Хийн хоолойг Монголоор дайруулах магадлал өндөр байна
Монголын нутгаар тавих хийн хоолойн төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ олон улсын банк–санхүүгийн байгууллагууд илэрхийлдэг. Гэхдээ юуны өмнө төсөл ашигтай эсэхийг нь судлаад ТЭЗҮ-ийг нь боловсруулах хэрэгтэй л дээ.
Энэ оны 12 дугаар сарын 1-нд ОХУ-аас БНХАУ-д 30 жилийн хугацаанд жил бүр 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх “Сила Сибири” хоолойг албан ёсоор хүлээн авах гэж байна.
БНХАУ-ын хувьд эдийн засгийн эрчимтэй өсөлт, байгаль орчны асуудлаас болоод хийн хэрэгцээ огцом өсөх төлөвтэй байгаа, нөгөө талаар ОХУ янз бүрийн хориг саадаас болоод Европын орнуудад хий нийлүүлэхэд хүндрэлтэй болсон учраас Хятадад хий нийлүүлэх дараагийн хоолойг барих талаар сүүлийн үед идэвхтэй яригдах боллоо. Оросууд дараагийн хийн хоолойг манай улсын баруугаар буюу Орос-Хятадын хиллэдэг хэсгээр тавих хувилбарыг нэг хэсэг нилээд ярьсан. Гэтэл энэ нь:
- харьцангуй урт буюу 6700 км;
- өндөр уул, гол мөрөн зэрэг байгалийн саад бэрхшээл ихтэй;
- газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр өнгөрнө;
- дэлхийн өв хэмээн ЮНЕСКО-ийн жагсаалтад орсон тусгай хамгаалалттай газраар дайрах учраас шүүмжлэлд өртдөг;
- улс төрийн хувьд тогтворгүй Шинжаан-Уйгурын нутгаар өнгөрөх тул бэрхшээл ихтэй гэж үздэг.
Харин Монголын нутгаар дайруулбал:
- харьцангуй богино;
- голдуу тал хээрийн нутгаар баригдах тул байгалийн саад бэрхшээл багатай;
- хэрэв Монголын төв хэсгээр тавигдах бол төмөр болон авто зам, эрчим хүчний шугам зэрэг байгаа дэд бүтцийг ашиглах боломжтой;
- хийн томоохон хэрэглэгчидтэй шууд холбогдох учраас богино хугацаанд харьцангуй хямд өртгөөр барих боломжтой илүү үр ашигтай хувилбар гэж үзэж болох талтай.
Удахгүй ашиглалтанд өгөх гэж байгаа 2156 км урттай “Сила Сибири” хоолойг барихад 16 тэрбум ам. доллар зарцуулсан юм билээ. Хэрэв Монголын нутгаар УБТЗ-тай зэрэгцүүлээд хоолой барих юм бол урт нь 1050 км байх болно гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр манайхаар өнгөрөх хоолойг барих зардал “Сила Сибири”-ийг барьсан зардлын тал хувиас ямар ч байсан илүүгүй байх магадлалтай.
Хийн хоолой Монголын нутгаар дайран өнгөрөх нь ямар ашигтай вэ гэдэг асуулт байна. 2018 онд Украин улс өөрийн нутгаар 86,8 тэрбум шоо метр хий нийлүүлж 3 тэрбум ам. долларын орлого олсон бол Беларусь улс хий болон нефть дамжуулснаар 1,58 тэрбум ам. долларын орлого олсон гэнэ. Нэг мянган шоо метр хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2,5 ам долларын ханштай байдаг юм байна. Тэгэхээр хэрэв манай нутгаар жишээ нь 38 тэрбум шоо метр хий дамжуулах юм бол жил бүр бараг нэг тэрбум орчим ам. долларын орлого олох нь. Үүнээс гадна Улаанбаатарыг утаанаас салгахын зэрэгцээ өөрийн орны хийн хоолойны асуудлыг бүрэн шийднэ. Энэ дашрамд тэмдэглэхэд хийн аж ахуйн салбарын нэг ажилтныг дагаад эдийн засгийн бусад салбарт 4-6 ажлын байр шинээр бий болдог гэсэн судалгаа байдаг.
Оросын тал манайхаар дайрах хийн хоолойг барих ажлыг аль болох түргэн эхлүүлэх сонирхолтой байна гэж ойлгож болно. Учир нь 12 дугаар сард ашиглалтанд өгөх гэж байгаа “Сила Сибири” хоолойг барьсан “Стройтрансгаз”, “Стройгазмонтаж” болон бусад компаний хэдэн арван мянган хүн, хэдэн мянган техникийг болоод хий дамжуулах ган хоолой хийдэг үйлдвэрүүдийг ажилтай байлгах хэрэгтэй. Дээр нь бас Балтын тэнгисийн доогуур өнгөрөх хийн хоолойг барих ажил ч энэ оны сүүлээр дуусч ихээхэн ажиллах хүч сулрах гэнэ. БНХАУ-ын хувьд хоолой барих компаниуд нь бэлэн байдаг гэсэн.
Ерөнхийлөгч В.В.Путин энэ оны 9 дүгээр сард манай оронд айлчилж, Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсоныхоо дараагаар буюу 9 дүгээр сарын 9-нд “Газпром” компанийхаа тэргүүн А.Миллерт манайхаар дайруулан БНХАУ-д хий нийлүүлэх хоолой тавих асуудлыг судлахыг үүрэг болгосон билээ. Хийн хоолой барина гэдэг бол бизнес төсөл. Ийм ч учраас Ерөнхийлөгч В.В.Путин яамны сайддаа биш “Газпром” компаний удирдлагад үүрэг өгөв. Хятадад ч гэсэн хийн хоолойн асуудлыг ямар нэгэн яам биш харин CNPC гэдэг төрийн томоохон корпораци нь хариуцдаг учраас хий худалдах, худалдан авах гэрээг Орос, Хятадын энэ хоёр компани байгуулсан байдаг. Тэгэхээр хийн хоолой бариулах ажлыг манайх ч мөн адил төрийн томоохон аж ахуйн нэгжид хариуцуулбал зохимжтой бөгөөд миний олж харж байгаагаар хамгийн тохиромжтой нь “Эрдэнэс Монгол” компани юм.
“Эрдэнэс Монгол” компани нь: нэгдүгээрт, төрийн өмчийн; хоёрдугаарт, Засгийн газарт шууд харьяалагддаг; гуравдугаарт, Монголын бүх томоохон компаниудыг нэгтгэдэг; дөрөвдүгээрт, олон улсад танигдсан; тавдугаарт, компаний гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах.Чухам ийм л компани дэлхийн аваргууд болох “Газпром”, CNPC болон Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, “Торгоны зам” сан зэрэгтэй харьцах бололцоотой. Мэдээж төрийн болоод Засгийн газрын зөвшөөрөл, дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ ирэх 12 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” компани ОХУ-ын “Газпром” компанитай хийн хоолой барих ажлыг судлах талаар ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурвал энэ ажлын эхлэл тавигдлаа гэж үзэж болно.
Монголын нутгаар тавих хийн хоолойн төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ олон улсын банк–санхүүгийн байгууллагууд илэрхийлдэг. Гэхдээ юуны өмнө төсөл ашигтай эсэхийг нь судлаад ТЭЗҮ-ийг нь боловсруулах хэрэгтэй л дээ.
“Засгийн газрын мэдээ” сонин
2019.11.22. №206
Төмөр
Зочин