Хотын “Мээр”, салбарын Сайдын “дуэль”-д хэн нь ялах бол!
МАН-ын хагарал,дотоод зөрчил эрчимжиж буй цаг дор нийслэлийн намын даргаа сонгох хурал болох гэж байгаа нь улс төрийн хүрээнийхний гол анхаарлыг татаж байна.
Г.БИЛГҮҮН
МАН-ын хагарал,дотоод зөрчил эрчимжиж буй цаг дор нийслэлийн намын даргаа сонгох хурал болох гэж байгаа нь улс төрийн хүрээнийхний гол анхаарлыг татаж байна. Өнгөрсөн жил Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Ц.Сандуй эрүүл мэндийн шалтгаан заан ажлаа өгсөн. Үнэндээ бол Ц.Сандуй нар 60 тэрбумын “хэрэгт” холбогдож намын нэр хүндийг унагаад зогсохгүй,эргэж албан тушаал хаших нүүргүй болсон. Харин тус хурлаар Нийслэлийн засаг дарга С.Батболдыг 100 хувийн саналаар Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Түүнээс хойш ажин түжин байсан Нийслэлийн МАН 34-р бага хурлаа ирэх сарын долоонд хийх тов гаргасан нь тус намынхныг дээр дооргүй хөдөлгөөнд орууллаа. Нийслэлийн МАН 152 үүртэй, үүр тус бүрээс бага хурлын төлөөлөгч оролцохоос гадна төрийн түшээд, нийслэлийг удирдаж байсан гишүүд, эмэгтэйчүүд, ахмад, залуу үеийн төлөөллийг квотоор оролцуулахаар болжээ.
Монгол Улсын ДНБ-ийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг, хүн амын бараг тэн хагас нь амьдарч байгаа нийслэл хэмээх том айлын дэвжин дээшлэх, балран доройтох нь эрх баригч намын нийслэлд явуулж буй бодлогоос шууд хамааралтай.
МАН-ын төв байгууллагаас дутахгүй эрх мэдэл төвлөрсөн, УИХ-ын сонгуулийн 28 тойргийн нэр дэвшигчийг тодруулахад жин дарах Нийслэлийн МАН-ыг удирдах хүн хэн байх нь улс төрчдийн амбицыг багагүй хөдөлгөж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэн Нийслэлийн МАН-ыг удирдана тэр хүн ирэх сонгуульд туг барьж орно гэсэн үг. Энэ утгаараа ач холбогдлын хувьд томд тооцогдоно. Тиймдээ ч МАН-ын зөрчилтэй бүлэглэлүүдийн хооронд Нийслэлийн намын байгууллагынхаа даргын суудлыг булаацалдах, өөр өөрсдийн фракцдаа авах сонирхол хүчтэй илэрч байна. Анхандаа энэ суудалд МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа С.Батболд нарын дөрвөн хүний нэр яригдаж байсан ч, хоёр нь албан ёсоор өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлчихсэн. Д.Амарбаясгалангийн хувьд “МАН-ын төв байгууллагаа удирдаж байж,нийслэл нэгжийн сонгуульд “хошуу нэмж” доош орлоо” гэсэн зэмлэлийг томчуудаасаа хүртсэн сурагтай. Түүнээс ч болсон уу тэрээр цахим сүлжээгээр дамжуулан “МАН-ын XXVIII их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүд надад итгэл хүлээлгэж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна” хэмээн үндсэндээ нэрээ татаж байгаагаа эвтэйхэн зарлаад, “гэм, нүгэл”-ээ цайруулчихлаа. МАН-ын “гал тогоог” барьсан эрхмүүд засаг удирдах түвшинд дэвшдэг уламжлалыг бодсон ч том намын генсект жижигдсэн сонирхлоо хаях нь зүй.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд нэр дэвшигчийн байр сууринаас биш “туслан гүйцэтгэгч”-ийн үүднээс үйл явдалд оролцчих шиг. Тэгээд ч энэ албанд тэр хэтэрхий шинэдхээс гаднажулдана. Харин хотын намын хорооны даргад нэр дэвшихээр бэлдэж буй Д.Сумъяабазартай нийлж Сонгинохайрхан дүүргийн намын хорооны зүгээсС.Батболдыг баалах ажиллагаа явуулсан нь тэдний эртний улбааг ч тодотгов. УИХ-ын сонгуулийн үеэрД.Сумъяабазар түүнд шууд бусаар “тусалсан” явдал нэг бус байдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг л юм. Уншигч авхай санаж буй бол сонгуулийн санал хураалтаас гуравхан хоногийн өмнө Х.Нямбаатарын өрсөлдөгч, АН-аас нэр дэвшсэн О.Магнайгийн эсрэг АН-ын гишүүн Асашёорюү Д.Дагвадорж шууд дайралт хийсэн акци болсон. Циркээс үүссэн “өшөө авалт” гэхээс илүүтэйгээр Х.Нямбаатарт УИХ-ын суудал “бэлэглэсэн” Д.Сумъяабазарын тоглолт гэж харагдаж байлаа. Энэ үүднээс тайлбарлавал Х.Нямбаатар “өрөө” төлсөн байх магадлалтай. Тэдний С.Батболдод хандсан бага хурлын квотын шүүмжлэл нэг шугамд байгааг ч бодолцоходийн хардах үндэслэл бий. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Нийслэлийн намын хорооны хурлын квотын асуудлаар хурц шүүмжлэл эхлүүлж, түүнийг нь Д.Сумъяабазар үргэлжлүүлсэн нь дэглэлттэй л харагдаад байгаа.Үүгээрээ тэд нэг тал болж байна.Харин С.Батболд 69 квотын шүүмжлэлийн хариуд “Намын гишүүдийнөмнө хүлээсэн үүрэг хариуцлага, ажлын туршлага зэргийг харгалзан намын дарга, генсек, УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч болон Нийслэлийн намын хорооны дарга, Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан үе үеийн гишүүд,эмэгтэйчүүд, ахмад, залуучуудүеийн төлөөллийг квотоор оролцуулах нь намын хурлын үйл ажиллагаанд сөрөг гэхээсээ эергээр нөлөөлж ирсэн нь гарцаагүй” хэмээн тэдний амыг таглав. Харин одоо Д.Сумъяабазар, С.Батболд гэсэн хоёр кандидат тунаж үлдээд байгаа бололтой.
Өнгөрсөн сонгуулийн бардам амжилтдаа тайвширсан нийслэлийн МАН-ын хороо угтаа дараагийн сонгуулийн цикльдээ орж буй нь энэ. Нийслэлчүүдийг хэрхэн аз жаргалтай болгох нь дараагийн сонгуулийн чухал хөзөр болохын хувьд улс төрийн намд ч том орон зай, том улс төр.Энэ өнцгөөс нь харвал нэг намын орон нутгийн чанартай сонгууль бус улс төрийн хариуцлага өндөр, том шийдэл болохдог. Хэдийгээр МАН гаднаа цул харагдах бодлого барьдаг ч, засгаас унасан гомдогсод болон байр сууриа бататгах гэсэн засаглагчдын хооронд болж буй тэмцэл ил цагаандаа гарсан. УИХ дахь МАН-ын 32 болон 33-ын бүлгийнхэн ч энэ сонгуульд ач холбогдол өгч байгаа нь илэрхий. У.Хүрэлсүхийн танхимын нэг гишүүн энэ албан тушаалдочих горьдлого тээж байгаа нь үүний илрэл гэж болно. Уг нь Д.Сумъяабазарт мундахгүй олон албан тушаал бий. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд, МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга гээд “давхар дээл” олонбайгаа. Үүн дээр өсөх идэр, үлэмж бадрах, саруул сайжрах, хурдан шаламгай, хуурнин шуугигч, уран барилдаант, үнэн зоригт, цогт гарамгай, өлзий бадрах, бууршгүй хүчит, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, улсын аварга гэх үндэсний бөхийн чимэг, цол нэмэгдэхээр нэг амьсгаанд багтахгүй гуншин ч бий.Бөхийн цол ч яахав нэг утгад багтаж, нэг үйлдэлд зориулагдсан. Харин улс төрийн албан тушаал бүр нь өөр өөр ачаатай гэдгийг эрхэм гишүүн мэдэх биз ээ. Сонгогдсон тойргийнхоо проблемыг шийдэхийн сацуу, салбарын сайдын ажлыг амжуулахтай зэрэгцээд нийслэлийн МАН гэх том айлын ачааг үүрнэ гэвэл улсын баатарт ч ахдахаар ажил. Тиймдээ ч Э.Бат-Үүл парламентаас “зодог” тайлж нийслэлийг томоор харсан нь тэр биз.Мань эр У.Хүрэлсүхийг тойрсон зүүний хүч, М.Энхболдыг дагасан хотын фракц, Ц.Нямдорж тэргүүтэй хуучныг баримтлагсад, жигүүр дэлгэхэд бэлэн залуу гишүүд гээд үл ойлголцлын хайчин гал дунд байгаа энэ олон шугамыг параллель болгох нь ч эргэлзээтэй. Гал авалцвал өөрийг нь “халууцуулж”, олон давхар дээлийг нь хуу татах хүч хангалттай гэдгийг ч тооцох учиртай.
Харин түүний оронд өдгөө нийслэлийг удирдаж байгаа С.Батболдод намыг нь давхар хариуцуулчихвал эрх баригч намынханд хамгийн зөв шийдэл байж мэднэ. УИХ-д дөрвөнтэй сонгогдож байсан түүнд улс төрийн туршлагаар дутахын зовлонгүйн дээр МАН-ын дотоодод зөрчилдөж буй талуудыг эвлэрүүлж, уугин дүрэлзэж мэдэх галыг унтраахад нэн тохирох хүн. Аль ч фракцтай хэл амаа олчихдог түүнийг дээр дурдсан фракцуудын шөргөлцөл хийгээд парламентэд үүсээд буй толхилцооныг нэг талд гаргахад ашиглах нь МАН-д ус агаар мэт чухал. Энэ бол магтаал бус магадлалын зэрэг өндөр харьцуулалт юм. С.Батболд МАН-ын боловсон хүчний нүүр царай болж ирсэн залуу улс төрч харагддаг байсан бол одоо ид ирэн дээрээ яваа дунд үеийн төлөөлөл болж. Тиймдээ ч намынхан нь Нийслэлийн Засаг даргаар сонгож итгэл хүлээлгэсэн биз. Түүнээс биш “даахгүй нохой булуу хураах”-ын үлгэрээр давхар дээлтэй сайддаа данхайсан ачаа үүрүүлэх нь ач холбогдлын хувьд, учир зүйн үүднээс ч зохих шийдвэр биш буй за.