Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү?
Хамгийн сайн байгалийн гангаас татар аргаар хайлан авч төгс төгөлдөр болтол нь хатаасан катана (хатаана) хэмээх сэлэм бол самурайн сүлд хийморь, нэр төр байсан.
Шиманэ аймгийн Изумо мужийн Сэнцузан уулын бэл бол Японы хамгийн алдартай домгийн өлгий нутаг. 8- р зууны судрууд Койжики ( эртний үйлсийн тэмдэглэл), Нихон Шоки (Япон товчоон) -д дурьдсанаар бол: эрт урьдын цагт Ямата но Орочи хэмээх 8 толгойт, 8 сүүлт мангас тэр нутгийн хүн ардыг айлган зовоодог байж гэнэ. Тэр мангасын улаан нүд, их биенээс нь гал дүрэлзэн, цус урсаж байдаг бөгөөд 8 өртөө урт гэнэ. Гэтэл нэгэн удаа японы алтан ургын эхлэлийг тавигч анхны хаан нарны бурхан Аматэрасугийн дүү Сусано но Микото баатар Изумо нутгаар дайран өнгөрч яваад хоёр тариачин хөгшиний ганц охиныг мангасд тахилга болгон өргөх гэж байхтай таарчээ. Үзэсгэлэнт охиныг аврахын тулд Сусано баатар мангасыг сакэ хэмээх цагаан будааны архи уулган согтоогоод алжээ. Мангасын сүүлийг задлан үзээд гайхамшигтай гэрэлт сэлэм олж Аматэрасү хаанд өргөжээ. Энэ сэлэмийг Кусанаги-но-Цуруги (өвс ч хяргах сэлэм) гэх бөгөөд сүүлд нь Нагоя хотын Ацута сүмд тахих болжээ. Энэ сэлэм зарим эрдэнийн чулуу, ариун толины хамт Японы эзэн хааны эрх сүр, засгийн билэгдэл болон хадгалагдаж байдаг.
Хэдийгээр энэ сэлэмийг нийтэд хэзээ ч үзүүлж байгаагүй ч гэсэн Эдогийн үеийн нэгэн бичигт тэмдэглэснээр бол сүмийн хамба дотно шавь нарын хамт сэлэмийг хадгалсан савыг нээн үзэхэд 1 сакү 7-8 сүн (51,5-54,5 см) урттай сэлэм байсан гэжээ.
Аливаа домгийн адил энэ сэлэм ба Ямата но Орочи мангасын тухай домог их энгийн бодит эх үүсвэртэй байсан гэж үздэг. Тэр нь: Хоншү нутгийн их ой модтой уулсын бэлд төмөрлөг элснээс сэлэм хийх маш сайн чанарын ган гарган авах аргад мэргэжсэн дархчууд ажилладаг байсан. Энэ аргаар ган хайлахад олон тооны мэргэжсэн хүнээс бүрдсэн том баг асар их хэмжээний ус, мод хэрэглэдэг ажээ. Эдгээр дархцуулын зарим нь төмөрлөг элсийг суваг ухан урсгаж шавар шорооноос нь ангижруулна, зарим нь асар их хэмжээний моднб нүүрс бэлдэнэ, үлдсэн нь ТАТАРА хэмээн нэрлэгдэх 3м х 1м хэмжээтэй хайлах ил зуух барина. Нийт 10 тн төмөрлөг элсийг 12тн модны нүүрсээр 3 өдрийн турш тасралтгүй өрдөж 1400 хэмээс илүү халуун үүсгэж байж 3 тн ган гаргаж авдагийн дөнгөж тал нь л Япон сэлэмийн эх материал болох гайхамшигт ган: тама-хаганэ байдаг. Энэ ган нь өрнөдийн юм уу хятад сэлэмний гангаас эрс өөр шинж чанартай.
Ингэж асар их ой мод сүйтгэн, загасчидын гол усыг нь булингартуулж нэгэн удаагийн ган хайлуулалтаараа л нэгэн уулын өьрийг хоосолж байгалий сүйтгэдэг эдгээр дархцуул нь дахин ган хайлуулахын шинэ газар нүүж шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй болдог. Гэвч очсон газар болгоноо нутгийн загасчид тариаланчидын аж амьдралд сүйтгэл учруулан ширүүн эсэргүүцэл бэрхшээлтэй тулдаг байжээ. Иймээс ч домгийн 8 толгойт мангас Ямата-но-Орочигоор эдгээр ТАТАРА ган хайлагчидыг төлөөлүүлсэн гэж уг домгийг судалсан эрдэмтэд үздэг. Ган хайлуулах зуух нь мангасын 2 улаан нүд, цусаар урсах бие гэдэг нь төмрийн зэв урссан гол горхи гэсэн үг.
Археологийн судалгаагаар гар хөөрөг ашиглан өндөр хэм үүсгэн ган хайлах ТАТАРА арга Японы арлууд дээр Солонгосын хойгоос мэ 5 зууны үед буюу анх Яёи-ийн соёлын үед төмөр эдлэл орж ирснээс хойш даруй 900 жилийн дараа нэвтэрчээ. Түүнээс урьд ч гэсэн сэлэм, тах хийх болон газар тариалангийн аргууд мөн л энэ замаар Японд ирж байсан байдаг.
Изумо, Хоки, Ивани болон тэр орчмын нутаг ган хайлах ТАТАРА БҮКИ (бүки – хөөрөгдөх) хэмээх аргын төв байжээ. Учир нь энэ орчмын нутгийн төмөрлөг элс, ой мод, цаг агаар хамгийн зохимжтой газар юм. 19-р зууны эцэст Мэйжигийн эринд орчин үеийн гангийн технлоги орж ирэх хүртэл чухам энэ нутагт л япон сэлэмний гангийн 90% гаруйг хийдэг байжээ.
Ариун ёс, цагаан хувцас
Гэвч хөгжил дэвшил болгон бүхнийг чаддаггүй. Орчин үеийн технологоор хайлуулсан ганг татара аргаар гаргаж авсан хольцгүй цэвэр, нүүрстөрөгчийн зөв найрлагатай, элдэв хүхэр фосфорийн үлдэгдэл бараг агуулаагүй гайхамшигт түүхий гантай зүйрлэх арга байхгүй. Энэ л эрдэнэ мэт гангаар ариун ёслолын цагаан хувцасаа өмссөн сэлэмний дархад улайсган давтах, дахин нугалаад улайсган давтах аргаар дунджаар 33000 орчим өөр зуураа гагнагдан нийлсэн цаас мэт нимгэн давхрагаас тогтсон алмааз мэт хурц ч, ургамал мэт уян сэлэмийг бүтээдэг.
1183-1333 оны үед оршиж байсан Камакурагийн үед самурай нар нийгмийн ноёлогч анги болон тодрон гарч ирэх үед самурай сэлэм тэр үеийн дэлхийн аль ч сэлэмнээс давуутай болсон байв. Үнэхэр түүхэн зохиолч Шиба Рёотаругийн судалгаагаар тэр үеийн японы Хятадын Мин улсад гаргаж байсан экспортын бараанд энэ сэлэм тэргүүлж байжээ.Учир нь тэр үед хятадууд металл боловсруулахдаа гайгүй ч ган хайлахыг огт мэддэггүй байжээ.
Хэдийгээр 16-р зууны Дайнч Улсуудын үед нум сум, жад, цахиур буу нэвтэрэхийн хэрээр сэлэмний байлдааны үүрэг буурсан ч гэсэн самурай ангийн билэгдэл болон үлджээ. Энэ билэгдлийг хадгалан үлдэхийн тулд Тоётоми Хидэёши ноён самурай нараас бусад бүх хүн сэлэм зүүхийг хориглосон зарлиг гаргажээ. Энэ зарлигийг биелүүлэхийн тулд “сэлэмийн ан” гэж алдаршсан бүх нийтийн нэгжлэг явуулж хураасан нь нэг талаас тариачидын бослогоос сэргийлж нөгөө талаас самурай ангийн зиндааг онцгой дээшлүүлжээ. Ингэснээр Эдогийн эринийг дуустал буюу 1867 он болтол энэ сэлэм нь самурай нарын амин сүнс, нэр төр, сэтгэл нь болсон юм.
Цаазын газар
Энэ дайн байлдаан бага харьцангуй тайван үед нэгэнт сэлэмийн чанарыг тулаанд шилгах бололцоо багассан тул сэлэм шалгагч нар гэсэн мэргэжилийн хүмүүс бий болов. Илд шалгагчид нь Канэмото, Хидэмицу, Котэцу, Нагаюки зэрэг алдарт сэлэмийг цэгнэж, тус бүрт нь үнэлгээ өгөх ажилтай гэнэ. Орчин үед энэ ажлыг магад рентген туяа, хэт улаан тяагаар лабораторид хйих байсан биз. Тэр үед харин цаазын газар энэ илдэч нарын лаоратори байсан гэдэг. Тэд цогцосыг давхарлан тавьж (заримдаа бүр 5 цогцос) сэлэмний гол зуулт хэсгээр нь ганц цавчалтаар хага зүсч хамгийн доод цогцосын доод талын арьсыг л үлдээдэг нь цогцосонд хүндэтгэл үзүүлсэндээ ч биш харин сэлэмний ирээ гамнах мөн ур чадвараа гайхуулах арга байсан гэдэг.
Тэнгэрлиг хийгээд муу ёрын илд
Камакурагийн хожуу үеийн дархан Масамүнэгийн илдийг тэнгэрлэг гэж үнэлдэг байсан бол Мүромачэгийн үеийн дархан Мурамасагийн бүтээлүүдийг муу ёрын илд гэж Эдогийн үед зүүхийг хориглож, зүүсэн байвал төрд тэрсэллээ хэмээн цаазалдаг байжээ. Учир нь Токугава шёогүний олон үеийнхэн чухам л энэ алдарт дарханы илдний ирэнд амь насаа алдаж байсан гэдэг.
1868 оны Мэйжигийн шинэчлэлийн үеээс хойш татара ган, сэлэмний үйлдвэрлэл эрс унасан боловч 1933 онд Засгийн газраас Ёкотагийн татара ган хайлуулагчидад тамаганэ ган хайлуулж Токиогийн Ясүкүнэ сүмд нийлүүлж байхыг тушааснаар Дэлхийн II дайны эцэс хүртэл цэргийн зориулалттай 8000 гаруй сэлэм бүтээжээ. Самурай нарын эртний язгуур угсааны билэгдэл сэлэм энэ удаа Эзэн Хааны армийн оффицеруудын гарт очихдоо эзлэгдэн түрэмгийлэгдсэн ард түмнүүдэд үхэл тээсэн муу ёрт мэсний билэгдэл болон үлдсэн юм.
Одоо нийт Япон 250 гаруй илдний дархчуул байдаг бөгөөд Зэвсгийн тухай хуулийн дагуу 1 дархан жилд 24-ээс илүүгүй илд дархлах эрхтэй. Эдгээр дархцуулыг сайн тама-хаганэ гангаар хангахын тулд 1977 оноос эхлэн Японы Урлагын Сэлэмийг Хадгалах Холбоо Хитачи металл хайлуулах компанитай хамтран Шиманэ аймгийн Ёкота дахь татара ган хайлах үйлдвэрийг сэргээн ажиллуулж жилдээ 6 тн ган гаргах болсноор наран улсын эртний үхлийн урлаг самурай төгс сэлэмийн дарх дахин амьдарч байна.
Зочин