Хятад судлал – Шалгуур босго өндөртэй мэргэжил
(Монгол Улсад хятад судлалын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой)
(Монгол Улсад хятад судлалын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой)
Би бол МУИС-ийн 1974-1979 оны оюутан юм. Эхний хоёр жилдээ монгол хэл-уран зохиолын ангид (манж хэлний сонгонтой) суралцаж байгаад гуравдугаар курсээсээ хятад хэл-судлалын ангид шилжиж суралцаад их сургуулиа дүүргэсэн. МУИС-ийнХэл бичгийн факультетэд хятад хэлний анги дахин нээж ажиллуулах шийдвэр дээд газраас гарсны дагуу 1974 оноос эхний элсэлтээ авч, би бол 3 дахь элсэлтэд нь сонгогдсон оюутан юм. Намын Төв Хороо, НАХЯ-наас Та нарыг судалж шалгаруулсан гэх яриаг багш нараасаа бишгүйдээ сонсож явснаас яг тэгж шалгаруулсан эсэхийг бол мэдэхгүй. Гэхдээ босго шаардлагаөндөртэй, тэр хэрээрээ биеээ ихээхэн дайчлах, хариуцлагатай мэргэжил сонгож авчээ гэдэг нь төд удалгүй мэдрэгдэж байсан даа.
1976 оны намар хятад хэлний ангид3 эрэгтэй, 1 эмэгтэй элсүүлсэний дотор хожмын ШУА-ийн ОУСХ-ийн доктор Л.Бэгзжав, нэртэй хятад судлаач доктор М.Чимидцэеэ,мөн Д.Эрдэнэчимэг гэж бүсгүйбид дөрөв байж билээ. Шинэ цагийн анхны оюутнууд байсных бэрхшээл зовлон, мэдэхгүй чадахгүй юм зөндөө л байсан санагдана. Үнэндээ хятад хэл сурна гэдэг тухайн үед бид хятадын орчноос бүрэн тасарсан, ном сурах бичиг байхгүй,зөвхөн монгол багш нар заана, уншиж сонсох, дадлага хийх боломж байхгүй, лингафон кабинет гэж байхгүй зөвхөн цээжлэх, ханз үсгээ зурж цээжлэх аргаар л сурч байлаа. Тиймдээ ч Д.Эрдэнэчимэг маань замын дундаас шантраад алга болсон. Бид гурван эрэгтэй л мацсаар явж төгссөн дөө.
Бидний хятад хэлний жинхэнэ загалмайлсан багш нар бол Чой.Лувсанжав, Э.Чимэдцэрэн багш, Ц.Базаррагчаа багш , Ч.Таамаа багш, Ч.Төмөр, Д.Лхамсүрэн багш нар. Ганц нэг удаа шалгалтад ирж суудаг байсан Я.Ламзав гэж “Монголын мэдээ” сонины редактор ирж цагаар хичээл заадаг байсан. Хятад хэлний ангид зам мөрийг минь гаргаж, гарыг минь ганзгадад хүргэсэн эд нартаа мялаалгын үгсээ урсгахад харамгүй. Одоогийн оюутнуудад бол үнэмшигдэх эсэхийг бүү мэд. Энэ хэдээс өөр мэргэжилтэн багш гэж байсангүй. Сурах бичиг гэж тоймтой юм байгаагүй. 1950-иад онд хятадад хэвлэгдсэн хуучин сурах бичиг бид олж авсан байсан. Түүгээрээ л нухдаг байлаа. Тэгэхдээ бид чадлаараасурсан. Би бол бүлэг дотроо хамгийн гоё бичигтэннь, ханзыг зураг шиг бичдэг гэгдэж байсан. Ер нь би өөрөө зургийн авьяастай, багадаа маш их зураг зурдаг хүүхэд байсан учраас тэр л дээ.
Их сургуулиа төгсгөөд хятад судлалаараа тууштай ажиллаагүй дутагдал бол надад бий. Би чинь эрээвэр хураавар, баялаг зам туулсан хүн. 1979 онд төгсөх үест 2-3 албан газар намайг сонирхож байсан. Нэг нь тухайн үеийн НАХЯ, угаасаа чекист хүний гэр бүлийн хүн, удам судар сайтай, онц сурсан, намын идэвхтэн гишүүн, Оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга намайг НАХЯ-ны гадаад тагнуулын албанд хятадын эсрэг ажиллуулахаар авах байсан юм болов уу. Гэтэл гэнэт авахаа больчихлоо л болсон. Тэгээд манай ангиас онц сурсан хөдөөний өөр нэг залууг авсан. Тэр нь Монгол хэл-уран зохиолын ангид онц сурсан, улаан дипломтой төгссөн болохоор тэгж шилэгдсэн байх. Ингээд НАХЯ-нд орж чадаагүй би Монголын Радиогийн гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцийн дэргэдэх Монгол, хятад, казах хэлний редакцад хуваарилагдсан даа. Тэр редакцийн хариуцлагатай редактор Чойнзонгомпилын Төмөр багш маань Чимидцэеэ бид хоёрыг албандаа татаж авч хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлсэн буянтай хүн юм.
Төмөр багш маань МУИС-д бидэнтэй 3 жил багшаар хавсран ажилласан, биднийг сайн мэддэг таньдгийн хувьд радиод авсан. Өмнө нь 1978 оны хавар 4 дүгээр курсэд, намар нь 5 дугаар курсэд хятад хэлний дадлагаа түүний редакцид хийж байсан маань ч ийм шийдвэрт хүрэхэд нөлөөлсөн байх. Радиод хятадын асуудлаар бичдэг тоймч болгоё, чамд амлах юм бол Вьетнамын радиод хятад хэлний курсэд нэг жилээр явуулъя гэж надад хэлж ухуулж байсансан. Тэр үед Монгол-Ветнамын хамтын ажиллагааны шугамаар Вьетнамд явж дадлагаждаг практик байсан юм билээ. Ингээд Вьетнам явна гэсэн болзолтойгоор би Монголын Радиогийн хятад хэлний нэвтрүүлэгт орчуулагчаар орж билээ.
Тэнд монгол хэл дээрхи хэвлэлийн мэдээнүүдийг хятад хэл рүү орчуулах, мөн мэргэжилтэн тоймч Митрофановын (Москвагийн радиогоос томилогдсон, хятадын асуудлаар дагнасан тусгай хятад судлаач) маоизмын эсрэг бичсэн, Хятадыг шүүмжилсэн өгүүллүүдийг орос хэлнээс орчуулах ажил эрхэллээ. Тэр хүний бүтээлийг орчуулсаар байгаад миний хятад судлалын мэдлэг мэргэжил ч гайгүй өслөө. Митрофанов нь их мэдлэгтэй, гүндүүгүй, соёлтой орос залуу байсан санагдана. Тэрээр гэрээрээ голдуу тоймоо бичээд ирдэг, бид орчуулаад Хятадын чиглэлд цацдаг. Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакц гээд нэрнээсээ эхлээд хэн бэ, юун алба вэ гэдэг нь тодорхой. Бид чинь харгис маоизмын эсрэг, маоист Хятадын эсрэг суртал нэвтрүүлгийн чухал албыг залгуулж байгаа үзэл суртлын фронтын тэргүүн шугамын дайчид байлаа л даа. Митрофановын бичдэгээс гадна Москвагийн радио, ТАСС-аас ирүүлдэг олон арван тойм, тайлбар, өгүүллийг оросоос монгол руу, дараа нь хятад руу орчуулаад л өдөр бүр радиогоор цацна гэсэн үг. Орчуулгуудын хувийг телетайп гэх техникээр Баян-Өлгий рүү илгээгээд, тэнд манай салбар редакц хасаг хэл рүү хөрвүүлээд Шинжааны чиглэлд бас цацна.
Миний ажил амьдралын тойрог явж явж олон улсын харилцаа руу чиглэх хөрс суурь чухам энэ Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцид тавигдсан гэж би үздэг. Олон улсын харилцааны системтэй мэдлэг, нийтлэл бичлэгийн дадлыг тэндээс олж авч,1980 оны хавраас нийтлэлүүдээ радио ба төвийн хэвлэлүүдээр хөврүүлж эхэлжээ.
Хэн хаанаас санаачилсан юм бол, нэг өдөр намайг МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний редакцаас дуудаад Монгол телевизээр олон улсын тойм оройн мэдээний араас ярьж бай гэлээ. Ингэж би анх удаа цэнхэр дэлгэцийн эфирээр 1979 оны сүүлчээр анх удаа гарч үзлээ. Долоо хоногтоо 1-2 удаа, лав 20 гаран удаа тэгж олон улсын тойм ярьсан байх. Тэр үед МРТУХ-нд тоймч, тайлбарлагч гэж хоёр тусдаа алба байсан. Тоймч гэдэг нь Намын Төв Хороогоор батлагддаг, “улс төрийн” гэсэн тодотголтой, тусгай цалинтай, эрх бүхий орон тооны албан тушаал, харин тайлбарлагч гэхлээр аль нэг редакцийн орчуулагч, редактор хавсарч хийдэг, мань мэтийн тэр ТВ-д хийдэг шиг алба байжээ. Гэхдээ зөвхөн олон улсын харилцааны асуудлаар л ярина. Бид бол ТАСС-ын голдуу мэдээг ялгаж аваад орос хэл дээрээс нь шууд монголчлоод ТВ, радиогоор ярих учиртай. Үүндээ бэлтгээд орой гэртээ харьж хоолоо идэж ирчихээд суучихна. Телевиз дээр очоод бас сууна. Ярих юмаа зураад л, тэмдэглээд л, их л хариуцлагатай хандана. Телевизээр ярьдаг болсон биш хүмүүс ч таньдаг болоод ирдэг юм билээ. Их сургууль дүүргээд хэдхэн сар болж байгаа залууд бол олдошгүй боломж гэж тэр үед нөхөд маань ярьж зөвлөж дэмжиж байсан хэрэг.
Их сургууль дүүргээд ганцхан жил ч болоогүй байтал тоймч нартай зэрэгцэн олон улсын тойм яриад л, ажил төрөл нь үнэлэгдсэн юм байх, Вьетнамд хятад хэлний дадлага хийлгэнэ, дараа нь сайн ажиллавал хойшоо ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд явуулж суралцуулна гэсэн амлалт чБоловсон хүчний хэлтсийн зүгээс сонсдож байсансан. Би ч тэгэх юм байлгүй гэсэн хатуу бодолтой гялалзсан залуу сэхээтэн явж байтал гэнэтийн санаандгүй учралаар миний амьдрал эргэж, бүх төлөвлөгөө маань өөрчлөгдсөн дөө.
1980 оны зуны эхэн сард юм. Ардын цэргийн албанд нас бие тэнцээд татагдлаа. Шинэ цэргийн карантин дамжаад офицерын түр курсэд суралцаж байтал чамайг Армийн улс төрийн газар сонирхож байна, 124-р ангийн радио сонсголын (тагнуулын) албанд өгөх юм гэнэ, цол алгасуулж өгч магад гэсэн элдэв яриа миний чихнээс тэр зусангаа уягдсан. Империализмын холбоотон харгис маоистуудын эсрэг ирээдүйн дайнд би дайчлагджээ гэж л ойлгосон. Ингээд тэр оныхоо намрын адаг сард би цоо шинэ албандаа очлоо. Миний алба хаах 180-р ангийн Улс төрийн хэлтэст Армийн улс төрийн газрын даргын тушаалаар корпусын анхны тусгай суртал нэвтрүүлэгчээр би очиж байгаа юм. “Тусгай суртал нэвтрүүлэгч” гэхлээр “Дайсны цэргүүдээ сонсцгоо!” киногоор төсөөлчихөж болно.1980 оны зусангаа яригдаад байсан элдэв томилгооноос над дээр буусан нь энэ. Болзошгүй дайсныхаа цэрэг-улс төр, стратегийг байнга судалж, мэдээлэл боловсруулж, армийн удирдлагыг мэдээллээр хангах, өөрийн цэргийн дотор болзошгүй дайсныхаа талаар мэдээлэл-суртал нэвтрүүлэг хийх гэхчлэн мундахгүй чухал, сонирхолтой ажлыг нугалалцаж байснаа эргэн дурсахад таатай байна. Судалгаа хийлгэнэ гэдэг нь надад нэн олзуурхууштай санагдаж, тэр хэрээрээ ч би өсч дэвжсэн байх.
1980-1984 онд цэргийн алба хаахдаа “Улаан Од” сонинд хятадын асуудлаар том том цуврал өгүүлэл олныг бичиж байлаа. “Улаан Од” сонины эрхлэгч хурандаа А.Баярмагнай надад Зөвлөлтийн хятад судлаач нэг эрдэмтний бичсэн “Хятадын армийн нийгэм-улс төрийн үүрэг” гэх айхтар том ном орос хэлнээс орчуул гэж өгсөн. Б.Н.Горбачев гэсэн автортой“Социально-политическая роль китайской армии (1958—1969)” гэх тэр номын талыг түүвэрлэн орчуулаад тухайн үеийн Хэвлэлийн нэгдсэн редакц дээр бариад очсон чинь “Дэндүү мэргэжлийн явцуу ном байна. Тиймээс үүнийг хэвлэхийг чинь бид дэмжихгүй. Харин сониндоо нийтлэл болгоод бичиж нийтэл” гэлээ. Ингээд “Улаан Од” сонин дээр Хятадын ардын чөлөөлөх армийн тухай 7 том цуврал болгож хэвлүүллээ. Дараа нь “Хятад дахь засгийн эрхийн төлөө тэмцэл, Хятадын арми” сэдвээр 10 том цуврал нийтлэл бичлээ. Энэ нийтлэлүүд надад их том суурь сургууль болж өгсөн дөө. “Улаан Од” сониннь МАХН-ын Төв Хорооны дарга нар дээр очдог, “Энэ дэслэгч Д.Баярхүү гэж ямар хүн хаана байдаг, яасан айхтар судалгаатай бичнэ вэ?” гээд тэр асуудал нь явсаар байгаад МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн анхааралд орсон. Уг хэлтсийн орлогч эрхлэгч, хятад судлаач, тэр үед үзэл суртлын талаар хятадын эсрэг тэмцлийг гардан зохион байгуулж байсан Базарын Дашцэрэн гэдэг хүн дээр миний асуудал очсон доо. Ингээд 1983 оны намар намайг МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааныхэлтэст шууд авах шахсан.Б.Дашцэрэн гуай намайг дуудаж юм бичих үүрэг өгөөд, би тэр үед бас л хятадыг шүүмжилсэн агуулгатай Камбожийн асуудлаар нийтлэл бариад очиход нөгөөдөхийг чинь үзээд нэлээн засвар хийж байгаад, Намын Төв Хорооны Гадаадхарилцааны хэлтэст чамайг авъя, чи ирж ажиллах уу гэхлээр нь би маш их баярласан, надад ч маш их урам өгсөн. Гэхдээ аваагүй. “Дэндүү залуу байна. Намын гишүүнд жинхлээгүй, орлогч гишүүн юм байна. Ардын арми чинь чамайг тавих дургүй юм байна. Гэхдээ бид чамайг чиний жинхэнэ ажиллаж болох газар МОНЦАМЭ рүү шилжүүлнэ” гэсэн. Тэр явдал одоогоос 34 жилийн өмнөх юм. Миний ажил амьдрал тэр үеэс бүрэн жигдэрсэн, 1984 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигчаар томилогдон ажиллаж, дараа нь МОНЦАМЭ-д хариуцлагатай алба хашиж байгаад хойшоо Зөвлөлтийн ГЯЯ-ны Дипломатын академид суралцсан.
Би бол 1982 оны зун Дорноговь, Сүхбаатар аймгийн хилийн участкаар (Хилийн цэргийн 12 ба 17-р отрядын хариуцсан хэсэг) хилийн хэлэлцээнд орчуулагчаар ажиллаж, Монгол-Хятадын хил хамтран шалгах их ажлыг нугалалцсан, тухайн үедээ бол гавьяатай хүн гэж үнэлэгдэж явснаа бас энд дурдахгүй өнгөрч болохгүй. Хилийн хэлэлцээнд оролцсоноор маш их юм сурсан. Тэр 6 сарын эрдэм бол цаашдын Монгол-Хятадын харилцаа, олон улсын харилцаанд ажиллахад маш том суурь, дадлагаболж өгсөн. Ер нь Монгол-Хятадын хилийн хэлэлцээнд орчуулагч, Бээжин дэх ЭСЯ-нд дадлагажигч хийснээрээ дипломат албанд эргэлтгүй орох сэтгэлийн тэнхээгээ олж авсан гэх үү дээ. Тэгээд ч дипломат албанд Элчин сайдыг нь хүртэл дэвшиж, 2008-2012 онд Монгол Улсаас АБНЕУ-д суугаа Элчин сайд, Монгол Улсаас Кувейт Улс (2009-2010), Саудын Арабын Вант Улс (2009-2014), ЛБНИУ-д хавсран суугаа Элчин сайд (2012-2015), мөн Ливан, Иордан улсыг хавсран хариуцах Элчин сайдаар үр бүтээлтэй ажиллаж, Монгол ба Арабын орнууд, Монгол-Ираны хоорондын харилцаанд хувь нэмрээ өргөснөөрөө бахархсаар явна. МУИС-ийн хятад судлалын ангид суралцаж төгсгөөд Монгол Улсын Элчин сайдaap томилогдсон, дипломатын дээд цол шагнуулсан хүн надаас өөр одоогоор байхгүй юм билээ.