БУДДИЗМ: Урлагаар аялан танихуй
Буддын урлагийн цуглуулагч Рөүз Вүүдвордын анхны энэ бүтээл МЭ I зуунаас өнөөг хүртэлх буддын шашны урлагийн тансаг бүтээлүүдээс бүрджээ.
БУДДИЗМ: Урлагаар аялан танихуй
Буддын урлагийн цуглуулагч Рөүз Вүүдвордын анхны энэ бүтээл МЭ I зуунаас өнөөг хүртэлх буддын шашны урлагийн тансаг бүтээлүүдээс бүрджээ. Ном Тарнийн ёсны урлаг; Гандара хийцийн баримал; Бурхан багшийн дүр дүрслэл; Бодисадва; Хувраг, лам, бататгагч; Сүм хийд, эд өлөг хэмээх зургаан бүлэгтэй. Буддын шашны урлагийн мэдээ тоймыг бүрэн багтаасны дээр буддын философийн үндсэн ойлголтыг хангалттай өгнө. Ном буддын эд өлгийн 300 гаруй бүтээлийн өнгөт гэрэл зурагтай. Тухайн артефакт бүрийн шашны агуулга, ач холбогдлыг цаг хугацаа, газар оронтой нь тодорхой тоочсон нь бүхэлдээ буддын шашны өргөн дэлгэр мэдээллийг шингээсэн. Хоёр мянган жилд Азийн улс орон бүрт өөр өөрийн хийц, уламжлалаар хөгжсөн буддын баялаг ертөнцтэй эндээс тодорхой танилцана.
Номын зохиогч Рөүз Вүүдворт Кентийн урлаг, дизайны дээд сургуульд урлаг судалж, Лондонгийн урлагийн их сургуульд номын чимэг зурагт суралцжээ. Зохиогч хорь гаруйхан настай ч дизайн, маркетингийн салбарт ажиллахын зэрэгцээ буддизмыг судалж эхэлжээ. Улмаар буддын урлагийн бүтээл цуглуулж, цуглуулга нь нэмэгдэх хэрээр музей, номын сангийн архивыг нэгжин хожим хойтын уран бүтээлчид, буддын шашинтнуудад өвлүүлэн үлдээхээр энэхүү бүтээлээ туурвисан байна.
Номыг МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Антопологи-археологийн тэнхимийн багш, Португал Улсын Лисабоны их сургууль институт их сургуулийн зочин профессор Ж.Лхагвадэмчиг орчуулжээ. Монголын бурхан шашны дээд сургуулиас бакалавр, Варанасигийн Төвөд судлалын төв сургуулиас шастри зэрэг хүртэж, Хонконгийн их сургуульд мастер цол хамгаалж, Японы Шигагийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн Ж.Лхагвадэмчигийн буддын шашны чиглэлийн шинжлэх ухааны олон тооны бүтээл нь гадаадад хэвлэгдсэн. Түүнчлэн Masterpieces of Mongolian Buddhist Art from the Museums of Mongolia хоёр боть бүтээлд гар бие оролцсон юм.