Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль мөн
Гурван жилийн цэргийн алба хаах тухай яригдлаа. Эр эмгүй хааж болох тухай энэ санаа хүмүүсийг сүрхий өдөөв бололтой.
Гурван жилийн цэргийн алба хаах тухай яригдлаа. Эр эмгүй хааж болох тухай энэ санаа хүмүүсийг сүрхий өдөөв бололтой. Нийгэм даяараа шахуу асар их эсэргүүцэж буй мэт харагдав. Үнэндээ Монголын насанд хүрсэн хүн бүр үүнийг эсэргүүцэж байгаа юм уу. Сүүлийн судалгаагаар бол фэйсбүүкт 900 орчим хүн л өдөр бүр идэвхтэй гэсэн тоо гарсан. Энэ хэдхэн хүнээр жишээ авахад гурван жилийн цэрэг дээр хоёр хуваагдчихсан байна лээ. Технологийн хурд гүйцэгдэхээ байсан, шинэ үеийнхний хандлага, амьдралын хэмнэл нь огт өөр болсон өнөөдрийн цаг үед гурван жилийн цэргийн асуудал хүлээж авахад хэцүү мэт нэг хэсэгт нь ойлгогдож байгаа байх. Ялангуяа хиймэл оюун ухаан яригдаж буй энэ цаг үед цэрэг, хүрз, хар ажлын тухай ярих нь ядруухан сэдэв гэж цөөн хэсэг нь үзэх бололтой. Тэгвэл аль ч улс оронд хиймэл оюун, технологитой ноцолддог хэсэг нь нийт хүн амын үсрээд 10 хувь нь л байдаг юм. Тэр байтугай хөгжсөн орны нийт хүн амын 30 хувь нь л дээд боловсролтой байдаг юм. Тэд л техник технологи ярьдаг, дээд боловсролынхоо ид шидийг үздэг, хөгжлийг урагшлуулдаг хэсэг нь. Ийм хэсэгт цэрэг дэмий байх нь тодорхой. Харин үлдсэн 80 хувь нь зүгээр л нийгэмд ажил хийх гэж яралзуулдаг хэсэг юм. Тэдэнд тэр технологи, хиймэл оюун энэ тэр бол падлий ч байхгүй. Дэлхийн жишиг ийм л байгаа.
Өнөөдөр монголд хүн бүр хүүхдээ дээд боловсролтой болгох гэсэн хийрхэл хэмжээ хязгаараасаа хэтэрсэн. Түүний илрэл нь энэхүү гурван жилийн цэргийг нэг хэсэг нь зүхэж, үзэн ядаж, маргааш хүүхдийг нь гурван жилийн цэрэгт явуулах гэж байгаа мэт аяг ааш юм. Гурван жилийн цэргийг зүхэж буй хүн бүрийн дийлэнх нь хүүхдээ яаж хөдөлмөрч болгох вэ, яаж гар утас, компьютераас холдуулах вэ, яаж хүнээс хатуу үг сонсож сургах вэ, яаж сэтгэлийн тэнхээтэй хүн болгох вэ, ядаж л яаж өглөө эрт гозосхийтэл босдог хүн болгох уу гэсэн асуудалтай байдаг. Эцэг эхийн ийм яриаг ажлынхаа орчноос эхлээд автобусны буудал дээр ч сонсдог. Ирээдүй үеийнхний маань тухай хүнд яриа, хүнд сэдэв бол энэ. Тэгээд яаж шийдэх гээд байгаа юм. Гурван жил бол хүүхдүүдийн минь хувьд сурч боловсрох хайран цаг хугацаа гэж хийрхэхээ больцгоох хэрэгтэй. Боловсролоос өмнө хүнд чинь хүн болж төлөвших, хөдөлмөрч болж төлөвших, хүмүүсийн дунд биеэ зөв авч явах дадал хэмнэл гэж хаанаас ч олж мэдэж, сурч болдоггүй өндөр дээд боловсрол гэж байдаг. Ажлын 12 цагт бүтэн хөдөлмөр хийж чадахгүй нялцанхайнууддаа, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж босгосон аж ахуйгаа өвлүүлэх тухай яаж бодож чадаж байна. Тэр залхуу, тэсвэргүй, ачаалал авч сураагүй нялцанхайнуудынхаа юунд нь итгэж найдаад байна. Монголын 80 хувь нь хөдөлмөрлөхгүй, баялаг бүтээхгүй байгааг бид харж байна шүү дээ. Монголын нийт залуучуудын 66,8 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тэгэхээр хүн амын бараг 70 орчим хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлж байна гэсэн үг. Хүн амын 66.8 хувийг эзэлж буй залуучуудын 67,3 хувь нь гэр хороолол, орон нутагт амьдарч байна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын сарын дундажорлого 94-180 мянган төгрөг гэсэн статистик сая гарлаа. Залуусын маань байгаа царай ийм л байна шүү дээ. Тэдэнд юу дутаж байна гэхээр англи хэлний боловсрол дутаагүй. Амьдрал дээр тэвчээртэй, хөдөлмөрч байх тэр чанар л дутаж байна. Монголын хүн амын ийм хэсэг нь 80 хувь байгаа юм. Тэгэхээр тэдэнд цэрэг хамгийн чухал. Өөх ч биш, булчирхай ч биш болчихсон Монголын залуу үеийнхэн хөдөлмөрийн амт шимтийг өчүүхэн ч мэдрээгүй байна. Хөдөлмөрлөх, ажил хийх амьдралын тийм дадал хэмнэлд арми, цэрэг л сургана.
Та бүхэнд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид алба хааж буй Ч.Мэндсайхан гэж залуугийн өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьсныг хүргэе. Тэрбээр “Цэрэгт ирснээс хойш би уургүй болчихсон. Айлын ганц хүү болоод тэр үү дураараа байсан. Харин энд ирээд өөр болсон. Зургаан сар болоход их зүйл бодсон. “Тиймхэн зүйлд яагаад уурладаг байсан юм бол” гэж үе үе боддог. Халагдахдаа уур гэдгийг мартаад явах байх (инээв). Үүнээс гадна хариуцлагатай байхыг сургадаг. Би алдаа гаргавал салааныхан маань буруутдаг. Миний өмнөөс бусад маань шийтгүүлж байгааг харах үнэхээр муухай. Тийм болохоор аливаа зүйлд хариуцлагатай байх ёстойг сайн ойлгож байгаа” гэж. 19 настай айлын ганц эрх хүүгийн үзэл бодолд арми ингэж нөлөөлсөн байна. Аав ээж та хоёр хүүхдээ ийм эерэг хандлагатай болгож чадах уу. Мөн тус ангийн байлдагч Ц.Мөнхсайханы яриа байна. “Би хотын унаган хүүхэд. Сүүлийн 21 хоног нүүрс буулгах, савлах ажлын дайчилгаанд байгаа. Огт хийж байгаагүй ажил. Гэхдээ өдрөөс өдөрт бие чангараад өөртөө итгэлтэй болж байгаагаа мэдрэх гоё байна. Бид цэргийн эрдэмд суралцахаас гадна хүсвэл хөнгөлөлттэй үнээр жолооны курст сурах боломжтой. Мөн хөдөлмөрийн биржээс хүмүүс ирж ажлын байрны тухай танилцуулдаг болсон” гэж ярьсан нь хөдөлмөрийн амтыг үнэртүүлж байгаа юм. Эдгээр нь хар, борог яриа байж болно, гэхдээ энэ бол хүний нийгэм, хүнийг хөдөлмөр, тэвчээрт сургаж буй бодит амьдрал юм. Ийм юмыг их сургуулиас сурдаггүй юм гэдгийг л гурван жилийн цэргийг зүхэж буй хүмүүс ойлгох хэрэгтэй.
Ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй залуучууд эзэлж байна. Эдгээр залууст ажил яагаад олдохгүй байна. Гэтэл зарын сонинууд дээр элдэв төрлийн ажлын санал битүү байна. Шалтгаан нь сая хэлсэн хөдөлмөрч чанаргүй залуу үеийн өнгө төрх.
Монголчуудыг ганц нааш гэж байгаа Азийн бар БНСУ-ын иргэдийн 80 хувь нь ажил хийдэг. Үлдсэн 20 хувь нь хиймэл оюун ухаантай ноцолддог хэсэг юм. Үүнийг дэлхий мэднэ. Тус улсын цэргийн насны бүх эрчүүд гурван жилийн алба хаах хуультай, түүнийгээ бүгд биелүүлдэг. Биелүүлээгүй хүнийг эх орноосоо урвасан гэж үзэж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Дэлхийн хэмжээний од нь хүртэл алба хаадгийг бүгд мэднэ. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй энэ улсын иргэд нийтээрээ тэнэг болчихсондоо гурван жилийн цэргийн алба хаадаг юм уу. Тэднээс монголчууд илүү ухаантайдаа өнөөдөр ийм амьдарч байгаа юм уу. Үүнийг өөрсдөөсөө асууя. Шулуухан л хэлье, өнөөдрийн Монгол Улсад, өнөөдрийн монголчуудад хүрз, шороо, далангийн ажил амин чухал байна. Бид нийгмийнхээ бодит үнэнтэй эвлэрмээр байна. Эсэргүүцээд, их зантай юм яриад байгаа хүмүүс нь хүүхдээ цэрэгт явуулахгүй л байна биз. Бид их дээгүүр, ноён зантай байдгаа болимоор байгаа юм. “Би ч лам, чи ч лам хэн нь морио тэжээх вэ” гэдэг үг бий. Бид яг ийм болчихоод байна. Өнөөдөр монголд хөдөлмөрлөдөг, ажил хийдэг хүмүүс л хэрэгтэй байна. Тийм ирээдүй хойч үе бүр ч хэрэгтэй байна. Хөгжсөн, хөгжиж буй бүх улс орон, ер нь хүн төрөлхтөн бүгдээрээ бидэн шиг зунжингаа тэнэдэггүй юм. Наад зах нь гурвуулаа нийлж нарийн боовны супер цех байгуулаад түүнийгээ гурван үеэрээ ажиллуулдаг юм. Гэтэл манайхан хамгийн их ажил хийж, амжуулж байх тааламжтай зуны хэдэн сардаа ард түмнээрээ шахуу өнөө муу приустээ чихэлдэж суугаад Хөвсгөл рүү тэнээд явчихдаг. Айраг цагаа, хорхог боодогондоо хордтол тэнэдэг. Амьдралын ийм л буруу хэвшил хэмнэлтэй явж ирсэн нь төрт ёсны 2000 жилийн түүхтэй Монгол Улсыг өнөөдөр ийм дорой буурай харагдуулж байна. Уг нь бол оюунлаг, сэхээтэнлэг цөөн хэсэг нь хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлөөд, үлдсэн 80 хувь нь нийгэмд ажил хийж, хөдөлмөрлөж чадвал хөгжил хол биш. Сэхээтнүүд нь гурван жилийн цэргийг өөрсөн шигээ бодож, түүнийгээ нийгэмд тулгах хэрэггүй. Ард түмний чинь 80 хувь нь үнэхээр борог дорой, залхуу амьдарч байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ хүмүүст чинь цэрэг чухал байна. Энэхүү хэсгийн чинь үзэл бодол, бие бялдар, амьдралд хандах хандлага, хамгийн гол нь хөдөлмөрч хүн болж төлөвших хамгийн чухал процесст цэргийн он жилүүд бурхнаас илүү тусыг өгөх гээд байна. Цэргээс халагдсан залуу хүн ядаж л өглөө эрт босоод ажил хийх тухай, хөдөлмөрлөх тухай боддог болно. Та нарын чадахгүй байгаа тэр хүмүүжлийг цэрэг үр хүүхдэд чинь олгоно.
Энэ дэлхийн 200 гаруй улс орны дунд цэрэг армийг зүхдэг, тэр хэрээр олон улсад байр суурь муутай, ард иргэд нь сул дорой, хөдөлмөрлөдөггүй, дэлхийд эзлэх хувь жин өчүүхэн, сургийг нь ч сонсоогүй хэдхэн улс орон байдаг юм. Тэдгээр нь Гаити, Гренада, Кирибати, Коста-Рика, Лихтэнштейн, Мавритан, Мальдив, Науру, Самао, Сан-Марино, Санта-Лючи, Сэнт-Винсэнт ба Гренадин, Сэнт-Китс ба Невис, Тувалу... гэх мэт. Ийм улсууд энэ дэлхийд байдаг гэж сонссон уу, монголчууд аа. Тэгвэл эдгээрийн нэг байхыг хүсээ юу, их Монголын үр сад. Ийм өчүүхэн байх, байлгах сонирхол Монголын сэхээтнүүдэд байгаа юм уу. Тиймгүй л юм бол гурван жилийн цэргийн талаар сөрж хуцах хэрэггүй. Ядаж дуугүй бай. Монголын ирээдүй хойч ажил хийж чаддаггүй, хөдөлмөрлөх чадваргүй, үхээнц дорой баймааргүй байна. Монгол Улсад ажил хийдэг хүн хамгийн амин чухал байна. Та хөдөлмөрлөж сураагүй, чөлөөт иргэн яваа хүүхдээ тодорхой хугацаанд төрийн мэдлийн субьект болгоод нэг үзээч. Үр дүн нь гарна даа. Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль үнэхээр мөн юм шүү.