Худал хуурмагийн шидтэн
Найруулагч Барри Левинсон болон HBO-ийн бүтээл “Худал хуурмагийн шидтэн” хэмээх бодит амьдралаас сэдэвлэсэн кино 2017 оны 5-р сарын 20 нд нээлтээ хийв. Киноны гол дүрд Роберт Де Ниро Мишель Пфайффер нар тоглосон нь энэ хоёр алдарт жүжигчний хамтран тоглосон 4 дэх кино болов.
Найруулагч Барри Левинсон болон HBO-ийн бүтээл “Худал хуурмагийн шидтэн” хэмээх бодит амьдралаас сэдэвлэсэн кино 2017 оны 5-р сарын 20 нд нээлтээ хийв. Киноны гол дүрд Роберт Де Ниро Мишель Пфайффер нар тоглосон нь энэ хоёр алдарт жүжигчний хамтран тоглосон 4 дэх кино болов. Уг киног нээлтээ хийсэн өдөр нь 1.5 сая хүн үзсэн бөгөөд амралтын өдрийн давталтаар нийтдээ 2.4 сая үзэгч үзсэн нь HBO-ийн сүүлийн 4 жилийн хамгийн өндөр үзэлт болсон байна.
Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйварчин гэгдэх Бернард Мейдофф Уолл Стрит дэх хамгийн том луйврын санхүүгийн пирамидыг Понцигийн Схемийн дагуу хэрхэн босгож, амжилтанд хүрч, нуран унаж буй тухай тус кинонд өгүүлэх болно.
1960-аад онд Бернард Мейдофф Уолл Стритэд өөрийн санхүүгийн компаниа үүсгэн байгуулж, түүнийгээ санхүү хөрөнгө оруулалтын томоохон фонд болтол нь хөгжүүлсэн нь түүний нэр хүндийг өндрөөс өндөрт өргөсөн юм . Тэрээр санхүүгийн ертөнцөд бий болгосон өөрийн “нөлөө бүхий чадварлаг удирдагч, брокер, хөрөнгө оруулагч” гэдэг нэр хүндийг ашиглан сүүлийн 15 жилийн дотор дэлхийн түүхэнд хамгийн томд тооцогдох санхүүгийн пирамидийг үүсгэн байгуулсан байдаг. Түүний бий болгосон энэ санхүүгийн пирамид нь 2008 онд нуран унаж олон тэрбумын алдагдал учруулснаар Бернард Мейдофф 150 жилийн ял шүүхээс авч өнөөдрийг хүртэл шоронд хоригдож байгааг та тус киноноос үзэх юм.
Понцигийн Схем буюу санхүүгийн Пирамид гэж юу вэ?
1903 онд Чарльз Понци хэмээх нэгэн итали эр усан онгоцонд суун Америкийг зорин явах замдаа мөрийтэй тоглон бүх мөнгөө алдаж эрх чөлөөний арал дээр халаасандаа ердөө хоёрхон доллартай буув. 1919 онд Понци тавилгын худалдаачин танилаасаа 200 доллар зээлэн “Үнэт цаасны арилжаа” нэртэй компанийг Бостон хотод байгуулж, улмаар 1000 долларын үнэт цаас худалдан авбал 90 хоногийн дараа таны оруулсан хөрөнгө оруулалт 1500 доллар болон өсөх болно хэмээн сурталчилж маш олон хүний итгэлийг хүлээснээр 15 сая доллар босгож чадсан байна. Олсон мөнгөөрөө Понци үнэтэй байр машин зэргийг худалдан авч тансаг нэгэн болж хувирсан ч 1920 оны хавар татварын шалгалттай холбоотой хөрөнгө оруулалтаа түр зогсооход мөнгөө өгсөн хүмүүс түүнийгээ буцаан авхаар ирэв. Гэвч хүмүүст өгөх ёстой 15 сая доллараас ердөө 4 сая нь түүний дансанд байгаа нь илэрч тэрээр шүүхээс 5 жилийн ял аван шоронд хоригдох болов. Гэвч шоронгоос суллагдсан даруйдаа дахин санхүүгийн пирамид үүсгэн луйвараа эхлүүлэх гэсэн боловч холбооны мөрдөх товчоо түүнийг албадан эх нутаг руу нь буцаасан байна. Төрсөн нутагтаа эргэн ирсэн Понци нэг хэсэг англи хэлний орчуулагч хийж байгаад Бразилийн Рио Де Жанеро хотод нисэхийн төлөөлөгчөөр ажиллан тэндхийн эмнэлэгт бие нь муудан нас баржээ. Нас барсных нь дараа түүний дансанд ердөө 75 доллар үлдсэн байсныг оршуулгын зардалд нь зарцуулсан байна. Ийнхүү эмгэнэлтэйгээр энэ ертөнцөөс буцсан ч мань эрийн нэр дэлхийн санхүүгийн түүхэнд “Понци Схем” нэрээр мөнхөрсөн юм.
Бернард Мейдофф
Бернард Мейдофф нь 1938 онд Нью Йорк хотод төрсөн Еврей үндэстэн юм. 1956 онд New York хотын нэр хүндтэй Far Rockaway коллежийг онц дүнтэй төгсөж Hofstra-ийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгсчээ. Тэрээр усан сэлэлтийн спортоор хичээлэлдэг байсан бөгөөд хичээлийнхээ хажуугаар наран шарлагын газар аврагч, цэцэрлэгжүүлэлтийн компанид туслах ажилчин хийж анхны 5000 доллараа хуримтлуулаж чаджээ. 1960 онд Madoff Investment Securities компаниа үүсгэн байгуулсан ба арав гаран жил хөрөнгө оруулалт үнэт цаасны арилжааны зах зээлд уйгагүй хөдөлмөрлөж чамгүй өндөр амжилтанд ч хүрэв. Тэрээр америкийн үнэт цаасны арилжааны томоохон фонд болох NASDAQ–ийн үүсгэн байгуулагч төдийгүй захирлуудын зөвлөлийн гишүүн, 90-ээд онд тэргүүлэгчээр нь хүртэл сонгогдон ажилласан байдаг. Түүний үүсгэн байгуулсан “Madoff Investment Securities” компани нь NASDAQ-ийн томоохон 25 үнэт цаасны арилжааны компанийн нэг болсон төдийгүй Уолл Стритийн түүхэнд арилжаа болон бичиг баримтыг бүрэн компьютержүүлсэн анхны компани болжээ. Тэрээр 1983 онд Лондонд төвтэй “Madoff Securities International” Hedge fund –ын захирлуудын зөвлөлийн даргын үүрэгт ажил, 1985 онд улс хоорондын болон компани хоорондын санхүүгийн клиринг бэлэн бус арилжааны “Internation Securities Clearing “ ийн үүсгэн байгуулагч захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж байв.
Бернард нь амжилттай бизнесмен төдийгүй хүмүүнлэгийн үйлсийн томоохон хандивлагч байсан юм. Тэрээр хорт хавдар болон чихрийн шижин өвчний эмчилгээ судалгааны ажилд олон сая доллар жил бүр хандивладаг байлаа. Өөрийн эхнэр Рут Медофын хамаар Madoff Family Foundation санг байгуулан тус сангаараа дамжуулан олон сая долларын хандивыг театр, музей, боловсролын байгуулагуудад хандивлахын хамт АНУ-ын Ардчилсан намын томоохон хандивлагч байв. Нэг үгээр хэлбэл тэрээр АНУ-ын үнэт цаас, хувьцааны арилжааны нэр хүндтэй томоохон тоглогч болж чадсан байлаа.
Бернард Мейдоффын санхүүгийн пирамид
“Бүгд ямарч үнэ төлбөргүйгээр ямар нэгэн юмтай болхыг хүсдэг. Харин би тэдэнд огтоос байдаггүй тэр зүйлийг нь ямар нэгэн үнээр өгдөг” Бернард Мейдофф
Мейдоффын үйлчлүүлэгчид бүгд л тогтмол өндөр ашгийг хамгийн бага эрсдлээр олохыг хүссэн хүмүүс байлаа. Гэвч тэд ямар ч ашиг хүртээгүй юм. Мейдофф өндөр хүү төлөх ашигтай санал тавьж, түүнд итгэсэн хүмүүс мөнгөө бариад л түүн рүү ирдэг байлаа. Мейдоффын өндөр хүүтэй хөрөнгө оруулалтын санд мөнгөө хадгалуулж ашиг олох сонирхолтой хүмүүс өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр нэг мэдэхэд 56 тэрбум долларын пирамидыг босгосон байна. Энэ нь хүн төрлөхтний түүхэн дэх Понцигийн схемээр боссон хамгийн том санхүүгийн пирамид байсан бөгөөд эхэлж мөнгөө өгсөн хүмүүсийн мөнгийг дараагийн хүний оруулсан мөнгөөр өсгөн өгсөөр эрт орой хэзээ нэгэн цагт санхүүгийн пирамид нь нуран унадаг зарчмыг зөрчин Мейдофын энэ салбарт бий болгосон нэр хүндийн ачаар маш удаан оршин тогтносон байдаг.
1960 оны үедНью Йорк хотын баян еврей нар хотын захад өөрсдийн хаалттай, гишүүнчлэлтэй клубуудыг үүсгэн байгуулж, тэндээ цугларан, уулзаж ярилцан цагийг өнгөрүүлдэг нь одоог хүртэл үргэлжилсэн хэвээр. Мейдофф ч бас Palm Beach county club-ын гишүүн байсан агаад анхны томоохон хохирогчдоо өөрийн клубээс олсон байдаг. Тус клубд зөвхөн гишүүн болохын тулд 300000 долларын хураамж төлдөг байснаас харахад ямар баячууд цуглардаг болох нь тодорхой. Мейдоффын хөрөнгө оруулалтын сангийн өгөөж өндөр гэдгийг сонссон баячууд зөвхөн тус клубд элсэхийн тулд сар жилээр хүлээн, мөнгөө бэлдэн дугаарладаг байж. Түүний хохирогчид доторолон алдартай хүмүүс байснаас найруулагч Стивен Спилбергээс эхлээд Еврей нарын хувьд хамгийн хүндтэй хүний нэг болох Нобелийн шагналт Elie Wiesel ба түүний еврейчүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж санхүүжүүлдэг Elie Wiesel сан хүртэл багтаж байлаа. Үүгээр ч зогсохгүй Yeshiva, Tufts их сургуулиуд, Bard коллеж, Америкийн Еврейн нартай холбоотой бараг л бүх сангууд болон хэд хэдэн банкуудыг цөлмөж орхисны дотор Bank of Scotland, Испанийн HSBC болон Santander Bank, Японы Nomura Holdings Bank-ууд байлаа. Ийнхүү тэрээр 17 жилийн турш 3 сая орчим хүний 56 тэрбум долларыг хуурч мэхлэн авсан байна.
Түүнийг луйврын пирамид үүсгээд байгааг санхүүгийн шинжээч Harry Marcopolos 2000 онд олж илрүүлэн Үнэт цаасны хороонд хэрэг үүсгүүлэн шалгуулах хүсэлт гаргасан боловч тус хороо хүлээж аваагүй байдаг. Тэрээр хэргийг нийт 5 удаа нотлох баримтын хамт өгөн шалгуулах гээд чадаагүй юм.
2008 онд Медофын санд мөнгөө хадгалуулсан хүмүүс тухайн үед АНУ-д өрнөсөн санхүүгийн хямралаас үүдэн мөнгөө татаж эхэлснээр түүний санхүүгийн пирамид үндсэндээ нурж эхэлсэн юм. Түүнийг холбооны мөрдөх товчоонд хөвгүүд нь барьж өгснөөр шүүхээс түүнд 150 жилийн ял өгч одоо Нью Йорк хотын шоронд үлдсэн амьдралаа өнгөрөөж байна.
Энэ кино АНУ-ыг тэр чигээр нь доргиосон санхүүгийн луйврын бодит түүхийг харуулсан тул үзэгч та ч гэсэн үзэж нэгийг тунгаах биз ээ. Мейдофф өнөөг хүртэл нэг ч тайлбар ярилцлага өгөөгүй, зөвхөн шүүх хурал дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөн, хамаг нууцтайгаа шорон луу явсан гэдэг. Найруулагч Барри Левинсон улс орныг бүхэлд нь доргиосон түүхийг дэлгэцэнд кино болгож байгаа учир агуу Роберт ДеНиро Мишель Пфайффер 2 ыг сонгосон нь үнэхээр төгс сонголт болжээ.
Монголчууд маань ч бас Понци схемийн санхүүгийн луйварт олон удаа өртснийг та бэлхнээ санаж байгаа байх. Хамгийн сүүлд гэхэд “G Time” хэмээх Казахстан улсын иргэний зохион байгуулсан санхүүгийн пирамидад мөнгөө тавиад туучихсан хүмүүс цөөнгүй байгаа байх. Тиймээс та энэ киног үзээд санхүүгийн пирамид, понцигийн схемийн талаар давгүй сайн мэдлэгтэй болж авна гэдэгт итгэлтэй байна.
Зочин
SKYLITE
Зочин