“Хуулийн эзэнт гүрэн” номын монгол хэл дээрх хэвлэлтэд зориулсан өмнөх үг
Хэрвээ та хуульч бол энэхүү ном Нийтийн эрх зүй (Common law)-д тулгуурлаж бичигдсэнийг шууд ойлгоно, иймдээ манай улс өөр эрх зүйн тогтолцоотой бөгөөд хууль, жишээ баримтууд нь биднийхтэй зөрөх, зарим нь тэс ондоо болохыг анзаарна. Үүгээрээ өөр гэдгийг сануулъя.
“Хуулийн эзэнт гүрэн” номын монгол хэл дээрх хэвлэлтэд зориулсан өмнөх үг
Хууль гэдэг үг харь хөндий өөрт хамаагүй мэт санагдах үе хэн бүхэнд байдаг. Хуулийн сургуульд элсэн ороод бүтэн нэг жил өнгөрчхөөд байхад надад л лав тэгж санагдсаар байсан юм. Гэхдээ хууль хэзээ нэгэн цагт ямар чухал болохоо мэдрүүлдэг ёсоор нэгдүгээр курсийн зуны амралтаар нагац эгч маань манай гэрт уйлсаар орж ирлээ. Учрыг нь лавлавал золгүй тохиолдлоор өөд болсонд тооцогдсон аав нь үнэн хэрэгтээ хүний гарт амь үрэгдсэн тухай 30 жилийн дараа олж мэджээ. Яах учраа олохгүй байгаа тул хуулийн сургуульд сурдгаар нь надаас зөвлөгөө авахаар ирсэн нь тэр байв. Гэтэл би юу мэдэх билээ? Эрүүгийн эрх зүй үзээгүй эрүүгийн хууль ч сөхөж үзээгүй байсан надад ахадсан тэр сорилыг багш нарынхаа тусламжтайгаар даваад гарсан ч нүдээ хавдтал уйлсан эгч минь бага наснаасаа хойш аавгүй өнгөрөөсөн 30 жилийнхээ гомдлыг тэсэн, бүлтийсэн нүдээр тусламж горьдон ширтэж байсныг хэзээ ч мартдаггүй.
Яг үүн шиг хууль таны амьдралд чухлаар нөлөөлж байгааг та нэг л өдөр мэдэрнэ. Цаашдаа бүүр насан туршдаа мэдэрнэ гээч! Та хэн нэгнээс мөнгө нэхэмжилж, зохицохын аргагүй болсон хөрштэйгөө муудалцаж, ном бүтээлээс чинь хэн нэг нь зөвшөөрөлгүй хуулбарласанд бухимдахдаа хуулийг хань татаж, түүний өмгөөллийг хүснэ. Тийм болохоор та “хууль” хэмээх учир битүүлэг, ямар нэг аугаа зүйлээс сүрдэж явах уу, эсвэл түүнийг ойлгож ойртуулж өөртөө давуу ашигтай байдлаар хэрэглэх үү гэсэн таны сонголтод энэхүү ном тусална.
Та энэ номоос шүүх ямар хүч нөлөөтэй болохыг, эрх зүйн тулгуур зарчмуудыг, үндсэн хууль яагаад хэрэгтэй гэдгийг, улс төр хүртэл хуулиас хамаардгийг, зарим теорем болон академик хандлагуудыг олж мэднэ. Зарим нэр томьёо ойлгомжгүй тээртэй санагдаж магадгүй алгасаад уншчихаж болно шүү, асуудалгүй.
Хэрвээ та хуульч бол энэхүү ном Нийтийн эрх зүй (Common law)-д тулгуурлаж бичигдсэнийг шууд ойлгоно, иймдээ манай улс өөр эрх зүйн тогтолцоотой бөгөөд хууль, жишээ баримтууд нь биднийхтэй зөрөх, зарим нь тэс ондоо болохыг анзаарна. Үүгээрээ өөр гэдгийг сануулъя.
Тэгэхлээр та хуульч бол сайн л биз төдийлөн яриад байдаггүй эрх зүйн философи, шинэлэг нэр томьёо, зарчмуудыг ойлгоно. Хуульч биш бол бүүр сайн, хууль хэмээх эзэнт гүрнийг өнөөдөр энэхүү эзэнт гүрнийг манлайлж яваа улсуудын жишээн дээрээс ойлгож авна, амжилт хүсье.
Хууль зүй, Дотоод хэргийн сайд
Оюунсайхан овогтой Алтангэрэл