Хоригоос хохирол багатай гарах нь
Төр засаг хамаг хүндийг өөрсөддөө биш иргэдэд үүрүүлж байгаа нь хэтэрхий хатуу бодлого юм. Монголчууд тэвчээртэйдээ тэсэж байгаагаас өөр оронд шууд гудамжинд гарч жагсахад бэлэн нөхцөл байдал үүсээд байна.
Ковидоос аюултай хямрал
2012 оны сонгуулийн жилийн эцэст манай эдийн засаг 17,4 хувь хүрч өсөж байсан билээ. Тэр өсөлтийн учир нь намууд сонгуулийн амлалтын мөнгөө өгсөнд байсан билээ.
Иргэдийн худалдан авах чадвар сайжирснаар бараа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ өссөн юм. Харамсалтай нь тэр их мөнгө гадагшаа урсчихсан. Дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, иргэд хуримтлалаараа голдуу импортын бараа, ялангуяа ахиу хуримтлал үүсэхэд автомашин авах сонирхолтой тул хуучин машинд их урссан.
Тэр жилээс хойш буурсаар, буурсаар бараг тэг болсон. Мэдээж ийм шалтгаанаар валютын ханш өссөн, эцэстээ эдийн засагт тийм ч таатай нөлөө үзүүлээгүй. Гэхдээ сүйрэл дагуулаагүй юм. Дахин ийм байдлаар мөнгө тараах боломжгүй болсон учраас мөнгөний амлалтыг хорьсон. Гэвч урт удаан хугацаанд хатуу мөнгөний бодлогод боомилогдож байсан эдийн засаг богино хугацаанд боловч идэвхжсэн.
2020 он бол хорионы жил байв. Иргэд гэртээ хоригдож, ажилгүйдэл ихсэж, эдийн засаг дахь мөнгөний эргэлт удааширсан. Цалингийн хэмжээ буурсан. Хамгийн хүнд цохилт жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд очсон.
Ялангуяа ид ажиллах насныханд хүнд туссан.
Ажлын байр цөөрч, түрээсээ төлж чадахгүй тул олон газар хаагдсан. Хаагдаад болдог бол яах вэ, гол нь зээл, хүүндээ баригдсан. Үнэндээ ийм хоригийн үед ахмал настан, халамж хүртэгчдээс илүү эдийн засгийг хөдөлгөгч гол давхарга - жижиг дунд бизнес эрхлэгчид хохирсон. Хуримтлалаа шавхаж, дараагийн биенес эхлэх эх үүсвэргүй болсон. Хорионы улмаас банкууд чанаргүй зээлийн хэмжээг өсгөхгүйн тулд олгож буй зээлийн хэмжээг бууруулж эхэлсэн.
Энэ үед банкууд бус банк бус санхүүгийн байгууллагууд л зээл олгож, улам олширч мөнгө хүүлэл хэрээс хэтэрч эхэлсэн. Одоо бизнес эрхлэгчид өрийн дарамтанд байна.
Монгол шиг овгийн системтэй улсад тэд өөрсдийгөө болгоод зогсохгүй ойрын хамаатан садан, аав ээж, настнуудаа чирч явдаг.
ЗГ-аас тэдний бэрхшээлийг хөнгөвчлөх талаар дорвитой юу ч хийсэнгүй. Хэдий татварын хувь хэмжээ бага мэт авч дарамт ихтэй, наад зах нь нийгмийн даатгалын шимтгэл бол татвараас дутуугүй дарамт учруулдаг. Тиймээс тэдний тэсч үлдэх эхний арга бол цомхотгол байсан юм. Эс бөгөөс НДШ төлдөг ажилтны тоог бууруулж, гэрээт ажилчин болгож хувиргаж байв. Энэ тогтсон систем ирээдүйд олон арван мянган хүний амьжиргаа, нийгмийн баталгааг сүйтгэнэ.
Үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалж зээл авснаас өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн үнэ буураад байна. Буураад зогсохгүй борлогдохгүй болжээ. Учир нь худалдан авагч бараг байхгүй.
Энэ жилийн сонгууль маш үрэлгэн болсон. Нэг нэр дэвшигч дунджаар дор хаяж хагас тэрбумыг зарцуулсны гол нь цалингийн зардал байв. Үр дүн яаж гарсан нь энэ сэдэвт хамаагүй, тусдаа асуудал. Гол нь сонгууль сайн ч муу ч эдийн засгийг идэвхжүүлсэн.
Намууд сонгуулийн ажилд үй олон хүнийг дайчилсан. Гээд энэ бол тогтвортой ажлын байр биш. Гэхдээ сайн муугаараа дуудуулсан сонгууль лав оны эхний хагаст манай эдийн засгийн сүйрлээс аварсан. Байрны түрээс, шатахууны зардал, хоол хүнсний зардал, хэвлэлийн компаниудын орлого, автомашины түрээс, шатахуун гэх мэтэд асар их мөнгө орсон. Эрх баригч нам сонгогчдын дэмжлэгийг алдахгүйн тулд төсөвт байгаа нөөцөөрөө урьд өмнө өгч байсан халамжуудыг бууруулаагүй төдийгүй өсгөж өгөхийг эрмэлзэж байсан.
Дам дамаа энэ нь эдийн засагт нааштай нөлөөлсөн. Гэвч үүнээс хүмүүс хуримтлал үүсгэж бараг чадаагүй байх, учир нь авсан цалин хөлс нь өрөнд хураагдаж байсан юм. Гэвч амьсгаа авсан уу, авсан.
УИХ-ын болон орон нутгийн сонгууль өнгөрсний дараа ковидын хоёрдугаар давалгаа эхлэхэд манай улс барьц алдаж байна. Ялангуяа нэгдүгээр давалгааны үед дотооддоо халдвар түгээлгүй барьж чадсан тул дэлхий нийтэд үлгэр жишээ болж байсан бид хоёрдугаар давалгаа эхлэхэд ямар ч бэлтгэлгүй байж, магтсан хүүхэн хуримандаа гэгчийн үлгэрээр дотоодод халдвар түгэв.
Үүний улмаас өнгөрсөн жилийнхээс хамаагүй хатуу хорио цээрийн дэглэм тогтоохоос өөр аргагүй болсон. Хэрэв энэ чигээрээ алдвал өвчнөө ч дарж дийлэхгүй, эдийн засгаа ч давхар нураах аюултай болсон тул тэвчихээс аргагүй.
Гэхдээ төр засаг хамаг хүндийг өөрсөддөө биш иргэдэд үүрүүлж байгаа нь хэтэрхий хатуу бодлого юм. Монголчууд тэвчээртэйдээ тэсэж байгаагаас өөр оронд шууд гудамжинд гарч жагсахад бэлэн нөхцөл байдал үүсээд байна.
Үйлдвэрлэл сул хөгжсөн, худалдаа үйлчилгээ зонхилсон улсад эдийн засгийн хатуу хорио санаснаас хүнд тусаж байж болзошгүй юм. Бид дадаж сурснаараа нийгмийн халамж шаардлагатай хэсэг, хөгшид, ажилгүйчүүдийг хэрхэн аврах тухай ярьж байгаагаас бус цаашид улс орныг авч явах тэр хэсгээ мартсан төдийгүй хэтэрхий харгис хандаж байгаа юм. Гэтэл ажилгүйдлийн шалтгаан нь энэ давхаргын хүндрэлтэй шууд холбоотой.
Нийгмийн халамж авагчид гол зогоох мөнгөтэй, харин бизнес эрхлэгчид нэмж мөнгө олох биш бүр “хасах” руугаа орж байна. Өдөр тутам, цаг минут тутам тэд өрийн дарамтанд орж байгаа юм. Хэдийгээр Төв банк бодлогын хүүгээ бууруулсан ч энэ нөхцлөөр одоо зээл өгдөг банк байхгүй! Үүнээс өмнө өгсөн зээлийг одоогийн нөхцлөөр тооцохгүй. Нэгэнт хожимдсон байна.
Ажиллах хүчний зардлаа танасан дээрээ урсгал зардлаа хэмнэх, хорио цээрийн дэглэм сахихын тулд үүдээ барьсан үй олон аж ахуйн нэгж байгууллагын тоогоор цахилгааны хэрэглээ буурч байна. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид цахилгааны хямдралтай шөнийн цагаар ажиллаж, өдөр түгээлт хийдэг. Гэтэл шөнийн түгээлтийн харалган шийдвэр тэднийг сандаргасан. Одоо станцуудын шөнийн борлуулалт эрс буурсан.
Гол нь үйлдвэрлэл эрхлэвч худалдан авагч байхгүй бол нэмж алдагдал үзэхдээ тулж байна. Өнөөгийн байдлаар улс орон даяар хүнсний үйлдвэрлэл худалдаа л дөнгөн данган ажиллаж бусад нь царцанги байдалд орчихлоо. Гадаад худалдаа хэвийн мэт авч худалдан авагч байхгүй бол гааль, татвар ажиллаад ч яах юм.
Иргэд зарцуулалтаа хянаж, гол худалдан авалтыг хүнсэнд чиглүүлжээ. Энэ бол ирэх жилийн 4 дүгээр сард дүгнэх татварын орлогын төлөвлөгөө асар хүндрэх төлөвтэй гэсэн үг. Худалдан авалтыг идэвхжүүлдэг баяруудыг хорьсон тул мөнгөний эргэлт мөн л царцаж байна. Хэрэв ирэх жил татварын орлого буурвал нийгмийн халамж хүртэгчдийн амжиргаанд хүчтэй цохилт болно. 2021 оны намраас бодохоос ч айдас төрөм хүндрэл хүлээж байна. Эсвэл наана ч байж магадгүй.
Хэрэв хорио цээрийн дэглэмийг улам чангатгах замаар нийгмийн хямралыг эдийн засгийн хямрал болгож хувиргавал алсдаа энэ нь улстөрийн гүнзгий хямрал руу хөтөлж магадгүй, хэрэв улстөрийн хямрал даамжирвал бүтэн жил чангалсан хөл хорионы үр дүн агшин зуур үгүй болох аюултай болчихлоо. Мал байхад турж үхэхгүй гэдэг муйхар сэтгэлгээ хол явахаа больсон. Одоо манай төсөв өнгөрсөн жил гаднаас авсан 300 шахам сая ам.долларын зээл тусламж, хэлэлцэж тохироод буй 400 сая ам.долларын зээл тусламжинд найдаж байна. Гэхдээ энэ хэрээр гадаад өр л өснө! Өр өсөхийн хэрээр ирээдүй хүндэрнэ.
Монгол Улсын 3.2 сая иргэний 904 мянга нь хүнсний ба хүнсний бус хэрэглээндээ сард 166 мянган төгрөг зарцуулах чадамжгүй буюу ядууралд нэрвэгдсэн. Нийт өрхийн 50 хувь нь сард 400 мянган төгрөгөөс бага цалинтай.
Нийгмийн чирэгч гол хүч, бизнес эрхлэгч давхарга нь зээлийн хүүгээрээ дэлхийд эхний 10-т ордог өндөр хүүтэй зээлээр бизнесээ явуулдаг. Банкууд зээлээ хумьснаас банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хадгаламж зээлийн хоршоо, мөнгө хүүлэгчдээс бүр өндөр хүүтэй зээл авч аргацааж байгаа.
Манайх цар тахал эхэлснээс хойш ямар ч бодтой арга хэмжээ хэрэгжүүлээгүй байгаа ба үүнийгээ ядуу өр бөөсөндөө баригдсан төсөвтэй гэдгээр халхавчилдаг. Манайх өдий хүртэл тэссээр байгаагийн шалтгаан нь хөдөлмөр эрхлэгч 6 хүн тутмын нэг нь төрөөс цалинждаг, хавтгайрсан халамж, хүүхдийн мөнгө гурав л юм. Гэхдээ үүнийг хэн бий болгодог вэ гэвэл өдгөө нэгэнт бараг сүйрчихээд буй бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид юм.
Хэрэв энэ давхаргыг бүрмөсөн дарж авбал, энэ үндсийг үхүүлбэл цаашид улс орны хөгжил энэ тэр байхгүй. Нийтээр ядууралд автаж, хэт цөөн баячуул ба хэт олон ядуусын улс бий болж, давхарга хоорондын эвлэршгүй дотоод зөрчилдөө идэгдэн сүйрэх болно.
Ерөнхийлөгчийн санаачлага
Хэрэв ямар нэгэн байдлаар улстөржүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачлага цагаа олсон юм. Чухам ийм шалтгаанаар энэ өгүүллийг бичих явцдаа сонгуулийн дүнг ч, УИХ, ЗГ-ын явуулж буй бодлогыг ч хатуу ширүүн шүүмжлэхээс түдгэлзэв.
Өнөөгийн нөхцөлд, эдийн засгийн цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулсан байна. Төсөв хүндэрч байгаа ч аргагүйн эрхэнд хөл хорио, эмнэлгийн үйлчилгээ товчхондоо “УОК”-т төсөв доторх төсөв баталж өгөхөөс аргагүйн дээр зайлшгүй шаардлагаар ихээхэн хөрөнгө зарж байна. Энгийн үед энэ зардал төсөвт дарамт болохгүй шүү дээ!
Цар тахалтай үед Их британи 2500 фунт, Хонконг 10 000 хонконг доллар, АНУ 1200 доллар, хүүхэд бүрт 500 доллар, Япон 100 000 иен, Австрали 750 австрали доллар, ОХУ 12 130 рублийг иргэдэд олгох хуулийг батлан хэрэгжүүлжээ. Тахалта й амжилттай тэмцсэнээр гайхагдаж буй өмнөд хөршид ч иргэдэд ваучер тараах замаар эдийн засгийн хүндрэлээс гарч байна.
Өрх бүрт 1 сая төгрөгийн эрхийн бичиг гэдэг бол (900 мянган өрх X 1 сая төгрөг) = 900 тэрбум буюу ойролцоогоор 1 их наяд төгрөг юм. Энэ бол жилд барагдуулдаг гадаад өрийн 1/3-тэй л тэнцэх мөнгө. Доллараар тооцвол 316 сая ам.доллар. 2019 онд хүлээн авсан зээл тусламжтай дүйцэхүйц мөнгө.
Энэ бол гол нь үйлдвэрлэгчдэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд өгч буй хамгийн том тус юм. Энэ хэмжээний мөнгийг тэдэнд өгч байгаагаас ялгаагүй хэрэг. Эдийн засагт 1 их наяд төгрөг урсан орно гэдэг үйлдвэрлэл худалдааг дэмжих хамгийн таатай нөхцөл.
Банкны хүүг бууруулаад ч, НДШ болон татварыг хөнгөлөөд ч олж авч чадаагүй ашиг тусыг энэ мөнгөнөөс авах болно. Өрхөд оногдох 1 сая төгрөгийн 800 мянга нь хүнсний худалдаанд оногдох юм байна. Мэдээж тэртээ 2012 онд тараасан мөнгө шиг гадагш урсах магадлал бага, учир нь хорио цээрийн дэглэм үйлчилж байгаагийн дээр дотоодын хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ мөнгө очно. Иймд гадаад валютын ханшид үзүүлэх нөлөө хязгаарлагдмал юм.
200 мянга нь чөлөөт ваучер байх юм. Үүнийг өргөн хэрэглээнд зориулж олгох юм, жишээ нь дотоодод үйлдвэрлэдэггүй, үйлдвэрлэдэг ч бүрэн хангаж чаддаггүйшүдний оо, угаалгын нунтгаас эхлээд хэрэгцээт бараанд зориулагдах юм. Магадгүй үүнээс 20 мянган төгрөгийг ном худалдан авахад зарцуулах эрхийн бичиг байх төлөвтэй, хүүхэддээ ном авч өгөг!
Энэ ваучерт Засгийн газрын баталгаа хэрэгтэй, угаасаа манай нийт гадаад өрийн 2/3-оос илүү нь ноогддог томоохон компаниудын гадаад зээлэнд манай ЗГ гар таталгүй баталгаа гаргаснаас өдгөө өр 30 тэрбум ам.долларыг давчихаад байгаа билээ. Тиймээс энэ удаагийнх бол цэвэр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд зориулагдаж буй нь утга нэг л гэсэн үг билээ.
Одоо талдаа орж буй, цаашид хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй хөл хорионоос эдийн засгаа аврах боломж энэ л юм, үүнийг би биш гадны туршлага нотлож байна. Нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт бол манай үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болох юм.
Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг Хятад хүртэл энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүгээрээ дотоодын аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжиж чадсан байна. Үйлдвэрлэлийн эцсийн зорилго бол үйлдвэрлэх биш борлуулахад л чиглэдэг. Энэ борлуулалтанд бүхий л өртөг, хөдөлмөрийн хөлс, дулаан халаалтын зардлаас эхлээд НДШ хүртэл орж байна. Энэ хэрээр ажлын байр бий болох, борлуулалтын идэвхжүүлэлт, реклам сурталчилгаанаас хэвлэл мэдээллийн салбарын захиалга өсөх, дунд нь иргэдийн зайлшгүй хэрэгцээт хүнс барааны хангамжийг нэг удаад шийдэх, эдийн засаг идэвхжсэнээр улсын төсөвт төлөх татварын орлого нэмэгдэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлал нэмэгдэх зэрэг нийгмийн салаа мөчир бүрт хүрэх зөв бодлого юм.
Харин үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөгч байсны хувьд улстөржиж Ерөнхийлөгчийн мэдлийн хүнсний компаниуд энэ мөнгө очих гэж хардаж байгаа нөхдөд хэлэхэд саначлагч нь ашиг сонирхлын зөрчилд орох учраас хуулиар хорьсон, боломжгүй юм билээ.
Өдгөө хүн бүрт мөнгө хэрэгтэй байна, иргэдэд ч үйлдвэрлэгчдэд ч. Тиймээс энэ мөнгийг авах ёстой, хэрэв УИХ ЗГ-т буй хүмүүс энэ жишгээр өөрийн компанид ашиггүй гэж үзэж батлахгүй өнгөрөөдөггүй л юм бол энэ хамгийн зөв шийдвэр юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс шалтгаалж асуудлыг ЗГ, Ерөнхий сайд голлож шийдвэрлэх тул энэ асуудлыг шийдэх найдлагыг Ерөнхий сайдад тавьж байна. Мөн цэвэр энэ чиглэлийн мэргэжилтэй атлаа зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой алхам бүрийн эсрэг шийдвэр гаргахыг оролддог Сангийн сайд хариуцлагыг үүрнэ. Ирэх оны эхний хагаст улс орны эдийн засаг, төсөв ямар байх нь одоо энэ хоёр хүнээс шалтгаална. Төсвийн 10 хувьтай тэнцэх зээл тусламжинд найдах, дотоодын хүч чадлаа дайчлах хоёрын нэгийг сонгох болох нь...
Жич эх үүсвэргүй гэж тайлбарлахыг сонссон ч гадаад дахь оффшороос оруулж ирсэн мөнгө энэ баталгаанд хангалттай хүрэлцэхээр байгаа юм билээ шүү! Ний нуугүй хэлэхэд надад энэ мөнгө хэрэгтэй л байна, хэрэггүй гэж хэлж байгаа хүн нэг бол хэт баян, нэг бол тэнэг. Хэрэв авмааргүй бол түүнийгээ тусламж болгоод өгчих ч боломж бий.