Хоёр "Хүрлээгийн" реформ холын зайд өгөөжтэй байг
"Монгол Улсыг сайн эдийн засагч, инженер удирдагч хөгжүүлэх учиртай” гэж таамаглагчид цөөнгүй таардаг.
"Монгол Улсыг сайн эдийн засагч, инженер удирдагч хөгжүүлэх учиртай” гэж таамаглагчид цөөнгүй таардаг. Цаад утгаараа “Цэргийн хүн удирдаж байхад эдийн засаг хөгждөггүй юм. Ядаж л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шиг “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг” гээд зорилгоо бодит шаардлагад тулгуурлан тодорхойлохын оронд цэвэрлэх байгууламж, жорлонтой танилцсан гэж хэсэг гоочлоод авсан. Гэвч улс төрийн ядмагхан “дайралт” хүчээ авч чадаагүй. Азаар ч гэх үү экспортын бараа бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр боломжийн хэмжээнд өсч ойрын үед алт, зэс, төмөр улам эрэлттэй байх дүр зураг харагдаж байна.
МАН өнөөдрийг хүртэл “сонгуулийн үеэр өгсөн амлалтаа зөрчиж татвар нэмсэн” гэдэг шошгоосоо салж чадсангүй. Харин ойрын өдрүүдэд татварын багц бодлогоо танилцуулах болсон нь татвар төлөгчид, үйлдвэрлэгчдийг бага ч атугай сэргээж өгөв. Тухайлбал, өнөөгийн Засгийн газрын “хоёр Хүрлээ” өөрчилж татварын шинэлэг зарчим, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шинэ бодлогоо танилцуулж эхэлснээр эдийн засгийн ямархуу реформ хийх гээд байгаагийн зах зух нь харагдаж эхэллээ. Тэдний дэвшүүлж буй шинэчлэлийн зарчмын хувьд өөлөх юм алга. Өнгөц харвал, мөнөөх л “Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжинэ”, “Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлнэ”, “Ил тод байдлыг хангана”, “Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаална” гэсэн хуучин мессежүүд шинэчлэлийн зарчим нь болон зарлагдлаа.
Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын дэвшүүлэн энэ хүрээнд бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон ажил хийж эхэлсэн. Тухайлбал, “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж, олон ажил хийж хэрэгжүүлэх болсноо зарлаад байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж эхлээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье. Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна” гэсэн юм.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Татварыг шинэчлэх шаардлага бий болсон. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулна. Татварын багц өөрчлөлт хувийн хэвшил, аж ахуй нэгжийг дэмжих зорилготой. Тухайлбал, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах юм. Үндэслэлгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр яваад ААН-ийн зөв болдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилнө” гэсэн.
Татварын зохицуулалт цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж, сайжрах нь зүйн хэрэг. Гэхдээ суурь бодлого, зарчим нь тогтвортой, журам, дүрэм нь энгийн, ойлгомжтой байх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд ч ялгаагүй, гол шаардлага нь байдаг. Татварын шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн. Эдийн засгийн харилцааг ил тод болгох, татвараас зугтахаас сэргийлэх, далд эдийн засгийг бууруулахад нэлээн дөхөм арга хэмжээ болж байгаа. Татвараа шударгаар төлсөн нь буцаан авалт, урамшуулал хүртдэг систем зөв. Хөрөнгө оруулагчдад татварын хувь хэмжээ их, бага байх нь төдийлэн чухал бус гол нь тогтвортой байх ёстой гэдэг.
Үүнээс ердөө хоёр хоногийн дараа буюу БНХАУ-ын Сангийн сайд Шяоже “Энэ онд Хятад улс татварыг бууруулах бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг бууруулна” гэдгээ амласан. Тэрбээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр “Энэ онд Хятад улс нэмүү өртгийн татвар хураамжийн тогтолцооны өөрчлөлтийг улам сайжруулж, бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих болно. Хувь хүний орлогын татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэн, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих цар хүрээг улам тэлж, илүү олон аж ахуйн нэгжүүдэд үр өгөөж хүртээх болно. Татвар хураамжийг бууруулах бодлогыг хэрэгжүүлснээр жилд 800 тэрбум юанийн татварыг бууруулах бөгөөд энэ онд Засгийн газрын сан, засаг захиргааны төлбөр, үйлчилгээний төлбөр зэрэг зардалд бүтэн жилд 300 тэрбум юанийн төлбөр тооцооны дарамтыг хөнгөлөхөөр төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн.
Манай Засгийн газрын хувьд жижиг, дунд бизнесийг дэмжин, тэдгээрийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь дэмжлэг болоход онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгаад байгаа билээ. Мөн “Бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татвараа хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгож, тэдний татвараа тайлагнах, төлөхтэй холбогдсон зардлыг бууруулна. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно” хэмээн тайлбарлаад байна.
Засгийн газраас мэдээлснээр “Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байгаа аж. Тиймээс эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөжээ. Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татварын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.
Тэдний танилцуулсан зарим санаа зорилтот эздэдээ маш чухал юм.
Үүнд “Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ”. “Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ” гэсэн “идеа”-г нэрлэж болно.
Дашрамд дурдахад энэ оны хоёрдугаар сарын 22-нд Монголбанкны санаачилгаар зохион байгуулсан “Улаанбаатарын зөвшилцөл” чуулга уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ “Төр хувийн өмчит аж ахуйн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох ёсгүй. Оролцох ёсгүй гээд хувийн хэвшлийг зохицуулалтгүй орхино гэсэн үг биш. Төр шударга өрсөлдөөнийг дэмжих, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Ер нь төрийн бүтцийг аль болох цомхон байлгах, нарийн шалгуураар өндөр боловсролтой, ур чадвартай боловсон хүчнээр хангах, авлига, хууль бус үйлдлээс ангид байлгахад анхаарах гээд олон чухал асуудлыг анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонссон. Энэ үеэр аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч, “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэсэн амлалтыг сонссон билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Төр бол хамгийн том худалдан авагч. Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож байх нь зүйтэй” гэсэн “жижүүрийн” гэмээр сайхан хариу хэлсэн ч бодит ажил хэрэг болгохоор яаравчилсан нь ойрын өдрүүдэд өрнүүлж буй хэлэлцүүлэг, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдээс харагдаж байна. Хэсэгхэн хугацааны дараа буюу тэдний санаа ажил хэрэг болохын цагт төрөөс хувийн хэвшлийнхэнтэй харилцах цор ганц харилцаа буюу татварын бодлогоо өөрчилснөөр эдийн засагт ямар реформ хийж болохыг харуулах бололтой.