Хятадын Нийгмийн үнэлгээний систем Монголын нүүрс олборлогчдод хэрхэн нөлөөлөх бол?
Та итгэл даах сайн хүн мөн үү? Танай компани итгэл хүлээж чадах хариуцлагатай байгууллага уу?
Та итгэл даах сайн хүн мөн үү? Танай компани итгэл хүлээж чадах хариуцлагатай байгууллага уу? Хятадууд эдгээр асуултад хариулах гэж зүдэх хэрэггүй болсон гэвэл хатуудсан болохгүй биз ээ. Та настай эцэг, эхээ эргэхгүй удвал, танай компани хэрэглэгчид чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдсан бол таны “итгэл даах” эсэх үнэлгээ буурна. Тийм ээ, саяхан буюу 2018 оны 5 сарын 1-ний өдрөөс Хятадад Нийгмийн үнэлгээний систем (Social Credit System) албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Барууны хэвлэлээр уг систем хувь хүний эрхэд хэрхэн халдаж буй талаар нийтлэл шил даран гарч, үүнийг Орвэллийн 1984 бодит амьдрал дээр биеллээ оллоо хэмээн шуугицгааж байна.
Ямартай ч энэ бол гэв гэнэтхэн бодож олоод зарлаж байгаа цоо шинэ зүйл биш юм. 1990-ээд оны сүүл үеэс яригдаж эхлээд 2014 онд Төрийн зөвлөлөөс “Нийгмийн үнэлгээний систем байгуулах төлөвлөгөө (2014-2020)” хэмээх бодлогын баримт бичгийг боловсруулж, хэд хэдэн хотод туршсаны эцэст энэ онд ийн албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн ба 2020 он гэхэд үндсэн дэд бүтцийг байгуулан, орон даяар мөрдүүлэх зорилт тавьжээ.
Биг дата, хиймэл оюун ухаан зэрэг технологид тулгуурлан хувь хүмүүс болон албан байгууллагуудын зан суртахууныг хянаж, үнэлгээ өгч, зохицуулах энэ систем Хятадын дотоодын компаниуд болон Хятадтай бизнес хийж буй гадны компаниудад ямар үр дагавар авчрахыг хөндсөн нийтлэл ховор байна. Гэхдээ австраличууд энэ систем Хятад руу хийж буй нүүрсний экспортод нь сөргөөр нөлөөлж болзошгүй тухай бичжээ.
Хятадын Нийгмийн үнэлгээний систем нь Европ болон АНУ-д хэрэглэдэг банкуудын зээлийн үнэлгээний системийг цааш гүнзгийрүүлэн нийгэм, байгаль орчин болон улстөрийн хүрээгээр тэлсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Хятад компаниуд зээл төлөлтийг хожимдуулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны болон бусад журам, стандартад үйл ажиллагаагаа нийцүүлээгүй, түүнчлэн хэрэглэгчид захиалгыг цагт нь хүргээгүй гэх мэт бага гэлтгүй зөрчилд энэ системийн дагуу үнэлгээнээсээ хасуулна гэсэн үг.
Энэ системийн дагуу сайн үнэлгээ авсан компани зээлийн хөнгөлөлт, бага татвар, хөрөнгийн биржид хувьцаагаа саадгүй гаргах, төрийн тендерт оролцох, гадагш хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл “ногоон гэрлээр” авах гэх мэт бизнесээ явуулах таатай нөхцлүүдээр хангагдах тул компаниудад хууль журмыг ягштал мөрдөн, үйл ажиллагаа, бизнесийн арга барил, хэрэглэгчидтэй харилцах зэрэгт “маш хянамгай” хандахаас өөр аргагүй. Эс бөгөөс удирдах албан тушаалтнууд нь галт тэрэг, нисэх онгоцоор ч зорчих эрхгүй болж, Си Жинпиний хэлснээр “гишгэх газаргүй” болох энүүхэнд аж.
Хятадын гадагш хөрөнгө оруулалт хийж, хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй компаниудын олонх нь төрийн өмчийн компаниуд байдаг бөгөөд томоохон хөрөнгө оруулалт хийхэд зайлшгүй төрөөс зөвшөөрөл авдаг. Монголд үйл ажиллагаа явуулж буй хятад компаниудад ч энэ хамаатай. Эдгээр компаниуд урьд өмнөхөөсөө илүү хянамгай, ямар нэг зөрчил гаргахгүй байхад бүх “мэдрэхүйгээ” ажиллуулах гэж байгаа нь сайн хэрэг. Хэрэв тэд энэ системийн үндсэн концепци болох “итгэл даах байдал”-аа харуулж чадахгүй бол бизнесийн боломжууд нь салхинд хийсээд одно.
Хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, цахим худалдаа, хүнс, эмийн бүтээгдэхүүн, ган, тээвэр, логистикийн салбарууд ямартай ч энэ системд эхний ээлжинд хамруулах салбаруудын тоонд багтжээ.
Хятад судлалын Меркатор хүрээлэнгээс Нийгмийн үнэлгээний системийн эдийн засаг, компаниудад учруулж болох сөрөг үр дагаврыг судлан, төрийн бодлого журамд үйл ажиллагаагаа нийцүүлэх нь маш их зардалтай бөгөөд олон компани үүнийг хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ хэмээжээ. Орчны бохирдол үүсгэж буй үйлдвэрүүдийн янданд нь мэдрэгч, ухаалаг метр суулган эрчим хүчний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэмжих гэх мэт арга хэмжээ авах тухай яригдаж байгаа энэ үед ялангуяа байгаль орчны стандарт, журмуудыг мөрдөхөд тун ярвигтай нөхцөл байдал үүсэхээр байгаа юм. Дээрх хүрээлэнгийн тайланд Нийгмийн үнэлгээний системд “үл нийцүүлэх” гэсэн сонголт угаас байхгүй тул бизнесээс шахагдах эсхүл хөрөнгө оруулалтаа хязгаарлах байдалд хүрч болзошгүйг дурджээ.
Австраличуудын “айж байгаа” шалтгаан чухам энд л байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас хааяадаа нэг хийдэг шалгалтаас огт өөр, алхам бүрийг алдалгүй ажих ухаалаг технологиор хянуулаад эхэлбэл Хятадын дотоодын үйлдвэрүүдийн нүүрс, төмрийн хүдрийн хэрэглээ багасна хэмээн таамаглаж байна. Австралийн мэдээллийн тэргүүлэх сайт news.com.au-д өгсөн ярилцлагадаа Монаш Их сургуулийн судлаач Алис дэ Жонгэ Нийгмийн үнэлгээний системээс үүдэн “Манай улсын Хятад руу хийж буй түүхий эдийн экспорт буурч, бүр огцом багасч мэднэ” гээд Австрали ногоон технологид анхаарлаа хандуулж эхлэх цаг болсныг сануулжээ. Дэлхийн том нүүрс экспортлогч оронд энэ систем яаж нөлөөлөхийг хэлэхэд эрт ч дэргэд нь байгаа бид ч бас нэгийг бодууштай.
Энд гэхдээ логик зөрчил бий – хилийн чанадад нүүрсний уурхайд хөрөнгө оруулсан хятад компаниуд, эргээд нүүрсээ Хятад руу экспортлож байгаа. Тэгтэл дотооддоо нүүрсний хэрэглээг ийн багасгах арга хэмжээ авбал тэд үйл ажиллагаагаа яаж уялдуулах бол? Магадгүй гадагш хийх хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлдээ өөрчлөлт оруулж мэдэх юм.
Зөвхөн ганц тоо баримт дурдахад, уг системийн дата цуглуулах гол сурвалжийн нэг болох Хятадын төв банкны харьяа Үнэлгээний лавлагааны төв албан ёсны сайт дээрээ тус төвд 2013 оны эцсийн байдлаар 830 сая хувь хүн, 20 сая компанийн зээлийн мэдээлэл төвлөрсөн хэмээн мэдээлсэн байв. Тоолуур хэдийнэ эргээд эхэлжээ. 2015 оноос Хятадын Үндэсний хөгжил, дэвшлийн хороо, Төв банк хамтран Нийгмийн үнэлгээний системийг Хятадын 43 хот, дүүрэгт туршилтын журмаар хэрэгжүүлж, сүүлийн хоёр жилд технологийн асуудал дээр дорвитой ахиц гарсныг Меркатор хүрээлэнгийн судалгаанд онцолжээ. Туршилт амжилттай болсон учир энэ систем бүрэн утгаар хэрэгжих магадлал тун өндөр болж байна. Харин манай уурхайнуудын Хятад руу экспортлож байгаа бүтээгдэхүүн стандарт, шаардлагыг нь хангадаг байгаа!?
tugs
Зочин
Б.Батболд