"Х.Баттулгын" төмөр замыг Д.Баясгалан барина гэнэ үү!
“Голомт”-ын Д.Баясгалан экспортын орлогыг самрах вий
Арван сарын өмнө АТГ-аас баривчлагдсан “Голомт”-ын Д.Баясгалан дөрөв хоног саатуулагдаад хилийн хоригтойгоор суллагдсан билээ. Харин өнөөдөр түүний хүссэн бүхэн биелж буй харагдана. Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 135 тоот тогтоол баталсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор нэг удаагийн, хүүгүй, 20 жилийн хугацаатай, 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэгдсэн үнээр, хаалттай худалдах зөвшөөрлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн.Мөн “Монголын төмөр зам”ТӨХК-ийн гаргасан үнэт цаасыг нэрлэсэн үнээр нь, нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгах зэрэг эргэн төлөх нөхцлөөр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашгаас худалдан авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д даалгасан байна. Гол нь энэ тогтоолд “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардагдах хөрөнгийн үлдэгдэл санхүүжилтийг Монголбанкны дэмжлэгээр бусад эх үүсвэрээс судлаад шийдвэрлэхийг Монголбанкинд зөвлөсүгэй” гэсэн байгаа юм.
Энэ шийдвэр гарсны дараа “Монголын төмөр зам”ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлийг ажлаас чөлөөлж, оронд нь Рэнцэнхандын Батсүхийг томилсон. Харин өнөөдөр дээрх 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийн тодорхой хэсэг нь Голомт банкин дээр байршиж буй. Хүнд байдалд байсан “Голомт” банкны хувьд энэ бол том боломж бөгөөд дээрх тогтоолд заасанчлан “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардагдах хөрөнгийн үлдэгдэл санхүүжилтийг Монголбанкны дэмжлэгээр бусад эх үүсвэрээс судлаад шийдвэрлэхийг Монголбанкинд зөвлөсүгэй” гэдэг хэсэг биелж байгаа нь тэр юм болов уу даа.
“Голомт”-ын мандан бадрах өдрүүд нэгэнт иржээ. Гаваа тайлуулаад удаагүй байхдаа Тавантолгой түлш компаний сайжруулсан түлшний тоног төхөөрөмж нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарч утаанаас салах ариун буянт үйлст Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй гар, сэтгэл нийлэн зүтгэж байна.
Дээр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 750 тэрбумаас тэдний банкийг тойрч байршина гэж үгүй. “МТЗ” компани оффистоо хадгалахгүй нь ойлгомжтой. Тавантолгой, Гашуунсухайтын төмөр замыг дуусгах үүрэг хүлээсэн Д.Баясгалангаас энэ цаг үеийн төр, засаг юугаа ч үл хайрлах нь нэгэнт тодорхой боллоо. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг шаналгадаг “хорхойтсон шүд”-ийг суга татаж Төрийн тэргүүнээ “амирлуулна”. Энэ нь юу вэ гэвэл тэр цагаахан нэр хүндийн цор ганц толбо болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын ажлыг дуусгаж өгөхөөр EPC гэрээ байгуулсны удахгүй дэлгэх болно. Үүгээр зөвхөн төмөр зам төдийгүй дэд өртөө барьж байгуулах, ажилчдын орон сууцыг барих зэрэг нийт 1.2 тэрбум ам.долларын ажил гүйцэтгэхээр болсон гэлцэх боллоо. Мундаг байна. Харин Монголд “амар гаргаад өгчихгүй” энэ 1.2 тэрбум ам.доллар гэгч хаанаас гаргаж ирэх ямар мөнгө байх бол? Оффшороос өөрөөр ийм хэмжээний эх үүсвэр юусан билээ. “Хар жагсаалт” руу чирж давхиад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаж өгч шүүгчдийн “хаан”-ы өмнө дахин гавьяа байгуулж өгөх вий дээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны долдугаар сарын 24-ний хуралдаанаараа уг төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн. Зам, тээврийн сайд бүр гайхчихсан эргэж буцсан мэдэгдлүүд энд тэндхийн гарын үсэг, санамж бичгүүд дунд төөрчихсөн харагдана. “Тавантолгойн төмөр зам” гэдэг компани байгуулсан, Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удаанжаргал удирдаж байгаа. Энэ компанийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 34 хувийг нь “Монголын төмөр зам” компани эзэмшиж байна. Маш сул менежмент гэж хэлж болно. Нүүрсний экспорт өсөх үү, буурах уу. Экспортын орлого зөвхөн төмөр зам барихад зориулагдах ёстой юу. Хаана байршиж, ямар хяналтаар зарцуулагдах вэ. Энэ бүхэн олон нийтийн анхаарлын төвд байгаа ч сонгууль хүлээж, хүнийрхүү харагдаж төсөвт “дайсагнах” болсон эх оронч эрх баригчид энэ талаар төдийлөн тоохгүй, “Болох ёстой юм болдгоороо болог” гэж байгаа бололтой.
Дашрамд дурдахад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 22-ны хурлаараа “УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх асуудлыг хэлэлцжээ. Үүнд зарим хөдлөх бүрэлдэхүүн болох зүтгүүрийн 47.2 хувь, ачааны вагоны 51.7 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн зэргийг дурдаад Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулсан хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 128.8 тэрбум төгрөгөөр “УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөхийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов. Уг нь дээрх шийдвэрээс 20 гаруй хоногийн өмнө Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд УБТЗ Оросын талын хувь нийлүүлэгч О.В.Белозёровтой мөн л “УБТЗ”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх талаар ярилцаж тохирсон. Гэтэл яагаад Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлээр санхүүжүүлэхээр болов? Энэ нь саяхан Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалангийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал, тус улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Гадаад бодлогын байнгын хорооны Б.Б.Жамсуев тэргүүтэй гишүүдтэй хийсэн уулзалттай холбоотой юу гэх асуудал анхаарал татна.
Ямар ч байсан УИХ-ын чуулганаар “байцаагдахгүйгээр” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвшөөрлөөр Засгийн газар Японы хөнгөлөлттэй зээлийн 128.8 тэрбум төгрөгийг УБТЗ-ийн “вагон зүтгүүр шинэчлэх” үйлст зориулах нь. Монгол, Оросын парламентын Гадаад бодлогын байнгын хороод шийдчихсэн асуудал бололтой. Энэ талаар тус байнгын хороо гэлтгүй олон нийтэд мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.