1913 оны гуравдугаар дугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сониныг хэвлэн гаргасан нь 108 жилийн тэртээх үйл явдал юм. Энэ бол үндэсний сэтгүүл зүйн тэмдэглэлт өдөр төдийгүй нийт монголчуудын хувьд түүхэн өдөр билээ!

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс энэ өдрөөр өнөөдрийн нөхцөл байдал, сорилт бэрхшээлийг тодорхойлж, мэргэжлийн сэтгүүл зүйн ялгарлыг бий болгох зорилгыг тодотгон “ШИНЭ ЦАГ ҮЕ ба СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧИМ” тунхгийг гарган уриалга дэвшүүлж байна: 

“ШИНЭ ЦАГ ҮЕ БА СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧИМ”

Аливаа үйл явдлын дэргэдээс сурвалжлан үзүүлэх, баримтыг дэлгэх, учир шалтгаан, үр дагаврыг нь тайлбарлах, түүний оролцогч, гэрч, эх сурвалжтай уулзах, үг, үзэл бодлыг дамжуулах зэрэг нь саяхныг хүртэл зөвхөн мэргэжлийн арга технологи бүхий сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа байлаа. Саяхныг хүртэл мэдээллийг уншигч, үзэгч, хэрэглэгчдэд дамжуулан хүргэдэг мэдээллийн бүхий л хэрэгсэл, платформуудыг зөвхөн сэтгүүл зүй эзэмшдэг байв. Харин өнөөдөр технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд мэдээллийг үйлдвэрлэх, нийтлэн түгээх дэд бүтцүүд зөвхөн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн эзэмшилд харьяалагдахаа больж, дэлхийн долоон тэрбум хүн бүрт үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний биеллийг гар дээр нь тавьж өглөө. 

Монгол Улс өнөөдөр технолог бүтээгч биш ч улс үндэстнээрээ технологийн идэвхтэй хэрэглэгч болж, онлайн эрх чөлөөний үзүүлэлтээрээ Ази тивдээ эхний тав дотор жагсаж байна. Өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлч, ажилтнуудын бэлтгэдэг байсан мэдээллийг иргэд бидэнтэй зэрэгцэн бэлтгэж, нийтлэн нэвтрүүлж, сэтгүүл зүйтэй өрсөлдөж байна. Энэхүү илэн далангүй өрсөлдөөн дундаас мэргэжлийн сэтгүүл зүй чухам юугаар товойн ялгарах, тэрхүү шалгуур нь юу байхыг бид тодорхойлон тогтоож, тэрхүү улаан шугамаас доош унахгүй байх, түүнээс дээш эрэмбэ дээр баттай зогсохын төлөө хөдөлмөр, ур чадвараа дайчлах, ёс зүйтэй ч эр зоригтой байх, хэм хэмжээтэй ч хэвлэлийн эрх, эрх чөлөөний талд зогсохыг сэтгүүлч биднээс цаг үе шаардаж байна. 

Мэдээллийн технологийн хөгжил эх сурвалжтай шууд холбогдон камерын дуран, дуу хураагуурыг хэний ч нүүрэнд тулгах боломжийг хүссэн иргэн бүрт өгч байна. Мэдээлэл үйлдвэрлэх, тэрчлэн шийдвэр гаргах үйл явцад оролцох, үзэл бодлоо солилцох нь орон зай, цаг хугацааны хориг саад, албан тушаалын босго үүдгүй болж, энэхүү дэд бүтцийг хэн ч хумих, хянан зохицуулах бололцоогүй болж байна. Энэ бүх шинэ нөхцөл байдал нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, түүнчлэн нийгмийн зохион байгуулалтад ч дасан зохицох бололцоог өгөхгүйгээр хурдтай өрнөн хувьсан өөрчлөгдөж байна. 

Технологийн энэхүү ардчилал мэдээлэл үйлдвэрлэгчдийн эрэмбэ дарааллыг огцом өөрчлөн өөрийн шинэ пирамидыг бүтээж байна. Харин сэтгүүлзүй үүнд хэр хурдтай дасан зохицож, хэрхэн хувьсан хөгжихөөс хамаараад тэрхүү пирамидын оройд бичигдэж чадах эсэх нь шийдэгдэх шинэ сорилт бидэнд тулгарч байна.

Технологийн хөгжил мэдээллийн хэт үйлдвэрлэлийг дөгөөн хөгжүүлж буй энэ явц дунд худал мэдээлэл гээч сүүдэр бий болж байна. Худал мэдээлэл нь хүний нийгмийн хамгийн чухал зүйл болох ойлголцол, итгэлцэл, амар амгалан байдлыг заналхийлэх хор уршигтай учраас бид хамтын дэг журмаа түүнээс хамгаалах ёстой. Гэвч худал мэдээлэл, түүнээс сэргийлэх гэдэг ойлголт нь эргээд хэвлэлийн эрх, эрх чөлөөг хязгаарлах цоо шинэ цензур болон хувирч байна. Худал мэдээллээс сэргийлэхийн тулд батлагдсан мэдээллийг нийтлэх ёстой гэдэг хамгийн анхдагч зарчим мөн боловч зарим тохиолдолд энэ нь үнэн батлагдах үйл явцыг хааж байна. Мэдээллийн үнэн, худлыг өмнө нь хэн нэгэн батлах ёстой гэсэн хаалтыг бий болгож байна. Энэ бол нэг талаар цензур мөн. Эрүүгийн хуулийг чангаруулж, худал мэдээ гэх цензурээр сэтгүүлчдийг сүрдүүлэн ял шийтгэлийг нэмэхийг ч санаархав. 

Сэтгүүл зүй үнэний төлөө оршдог. Баримттай бол үнэн. Гэхдээ баримтгүй ч үнэн гэж бас бий. Батлагдсан байх, баримттай байх нь мэргэжлийн сэтгүүл зүйн шалгуур, зарчмын нэг мөн ч зөвхөн үүнийг цаг үргэлж шаардах нь үнэнийг тогтоох үйл явцыг улам ээдрүүлэх нэг хүчин зүйл. Учир нь үнэн гэдэг зүйл зах зээлд үнэ тогтохтой тун төстэй үйл явц бөгөөд батлагдсан, батлагдаагүй мэдээллүүдийн нээлттэй урсгал дунд л баримт няцаагдаж, эсвэл нотлогдож, нэг үгээр бол шигшигдэж баймааж үнэн бүрэлдэн тогтдог. Энэ зүй тогтлыг хүлээн зөвшөөрч, хадгалан үлдэх нь өөрөө хэвлэлийн эрх, эрх чөлөө юм. 

Цар тахлын үеийн мэдээллийг баттай, эргэлзээгүй, үнэн байлгахын тулд Засгийн газар Эрсдэлийн мэдээлэл, харилцааны түр хороог байгуулж, тус түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу төр мэдээллээ нэг сувгаар нийтэд гаргах тухай тогтоолыг саяхан баталлаа. Түр хороо бүр хороо болох эсэхийг одоогоор хэн ч мэдэхгүй, татан буугдлаа ч сорви үлдэх болно. Төр барааны үнэ, мэдээллийн үнэнийг тогтоодог тусгай комисстой байсан тогтолцоо өөрчлөгдөөд 30 жил өнгөрсөн ч өнөөдөр дахиад амилах вий гэсэн айдас байна. 

Цар тахлын нөхцөл байдал эрх зүйн стандарт бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхийг тулгасан нэг жилийг сэтгүүл зүй ардаа үдэв. Эх сурвалж хумигдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд эх сурвалжууд давтагдаж, үг, үзэл бодол, байр суурь нь ижил төстэй болж эхлэв. Төр засаг тогтсон нэг цагт, нэг байршил дээр нэг л эх сурвалжаар мэдээ, мэдээллээ дамжуулдаг шинэ жишгийг тогтоож өглөө. Мэдээлэл хайх үйл явц, мэргэжлийн үйл ажиллагааг журмаар хязгаарласан зэрэг нь чөлөөт хэвлэлийн түүхэнд шинэ үзэгдэл байлаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар бидэнд олгосон хамгаалалт улам бүр суларсаар шийдвэр гаргагчид тийм хууль бий эсэхийг мартсан гэлтэй шинэ хууль, журам батлах бүртээ мэдээллийн агуулга, түгээлтийг хянасан заалтуудыг шигтгэсээр ирэв. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх талаар Засгийн газар бүр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгадаг ч эрх чөлөөг хамгаалах гэхээс илүүтэй эрх зүйн байдлын хууль гаргаж, салбарт хяналт тогтоох санаархлаа цухалзуулсаар ирэв.

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэн хөгжөөд 108 жилийнхээ түүхийн хуудсыг шинэ цаг үе, шинэ сорилт дор эхлүүлж байна. Энэ түүх цаашид эрх чөлөөн дор эрүүл саруул, эрч хүчтэй үргэлжлэх ёстой. Үүний тулд өнөөдөр л тунхаглах учиртай зарчим гэж бий. 

  • Сэтгүүл зүй мэдээлэл үйлдвэрлэлийн пирамидын оройд байхуйц ур чадвартай, мэргэжлийн байх,
  • Сэтгүүлчид ёс зүйтэй ч эр зоригтой байх,
  • Сэтгүүл зүй үнэн бүрэлдэх зүй тогтлын талд зогсох,
  • Сэтгүүл зүй хэвлэлийн эрх, эрх чөлөөний харуулд үзгээрээ зэвсэглэн эгц зогсохыг уриалан тунхаглаж байна. 

Монголын ардчиллын амин сүнс нь хараат бус чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх, эрх чөлөө билээ.