Хөгжилд хөтлөх Хөтөл
Гэвч “ашиггүй ажиллах” болсон тул, 2015 онд Засгийн газар (Ч.Сайханбилэгийн) тус компанийг өр, хөрөнгө, орд газартай нь хамт хувьчлах болж, ТӨХ (Ц.Нанзаддорж) “Бэйзмент” ХХК-д нь 1.3 тэрбум төгрөгөөр худалджээ. Олон арван жил ашиглах шохойн нөөцтэй орд, ДЦС, дэд бүтэц, үйлдвэр, бараа материалтайгаа Зайсангийн амны нэг хаусын үнэд арай хүрсэнгүй. Төрийн мөнгөөр төрийн хөрөнгийг “худалдан авахдаа” мэргэшсэн, ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн улстөрчидтэй хамтардаг ээлжит өрөг ингэж өрнөв. Хэдэн сарын дараа “Бэйзмент” компанийн нэрийг “Хөтөл” ХХК болгож өөрчлөв.
2022 оны наймдугаар сарын 16-нд “Хөтлийн эдийн засгийн чуулганд” оролцов. "Цемент шохой" ТӨХК болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан анхны энэ чууулганд хоёр зуугаад зочид, төлөөлөгчид оролцож, Хөтөл хотын хөгжлийн боломж ба сорилтууд, ойрын болон хэтийн төлөвлөгөөний талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо сайтар солилцлоо.
Хөтөл нь аж үйлдвэрийн цогцолборт түшиглэсэн суурин бөгөөд 1994 онд УИХ-ын 58 дугаар тогтоолоор хотын статустай болжээ. Сайхан суманд харьяалагдах энэ хотхон 1983 оноос хойш цемент шохойн үйлдвэрээ тойрон томорсоор хүн ам нь эдүгээ 10 мянгад хүрсний 820 гаруй нь тус үйлдвэрт ажиллаж байна. Энэ үйлдвэрийн хөгжил бол энэ сумын, бүс нутгийн хөгжил ажээ.
Хөгжилд хөтлөх Хөтөлийн зам тэгш дардан байсангүй, цаашид ч цөөнгүй сорилттой тулгарах нь мэдээж боловч, алсын хараатай, шудрага засаглалтай, хамтаар зориглон, цаашдаа зүтгэж чадвал хангалуун сайхан амьдарч болох бас нэг сайхан хот болох юм.
Туулсан зам
Хөтөлийн энэ үйлдвэрийг 1983 онд Зөвлөлтийн нойтон аргын техник, технологиор жилд 500.0 мянган тонн цемент үйлдвэрлэх технологиор барьсан ч бүрэн хүчин чадалдаа хүрч байгаагүй, жилд 360 мянган тонноос хэтрээгүй ажээ. Засгийн газар 2001 онд энэ үйлдвэрийг хувьцаат компани болгожээ.
2010 онд УИХ-аас төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг баталж, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах Засгийн газрын (Сү.Батболдын) шийдвэр гарчээ. 2011 оны нэгдүгээр сарын 17-нд энэхүү ТӨХК болон “Бэйзмент” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаныг ТӨХ (Д.Сугар) баталжээ.
2012 оны аравдугаар сарын 19-нд “Бэйзмент” ХХК нь Хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61.3 сая ам.долларын зээл авчээ. Энэ зээлээр чулуунцар үйлдвэрлэх технологийн II шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тонн хүргэх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах зорилготой байлаа. 2014 оны тавдугаар сард хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулав.
Гэвч “ашиггүй ажиллах” болсон тул, 2015 онд Засгийн газар (Ч.Сайханбилэгийн) тус компанийг өр, хөрөнгө, орд газартай нь хамт хувьчлах болж, ТӨХ (Ц.Нанзаддорж) “Бэйзмент” ХХК-д нь 1.3 тэрбум төгрөгөөр худалджээ. Олон арван жил ашиглах шохойн нөөцтэй орд, ДЦС, дэд бүтэц, үйлдвэр, бараа материалтайгаа Зайсангийн амны нэг хаусын үнэд арай хүрсэнгүй. Төрийн мөнгөөр төрийн хөрөнгийг “худалдан авахдаа” мэргэшсэн, ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн улстөрчидтэй хамтардаг ээлжит өрөг ингэж өрнөв. Хэдэн сарын дараа “Бэйзмент” компанийн нэрийг “Хөтөл” ХХК болгож өөрчлөв. Нэр будлиулах замаар, төлбөр төөрүүлдэг 1990-ээд онд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэт концерн” болгож байсан луйврын схем ийнхүү үргэлжилсэн юм.
Хувьчлагдах 2015 оны үед Хөтөл нь шохойн чулууны хоёр ордтой, үйлдвэрлэл нь хуурай аргын технологид шилжин, тогтворжсон, бүтээгдэхүүний чанар баталгаажсан, дэд бүтэц сайтай, мэргэшсэн, туршлагатай ажиллах хүчний нөөцтэй нэгэнт болсон байсан. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын өчүүхэн хэсэг нь үйлдвэрлэгчид, ихэнх нь ХХБ-тай холбоотой зуучлагчдад очих болов. Тэд үйлдвэрээс зах зээлийн үнээс, зарим тохиолдолд өртгөөс нь доогуур үнээр авч, зах зээлд өндөр үнээр борлуулж байсан тул үйлдвэр алдагдалд орж, улмаар зээлээ барагдуулах байтугай, ажилчдынхаа НДШ-ийг төлж чадахгүйд хүрчээ.
“2015 оны эхээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан этгээдүүд Хөгжлийн банкнаас 300 орчим тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авсан ч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүйн дээр татвар, нийгмийн даатгалын 20-иод тэрбум төгрөгийн өртэй” гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэв.
Хөтөл одоо
2022 оны гуравдугаар сарын 23-д Хөтөл цемент шохой үйлдвэртэй холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцээд, төрийн өмчид буцаан авах тухай тогтоол гаргажээ. УИХ хувьчлах тухай 2015 оны шийдвэрээ хүчингүй болгох тогтоолын төслийг тавдугааар сарын 12-нд хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ хувьчлал бол луйвар. Нэг өдрийн дотор болсон процесс. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн аав. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал байсан” гэв.
Уг нь тийм гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоож, өмчийг төрөөс хураах ёстой. Гэвч Монгол Улсын шүүх хараат, ийм төрлийн маргаан олон жилээр сунжирдаг болсон. Ямар ч л гэсэн, шинэ захирлыг төрөөс дефакто томилж, баг нь цаг алдахгүй ажилдаа оржээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлд “хувьчлан авагч хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн;”, “хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон;”, “хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;” гэсэн үндэслэл байвал хувьчлалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно гэсэн заалт байдаг. Мөн Концессын тухай хуулийн 8.1.2-т “концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргах”-ыг хориглодог ажээ.
Шинэ гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ба түүний баг борлуулалтын “дундаас нь цавчигчийг” үгүй болгосноор дөрвөн сарын өмнө 120 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйлдвэр дөрөвхөн сарын дотор буюу 4-7 дугаар саруудад 13.5 тэрбумын ашигтай, НДШ-ийн 17.5 тэрбум төгрөгийн өрийг нь дарчихсан, дансанд нь 81 мянган төгрөг байсан бол одоо 10 тэрбум төгрөгтэй болгожээ. Ажилчдын цалин бараг хоёр дахин нэмэгдэж, дунджаар 2.5 сая төгрөгт хүрчээ.
Одоо олон жил горимын бус ашигласан 60 метрийн урт зуухын дотор ханыг солих гэх мэт техник, технологийн засвар, шинэчлэл хийж байна. Цар тахлаас болж Эрээний хил хаагдан галд тэсвэртэй тоосго нэг сараар хоцорч ирсэн ч, үйлдвэрийн хамт олон зуухны доторлогоог 21 хоногийн дотор шинэчилж, аравдугаар сарын 1-нээс цементээ нийлүүлж эхлэх ажээ. Улмаар энэ онд 400 мянган тонн цемент үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоох гэнэ.
ТӨХК-д удирдлага нь хулгай хийхгүй л байхад ямар том өөрчлөлт гарч болохыг энэ үйлдвэр дээр бэлхнээ харж болно.
Хөтөл ирээдүйд
Хөтөл хот байгалийн өгөгдөл, аж үйлдвэрийн туршлага талаасаа бол Монгол Улсын бас нэг том хот, хөгжлийн төв болох боломжтой.
Монгол Улсын гурван том хот буюу Дархан, Эрдэнэт, Улаанбаатарыг холбосон замын тэхий голд оршдог, авто болон төмөр замаар гурвуулантай нь холбогдсон буюу алтан гурвалжингийн төв нь Хөтөл. Хөгжлийг бүтээх суурь хөдөлгүүр нь "Цемент Шохойн үйлдвэр". Үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үүний дотор тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх төрийн бодлогын дагуу аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүд хэрэгжих тусам цементийн эрэлт хэрэглээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах, цаашид улам бүр өсгөх юм. Хөтөл нь барилгын материалаар төвийн болон хангайн бүсийн эрэлт, хэрэгцээг хангах бүрэн боломжтой.
Энэ үйлдвэр Хөтөл хотыг дулаанаар, Эрдэнэтийн үйлдвэрийг шохойгоор хангадаг. Мөн энэ хотод төмөр-бетон дэрний үйлдвэр бий. Жилд 180 мянган ширхэг төмөр замын дэр үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр 1997 онд ашиглалтад орсон.
Сайхан сум, Хөтөл хотын дүр төрхийг ирээдүйд тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд 320 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Үүний 160 тэрбум төгрөг нь Хөтөлийн үйлдвэрийн техник, технологийг шинэчилэхэд зориулагдах юм. Ийм их хөрөнгө татахын тулд олон улсын хөрөнгө оруулагчид юу шаардах болсныг тооцох ёстой. Том хөрөнгө оруулагчид өнөөдөр материаллаг эрсдэл, хөрөнгөө өсгөх боломжийг тооцохдоо ганц санхүүгийн гэхээс гадна, байгаль орчны, нийгмийн, засаглал зэрэг санхүүгийн бус хүчин зүйлүүд тооцдог болсон.
Тэгвэл цемент шохойн үйлдвэр байгаль орчинд ээлтэй, тэслэхийн оронд ангилан олборлодог шинэ технологи нэвтрүүлэхийг зорьж байна. Өрөмдлөг, тэсэлгээ, бутлуур зэрэг олборлолтын зардлыг хэмнэдэг Wirtgen SM 2200 гэдэг машин авах гэнэ. Жилдээ нэг сая.тонн шохойн чулууг ангилан олборлоно. Тоосжилт илт багасна. Энэ машиныг Шивээ овоод амжилттай туршсан ажээ.
Нийгмийн хөгжлийн хувьд цалин хоёр дахин нэмэгдэж, НДШ-ийн өргүй болсон учир арилжааны банкууд ажиллагсадад нь орон сууцны зээл олгох боломж нээгджээ. Орон сууцны хотхон барихад нь техникээр туслах, ажилчдынхаа орон сууцны зээлийн урьдчилгааг төлөх, баталгааа гаргах зэргээр шат дараалсан, бодит арга хэмжээнүүд авч эхлэх гэнэ.
Засаглалын хувьд ил тод болгож, бусад ТӨХК-ын дотроо сайн жишиг тогтоож байна. Удирдлага нь хулгай хийдэггүй, засаглал нь ил тод, алсын хараа нь тодорхой, хүн бүр итгэж зүтгэж чадвал үнэхээр том өөрчлөлт, шинэчлэл хийж болно.
Мөн орон даяар төслөө танилцуулж, ойлгуулж чадвал олон нийтэд хувьцаагаа гаргах замаар ч санхүүжилтээ босгож болно. Саяхан ард түмнээс койноор 2.8 их наяд төгрөг босгосон хөрөнгийг ч татаж болно.
Ямар ч гэсэн Хөтөлийн цемент шохойн энэ үйлдвэрийн удирдлага, хамт олон Хөтөл хотыг хөгжил өөд хөтлөхөөр хөдөлж эхэлжээ.
MONGOLIA NEWS
Оноч
зочин
зочин
баярласан хүмүүн
С.Э
МОНГОЛ ХҮН