Марк Аврелий “Бясалгал” номын тухайд
Нэпко хэвлэлийн газрын зүгээс Бясалгал номыг Григорийн орчин үеийн орчуулгаас орчуулан, түүний бичсэн оршилтойгоор уншигчдадаа хүргэж байна.
Энэ хавар “НЭПКО” хэвлэлийн газраас Ромын эзэнт гүрний үеийн алдарт Стоик философич Марк Аврелий Антонин (МЭ 121-180)-ы Бясалгал (Meditations) бүтээлийг уншигчдадаа орчуулан хүргэсэн юм. Ийн зохиогчийн тухай цухас дурдвал, тэрээр өргөж авсан эцгээ өв залгамжлан 161 онд Ромын эзэн хаанаар өргөмжлөгдөж, амьдралынхаа сүүлийн арван жилд уг номоо бичсэн бөгөөд өөрийнх нь хувьд тэр үе бүрхэг бархаг, бухимдал ихтэй байсан гэдэг. “169-179 оны арван жилийн хугацаанд тэрээр хил дээрх байнгын тулаан, Кассийн амжилтгүй бослого, хамтран зүтгэгч Вер, эхнэр Фаустина болон бусад хүний үхлийг даван туулах ёстой” болсон байна. “Бясалгал” номыг бүрэн утгаар нь ойлгохын тулд бүтээлийн үндэс болсон стоицизмыг төдийгүй эртний амьдралд гүйцэтгэж байсан философийн үүрэгтэй танилцах нь зүйтэй.
Стоик философи нь 2500 жилийн өмнө Эртний Грект үүсэж, улмаар Ромын эзэнт гүрэнд дэлгэрсэн түүхтэй. Гол төлөөлөгчид нь Сенека, Эпиктет, Марк Аврелий, Хрисипп, Афинодот нар юм. Стоик философийн ертөнцийг үзэх үзэлд гол байр суурь эзэлдэг сургаалуудын дотроос магадгүй хамгийн чухаг нь дэлхий ертөнц ухаалаг оновчтой, уялдаа холбоотой зохион байгуулалттай байдаг гэсэн гуйвшгүй итгэл үнэмшил юм. “Философийн бусад зарим урсгалаас ялгаатай нь стоикууд олон нийтийн амьдралд оролцохыг үргэлж сайшаасаар ирсэн бөгөөд ийм байр суурь нь улс төр, цэргийн үйл ажиллагаанд ихээхэн үнэ цэн өгдөг Ромын язгууртнуудын таалалд яг таг нийцжээ... Ромын стоицизм нь сэтгэлгээний хийсвэр систем биш, харин амьдралд хандах хандлага буюу бодитой мэдлэг байлаа.”
Бясалгал номын тухайд, энэ бол бусдад зориулсан бүтээл биш, өөртөө зориулж бичсэн өдрийн тэмдэглэл, бодол, бясалгалын бичвэр. Хүний зан авирыг гүн гүнзгий ойлгосны үндсэн дээр Марк хорвоо дэлхийд хэрхэн амьдрахаас өгсүүлээд бусад хүнтэй харилцах харилцаанд гарах зовлон бэрхшээлийг яаж даван туулах хүртэлх бүх зүйл дээр нэвтэрхий мэдлэг, мэргэн ухаан, бодитой зөвлөмжийг өгчээ.
“...Бусдын сэтгэлд юу болж байгааг үл тоомсорлолоо гээд хэн ч хэзээ ч харуусаж байгаагүй. Гэхдээ хэрэв чи өөрийн сэтгэлээ юу хийж байгааг хянахгүй бол яаж аз жаргалтай байх юм бэ?... Эдгээрийг хэзээ ч бүү март: Хорвоогийн мөн чанар. Өөрийнхөө уг чанар. Би хорвоотой ямар хамааралтай. Хорвоогийн хэдэн хувийг би бүрдүүлдэг. Чи бол байгалийн нэг хэсэг бөгөөд түүнтэй зохицон ярьж, үйлдэхэд чинь хэн ч саад болж чадахгүй гэдгийг...”
“Бясалгал” (Meditations) номын орчуулагч Виржиниагийн Их сургуулийн сонгодог судлалын тэнхимийн туслах профессор Григорий Хэйс нь эртний зохиолчдын тухай олон нийтлэл, тойм бичиж нийтлүүлсэн, гарамгай орчуулагч, судлаач, шүүмжлэгч хүн юм. Манай хэвлэлийн газрын зүгээс тус номыг Григорийн орчин үеийн орчуулгаас орчуулан, түүний бичсэн оршилтойгоор уншигчдадаа хүргэж байна. Номоо захиалах бол https://www.nepko.mn/publishing/detail/490 энэ линкээр хандаарай.
“Би нэгэн цагт хувьтай хүн байсан ч нэг өдөр азын тэнгэр минь харьсан даа. Гэхдээ жинхэнэ хувьтай хүн гэдэг өөрөө өөрийнхөө аз завшааныг бий болгодог хүн юм. Аз завшаан гэдэг бол сайн зан чанар, сайн санаа зорилго, сайн үйл юм.” (Бясалгал, 68-р тал)