Хувьцаатай иргэн, Хуримтлалтай Монгол
Цар тахлын хүнд байдлыг улсын эдийн засаг болон бизнесийн салбар хэрхэн даван туулах вэ, төрөөс авч буй бодлогын хүрээнд зах зээл руу оруулж, иргэдэд өгч буй олон зуун тэрбум төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой юм, хуримтлал үүсгэж, хувьцааны ногдол ашгаа өв хөрөнгө болгож чадах уу зэрэг сэдвийг хөндсөн Синдикат ярилцлагын 49 дэх дугаар танд хүрч байна. Нэвтрүүлгийн зочдоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БиДиСЕК үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, Бодь Даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Золбаяр, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан нар оролцлоо. Манай нэвтрүүлгийг видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: Ковидийн тохиолдол огцом нэмэгдлээ. Хэдхэн хоногийн дараа сонгууль эхлэнэ. Энэ үеийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдлыг та бүхэн хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.
Б.Лхагвасүрэн: 100 жилийн өмнө Испани ханиад гарч олон хүний аминд хүрч байсан бол ковид орчин цагт тохиолдож буй хамгийн том аюул болж, үүнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахал гэж зарласан. Улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч байна. Зарим нь эрүүл мэндээ нэгт тавиад эдийн засгаа орхиж байхад зарим улс аль алийг нь хослуулах бодлого хэрэгжүүлж байна. Харин зарим нь энэ цар тахлыг ханиадын хэмжээнд авч үзэн эдийн засгаа эн тэргүүнд тавьсан. Монгол Улсын хувьд эрүүл мэндээ нэгт, эдийн засгаа хоёрт тавин, хорио цээрийн хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбараас эдийн засагт нөлөөлж, дэлхийн хямрал болсон ийм тохиолдол өмнө нь гарч байсангүй. Иймээс энэ хямрал дэлхий нийтэд нэлээд том өөрчлөлтийг авч ирлээ. Бүгд бие биетэйгээ холбоотой байсан бизнесийн загвар, олон улс дамжсан нийлүүлэлтийн сүлжээ, даяаршил хорио цээрийн улмаас болж гацлаа. Одоо бие биенээсээ үл хамаарсан загвар газар авч, улс орнууд гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр өөрийгөө хангадаг эдийн засгийн хамгаалалтын арга руу шилжиж байна.
Б.Бямбасайхан: Эдийн засаг үнэхээр хүнд байна. 50 мянган ажлын байр алга боллоо. Ам.доллартай харьцах ханш суларсаар байгаад 2800 төгрөг даваад явчихлаа. Энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах дээр анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь. Улс орнууд хорио цээрийн горимоор удаан явж чадахгүй нь тодорхой тул үүнээс гарах төлөвлөгөөгөө нарийн гаргаж, амжилттай хэрэгжүүлэх нь бидний зорилго гэж ОУВС зөвлөмж гаргалаа. Хорио цээрийн горимд удаан байвал ядуурал даамжирч, иргэдийн орлого буурч, эдийн засаг агшина. Улстөрчид хүндээ зориулж биш сонгуульд оноо авах зорилгоор бодлого гаргаж ажилладаг нь гэм биш зан болчихлоо. Нэмээд хар жагсаалтанд орсон гээд шуугиад эхэллээ. Энэ нь олон улстай харьцан бизнес хийдэг компаниудад шууд нөлөөлнө. Банкны шилжүүлгийн зардал нэмэгдэж, хугацаа нь уртассан. Хамтарч хэрэгжүүлэх төслөөс гадны хөрөнгө оруулагчид буцаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогслоо. Компаниуд оны эхнээс бүсээ чангалаад эхэлсэн. Хувийн хэвшлийнхэн нэг ч хүнээ ажлаас нь халж, орлогогүй болгохгүй юмсан гэж зорьж байна. Зөв бодлого явуулж чадвал үүсээд байгаа нөхцөл байдлыг улам дордуулалгүй тэсээд гарах боломж бий.
Д.Даянбилгүүн: Хямрал бол боломж. Цар тахлын хэмжээний нөхцөл байдал дахиад ч үүсэх магадлалтай. Хорио цээрийн орчин шиг хаалттай байдалд ажиллах нөхцөл дахиж үүснэ. Иймээс дотоодын худалдан авалт, цахим хурал болон худалдааг хөгжүүлэх бололцоо гараад ирлээ. Вирусын голомтыг дотоодод алдаагүй нөхцөлд дотоодын аялал жуулчлалыг бодлогоор эрчимжүүлэх тухай яриа яригдаж байна. Мөн төр засаг, томоохон компаниуд энэ үед дотоодын худалдан авалтыг дэмжих, нөөц бүрдүүлэх ёстой. Манай улсад хуримтлал маш бага байдаг нь мэдрэгдэж байна. Цар тахлын хямралыг амжилттай давж байгаа Хятад улс хилээ нээхэд бид хамгийн түрүүнд хожно.
Эдийн засгийн хямралтай энэ нөхцөлд иргэд, хувь хүмүүс санхүүгийн нөөц, хуримтлал бий болгож занших хэрэгтэй. Тухайлбал, ажилгүй болоход нэг жил амьдрах хуримтлалтай болох, энэ эрсдэлийг хаах даатгалтай байх ёстой эсэх асуултыг хүн бүр өөртөө тавьж, иймэрхүү хүнд нөхцөл дахин үүсэх үед яах ёстойгоо төлөвлөх ёстой. Хямрал үүссэнтэй холбоотой үнэт цаас, хөрөнгийн үнэ цэнэ буурч байна. Энэ үед зарим иргэд зөрөөд эдгээр компани, хувьцаа руу хөрөнгө оруулж, тэр бүү хэл манай гадаад арилжааны захиалга эрс нэмэгдлээ. Дэлхийн том компаниудын хувьцааг манайхан хямд худалдан авах боломжтой байгаа. Энэ боломжийг манай компаниуд ашиглах хэрэгтэй. Компаниуд өөрийн хөрөнгө ба зээл гэсэн хоёрхон эх үүсвэрээр өөрсдийгөө авч явдаг. Хуримтлал, нөөц байхгүй, бусад санхүүгийн хэрэгслүүдийг ашигладаггүй. Өөрөөр хэлбэл, хямралын үед задлах үүц байхгүй. Уг нь ийм үүцтэйсэн бол хямралын үед хамгийн том боломжууд гарч байна.
Б.Золбаяр: Вирусаас болж гадаадын хөрөнгө оруулалт зогслоо. Энэ нөхцөлд бүх бодлогоо дотоодын хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, энэ боломжийг хувийн хэвшлийнхэн ашиглах нь зүйтэй. Хөрөнгийн биржийн индекц сүүлийн гурван жилийн хамгийн доод төвшинд хүрлээ. Гэхдээ эрсдэл нөгөө талдаа хэзээд боломж байдаг. Даатгалын салбарын хувьд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар даатгалын хураамжийн орлого тав, цэвэр хураамж хоёр хувийн өсөлттэй явж байна. Энэ үед хувь хүмүүс эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг илүү ихээр авдаг боллоо. Манай борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өслөө. Ковидийн нөлөөгөөр салбарт багагүй өөрчлөлт гарч байна. Гэхдээ хүн цомхотгож, халахаас илүүтэйгээр техник технологийн хөгжлийг ашиглан зайнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчиддээ хүргээд эхэлсэн. Хорио цээр тогтоосны дараа хүнтэй биечлэн харьцахгүйгээр үйлчлэх шийдлүүд гарсаар байна. Хэдхэн сарын хугацаанд бид 2000 хүний нөхөн төлбөрийг ямар ч контакт үүсгэж уулзахгүйгээр цахимаар шийдэж өглөө. Цаашлаад нөхөн төлбөр гэлтгүй даатгал худалдан авахдаа иргэд ийм цахим хэлбэрээр үйлчлүүлэх шинэ жишиг тогтож байна.
Даатгал ДНБ-ний дөнгөж 0.4 хувийг эзэлдэг. Харин банкны салбарын энэ үзүүлэлт 90 хувь, хөрөнгийн зах зээл 7 хувь орчим байдаг. Даатгал хэдий бага хувьтай ч энэ нь цаашид өсөх нь гарцаагүй гэдэг үзүүлэлт юм. 2018 онд Ард, Мандал гээд хоёр ч даатгалын компани IPO хийсэн. Даатгалын компанид итгэх итгэл маш чухал. Энэ итгэлийг олж авахын тулд даатгалын коимпаниуд нээлттэй, ил тод байж, даатгуулагчдаас ирж буй нөөцийг зөв хуваарилж буй нь олон нийтэд тунгалаг байх шаардлагатай. Энэ утгаараа санхүүгийн салбарын IPO, хувьцааны үнэ илүү тогтвортой байж чадаж байна. Даатгал эдийн засаг буурахад зөрөөд өсдөг онцлогтой салбар. Өнгөрсөн жилүүдэд даатгалын салбар эдийн засгийн өсөлтөөс даруй гурав дахин хурдтай өссөн. Сүүлийн гурван жилийн даатгалын салбарын дундаж өсөлт 19 хувь байна. Эдийн засаг муудахад бэлэн мөнгө багасдаг. Бэлэн мөнгөгүй хүний эрсдэл даах чадвар буурдаг. Энэ үед даатгал хийлгэх замаар санхүүгийн хамгаалалт авах ёстой.
В.Ганзориг: Банк, хөрөнгийн бирж, даатгалыг санхүүгийн зах зээлийн гурван багана гэж ярьдаг. Энэ гурван салбарын зохистой харьцаа нь хэд юм бэ? Яаж тэрхүү зөв харьцаа руу аваачих вэ?
Б.Лхагвасүрэн: Хөрөнгийн зах эсвэл банкны салбар давамгайлсан улсууд байдаг. Гэхдээ энэ давамгайлал нь их ойрхон байдаг. Жишээ нь, 45 ба 55 эсвэл 60 ба 40 хувь ч гэдэг юм уу. Европ, Япон банкны салбар давамгайлсан бүст ордог. Харин Монгол Улсын хувьд дээрх харьцаа 95 ба 5 хувь байдаг. Ширээгээр бол хазгай ширээ гэсэн үг. Санхүүгийн энэхүү хазгай тогтолцоог тэгш болгох ёстой. Банкуудыг Төв банк, бусад тоглогчдыг СЗХ хянадаг. Засгийн газраас хүүхэд болгонд сар бүр 100 мянган төгрөг өгөх шийдвэр гарлаа. Иргэд энэ мөнгөний нэг хэсгийг хэрэглэх байх. Үлдсэн хэсгийг нь хуримтлуулна. Энэ үед хаана хуримтлуулах вэ гэдэг сонголтын асуулт гарна. Хамгийн амархан сонголт нь банкны хадгаламж байдаг. Харин IPO-д оролцох, хөрөнгийн биржээр дамжин бусад компаниудын хувьцаа авахыг бараг сонголт биш гэж ойлгодог. Монголын бараг бүх компани банкнаас зээл авч, иргэд нь банкинд хуримтлалаа хийдэг. Эдийн засаг хүндрэхээр бүгд эргээд зээл гарахгүй байна, хүүгийн дарамт их боллоо гээд банкаа зүхдэг. Энэ бол нэг зүйлээс хэт хамаарсан тогтолцооны сөрөг тал.
Ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2800 давсан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ханш ийм тоонд хүрээгүй байсан. 2019 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 4.5 хувиар суларсан. Өнгөрсөн оны хамгийн том асуудал АНУ, Хятадын худалдааны дайн байв. Монголын Улсын экспортын 90 хувь Хятад руу гарч, импортын 40 хувь Хятадаас ирдэг. Энэ үед манай эдийн засаг таван хувиар өссөн. Өнгөрсөн хугацаанд Монголбанк валютын нөөцийг 4.3 тэрбум ам.доллар болгон хуримтлуулсан байсан. Харин 2020 оны 1 дүгээр сараас хойш төгрөг ам.долларын эсрэг 2.1 хувиар суларлаа. Энэ тоог таван сарын хугацаанд харьцуулбал том өөрчлөлт гэж харахгүй. Ханш хүн болгоны хардаг үзүүлэлт боловч маш том механизм, улсын мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг илтгэдэг индекс. Норвеги баялгийн сангаараа дамжуулан гадаад эдийн засгийн шокийг давдаг. Үүнийгээ мөнгөн тэмдэгтийнхээ ханшаар хийдэг. Сая Норвегийн крон долоохон хоногийг дотор 16 хувиар суларлаа. Эдийн засагт ирж буй шокийг ингэж үндэсний мөнгөн тэмдэгт нь өөр дээрээ авч зөөлрүүлдэг. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болсон эрдэс баялгийн үнийн индексээс шалтгаалж төгрөгийн ханшийн савлагаа харьцангуй гайгүй байна. Өнгөрсөн онд төгрөг дотоод худалдан авах чадвар буюу инфляциар 5.6 хувь суларсан. Тэгэхэд ам.долларын эсрэг 4.5 хувь буюу бага суларсан. Бид энэ жил инфляцийг 6 хувиар тооцож байгаа бөгөөд энэ хувиас илүүтэйгээр төгрөгийн ханш сулрахгүй. Яагаад гэвэл бидэнд хангалттай нөөц байгаа. Экспорт сэргэвэл нөөц улам ихээр хуримтлагдана.
Энэ долоо хоногт ХХБ-ны 500 сая ам.долларын бондын төлбөр хийгдэнэ. Энэ мөнгө нь ХББ дээр бэлэн байгаа учраас Монголбанкны нөөцөнд дарамт үүсгэхгүй. Оны эхнээс хойш Монголбанк 6 тонн алт худалдан авсан. Том төлбөр гарахад алтны энэ нөөц баталгаа болно. Монголбанкны нөөцөнд нөлөө үзүүлэхгүй бол ханш өөрчлөгдөх эрсдэл үүсэхгүй. 2021 оны 4 сард Мазаалай бондын том төлбөр гарна. Тэр хүртэл том дүнгээр гарах төлбөр манай улсад байхгүй учраас төгрөгийн ханш энэ онд тогтвортой байж чадна. Хятадтай хийсэн СВОП хэлцэл долоон сард дуусах байгаа ч бидэнд дахин гурван жилээр сунгах боломж байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж байгаа. Банкуудын балансын актив тал буюу зээл олгодог хэсэг 10 хувийн долларжилттай байгаа бол хадгаламж, харилцах татдаг хэсэг нь 30 хувьтай байна. 20 хувийн долларжилт гэдэг бол том зөрүү. Энэ нь иргэдэд хий айдас байна гэсэн үг. Ам.доллар руу зүтгэх шаардлагагүй. Харин ч хуримтлалаа төгрөгөөр, болж өгвөл хөрөнгийн зах руу оруулбал дээр яриад байхад санхүүгийн салбарын зохистой харьцаа бүрдэнэ.
Хар, саарал жагсаалт яригдахаар бизнес эрхлэгчдэд болгоомжлол төрөх нь ойлгомжтой. Монгол Улс мөнгө угаах, терроризмтай тэмцэх ФАТФ байгууллагын Азийн бүсийн гишүүн. Энэ байгууллага гишүүн улсууддаа зөвлөмж, нөгөө талаасаа заавал биелүүлэх шаардлага гаргадаг. Энэ зөвлөмж, шаардлагыг хэр биелүүлж байгаагаар нь гишүүн улсуудын жагсаалтыг гаргадаг. Европын холбоо саяхан энэ жагсаалтыг шууд ашиглан улс орнуудыг үнэлээд явъя гэж ярьж эхэлсэн. Сонгуультай холбоотой энэ асуудлыг зарим хүмүүс санаатайгаар, мэдлэг ойлголт дутуугийн улмаас санамсаргүйгээр нэлээд хөндөж байна. ФАТФ-д техникийн 40, хэрэгжилтийн 11 үзүүлэлт байдаг бөгөөд эдгээрийн биелэлтээр жагсаалтыг гаргадаг. Техникийн үзүүлэлтэд Монгол Улс мөнгө угаах, терроризмтай тэмцэх хуультай байх, энэ хуулийг мөрдүүлдэг тусдаа байгууллага байгуулах зэрэг шаардлагууд ордог. Монгол Улс 2016 онд энэ үнэлгээнд орсон. Тэр үед энэ 40 үзүүлэлтээс тавыг нь л хангаж байсан. Хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс нэгийг нь ч хангаагүй байв. Улмаар 2017 онд бид Монголыг хяналтандаа орууллаа шүү гэдгээ хэлсэн. Бид 2017 оноос хойш ажиллан, 2019 оны гурван сард дахин дүгнүүлсэн. Энэ үеэр техникийн 40 ажлаас 35-ийг, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 7-г хийсэн гэдгээ баталгаажуулсан. Бүх үзүүлэлтийг 100 хувь хангаагүй тул дутуу байна гээд бид саарал жагсаалтад орсон. Харилцан үнэлгээний баг жилд гурван удаа уулздаг. Нэг сард бид Хятадад уулзаад үлдсэн гэрийн даалгавраа бүгдийг нь хийсэн гэдгээ үзүүлсэн. Үүнийг 50 хувийг нь амжилттай гүйцэтгэснээр тооцсон. Үлдсэн шаардлагыг нь бид бүрэн биелүүлээд энэ таван сард уулзах байсан боловч ковидын улмаас онлайнаар хуралдан ажлуудаа тайлагнасан. Тэд энэ долоо хоногт бидний тайланг үнэлээд эцсийн шийдвэрээ гаргана. Тайлангийн хамгаалалт сайн болсон учир бид ФАТФ-аас өгсөн бүх зөвлөмжийг биелүүлсэнд тооцогдон Монгол Улс энэ ондоо саарал жагсаалтаас гарна. Эцсийн албан шийдвэр 10 сард Парист болох ФАТФ-ийн том хурлаас гарна.
Б.Бямбасайхан: Лхагваа ерөнхийлөгчийг хүндлээд зөндөө сонслоо. Хар, саарал жагсаалттай холбоотой Европын холбоо манай санхүүгийн салбарыг онцлон дурдсан байсан. Тэнд Монгол Улс дайн байлдаантай улсуудтай адилхан жагсаж байна. Хөрөнгө оруулах гэж байгаа хүн төрөл бүрийн эх үүсвэрээс мэдээлэл авдаг. Монголыг Афганистантай адилхан жагсаалтад байдгийг сонсоод өөр газар хөрөнгө оруулах шийдвэр гаргадаг, эсвэл хамтарч ажилладаг хүнээ эрсдэлтэй гээд улам шахдаг. Тухайлбал, бизнесийн гол хувиа авна, зээл, хөрөнгө оруулалтын зардал нь улам үнэтэй болно гэх мэт. Нэмээд яг одоо 100 ам.долларын гадаад шилжүүлэг хийхийн тулд 60 долларын шимтгэл төлдөг болж байна. Энэ бол бодит жишээнүүд шүү. Бусад орны компаниуд монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахдаа харилцагч таних процессийг улам нарийн ашигладаг болсон. Зүв зүгээр ажиллаж байгаа компани өөрт нь ямар ч хамаагүй алан хядагч, терроризмийн тухай гурван хуудас асуултад хариулаад сууж байна. Түүнчлэн нэгэнт байгуулсан гэрээгээ ковидоор шалтаглан цуцалж, эсвэл хойшлуулаад эхэлсэн. Хар, саарал жагсаалтын бодит нөлөө нь ийм байна аа. Энэ нөхцөл байдлаас гарах шийдэл гаргахдаа яагаад хувийн хэвшил, бизнесийн төлөөллийг оролцуулахгүй байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесменүүд Монголд ирээд бид нартай хамгийн эхэлж уулзаж мэдээлэл, мэдрэмж авдаг. Бид аль болох нөхцөл байдлаа зөвөөр тайлбарлаж өгөн, итгэлийг нь олохыг хичээдэг. Сүүлийн үед энэ харилцаа байхгүй болсон. Итгэл харилцаан дээр суурилдаг.
Д.Даянбилгүүн: Ковид, хар, саарал жагсаалттай энэ хүнд үед монгол компаниуд яаж мөнгөтэй болох вэ гэдэг нь чухал. Аль ч онолоор санхүүгийн зах зээл тэнцвэртэй байх ёстой. Гадаадын гэхээс илүү дотоодын хөрөнгө оруулалт тогтвортой хийгдэж байх ёстой. Ийм нөхцөлд манай банк, аж ахуйн нэгжүүд зоригтой ажиллаж чадахгүй байна. Банкны зээл муудаж, хөрөнгө нь хураагдахад дахин санхүүжилт яаж олох, бүх эрсдлийг ганцаараа үүрэхгүй байх боломж хөрөнгийн зах зээл дээр бэлэн байх ёстой. Аж ахуйн нэгжүүд ч гэсэн бонд гарган, IPO хийж банкны хамаарлаа багасгаж сурах хэрэгтэй. Үүнийг эдийн засгийн хүндрэлтэй үеэс гадна ид хөрөнгө оруулалтын таатай үед ч хөрөнгөө өсгөх, хөрөнгө оруулалт татахын тулд түгээмэл ашигладаг. Энэ боломжийг ашиглаж сураагүй тул хүнд үед ирэхээр банкаа л муулаад байна. Иргэд ч гэсэн банкны хадгаламжаас өөр сонголтгүй яваад байна. Гэтэл дөнгөж 14 настай хүүхэд хувьцаа аваад, өөрийн хөрөнгө оруулалтаа удирдаад явж байна.
1072 хувьцааны ногдол ашгийг хөрөнгийн зах зээл рүү оруулбал ямар том боломж үүсэхийг хүмүүс харахгүй байна. Тухайлбал, 2003 онд та нэг сая төгрөгөөр АПУ-гийн хувьцаа авсан бол 2.5 тэрбум, Таван Толгойн хувьцаа авсан бол 10 тэрбум төгрөгтэй болох байсан. Иргэд одоо хувьцаа авахыг хүсч байгаа ч ямар компанийн хувьцаа авахыг мэдэхгүй байна. Иймээс манайд мэргэжлийн тоглогчид, хөрөнгө оруулалтын сан, институшионал хөрөнгө оруулагчид хөгжих зайлшгүй шаардлага үүссэн. Даатгалын компаниуд ийм тоглогч болж хөрөнгийн зах руу орж ирж буйд маш их баяртай байгаа. Өнгөрсөн жил Мандал, Ард даатгалын компаниуд олон нийтэд нээлттэй болсон бол энэ жил Бодь Даатгал, Монгол Даатгал компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар ярьж байна.
Б.Золбаяр: Банкны хүртээмж Монголд маш сайн болсон. Банкны хадгаламж эзэмшигчдийн тоо 4 сая болж нийт иргэдийн тооноос давлаа. Энэ үзүүлэлт даатгалын салбарын хөгжлийн суурь болдог. Swiss Re-ийн хийсэн судалгаагаар нэг хүнд ногдох ДНБ 4800 ам.доллар давахад даатгалын салбар хамгийн өндөр өсөлтийг үзүүлдэг. 2019 оны байдлаар Монголын нэг хүнд ногдох ДНБ 4300 ам.долларт хүрч байгаа. Даатгалын салбар ойрын хугацаанд өндөр өсөлтийг үзүүлнэ. Энэ салбар зайлшгүй өсөх шаардлагатай. Коронавирустай холбоотой хаа сайгүй тодорхойгүй байдал үүсч байна. Хэрвээ даатгал бизнесийн байгууллагууд руу хүчтэй нэвтэрч чадсан байсан бол төр, улсын эдийн засагт учирч буй нөлөөлөл харьцангуй бага тусах байлаа. Манай улсад бизнесийн даатгал харьцангуй сул хөгжсөн. Ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үүнийг сайн ойлгодог. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхдээ асуудаг гол зүйл нь бизнес, хөрөнгө, хариуцлагын даатгал байдаг.
Даатгал эрсдлийг бууруулдаг тул хөрөнгө оруулах нөхцлийг бүрдүүлдэг. Банкуудын бизнес бүрэн даатгагдаж чадвал зээлийн хүү буурах бүрэн боломжтой. Энэ хэрээр эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байдаг. Цаашилбал нийгмийн төлөвшил, хувь хүний буруу зан төлөвийг даатгал засч, санхүүгийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлдэг. Даатгал бизнесийг урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж, санхүүгийн хамгаалалт нь болдог. Ковид шиг болзошгүй эрсдлийг хэн ч таамаглаагүй. Иймээс даатгалын салбарын оролцоог нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн мэдээгээр даатгалын салбарын нөхөн төлбөрийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн. Даатгал хувь хүн, компани, улсад хамгийн эерэг нөлөөг үзүүлэн хариуцлагажуулж, тогтвортой бас тодорхой байдлыг бий болгодог. Үүнийг олон хүн анзаардаггүй.
Д.Даянбилгүүн: Бондын зах зээлийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжиж чадаагүй байгаа тул төр, Монголбанкны зүгээс хувийн хэвшил рүү мөнгө оруулж чадахгүй байна. Одоо нэг бол хувийн хэвшлээс худалдан авалт хийж, эсвэл зээл өгөх хэлбэрээр л мөнгө оруулдаг. Гадны улсуудад бонд руу хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын сангуудтай тулж ажилладаг. Манай санхүүгийн хэрэгслүүд дутмаг байна. Банкнаас зээл авахад тулгардаг бэрхшээл болох барьцаа хөрөнгө, зээл шийдэх хугацаа зэргийг хөрөнгийн зах зээл бүрэн шийдэх боломжтой. Нэмж хэлэхэд, манай компаниудын хоорондын хамтын ажиллагаа сул байна. Экспорт хийж байна гээд нэг нэгээрээ худалдан авагч дээр очоод үнээ буулгадаг, санхүүгийн хэрэгсэл ашигладаггүй. Манай хувьцаат компаниуд хүртэл харилцан бие биедээ хөрөнгө оруулдаггүй, нэгнийгээ дэмжихийг хүсдэггүй. Мөнгөө аятайхан газар байршуулахыг хүсч байгаа ч эзэнд нь дургүй гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж чаддаггүй.
Б.Лхагвасүрэн: Энэ эргээд тогтолцооны асуудал руу орж байна. Хүнд үед Монголбанк мөнгө гаргахгүй байна гээд хүмүүс биднийг шүүмжилдэг. Ийм нөхцөлд бид яаж мөнгө гаргах уу? Бид зах зээлд мөнгө нийлүүлэхийн тулд компанийн бонд авъя гэхэд тэр бүтээгдэхүүн нь алга. Ийм учраас уламжлалт бус арга хэрэгслийг бид ашиглаж чадахгүй байна. Тэдгээр хэрэгсэл нь байсан бол Монголбанк бодлогын хүүгээ тэг болгож ч болно. Засгийн газрын нөөц дуусч, нэмэлт мөнгөний хэрэгцээ үүсвэл бонд гаргаж л таарна. Манай бодлогын хүү өнөөдөр 9 хувь байгаа ч Засгийн газарт яаралтай нөхцөл үүсч бонд гаргавал 0 хувийн хүүтэй авахад бид бэлэн. Үүнтэй адил Монголын үндэсний эрх ашиг болсон, стратегийн салбаруудыг дэмжиж болно. Жишээ нь, төрийн далбаа тээгч МИАТ компани хөрөнгийн зах дээр өөрийнхөө бондын гаргасан байсан бол энэ онцгой нөхцөлд Монголбанк бондыг нь тэг хувийн хүүтэй авах байсан.
В.Ганзориг: Ингэж байсан, тэгэх байсан гээд ярих юм. Яагаад энэ ярьсан зүйлүүдээ ажил хэрэг болгож болохгүй байгаа юм бэ? Юу саад болоод байдаг юм бол?
Б.Бямбасайхан: Хямралын эсрэг хариу арга хэмжээ авч байна гээд мөн чанарыг нь ойлгохгүй баахан дүрэм, журам баталдаг. Энэ нь эргээд бизнесээ боомилдог. Гадны зүгээс олон улсын дүрэм журам шахахдаа хүртэл хэлэлцээ хийдэг. Дүрэм, журам батлах үйл ажиллагаагаа хувийн хэвшилд нээлттэй байлгаж, зовлонг нь үүрч байгаа энэ төлөөллийг аль болох оролцуулах ёстой. Ингэж чаддаггүй учраас хөрөнгийн зах зээл хөгжихгүй, иргэд нь хуримтлалтгүй байсаар байна. Бид экспорт хийх хэрэгтэй. Ингэж байж л эдийн засаг тэлнэ. Экспорт хийхийн тулд эргээд л хөрөнгө оруулалт шаардлагатай болдог.
В.Ганзориг: Энэ жил төрийн өмчит болон хувийн компаниуд ногдол ашиг хэлбэрээр 350 орчим тэрбум төгрөг зах зээл руу оруулахаар байна. Энэ мөнгийг эдийн засагтаа үр ашигтай шингээхийн тулд яах ёстой вэ? Жишээ нь, та дөрөв 1072 хувьцааны ногдол ашгаа аваад юунд зарцуулах вэ?
Б.Лхагвасүрэн: Би хуримтлал үүсгэнэ. Үүссэн байгаа нөхцөл байдал байнга тохиолдоод байхгүй ч хуримтлалыг ийм хүнд үед зарцуулдаг. Мөнгөө үнэ цэнээ алддаггүй, хөрвөх чадвартай, найдвартай зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Хадгаламж болговол тухайн банкнаас хүссэн үедээ татах боломжтой байх, хувьцаанд оруулбал хүссэн үедээ зараад мөнгө болох боломжтой л байх ёстой. Хөрөнгө оруулахад найдвартай, хурдан хөрвөх чадвар хамгийн чухал. Дараа нь ашгийн төвшинг харах хэрэгтэй. Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах боломж багасаад ирэхээр хүмүүс үл хөдлөх хөрөнгө, машин, уран зураг, марк гэх мэт зүйлд хөрөнгө оруулдаг.
Б.Бямбасайхан: Манайх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд хичээлд явахгүй гэртээ олон сар болохоор өрхийн хүнсний хэрэглээний зардал огцом өсч байна. Өмнө нь би хэрэгтэй хүнд нь очиг гээд хүүхдийн мөнгийг авдаггүй байсан. Би эхнэртэйгээ цуг ажил хийж байгаа атлаа хүүхдийн мөнгөө хөөцөлдөөд авахаар шийдэж байна. Хямрал өрх гэрт ингэж л нөлөөлж байгаа. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг тавихын тулд зээл авч байна. Ногдол ашиг аваад хүмүүс хуримтал, хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байгаа ч ихэнх нь хэрэглээ рүүгээ л явах болов уу.
Б.Золбаяр: Хадгаламж, хуримтлал зарцуулагдсаар байгаад нэг өдөр дуусна. Төр байнга хишиг хүртээж, мөнгө хуваарилаад байж чадахгүй. Ямар ч үед хүн байр, машин авлаа гэхэд тэр хөрөнгийнхөө үнэлгээгээр бүх эрсдлээ толгой дээрээ авдаг. Уг нь энэ үнэлгээний нэгхэн хувиар даатгал хийлгээд заншвал ирээдүйд учрах санхүүгийн эрсдлүүдийг хааж болдог. Хүүхдийн мөнгийг хэрэглээнд зарцуулж, хадгаламжинд хийхээс гадна тодорхой хувийг нь хөрөнгийн зах зээл рүү оруулбал ирээдүйд урт хугацааны бодит хөрөнгө болж, өвлөгдөж үлдэнэ.
Д.Даянбилгүүн: Хүүхдийн мөнгийг яг хүүхдэд нь зарцуулж, ногдол ашгийн мөнгөөр нь хувьцаа авах хэрэгтэй. Харин ямар компанийн хувьцаа авахаа зайлшгүй мэргэжлийн байгууллагатай зөвлөлдөх ёстой. Хувьцаанд хөрөнгө оруулахдаа богино хугацааны ашиг харах нь буруу хандлага. Хувьцааг урт хугацааны хуримтлал гэж харж чадвал өв хөрөнгө болдог. Гадны хөрөнгө оруулалт нам зогссон өнөө үед юмны үнэ хямдарч байна. Энэ үед хувьцаа авсан байхад эдийн засаг сэргэхэд хөрөнгийн зах зээлийн индекс хүссэн хүсээгүй өснө. Монголбанкны ерөнхийлөгчийн хэлснээр Монгол Улс хар, саарал жагсаалтаас энэ онд гарах юм байна, нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээрээ л байгаа. Хятад руу экспорт сэргэх нь тодорхой, гуравхан сая хүн амтай зах зээлийг богино хугацаанд сэргээхэд тийм ч хүнд биш. Эдийн засаг ингэж сэргэх үед одоо таны авсан хувьцааны үнэ хэд дахин өсөх бүрэн боломжтой. Харин идэж уугаад өнгөрөөвөл нэг удаагийн хэрэглээ болоод л дуусна. Хувьцааны ногдол ашгийн мөнгөнөөс гадуур үр хүүхдээ хоол ундтай, соёл боловсролтой байлгах нь эцэг, эхийн үүрэг. Бусдаараа хүүхдийн мөнгийг өөрт нь, тэдний ирээдүйд зарцуулах хэрэгтэй.
DR MCMAHON HOSPITAL
Эрдэнэжаргал
Зочин
Хөрөнгө оруулагч