Төрд өмч байгаа цагт хулгай дээрэм тонуул салахгүй.

Чөлөөт зах зээл дэх улс төрийн болон засгийн газрын оролцоог үгүй хийж, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг жамаар нь явуулах хэрэгтэй байна. Оюуны өндөр цар хүрээтэй, шинэлэг сэтгэгчид бизнесмэнүүд чухам юу үйлдвэрлэх, яаж үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ чанартай хийх, хэдээр үнэлэх, сурталчилгаагаа яаж дамжуулах, хэрхэн зарж борлуулах, энэ үндсэн дээр ашигтай ажиллах, судалгаан дээр тулгуурласан тооцоотой зөв шийдвэр гаргадаг байна. Ингэж зөв удирдлага, зохион байгуулалттай байснаараа үр дүнтэй, оновчтой ажиллана гэсэн үг. Олсон ашгаараа улам их баялаг бүтээхээс гадна ажилчдынхаа цалин хангамжийг нэмж үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн хэрээр ажлын байр тэлж олон хүн өөрийнхөө төлөө өөрийнхөө хөлсөөр өөрийгөө үнэлэх агуу боломжийг нээж, дараа дараагийн өгсөх үр дүн ашгийн төлөө цэгцтэй, цаг нартай уралдан зөв, алдагдалгүй, бүтээмжтэй, баян тансаг амьдралыг цогцлооно. Ажил үйлсийн үргэлжлэлээ төлөвлөн алсыг харж, улам өндөр бүтээл, үр шимтэйгээр ирээдүй рүү дөтөлнө. Ашигтай ажилладаг, чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хараат бус зөв үйл хэрэгтэй компаниуд капитализмын тулгаар болж, чанар сайтай сайн бүтээгдэхүүнээрээ олон хүний хэрэгцээг хангаж, гэрээ харилцааны эрхэм соёлыг бас хүмүүний жудаг гээчийг өргөж мөн чанарыг нь харуулна. Хар хүч, илбэдсэн хуурамч үг яриа биш, харин сэтгэлгээгээр аливаа юмс үзэгдлийн зөв сэжмийг нээж, оюун санаанд нэмэр оруулдаг, сайн дураар эвлэлдэн нэгддэг, чөлөөт эрмэлзэлтэй, олон хувь хүний хоорондын зөв үнэнд буюу, бодит хандлагад тулгуурласан гэрээ хэлцэл амжилтын үндэс болно.

Энэ үндэслэлийг хамгаалахын төлөө, зөв бодолтой, суурь хүн нь жудагтай хүнийг олж сонгохын тулд сонгогчид өөрсдөө оюуны тураалаас салахыг хичээж, юмс үзэгдлийг олон талаас нь харж дүгнэдэг, эрдэм чадварыг эзэмших нь чухал болоод байна.

“Хүн болоогүй хүнд эрт эрдэм боловсрол эзэмшүүлбэл, босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адилхан” гэж айлдсан Чой.Лувсанжав гуайн үгийг дуулгая. Хүн болоогүй, жудаггүй босоо ороолонгуудад дээрэлхүүлж суух сонголт бол эмгэнэл. УИХ нь хурал гэдэг үгийн агуулгыг үнэлэмжгүй болгож “Улсын Их Хэрүүл” хийж хов ярьж, хоосон цэцэрхэж, хараал урсгаж, атаа жөтөө нэрж, үг зөөж, өс зузаалсан адгийн авир аашаараа айл болгоны хойморт загнасан, зандарсан, заналхийлсэн, гаж буруу зуршил тогтоогоод удаж байна. Хурал нь хуралдаж чуулж зөв бурууг ялгаж, үнэн мөнийг тунгаан мэтгэлцэж, шинэ сэргэг, зөв философилог мэдээлэл солилцож, үнэнийг тогтоож, хүнээ хамгаалах хуулийг зарчимчаар бүтээх үйл явц юм. Соёлтой, цэгцтэй, голч байр сууринаас, улс төржилгүй бизнес болон, хүний эрхэнд халдлага орохоос сэргийлсэн хуулийг баталж, баталгаажуулах нэг л зорилго УИХ-д байх учиртай. Мөн УИХ нь сонгогчдын төлөөлөл учраас, сонгогчид нь нэр дэвшигчидтэйгээ 

  1. Татварын дарамтаас хэрхэн чөлөөлж миний эрхийг яаж хангах вэ
  2. Төрийн оролцоог яаж хумьж, бүр алга болгох ямар хувилбар сэдэж байна вэ.
  3. Зохиосгүй элдэв журам, хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах ямар арга зам танд байна вэ. Таны амлалт бидэнд хэрэггүй. Тантай зарчим ярьж сонголтоо хийнэ гэсэн өөдрөг санаанууд уралдуулан өөрөө өөрсдийнхөө эрхийг бүрэн дархлаажуулан хамгаалж, ярьдаг хэлдэг нарийн гэрээ хийдэг болох хэрэгтэй юм байна даа. 

Хатуу хэлье, ард иргэд чадахынхаа хэрээр гэгээрэх нь чухлын чухал болоод байгааг урья. Улстөрчид (масс) сонгогчдоо харанхуй бүдүүлэг байлгах хүсэлтэй байдаг нь үнэн. Ийм хүмүүс халамж, хайр амлаж хүмүүний оюун санааг хөлхтэй болгодог юм. Улс төр, мухар сүсэг хоёроос өөрсдийгөө холдуулаагүй цагт хүн үргэлжийн зовлон зүдгүүрт нэрвэгдсээр амьд явах хугацаа дуусна шүү дээ. ”Там там гэвэл тамтаггүй явбал там гэдэг чинь тэр” Лувсанданзанравжаа хутагт 19 дүгээр зуунаас зуун зуун өртөөлүүлэн захижээ. Бид зовж буй бол өөрсдөө зовлонгоо тарьж буй нь тэр. Өөртөө үнэ цэн өгдөг, амьдралдаа анхитай, ажилтай хүн л жаргалаа бадраадаг юм. Аливаа хүн, хүний амьдралд хангалттай бодит хандлагын гурван үнэ цэнэ байдаг. Энэ нь нэгдүгээрт,оюун ухаан; хоёрдгаарт, зорилго чиглэл; гуравдугаарт, өөрийгөө хүндлэх чанар. Эдгээрт 1. ухаалаг сэтгэлгээ, 2. хөдөлмөрлөх чадвар, 3. бахархал гэсэн гурван дээд чанар байх учиртай гэдэг томьёоллыг Айн Рэнд 1936-1956 оны хооронд хүн төрөлхөтөн дэлхий даяар дэвшүүлэн тавьжээ. 

Хүн үндсэн хуулиар хамгаалагдсан амьд байх, амьдрах эрхээ эдлэх учиртайг бид мэднэ. Үндсэн хууль нь хувь хүнд биш төрд өгсөн хязгаарлалт хазаар юм. Үндсэн хууль төрд бүрэн эрхийг бэлэглэдэггүй, харин хүнийг төрөөс хамгаалах баримт гэдгийг хатуу баримталж, зөв үнэн бодит хандлага руу чиглэе. Энэ хандлага хүнийг хуулиар хамгаалах туйлын зорилго мөн. Аль улирсан баларсан, утга нь алдагдсан, хүчгүй, хүчингүй болсон хуулиар засаглаж, төр хүнээ хэлмэгдүүлэх ёс бус үзэгдлийг зогсоох хэрэгтэй. Ийм үзэгдэл даврахаар л төр данхайна, томорно.

Ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг нь гадаадад ч, дотоодод эв нэгдэл, энх амгаланг хамгаалах, нандигнах, өмөөрөх. Өөр юу ч биш шүү. 

УИХ-ын үүрэг нь хүний эрхэнд, хувийн өмчид, бизнест халдахгүй байх бодит чиг хандлагад тулгуурласан хууль санаачлан боловсруулж, хуралдан хэлэлцэж батлах.

Засгийн газрын үүрэг нь хүмүүсийн амьдрал болоод өмчид, бүтээхэд нь, ажиллахад нь хөндлөнгөөс оролцохгүй, хутгалдахгүй байх. Бизнесийн таатай орчин, хүний эрхийг хамгаалах, татварын дарамт үзүүлэхгүй, хүн баялгаа бүтээх боломжид садаа болохгүй байх л чиг үүрэгтэй. Дээрх гурван институт чиглэл чиглэлийн ажлаа хийх нь л чухал. Засгийн газрын гишүүд парламентын гишүүн байх нь зохисгүй, улс төрийн тогтворгүй байдал үүсгэдэг гэдгийг амьдрал нотолж байна. Иймд засгийн газрын гишүүн парламентад суух нь, парламентын гишүүн засгийн газарт орох нь бөөн ашиг сонирхлын зөрчил болоод явчихаж байгааг харж байгаа биз дээ.

Хувь хүнд амьсгалтай нь цуг ирсэн жам ёсны үнэ цэнийг хажуугаас оролцож, оролдож, довтлохгүй, зөнд нь орхих нь хамгийн эрүүл саруул, ариун явдал болой. Ер нь хүн чаддгаа хийж, мэдлэгээр өргөн тунгалаг байж л зөв хандлага тогтоно. Өөрийн авъяасаа нээж, чадвараа эрчимжүүлж байгаа хүмүүст, засаг төр гай болохгүйн тулд хүний эрхийг булшилсан хуулиудыг таягдан хаяж, зоригтой өөрчлөлт хийх үйлсийг дэлгэрүүлэхсэн дээ. Манайд хэлтэй ултай, мэдлэгтэй чадвартай, соёлтой ямарваа харъяалалд өртдөггүй, ажилсаг сэтгэгч залуус өсөж өндийж байгаа. Би тэдэнд итгэдэг. Тэд Монголын ирээдүйн аврал. Зөв бүхэн буруугийн хогонд дарагдаж, үнэн болгон худлын утаанд угаартаж буй өнөө үед яаж гамшгаас ангижирах вэ? Өнөөдөр хүмүүс худал хуурмагийг шанага шанагаар нь залгилах мөртлөө, гашуун үнэнийг тэр дор нь нулимчихдаг болжээ. Уураг тархи, ухаан бодол ажил хийж, үйлс бүтээдэг болохоос хэл яриа ажил хийдэггүй. Хэл биш толгой ажилладаг. Уураг тархины түлхээсээр хэл ярьдаг юм. Гарах гарц олохгүй энэ үймээн хашхиралдаанаас хагацах хугацаа болсон. Оройтох нь байна шүү... Оройтохгүйн тулд дороосоо хувьчлагдсан, дээрээсээ колоничлогдсон, төрийн дээр дэнхийсэн намуудыг тарааж, намуудын тухай хуулийг батлан гаргах хэрэгтэй байна.

Гарах гарцаа олохгүй хүн хашгирдаг. Алийн болгон хашгирсан, айлын зурагт дэлбэлчих шахдаг тархины тураалд орж, хатингаршсан дарга нарын муу муухайгаар эрчилсэн хорт эрчимд бохирдож, бачимдаж суух билээ. Ингэхгүйн тулд өөрийгөө дөвийлгөж, өөртөө итгэж, өмчөө хамгаалж, ашиг орлогоо нэмэх, чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлсэн, хариуцлагатай зарчимч байх философи чухал юм.

Манай өнөөгийн нийгмийн байр суурийг харвал зарчим олон нийтийн яриа хөөрөөнөөс улам бүр шахагдаж, үүнээс үүдээд утга учиргүй хов жив хөөцөлдөн, хэрүүл хийж, яльтай яльгүй зүйлс хамж ярьдаг болсноос үнэ цэнээ умартан, ирээдүйгээ яг одоогийнхоо явган явдлаар сольчих бий вий. Заримдаа хүн юухан дээр боловч буулт хийж харилцан зөвшилцөж байх хэрэгтэй гэсэн ойлголт газар авлаа. Зарчмыг үгүйсгэж үгүй хийдэг хүн амьдралд нарийн ухаанаар хандахыг устгадаг. Ингээд ирэхээр амьдралд хандах амьтны ухаан ч үгүй болж, эцэстээ аливаад сэтгэл хөдлөлөөр хандах юм уу, бүр зодоон цохиондоо ч хүрдэг байна. Ингээд зогсохгүй өмч эдийн засгийн эрх ашгийн төлөө ашиг сонрхолын зөрчил үүсч, татвар төлөгчдийн хөрөнгө, бизнесмэнүүдийн байгуулсан бүтээмж рүү өлөн нүдлэн дайрч, идэх авахын дон туссан улстөрчдийн өвчин эмгэг газар авч байна. Өөрийн бурууг бусад руу чихсэн, өрөөлийн гавьяаг өндөлзөн луйвардсан тонуулч популистууд хол явахгүй. Бид улс орон, үндэстнээ аваръя гэвэл манайд илүү сайн улстөрч биш, харин ёс жудаг, зарчим хэрэгтэй байна. Өөртөө хайртай хүн бусдыг хайрлана. Өөрийгөө хүндэлдэг хүн өрөөлийг ч хүндэтгэнэ. Энэ бол бодит үнэн, эндээс л зарчимч байр суурь эхэлдэг. Өөрийгөө хайрлах, өөрийгөө мэдэх, өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх, өөрийгөө ойлгох, өөрийгөө олох, өөрийгөө таних үзлийг гагцхүү капитализм л өөгшүүлнэ, бас хамгаална. Хуульчлагдсан тонуулчдын дээрэнгүй инээмсэглэлээс салах арга зам нь капиталист тогтолцоо мөнөөс мөн. Хэнд ч нийгмийн сайн сайхны төлөө нэрийн дор хувийн өмчийн эрхийг үгүй хийх, төрд авах мэдэл байж үл болно. (Насан эцэслэсэн хойно нь ч гэсэн.) 

Баялаг бүтээгчдийг үнэлж, хүндэтгэж өмөөрч хамгаалдаг,бизнест, ажил үйлсэд садаа хориг болдоггүй капитализмаас хазайх эрх надад лав алга. “Хүн төрийг диваажин болгох гэж оролдох нь төрийг энэ дэлхий дээрх там болгож хувиргалаг юм “ гэдэг Ф.Гелдэрлиний үгээр төгсгөе.


Токио. 2019.03.18