Хөгжил чимээлж буйг зүрх, сэтгэлээсээ сонс!
Улаанбаатарт улс төр заваардгаараа заваарч, нийгмээрээ хов жив, хэрүүл уруулаар амьдарч байх цаг дор Монголын өмнөд говь нутагт нүсэр бүтээн байгуулалт ид өрнөж буйг анзаарч байгаа хүн алга.
- Бүтээн байгуулалт ийм эрчтэй өрнөж байна гэж төсөөлсөнгүй. Эсэргүүцэж хошуу амаа бүү билүүд
- Хөгжил гэдэг бол хэн нэгэн улстөрчийг харлуулахад хамааруулж болох зүйл огт биш. Энэ бол Монголын тусгаар тогтнол, оршин тогтнох эсэхтэй хамаатай асуудал. Бидний ирээдүйтэй хамаатай асуудал
Улаанбаатарт улс төр заваардгаараа заваарч, нийгмээрээ хов жив, хэрүүл уруулаар амьдарч байх цаг дор Монголын өмнөд говь нутагт нүсэр бүтээн байгуулалт ид өрнөж буйг анзаарч байгаа хүн алга. Сайн сайхнаа үгүйсгэх комплекстэй болчихсон нийгэмд энэ мэт гэрэл гэгээг харахыг, мэдэхийг, мэдрэхийг ч хүсдэггүй болчихдог бололтой юм байна. Нэгэн бодлын мэдэхгүй байсан нь ч дээр юм шиг санагдах. Яагаад гэж үү! Мэдээжийн хэрэг сонсонгуутаа л мэддэггүй, чаддаггүй юмгүй болцгоодог дээрээ “тавиад” “Хэн хамгийн сайнаар харлуулах вэ?” сэдэвт ээлжит уралдаанаа зарлаад нойр, хоолоо умартцгаах нь ойлгомжтой. Сурсан зангаа сураар боож чаддаггүй ард түмэн шүү дээ, бид чинь. Энэ нь эргээд ямар ч үйлсийг саатуулж, бүр зогсоож чадаххар хүч, хар энергид хувирч хуйлардаг аюултай. Тэр тусмаа нийгмийн аль шимтэй бүхэн рүү шигдсэн улстөрчид нэртэй хувалзнуудын анхаарлыг татаж, хөгжлийн хөлд дөнгө, чөдөр тушааны хорлол болон босоод ирвэл барагтайд дийлддэггүй гэдгийг амьдрал өөрөө бидэнд мөн ч олон удаа нотлох юм даа. Монгол эх орон маань өндийж босдоггүй, сэргэж сэхэхгүй байдгийн учир шалтгааны нэг нь энэ муухай хар эрчмийн хуйлрал гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Та бидний оролцоо үгүйсэн бол юм бүхнийг үгүйсгэж сөрсөн, харлуулж хараасан бузар дэв хэрхэн хүч орохсон билээ. Болгоомжилж, сэжиглэж цээрлэх шалтгаан гэвэл энэ л байна. Ийн бичиж ахуйд ёстой ТҮЙ, ТҮЙ гэмээр санагдчихлаа. Би уг нь сэтгэл сэргээсэн бүтээн байгуулалтын тухай дурдсан шүү дээ. Өмнийн цэлгэр говьд өрнөж байгаа энэ бүтээн байгуулалтын талаар бусдаас нэг их гарахаар мэдээлэлгүй байсан байна гэдгээ нэрэлхэлгүй өчсү.
1. Цогтцэцийн тэгш талаас Говь шанхын уулсыг арлаад зүүн зүг рүү чиглүүлж Дорноговийн Зүүнбаян, Сайншанд хүргэх хөндлөн тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ийм эрчтэй өрнөж байхын чинээ төсөөлсөнгүй. Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг Монголын цор ганц босоо тэнхлэгийн төмөр замтай холбох гэж байгаагийн тал талын ач холбогдлын талаар ярих ч юм биш. Үүнийг арай дэлгэрэнгүй өгүүлэхийн тулд түр азнах хэрэгтэй болж байна.Энэ удаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлж, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, дэд бүтэц, гадаад харилцааны салбар хариуцсан сайд нар, зарим гишүүн багтсан, хачирхалтай нь надаас өөр нэг ч сэтгүүлч үгүй цомхон багийн цуваанд орж явсан минь сонин байлаа. Оюутолгойгоос хойш ийм том төслийг Монголд хэрэгжүүлж байсангүй. Тэр тусмаа монголчууд ингэж өөрсдийнхөө хүчээр, дангаараа 414.6 км төмөр замын даланг барьж байгааг харахад бахархал эрхгүй төрдөг аж. Эзэнгүй юм шиг эл хуль оргидог байсан говь нутаг “амь” орж байгааг харлаа. Энд хүн, машин техникийн хүч оволзож, цаг хугацаатай уралдан буйг нь харж явлаа. Энэ их ажилд алдаа, дутагдал бол байдаг л биз. Хамгийн гол нь эндээс амьдралын ямар гоё үнэр, амт таашаал мэдрэгдэж байна гээч. Жинхэнэ бүтээн байгуулалтын амт байлаа гэж хэлье. Намрын бядгүй ээх наран дор дорныг чиглэн сунайх шинэ даланг даган хурдтай давхих цуваа тав, арван км тутамд байн байн зогсон замчидтай уулзаж, ажлын үйл явцтай танилцаж, ажиглаж саатна. Энэ төсөлд Монголын төр, засаг үнэхээр их анхаарч байгаа юм байна. Тэр тусмаа Ерөнхийлөгч маань өөрөө хүрз бариад энэхүү бүтээн байгуулалтын ажил руу орвол ч орчихоор шинжтэй яарч байгаа нь илт.Тэрбээр энэ төмөр замд маш ихээр ач холбогдол өгч байгаа нь энэ намрын хугацаанд ийшээ хоёр дахь удаагаа ирж, нягталж шалгаж байгаа явдал юм. Барагцаагаар хагас өртөө тутамд ажилчдын авсаархан гэр кэмп-хотхон таарна. Хөндлөнгийн нүдээр харахад энд хүн хүч нэлээд дутагдаж байна уу гэмээр санагдсан. Гэхдээ л хувь, хувьсгалын 30 орчим компани, аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний дөрвөн ангийн хүчээр 414 км технологийн замыг тавиад дуусгаж байна. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал, 10 метр өндөр суурийн далан болон дээд хэсгийн бэлдэц, хайрга дайргаа дэвсэж, хэд хэдэн газар туннель гаргах үндсэн гол ажлуудыг шувталжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Засгийн газрын тэргүүний 53-р захирамж гарч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах Ажлын хэсгийг байгуулж байсан гээд бодвол үнэхээр богино хугацаанд маш их ажлыг амжуулжээ. Нүд чих хоёрын хооронд ер нь ямар их зай байдгийг эргэцүүлэхэд хүрч байна. Холоос сургаар аливааг шүүмжилж, “мияалах”, тэр тусмаа мэдэмхийрэн цэцэрхэх хэрэггүй гэдгийг монгол хүн бүрт хаяглан онцолмоор санагдлаа. Энд бүтээн байгуулалт өрнөж, монголчууд юм хийж чаддаг гэдгээ нотолж байхад тэнд хуруугаа ч хөдөлгөхгүй атлаа дэмий ярьж суугаа бол үнэхээр л ичгэвтэр хэрэг болох юм билээ л дээ. Зам зуурт мэргэжлийн хүмүүстэй ярилцаж танин мэдэхүйн цараа тэлж явлаа. Төмөр замыг авто замтай адил хурдан барьчихдаггүй аж. Тухайлбал, 100 км авто зам барихад дунджаар нэг сая шоо метр газар шорооны ажил хийдэг гэнэ. Харин 15 км төмөр зам тавихад яг ийм хэмжээний ажил хийх болно. 10 метр өндөр далан барихад 20 см-ээр 50 үе явж, үе болгоныг индүүдэж услаад хэр нягтарч байгааг шалгаж байж дараа дараагийн үеийг тавьдаг юм байна. Ер нь энд 2500 км авто зам барихтай тэнцэхүйц газар шорооны ажил явагдаж байна гэсэн үг. Нүсэр байгаа биз. Технологийн замаа тавиад дуусгана гэдэг үндсэн ажлын бараг 70 хувийг нугалчихжээ гэсэн үг. Одоо шууд үндэсний үйлдвэрийн бетон дэрнүүдээ тавиад ган рейлсээ угсраад, “хадаад” явчих аж. Зүүнбаянгийн эзгүйрч орхигдоод олон жил болсон өртөөнөөс эхлэн даруй 100 метр газар төмөр зам аль хэдийн тавьчихаж. Өмнөговийг чиглэн зурайх цоо шинэ ган зам дээр шингэх нарны туяа ойн гялбалзаад мартагдаж гандсан өртөө “амь” орсныг илтгэх мэт ээ. Энэ эрчээрээ саатахгүй байх аваас хоёр жилийн дараа хөндлөн чиглэлийн энэ зам ашиглалтад орж, Монгол Улс хөгжлийн зүг том үсрэлт хийхийг бид харах болно.
2. Замын дунд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын машинд “дэвшин” суух боломж гарлаа. Д.Сумъяабазар сайд бид хоёрын яриа тэр чигээрээ амт. Ер нь албан оффист болдог яриа ямагт албархуу, яаж ч хичээгээд хуурай, аргуун болчихоод байдаг юм. Ердийн хоёр найз ч ажил хэрэгч хувцаслан ширээний наана цаана суучихаараа энгийн дотно ярилцаж чаддаггүй шүү дээ. Тиймээс албаны хүнтэй ийм нөхцөлд ярилцах ямар амар, энгийн, илэн далангуй, хамгийн гол нь чин сэтгэлийн, барагтай бол сонсохооргүй үнэнд ойртдог болохыг мэднэ. Яг л тэр жишгээр явлаа даа. Уул, уурхай бол Монгол Улсыг үнэндээ дангаараа авч яваа цор ганц салбар гээд хэлчихвэл хөдөө аж ахуй, газар тариалангийнхан л юу юм гэхээс бусад нь ам нээх эрхгүй л дээ! Ийм нөлөөтэй салбарыг бөх хүн авч явж чадахгүй гэх яриа анх томилогдоход нэг хэсэг “үсчиж” байсан бол одоо харин “энэ нөхөр чинь л...” гэсэн арай өөр хандлагаар нийгмийн зүгээс түүнд болон багийнханд нь илт анхаарах болсон нь анзаарагддаг юм. Яамных нь мэргэжилтнүүдтэй өмнө нь уулзаж ярилцаж ахуйд миний таамаглаж байснаас тэс өөр зүйлийг хэлж гайхшируулж байсныг саналаа. Сайддаа үнэхээр ам сайтай юм билээ. Өмнөх сайд нарыг бодоход их тууштай, мэргэжилтнүүдийнхээ үгийг маш сайн сонсдог, шийдвэр гаргахдаа олон талаас эргэцүүлж, гаргасан шийдвэрээ УИХ, Засгийн газар дээр харин ч нэг хамгаалсан шиг хамгаалдаг, удирдагчийн ийм л туйлбартай чанар хамт олонд хэрэгтэй, түшигтэй байдаг юм гэж байсныг өөрт нь хэлэхэд Сумъяа сайд тэрүүхэндээ инээвхийлнэ билээ. Ер нь их спортынхны тархи сийрэг. Хормын хугацаанд шийдвэр гаргах талаараа бол жир хүнээс хавгүй илүү, хурдтай, тэсрэлттэй, зоримог байдаг нь ажил албан дээр ч харагддаг байж мэдэх юм. Дорноговийн Алтанширээт дэх газрын тосны үйлдвэрийн талаар түүний ярихыг ангайх шахам сонслоо. Тэрбээр уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болоод хэд хэдэн төсөлд гол анхаарлаа хандуулжээ гэж ойлгогдсон. Нэгдүгээрт: Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох талаар үе үеийн Засгийн газар ярьж, 2011 оноос хойш таван ч удаа шийдвэр гаргасан атлаа хөдлөөгүй юм. Гэтэл Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэ үйлдвэрийг барих шийдвэрийг УИХ, Засгийн газраараа гаргуулж шуудран хоёр жилийн дотор Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27 км төмөр зам, 17.2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв авто зам болон төмөр замтай холбож чаджээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг ч дуусгачихаж. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1.5 сая тонн тос боловруулах хүчин чадалтай байх гэнэ. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн аж. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд мөн тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих болно хэмээн ярих сайд үйлдвэрийнхээ дэд бүтцийг барьж дуусгаад хүлээн авсандаа сэтгэл нэн хангалуун байна билээ.Одоо тэнд барилга, байгууламжийн ажил өрнөхөд бэлэн болж. Улс төр ороод бужигнуулчихгүй бол төлөвлөгөөт хугацаа болох 2022 оноос өмнө үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулна гэж тэрбээр бүр нэг итгэл дүүрэн хэлж байна. Үйлдвэрээс гарсан дизелийг төмөр замаар Өмнөговь руу шууд уул уурхайд хүргэнэ. Тэндээсээ коксжсон, коксжих нүүрсээ тээвэрлэн Сайншандад хүргэнэ. Энд байгуулж байгаа гангийн үйлдвэр ажиллаж эхэлнэ. Нефтийн үйлдвэрийг дагаад химийн бусад үйлдвэрүүд бий болно гээд бидний яриа үргэлжилж явлаа. Хоёрдугаарт: Сайдын бодол санаа, оюуны бядыг ойрын үед сорих болсон нэг зүйл бол “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн IPO-г ирэх тавдугаар сард амжилттай гаргах явдал болж байна. Энэ нь сайдын төдийгүй монгол хүн бүрийн хүсэн хүлээж байгаа үйл явдал юм. Хонконгийн бирж дээр ч дэлхийн хөрөнгө оруулагч нар аль хэдийнээс эл үйл явдлыг хүлээн бэлтгэлээ базааж байгааг олон улсын зах зээлийн өдөр болгоны мэдээнээс харж болно. Өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаан дээр тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар маш тодорхой танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд хийсэн билээ. Тус танилцуулгын хүрээнд мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байгаагаас санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Цаашид Тавантолгойн 30 хувьд IPO гаргах асуудалд гаднын мэргэжлийн зөвлөх компанитай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-н дэргэд “Эрдэнэ Тавантолгой майнинг” төрийн өмчит охин компанийг байгуулж, тус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжих аж. Энэхүү охин компанийнхаа засаглалаар дэлхийн түвшний компани, сайн засаглалын сонгодог жишээ гэж юу байдгийг Монголд харуулах болно гэдэгтээ сайд итгэлтэй байна лээ. Гаднын туршлагатай зөвлөхүүд авч байгаагийн шалтгаан үүнтэй холбоотой гэнэ. Тэд засаглалаа хэрхэн бүрдүүлэх тал дээр үнэтэй, яс зөвлөгөө өгнө л дөө. Манайхан өөрсдөө хариуцвал улс төр орж тэр чигтээ ашиг сонирхол дүүрчихэж мэднэ. Сайдын хамгийн их болгомжилж байгаа юм энэ гэсэн. Ямар ч ашиг сонирхол оруулахгүй. Ингэх юм бол ажил унана гэдгийг хүмүүстээ хатуу ойлгуулж, шаардаж байгаа гэж хэлээд мань хүн бодолхийлж байна билээ. Түүний энэ эрс шийдэмгий байдал надад үнэхээр таатай санагдсан. Мөнгө босгоход нөөц баялгаас гадна компанийн сайн засаглал, ил тод байдал, дэлхийн жишигт нийцсэн тайлагнах стандарт хөрөнгө оруулагчдад илтгэл төрүүлэх нь ойлгомжтой. PO гаргахын өмнөх ийм эмзэг, хариуцлагатай цаг үед Монголын төр элдэв популист бодлогоосоо л харин татгалзах хэрэгтэй юм. Мэдээж хэрэг олон улсын биржид хөрөнгө босгосны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н засаглал сайжрах ч, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрхэн зөв менежменттэй өрнөхөөс их зүйл шалтгаална. Төмөр зам, газрын тосны үйлдвэрийн ажил ахицтай байгаа нь ч энэ бүхэнтэй холбоотой. Харин сонгуулийн дараа үр дүнгээс нь үл хамаарч яг энэ байдлаараа үргэлжлэх учиртайг ард түмэнд сайн ойлгуулах ёстойгоо би дотроо тунгааж явлаа. Өнөөдөр Монгол Улс 30 орчим сая тонн нүүрс экспортолдог. Тэгвэл төлөвлөж байгаа шигээ ирэх тавдугаар сард IPO хийж чадвал Зүүн цанхаас олборлолт явуулж, жилдээ 80 сая тонн нүүрс борлуулж чадахаас гадна иргэдийн 1072 ширхэг хувьцаа амь орж, монголчууд газрын тосны үйлдвэр, төмөр замдаа тулгуурласан аж үйлдвэрийн цогцолбороо санхүүжүүлэх хөрөнгөө өлхөн босгох боломжтой болох юм билээ. Өөрөөр хэлбэл, УУХҮЯ-ны буюу Д.Сумъяабазар сайдын зорилт хэрхэн хэрэгжихээс Монголын хөгжлийн тэсрэлт хамаарна гэсэн үг.Амжих болов уу, ингэмээр байна тэгмээр байна гэсэн алтан дундаж барьж ярьдаг сайд нарын үгнээс би үнэхээр уйдчихаж. Харин энэ удаа Сумъяа сайдын амнаас огт өөр, бүр нэг загатнасан газар маажих шиг шийдмэг, шууд хийнэ, дуусгана гэсэн үг сонсож явах урамтай байлаа. Түүний энэ тууштай зорилгод болгоомжлох, магадгүй саад болох ганц л зүйл бий. Тэр нь мэдээж улстөржилт.Мөнгө босгох хийгээд бүтээн байгуулалтын энэ нүсэр үйлсийг улстөржүүлээд, мушгин гуйвуулаад, өөнтөглөөд эхэлбэл амжилттай хэрэгжүүлэхэд бэрх. Монголд олон төсөл улстөржилтийн хоронд хордож, золиослогдож зогссон гашуун сургамж бий.Өмнийн говиос нүргэлж буй хөгжлийн энэ чимээг ийм л хор битгий тасалчихаасай билээ. Ерөнхийлөгч тэргүүлсэн энэхүү томилолтод сэтгүүлч дагуулаагүйн учрыг би эцэстээ ойлгосон. Сонгууль дөхсөн болохоор улстөржилт гаарч, улмаар галзуурах шахаж буй хойно алив томилолтыг мушгин гуйвуулж, хамгийн аюултай нь энэхүү мега төсөлд саад болчих вий гэж болгоомжилж буй аж. Би гэдэг хүн л дур мэдэж яваад, дур мэдээд биччихлээ. Тэртээ, тэргүй “..энэ төмөр зам хэрэггүй, газрын тосны үйлдвэр гэж хэзээ юм...” гэх бүр нэг шүд зуусан хорлонтой ухуулга сурталчилгааг бишгүй л сонсож байна. Үгүй юм аа. Хөгжил гэдэг бол хэн нэгэн улстөрчийг харлуулахад хамааруулж болох зүйл огт биш. Энэ бол Монголын тусгаар тогтнол, оршин тогтнох эсэхтэй хамаатай асуудал. Бидний ирээдүйтэй хамаатай асуудал. Тиймээс монгол хүн бүрийн хувьд энэхүү бүтээн байгуулалтад хуруугаа ч болов дүрэх хэрэгтэй болохоос хошуугаа билүүдэх нь Монголын язгуур эрх ашигт харшлах билээ. Хөгжлийн нүргээн бидний дэргэд сонсдож байна. Зүрх сэтгэлээ чагна, монголчууд аа! Нүдээр харж, чихээр сонсох өөр ажээ.