Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хам хэрэгтэн гэж харагдаад байна!
Ерөнхийлөгч маань ҮАБЗ бүх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах эрхтэй гэсэн байр суурьтай энэ дүрдээ бүрэн орчихсон, бүр сурчихсан тул ээлжит авираа гаргав уу гэж харагдлаа. Харин өмнөх хурлуудад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хуулиар тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын бүрэн эрхэд халдаж болохгүй, тухайлбал шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь гэмт хэрэг гэж хэлэх зүрх байсан уу гэдэг нь туйлын эргэлзээтэй.
Түүх давтагдаж байдагт Та итгэдэг үү?
Хорьдугаар зууны их хэлмэгдүүлэлтээр Монгол улс 50-60 мянган гэмгүй иргэнээ хэлмэгдүүлэн цаазалсан. МАН-ын удирдагч Х.Чойбалсан нь И.Сталины тулгалтаар олон арван мянган гэмгүй элэг нэгтнүүдээ бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг гардан үйлдсэн. Өмнөх Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нар их хядлага үйлдэхгүй Сталиныг аргалж байгаад аргагүйн эрхэнд өөрсдөө гүтгүүлж цаазлуулсан байдаг. Гэмгүй иргэдээ буудаж цусанд гараа дүрсэн удирдагчаар Х.Чойбалсан тодорлоо. Хэлмэгдсэн иргэдийг шүүхээр таслахгүйгээр Х.Чойбалсангийн толгойлсон Онцгой бүрэн эрхт тусгай комисс гэх 3 хүний хамтын шийдвэрээр жагсаалт гарган ял шийтгэж, түүнийг нь Дотоод явдлын яамны ногоон малгайтнууд гүйцэтгэж байв. Уншигч Та Шиндлерийн жагсаалт хэмээх еврейчүүдийг Германы бөөнөөр хорих лагериас аварсан бодит түүхээс сэдэвлэсэн киног үзсэн байх. Яг үүний эсрэгээр буюу Сталины 100 мянган Монголыг хядах төлөвлөгөөг гүйцээх гэж Онцгой бүрэн эрхт комиссоос үхлийн жагсаалт үйлдэж 3 хүн гарын үсэг зурсанаар ялыг гүйцэтгэж байв. Хожмын ноосны төлөвлөгөө, ялтай мал гэдэг шиг тухайн үед коминтернийн цаазын тоо төлөвлөгөө гүйцээхийн тулд шүүхээр оруулж, гэмгүй иргэдийг хүчээр гүтгэх цаг зав тэдэнд байгаагүй гэдэг.
Энэ хэлмэгдүүлэлтээр Монголын сэхээтний давхарга үндсэндээ устсан.
Орчин цагт Онцгой бүрэн эрхт тусгай комиссын үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) гүйцэтгэсэн үйл явдал давтагдлаа. Эрх биш ардчилсан улс учир ялын бодлого зөөлөрсөн, мөн шүүхээр ёс төдий хэлэлцүүлэн хууль ёсны болгох гэж харагдуулах болон буудахаас бусдаар бол өмнөхөөс ялгагдах юм ер алга. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиас үзэхэд шүүхийн үйл ажиллагаанд ҮАБЗ, ер нь хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэдгийг тодорхой хуульчилсан.
Монгол Улсад 2019 онд “ордны чимээгүй” төрийн эргэлт гарч ҮАБЗ-д төрийн бүх эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар төвлөрүүлсэн. ҮАБЗ-д шүүх эрх мэдлийг шилжүүлэх хууль гаргах нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг зөрчиж, улмаар хүний эрхийн ноцтой зөрчилд хүргэх талаар НҮБ-ын Хүний эрхийн илтгэлд урьдчилан анхааруулсан. Уг хуулийг гаргахад УИХ-ын гишүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан (ЖДҮ)-гийн хэрэгт холбогдож барьцаалагдсан нь нөлөөлсөн гэж үздэг. ҮАБЗ нь шүүх, проукурор, Авлигатай тэмцэх газар зэрэг хууль шүүхийн бүх байгууллагыг дур мэдэн томилж, чөлөөлөх эрхтэй болсоны дагуу тухайн үеийн хууль шүүхийн бүх удирдлагыг өөрчиллөө. Бүх 3 шатны шүүхийн төлөөллийг оролцуулан 17 шүүгчийг Үндсэн хуулийн бус аргаар түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгасан нь эрх сүрийг нь хангалттай харуулсан. Нэгэнт хараат бус байдал алдагдсан шүүхээр дамжуулан парламентын гишүүний халдашгүй байдлыг зөрчиж ял шийтгэж үзүүлсэнээр үндсэндээ төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ биш засаглалын бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн ҮАБЗ болсон. Уул нь хуулиараа ҮАБЗ ажлаа УИХ-ын өмнө хариуцдаг байгууллага юм.
ҮАБЗ шүүхэд нөлөөлөх хууль зүйн үр дагавар юу вэ?
Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүн хэн боловч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. ҮАБЗ-ийн тухай хуулиар ч шүүхийн үйл ажиллагаа эрхлэх, шүүхэд нөлөөлөх чиг үүргийг энэ байгууллагад олгоогүй.
Хэрэв шүүхэд хөндлөнгөөс нөлөөлвөл Эрүүгийн хуульд заасан Шүүгч, прокурор, мөрдөгчид хууль бусаар нөлөөлөх /21.6 зүйл/, Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах /22.1 зүйл/ гэсэн зүйл ангиар Эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үйлдэл тус бүрд ял шийтгэж, ялыг нэмж оногдуулах хуультай.
ҮАБЗ-ийн шийдвэр нь зөвлөмжийн хэлбэртэй, бүх гишүүд 100 хувь санал нэгтэйгээр гардаг цорын ганц байгууллага. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар ҮАБЗ-ийн шийдвэрийг 30 жил хүртэл төрийн нууцад хамруулдаг.
Гэхдээ нэг онцлог нь нууцын тухай хуулиар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нууцад хамааруулж төрийн хамгаалалтад авдаггүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг төрийн болон албаны нууц гэж үздэггүй төдийгүй нууцын хуулиар гэмт хэргийг нууцлах замаар ял завшуулах хуулийн үндэслэл байдаггүй.
Хэрэв ҮАБЗ өөрийн бүрэн эрх, чиг үүрэгт хамааралгүй асуудлаар зөвлөх, хэлэлцэх, шийдвэр гаргах тохиолдолд энэ үйлдэл нь анхнаасаа төрийн нууцын жагсаалтад хамаарахгүй. Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар Засгийн газар ийм мэдээллийг ил болгох үүрэгтэй.
Иргэд төдийгүй улс төрчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудаас ҮАБЗ-ийг шүүхэд нөлөөлсөн гэсэн хардлага, үүнийг нотлох баримт, мэдээллүүд хөвөрсөөр байна.
Улс төрчид шүүхэд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн бол 30 жил нууцлах үндэслэл байхгүй. Өнөөгийн 51-58 настай төрийн өндөрлөгүүдээ 30 жилийн дараа 80-90 хүрч байхад нь шүүн хэлэлцэх нь угаас ач холбогдолгүй. Иргэдийн хардаж байгаачлан шүүхэд нөлөөлсөн байлаа гэхэд хөөн хэлэлцэх дуусч, өнөөгийн статистикаар 30 жилд 6 удаа Өршөөл үзүүлэх хууль батлагдсан байх төдийгүй хэргийн хувьд ач холбогдолгүй болно. Бидэнд Х.Чойбалсангийн өврийн тэмдэглэлийн дэвтэр, Ю.Цэдэнбалын СССР-ийн бүрэлдэхүүнд элсэх удаа дараагийн өргөдөл шиг түүхийн судалгааны ач холбогдолтой баримт болж үлдэх юм.
ҮАБЗ-өөс шүүхэд нөлөөлж байсан тухай баримтууд
Хүнийг буруутгахад хүндтэй шалтгаан хэрэгтэй тул төрийн гурван өндөрлөгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг нотлох баримтгүйгээр гүтгэж болохгүй. Гэхдээ улс төрчдийн өөрсдийнх нь олон нийтэд хүргэсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзвэл дараах дүр зураг харагдана. Үүнд:
- ҮАБЗ-ийн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны намрын чуулганы нээлтэн дээр “Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир цаашид ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно.” хэмээн мэдэгдсэн. Энэ үгнээс ҮАБЗ нь шүүхийг хянаж байсан гэдэг нь илэрхий болж байна.
- ҮАБЗ-ийн гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаа өгөхдөө “Монгол улсын шүүх, прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. ҮАБЗ хууль зөрчиж болохгүй гэдгийг удаа дараа хэлсэн, удаа дараа сануулсан. Энэ ажлыг өгсөний дараа Монгол улсын хууль тогтоомж хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар Монголын шүүх, прокурорын байгууллагад яаж дарамт шахалт үзүүлж байсан талаар нотолгоо баримттай ярина, хууль хүчний байгууллага ч энэ асуудлаа гаргаж тавина гэж бодож байгаа, зарим дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх ч шаардлагатай гэж үзэж байгаа. Парламентын хяналт шалгалт олон зүйл рүү орох ёстой. Хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчдийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улс төрчдийг айлгадаг байж болохгүй” гэж мэдэгдсэн.
- Хууль зүйн сайд Х.Нямбаатар УИХ-ын чуулган дээр “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт, шаардлагыг биелүүлээгүй” гэж мэдэгдсэн.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Х.Баттулга “2017 оноос хойш л гэхэд ҮАБЗ 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргасан байх жишээтэй. Өнөөдөр ҮАБЗ-өөр хэлэлцэхгүй асуудал гэж байхгүй. Дашрамд хэлэхэд ҮАБЗ-ийн хоёр гишүүнд талархаж явдаг. Манай өнөөгийн тогтолцоогоор нэг хүн удирдаад баривчилгаанууд хийгээд байх боломж байхгүй” гэж Монголын үндэсний Олон нийтийн телевизээр ярьсан.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021.03.08-ны өдөр “Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Түүний компьютерт хэрэг төлөвлөсөн баримт нотлох баримтаар гарч ирсэн. Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй тул огцруулах асуудлыг тавина” гэсэн. Энэ дурдагдаад байгаа нууцыг задруулсан захидал гэх баримтын хамгийн ноцтой нь олон нийт мэдэхгүй атлаа шүүх дээр маргаантай байсан хууль хэрэглээний асуудлууд дурдагдсан байв.
- ҮАБЗ-өөс хууль шүүхийн байгууллагыг хянаж байсны үр дүнд Эрдэнэт, Салхит зэрэг томоохон асуудлууд шийдэгдсэн талаар УИХ-ын зарим гишүүн чуулган дээр мэдэгдсэн.
- ҮАБЗ-ийн гишүүдийн аль аль нь ах дүүс шиг нэгэндээ итгэж, хамтарч ажилласан гэдгээ удаа дараа илэрхийлж байсан.
- ҮАБЗ-ийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигч Н.Алтанхуягийг бүртгэхгүй байна. Тиймээс СЕХороог байлцуулан зөвлөмж гаргая” гэсэн байна. Энэ хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ҮАБЗ бол шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрэв зөвлөмж гаргавал СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно” гэснээр шийдвэр гаргалгүй хурал дууссан байна. Эндээс Ерөнхийлөгч маань ҮАБЗ бүх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах эрхтэй гэсэн байр суурьтай энэ дүрдээ бүрэн орчихсон, бүр сурчихсан тул ээлжит авираа гаргав уу гэж харагдлаа. Харин өмнөх хурлуудад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хуулиар тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын бүрэн эрхэд халдаж болохгүй, тухайлбал шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь гэмт хэрэг гэж хэлэх зүрх байсан уу гэдэг нь туйлын эргэлзээтэй.
ҮАБЗ-ийн өөрсдийн тайлбараас үзэхэд шүүхэд нөлөөлж байсан гэдэг баримтууд нийтэд илэрхий байна.
Ялангуяа Ерөнхий сайд асан М.Энхсайханд ял оноосон 2020 оны 5 дугаар сараас эхлэн 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд шүүхэд улс төрийн зорилгоор илэрхий нөлөөлж, хууль бусаар ял шийтгэх, хэлмэгдүүлэх, шүүх байгууллага хууль тогтоомжийг илэрхий ноцтой зөрчих үзэгдэл газар авсан. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, шударга ёсыг шүүх уландаа гишгэж улс төрчдийг хилсээр ял шийтгэсэн олон үйл явдал болсон. Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан үеэс эхлэн энэхүү түнэр харанхуй үе дуусч үүр цайж эхэлсэн гэхэд болно. Энэ хугацаанд шүүх хуулиа илэрхий зөрчиж эхэлсэн жишээ гэвэл 3 хоногт 10 тэрбум төгрөг барьцаалаагүй гэж цагдан хорих, цагдан хоригдсон яллагдагчийг өмгөөлөгчгүй шүүх, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг зөрчин цагдан хорьж улмаар хорих ял шийтгэх, Сонгуулийн хууль зөрчин нэр дэвшигчдийг бөөнөөр цагдан хорих зэргийг дурдаж болно. Хэрэг тус бүр дээрх илэрхий хууль зөрчсөн жишээ хэдэн арваар яригддаг.
Улс төрийн зорилгоор хилсээр ял шийтгэхийн нөгөө талд ҮАБЗ-ийн гишүүдтэй хамааралтай улс төрчид ял завшсан байж болзошгүй үйл явдал өрнөв.Тухайлбал, ЖДҮ-ийн гэх хэрэгт анх УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүд холбогдсон бол тэднээс улс төрийн хамгаалалтгүй 4 гишүүнээр туг тахьсанаар асуудал үндсэндээ намжсан. Гэтэл зарим нь УИХ-ын гишүүд, сайдын ажлаа үргэлжлүүлсээр байсан нь ҮАБЗ-ийн гишүүдийн нөлөө гэж үзэхээс аргагүй. Ерөнхийлөгч сүүлд УИХ-ын танхимын тал илүү хувь нь гэмт хэрэгтнүүд гэж мэдэгдсэн нь УИХ өөрөө ЖДҮ-гээр барьцаалагдсан байх гэсэн таамаглалыг бататгав.
Иргэд төрийг хянахад юу хийж чадах вэ?
Шүүхээр шийдвэрлэгдсэн улс төрийн томоохон хэргүүд нь иргэдэд эргэлзээ тээнэгэлзэл үүсгээд удаж байна. Улс төрчдийн нөлөөгөөр хэн нэгнийг хилсээр ял шийтгэсэн бол цагаатгах, эсрэгээр ял завшуулсан бол зохих шийтгэлийг ногдуулах нь хууль ёс, шударга ёсонд нийцнэ.
Хилсээр хэлмэгдүүлсэнийг цагаатгаж, нөхөн олговор олгож, улс төрийн захиалгаар хэрэг мөрдсөн мөрдөгч, хянасан прокурор, хэргийг шийдвэрлэсэн шүүгч буюу ял захиалгыг гүйцэтгэсэн орчин цагийн ногоон малгайтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэснээр цаашид ардчилал, хүний эрх, хууль ёс, шударга ёсны дархлаа үүснэ.
Иргэд бид энэ талаар асуух биш шаардах эрхтэй, тэр дундаа эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх иргэдийн хүлээлтэнд хариуг өгч, ам алдсан үгээ гүйцээхээс өөр сонголтгүй.
ҮАБЗ нь өөрийн бүрэн эрх, чиг үүрэгт хамааралгүй асуудлыг авч хэлэлцэх, тухайлбал шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны талаар зөвлөх, хэлэлцэх, шийдвэрлэх, чиглэл өгөх, мөн протоколгүй хуралдаж шийдвэр гаргах нь хууль бус юм. Хэрэв Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн ҮАБЗ биш харин дарга дангаараа шүүхэд нөлөөлж байсан бол тэр тухай нотлох баримтуудаа дэлгэж, хам хэрэгтэн биш гэдгээ нотолж нэрээ цэвэрлэх цаг болсон дог. Гэмт хэргийг үл мэдээлэх, нуун дарагдуулах нь хууль зөрчсөн үйлдэл мөн.
Уул нь ардчилсан улсын сайн жишгээр бол энэ нөхцөлд төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулах хангалттай хуулийн болон ёс зүйн үндэслэл бүрдсэн.
Цагийн шалгуураар үнэн мөн тодрохыг хүлээхгүйгээр зөвхөн ил баримтад түшиглэхэд ийм дүр зураг харагдаж байна. Хам хэрэгтнүүд үү, эсхүл гэмт хэргийг хаацайлаад байна уу?!
MONGOLIA
Оноч
Зочин
Иргэн
Zochin
tse
иргэн
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зовлон үзсэн чавганц
Иргэн
Зочин
Зочин
Өвгөн
Зочин
зочин