Дундаж монгол Долгор-I


“Мундаг шүү, мундаг шүү, мундаг шүү” манжилсан юм шиг энэ үгнээс бүр нэг залхсан хүн энэ бичвэрийн ард энгийн нэг, дундаж монгол хүний дүрийг олох, бүтээх, багтаж амьдрахын төлөө бас дундаж монголчуудаа олон болоосой хэмээн цуврал бичвэрүүдээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдэв.

Эдийн засагчдын хүслээр тухайн нийгмийн дундаж давхрагынхан бөөнөөрөө ажилтай, анхиатай, тэр хэмжээгээрээ орлоготой байвал тэгээд тэр улс сэвхийгээд сэргээд ирдэг юм гэнэ лээ. Би өөрийнхөө эргэн тойрныг ажиглахаар урдахаа хийгээд чимээгүйхэн урагшилдаг хэсэг нь цөөн, тэр бүү хэл ард хормойгоороо урдахаа нөхөөд явдаг эгэл жирийн айл гэр ч цөөхөн байх шиг. Харин ардах хормой ч үгүй, урд тууж яваа айл гэрийн угаадас, үлдэс, хагасаар амьдралаа болгож яваа хүмүүс л олон шиг. Амьдралаа тиймхэн юмаар болгож яваа хүмүүс хэдийдээ хүсээд байгаа амьдралаа хөл дээр нь босгохов чиг. 

Дундаж монгол, дундаж монгол… дунджаар монгол эмэгтэй хүн 75 жил гаруй буюу ихэнх нь эрчүүдээсээ илүү есөн жилээр илүү хорвоогийн тоосыг хөдөлгөдөг. Хүн зүйлийн эмэгчин нь илүү наслаад байдгийн учир нь үхтэл үр харам гэгчээр хүний амьдралын хамгийн чухал зүйл болох генетикийн дарааллаа дараа үедээ бүрэн бүтэн, сайжруулж хадгалуулчих гэдэг төрөлх араншинтай нь холбоотой. За энэ хальт далбийлтыг буцаагаад гол шугамдаа нийлүүлье. 

Дундаж монгол хүн статистик тоогоор нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. Гэхдээ энэ тоо бол статистик шүү. Тухайн тоололд цалин авч буй бүх хүний цалингийн хэмжээг бүх хүний тоонд харьцуулаад энэ тоо гардаг юм. Жишээ нь, нэг айлын нөхөр албан тушаал өндөр ажил хашаад сард сая таван зуун мянган төгрөгний цалин авдаг, эхнэр эмч хийгээд сард таван зуун мянган төгрөгний цалин авдаг байя гэж бодъё. Хүмүүс ойлгохдоо монголын дундаж цалин сая төгрөг юм чинь эрхэм эмч эхнэрийн цалин ч бас сая гээд статистик тоогоор бодчихдог гэтэл хөрсөн дээрээ өөр өөр тоотой цалин авдаг. За энэ далийлтыг дахиад гол шугам руу чирье. 

Дундаж монгол хүн ер нь их сургуулийн дипломтой. Гэхдээ харамсалтай энэ нь сэхээрсэн гэсэн үг биш. Их сургуулийн диплом нэг талаар амьдралд олон боломжийг нээх боловч сайхан амьдралын найдвартай баталгаа бас нэг их сайн болж өгөхгүй ээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс буцаж сэргэх гэтэл хүний таван зан гай болоод байж лдээ. Германы нийгмийн нэрт зүтгэлтэн Бевереджийн тэмдэглэн үлдээж тэмцсэнчлэн тэр таван зүйл бол хүний ханаагүй хүсэл буюу шунал, өвчин, мунхаглал, харгис байдал, анхиагүйдэлт буюу ажил хийхгүй залхуурах явдал байж.

1942 онд олж тэмдэглээд, олноороо тэмцсэн хүний унаган энэ таван зан харамсалтай нь дундаж монгол хүний хамгийн сайн хийж чаддаг зүйл хэвээрээ л байсаар байна. Гэтэл энэ тавыг гаталсан нь хөгжөөд байна. Миний эргэн тойрноосоо ажигладаг нийтлэг төрхүүдэд. Дөнгөж хөрөнгөжиж буй ханаагүй хүслээ дарж амжаагүй хэсэг бүлэг, хамгийн тайван амгалан байлгах ёстой хайртай хүмүүс, гэрийнхнийгээ ч хүчирхийлдэг харгис хэсэг бүлэг, халамжийн хэдэн төгрөг авчихаад эсвэл аав ээжээсээ хэдэн төгрөг зулгаачихаад ажил хийдэггүй гарууд, дипломтой ч гүйцэд боловсроогүй бидний үеийнхэн.

Нэгдсэн үндэсний байгууллагаас улс орнуудыг ангилдаг өндөр хөгжилтэй, хөгжиж буй гэх хуучны ангилал хоцрогдсон. Тэрний оронд Gapminder олон улсын байгууллагыг үндэслэгч, нийгмийн эрүүл мэндийн доктор Ханс Рослингийн судалж тогтоосноор их орлоготой, дундаж орлоготой, бага орлоготой гэдэг ангиллыг ашигладаг болсон. Хамгийн сонирхолтой нь бага орлоготой орны өндөр орлоготой иргэн өндөр орлоготой орны өндөр орлоготой иргэнтэй яг адилхан. Манайхан дунд ч дэлхийн толгой баячуудтай эн зэрэгцээд, хамт шоуддаг гарууд бий шүү дээ. Улс орны хэмжээнд биш, хувь хүний хүрээнд ярихад хүний дансанд орж ирж байгаа тоон орлогоос илүү хувь хүний сэтгэлгээний хэв маяг, нийгэм дунд биеэ хэрхэн авч явж байгаа нь тэр хүний сэхээтэн хүн үү, дундаж хүн үү, шалихгүй хүн үү гэдгийг тодорхойлно. Тэгээд үнэхээр тэр хүн дундаж хүн бол ямар ч нийгэмд ялгаагүй л тийм хүн байна. “Зөвхөн монголдоо” эсвэл “монгол ч бүтэхгүй ээ” гэж хоёр эрс хязгаар руу нь хуваагдмааргүй байна. Нурууг нь олоод голтой, дундаж байх тухай бөөнөөрөө бодож, ярьж, хөдөлмөөр байна гэдэг чин сэтгэлийн углуургаас Долгор нь энэ буланг хөтлөх болно. Сунжирсан урт танилцуулга, учир агуулгаа энэ хүрээд өндөрлөе.

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл-II


Монгол дундаж залуу хүний сурах ёстой хэлний талаар жуман зөвлөгөө бий. Хэлтэй бол хөлтэй, хорин нэгдүгээр зууны залуу хүн англи хэлгүй бол харин ч гутармаар, гадаад нэг хэлээр тогтохгүй хос хөтөлгөө хэд хэдэн хэлтэй байх хэрэгтэй зэрэг хэл усны талаарх энэ бүх хэлц үг, явган яриаг үгүйсгэх гэсэнгүй.

Гэхдээ энэ удаадаа зайлшгүй бүр маш сайн сурчихсан байх ёстой тэр хэлний талаар илүү хэд үглэе. 

Дундаж монгол Долгор нь Унгар улсад эрдмийн мөр хөөдөг юм. Гэхдээ хүн дан эрдмийн мөр шагайгаад суухаар яг тэр цаг хугацаандаа бол нилээн өлөн амьдарч байна шүү. Яах ч аргагүй тархинаас гадна бусад эд эрхтэн ч бас хөдөлж, өөрийн цаг, биеийн хүчээ арилжих хэрэг гарав аа. За тэгээд тулсан шаардлагаар Унгар улсад солонгос хоолны газар зөөгчөөр ажилд ороодохлоо. Солонгос хоолны газар тул эздүүд болоод тогооч нар нь солонгосчууд, хоорондоо солонгосоор ярина. Солонгос хэлтэй нэгэн монгол хүн менежерийг нь хийнэ. Энэ монгол менежерээр дамжаад зөөгч нар болон гал тогооны туслахууд нь монгол хүмүүс, мэдээж хоорондоо эх хэлээрээ харилцана. За тэгээд Унгар улсын нутаг дэвсгэр учраас дийлэнх үйлчлүүлэгчид, бусад хамтрагчид нь унгар хэл буюу мажар хэлээр үг солилцоно.

Хэдий Унгарт ч гэлээ солонгос монгол хүмүүс хоорондоо англи хэлээр ярина. Англи хэл, мажар хэл, монгол хэл, хангүг хэл. Ажил хийхэд энэ дөрвөн хэлийн аль нь их хэрэг болсон гэж та бодно. Бодит байдал дээр биеийн хэл номер нэг хэрэгтэй хэл байж шүү дээ. Тэгээд Долгорын анзаарснаар бидний монголчууд чинь хүний хамгийн сайн эзэмшсэн байх ёстой энэ биеийн хэлэмжээр харин ч нэг сөрөг хүмүүс байдаг шүү. Харц нь ширэв татав хийхдээ хурц бөгөөд хурдан. Харилцаж буй хүнтэйгээ харилцья, ярилцья гэх эерэг өгүүлэмж өгүүлэхийн оронд бидний бие үл тоох, холдохдоо түргэн гэж жигтэйхэн. Мэндлэх, талархах баяртай гэдгээ илэрхийлэх харилцааны олон жижиг үйлдэл дээр хайнга хандахаар харилцаа их хэцүү болдог юм байна. 

Азаар залуучууд гадаад хэлтэй ч болоод зогсохгүй биеийн хэлээ сайжруулж байгаа сайн тал ажиглагдаж байгаа. Бүгдээрээ биеийн хэлэмжийг бүр нэг яруу тансаг сурж, амьдралдаа хэрэгжүүлэн амар тайван харилцаатай болцгооё. 

Дундаж монгол Долгор /inews.mn/