“Хөгжлийн банкийг захирлуудаас нь аврах цаг болсон”-ыг 2020 онд анхааруулсан!
ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ЗАХИРЛУУДААС НЬ АВРАХ ЦАГ БОЛЖЭЭ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА!
Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх алга ташуулсан мэдээ зарласан өнгөрсөн баасан гаригт болсон Засгийн газрын хуралдааны суу дуулиан одоо ч намдаагүй байна. Тухайлбал уг хуралдааны үеэр ноолуур бэлтгэх ААН-үүдэд жилийн 12 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн асуудал олгохоор шийдвэрлээд байсныг 3 хувийн хүүтэй олгохоор болж зээлийн зөрүүг Засгийн газар хариуцахаар болсон. Энэ үеэр Хөгжлийн банкны зарим ноцтой нууцууд дэлгэгдэж өнөөх эх үүсвэр “асуудалтай” байсан тухай ч хөндөгдсөн бололтой. Харин үүнийг далимдуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг банкийг хуульд өөрчлөлт оруулах замаар манай мэдэлд өгчих гэхэд Ерөнхий сайд бараг л “толгой дохьчихсон” бөгөөд энэ асуудлыг маргаашийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж мэдэхэээр байна.
Хөгжлийн банкны хувьд татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулдаг банк, санхүүгийн чиглэлийн байгууллагын хувьд зээлийн шийдвэр гаргалт хамгийн том асуудал байдаг. Энэхүү шийдвэрийг гаргаж буй удирдлагууд мэргэжлийн ур чадвар, туршлага, сэтгэл зүтгэл хангалттай байна уу гэвэл асуудалтай төдийгүй өнөөдрийн байдлаар тус банкны хамгийн том удирдлагын үүрэг гүйцэтгэгч нь төрсөн ахтайгаа хамт хууль, хяналтын байгууллагад шалгуулж буй. Ийм байхад Төр энэ банкийг анхаарахгүй бол улам л нөлөө бүхий шийдвэрүүд гараад байхад удирдлага ойлгомжгүй байна гэдэг аюултай байна.
Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2017 оноос өмнөх, 2017 оноос хойшхи гэж хоёр хувааж үздэг. 2017 оноос өмнөх үйл ажиллагааны үр дүнд зээлийн хугацаа хэтрэлт 70 гаруй хувьд хүрсэн. Зарим мэдээлэлд 80 орчим хувьд хүрсэн ч гэж дурдсан байх юм. Энэ байдлыг засах зорилгоор 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны бүх удирдлагыг солисон. Шинэ удирдлагаар Гүйцэтгэх захирал Б.Батбаяр (2019 оны 5 сард Б.Батбаяр нь ажлаа өгч, Г.Амартүвшин банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон), Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Дэд захирал бөгөөд Актив, пассивын газрын захирлаар Б.Чойжилжалбуу, Дэд захирал бөгөөд Зээлийн газрын захирлаар Ч.Мөнхбаяр, Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар Я.Сод-Эрдэнэ, Дэд захирал бөгөөд Эрсдэлийн газрын захирлаар Дөлгөөн (2018 онд Б.Батбаатар болж өөрчлөгдсөн) нар томилогдсон.
Эдгээр шинээр томилогдсон эрхмүүд Чингис, Самурай бондын эх үүсвэрээр 2011-2016 онуудын хооронд олгогдсон зээлүүд чанаргүйдсэн, эргэн төлөлт хийгддэггүй гэдэг мэдээллийг удаа дараа өгч байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ дээрх зээлүүдийг Улсын төсөвт шилжүүлсэн, Чингис бондын эргэн төлөлтийг мөн Улсын төсөвт шилжүүлсэн, нэмээд өөрийн хөрөнгийг нэг их наядад хүргэсэн гэдэг. Дүгнээд үзвэл тухайн зээлүүдийг төлүүлэх арга хэмжээ авахын оронд шууд улсын төсөвт буюу татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлсэн. Чингис бондыг захиран зарцуулсан хэрнээ эргэн төлөлтийг мөн л татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлсэн, нэмээд улсын төсвөөс нэг их наяд төгрөгийг өөрийн хөрөнгийг нэмэх гэдэг халхавчин дор татвар төлөгчдийн халааснаас авчихсан байгаа биз?
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд хэд хэдэн удаагийн шалгалтууд хийгдсэн боловч дээрх үйл явдлууд шалгалтын үр дүнд дурдагдахгүй өнгөрөөд байгаагийн цаана өнөөх улс төрийн болон бизнесийн бүлэглэлүүд байж болох юм.
Ингэж байтал “Чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна” гэдэг үндэслэлээр 2019 оны тавдугаар сард банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, оронд нь олны дунд “шарк” гэдгээрээ танигдсан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилсон. Г.Амартүвшин нь Харвард зэрэг нэр хүндтэй гадны сургуулиудад сурч боловсорсон, банк, санхүүгийн чиглэлээр гадаадын орнуудад ажиллаж байсан туршлагатай. Одоо л Хөгжлийн банкийг хөгжүүлэх нь гэж байтал 2020 он гарснаас хойш гэнэт Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлын ажлаа өөрийн саналаар өгсөн гэх мэдээлэл гараад эхэлсэн. Өөрөө энэ талаар байр сууриа илэрхийлээгүй тул баттай үгүй нь одоогоор тодорхойгүй. Найдлага тавьж байсан эрхэм нь сүүлээ ганцхан шарваад зугтчлаа. Ямар баг үлдэв?
Ч.Энхбат | Б.Чойжилжалбуу | Ч.Мөнхбаяр | Я.Содбаатар |
Тэргүүн дэд захирал | Дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал | Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал | Дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, Тамгын газрын захирал |
1997-2001 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч Хөдөлмөрийн үйл ажиллагаа мэргэжлээр дүүргээд 2002-2004 онд “Атар Өргөө” ХК-ийн Ерөнхий эдийн засагч, 2004-2009 онд “Монгол шуудан” банкинд Эдийн засагч, Ахлах эдийн засагч, Салбарын захирал 2010-2011 онд “МЗҮҮА” ТББ-ийн Тэргүүн, 2011-2016 онд “Марс гранд” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, | Хас банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан | Электроникийн инженер мэргэжилтэй тэрбээр “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2001 оны тавдугаар сарын 1-нээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орсон байдаг. Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Тамгын газрын даргын албыг хашиж байсан намтартай. | |
МАН-ыг цөөнх байх 2012-2016 онд УИХ дахь тус намын бүлгийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. | МАН-аас Сүхбаатар дүүрэгт Орон нутгийн сонгуульд хүч үзэж байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай дунд сургуульд нэг ангид сурч байсан. | УИХ-ын гишүүн Б.Жавхлантай МУИС-д нэг ангид сурч байсан. | УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн ах |
Хөгжлийн банкны удирдлагуудын намтарыг харахад ихэнх нь банкны салбарт ажилласан туршлагагүй, МАН нам дагаж албан тушаалд хүрсэн эрхмүүд байна. Хамгийн гол нь банканд зээл судалж, зээл олгож, зээл эргэн төлүүлж байсан туршлага дээрх эрхмүүд дотор байхгүй байна. Ядаж л даяаршиж буй энэ үед гадныхантай харилцан ойлголцох мэдлэг боловсрол, гадаад хэлний мэдлэг, туршлага ч алга. Ийм эрхмүүдээр Монгол Улсыг хөгжилд чиглүүлэх төсөлд санхүүжилт олгох том банкны удирдлагаар ажиллуулах нь зөв үү?
Харин одоо тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
№ | Нэр | Албан тушаал | Жилийн цалин | Орон сууц, машин | Хадгаламж |
1 | Ч.Энхбат | Тэргүүн дэд захирал | ₮ 119 сая | ₮ 1.2 тэрбум | ₮ 11 сая |
2 | Б.Чойжилжалбуу | Дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал | ₮ 149 сая | ₮ 1.1 тэрбум | ₮ 358 сая |
3 | Ч.Мөнхбаяр | Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал | ₮ 96 сая | ₮ 500 сая | ₮ 167 сая |
4 | Я.Сод-Эрдэнэ | Дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, Тамгын газрын захирал | ₮ 101 сая | ₮ 1.9 тэрбум | ₮ 1.7 тэрбум |
У. Оргилмаа