний онцлог, үнэрийг тархиндаа шингээсэн.
Тиймээс цайны үнэрийг ялгахад төрөлхийн мэдрэг үнэрлэх эрхтнээс гадна олж авсан дадлага туршлага, шаргуу хичээнгүй байдал шаардлагатай.
Цайны үнэрийг хийн болон усны уурын гэсэн хоёр хэсгээс мэдэрдэг. Эхний хэсгийг үнэрлэх, хоёр дахь хэсгийг амтлах аргаар мэдэрнэ.
Цайны үнэрийг хоёр хуваана. Нэг нь хийн төрөл агаад үүнд хуурай цайны анхилуун үнэр болоод шинээр хандалсан цайнаас ялгарах үнэр орно. Энэ төрлийн цайны үнэрийг мэдрэх аргыг үнэрлэх гэж нэрлэнэ. Нөгөө нь усны уурын төрөл, үүнд цайг уусны дараа хамрын хөндийд ялгарах уур болоод цайг залгисны дараа аманд үлдэх амт багтах ба энэ төрлийг амтлах гэж нэрлэнэ.
Гадуур зарагддаг цай ихэвчлэн хуурай цай байдаг. Зарим төрлийн цайг ялгахад хялбар байх нь бий. Жишээ нь, олон төрлийн ногоон цайг гадна төрх, өнгөөр нь ялгаж болдог. Зарим төрлийн цай жишээлбэл чулуун цайг зөвхөн гаднаас нь хараад сайн мууг нь тодорхойлох боломжгүй. Тиймээс хандалж үзэж байж л сайн цай мөн эсэхийг нь мэдэх боломжтой. Цайг үнэртэж үзэхэд нэг бяцхан арга бидэнд тусалж магадгүй. Нэг атга хуурай цай руу халуун амьсгалаар үлээмэгцээ үнэртэж үзэхэд хуурай цайны анхилуун үнэр тэр дороо үнэртэх болно. Уг үнэр бидэнд цайны сайн, мууг хэлэх болно. Цайны үнэр хамрын хөндийгөөр дамжин орохыг үнэртэх, цай амны хөндийгөөр дамжин орж үнэрлэх мэдрэлд хүрэхийг амтлах гэнэ. Цайг амтлахдаа түүний амтыг сайтар мэдрэх хэрэгтэй. Цайг амтална гэдэг нь цайг залгисны дараа аманд үлдэх амтыг хэлж буй ба сайн цай амны хөндийд илүү урт хугацаанд үнэр, амтаа үлдээдэг ба уянгалан цуурайтах эгшиг шиг хүний сэтгэлийг татдаг. Цай уух үед цайны үнэр яагаад тийм чухал байдаг вэ? Яагаад гэвэл Хятад хүмүүс хэдэн мянган жил цай уухдаа цайны маш чухал хоёр үүргийг илрүүлсэн: Нэгт, ундны үндсэн чадвар - цангаа тайлах гэх мэт. Хоёрт, гоо зүйн тал бөгөөд үүнд амт болон харааны гоо зүй багтана. Хятадын цайны хэрэглээ нь одоогийн байдлаар эрүүл мэндийн хамаарлаас илүү гоо зүйн шинжид хамаарсан хэвээр байна.
Хятадууд цай уухдаа эхлээд цайны амттай үгүйг, дараагаар нь цайны ширээний үзэмжийг анхаарч үздэг бол ирээдүйн чиг болон олон улсын төлөв нь цайг эрүүл мэндийн чиглэл талаас нь илүү анхааран үзэх хандлагатай байна. Учир нь цайны хэрэглэгчид өөрийн эрүүл мэндэд үзүүлэх цайны ашиг тусыг илүү анхаарч эхэлсэн бөгөөд энэ нь залуучуудад илүү нөлөөлж байна.
Олон улсын мэдрэхүйн ухаанаас авч үзвэл цайг амтлах нь кофе болон улаан дарсыг амтлахтай ижил зарчимтай. Гэхдээ цайны өөрийн онцлог шинжээс үүдэн амтлах явцыг илүү төвөгтэй болгодог. Цайны анхилам үнэрийг үнэртэх аргыг эзэмшсэнээр цай уух нь өөрөө сонирхолтой явдал болж хувирна. Төрөл бүрийн цайны үнэр хэдийгээр адилгүй боловч цайг үнэрлэх үндсэн зарчим нь адил. Үнэрлэх физиологийн зарчмыг ойлгосны дараа цайны амтыг ялгахад хялбар болж, хэрхэн ялгахаа мэдэх болно. Хятадын цайны систем нэлээн төвөгтэй. Мэдрэхүйн ухааны системийг ойлгосны дараа дахин цай уухад Хятад цайны жинхэнэ сэтгэл татам байдлыг бүрэн мэдэрч, ойлгох болно.
Анхилам үнэрийг мэдрэх нь
Бид анхилуун үнэрийг үнэрлэх эрхтнээр дамжуулан мэдэрдэг. Үнэрлэх мэдрэмж бол нэг төрлийн мэдрэх эрхтнээр дамжих мэдрэмж, үнэрлэх мэдрэлийн систем болон хамрын гуравласан мэдрэлийн систем үүнд хамтран оролцдог. Тодруулбал, анхилуун үнэрийн молекулууд эхлээд агаартай нэгдэж, үнэртүүлэгч рецептор болж, улмаар хамрын хөндийн өрц рүү эргэлдэн орно. Үнэрлэх эрхтний рецепторын эс нь идэвхжиж, цахилгаан дохио илгээдэг. Уг дохио нь үнэрлэх бөөрөнцрөөр дамжин эцэст нь их сархдын үнэрлэх бүсийн мэдрэлд мэдрэгддэг.
Үнэрлэх мэдрэмж бол үнэрлэх эрхтнээр дамжуулан үнэрийн молекулыг үнэртдэг холын мэдрэмж юм. Зарим үнэр маш холоос үнэртэж эхэлдэг. Эсрэгээрээ амтлах мэдрэмж бол ойрын мэдрэмж ба амтлах эрхтнээр дамжуулан (хэлэн дээрх амтлах булцуугаар дамжуулан) амтны мэдээллийг олж авна. Хүнс, уух зүйл зэрэг нь аманд орсны дараа л сая нэг амт нь мэдрэгдэнэ.
Нууцлаг үнэрлэх мэдрэмж
Хүний биеийн мэдрэхүй дотроос үнэрлэх мэдрэхүй хамгийн нууцлаг. Нэг хүний ялган таньж, тогтоож чадах үнэр 10.000 төрөл зүйл хүрдэг боловч үүний зарчмыг өнөө хүртэл тайлж чадаагүй байна. 2004 онд Нобелийн бие физиологи /анагаах ухааны шагналыг хүртсэн Ричард Аксэл, Линда Б.Бак нар үнэрлэх мэдрэмжийн нууцыг задалжээ. Тэдний нийтлэлд нийт гений 3%-ийг эзэлдэг 1.000 гаруй харилцан адилгүй генийг агуулсан үнэртүүлэгч рецепторын гений том гэр бүлийг нээсэн гэдгээ зарлажээ. Эдгээр генүүд нь ижил тооны рецепторын төрлийг үүсгэдэг ба үнэрлэх эрхтний эсийн дотор байрлана. Үнэртүүлэгч рефептор нь 1.000 төрөл байдаг ч тэд нэгдлийг зохион байгуулж, улмаар харилцан адилгүй үнэрийг мэдэрдэг. Энэ бол хүн ба адгуус амьтны олон төрлийн үнэрийг таньж ялгах болон цээжлэх физиологийн суурь юм. Үнэрийн молекул нь үнэрлэгч рецепторт хүрснээр нэг цогц ферментийн каскадын урвалыг өдөөж, мэдрэлийн дамжуулалт болгосноор бидний их тархи харилцан адилгүй үнэрийг мэдэрч, санах ойн хэлбэр болгон хадгалдаг.
ЦАЙНЫ АМТ ҮНЭР БИЙ БОЛСОН НЬ
Хятад цай нь дотроо зургаан том төрөлтэй: Ногоон цай, цагаан цай, шар цай, улон цай, улаан цай, хар цай.
Үндсэн зургаан цайны төрлөөс гадна бас нэг төрлийн цай байдаг ба үүнийг дахин боловсруулсан цай гэж нэрлэдэг. Жишээ нь цэцэгт цай болон шахмал цай гэх мэт. Ихэвчлэн 6+1 гэж нэрлэдэг ба дэлхий дахины цайны төрөл зүйл дэх хамгийн бүрэн цайны систем юм. Цайны үндсэн зургаан төрөл зүйлийн тухай ухагдахууныг Чэнь Юй профессор анх дэвшүүлсэн ба цайны полифеголын исэлтийн түвшин болон исэлтийн аргаас хамааран ангилдаг. Цайны навч нь полифенол агуулах ба агуулагдах хэмжээ нь 18%-36%, полифенолын оксидазыг мөн агуулах бөгөөд эдгээр нь өөр өөр эсийн эрхтэнд тархсан байдаг. Хэрэв полифенол болон полифенолын оксидаз хоорондоо таарвал ферментийн урвал явагдаж, исэлдэх нөлөө үзүүлнэ. Ногоон цайнаас улаан цай хүртэл хандалсан цайны өнгө улам тод болж байгаа нь цайны полифенолын исэлдлийн түвшин улам гүнзгийрч байгааг илтгэнэ. Улмаар теафлавин, терубицин, терфусцин болон хувирсан хэрэг юм.
Ногоон цайг исгэдэггүй, улаан цай руу чиглэх тусам исгэлтийн хэмжээ улам өндөр болох ба өөрөөр хэлбэл цайны полифенолын исэлт илүү өндөр болно. Улон цай голд нь байрлаж байгаа нь исгэлтийг талд нь хүргээд цайны полифенолын ихэнх хэсгийг хадгалж үлдсэн гэсэн үг.
Эдгээр цайны үндсэн зургаан төрөл болон тэдний найрлага, амт үнэрийн бүрдлийг одоогийн байдлаар бүгдийг нь илрүүлж болно. Ногоон цайнаас эхлээд шар цай, Улон цай хүртэл тэдний найрлагад юу орох, нэгтгэвэл ямар амт үнэр бий болох зэргийг орчин үеийн шинжлэх ухаан маш тодорхой тайлбарласан байдаг.
Шинэ навчны үнэрийн найрлагад ойролцоогоор 86 төрлийн үнэртүүлэгч бодис байдаг. Хэрэв ногоон цай хийвэл 260 төрөл болж өөрчлөгдөх ба улаан цай эсвэл Улон цай хийхэд энэ бодис 400-500 төрөлд хүрнэ. Улон цай илүү төвөгтэй, багахан буцлахаас аваад боргилох хүртэлх анхилуун үнэрт бодисыг бүгдийг нь багтаасан байдаг. Энэ нь Да Хунпао, Фэнхуан Данцун нар яагаад ийм алдартай болсны илрэл юм. Яагаад гэвэл тэдний анхилуун үнэр үнэхээрийн баялаг, сэтгэл булаам билээ.
Хэрэв Хятад цайг энгийнээр ойлгогдохоор тайлбарлая гэвэл би цайг ойролцоогоор дараах гурван үндсэн төрөлд хуваана: Исгэдэггүй цай, хагас исгэлттэй цай, бүрэн исгэлттэй цай.
Исгэдэггүй цай, жишээлбэл ногоон цай, анхилуун үнэрийн механизм нь дулааны нөлөөллийг гол болгодог.
Бүрэн исгэлттэй цайнууд дундаа улаан цай нь липидийг задлах нөлөөллийг гол болгодог.
Энэ хоёрын голд орших хагас исгэлттэй цай, жишээлбэл Улон цайны анхилуун үнэр, амтны механизм нь усжин задрах нөлөөг гол болгодог. Цагаан цай, шар цай болон хар цайг исгэлтийн зорилтоор дараагийн төрөлд ангилж болох ба цагаан, шар цай нь ногоон цайтай төстэй, хар цай нь улаан цайтай төстэй.
ЦАЙНЫ НАВЧИЙГ ИЛРҮҮЛСЭН НЬ
Маш олон хүн цайг хэрхэн бий болсон тухай сонирхдог.
Цайны мод бол анх Юньнаниас Зяннань, Дуннань руу нүүлгэсэн ургамал юм. Цайны мод үргэлж байсаар байсан бол цайны навчны нээлт нь үнэндээ цайны навчны соёл иргэншлийн түүх билээ.
Цай бий болсон тухайд гурван төрлийн яриа байдаг: Шэннуны түүх,Бодьдармагийн түүх, Лүюүгийн түүх.
Гурван түүхийн онцлог шинж адилгүй. Шэннун цайны хор тайлах шинж чанарыг, Бодьдарма цайны сэргээх шинжийг, Лүюү цай ууж хэрэглэх шинж чанарыг илэрхийлжээ. Энэ гурван түүхэнд хүн төрөлхтөн цайг танин мэдэх харилцан адилгүй үе шатыг тусгасан байдаг.
Шэннуны түүх
Шэннун бол Хятадын домогт гардаг янз бүрийн өвс ургамлыг нээсэн хаан билээ. Бидний өдгөө хэрэглэж буй үр тариа болон жимс ногоог шинээр нээж илрүүлсэн нь бүгд түүний гавьяа. Цай ч мөн адил, түүний янз бүрийн цэцэг, ургамал, жимс амсах явцдаа санамсаргүй нээсэн ололт юм. Домогт өгүүлснээр Шэннун болор гэдэстэй, идсэн зүйлс нь бүгд харагддаг гэлцдэг. Зэрлэг өвс амсах явцад Шэннун золгүйгээр хордож, хороо тайлахын тулд маш олон төрлийн ургамлыг идсэнээс үр дүнд нь нэг ургамал хор тайлж чадахыг илрүүлсэн нь “Цай’’ ба бидний маш сайн мэдэх одоогийн “Цай” юм.
Би бодохдоо Шэннуныг төлөөлөл болгосон эртний иргэд төрөл бүрийн ургамлыг амсах явцдаа идэж болохоор зүйлсийг ангилсан гэж үздэг: эхний төрөлд, шим тэжээл нөхдөг болон хоёр гурван сард боловсрох боломжтой хүнсний ногоо, хагас жил эсвэл нэг жилд боловсрох үр тариа, жимс багтана; нөгөө төрөлд, өвчин эмнэх ба эдгээр нь муухай амттайгаас гадна хэдэн жил, арав гаруй жил болж сая нэг үр ашигтай нөлөө үзүүлэх ба энэ нь Хятад эмийн ургамал юм.
Цай нь энэ хоёр төрлийн хооронд орших ба холимог шинжтэй ургамал. Цайг хэдийгээр хүнсний ногоо гэж болох ч гашуун учраас их идэх боломжгүй; хор тайлах, өвчин эмнэх нөлөөтэй ч эмийн ургамалтай харьцуулбал эмчлэх нөлөө хязгаартай. Тиймээс цай нь нэмэлт шим тэжээл эсвэл эмийн ургамал ч биш юм. Үнэндээ цай нь тэнцвэртэй байдлаар шим тэжээл өгдөг.
Гэвч эртний Хятадын иргэд цайг тэнгэрийн хишигт хамааруулж “Бүх өвчнийг эмчлэх эм’’ хэмээн нэрлэжээ.
Яагаад ийм болсон бэ? Эм эмчилгээний нөхцөл хязгаартай байсан тухайн үед энэ навч нь бүх төрлийн өвчинд бага зэргийн нөлөөтэй байсан. Иймд хүмүүс цай нь бүх л өвчнийг эдгээж болно хэмээн боддог.
ЦАЙ ХАНДЛАХ УРЛАГ
Сүн улсын үеийн дээд зэргийн хэрэглээний нэг болох дугуй булант цайн дээр маш олон луу болон галт шувуу сийлсэн байдаг нь “Лун туань фэн бин” гэж нэрлэдэг. Дараагаар нь эдгээр дугуй булант нь улам жижгэрч, илүү уран нарийн хийцтэй болсноор түүхий эдийн үнэ дагаад өсжээ. Дагуулж буй үр дүн нь цайг улам шинэ, илүү үнэтэйдээ алтнаас ч үнэтэй болсон. Яг л Өү Янсюгийн уулга алдан хэлсэнтэй адил алт олоход хялбар ч цайг олоход амаргүй, сайн цай мөнгөтэй байсан ч худалдаж авч чадахгүй. Энэ төрлийн цай хийх арга нь цай уух аргыг тогтоон шийдвэрлэсэн билээ. Цай хандлах арга нь нунтаг цайгаа хөөсрүүлж уухыг хэлдэг нь үнэндээ цай идэж буй хэрэг. Учир нь цай нь амин хүчлийг ихээр багтаасан тул үнэхээр шинэхэн, идэхэд бага зэрэг гашуун байдаг. Сүн улсын цай хандлах урлагийн гоо үзэсгэлэн дээд хязгаартаа хүрсэн ч Сүн улсын үеийн бүх хүмүүс энэ маягаар цай уудаг байсан гэдгийг илэрхийлэхгүй, харин энэ нь тухайн үеийн гол хэрэглээний арга гэж үзсэн хэрэг.
Бүхий л дээд давхаргын нийгмийнхэн цай хандлах урлагийн сүрлэг үзэсгэлэнд төөрч, тэр байтугай Их Сүнгийн хаан хүртэл дунд нь оролцож байсан. Энэ хаан бол Сүн Хуйзун Жаози юм.
Сүн Хуйзун өөрийн гараар цай хандалдаг төдийгүй тусгайлан цайны тухай нэгэн бүтээл туурвисан нь Дагуанийн цайны онол билээ. Энэ ном нь Дагуанийн анхдугаар онд (МЭ 1107) бүтээгдсэн цайны тухай гярхай үзэл бодол гүн гүнзгий тайлбартай нэгэн үнэхээр тусгай цайны навчны бүтээл ажээ.
Сүн Хуйзун магадгүй буруу замаа сонгосон байж болох юм. Тэрээр яруу найраг уран бичлэг, цай зэрэг бүгдэд нь гаргууд нэгэн байсан. Хэрвээ тэрээр хаан болоогүй байсан бол нэгэн гарамгай урлагийн их мастер болох байсан ч харамсалтай нь, хаан ширээнд тоглоом наадгайгаар ёс суртахуунаа умартаж, том төр гүрнээрээ хүртэл тоглон алдсан билээ. Сүн улсаас цайны хэрэгсэл, хоолны хэрэгсэл, архины хэрэгсэл зэргийг шавраар хийдэг байсан. Сүн улсын үед Зяньжань үүссэн ба пааландах болсон нь үүний хамгийн том дэвшилт. Зяньжань нь хар өнгөтэй тул цай аягалахад үүсэх цагаан хөөстэй уусан өнгө нэмдэг нь цайны гоо үзэмжийг илэрхийлдэг. Сүнгийн иргэдийн гоо сайхны үзэмж ихээхэн өндөр байсан тул энэ үеийн бүтээлүүд мөнхийн дараа үеийн бүтээлүүд даван гарах боломжгүй бүтээлүүд болсон юм. Зяньжань эсвэл Рүяо ч бай бүгд асар том тодорхойгүй байдлаас төрөн гарсан бөгөөд гоо сайхны гарцаагүй байдал мөн нэгэн санамсаргүй ур чадвар юм. Би олон удаа Фүзянийн Зяньжань руу явж Зяньжанийн болон эртний Рүяогийн эвдэрхий балгасыг үзэж танилцаж байсан. Балгас гэдэг нь үнэндээ хэд хэдэн уултай холбогдсон овоолсон бүрэн дуусгаагүй бүтээл болон шаардлага хангаагүй бүтээлийн овоолсон сэрд хийлгэм хуучин буурь юм. Энэ нь Зяньжанийн тодорхойгүй шинж маш өндөр ба хэдэн арван сая удаа туршиж үзсэнийг илэрхийлж буй хэрэг. Үзэсгэлэн гоо нь стандартад нийцэж сонгогдон үлдсэн болгон нь урлагийн дээд үнэт бүтээл юм.
Тухайн үеийн Рүяог хийх үед Сун Хуйзун тэнгэр рүү заан: борооны дараа үүлс сарнина хэмээн хэлжээ. Түүнд хэрэгтэй байсан нь бороо орсны дараах тэнгэрийн өнгө билээ. Одоо Сүнгийн үеийн Рүяо бүтээлийг харахад нэг л дулаан, цэвэр хийгээд үзэсгэлэнтэй нь олон хүний хүч хөдөлмөр эд материалыг зарцуулан хийсэн бүтээл билээ. Рүяо нь хүний гар урлалын хязгаараас илүүтэйгээр тэнгэрээс заяасан аз сорьдог юм. Сүнгийн үед баян чинээлэг байсан газар нутгаа тэлэхгүй, мөн цэргийн хүчээ нэмэгдүүлээгүй ч асар их хөрөнгө үрж байсан нь цай хандлах, Рүяо, Зянь аяганы гоо үзэсгэлэнгийн жаргалд умбаж байсны бодит илэрхийлэл. Учир нь Сүнгийн үе гоё сайхан байснаас доройтон буурсан.
ЕВРОПЧУУДЫН ЦАЙ УУХ БОЛСОН ТҮҮХ
Европчуудын цай ууж эхэлсэн түүх XVII зууны эхэн үеийн далайн дээрэмчдийн эринээс гаралтай бөгөөд хамгийн анхны цай Европт 1606 онд тээвэрлэгдэн хүрсэн. Нидерландын Дорнод Энэтхэгийн компани Сямыниэс далайн худалдаагаар хятад цайг Европ руу гаргадаг байсан. Дараагаар нь Их Британи Нидерландыг ялснаар 1669 оны үед Нидерланд Хятадын гадаад арилжааны гэрээг зогсоожээ. Хожим Их Британи Азийн цай борлуулах эрхийг авч, Сямынь нь цайны худалдаа эрхлэх барааны төв болсон. Европт цайны хэрэглээ хөгжсөн нь дараах хоёр хатагтайн ач тус билээ. Нэг нь Кэтрин гүнж, нөгөө нь хатагтай Анна юм. Их Британийн улаан цай уух соёлыг Португалын гүнж Кэтрин түгээсэн билээ. Түүнийг II Чарлзтай гэрлэхэд инжинд нь нэг хайрцаг улаан цай байсан. Тонгмүгуаны нутгийн иргэд тухайн хайрцагтай цайг Лапсан Соучон хэмээн боддог. Би энэ хайрцаг цайг Лапсан Соучон биш, харин Үи уулын цай гэдэгт итгэдэг. Кэтрин гүнж цай уух дуртай нэгэн байсан ба энэ нь Британийн хааны гэр бүл дорнын гайхалтай цайны навчийг хүлээн авахад хүргэсэн. XIX зууны эхэн үе буюу Викториагийн эрин үед Их Британид Анна гэдэг хатагтай байжээ. Тэрээр 3-4 цагийн үед найзуудтайгаа үдийн цай уудаг байсан нь язгууртнуудын дунд хамгийн тансаг зэрэглэлийн байдлаар амрах орчин буюу нийгмийн соёлыг үүсгэжээ. Энэхүү уулзалтыг санаачилсан бүсгүйчүүдийн дийлэнх нь язгууртан, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг байсан. Хамгийн сайн чанарын зүйлээрээ зочдыг угтан авч, өөрийн байр суурь, нэр төрөө илэрхийлдэг байв. Тухайн үед цай нь амь насаа зольж, алс дорноос авчирдаг байснаараа өндөр үнэтэй, зөвхөн тухайн үеийн нийгмийн дээд түвшний хүмүүс л хэрэглэж чаддаг хэрэглээ байжээ.
УЛС ХӨГЖИХӨД ЦАЙ ДАГАЖ ХӨГЖИНӨ
Энэ нь юу гэсэн утгатай вэ? Улс орон хөгжин цэцэглэх үед хүмүүсийн цай уух нь ихсэх бөгөөд газар газрын хүмүүс цайг өргөнөөр хэрэглэнэ. Улс орон дайн дажин, үймээн самуунтай байх үед цай уух хүн багасах тул цайны амт үнэр ч үүнийг дагаад суларна. Өөр нэг сонирхолтой үзэгдэл бий бөгөөд энэ бол тухайн үеийн хаан нь цайнд ач холбогдол өгч буй эсэхийг харах, цайнд ихээхэн ач холбогдол өгдөг, хааны төр барих цаг нь урт, түүний хаанчлалын үеийн нийгэм ч тогтвортой байдаг.
Үүний шалтгаан нь их энгийн, цай уух нь АМЬЖИРГААНЫ ТҮВШИНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. Хятадын цайны нийт гарц 2006 оны үед анх удаа Энэтхэгийг даван гарч, дэлхийд нэгт жагсах болсон. Жэзяны их сургуулийн Ван Юэфэй профессор 2006 оноос 2030 он хүртэл 25 жилийн хугацаа бол Хятадын цайны салбарын алтан үе гэж хэлж болно. Тиймээс Хятад улс эх орон цэцэглэж, цайны салбар хөгжих цаг үед дахин шилжих болно гэжээ.
Хятад орон навчаар цайны соёл иргэншлийг бэлгэддэг, үүний хамгийн том онцлог бол хичээнгүй, эв найртай хамтын оршин тогтнол дор эрх тэгш байдлыг эрэлхийлдэг. Цай уух бол суугаад найрсгаар чөлөөтэй харилцан ярилцахыг илэрхийлэх бол цайгаар дайлна гэдэг нь хамтын ажиллагааны хөгжлийг илэрхийлнэ. Иргэдийн дундах “Цайны яриа” байсан ч эсвэл албаны “Ван Гү нарын уулзалт” байсан ч аль алин цайг бэлгэ тэмдэг болгосон ба үүний зорилго нь үзэл санааны зөрчлийг шийдвэрлэж, эрх ашгийг тэнцвэржүүлэх байсан. Энэ нь цайны үндсэн чанартай төгс нийцэж байгаа юм. Ялангуяа дэлхий ертөнц цөмийн зэвсэгжсэн өнөөгийн цаг үед хэн нь ч аль нэг улс орныг тэр чигээр нь эзэрхийлэн дийлнэ гэж үгүй. Цай уунгаа тайван суугаад хамтдаа хэлэлцэх нь хамгийн зөв сонголт билээ.
Ирээдүйд цайны навчны “дайн” бол соёлын эрхийн төлөөх тэмцэл, гоо зүйн чиглүүлэг болох болно. Тиймээс хятадын соёл иргэншлийг түгээх нь хялбар бөгөөд хүмүүсийг гар дахиа түр орхиод цай уулгахаас эхэлнэ. Хятад үндэстний хөгжин цэцэглэлтийг дагаад хятадын соёл ч дэлхий дахинаа түгж байна. Зүүний гоо зүй удалгүй дэлхийн загварын бэлгэ тэмдэг болох болно.